Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 28 өдөр

Дугаар 2023/ШЦТ/910

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Д.Өнөрцэцэг,

Улсын яллагч: Г.Ган-Эрдэнэ,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Г.Бадамханд нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***т холбогдуулан яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн 2305027101757 тоот эрүүгийн хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 7 дугаар сарын 22-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хохирогч ***ийг түлхэж унагаан биед нь зүүн шуу ясны зөрүүгүй далд хугарал, дагзны хуйханд няцарсан шарх, зүүн мөрөнд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Гэм буруугийн асуудал дээр маргахгүй хүлээн зөвшөөрч байна. *** найзтайгаа бааранд байж байсан чинь *** нэг хүнтэй ярилцаад дагуулж яваад уулзаад байсан юм. Дараа нь намайг энэ хүн архи авч өг гээд дарамтлаад байна гэсэн. Тэгээд гараад явах гэж байсан чинь ***ийн хүзүүнээс нэг хүн татаад аваад явсан, би нэг удаа түлхсэн. Энэ явдлаас хойш маш их харамсаж байна. Цаашид ийм зүйл хийж болохгүй юм байна. Маш их гэмшиж байна. Миний үйлдлийг харж үзнэ үү” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 21-22-нд шилжих шөнө 23 цагийн үед би өөрийн багын найз болох ***, ***, *** гэх 3 найзтайгаа манай ажлын гадаа уулзаад Баянгол дүүргийн 4 дүгээр хороо, “Эргэн дурсахуй” клубт ороод хүний 2, 2 пиво уугаад бүжгийн талбай дээр бүжиглэж байсан. Тэгтэл манай найз *** гэртээ харилаа гэхэд би ганцаараа ***г гаргаж өгөхөөр хамт тухайн баарнаас гарч ***г суулгачихаад ганцаараа үүдэнд нь тамхи татаад зогсож байтал хуучин “Цахилгаан дамжуулах Үндэсний сүлжээ”-д 2012-2017 онд хамт ажиллаж байсан ***тэй тааралдаж хамтдаа тамхи татчихаад хамт “Эргэн дурсахуй” баар руу ороод удаан уулзаагүй гээд баярлаж тэврэлдэж байтал нэг үл таних 170 см орчим өндөртэй махлагдуу биетэй шар царайтай миний үеийн хүн ирээд “зайл, пизда минь” гээд гар татаж аваад, хоолой руу хоёр гараараа маш хүчтэй түлхсэн. Гэтэл би текний хажууд байх өндөр довжоо дээрээс унасан. Унахдаа гараараа тулж, толгойгоороо төмөр мөргөж унасан. Тэгээд баарны хамгаалагч залуу ойрхон байсан тул ирээд цагдаа, түргэн дуудаж би гэмтлийн эмнэлэгт хүргэдсэн. *** тухайн үед надтай хамт байсан бөгөөд тухайн үйл явдлыг харсан. Мөн тухайн үл таних эрэгтэй ***тэй хамт явж байсан юм шиг байсан. Харин хамт явж байсан ***, ***, *** нар тухайн үйл явдлыг хараагүй, бүр сүүлд намайг гэмтлийн эмнэлэг дээр байхад над дээр ирээд 04 цагийн үед харьцгаасан...” гэсэн мэдүүлэг /хх-н 23/,

Гэрч Я.***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 7 дугаар сарын 22-ны өдөр би өөрийн найз Батбаяртай хамт Баянгол дүүргийн 4 дүгээр хороонд үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” бааранд ороод пиво ууцгааж байсан юм. Тэнд их олон хүн байсан учир бид хоёр гараад явж байсан юм. Гэтэл өмнө нь хамт ажиллаж байсан *** гэх залуу ирээд намайг таниад шилэн хүзүүнээс татаад нааш ир гээд текний тэнд очоод байж байтал надтай хамт явж байсан Батбаяр ирээд ***ийг түлхэх шиг болсон. Гэтэл *** текний хажууд байх хурц ирмэгтэй шат руу халтираад унасан. Би ***ийг татаж босгоод сандал дээр суулгахад ***ийн толгой ардаа шалбарсан цус гарч байсан. Тэгээд би ***ийг сандал дээр суулгаад яваад өгсөн...” гэсэн мэдүүлэг /хх-н 25/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Цагаан өнгийн пудволктой эрэгтэй хохирогч *** гарнаас татаж байгаа ...Цагаан өнгийн пудволктой эрэгтэй хохирогч ***ийн гарнаас татаж түлхэж унагааж байгаа бичлэг байв...” гэжээ. /хх-н 36-37/,

Шинжээчийн 9410 тоот дүгнэлтэд: “...*** биед зүүн шуу ясны зөрөөгүй далд хугарал, дагзны хуйханд шарх, зүүн мөрөнд зулгаралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн цохих, нидрэгдэх, үрэгдэх үйлдлээр үүсэх боломжтой. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарагдана. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ. /хх-н 31-32/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 5/, хохирогчийн гэмтэл авсан гэх газрын гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 15/, хохирлын баримтууд /хх-н 40-44/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 56-65/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь 2023 оны 7 дугаар сарын 22-нд шилжих шөнө 23 цагийн орчим Баянгол дүүргийн 4 дүгээр хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Эргэн дурсахуй” шөнийн цэнгээний газарт архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ шалтгаангүйгээр хохирогч ***ийг түлхэж унагаан биед нь зүүн шуу ясны зөрүүгүй далд хугарал, дагзны хуйханд няцарсан шарх, зүүн мөрөнд зулгаралт бүхий хүндэвтэр гэмтэл учруулж “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлэг, хохирогч ***, гэрч Я.*** нарын мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ хохирогч ***ийн биед халдаж, түүнийг түлхэн унагаж шинжээчийн дүгнэлтэд тусгагдсан буюу хүндэвтэр хохирол учруулсан нь өөрийн үйлдэлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***ын хохирогч ***ийг түлхэж, унагасан үйлдэлийн улмаас хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурьдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч ***, түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу хохирогч ***ийн эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийн биед халдсан гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

 

Шүүгдэгч нь хохирогчийн хохиролд 1.225.000 төгрөгийг төлсөн, хохирогч гомдол саналгүй, хохирлоо авсан гэсэн хүсэлтийг шүүхийн урьдчилсан хэлэлцүүлэгт гаргаж өгсөн тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 500 нэгж буюу 500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч “Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгийн 1.1 дэх заалтад зааснаар эрүүгийн хариуцлагаас чөлөөлж өгнө үү гэсэн дүгнэлт тус тус гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ын үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад зааснаар “анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.2 дахь заалтад заасан “учруулсан хохирлыг төлсөн” зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тус тус тооцов.

Шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн шинж,  нийгмийн аюулын шинж чанар, хохирол, хор уршгийн хэмжээ, хувийн байдал, гэм буруугийн талаар маргаагүй, хохирогчийн хохирлыг барагдуулсан, хохирол гомдол саналгүй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлөхөөр шийдвэрлэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

 

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.7 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасныг журамлан мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй.
  3. Шүүгдэгчид авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР