| Шүүх | Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Аюурзанын Энхтөр |
| Хэргийн индекс | 184/2020/03494/И |
| Дугаар | 184/ШШ2020/03016 |
| Огноо | 2020-10-05 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 05 өдөр
Дугаар 184/ШШ2020/03016
2020 10 05 184/ШШ2020/03016
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
******* дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Энхтөр даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар:
Нэхэмжлэгч: ******* дүүрэг, 19 дүгээр хороо, 21 хороолол, үэ гудамж, ******* байр, ******* тоот хаягт оршин суух, ******* овогт ******* ******* /РД:*******/
Хариуцагч: ******* дүүрэг, 19 дүгээр хороо, 21 хороолол, үэ гудамж, ******* байр, 4 тоот хаягт оршин суух ******* овогт /РД:/
Зээлийн гэрээний үүрэгт 12 500 000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд нэхэмжлэгч Б.*******, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Шинэбаяр, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Мөнхжаргал нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Миний бие П.ийн хүсэлтээр 2019 оны 05 сарын 31-ний өдөр 15 000 000 төгрөгийг 3 сарын хугацаатай буюу 2019 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл хүүгүй, харин зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд Иргэний хуулийн 232.6-д заасны дагуу 0,5 хувиар алданги тооцох гэрээ байгуулсан билээ. 08 сарын 31-ний өдрийг дуустал хүүгүй зээлдүүлэх гэрээ байгуулсан учир нь хэрэв П. надад Хан-Уул дүүргийн 8 дугаар хороонд газар эзэмших эрхийн гэрчилгээг 06 сарын 15-аас өмнө авахад тус болох ёстой, гэхдээ юм юу ч болоо хэмээн зуны хугацааг дуустал буюу 08 сарын 31-ний өдрийг хүртэл гэж хоорондоо тохиролцсоны үндсэн дээр гэрээний хугацааг тохирсон. Гэвч өдийг хүртэл газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй байгаагаас гадна надад зээлсэн мөнгөө бүрэн төлөөгүй бөгөөд утсаар холбогдох бүрд мөнгийг маань өгнө гэж худал ярьдаг учир би ******* дүүргийн цагдаад Эрүүгийн хэрэг үүсгэж залилах гэмт хэргийн бүрдэл байгаа эсэхийг тогтоолгохыг хүсэхэд ******* дүүргийн Прокурорын газрын хяналтын прокурор 2020 оны 05 сарын 07-нд Хэрэг бүртгэлийг хаах тухай Прокурорын тогтоолыг гаргаж, уг тогтоолдоо Б.******* нь өөрт учирсан хохирлоо иргэний хэргийн шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсан байна. Миний бие П.ийн Хаан банкны данс руу 2019 оны 06 сарын 01-ний өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 06 сарын 03-ны өдөр 5 000 000 төгрөг, 2019 оны 06 сарын 04-ний өдөр 2 000 000 төгрөг, 2019 оны 06 сарын 12-ны өдөр 1 000 000 төгрөгийг тус бүр өөрийн данснаас, 2019 оны 06 сарын 12-ны өдөр өөрийн бэр эгч Н.Сонинбаяраас зээлэн түүний данснаас 2 000 000 төгрөг, гээд нийт 15 000 000 төгрөгийг шилжүүлсэн. Гэвч зээлийн гэрээний хугацаа аль хэдийн өнгөрч алданги тооцох хугацаа 8-9 сараар хэтэрч алдангийн хэмжээ Иргэний хуульд заасан нийт зээлсэн мөнгөний хагаст хүрч надад гэрээний үүргийн дагуу 15 000 000 төгрөг дээр нэмж алданги 7 500 000 төгрөг, нийт 22 500 000 төгрөгийг төлөх ёстой хугацаа өнгөрсөн хойно буюу 2020 оны 04 сарын 16-ны өдөр 3 000 000 төгрөг, 2020 оны 05 сарын 01-ний өдөр 4 000 000 төгрөг, 2020 оны 05 сарын 22-ны өдөр 3 000 000 төгрөг, нийт 10 000 000 төгрөгийг төлсөн байдаг. Түүнээс хойш мөнгө төлөгдөөгүй. Иймд зээлдэгч П.оос зээлийн гэрээний дагуу төлөх үлдэгдэл 12 500 000 төгрөгийг улсын тэмдэгтийн хураамжийн хамт гаргуулж өгнө үү гэжээ.
Нэхэмжлэгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Би П. гэдэг хүнийг өмнө таньдаггүй байсан. Газар зарна гэсэн зарын дагуу танилцсан. Надад зарна гэсэн газар нь таалагдаагүй учраас би арай ойрхон өөр газар байгаа юу гэж асуусан. Тэгэхэд П. өөр газар байхгүй. Энд нэг ийм газар байна. Энэ газрын гэрчилгээг гаргаж өгч болно гээд нэг газар зааж өгсөн. Энэ явдал 5 сарын сүүлээр 6 сарын эхээр байсан учраас би барилга байшингаа барих яаралтай шаардлагатай байсан юм. Газрын гэрчилгээ авахад маш их цаг хугацаа ордог. Хариуцагч надад би газрын наймаа хийдэг. Чи өргөдлөө Газрын албанд өгчих. Би хурдлуулаад өгч болно гэж хэлсэн. Тиймээс би танихгүй хүнд мөнгөө өгчихвөл мөнгө авчхаад алга болж магадгүй гэдэг үүднээс П.той зээлийн гэрээ байгуулсан. Д. юмыг яаж мэдэх вэ, хоёулаа зээлийн гэрээгээ 2019 оны 9 сарын 01-ний өдрийг хүртэл хийе гэж учраас эхний 3 сар хүртэл хүүгүй, түүнээс хойш газрын гэрчилгээ гарахгүй мөнгөө авна. Хэрэв мөнгө өгөхгүй удаах юм бол хүү, алданги тооцохоор тохиролцсон. Газрын гэрчилгээ гарахгүй удсан тул би мөнгөө авъя, гэрчилгээ гарна гэж худлаа юм байна гэхэд ямар нэгэн шалтаг хэлж байсан. Ингэж явсаар байгаад 2019 оны 12 сард би Цагдаагийн байгууллагад хууран мэхэлсэн, луйвардсан гэж өргөдөл гаргасан. Энэ хэрэг цагдаа дээр нэлээн байцаагдаж байхад П. цагдаа, прокуророос гуйж би мөнгийг нь буцаан төлнө гэсээр байгаад хэргийг хаалгасан. Ингэж цагдаагаар явж байж 10 000 000 төгрөгөө олж авсан. Бид 2019 оны 05 сарын 31-ний өдөр зээлийн гэрээ байгуулсан бөгөөд зээлийн гэрээний дагуу алданги тооцно. Алдангийг 2019 оны 9 сараас хойш тооцсон байгаа. Иргэний хуульд алданги нь үндсэн зээлийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасан байдаг, тэгэхээр 15 000 000 төгрөгийн үндсэн зээл дээр алданги 7 500 000 төгрөг нийт 22 500 000 төгрөг болж байгаа. 22 500 000 төгрөгөөс 10 000 000 төгрөгийг буцаан өгсөн, үлдэгдэл 12 500 000 төгрөгийг хариуцагчаас нэхэмжилж байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч хэлэхдээ мөнгөө өгчхөөд дараа нь зээлийн гэрээ байгуулсан гэж ярьж байна. Гэтэл мөнгөө өгөхөөсөө өмнө зээлийн гэрээ байгуулсан. Мөн зээлийн гэрээнд тодорхой хугацаа заасан учраас алданги нэхэмжилж байгаа. Газар авах хүсэлт гаргах нь надад олгогдсон эрх юм. Би энэ эрхээ хэрэгжүүлэхдээ төртэй харилцах ёстой. Энэ ажиллагааг хурдлуулж өгнө гэсэн учраас мөнгө өгсөн. Бид тохиролцохдоо 3 сарын дотор газрын гэрчилгээг гаргаж өгөхгүй бол би мөнгөө буцаан авна. Хэрэв мөнгө өгөхгүй удаах юм бол алданги нэхнэ гэж тохиролцоод зээлийн гэрээ байгуулсан. Тиймээс би үүнийг хууль бус гэж үзэхгүй байна. Хүний мөнгийг аваад жил гаран болчхоод өгөхгүй байгаа учраас алданги зайлшгүй тооцох ёстой гэж үзэж байна. Бид хоёр маш олон удаа утсаар ярьж, ажил чинь юу болж байна, болохгүй бол мөнгөө авъя гэдэг байсан. Би цагдаад өгөх хүртлээ 15 000 000 төгрөгөө хурдан буцааж өг гэдэг байсан. 2019 оны 12 сард цагдаагийн байгууллагад өгөхөөсөө өмнө 15 000 000 төгрөгөө өг, өгөхгүй бол би цагдаад өглөө шүү. Өгөхдөө 15 000 000 төгрөг дээрээ алдангиа нэхэмжилнэ шүү гэдгээ хэлж байсан гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд нэг нь газар олж өгөөч, нөгөөх нь ийм газар байна гэрчилгээг нь гаргаж өгье гэсэн харилцаа үүссэн. Миний зүгээс зээлийн гэрээг хүчин төгөлдөр бус юм гэж үзэж байгаа, учир нь нэхэмжлэгч газар хөөцөлдүүлэх гэж мөнгөө өгөөд хаширлаж зээлийн гэрээ байгуулсан. Нэхэмжлэгч нь хариуцагчид 15 000 000 төгрөг өгсөн бөгөөд 10 000 000 төгрөгөө буцаан авсан тул үлдэх 5 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Газрынхаа асуудлыг хөөцөлдүүлж эцэст нь зөвхөн Засаг даргын захирамж гарах дутуу байхад мөнгөө авъя гэж байгаа нь увайгүй үйлдэл юм. 2019 оны 05 сарын 31-ний өдөр байгуулагдсан зээлийн гэрээ нь өөрөө 3 сарын хугацаатай. Нэхэмжлэгч хариуцагчид 15 000 000 төгрөгөө авъя гэж хэлсэн учраас хариуцагч 10 000 000 төгрөгийг өгсөн, oдоо үлдэх 5 000 000 төгрөг төлөхийг хүлээн зөвшөөрч байна. Тиймээс нэхэмжлэлийн шаардлагаас үлдэх 7 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч 12 500 000 төгрөг гаргуулахаар шаардсаныг хариуцагч П. 5 000 000 төгрөгийг хүлээн зөвшөөрч, үлдэх хэсгийг төлөхгүй гэж маргана.
Хэрэгт цугларсан нотлох баримт, зохигчдын тайлбараар дараах үйл баримт тогтоогдож байна.
2019 оны 05 сарын 31-ний өдөр нэхэмжлэгч Б.*******, хариуцагч П. нар 15 000 000 төгрөгийг 2019 оны 05 сарын 31-ний өдрөөс 2019 оны 08 сарын 31-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай, хүүгүй олгох, хугацаа хэтэрсэн хоног тутам гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0.5 хувиар алданги тооцох гэрээ /хх-4/ байгуулжээ.
Нэхэмжлэгчийн Би П.ийг ... таньдаггүй байсан, газар зарна гэсэн зарын дагуу танилцсан, ... би танихгүй хүнд мөнгөө өгчихвөл мөнгө авчхаад алга болж магадгүй гэдэг үүднээс П.той зээлийн гэрээ байгуулсан, эхний 3 сар хүртэл хүүгүй, түүнээс хойш газрын гэрчилгээ гарахгүй бол мөнгөө авна. ... мөнгө өгөхгүй удаах юм бол хүү, алданги тооцохоор тохиролцсон, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн нэхэмжлэгч, хариуцагч нарын хооронд нэг нь газар олж өгөөч, нөгөөх нь ийм газар байна, гэрчилгээг нь гаргаж өгье гэсэн харилцаа үүссэн, ... нэхэмжлэгч газар хөөцөлдүүлэх гэж мөнгөө өгөөд хаширлаж зээлийн гэрээ байгуулсан гэх тайлбараар талууд хооронд зээлийн гэрээ байгуулсан бус, өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийсэн гэж үзэх үндэстэй байна. Өөрөөр хэлбэл бодит байдал дээр худалдагч /хариуцагч/ нь газар эзэмших эрх, түүнтэй холбоотой баримтыг худалдан авагчид шилжүүлэх, худалдан авагч /нэхэмжлэгч/ нь хэлэлцэн тохирсон үнэ төлөхөөр тохиролцон, хүсэл зоригоо илэрхийлж хэлцэл байгуулжээ.
Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1-д дараах хэлцэл хүчин төгөлдөр бус байна, 56.1.1-56.1.10 дах заалтаар бүр анхнаасаа хүчин төгөлдөр бус байх үндэслэлгүй, алдаа мадаг бүхий хэлцлийн жагсаалтыг нэрлэж, 56.1.3-т өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл гэж заажээ. Өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хэлцэл хийгдсэн бол энэ хэлцлээр хэлцэл хийгч тал түүнийг хэрэгжүүлэх, ямарваа эрх, үүрэг хүлээх хүсэл зориггүй байдаг буюу ямарваа үр дагавар буй болгохыг зорихгүйгээс гадна хэлцэл хийсэн үеэсээ эхлэн хүчин төгөлдөр бус байна. Мөн хуулийн 56 дугаар зүйлийн 56.5-д Энэ хуулийн 56.1-д заасан хэлцэл хийсэн талууд нь уг хэлцлээр шилжүүлсэн бүх зүйлээ харилцан буцааж өгөх, боломжгүй бол үнийг төлөх үүрэгтэй гэж заажээ. 2019 оны 05 сарын 31-ний өдөр байгуулсан гэрээ нь анхнаасаа өөр хэлцлийг халхавчлах зорилгоор хийсэн хэлцэл болох нь тогтоогдож байх тул хэлцлээр шилжүүлсэн бүх зүйл буюу мөнгө буцаан өгөх үүрэгтэй. Нэхэмжлэгч нь хариуцагчид 15 000 000 төгрөг өгснөөс 10 000 000 төгрөгөө буцааж авсан тухай маргахгүй, энэ нь баримтаар давхар нотлогдож /хх-23-25/ байх тул үлдэх 5 000 000 төгрөгийг нэхэмжлэгчид буцаан өгөх үүрэг хүлээнэ.
Иймд Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5-д зааснаар хариуцагч П.оос 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, үлдэх 7 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангасан тул нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, хангаж шийдвэрлэсэн 5 000 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 94 950 төгрөгийг хариуцагч П.оос гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгох нь зүйтэй.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Иргэний хуулийн 56 дугаар зүйлийн 56.1.3, 56.5-д зааснаар хариуцагч П.оос 5 000 000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгож, үлдэх 7 500 000 төгрөгийг хэрэгсэхгүй болгосугай.
2.Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1-д зааснаар нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 214 950 төгрөгийг улсын төсвийн орлогод хэвээр үлдээж, нэхэмжлэлийн шаардлагаас хангаж шийдвэрлэсэн 5 000 000 төгрөгт ногдох тэмдэгтийн хураамж 94 950 төгрөгийг хариуцагч П.оос гаргуулан нэхэмжлэгч Б.*******д олгосугай.
3.Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч байвал гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж болохыг тайлбарласугай.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ А.ЭНХТӨР