| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2025/0202/З |
| Дугаар | 221/МА2026/0409 |
| Огноо | 2026-06-16 |
| Маргааны төрөл | Бусад, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 16 өдөр
Дугаар 221/МА2026/0409
Д.Ях, Ц.Цс нарын
нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Д.Оюумаа
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл
Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгч Д.Ях, түүний өмгөөлөгч Ш.Аг
Нэхэмжлэгч: Д.Ях, Ц.Цс
Хариуцагч: Монгол Улсын Ерөнхий прокурор, Прокурорын ёс зүйн зөвлөл
Гуравдагч этгээд: Х.О
Нэхэмжлэлийн шаардлага: “Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот тогтоол, Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14/91 тоот гомдолд хариу өгөх тухай бичгийг тус тус хүчингүй болгож, гомдол гаргагч Д.Яхгийн Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар тогтоолд гаргасан 2024 оны 12 дугаар сарын 04-ний гомдолд хариу өгөөгүй Улсын ерөнхий прокурорын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдлыг хүлээн авч шийдвэр гаргахыг даалгах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 384 дүгээр шийдвэртэй,
Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгч Д.Ях, түүний өмгөөлөгч Ш.Аг, нэхэмжлэгч Ц.Цсы өмгөөлөгч Ч.А, хариуцагч улсын Ерөнхий прокурорын итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Гб, Прокурорын ёс зүйн зөвлөлийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Бс, гуравдагч этгээд Х.О
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Б.Хатантуул
Хэргийн индекс: 128/2025/0202/З
ТОДОРХОЙЛОХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 384 дүгээр шийдвэрээр:
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 4.1 дүгээр зүйлийн 1, 2, Прокурорын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1.5, 65 дугаар зүйлийн 65.1, 65.2, 66 дугаар зүйлийн 66.1, Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3, 2.3.7, хоёрдугаар хавсралтаар батлагдсан “Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын” 1.2, 1.8, 1.9, 2.2, 3.1, 5.3, 5.4.1, 5.6, 5.9, 6.1, 6.8, 6.12, 6.14, 6.15-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Д.Яхгоос Улсын Ерөнхий прокурор, Прокурорын Ёс зүйн зөвлөлд тус тус холбогдуулан гаргасан “...Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот дүгнэлтийг хүчингүй болгуулах, Гомдол гаргагч Д.Яхгоос Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар тогтоолд гаргасан 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гомдол хариу өгөөгүй Улсын ерөнхий прокурорын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, хуульд зааснаар гомдлыг хүлээн авч шийдвэр гаргахыг даалгах, Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14/91 тоот хянахаас татгалзсан шийдвэрийг хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Нэхэмжлэгч Д.Яхгоос шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
“...Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Азбаярын 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдөр, 128/ШШ2026/0384 дугаартай, илтэд хууль бус шийдвэрийг эс зөвшөөрч давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
Нэг. Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчийн хуралдаанаас гарсан тогтоол дээр бэлээхэн заагаад өгчихсөн ".... захиргааны дээд шатны албан тушаалтан нь өөрийн нэрээр хянаж, хариугаа өгөх ёстой" тогтоолыг хэрэгжүүлээгүй, зөрчсөн, Улсын Дээд Шүүхийн Захиргааны хэргийн танхимын нийт шүүгчдийн нэг ёсондоо "дээгүүр нь алхалсан" ийм бүдүүлэг эрээ цээргүй шийдвэр гаргасанд үнэнхүү жигшиж, харамсаж байна. Энэ бол тохиолдлын нэг асуудал биш, цаана нь хэн ярьж хэлж ятгаж явсныг ч би гадарлаж байна.
Анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч байсан Дс гэж би хардаж байна. Тэрээр, С.Чб-ын нэхэмжлэлтэй хэргийг шийдвэрлэж байсан шүүгчийг ямар ч үндэслэлгүйгээр С.Чб- татгалзан гаргахад, хууль зүйн үндэслэлгүйгээр татгалзлыг хүлээн авч шүүгчийг сольж өгөх зэргээр илтэд Чб- нарын талд үйлчилж ирсэн этгээд юм. Цаг хугацааны эцэст бүх юм ил болдог жамтай хорвоо шүү.
Хоёр. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хамаарахгүй, түүнд оролцохгүйгээр захиргааны үйл ажиллагаа бие даасан хараат бус байдлаар явагдах тухай үндсэн суурь зарчмыг дээр дурдсан тогтоолд ч заасан. Гэтэл шүүгч нэг ёсондоо эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавьж байгаа этгээд мэтээр бичиж үндэслэлээ гаргасан байна. Прокурорууд өөрсдөө бичээд өгөв үү гэж харлаа. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд дүгнэлт хийгээд өг гэж хэн ч шүүгчээс асуугаагүй. Гомдол гаргагч би ердөө л, "миний гаргасан 4 асуудлаар тус бүрт нь дүгнэлт хийж хариу өгөх ёстой, тэгээгүй”, “хариуг өгөх ёстой этгээд өөрөө өгөөгүй нь процессын алдаа болсон", гомдлыг хянаагүй эс үйлдэхүй байсаар байхад эрх бүхий этгээдээр нь хянуулж хариу авья л гэсэн процессын асуудал байсан.
Гурав. Шүүх хуралдааны тэмдэглэлтэйгээ танилцаж чадахгүй байсааp гомдлоо бичихэд хүрлээ. Одоо болтол гаргаагүй, хянаад байгаа гээд л байлгаад байгаа. Ямар учиртай ч юм, Яагаад ч юм энэ шүүгч дээр шүүх хуралдааны зар дээр хүртэл манай хуралдааныг оруулахгүй тохиолдол хэд хэд гарч байсан.” гэж,
3.Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ш.Аг шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:
Д.Ях, Ц.Цс нарын нэхэмжлэлтэй Прокурорын ёс зүйн зөвлөл, Монгол Улсын Ерөнхий прокурор нарт холбогдох хэргийг анхан шатны шүүхээс 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0384 тоот шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн. Уг шийдвэрийг хүлээн зөвшөөрөх боломжгүй байх тул дараах байдлаар давж заалдах журмаар гомдол гаргаж байна.
3.1. Шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоогоогүй тухайд:
Нэхэмжлэгчийн нэгдүгээр шаардлага нь Улсын Ерөнхий прокурорын газрын прокурор Х.Оод ёс зүйн хариуцлага тооцохоос татгалзсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024.10.15-ны өдрийн №42 тоот тогтоолыг хүчингүй болгуулах байсан бөгөөд хууль зүйн үндэслэлийг маш тодорхой тайлбарлаж мэтгэлцсэн.
Маргаан бүхий актын дүгнэлтийн үндэслэх нь хэсэгт гаргасан гомдлын талаар дүгнэлт өгч чадаагүй ба дүгнэлтийн үндэслэх хэсэг нь зургаан догол мөрөөс бүрдэх бөгөөд эхний 3 нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа буюу болж өнгөрсөн хэргийн нөхцөл байдал, удаах мөрөнд хуульд заасан прокурорын ажиллах зарчим, журам, дараагийн догол мөрөнд хуульд заасны дагуу ажилласан байна гээд төгсгөл догол мөрөнд зөрчөөгүй байна гэж дүгнэлээ хэмээн үндэслэх хэсгийг дуусгасан байдаг.
Өөрөөр хэлбэл, Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 1.4-д "зөвлөл нь гомдлыг хянан шийдвэрлэхдээ хууль дээдлэх, шударга, ил тод, хараат бус байх, гомдлыг заавал хянан шийдвэрлэх зарчмыг мөрдлөг болгоно" гэж заасныг зөрчиж гомдол тус бүрт үндэслэл бүхий дүгнэлт өгч чадаагүй буюу гомдлыг заавал хянах зармыг хэрэгжүүлээгүй хэмээн маргасан.
Өмгөөлөгчийн миний зүгээс Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.5-д "прокурорт хандаж гаргасан байгууллага, иргэдийн хүсэлт, гомдол, мэдээлэлд анхааралтай хандаж, хуульд заасан хугацаанд шийдвэрлэж байх;", 2.3.7-д "Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.7.прокурор хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагчийг яллах, цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү тогтоолгох үүргийг хангаж, хэт нэг талыг барьж асуудалд хандахгүй байх;” гэсэн хэм хэмжээг зөрчсөн агуулгаар тайлбарлаж хуралд оролцсон ч шүүх эл асуудалд ямар ч дүгнэлт хийсэнгүй.
Үндсэндээ, Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.7-д заасан адил тэнцүү тогтоолгох үүргийг хэрхэн хангасан асуудлаар гомдол гаргаж, уг чиг үүргийг хэрэгжүүлж гомдлыг агуулга бүрээр нь шалгаагүй буюу дээр дурдсанаар үндэслэл тус бүрд хариу өгөөгүй асуудлаар маргасан. Шүүх эл асуудалд үндэслэл бүхий дүгнэлт хийлгүйгээр үндэслэх хэсгийн 1.7-д "дээрх үйл баримт, прокурорын тухай хууль, Прокурорын ёс зүйн дүрэм, прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам зэргээс дүгнэхэд Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын хүрээнд хяналт шалгалтыг хэрэгжүүлсэн гэж үзэхээр байна" гэж маш бүрхэг дүгнэлт хийжээ.
Зүй нь анхан шатны шүүх маргааны үйл баримтыг зөв тогтоож, түүнд талуудын байр суурь, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг үндэслэн шийдвэр гаргах ажиллагааг хийх ёстой байсан ч анхан шатны шүүхээс хариуцагчийн үйл ажиллагааны хүрээнд хэрэглэгддэг эрх зүйн хэм хэмжээнүүдийг түүвэрлэж бичээд уг үүргээ хэрэгжүүлсэн гэдэг агуулгаар дүгнэсэнд гомдолтой байна.
Нэхэмжлэгчийн зүгээс эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны дотоод үйл ажиллагаа, түүний үр дүнгийн талаар огт маргаагүй, маргах ч үндэсгүй бөгөөд энэ нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар хянагдаж буй өөр хэрэг юм.
Харин нэхэмжлэгчийн зүгээс уг эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хүрээнд хяналт тавьж буй прокурор нь "хэргийн нөхцөл байдлыг адил тэнцүү тогтоолгох үүргийг хэт нэг талыг барилгүйгээр хангаж ажилласан эсэх, тэр нь ёс зүйн зөрчил мөн эсэхэд дүгнэлт өгөхийг хүссэн гомдол гаргасан.
Гэтэл ёс зүйн гомдлыг шалгах эрх бүхий этгээдийн хувьд ч, мөн анхан шатны шүүх ч тэр Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.7-д заасан адил тэнцүү тогтоолгох үүргийг хэрхэн хангах гэдэг зүйлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 1.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт "Хэргийн бодит байдлыг нотлохын тулд мөрдөгч, прокурор хуульд заасан бүх арга хэмжээг авч яллагдагч, шүүгдэгчийг яллах, цагаатгах, ял хүндрүүлэх, хөнгөрүүлэх нөхцөл байдлыг эргэлзээгүй тогтооно" гэж заасантай андуурч хэрэглэж, уг асуудалд ижил дүгнэлт өгч буйд гомдолтой байна.
Дээрх байдлаар анхан шатны шүүх Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5-д зааснаар нэхэмжлэлийн шаардлын хүрээнд дүгнэлт өгөх үндсэн үүргээ хэрэгжүүлсэнгүй.
3.2. Прокурорын байгууллагыг шүүхийн хяналтаас гаргасан үр дагаврын тухайд:
Улсын дээд шүүхийн 2025 оны 02 сарын 11-ний өдрийн 001/ШХТ2025/0086 дугаар тогтоолоор хэргийн харъяаллыг тогтоосон. Уг тогтоолын хянавал хэсэгт "Монгол улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигаар баталсан "Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам"-ын зохицуулалтаас үзвэл Прокурорын ёс зүйн зөвлөл нь прокурорын сахилга, ёс зүйтэй холбогдуулан гаргасан санал, хүсэлт, гомдол, мэдээллийг хянан шалгасны үндсэн дээр прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргах, тухайн дүгнэлтийг зөвшөөрсөн этгээд /прокурор, санал, хүсэлт гомдол гаргагч/-ийн гаргасан гомдлын дагуу, эсхүл гомдол гаргаагүй бол зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор өөрт олгосон бүрэн эрхийн дагуу уг асуудлаар /эцсийн/ шийдвэр гаргах эрхтэй байна" гээд харъяалал тогтоосон байдаг.
Гэтэл эл асуудлаар анхан шатны шүүхээс дүгнэлт хийхдээ үндэслэх хэсгийн 2.4-д Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэх асуудлыг, харин бусад асуудлыг ёс зүйн зөвлөл өөрөө шийдвэрлэж хариу өгөх тухай гэж тайлбарлаж шийдвэр гаргасан ба үндэслэх хэсгийн 2.5-д Улсын ерөнхий прокурор ёс зүйн зөвлөлийн даргад шилжүүлсэн, зөвлөлийн дарга нь эрх хэмжээнийхээ хүрээнд хариу өгсөн учир эс үйлдэхүй гаргасан гэж үзэхгүй гэж илт буруу дүгнэлт хийсэн.
Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигаар баталсан Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд зааснаар "Зөвлөлийн дүгнэлтийг прокурор, санал, хүсэлт, гомдол гаргагч этгээд эс зөвшөөрвөл дүгнэлт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй", "Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу шийдвэрийг гаргана", "Улсын ерөнхий прокурорын шийдвэрийг эс зөвшөөрвөл шүүхэд гомдол гаргаж болно" гэж заасан.
Дээрх журмаас үзэхэд, Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлтэд холбогдох гомдлыг гагцхүү Улсын ерөнхий прокурор хянан шийдвэрлэхээр, харин Улсын ерөнхий прокурорын шийдвэрт холбогдуулан гаргасан гомдлыг шүүх шийдвэрлэхээр зохицуулсан байх бөгөөд "хуралдааныг дахин хуралдуулах үндэслэлгүй" гэх хариуг өгсөн нь ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд зохицуулагдаагүй буюу эрх хэмжээгүй акт байна. Өөрөөр хэлбэл, Прокурорын тухай хуулийн 48.1.8. Прокурорын байгууллагын дотоод асуудлаар тушаал гаргах гэсэн Улсын Ерөнхий прокурорын бүрэн эрхийг ёс зүйн зөвлөлийн дарга хэрэгжүүлсэн байна.
Улсын ерөнхий прокурор хууль болон журамд тусгайлан заасан өөрт хамаарах чиг үүргээ хэрэгжүүлээгүй байх тул түүнийг хууль бус эс үйлдэхүй гаргасан гэж үзэх бүрэн үндэслэлтэй тул эс үйлдэхүй байгаа болохыг тогтоож өөрт холбогдуулж гаргасан гомдлыг шийдвэрлэхийг даалгах бүрэн үндэслэлтэй байсан. Дээрхийг үндэслэн Ёс зүйн зөвлөлийн даргын өгсөн хариуг Улсын ерөнхий прокурорын шийдвэр гэж үзэхгүй, тиймээс тус хариуд холбогдуулан гомдол гаргагчаас гаргасан гомдлыг Улсын ерөнхий прокурор хянаж, тодорхой шийдвэр гаргаагүй байсаар байна.
Нөгөө талаар Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д "Хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглоно" мөн 95 дугаар зүйлийн 95.9-д "Гомдлыг хянан шийдвэрлэх чиг үүрэг бүхий захиргааны байгууллага гомдлыг шийдвэрлүүлэхээр бусдад шилжүүлэхийг хориглоно" гэж тус тус зааснаар хуулиар тусгайлан эцэслэн шийдвэрлүүлэхээр олгосон бүрэн эрхийг өөр этгээдэд олгож болохгүй. Гэтэл анхан шатны шүүхээс дээрх бодит нөхцөл байдлыг тогтоож чадалгүй, Улсын дээд шүүхийн тогтоол, Захиргааны ерөнхий хууль, Прокурорын тухай хууль, Ёс зүйн зөвлөлийн ажиллах журамд тус тус заасан холбогдох заалтуудыг илт зөрчсөн үндэслэлгүй шийдвэр гаргасан.
Иймээс Нийслэл дэх захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0384 тоот шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү.” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Д.Ях, Ц.Цс нараас “Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот тогтоол, Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14/91 тоот гомдолд хариу өгөх тухай бичгийг тус тус хүчингүй болгож, гомдол гаргагч Д.Яхгийн Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар тогтоолд гаргасан 2024 оны 12 дугаар сарын 04-ний гомдолд хариу өгөөгүй Улсын ерөнхий прокурорын эс үйлдэхүй хууль бус болохыг тогтоож, гомдлыг хүлээн авч шийдвэр гаргахыг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Монгол Улсын Ерөнхий прокурор, Прокурорын ёс зүйн зөвлөлд тус тус холбогдуулан гаргажээ.
2.Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 17 дугаар хуралдаанаар Улсын Прокурорын ерөнхий газрын Дотоод хяналт шалгалт, аюулгүй байдлын хэлтсийн хяналтын прокурор Б.Бжын шалгасан прокурор Х.О ёс зүйн хэм хэмжээ зөрчсөн эсэх асуудлыг хэлэлцсэнээр Прокурорын ёс зүйн зөвлөлийн 42 дугаар дүгнэлтийг гаргажээ.
3.Уг дүгнэлтээр[1] “...Хяналтын прокурор Х.О хэрэгт хяналт тавихдаа хэргийн материалд цугласан нотлох баримт, тогтоогдсон нөхцөл байдалд үндэслэн холбогдох шийдвэрүүдийг гаргаж, хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлж ажилласан байна. Хэт нэг талыг барьж хувийн сонирхлоор асуудалд хандсан, прокурорын ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэх нөхцөл байдал шалгалтаар тогтоогдоогүй байх тул прокурорын Х.Оыг Монгол Улсын Ерөнхийлөгчийн 2018 оны 10 дугаар зарлигийн нэгдүгээр хавсралтаар батлагдсан “Прокурорын ёс зүйн дүрэм”-ийг зөрчөөгүй байна” гэж дүгнэжээ.
4.Прокурорын тухай хуулийн 65 дугаар зүйлийн 65.1-д прокурор ёс зүйн дүрэм зөрчсөнтэй холбоотой асуудлыг шалгах, дүгнэлт гаргах эрх бүхий орон тооны бус Ёс зүйн зөвлөлтэй байхаар, 65.2-т Прокурорын ёс зүйн дүрэм болон Ёс зүйн зөвлөлийн ажиллах журмыг Монгол Улсын Ерөнхийлөгч батлахаар, 66 дугаар зүйлийн 66.1-д прокурор мэргэжил, ёс зүйн дүрэм зөрчсөн тухай гомдлыг зөвлөлд гаргахаар тус тус зохицуулжээ.
5.Дээрх хуулийн зохицуулалтын агуулгаас үзвэл, Прокурорын ёс зүйн зөвлөл нь прокурорын гаргасан эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад гаргасан шийдвэрийг хүчингүй болгох, өөрчлөх, эсхүл эрүүгийн хэргийн нотлох баримтын хүрэлцээ, хууль ёсны байдлыг эцэслэн шийдвэрлэх байгууллага биш боловч тухайн прокурор албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ ёс зүйн дүрэмд заасан хэм хэмжээг баримталсан эсэхийг шалгах бие даасан чиг үүрэгтэй субъект байна.
6.Өөрөөр хэлбэл, прокурорын эрүүгийн хэрэгт гаргасан шийдвэр нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх журмаар хянагдах боломжтой гэх үндэслэл нь тухайн шийдвэр, ажиллагаанд ёс зүйн зөрчил байгаа эсэхийг Ёс зүйн зөвлөл шалгах үүргээс чөлөөлөх үндэслэл болохгүй.
7.Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 5.3, 5.4-т зааснаар Ёс зүйн зөвлөл нь гомдол хүлээн авсан тохиолдолд зөвхөн тухайн прокуророос тайлбар авах, өмнөх эрүүгийн хэргийн явцыг ерөнхий байдлаар дурдах төдий ажиллагаагаар хязгаарлагдахгүй. Харин зөвлөл нь гомдлыг хүлээн авч, гомдлын агуулгыг бүрэн тодорхойлж, тухайн гомдлын үндэслэл бүр нь Прокурорын ёс зүйн дүрмийн аль заалтад хамаарах эсэхийг тогтоож, тайлбар авах, холбогдох байгууллага, албан тушаалтнаас баримт гаргуулах, шаардлагатай материалтай танилцах, баримтад үнэлгээ өгөх, нэмэлт шалгалт хийлгэх зэргээр тухайн прокурор ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн эсэхийг нарийвчлан шалгах үүрэгтэй байна.
8.Маргааны хувьд нэхэмжлэгч Д.Ях нь Улсын ерөнхий прокурорын газрын дэргэдэх Прокурорын ёс зүйн зөвлөлд 2024 оны 08 дугаар сарын 29-ний өдөр гаргасан гомдолдоо прокурор Х.Оыг прокурор эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавихдаа хэт нэг талыг барьсан, хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой тогтоох үүргээ хэрэгжүүлээгүй, яллах болон цагаатгах нөхцөл байдлыг адил тэнцүү шалгах үүргээ биелүүлээгүй, гомдол гаргагчийн олон удаа гаргасан тайлбар, хүсэлт, гомдлуудыг шийдвэрлээгүй ёс зүйн зөрчил гаргасан гэж үзэн дараах 4 үндэслэлээр маргасан байна. Үүнд:
-Улсын бүртгэгч Г.Ихг хөөн хэлэлцэх хугацаа дууссан байхад эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан;
-Улсын бүртгэгч Г.Өбыг мөн хөөн хэлэлцэх хугацаа өнгөрсөн нөхцөлд үндэслэлгүйгээр яллагдагчаар татсан;
-Улсын ерөнхий прокурорын 2021 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн прокурорын даалгаврыг биелүүлээгүй, маргаантай үл хөдлөх хөрөнгийн өмчлөл, хөрөнгө оруулалт, санхүүжилтийн эх үүсвэрийг тогтоох эдийн засгийн шинжилгээ хийлгээгүй;
-2024 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн шинжээчийн дүгнэлт гэх баримтыг хууль бусаар гаргуулж, уг баримтад үндэслэн яллагдагчаар татах ажиллагаа явуулсан.
9.Тодруулбал, нэхэмжлэгчийн гомдол, түүний үндэслэл нь “эрүүгийн хэрэгт прокурор буруу шийдвэр гаргасан тул уг шийдвэрийг хүчингүй болгуулах” гэх агуулгаар гаргаагүй, харин “прокурор хуульд заасан үүргээ хэрэгжүүлэхдээ хэт нэг талыг барьсан, тодорхой ашиг сонирхолд үйлчилсэн, цагаатгах болон хөнгөрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү тогтоох үүргийг хангаагүй, нэг талын олон удаа гаргасан хүсэлт, гомдлуудыг шийдвэрлээгүй тул ёс зүйн зөрчил гаргасан” гэх агуулгатай байна.
10.Прокурорын ёс зүйн дүрмийн 2.1-д “Прокурор нь төрийн тусгай албан хаагч болохын хувьд хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ, түүнчлэн нийгэм, хамт олон, гэр бүлийн харилцааны хүрээнд дагаж мөрдвөл зохих зан үйлийн нийлбэр цогцыг прокурорын ёс зүйн хэм хэмжээ гэнэ.”, 2.3-д “Прокурор хяналтын чиг үүргээ хэрэгжүүлэхдээ дараах ёс зүйн хэм хэмжээг баримтална:”, 2.3.5-д “прокурорт хандаж гаргасан байгууллага, иргэдийн хүсэлт, гомдол, мэдээлэлд анхааралтай хандаж, хуульд заасан хугацаанд шийдвэрлэж байх;”, 2.3.8-д “прокурор хэргийн байдлыг тал бүрээс нь бүрэн бодитой нотлохын тулд хуульд заасан бүх арга хэмжээг авч, яллагдагчийг яллах, цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү тогтоолгох үүргийг хангаж, хэт нэг талыг барьж асуудалд хандахгүй байх” гэж тус тус заасан байна.
11.Эдгээр заалтын агуулгаас үзэхэд зөвхөн прокурорын мэргэжлийн ур чадварын ерөнхий шаардлага бус, харин прокурорын албаны чиг үүргээ хэрэгжүүлэхдээ иргэдийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд шударга, төвийг сахисан, хариуцлагатай хандах ёс зүйн суурь шаардлагыг илэрхийлсэн байна.
12.Иймд Д.Яхгоос гаргасан дээрх 4 үндэслэл нь зөвхөн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны хууль хэрэглээний маргаан мөн эсэх, эсхүл Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.5, 2.3.8-д заасан ёс зүйн хэм хэмжээ зөрчигдсөн байж болзошгүй эсэхийг Прокурорын ёс зүйн зөвлөл гомдлын үндэслэл тус бүрээр шалгаж, дүгнэлт гаргах үүрэгтэй байжээ.
13.Гэтэл маргаан бүхий 42 дугаар дүгнэлтэд дээрх 4 үндэслэл тус бүрийг Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.5 болон 2.3.8-д заасан шаардлагатай харьцуулан шалгаагүй байна. Тодруулбал, гомдлын аль үндэслэл нь 2.3.5-д заасан “иргэдийн хүсэлт, гомдолд анхааралтай хандах, хуульд заасан хугацаанд шийдвэрлэх” үүрэгтэй холбоотой, аль нь 2.3.8-д заасан “яллагдагчийг яллах, цагаатгах, эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх ба хүндрүүлэх нөхцөл байдлыг адил тэнцүү тогтоолгох үүргийг хангаж, хэт нэг талыг барьж асуудалд хандахгүй байх” үүрэгтэй холбоотой, аль нь зөвхөн эрүүгийн процессын мэргэжлийн үйл ажиллагаанд хамаарах асуудал болох талаар ялган заагласан дүгнэлт хариуцагч Ёс зүйн зөвлөлөөс гаргаагүй байна.
14.Ийм нөхцөлд “прокурор ёс зүйн хэм хэмжээ зөрчөөгүй” гэх ерөнхий дүгнэлт нь гомдлын бодит агуулгад бүрэн хариу өгөх, хууль зүйн хувьд үндэслэл бүхий дүгнэлт гэж шүүхээс үзэх үндэслэлгүй юм.
15.“Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журам”-д заасны дагуу гомдол гаргагчийн гомдлын үндэслэл бүрт холбогдох баримтыг цуглуулах, Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.5, 2.3.8-д заасан ёс зүйн хэм хэмжээ зөрчигдсөн байж болзошгүй эсэхийг Прокурорын ёс зүйн зөвлөл гомдлын үндэслэл тус бүрээр шалгаж, дүгнэлт өгөх үүргээ биелүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй байна.
16.Түүнчлэн Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.3-д “Мэргэжлийн болон ёс зүйн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэнэ.” гэж, Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмын 6.12-т “Зөвлөлийн дүгнэлтийг прокурор, санал, хүсэлт, гомдол гаргагч этгээд эс зөвшөөрвөл дүгнэлт мэдэгдсэн өдрөөс хойш 7 хоногийн дотор Улсын ерөнхий прокурорт гомдол гаргах эрхтэй.”, 6.13-д “Заасан хугацаанд гомдол гаргаагүй бол дүгнэлтийг Улсын ерөнхий прокурорт танилцуулна. Зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу шийдвэрийг гаргана.” гэж тус тус заасан.
17.Эдгээр хууль, журмын заалтаар прокурорын ёс зүйн зөвлөл нь прокурорын сахилга, ёс зүйтэй холбогдуулан гаргасан санал, хүсэлт, гомдол, мэдээллийг хянан шалгасны үндсэн дээр прокурор ёс зүйн зөрчил гаргасан эсэх талаар дүгнэлт гаргах, харин уг дүгнэлтийг эс зөвшөөрсөн прокурор болон санал, хүсэлт, гомдол гаргагчийн гаргасан гомдлын дагуу, гомдол гаргаагүй бол зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн Улсын ерөнхий прокурор өөрт олгогдсон бүрэн эрхийн дагуу тухайн асуудлаар эцсийн шийдвэр гаргах эрхтэй байна.
18.Прокурорын ёс зүйн зөвлөлийн дүгнэлт нь өөрөө эцсийн эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр биш, харин Улсын ерөнхий прокуророос өөрийн бүрэн эрхийн хүрээнд гаргах шийдвэрийн үндэслэл болох шинжтэй байна.
Тодруулбал, хууль, журмын зохицуулалтаар Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт болон Улсын ерөнхий прокурорын шийдвэр хоёр тусдаа эрх зүйн шинжийг агуулсан шийдвэрүүд байх бөгөөд Ёс зүйн зөвлөл нь гомдлын шалгалт явуулж дүгнэлт гаргах чиг үүрэгтэй бол Улсын ерөнхий прокурор Ёс зүйн зөвлөлийн дүгнэлт, түүнд гаргасан гомдлыг харгалзан үзэж сахилгын шийтгэл оногдуулах эсэхтэй холбоотой эрх зүйн үр дагавар бүхий шийдвэр гаргах бүрэн эрхтэй байна.
19.Иймээс нэхэмжлэгч Д.Яхгоос Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 42 дугаар дүгнэлтийг эс зөвшөөрч Улсын ерөнхий прокурорт гаргасан 2024 оны 12 дугаар сарын 04-ний өдрийн гомдлыг хариуцагч Ёс зүйн зөвлөлийн дарга дахин хянаж, “хуралдааныг дахин хуралдуулах үндэслэлгүй” гэх агуулгаар хариу өгснийг Улсын ерөнхий прокурор хуульд заасан өөрийн бүрэн эрхийн хүрээнд гомдлыг хянан шийдвэрлэсэн гэж үзэх боломжгүй.
Тухайлбал, Ерөнхий прокурорын Ёс зүйн зөвлөлийн даргад гомдлыг шилжүүлсэн цохолт нь гомдлыг хянан шийдвэрлэсэн эцсийн шийдвэр биш, тухайн гомдлыг холбогдох албан тушаалтанд шилжүүлэх, танилцуулах, шалгуулах дотоод зохион байгуулалтын шинжтэй тэмдэглэл байх бөгөөд харин гомдлын үндэслэлд эрх зүйн дүгнэлт өгсөн, гомдлыг хангах эсэхийг шийдвэрлэсэн, сахилгын шийтгэл оногдуулах эсэх талаар эрх зүйн үр дагавар үүсгэсэн Улсын ерөнхий прокурорын хуульд заасан шийдвэр гэж үзэхээргүй байна.
20.Захиргааны ерөнхий хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д хуульд зааснаас бусад тохиолдолд захиргааны байгууллага хуулиар тусгайлан заасан бүрэн эрхийг бусдад шилжүүлэхийг хориглохоор заасан бөгөөд Прокурорын тухай хууль болон Прокурорын ёс зүйн зөвлөлийн ажиллах журмаар Улсын ерөнхий прокурорт хамааруулсан гомдол хянан шийдвэрлэж, шийдвэр гаргах бүрэн эрхийг Прокурорын ёс зүйн зөвлөлийн дарга цохолтод үндэслэн хэрэгжүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.
21.Эдгээр үндэслэлээр хариуцагч Прокурорын ёс зүйн зөвлөлөөс гомдол гаргагчийн гомдлыг холбогдох баримтыг цуглуулж, Прокурорын ёс зүйн дүрмийн 2.3.5, 2.3.8-д заасан ёс зүйн хэм хэмжээ зөрчигдсөн байж болзошгүй эсэхийг гомдлын үндэслэл тус бүрээр шалгаж, дүгнэлт гаргах, мөн Монгол Улсын Ерөнхий прокуророос зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн сахилгын шийтгэл оногдуулах эсэхийг шийдвэрлэхтэй холбоотой хууль, журамд заасан үүргээ тус тус бүрэн хэрэгжүүлээгүй буюу хэргийг нөхцөл байдал тодорхойгүй, түүнийг цаашид тодруулах шаардлагатай, уг нөхцөл байдал нь шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн байх тул “Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот тогтоол, Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14/91 тоот гомдолд хариу өгөх тухай бичгийг тус тус дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлж, анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулан, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг ханган шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 384 дүгээр шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Прокурорын тухай хуулийн 66 дугаар зүйлийн 66.1, 66.3, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг тус тус баримтлан Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот тогтоол, Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14/91 тоот гомдолд хариу өгөх тухай бичгийг тус тус дахин шинэ акт гаргах хүртэл зургаан сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.” гэж өөрчилж, шийдвэрийн Тогтоох хэсэгт “Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.6-д зааснаар шүүхээс тогтоосон зургаан сарын хугацаанд захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий Прокурорын ёс зүйн зөвлөлийн 2024 оны 10 дугаар сарын 15-ны өдрийн 42 тоот тогтоол, Прокурорын ёс зүйн зөвлөлийн даргын 2025 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн 14/91 тоот гомдолд хариу өгөх тухай бичгийг хүчингүй болохыг дурдсугай.” гэсэн 2 дахь заалтыг нэмж, шийдвэрийн 2 дахь заалтын дугаарыг 3 болгон өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч Ш.Аг нарын давж заалдах гомдлын зарим хэсгийг хангасугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгч, түүний өмгөөлөгчөөс давж заалдах гомдол гаргахдаа тус бүр төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ
[1] Хэргийн 1-р хавтас 39-45 дахь тал