Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 15 өдөр

Дугаар 2023/ШЦТ/1482

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ц.Амар даргалж, шүүгч Б.Булгантамир, шүүгч Г.Энхцэцэг нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Э.Мөнхтуяа, улсын яллагч П.Эрдэнэбат, иргэдийн төлөөлөгч Б.О, шүүгдэгч Б.Г, шүүгдэгчийн өмгөөлөгч А.Очбадрал нарыг оролцуулан тус шүүхийн танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000788 дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авсныг энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, Б овогт Б-ийн Г, 2001 оны 10 дугаар сарын 30-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, 22 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эх, эхнэр, хүүхэд, дүүгийн хамт *** тоотод оршин суудаг гэх, регистрийн дугаар ***, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй.

Холбогдсон хэргийн талаар яллах дүгнэлтэд дурдсанаар:

Шүүгдэгч Б.Г нь санаатайгаар, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод 2023 оны 03 дугаар сарын 23-аас 03 дугаар сарын 24-нд шилжих шөнө гэр бүлийн хамаарал бүхий хойд эцэг болох Г.Б-ыг зодож биед гавал тархины гэмтэл бүхий дагз ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины духны дэлбэнд няцрал, дагзны хуйханд цус хуралт, эрүү, баруун, зүүн хацар, тохой, нуруунд зулгаралт гэмтлүүд учруулж алсан гэх Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад заасан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэг. Гэмт хэрэг үйлдсэн гэм буруугийн талаар:

Шүүх хэргийн бодит байдлыг тогтоох зарчмын дагуу талуудын мэтгэлцээний үндсэн дээр шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судлагдсан нотлох баримтуудыг үндэслэж,  Сонгинохайрхан дүүргийн прокурорын газраас шүүгдэгч Б-ийн Г-д  Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар дараах үндэслэлээр хөнгөрүүлэн өөрчлөв.

1.1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Хуульд заасан үндэслэл, журмын дагуу хэрэгт цугларсан, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад:

Шүүгдэгч Б.Г нь Сонгинохайрхан дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах *** тоотод байрлах гэртээ 2023 оны 03 дугаар сарын 23-аас 24-нд шилжих шөнө хойд эцэг болох Г.Б-тай таарамжгүй харилцааны улмаас муудалцан зодож биед гавал тархины гэмтэл бүхий дагз ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины духны дэлбэнд няцрал, дагзны хуйханд цус хуралт, эрүү, баруун, зүүн хацар, тохой, нуруунд зулгаралт гэмтлүүд учруулж алсан үйл баримт буюу хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоолоо.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримт нь хавтаст хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судлагдсан дараах нотлох баримтуудаар хангалттай нотлогдон тогтоогдоно. Тухайлбал,

- Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл (хавтаст хэргийн 2 дахь тал),

- Дуудлагын утга: “Би аавыгаа цохиод тэгсэн газар унахдаа хүчтэй мөргөж унаад босож ирэхгүй байна гэх” СХДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас (хавтаст хэргийн 176 дахь тал),

- Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 3-7 дахь тал),

- Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтийн хамт (хавтаст хэргийн 8-12 дахь тал),

- Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Г.Ц-гийн “...2023.03.24-ний үүрээр 03 цагийн үед намайг гэртээ унтаж байхад манай дүү Г.Б-ын бага охин Х нь манай хүүгийн утас руу дүүг маань нас барчихлаа гэж хэлсэн. ...Миний төрсөн дүү Г.Б нь 1979 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Ховд аймгийн Буянт суманд төрсөн. 1987 онд Дорнод аймгийн Сүмбэр сумын 10 жилийн сургуульд элсэн суралцсан. Манайх малтай айл байсан учир 1988 онд буюу 2-р ангиасаа дүү  морь унана гээд сургуулиасаа гарсан. 1993 оныг хүртэл Дорнод аймгийн Сүмбэр суманд амьдарч байсан бөгөөд дүү маань тухайн цаг үед морь унадаг байсан. Түүнээс хойш 1993 оны намар хотод малаа тууж ээж, аав болон дүү нарын хамт орж ирсэн. Тэгээд дүү маань хотод орж ирээд 1994-1995 онд Хархорин зах дээр найзтайгаа тэрэг түрж ажил хийдэг байсан. Түүнээс хойш 1997 оноос хойш 2002 оныг хүртэл нарангийн голд байх тоосгоны үйлдвэрт 5 жил ажил хийж байсан бөгөөд 2000 онд өөрийнхөө эхнэр Б-тай танилцаж байсан. 2004 оноос одоог хүртэл барилга дээр хувиараа мужааны ажил хийдэг байсан. Талийгаач архи уугаад агсам согтуу тавьж байсныг хараагүй. Харин талийгаач дүүгийн маань эхнэр Б нь хаяадаа ирж надтай уулзахаараа агсам тавиад үглээд байх юм гэж хэлдэг байсан. Түүнээс өөр цохиж зодоод байгаа асуудал ярьж байгаагүй, өвчин зовлон ярьдаггүй хүн байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 20-21 дэх тал),

- Шүүгдэгч Б.Г мөрдөн шалгах ажиллагааны явцад “...талийгаач Г.Б нь миний хойд аав бөгөөд намайг төрөхөөс өмнө манай ээжтэй суугаад нэг хүүхэд гарсан. Тэр нь манай төрсөн дүү буюу одоо хамт амьдарч байгаа миний дүү Х юм. Би 2023.03.23-ны өдөр гэртээ өөрийн эхнэр, хүүхэд, хойд аав, төрсөн дүү болон төрсөн эхийн хамт байж байтал өдөр 15 цагийн орчимд манай гэрт аавын найз гэх Х гэдэг зүс таних ах согтуу 1 шил 0,5-тай Хараа архи өвөртөлж ирээд манай аав болон ээжтэй хамт архиа хувааж уух гээд байхаар нь би тэр ахад “та нялх хүүхэдтэй айлд гаднаас архи авч орж ирээд уух гээд байж болж байгаа юм уу” гэхэд намайг “хуц, хуц” гэхээр нь би тэр гуравт “та нар архи уумаар байгаа бол манай гадаа барьж байгаа модон байшин дотор ороод эсвэл хажуу талын илүү гэрт орж архиа уу” гэсэн чинь тэр 3 хамтдаа хажуу талын илүү гэрт ороод архиа хувааж уусан юм. Би Хархорин зах руу махны грушшиг хийдэг ажил хайхаар оччихоод эргээд 17 цагийн орчимд гэртээ ирэхэд манай гэрт манай эхнэр, хүүхэд, дүү байсан. Аав, ээж, Х ах гурав гэрт байхгүй байхаар нь би эхнэр М-ээс нөгөө 3 хаачсан талаар асуухад манай эхнэр надад “Х ахыг аав, ээж хоёр хүргэж өгөхөөр явсан” гэхээр нь гэртээ байж байгаад 2 цаг орчмын дараа хойд аавын *** дугаар руу “та хоёр гэртээ ирэх болж байна уу, хаана байгаа юм бэ” гэж асуухад ээж утсыг нь аваад “бид хоёр найзындаа байна. Удахгүй очлоо” гэсэн.  Үүнээс хойш тэр хоёр гэртээ ирэхгүй дахин 2 цаг орчим болсон. Би 21 цаг болох гэж байхад дахин аавын утас руу залгаад хаана байгааг асуухад аав утсаа аваад “одоо очлоо” гэсэн. Дахиад 1 цаг орчим ирэхгүй удаж байгаад гаднаас манай аав ээжийг түшчихсэн нэлээн согтуу гэртээ орж ирсэн. Тэгээд гэрт сууж байсан чинь манай ээж намайг эхнэртэйгээ байнга хэрэлдэж байдаг талаар яриад уурлахаар нь учирлаад ойлгохгүй дуу нь чангараад орилоод байхаар нь би уурлаад ээж рүүгээ өөрийн өмсдөг пүүзийг аваад шидсэн. Тэр пүүзийг ээжийн нүүр рүү шидсэн ба ээжийн нүүрийг оноод уруул нь сэтрээд, дух нь бага зэрэг хавдсан юм. Гэтэл гаднаас аав гэрт орж ирээд чи ээжтэйгээ яах гэж ингэж маргалдаж байдаг юм бэ гээд над руу хувцсаа тайлаад дайраад байхаар нь би аавтай хэрэлдчихээд тоохгүй суугаад байсан чинь аав хувцсаа өмсөж гадаа гарчхаад намайг “гараад ир, бандиа. Үзье” гээд орилоод байснаа хашаа балбаад байхаар нь би гадаа гараад “аав та согтуу байна, би тантай огт маргалдмааргүй байна. Гэртээ орж унт” гэж гуйсан чинь аав согтуугаар юмыг ойлгохгүй “би чамайг одоо алнаа” гээд дайраад гараа далайгаад байхаар нь би хоёр гарыг нь барих гэсэн чинь аав намайг зүүн шанаанд гараараа нэг удаа шанаадахаар нь би гэнэт уурлаад аавын зүүн шанаа руу гараараа хоёр удаа цохисон. Хоёр дахь цохилт дээр аав газар хайрган дээр унаад босохгүй болохоор нь гэрт ороод шанаганд ус хийж  байгаад аавын нүүр рүү нь цацсан.  Тэр үед удалгүй аав босож ирээд “миний толгой эргээд байна” гээд гэрийн үүдэнд байгаа барьж байсан модон байшин дотор нүүрээ дараад явган суугаад байхаар нь би аавын толгой нь эвгүй болчихсон байж магадгүй гэж бодоод 103 руу дуудлага өгөх гэж байгаад 102 руу буюу цагдаа руу залгаад “манай аав намайг цохисон чинь яасан нь мэдэгдэхгүй босож чадахгүй байна” гэхэд цагдаа дуудлагыг хүлээн авлаа гээд утсаа тасалсан. Тэгээд би шууд дэлгүүр рүү аавыг байшин дотор нь орхиод тамхи ундаа авахаар яваад ирсэн чинь намайг эзгүйд цагдаа ирээд явсан ирсэн байсан. Тэгээд би гэртээ орох гэтэл аав нөгөө байшин дотроо толгойгоо бариад юм хэлэхгүй суугаад байсан чинь би гэрт орж ээжид хэлэхэд ээж гэрээс гараад аавыг гэрт оруулж ирсэн бөгөөд аав гэрийн зүүн талын орон дээр ээжтэй унтаж байгаад босоод ганцаараа газар бүхлээрээ хэвтэхээр нь манай төрсөн дүү Х аавын дээрээс хөнжлөөр хучаад аав миний эхнэр хүүхэдтэйгээ унтаж байсан буйдангийн зүүн хойд талд газар унтсан юм. Үүнээс хойш манай гэрийнхэн бүгд унтаж байтал би шөнө 2 цаг өнгөрч байхад сэрээд гал нэмэхээр галаа сэргээсэн бөгөөд намайг эргээд орондоо орох үед аав гэнэт сонин сонин дуу гаргаад гүнзгийгээр амьсгаа аваад байгаа чимээ гарахаар нь би шууд орноосоо босоод аавын хажууд очиж харахад аав ам нь хагас ангайгаад царай нь цонхийгоод нүүр нь хөх туяа татсан байхаар би аавыг өндийлгөж байгаад нуруу руу нь цохиод үнэртэй ус үнэртүүлсэн боловч аав сэргэхгүй байхаар нь би шууд 103 дуудсан чинь удалгүй эмч ирж үзээд аавыг нас барсан талаар хэлээд цагдаа дууд гэхээр нь би цагдаад дуудлага өгсөн юм. ...аав бид хоёрын дунд өс хонзонгийн асуудал байхгүй. Аавыг гаднаас ирэхэд биед нь ил харагдах шарх байгаагүй. ...аав бид хоёрыг маргах үед өөр хүн байгаагүй. Надаас өөр цохиж зодсон хүн байхгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 24-26 дахь тал),

- Гэрч Я.Б-ийн “...2023.03.23-ны өдөр 11 цагийн үед би гэртээ нөхөр Г.Б-ын хамт хоол хийж идээд амарч байсан. Тухайн үед гаднаас манай найз Х нь 0,5 литрийн Хараа нэртэй архи аваад орж ирсэн. Тэгэхэд манай хүү Б.Г нь эхнэр болон хүүхдийнхээ хамт манай гэрт байсан бөгөөд хүү маань “хүүхдийн дэргэд та нар архи битгий уугаарай, хажуу гэрт ороод уучих” гэж хэлээд манай хүү ажилдаа явсан. Тэгээд нөхөр бид хоёр Х-г 109-р гудамжны доод талд байх автобусны буудал дээр хүргэж өгөөд Э гэх найзындаа Сонгинохайрхан дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байх гэрт нь очиж нэмж 0,75 литрийн Шим гэх нэртэй архи хувааж уусан. Тэгээд 21 цагийн үед гэж санаж байна нөхөр бид хоёр авсан архиа хувааж уугаад шууд гэр рүүгээ харьсан. Гэрт ороод хүүгээ өдөр эхнэртэйгээ маргалдаж байгааг санаад би хүүтэйгээ маргалдсан. Тэгэхэд хүү маань надтай маргалдахад нөхөр маань гэрээс гараад явчихсан. Удалгүй нөхөр маань хүү Г-ыг дуудаад гараад ир гээд байсан. ...хүү маань удалгүй гэрт орж ирээд аав маань намайг зодно гээд надтай маргалдаад толгой руу цохиод байна гэсэн бөгөөд нөхрийгөө хаана байгааг асуухад гадаа сууж байна гэхээр нь би гарч нөхөр дээрээ очиход баригдаж байгаа байшингийн дотор талд орчихсон сууж байсан. Би орой 23 цаг болж байхад нөхөртөө хандан орж амаръя гэж хэлэхэд намайг дагаж орж ирээд хар цай уугаад унтсан. Тэгээд шөнө нь халууцаад байна гээд газар хувцастайгаа унтчихсан. Түүнээс хойш унтаж байтал хүү маань орилж хашхираад байсан. Юу болов гээд харахад аав бөөлжих гээд байх шиг байна гэхээр нь би босоод хүүтэйгээ хамт нөхрийгөө сэгсэрч ар нуруу хэсэгт нь болон хацар руу нь цохиход ухаангүй сэрэхгүй байсан. Тэр үед манай хүү түргэн тусламж дуудаад 1 цаг орчмын дараа эмч ирж үзээд нас барчихсан байна гэж хэлсэн. ...Манай нөхөр хаяадаа найз нөхөдтэйгөө уулзахаараа, эсхүл баяр ёслолын үеэр сардаа нэг удаа архи уудаг. Хаяадаа архи уусан үедээ агсам согтуу тавиад догшин ширүүн болдог...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 28-29 дэх тал),

- Гэрч О.М-ийн “...би 2023.03.23-ны өдөр 16 цагийн үед гэртээ нөхөр, хадам ээж, дүүгийн хамт хоол хийж идээд сууж байсан. Тухайн үед гаднаас хадам аав, ээж хоёрын найз гэх үл таних бор царайтай махлагдуу ах гэрт өвөртөө 0,5 литрийн хараа нэртэй архи 1 ширхгийг авч орж ирсэн. Тэгэхэд хадам аав, ээж болон тэдний гэх ах нар нь гэрт архи уух гэж байхад манай нөхөр Б.Г гэрт нялх жаахан хүүхэд байна, дэргэд нь архи уухгүй шүү. Гадаа гараад уугаарай гэж хэлсэн. Тэгээд тэр 3 архиа аваад гарсан...21 цагийн үед гэж санаж байна. Хадам аав, ээж хоёр согтуу орж ирсэн бөгөөд хадам ээж маань нөхөрт хандан өмнөх өдөр нь бид хоёрыг хоорондоо маргалдаж байсан талаар яриад бухимдаад надад хэцүү байна гэж нөхөрт маань хэлсэн. Тэгэхэд хадам аав гэрт байж байгаад гэнэт гадагшаа нөхрийг маань дуудаад бандиа гараад ир, чамайг алаад өгье гэж орилж хашхираад байсан. Нөхөр маань удалгүй гэрт орж ирээд аав орж ирэхгүй байна гэхэд хадам ээж маань оруулаад ирье гээд гэрээс гарсан. Тэгээд хадам аав ээжтэй хамт орж ирээд хар цай уулгаж байгаад орондоо ороод унтацгаасан. Тухайн шөнө хадам аав халууцаад байна гээд газарт хэвтэж унтсан бөгөөд би хүүхдээ хөхүүлээд унтаж байхад нөхөр болон хадам ээж шөнө босож ирээд хадам аавыг амьсгалахгүй байна гээд түргэн дуудсан. Түүнээс хойш эмч хүрч ирээд хадам аавыг маань үзээд нас барсан байна гэж хэлсэн. ...Ахиж огт гэрээсээ гараагүй бөгөөд гэрийн баруун талын орон дээр хэвтэж байгаад халууцаад байна гэж хэлээд газарт хэвтсэн.” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 31-32, 182-183 дахь тал),

- Гэрч Я.Л-гийн “...Талийгаач Г.Б нь манай төрсөн дүү Я.Б-ийн нөхөр бөгөөд тэд хамт амьдраад 10 гаруй жил болсон, дундаасаа нэг охинтой. Харин Б.Г нь манай дүү Б-гийн дагавар хүүхэд бөгөөд гэртээ 4-лээ амьдардаг байсан. Хувийн зан байдлын хувьд Г.Б нь даруухан, томоотой, элдэв буруу ааш байхгүй бөгөөд хаяадаа архи уучхаад л байдаг. Бусдаар бол илүү дутуу зангүй. Харин түүний дагавар хүү Г нь бүрэн дунд боловсролтой бөгөөд яг тодорхой ажил хийдэггүй. Барилгын туслахын ажил хийгээд байдаг. Зан байдлын хувьд томоотой элдэв аашгүй, архи дарс хэрэглэдэггүй бөгөөд найз охинтой болоод одоо ой хүрээгүй нэг хүүтэй. Өмнө нь талийгаач Г.Б, Б.Г нар нь хоорондоо маргалдаж муудалцаж байгаагүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 105-106 дахь тал),

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023.04.13-ны өдрийн 931 дугаартай Цогцост хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээнд “...Дүгнэлт: 1. 3. 11. Талийгаачийн биед дагз ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины дух, баруун чамархай, бага тархинд аалзан хальсан доорх цус харвалт, хажуу ховдол, 3,4-р ховдолд цусан хураа, тархины духны дэлбэнд няцрал, дагзны хуйханд цус хуралт, зүүн нүдний алимын салстад цус харвалт, зүүн хөмсөг, цээж, нуруунд цус хуралт, эрүү, баруун, зүүн хацар, тохой, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих, цохигдох, унах үйлчлэлээр үед үүссэн байх боломжтой. 2.Дээрх гэмтлүүд нь 2023.03.23-24-ний өдөр үүссэн байх боломжтой. 4.Дээрх гэмтэл нь шууд үхэлд хүргэсэн байна. 5.Дээрх гэмтлүүд нь нас барахын өмнө үүссэн байна. 6.Дээрх гавал тархины гэмтэл нь үхэлд шууд хүргэсэн тул гэмтлийн зэрэг тогтоохгүй. 7.Талийгаачийн биед үхэлд хүргэхээр архаг хууч өвчин тогтоогдсонгүй. 8.Талийгаач нь гавал тархины гэмтлийн улмаас нас барсан байна. 9.Талийгаач нь 2023.03.24-ний байдлаар нас бараад 20-24 цаг болсон байна. 10.Талийгаачийн ходоодонд хүрэн ягаан өнгийн бага хэмжээний шингэн агууламжтай байсан тул хэзээ ямар хоол хүнс хэрэглэсэн эсэхийг тогтоох боломжгүй байна. 12. Талийгаачийн цусанд 2,3 промилли, ходоодны шингэнд 3,1 промилли спиртийн агууламж илэрсэн ба нас барах үедээ дунд зэргийн согтолттой байжээ. 13.Эмнэлгийн тусламж үйлчилгээ цаг алдалгүй авсан ч амь аврагдах боломжгүй байжээ. 14.Талийгаач нь нэгдүгээр бүлгийн цустай байжээ...” гэх дүгнэлт, гэрэл зургийн үзүүлэлт (хавтаст хэргийн 37-43 дахь тал),

- Шинжээч Б.Ц-ийн “...Амь хохирогч нь гэмтлүүдийг аваад богино хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цусан хураа хэмжээ нэмэгдэх тусам эмнэл зүйн шинж хурдан илэрч үхэлд хүргэнэ. ...учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох, унах үйлчлэлийн аль ч тохиолдолд үүсэх боломжтой. Яг ямар байрлалаас цохисон, унасан, унагаасан эсэхийг тогтоох боломжгүй...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 174-175 дахь тал),

- Шүүх сэтгэц эмгэг судлалын дүгнэлт (хавтаст хэргийн 132-133 дахь тал),

- Гэрч Ш.Н-ы “...тус тоотод миний бие үүрэг гүйцэтгэх хугацаандаа 2 удаа очсон. Эхлээд 22-23 цагийн орчимд би аавыгаа цохичихлоо гэж дуудлага ирсэн бөгөөд дуудлагын дагуу очиход дуудлага өгсөн иргэн байгаагүй өөрөө зугтаагаад явсан байсан. Харин аав нь гэх хүн согтуу гэрийнхээ гадаа суугаа байдалтай унтаж байгаа харагдсан. Тухайн иргэний биед гэмтэл шарх харагдаагүй ч бие нь тааруу согтуу байсан. Улмаар сэрээгээд юу болсон талаар асуухад цагдаагаар шалгуулахгүй гээд өөр юм хэлэхгүй, нэг юм нуугаад байгаа бололтой байсан. Тэгэхээр нь би гэрт оруулаад хамт байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад бүгд мэдэхгүй гээд хариулсан. Улмаар тэр хүний биеийг сайн харж байгаарай, элдэв янз болбол түргэн болон надад мэдэгдээрэй гэж хэлээд бэр гэх эмэгтэйд захиж үлдээгээд дараагийн дуудлагадаа явсан. Харин үүрээр 04 цагийн орчимд тус тоотод байсан хүн нас барсан талаар дуудлага ирсэн бөгөөд ахин очиход цохисон гэх хүүхэд нь ирчихсэн байсан. Улмаар бүрэлдэхүүн ирж үзлэг хийгээд миний бие хамгаалалт авч ажилласан. Эхний дуудлага мэдээллийг гомдолд авсан бөгөөд нас барсны дараагаар тухайн материалтай давхардуулсан байх. Би тухайн дуудлага мэдээлэлд очоод зодоон болсон гэх утгатай дуудлага ирчхээд бусад хүмүүс нь эсэргүүцээд байхаар нь гайхсан бөгөөд дараа ирж шалгана гэж бодож байсан боловч өөр дуудлага мэдээлэл ирээд амжаагүй. Харин сүүлд шөнийн 04 цагийн орчимд нас барсан талаар дуудлага ирэхээр нь очсон. Мөн анх очиход бэр нь би аавыг өгч явуулахгүй, зодоон болоогүй гээд нөхрөө өмөөрч улмаар нөхөр худлаа дуудлага өгсөн гээд уурлаад байсан. ...Намайг анх очиход ил харагдах шарх мэдэгдээгүй. Гэхдээ би бүтэн биеийн үзлэг хийгээгүй. Би тэр хүнээс танай хүүхэд хаана, яаж цохиж зодсон талаар асуухад юм хариулахгүй, бие нь муу байгаа бололтой байсан. Тэгээд би гэрт байсан хүмүүсээс юу болсон талаар асуухад мэдэхгүй гээд ямар нэг юм нуугаад байх шиг байсан бөгөөд зодоон болоогүй гээд эрс эсэргүүцээд байсан. Гэхдээ талийгаачийн гадуур хувцас хунар шороо тоос болсон маргаан болсон шинжтэй байсан. Харин цус бол гарсан зүйлгүй байсан. Амь хохирогч анх очиход хашаанд байх амбаарын үүд хэсэгт суугаагаараа унтаж байсан ба ойр орчимд шат байгаагүй. Тухайн хашаанд 2 ширхэг эсгий гэр байсан ба том гэрийн эсрэг талд өөдөөс нь харсан байдалтай модон амбаар байсан. Өөрөөр барилгын эд зүйл барилга баригдаж байгаа зүйл байхгүй байсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 179-180 дахь тал),

- Насанд хүрээгүй гэрч Б.Х-гийн “...12 цагийн орчимд манай аавын найз нэг шил архитай ирсэн бөгөөд манай гэрт уух гээд байхаар нь төрсөн ах Г манайд бага насны хүүхэд байгаа, ТҮЦ-нд юм уу илүү гэрт орж уу гэж хэлсэн. Тэгээд ээж, аа, найзын хамт авч ирсэн архийг хувааж уусан. Ах Г 13 цагийн орчимд Хархорин зах орж ажил хийхээр явсан. Улмаар 16 цаг өнгөрч байхад ах Г ажлаасаа ирсэн бөгөөд тэр үед аав ээж 2 байхгүй, найзыгаа хүргэж өгөх гээд явсан байсан. Ах орж ирээд аав ээж хоёрыг хайж байгаад утас руу нь залгаж хаана байгаа юм ирэх болж байгаа юу гэж асуусан. Тэр орой 21 цагийн орчимд аав ээж хоёр ирсэн бөгөөд ирэхдээ тэр хоёр нэлээн согтуу байсан. Ээж ирээд ан Г болон бэр эгч М хоёрт хандаж байнга хэрэлддэг хэрүүлээ боль гэж хэлсэн. Тэр үед ээж болон Г ах нар хоорондоо маргалдаж эхэлсэн. Тэр үед Г.Б ээжийг өмөөрөөд ахтай хэрэлдсэн бөгөөд хэрэлдэж байгаад аав гэрээс гараад явсан. Тэгээд хашааны хаалгыг балбаж байгаад ах Г-ын нэрийг дуудаад гараад ир гэж орилоод байсан. Тэгээд ах аавыг оруулж ирье гэж гараад 5 орчим минутын дараагаар ганцаараа орж ирсэн. Орж ирж хэсэг байж байгаад дэлгүүр орохоор гараад явсан ба цагдаа ахыг дэлгүүр орсны дараагаар ирчхээд энд маргаан болсон байна. Ахиж маргахгүй шүү гээд хэлээд буцаад явсан ба ах цагдаа явсны дараа ирсэн. Тэгээд би шөнийн 01 цагийн орчимд 00 орох гээд гарсан ба аав газар шатны доогуур сууж байсан. Ингээд 00-с гараад ирэхэд шат дээрээсээ унагаачихсан байсан. Улмаар би аавыг сугадаад гэр лүүгээ оруулах гэсэн боловч орохгүй хажуу талын байшинд ороод суугаад байсан. Тэгээд би гэрт ороод хэлэхэд ах аавыг оруулж ирсэн бөгөөд аав орон дээрээ хэвтсэн. Тэгээд хэсэг хэвтэж байгаад бүгчимдээд байна гэхээр нь би газар ор засаж унтуулсан. Улмаар тэр үед цаг шөнө 01-02 цаг болж байсан ба би унтаад өгсөн. Тэгээд унтаж байтал бэр эгч намайг сэрээхэд ах ээж хоёр аавын хажууд уйлаад сууж байсан. Ингээд түргэн, цагдаа дуудсан ба аавыг маань аваад явсан...” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 188-190 дэх тал) зэрэг нотлох баримтууд болно.

Дээр дурдсан нотлох баримтуудыг цуглуулж, бэхжүүлэхэд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогчийн эрхийг хязгаарласан буюу зөрчсөн үндэслэл, үйл баримт тогтоогдоогүй байх бөгөөд тухайн нотлох баримтын эх сурвалжууд тус хэргийг хянан шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай, хүрэлцээтэй байх шаардлага хангагдсан гэж үзэв.

1.2. Хууль зүйн дүгнэлт

Талийгаач Г.Б нь “дагз ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины дух, баруун чамархай, бага тархинд аалзан хальсан доорх цус харвалт, хажуу ховдол, 3,4-р ховдолд цусан хураа, тархины духны дэлбэнд няцрал, дагзны хуйханд цус хуралт” бүхий гавал тархины гэмтлийн улмаас 2023 оны 03 дугаар сарын 24-ны өдөр нас барсан болох нь шинжээчийн дүгнэлт, цогцост үзлэг хийсэн тэмдэглэлээр тогтоогдож байна.

Шинжээч шүүхийн шатанд өгсөн мэдүүлэгтээ “...гавал тархины гэмтлүүдийг амь хохирогч нь аваад богино хугацаанд үйлдэл хөдөлгөөн хийх боломжтой. Цусан хурааны хэмжээ нэмэгдэх тусам эмнэл зүйн шинж хурдан илэрч үхэлд хүргэнэ. ...учирсан гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн цохих цохигдох, унах үйлчлэлийн аль ч тохиолдолд үүсэх боломжтой, савж унах үед гэмтэл үүсэх боломжтой. Дагз хуйханд хүч үйлчилсэн буюу цус хуралт үүссэн байна...” гэж мэдүүлсэн.

Шүүгдэгч нь Б.Г нь мөрдөн байцаалтын шатанд болон шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэгтээ “...би хоёр гарыг нь барих гэсэн чинь аав намайг зүүн шанаанд гараараа нэг удаа шанаадахаар нь би гэнэт уурлаад аавын зүүн шанаа руу гараараа хоёр удаа цохисон. Хоёр дахь цохилт дээр аав газар хайрган дээр унаад босохгүй болохоор нь гэрт ороод шанаганд ус хийж  байгаад аавын нүүр рүү нь цацсан. ...103 руу дуудлага өгөх гэж байгаад 102 руу буюу цагдаа руу залгаад “манай аав намайг цохисон чинь яасан нь мэдэгдэхгүй босож чадахгүй байна” гэхэд цагдаа дуудлагыг хүлээн авлаа гээд утсаа тасалсан...” гэсэн мэдүүлэг, “дуудлагын утга: Би аавыгаа цохиод тэгсэн газар унахдаа хүчтэй мөргөж унаад босож ирэхгүй байна гэх СХДЦГ ЦХ-1, Шуурхай удирдлагын тасгийн дуудлагын лавлагааны хуудас” зэрэг нотлох баримтуудаас дүгнэвэл шүүгдэгч Б.Г-ын хойд эцэг Г.Б-ын нүүр хэсэг рүү 2 удаа цохиж, уг цохилтын улмаас талийгаач Г.Б толгойн ар хэсгээрээ савж унасан байх бөгөөд шүүгдэгч Б.Г-ын үйлдэл талийгаачид учирсан гавал тархины гэмтэл нь өөр хоорондоо шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч Г.Г нь өөрийн үйлдлийг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, 2 удаагийн идэвхтэй үйлдлээр талийгаачийн биед халдаж, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн байх тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.3 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүнийг санаатай гэмт хэрэг үйлдсэн тооцно.

Улсын яллагчаас шүүгдэгч Б.Г-ын үйлдлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар зүйлчилж, гэм буруутай тооцох саналыг гаргасан ба иргэдийн төлөөлөгчөөс шүүгдэгч Б.Г-ыг гэр бүлийн хүчирхийлэл үйлдээгүй, хүнийг алсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай байна гэж дүгнэсэн.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс  “хэрэгт авагдсан баримтаас харахад шүүгдэгч урьд нь гэр бүлийн хүчирхийллийн үйлдэл хийгээгүй байна. Тохиолдлын шинжтэй үйлдлийг гэр бүлийн хүчирхийлэл үйлдсэн гэж хүндрүүлсэн нь үндэслэлгүй. Гэмт хэрэг гарсан нөхцөл байдлыг харахад талийгаач хүүгээ гараад ир гэж дуудаад байдаг. Мөн Гэр бүл хүчирхийллийн тухай хуулийг зөрчиж байж хүндрүүлэх шинжээ хангана. Улсын дээд шүүхийн тогтоолд тайлбарласан байгаа. Иймд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгээр зүйлчилж өгнө үү...” гэж мэтгэлцсэн.

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт “хүний алсан бол” гэж гэмт хэргийн үндсэн шинжийг, мөн зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан бол” гэж гэмт хэргийн хүндрүүлэх шинжийг хуульчилсан.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэвэл шүүгдэгч Б.Г-ын хойд эцэг Г.Б-тай таарамжгүй харилцааны улмаас муудалцан зодож биед нь гавал тархины гэмтэл бүхий дагз ясны шугаман хугарал, тархины хатуу хальсан доорх цусан хураа, тархины духны дэлбэнд няцрал, дагзны хуйханд цус хуралт, эрүү, баруун, зүүн хацар, тохой, нуруунд зулгаралт гэмтлүүд учруулж алсан үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт хүнийг алах гэмт хэргийн үндсэн шинжийг бүрэн хангаж байна.

Харин түүний үйлдэлд “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж алсан” гэх хүндрүүлэх шинж хэрэгт авагдсан, шүүх хуралдаанаар шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдохгүй байна.

Хэрэгт авагдсан баримтаар талийгаач Г.Б, шүүгдэгч Б.Г нар нь хойд эцэг, дагавар хүүгийн харилцаатай, гэр бүлийн гишүүд болох нь тогтоогдсон хэдий боловч гэрч  Я.Л-ийн “...Талийгаач Г.Б нь манай төрсөн дүү Я.Б-ийн нөхөр. ...Харин түүний дагавар хүү Г нь бүрэн дунд боловсролтой бөгөөд яг тодорхой ажил хийдэггүй. Барилгын туслахын ажил хийгээд байдаг. Зан байдлын хувьд томоотой элдэв аашгүй, архи дарс хэрэглэдэггүй бөгөөд найз охинтой болоод одоо ой хүрээгүй нэг хүүтэй. Өмнө нь талийгаач Г.Б, Б.Г нар нь хоорондоо маргалдаж муудалцаж байгаагүй...” гэх мэдүүлэг, асап сангийн баримтаар урьд хэн аль нь гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаагүй болох нь тогтоогдож байна.

Гэмт хэрэг гарах болсон шалтгаан нь талийгаач Г.Б, түүний эхнэр Я.Б нар нь архи согтууруулах ундааны зүйл хэрэглэж, Я.Б, шүүгдэгч Б.Г-тай харилцан маргалдаж, улмаар талийгаач Г.Б нь шүүгдэгч Б.Г-ыг ээжтэйгээ маргалдсан гэх шалтгаанаар хашааны хаалгыг балбаж, гараад ир, үзэлцье гэх зэргээр дуудсан. Шүүгдэгч Б.Г талийгаач, хойд эцэг Г.Б-ыг гэртээ оруулах зорилгоор гэрээсээ гарсан боловч түүнийг зодож гэмтэл учруулсан буюу тохиолдлын шинжтэй, хувийн таарамжгүй харилцааны улмаас гэмт хэрэг үйлдсэн байна.

Түүнчлэн хэрэгт гэр бүлийн хүчирхийлэлтэй холбоотой аюулын зэргийн болон нөхцөл байдлын үнэлгээ хийгдээгүй, шүүгдэгч Б.Г, талийгаач Г.Б нарын хороонд байнгын шинжтэй бие махбод, сэтгэл санаа, эдийн засгийн хувьд дарамтад суурилсан харилцаатай байсан гэх нөхцөл байдал нотлогдон тогтоогдоогүй болно.

Иймд, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт “Шүүх нотлох баримтаар тогтоогдсон хэргийн нөхцөл байдлыг үндэслэн хэргийн зүйлчлэлийг хөнгөрүүлэн өөрчилж болно.” гэж заасныг баримтлан Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000788 дугаартай, шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилж, шүүгдэгч Б.Г-ыг хүнийг алах гэмт хэрэг үйлдсэн гэмт буруутайд тооцов.

Шүүгдэгчийн өмгөөлөгчөөс “...Дүү охины мэдүүлгээр талийгаачийн толгой дээр шат унасан байхыг харсан гэдэг. Энэ нь шүүхээс хэрэгт нэмэлт  ажиллагаа хийсний үндсэн дээр хийгдсэн ажиллагаа. ...Тэгэхээр цохиулснаас үүссэн үү, шат унаснаас үүссэн гэмтэл үү гэдэг нь тодорхойгүй байна....” гэсэн саналыг гаргаж мэтгэлцсэн.

Насанд хүрээгүй гэрч Б.Х “...Тэгээд би шөнийн 01 цагийн орчимд 00 орох гээд гарсан ба аав газар шатны доогуур сууж байсан. Ингээд 00-с гараад ирэхэд шат дээрээсээ унагаачихсан байсан...” гэж мэдүүлэх боловч гэрч Я.Б-ийн “...Би орой 23 цаг болж байхад нөхөртөө хандан орж амаръя гэж хэлэхэд намайг дагаж орж ирээд хар цай уугаад унтсан...” гэсэн, гэрч О.М-ийн “...Ахиж огт гэрээсээ гараагүй бөгөөд гэрийн баруун талын орон дээр хэвтэж байгаад халууцаад байна гэж хэлээд газарт хэвтсэн...” гэсэн мэдүүлгүүдээр талийгаач Г.Б нь шөнийн 01 цагийн орчим гэрээсээ гарсан гэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

Түүнчлэн шинжээч эмч Б.Ц нь шүүхийн шатанд мэдүүлэхдээ “...баруун гараараа зүүн тал руу цохисон 2 удаагийн шанаа руу цохисон цохилтоор 11 төрлийн гэмтэл үүсэх боломжтой юу гэх асуултад: тухайн хүн цохиулаад унасан бол үүсэх боломжтой. ...толгой дээрээс юм унах үед дээрх гэмтэл үүсэх боломжгүй. Савж унах үед үүссэн...” гэсэн мэдүүлгээр давхар няцаагдаж байна. 

​​​​​​​1.3. Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс баримтаар нэхэмжилсэн хохиролгүй байх тул шүүгдэгч Б.Г-ыг энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй гэж үзсэн болохыг дурдав.

Хоёр. Эрүүгийн хариуцлагын талаар:       

2.1.        Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 15 жилийн хугацаагаар хорих ял оногдуулах, оногдуулсан хорих ялыг хаалттай хорих байгууллагад эдлүүлэх саналтай байна...” гэв.

Шүүгдэгчийн өмгөөлөгч эрүүгийн хариуцлагын талаарх дүгнэлтдээ: “...Шүүгдэгч Б.Г нь анх удаа гэмт хэрэгт холбогдсон, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, түүний хувийн байдал, гэр бүлийн байдал, бага насны хүүхэдтэй зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн хорих ялын хамгийн доод хэмжээгээр оногдуулж өгнө үү...” гэв.  

Шүүгдэгч: “...хэлэх зүйл байхгүй...” гэв.

2.2.     Эрүүгийн хариуцлага

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Г-ын иргэний үнэмлэхийн лавлагаа (хавтаст хэргийн 63 дахь тал), байнга оршин суугаа хаягийн лавлагаа (хавтаст хэргийн 64 дэх тал), хүүхдийн төрсний бүртгэлийн лавлагаа (хавтаст хэргийн 66 дахь тал), тээврийн хэрэгслийн лавлагаа (хавтаст хэргийн 67 дахь тал), эд хөрөнгөтэй эсэх хураангуй лавлагаа (хавтаст хэргийн 68 дахь тал), шүүхийн шийдвэрээр иргэн, хуулийн этгээдэд төлбөргүй болох тодорхойлолт (хавтаст хэргийн 69 дэх тал), ХААН банкны дансны хуулга (хавтаст хэргийн 70-89 дэх тал), АСАП сангийн лавлагаа (хавтаст хэргийн 97 дахь тал) зэрэг нотлох баримтыг шинжлэн судалж, шүүгдэгчийн хувийн байдлыг тодорхойлов.

Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан бичгийн нотлох баримтаар шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн”, 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” зэргийг эрүүгийн хариуцлагыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцож, эрүүгийн хариуцлага хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шударга ёсны зарчмыг баримтлан, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал /тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн/, учирсан хохирол, хор уршиг /хүний амь нас хохирсон/, үйлдсэн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал /ам бүл 4, эхнэр, бага насны хүүхэд, эх, дүү нарын хамт амьдардаг зэрэг/-ыг тал бүрээс нь харгалзан шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 жилийн хугацаагаар хорих ял шийтгэж, нээлттэй хорих ангид эдлүүлэхээр шийдвэрлэв.

2.3.       Бусад асуудал

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдлаа.

Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолох нь зүйтэй.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 36.2 дугаар зүйлийн 1, 2, 4 дэх хэсэг, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.12, 37.1 дүгээр зүйл, 38.1, 38.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Сонгинохайрхан дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8 дахь заалтад зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2308000000788 дугаартай, шүүгдэгч Б.Г-д холбогдох хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хөнгөрүүлэн өөрчилсүгэй.

2.  Б овогт Б-ийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “хүнийг алах” гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

3. Шүүгдэгч Б.Г-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ял шийтгэсүгэй.

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Г-д оногдуулсан 10 /арав/ жилийн хугацаагаар хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлэхээр тогтоосугай.

5. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч Б.Г нь баривчлагдсан болон цагдан хоригдсон хоноггүй, энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, түүний иргэний бичиг баримт шүүхэд шилжиж ирээгүй, шүүгдэгчээс гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүйг тус тус дурдсугай. 

6. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох тул шүүгдэгч Б.Г-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн цагдан хорьж, түүний эдлэх хорих ялын хугацааг энэ өдрөөс эхлэн тоолсугай.

7. Шийтгэх тогтоолыг гардаж авснаас, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

8. Оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болох хүртэл шүүгдэгч Б.Г-д авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.         

 

 

 

         ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Ц.АМАР

 

                    ШҮҮГЧ                                       Б.БУЛГАНТАМИР

 

                                 ШҮҮГЧ                                      Г.ЭНХЦЭЦЭГ