Шүүх | Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүх |
---|---|
Шүүгч | Алагаагийн Түвшинтулга |
Хэргийн индекс | 109/2021/0049/З |
Дугаар | 109/ШШ2021/0041 |
Огноо | 2021-10-25 |
Маргааны төрөл | Газар, |
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж
2021 оны 10 сарын 25 өдөр
Дугаар 109/ШШ2021/0041
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд
нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг
хэрэгсэхгүй болгох тухай
Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би, иргэн Г.Бын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэг Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/1158 дугаар албан бичгийг хүлээн авч хянаад
ТОДОРХОЙЛОХ нь:
Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/1158 дугаар албан бичигт: Иргэн Г.Б-ын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт зааснаар иргэн Г.Б-ын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэжээ.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.П шүүхэд гаргасан хүсэлтэндээ: Иргэн Г.Б-ын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг хариуцагч Архангай аймгийн Засаг дарга бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна. Иймд хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.
ҮНДЭСЛЭХ нь:
Тус шүүх иргэн Г.Б-аас Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.
Иргэн Г.Б-ын тухайд, Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/352 дугаар захирамжаар Тээвэрчдийн гудамж 8, 824 гэх газарт 0.12м2 газрыг зочид буудлын зориулалтаар 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгожээ.
Гэтэл Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/45 дугаар захирамжаар төсөл сонгон шалгаруулах ажлын хэсгийн дүгнэлт үндэслэлгүй, Эрдэнэбулган сумын нутаг дэвсгэр Булганхангай хороолол, Онцгой байдлын газрын урд зочид буудлын зориулалтаар 1200м2 газрыг иргэн Г.Б-т эзэмшүүлсэн Архангай аймгийн Засаг даргын 2019 оны 7 дугаар сарын 4-ний өдрийн А/352 дугаар захирамжийн 1 дэх хэсгийг хүчингүйд тооцсон байна. Улмаар иргэн Г.Б-с шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.
Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагч Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 01/1158 дугаар албан бичгээр нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөн тухай тайлбар ирүүлжээ. Тодруулбал, иргэн Г.Бын нэхэмжлэлтэй Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт зааснаар иргэн Г.Бын нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрч байна гэх тайлбар ирүүлжээ.
Ийнхүү Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон байна.
Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь хэсэгт “Засаг дарга эрх хэмжээний хүрээнд хууль тогтоомжид нийцүүлэн захирамж гаргана.”, 29.3. дахь хэсэгт “Засаг даргын захирамж хууль тогтоомжид нийцээгүй бол өөрөө, эсхүл сум, дүүргийн Засаг даргын захирамжийг аймаг, нийслэлийн Засаг дарга, аймаг, нийслэлийн Засаг даргын захирамжийг Ерөнхий сайд тус тус өөрчлөх буюу хүчингүй болгоно.” гэж;
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 21 дүгээр зүйлийн 21.1. дэх хэсэг Хариуцагч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 21.1.1.-д “нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөх, биелүүлэх, ...”, 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсэгт “Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрсөн нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй байвал шүүх хариуцагчийн зөвшөөрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасан.
Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 10 дугаар сарын 18-ны өдрийн А/666 дугаар захирамжаар аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн А/45 дугаар захирамжийг хүчингүй болсонд тооцсон нь бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөхөөргүй, хуульд харшлаагүй бөгөөд тус газрын эзэмших эрхийг өөр иргэн, аж ахуй нэгжид шилжүүлээгүй байна.
Иймд хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Г.Б-ын “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.
Түүнчлэн хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчид хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1 дэх хэсэгт заасныг удирдлага болгон
ЗАХИРАМЖЛАХ нь:
1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 67 дугаар зүйлийн 67.1. дэх хэсгийг баримтлан хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Г.Бын “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 1 дүгээр сарын 26-ны өдрийн “Газар эзэмших эрхийг хүчингүй болгох тухай” А/45 дугаартай захирамжийг хүчингүй болгуулах” нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрснийг баталж, иргэн Г.Бын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэргийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээж, хариуцагч Архангай аймгийн Засаг дарга /Тамгын газар/-аас 70200 /далан мянган хоёр зуу/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгчид олгосугай.
3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.
4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.
ШҮҮГЧ А.ТҮВШИНТУЛГА