Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 05 өдөр

Дугаар 184/ШШ2020/03010

 

2020 10 05 184/ШШ2020/03010

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

******* дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, шүүгч Л.Оюунцэцэг, шүүгч Б.Хишигбаатар нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:

Нэхэмжлэгч: ******* аймаг, ******* , 3 дугаар баг, ******* оршин суух ******* овогт ******* ******* /РД:*******/

  Хариуцагч: ******* дүүрэг, 22 дугаар хороо, Хилчин ******* дугаар гудамж, 8 тоот хаягт оршин суух овогт /РД:/-д холбогдох

Гэм хорын хохирол 23 460 430 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Гансүх, хариуцагчийн өмгөөлөгч Д.Очирваань, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: О.Наранбаяр нь 2019 оны 07 дугаар сарын 24-ний өдрөөс 25-нд шилжих шөнийн 01 цаг 30 минутын үед Баянгол дүүргийн 20 дугаар хороо, Улаанбаатар менежмент ХХК-ийн баруун урд замд Синотрак- Хово маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явах үедээ замын өндрийн хязгаарлалтын хаалтыг ачааны кузов /тэвш/ хэсгээр мөргөсний улмаас уг өндрийн хязгаарлалтын хаалт нь эсрэг урсгалд явж байсан Хьюндай-Трак маркийн ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Г.*******н эрүүл мэндэд хөнгөн гэмтэл учруулсан зам тээврийн осол гаргасан юм. Дээрх ослын улмаас хохирогч Г.*******н зулайн хуйханд 8 см ба 20 см урттай мэс заслын хэд хэдэн оёдол тавиулсан, тархины доргилт, зөөлөн эдийн гэмтэл учирсан байгаа. Эмчилгээний зардалд 508 000 төгрөг зарцуулсан баримтыг хавсаргасан болно. Хохирогч *******н эзэмшиж байсан Хьюндай-Трак маркийн ХЭА улсын дугаартай автомашины жолоочийн бүхээг /кабин/-ний дээд хэсэг цөмөрч дахин ашиглах боломжгүй болсон. Мөн кабины суурь, зүүн хаалга, салоны дээд хайрцаг оврын гэрэл 3 ширхэг урд салхи зүсэгч, баруун хаалга, кабины хойд амортизатор, кабины дээврийн доторлогоо зэрэг зүйл эвдэрч дахин ашиглах боломжгүй болжээ. Хөрөнгө үнэлгээний Хос Стандарт ХХК-ийн үнэлснээр автомашинд нийт 6 880 000 төгрөгийн хохирол учирсан болох нь тогтоогджээ. Осол гарсан тэр өдөр Улаанбаатар хотоос ******* аймагт хүргэх ачаа ачиж явсан бөгөөд ослын улмаас тээвэр хийх боломжгүй болсон тул өөрийн тээвэрлэх ачааг өөр машинд шилжүүлэн өгч 400 000 төгрөгийн хохирол хүлээлээ. Хэдийгээр осол гаргах үед УНР дугаартай Синотрак- Хово маркийн тээврийн хэрэгслийг гэрчилгээнд бичигдсэнээр УНР дугаартай машины өмчлөгч эзэмшигч нь Ц. байна. Г.******* нь ******* аймгийн ******* анд амьдарч, өөрийн машинаар тээврийн ажил хийж олсон орлогоороо гэр бүл хүүхдүүдээ тэжээн амьжиргаагаа залгуулдаг. ******* аймгийн ******* ын эмнэлгийн эрүүл мэндийн төвийн халаалтын уурын зуухны нүүрсийг 2017 оноос гэрээгээр тогтмол тээвэрлэдэг юм. Тээврийн ажлын хөлсийг ын санхүүгээс шилжүүлдэг. Иймд дунджаар 15 672 430 төгрөг олдог. Гэтэл зам тээврийн ослын улмаас 2019 оноос 2020 оны өвлийн нүүрсний гэрээ хийгдээгүй машин эвдэрсэн учир олох ёстой орлого болох 15 672 430 төгрөгийн хохирол учраад байна. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4 дэх заалтыг үндэслэн Ц.аас эмчилгээний зардал 508 000 төгрөг, машинд учирсан эвдрэлийн хохирол 6 880 000 төгрөг, ачааг бусдад шилжүүлсэн олох байсан орлого 400 000 төгрөг, нүүрсний тээврийн гэрээгээр олох байсан орлого 15 672 430 төгрөг, нийт 23 460 430 төгрөгийн хохирлыг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Хариуцагчийн өмгөөлөгч олох ёстой байсан орлого дээр маргаж байна. Жил бүрийн 1 дүгээр сарын 01-ний өдөр гэрээ хийгддэг. 2019 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэлх гэрээ хүчин төгөлдөр байгаа. Энэ гэрээнд 2019 оны 10 дугаар сараас 2020 оны 4 дүгээр сар хүртэлх сургуулийн галлагааны нүүрсийг тээвэрлэх гэрээний дагуу хаврынхаа нүүрсийг тээвэрлэж дуусаад байж байтал 7 дугаар сард осол гарсан. Гэтэл 10 дугаар сар болоод гэрээний дагуу ажлаа хий гэж шаардахад аргагүй салхины шил нь хагархай бүрэн бус эвдрэлтэй тэрэгтэй гэрээгээ зөрчихгүйн тул Багануур ХК-аас нүүр тээвэрлэсэн. 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл 7 удаа нүүрс тээвэрлэсэн. Энэ ажил нь хуучин хийгдсэн гэрээний дагуу хийсэн ажил юм. Үүний улмаас бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй хөдөлгөөнд оролцлоо гэж торгуулж байсан нь эвдрэлтэй тэрэгтэй явж байсан гэдгийг нотолж байна. Шинэ гэрээ 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл хийгдэх ёстой байсан бөгөөд хийгдээгүй учраас орлого олохгүй зогссон. Сүүлд шүүхийн журмаар шинжээч томилоод хөрөнгийн үнэлгээ хийгдэхэд тус тээврийн хэрэгсэл засвар хийгдээгүй тэр хэвээрээ байсан. Тиймээс олох ёстой байсан орлогыг төлөхгүй гэж тайлбарлаж байгаа нь үндэслэлгүй байна. Машин сэлбэг нь олдохгүй гадаа эвдэрхий хэвээр байгаа, коронавирус гараад карантин тогтоож хил хаасан учраас гаднаас сэлбэг захих боломжгүй болсон гэв.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүхэд гаргасан тайлбартаа: Хариуцагч Ц. миний бие Г.*******н 23 460 430 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй танилцаад эс зөвшөөрч дараах хариу тайлбарыг гаргаж байна. 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкнаас 60 сарын хугацаатай, жилийн 16.8 хувийн хүүтэй, 50 000 000 төгрөгийн зээл авч хово маркийн ачааны зориулалттай тээврийн хэрэгслийг худалдан авсан. Худалдан авсан тээврийн хэрэгслийг жолоодон ачаа тээвэрлэх жолооч авахаар фэйсбүүк цахим орчинд зар тавьсны дагуу О.Наранбаяр ирж уулзсан. Ингээд түүний ачааны тээврийн хэрэгсэл жолоодох ур чадвартай гэж үзэж тээврийн хэрэгслийг хөлсөөр жолоодуулах болсон.

Болсон үйл явдлын тухайд: 2019 оны 07 сард их бороотой байсан тул бараг ажиллаагүй байж байгаад 2019 оны 07 дугаар сарын 25-ны орой Гандангийн хажуу талд баригдаж буй барилгын шороог зөөвөрлөхөөр шөнийн 00 цагийн үед О.Наранбаяр нь тээврийн хэрэгслийг жолоодон гарсан. Удалгүй 01.40 цагийн орчимд над руу холбогдож ТЭЦ 4-ийн урд зам дээр осол хийчихлээ гээд залгасан. Би яваад очтол машины тэвш өргөөтэй өндрийн хязгаарлалтын төмөр шонг мөргөж эсрэг урсгалд явсан ХЭА HUNIDAI маркийн ачааны тээврийн хэрэгслийн дээврийн зарим хэсгийг тухайн шон цөмлөсөн байсан. Энэ үйлдэл цагдаагийн байгууллагаар шалгагдаж Г.*******н өмчлөлийн ХЭА дугаартай HUNIDAI маркийн ачааны тээврийн хэрэгслийн үнэлгээг 945 000 төгрөг гэж Хас үнэлгээ ХХК тогтоосон. Энэхүү үнэлгээний дагуу О.Наранбаяр нь хохирлыг барагдуулах гэсэн боловч үнэлгээ хэт бага гарсан учир дахин үнэлүүлнэ гэх саналыг Г.******* тавьсныг хүлээн зөвшөөрч хэд, хэдэн үнэлгээний байгууллагаар явахад Хас үнэлгээ ХХК-ийн үнэлгээнээс илүү үнэлэх байгууллага гарч ирээгүй. Түүнчлэн тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн О.Наранбаяр нь хохирлыг бүрэн төлье гээд байхад ганц намайг хариуцагчаар тодорхойлж шүүхэд нэхэмжлэл гаргасныг зөвшөөрөхгүй. Тээврийн хэрэгслийг жолоодон явсан О.Наранбаяр нь 8 сараас Дундговь аймагт байрлах жоншны уурхайн компанид сарын 2 000 000 төгрөгийн цалинтай жолоочоор ажиллаж байгаа, төлбөрийн бүрэн чадвартай гэм хор учруулсан энэ хүнийг хамтран хариуцагчаар татах боломж нэхэмжлэгч талд бүрэн байгаа шүү дээ. Тухайн үед Наранбаяр, ******* нар нь надтай харьцаагүй учир хоорондоо зохицоод болсон гэж ойлгосон. Нэхэмжлэгч нь хэсэг алга болж таньдаг газраараа тээврийн хэрэгслийн шинэ кабин солиулахаас ч өндөр хэмжээний үнэлгээ гаргуулан тухайн үнэлгээг үндэслэж шүүхэд нэхэмжлэл гаргасныг хүлээн зөвшөөрөх боломжгүй байна. Тээврийн хэрэгслийн олох ёстой байсан орлогыг нэхэмжилсэн нь хууль зүйн үндэслэлгүй мөн тээврийн хэрэгслийн үндсэн явах эд ангид гэмтэл учраагүй учир хөдөлгөөнд оролцоод явах боломж бүрэн бий, тэгсэн ч гэж бодож байна. Миний бие 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдөр Голомт банкнаас 60 сарын хугацаатай авсан 50 000 000 төгрөгийн зээлийн эргэн төлөлтийг цар тахал гарч ажил үйлчилгээ бүрэн зогссоны улмаас төлж чадалгүй тээврийн хэрэгслээ банканд өгөх дээрээ тулаад байна. Одоогоор хийсэн ажил төрөл байхгүй учир тухайн үед тээврийн хэрэгслийг О.Наранбаяр жолоодон яваад Г.*******д хохирол учруулсан учир энэ төлбөрийг би хариуцахгүй гэж үзэж байна гэжээ.

Хариуцагчийн өмгөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. Тухайн тээврийн хэрэгслийг 2018 оны 12 дугаар сарын 13-ний өдөр Голомт банкнаас 50 000 000 төгрөг жилийн 18.6 хувийн хүүтэй зээлээр аваад машин нь зээлийн барьцаанд байгаа. Тухайн өдөр Наранбаяр гэдэг жолоочийг хөлсөөр ажиллуулахаар болоод тээвэрт явуулсан, Наранбаяр тээврийн хэрэгслийг унаж явахдаа Г.*******н эд хөрөнгөд хохирол учруулсан. Энэ асуудлыг зөрчлийн хүрээнд шалгагдаж байхад бүхээгийг 945 000 төгрөгөөр янзлах боломжтой юм байна гээд Хас даатгал ХХК-аас хөрөнгийн үнэлгээний дүгнэлт гарсан. Гэтэл нэхэмжлэгчийн зүгээс бүхээгийг бүтэн солиулна гэсэн маргаан гарсан байдаг. Нэхэмжлэгч өөрөө машины толгойгоо бүхэлд нь солиулах үнэлгээ хийсэн бөгөөд 6 сая гаран төгрөгийн үнэлгээ гарсан, энэ үнэлгээ дээр талууд тохиролцоогүй. Нэхэмжлэгч олох ёстой байсан орлогоо нэхэмжилж байгаа боловч Багануур ХК дээр том тэргээр тээвэр хийж байгаад Ц.тай хоёр удаа таарсан. Тэгэхээр замын хөдөлгөөнд оролцоод ашиг орлогоо олоод явж байгаа. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх боломжгүй. Гэхдээ биед нь учирсан хохирол болон сүүлд шүүхийн журмаар шинжээч томилоод тухайн дүгнэлтээр тээврийн хэрэгсэлд 5 635 000 төгрөгийн хохирол учирсан гэж тогтоосон. Нэгэнт шүүхийн журмаар хийгдээд үнэлгээг тогтоосон ажиллагаа учраас энэ үнийн дүнг хүлээн зөвшөөрч байна. Харин олох ёстой байсан орлого болон ачаа бусдад тээвэрлүүлсэн гээд байгаа мөнгийг төлөх нь үндэслэлгүй юм. Хавтаст хэрэгт ажил гүйцэтгэх 3 гэрээ авагдсан байгаа. 2017 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл эмнэлгийн нүүрс тээвэрлэх гэрээ, 2018 оны 01 дүгээр сарын 01-өдрөөс 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг хүртэл нүүрс тээвэрлэх гэрээтэй, 2019 онд нүүрс тээврийн гэрээ хавтаст хэрэгт байхгүй, гэрээ хийсэн эсэх нь тодорхойгүй. Мөн нэхэмжлэгч тээврээ хийгээд явж байгаа нь замын хөдөлгөөний торгууль, Багануур ХК-аас нүүрс ачсан талаарх баримтуудаар тогтоогдож байгаа. Нэхэмжлэгч олох ёстой байсан гээд байгаа орлогоо олоод явж байна, замын хөдөлгөөнд оролцоод явж байна. Тийм учраас олох ёстой байсан орлогыг хариуцахгүй. Мөн олох ёстой орлого дээр жинхэнэ хариуцагч нь хэн байсан талаар нэхэмжлэгч өөрөө дүгнэлт хийх ёстой.

Нэхэмжлэгч тал бүрэн бус тээврийн хэрэгсэлтэй замын хөдөлгөөнд оролцож байгаад торгуулсан гэж байна. Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 11.1 дэх хэсэг бол улсын дугаар арилсан, бүдгэрсэн зөрчлөөр арга хэмжээ авагдсан, 14.7 дугаар зүйлийн 47 дугаар хэсэг бол ачаа тээвэрлэх журам зөрчсөн гэдэг үндэслэлээр торгуулсан. Тээврийн хэрэгсэл бүрэн биш гэдэг үндэслэлээр торгуулсан гэдэг нь тогтоогдохгүй байна. Нэхэмжлэгч 2019 онд гэрээтэй байсан гэж яриад байгаа. 2018 оны гэрээ 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр дуусаад 2019 онд гэрээ шинэчилсэн зүйл байхгүй. Мөн хэчнээн төгрөгийн орлого олдог талаар, үнэхээр мөнгө авч байсан талаараа нотлох ажиллагаагаа бүрэн хийсэнгүй гэж үзэж байна. Тээвэрлүүлэгч байгууллагаасаа хүмүүс гэрчээр асуулгах, бусад төрлийн нотлох баримт гаргуулах ёстой байсан гэж үзэж байна. Том тээврийн хэрэгсэл Монгол улсад өчнөөн байна, тэгэхээр сэлбэг олдохгүй, засах боломжгүй гэж байгаа нь үндэслэл муутай, энэ талаар баримт байхгүй байна. БНХАУ, Солонгос, Герман улсад үйлдвэрлэгдсэн хүнд оврын машины сэлбэг хэрэгслийг нь зардаг байгууллагууд зөндөө байгаа, зөвхөн толгойг нь солиод болчих байсан. Осол болсноос хойш жилийн дотор солиогүй явж байгааг ойлгохгүй байна. 2019 оны 10 дугаар сараас 12 дугаар сарын 26-ны өдрийг хүртэл нүүрс тээврээ хийгээд явж байсан баримт хэрэгт авагдсан байгаа. Мөн 2020 оны өвөл, хавар нүүрс тээвэр хийж байгаад Ц.тай болон бусад жолооч нартай тааралдсан. Тэгэхээр тээвэр хийгээд ашиг орлогоо олоод явж байсан тул олох ёстой байсан орлогыг төлөх үндэслэлгүй гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Г.******* нь гэм хорын хохиролд эмчилгээний зардал 508 000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 6 880 000 төгрөг, ачааг шилжүүлэхэд гарсан зардал 400 000 төгрөг, олох ёстой байсан орлого 15 672 430 төгрөг нийт 23 460 430 төгрөг шаардсаныг хариуцагч Ц. эмчилгээний зардал 508 000 төгрөг, тээврийн хэрэгсэлд учирсан хохирол 5 635 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг хүлээн зөвшөөрөхгүй гэж маргана.

Хэрэгт цугларсан баримт, талуудын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.

Баянгол дүүргийн 20 хороо, Улаанбаатар менежмент ХХК-ийн баруун урд замд 2019 оны 07 сарын 25-ны өдөр О. жолоодож явсан Sinotruk маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь замын өндрийн хаалтыг мөргөсний улмаас уг өндрийн хаалт нь замын эсрэг урсгалд Г.*******н жолоодож явсан Hyundai маркийн ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэл дээр унасан зам тээврийн осол гарсан нь Осол, хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч /хх-39/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал /хх-41/, Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтээр /хх-45-51/ тогтоогдож байна.

Зам тээврийн ослын улмаас Hyundai маркийн ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгслийн дээд саравч, орой, таазны салон цоорч, оврын гэрэл 3 ширхэг, кабины гэрэл хагарсан хохирлыг Хас үнэлгээ ХХК 945 000 төгрөг гэж үнэлснийг /хх-42/ нэхэмжлэгч Г.******* эс зөвшөөрч Хос стандарт ХХК-аар үнэлгээ хийлгэсэн бөгөөд тээврийн хэрэгслийн кабины дээвэр цөмөрсөн, зүүн хаалга хонхойж зурагдсан, хойд кабины амортизатор гулзайсан, кабины гэрэл хагарсан, баруун хаалга гажсан хохирлын үнэлгээг /хх-43-44/ 6 880 000 төгрөгөөр тооцжээ.

Дээрх үнэлгээг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч эс зөвшөөрч, шүүхээр шинжээч томилж, дүгнэлт гаргуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэсэн бөгөөд шинжээчээр томилогдсон Хөрөнгийн үнэлгээний төв ХХК нь хохирлыг 5 635 000 төгрөгөөр үнэлжээ. /хх-106-117/

Sinotruk маркийн УНР улсын дугаартай тээврийн хэрэгслийн өмчлөгч нь Ц. болох нь тээврийн хэрэгслийн гэрчилгээгээр /хх-40/ тогтоогддог ба нэхэмжлэгч нь Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4-т Тээврийн хэрэгсэл ашиглагчийг өмчлөгч буюу эзэмшигч өөрөө томилсон буюу өөрөө түүнд уг хэрэгслийг шилжүүлэн өгсөн бол бусдад учирсан гэм хорыг өмчлөгч буюу эзэмшигч хариуцан арилгана, 510 дугаар зүйлийн 510.1-д Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнөх байдалд сэргээх ... буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж зааснаар хариуцагч Ц.аас гэм хор арилгуулахаар шаарджээ. Хариуцагч буюу өмчлөгч Ц. нь ашиглагч буюу жолооч О.Наранбаярт тээврийн хэрэгслийг шилжүүлсэн болох нь түүний ... тухайн өдөр Наранбаяр гэдэг жолоочийг хөлсөөр ажиллуулахаар болоод тээвэрт явуулсан ... гэх тайлбараар нотлогдож байх тул Hyundai маркийн ХЭА улсын дугаартай тээврийн хэрэгсэлд учирсан гэм хорыг Ц. хариуцан арилгах үндэстэй гэж үзнэ. Тээврийн хэрэгслийн хохирлыг 5 635 000 төгрөгөөр үнэлсэн Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн шинжээчийн дүгнэлтийн тухай зохигчид маргахгүй, хариуцагч нь 5 635 000 төгрөг хүлээн зөвшөөрч байх тул хариуцагч Ц.аас 5 635 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгох үндэстэй болно.

Нэхэмжлэгч Г.******* нь Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь ... ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, ... сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж зааснаар хариуцагч Ц.аас эрүүл мэндэд учирсан хохирол 508 000 төгрөг шаарджээ. Хүн өвчин, эмгэггүй, бие бялдар, оюун санаа, нийгмийн амьдралын хувьд сайн сайхан байхыг эрүүл мэнд гэж тодорхойлдог ба нэхэмжлэгчийн эрүүл мэндэд зам тээврийн ослын улмаас тархи доргилт, зулайн хуйханд шарх, зөөлөн эдийн няцралт, хэлэнд шарх гэмтэл тогтоогдож энэ нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдалтад нөлөөлнө гэсэн Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлт /хх-38/ гарсан байна. Нэхэмжлэгч гэм хорын улмаас биеэ үзүүлж, эмчлүүлэхэд тодорхой хэмжээний зардал гарсан болох нь Гэмтэл согог судлалын үндэсний төв, Med trauma эмнэлгийн үзлэгийн хуудас /хх-52/ зэрэг баримтаар тогтоогдсон, хариуцагч гэм хор учруулсан тухай маргаагүй, нэхэмжилсэн үнийн дүнг хүлээн зөвшөөрсөн тул хариуцагчаас эрүүл мэндэд учирсан хохирол 508 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэгч Г.******* нь нүүрсний тээврийн гэрээгээр олох ёстой байсан орлого 15 672 430 төгрөг гаргуулахаар шаардаж, нэхэмжлэлийн үндэслэлээ ... зам тээврийн ослын улмаас 2019-2020 оны өвлийн нүүрсний гэрээ хийгдээгүй, машин эвдэрсэн учир олох ёстой орлого ... гэж тодорхойлжээ. Нэхэмжлэгч орлого олох байсан хугацааг нэхэмжлэлдээ 2019-2020 он гэж /хх-1 ар тал/, шүүхийн хэлэлцүүлэгт 2020 оны 01 дүгээр сарын 01-ний өдрөөс 2021 оны 01 дүгээр сарын 01-ний өдрийг хүртэл гэж тайлбарладаг бөгөөд шаардлагаа нотолж нүүрс бэлтгэн нийлүүлэх гэрээ /хх-28/, 2018 оны 01 сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-29-30/, 2017 оны 01 сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-31-32/, 2018 оны 01 сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-33-34/, 2017 оны 01 сарын 01-ний өдрийн ажил гүйцэтгэх гэрээ /хх-35-36/ ирүүлсэн байна.

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ... зэрэг ... зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж заажээ. Хуулийн заалтаас үзэхэд хариуцагч нь нэхэмжлэгчийн эрүүл мэндэд хохирол учруулж, хөдөлмөрийн чадвар алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого төлөх үүрэгтэй бөгөөд дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого гэдэгт хувиараа хөдөлмөр эрхэлж, гэрээний үндсэн дээр тогтмол орлого олдог байсан нь нотлогдсон тохиолдолд шаардах эрх үүснэ. Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Г.******* нь хувийн тээврийн хэрэгслээрээ байгууллага, аж ахуйн нэгжтэй гэрээ байгуулж нүүрс тээвэрлэдэг болох нь нотлогдсон тохиолдолд олох ёстой орлогоо бусдаас шаардана. Нэхэмжлэгчийн шүүхэд ирүүлсэн баримт 2017-2018 оныг дуустал хугацааны баримт байх бөгөөд 2019 оноос хойш нүүрс тээврийн гэрээ байгуулсан баримт хэрэгт авагдаагүй тул олох ёстой орлого 15 672 430 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлгүй. Мөн Багануур ХК-ийн нүүрсний тооцооны хүснэгт, бэлэн мөнгөний орлогын баримтын хуулбар, ачаа жингийн хуудасны хуулбар /хх-143-158/ болон шүүхийн хэлэлцүүлэгт хариуцагчийн өмгөөлөгчийн Г.******* нь 2019 оны 10 сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 7 дугаар хэсэг, 2019 оны 11 сарын 20-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 47 дугаар хэсэг, 2019 оны 12 дугаар сарын 26-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 14.7 дугаар зүйлийн 11.1 дэх хэсэгт зааснаар арга хэмжээ авхуулсан гэх тайлбарыг нэхэмжлэгч тал хүлээн зөвшөөрснөөр зам тээврийн ослын улмаас машин эвдэрсэн, замын хөдөлгөөнд оролцоогүй, 2019 оноос хойш орлого олох боломжгүй болсон гэх тайлбар нь няцаагдаж байхаас гадна дээрх хугацаанд орлого олж байсан нь давхар нотлогдож байна.

Нэхэмжлэгч ослын улмаас өөрийн тээвэрлэх ачааг өөр машинд шилжүүлэн өгч 400 000 төгрөгийн хохирол хүлээснээ нотолж ... Г.*******н автомашины ачааг 500 000 төгрөгөөр ... шилжүүлэн ачсан нь үнэн болно /хх-56/ гэх тодорхойлолт ирүүлжээ. Нэхэмжлэлд 400 000 төгрөгийн хохирол учирсан гэх боловч тодорхойлолтод 500 000 төгрөгөөр шилжүүлэн ачсан гэж зөрүүтэй мэдүүлсэн байх тул шүүх тухайн баримтыг хэрэгт цугларсан бусад баримттай харьцуулан дотоод итгэлээр үнэлж 400 000 төгрөгийн хохирол учирсан нь тогтоогдохгүй байна гэж дүгнэлээ.

Дээр дурдсаныг үндэслэн Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.аас эрүүл мэндэд учирсан хохирол 508 000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 5 635 000 төгрөг нийт 6 143 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, үлдэх 17 317 430 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Нэхэмжлэлийн шаардлагаас 6 143 000 төгрөг хангаж шийдвэрлэсэн тул 6 143 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 113 238 төгрөгийг хариуцагч Ц.аас, тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 109 748 төгрөгийг улсын төсвийн орлогоос тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгох, нэхэмжлэлийн шаардлагаас зарим хэсгийг хангаж шийдвэрлэсэн тул шинжээчийн зардал 150 000 төгрөгийн 39 150 төгрөгийг хариуцагчаас, 110 850 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулан шинжээч Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-д олгох үндэслэлтэй болно.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1.Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.4, 505 дугаар зүйлийн 505.1, 510 дугаар зүйлийн 510.1-д зааснаар хариуцагч Ц.аас эрүүл мэндэд учирсан хохирол 508 000 төгрөг, эд хөрөнгөд учирсан хохирол 5 635 000 төгрөг нийт 6 143 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгож, үлдэх 17 317 430 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.

2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, 58 дугаар зүйлийн 58.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид илүү төлсөн 109 748 төгрөгийг улсын төсвийн орлогоос, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 6 143 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 113 238 төгрөгийг хариуцагчаас тус тус гаргуулан нэхэмжлэгч Г.*******д олгосугай.

3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар шинжээчийн зардал 150 000 төгрөгөөс 39 150 төгрөгийг хариуцагчаас, 110 850 төгрөгийг нэхэмжлэгчээс тус тус гаргуулан Хөрөнгийн үнэлгээний төв ХХК-ийн Төрийн банкны 100000142787 дугаар дансанд оруулсугай.

4.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР

 

ШҮҮГЧИД Л.ОЮУНЦЭЦЭГ

 

Б.ХИШИГБААТАР