Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/973

 

 

 

 

  2023          12          20                                     2023/ШЦТ/973

 

                             МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Х.Дашням,

Улсын яллагч: Ц.Сайнзаяа,

Шүүгдэгч: ***, түүний өмгөөлөгч Б.Чинбат нарыг оролцуулан, тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***т холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305036092203 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” дэлгүүрт хохирогч ***ын эзэмшлийн “Самсунг А95” загварын гар утсыг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би түцний ээлжийн ажлаасаа буугаад Алтан төгрөг дэлгүүр орсон. Хүүхдэдээ гутал авъя гэсэн. Миний урд 20 гаран насны охин гар утас нь халааснаас нь цухийсан явж байсан. Би хажуугаар нь зөрөхдөө утсыг нь авсан. Утсыг аваад гэртээ харьсан. Хийсэн хэрэгтээ гэмшиж, харамсаж байна. Ар гэрийн амьдралыг харгалзан үзэж тэнсэн харгалзах ял оногдуулж өгнө үү...” гэв.

Хохирогч ***ийн мөрдөн байцаалтад өгсөн: “...2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр би ганцаараа өөрийн эзэмшлийн “Самсунг А95” загварын гар утсаараа чихэвчээр дуу сонсоод 15 цагийн орчим Баянгол дүүргийн 18 дугаар хороо “Алтан төгрөг” дэлгүүрийн 1 давхарт хувцас үзээд явж байтал миний чихэвчинд явж байсан дуу гэнэт тасарчихаар нь би өөрийн куртикний баруун халаасанд байсан “Самсунг А95” маркийн гар утсаа шалгатал байхгүй болчихсон байсан..” гэсэн мэдүүлэг /хх-н 16/,

Камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэлд: “...Алтан төгрөг худалдааны төв дотор хар өнгийн малгайтай, хар өнгийн малгайтай куртиктэй, цэнхэр өнгийн жинсэн өмдтэй сэжиг бүхий этгээд 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр ...14 цаг 57 минутад хохирогчийн гар утсыг авч буйг харуулав...” гэжээ /хх-н 34-36/,

 

Гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 2/, Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 4/, эд зүйл хүлээлгэн өгсөн тэмдэглэл /хх-н 27/, эд зүйлийн үнэлгээ /хх-н 38-40/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 43-69/, хохирогчийн хүсэлт /хх-н 78/ зэрэг болно.

 

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** нь 2023 оны 10 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах “Алтан төгрөг” дэлгүүрт хохирогч ***ын эзэмшлийн “Самсунг А95” загварын гар утсыг халааснаас нь хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар хулгайлан авч 550.000 төгрөгийн хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, хохирогч ***ын мэдүүлэг, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн камерын бичлэг, түүнд үзлэг хийсэн тэмдэглэл, эд зүйлийн үнэлгээ болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** нь хохирогч ***ын халааснаас түүний гар утсыг хулгайлан авч бага хэмжээнээс дээш хохирол учруулсан нь өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж, түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэртэй, шунахай сэдэлттэй Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсангэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч *** болон түүний өмгөөлөгч нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Хохирогч *** нь гар утсаа буцаан авсан, гомдол саналгүй гэж мэдүүлсэн, бичгээр хүсэлт гаргасан тул шүүгдэгчийг бусдад төлөх төлбөргүй гэж шүүх үзлээ.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 01 жил хорих ял оногдуулах, шүүгдэгчийн өмгөөлөгч хорих ял оногдуулахгүйгээр тэнсэж өгнө үү гэсэн ялын дүгнэлт тус тус гаргасан болно.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***ийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***т Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан ял хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс шүүгдэгч ***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, түүний хувийн байдал, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, хийсэн хэрэгтээ гэмшиж байгаа, хохирогчийн гар утсыг буцаан өгсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулахаар шийдвэрлэв.

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдэв.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд зүйлгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “бусдын эд хөрөнгийг хүч хэрэглэхгүйгээр, нууцаар, хууль бусаар авсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***т 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.
  3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч *** нь шүүхээс оногдуулсан 400 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын 8 цагийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.
  5. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  6. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***т хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР