Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 20 өдөр

Дугаар 2023/ШЦТ/975

 

 

 

Баянгол дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч Ч.Отгонбаяр даргалж,

Нарийн бичгийн дарга: Б.Мичидмаа,

Улсын яллагч: Ц.Цэрэнбалжир,

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч: ***, түүний өмгөөлөгч Д.Майцэцэг,

Шүүгдэгч: *** өөрөө өөрийгөө өмгөөлж тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар, Тээврийн прокурорын газрын хяналтын прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт ***д холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303006290527 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ***, *** тоот регистртэй,

Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг, 51 дүгээр байрны урд замд 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 18 цаг 50 минутын орчимд Тоёота Акуа *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт буюу Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *** /10 настай/ мөргөж эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ НЬ:

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

Шүүгдэгч *** шүүх хуралдаанд: “...Хорооллын өргөөгөөс баруунаас зүүн чиглэл рүү туслах зам буюу хороолол модны хоёрын голын хүнсний захтай замаар 19 цагийн орчимд явж байсан. Эсрэг талд барилгын гараашнууд байдаг, нөгөө талд зогсоол байдаг. Тухайн зогсоол дээр хар өнгийн “Harrier” маркийн автомашин байсан. Би явган хүний гарцыг хараад байж байсан. Гэтэл гарц өнгөрөх төдийд хүүхэд гараад ирсэн. Машины баруун талаас мөргөгдөөд хойд талын дугуйн доогуур орсон. “Harrier” маркийн автомашины араас тухайн хүүхэд харагдахгүй байсан бөгөөд гүйгээд ороод ирсэн. Тэгээд зогсоод ээжид нь хэлээд дараа нь цагдаа нар ирсэн” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч *** шүүх хуралдаанд: “...Би дуудагдаад очиход гэмтлийн эмнэлэг дээр байсан. Хүүхдийн 2 хөл нь аймар болсон байсан. Маргааш нь энэ залуу ирээд байхаар нөхөр нь мөргөсөн юм болов уу гэж бодсон. Гэтэл шүүгдэгч нэг ч удаа утсаар яриагүй. Нөхөр нь өөрийнх нь өмнөөс яваад байдаг. Адилхан эх хүмүүс би ойлгоно. Хүүхдийн бие яаж байна гэж асуугаагүй. Надтай эргэж ирж уулзаж байгаагүй. Хүүхдийн нэг хөл хүрэн өнгөтэй болсон байгаа. Сэргээн засах эмнэлэгт явж байгаа. Өнгөрсөн 7 хоногоос эхэлж хичээлдээ явж эхэлсэн. “***” маркийн машин харахаар намайг мөргөсөн гээд айгаад хичээлдээ явж чадахгүй байгаа. Өнгөрсөн 7 хоногт 2 өдөр хичээлдээ явахад багш нь юу ч ойлгохгүй, их тогтворгүй байна гэж хэлсэн. Одоо таягтай явах гээд байгаа боловч сайн явж чадахгүй байгаа. Оройдоо хөлрөөд сэтгэл санааны хувьд хэцүү болчихсон. Урьд нь эдгээр шинж тэмдэг илэрч байгаагүй. Сэтгэл санааны хохирлоо нөхөн төлүүлэх хүсэлтэй байна. Бариа засал хийлгэж хөлийн өнгө засарна гэж хэлсэн. Гэмтлийн эмч сар болгоны 20-ны өдөр ирж үзүүлж бай, өөрийнхөө айдас, түгшүүрийг дарж хөдөлгөөн сайн хий гэж зөвлөсөн. Тэгж байж хөлийн эдгэрэлт сайжирна гэсэн. Эмчилгээний зардал 4.500.000 орчим төгрөг болсон. 7.000.000 төгрөг нэхэмжилж байна” гэв.

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***ын мөрдөн байцаалтад өгсөн: “...Би ослын талаар мэдэхгүй бөгөөд тухайн өдрийн 19 цагийн орчимд над руу танихгүй дугаараас залгаад “Сод-Эрдэнийн ээж мөн үү, танай хүүхэд машинд мөргүүлчихлээ, хөл нь өвдөөд уйлаад байна, гэмтлийн эмнэлэг рүү явах гэж байна... гэж хэлсэн. ...тэр хүн хүүг мөргөсөн машины жолоочийн нөхөр нь байсан юм шиг байна лээ, ингээд би ослын талаар мэдсэн. Хүү надад хэлэхдээ зам хөндлөн гарах гэж байсан, тэгээд машин ирээд мөргөсөн тэр машин хол явж байсан их хурдан ирээд мөргөсөн гэж хэлсэн өөр зүйл хэлээгүй. Ослын улмаас хүүгийн зүүн хөл нь хугарсан бөгөөд одоо хэвтрийн дэглэмтэй эмчилгээ хийлгэж байна, хөл нь их өвддөг зовиуртай байна, хүүгийн эрүүл мэндтэй холбоотой одоогоор 1.000.000 орчим төгрөгийн хохирлын зардал гарсан байгаа баримт нь байхгүй, хуулийн дагуу шийдэж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-н 20/,

Иргэний нэхэмжлэгч ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 103.000 төгрөгийн зардал гарсан болох нь эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна, дээрх тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү...” гэсэн мэдүүлэг /хх-н 31/,

Шинжээчийн 11678 тоот дүгнэлтэд: “...*** биед зүүн шаант, тахилзуур ясны зөрүүтэй ташуу далд хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй...” гэжээ /хх-н 39-40/,

Мөрдөгчийн 1376 тоот магадлагаанд: “...Жолооч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн 16.1. Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна. Явган зорчигч Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна. Жолооч *** нь Монгол Улсын замын хөдөлгөөний дүрмийн зөрчсөн нь осол хэрэг, үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон байна...” гэжээ. /хх-н 55/,

Яллагдагчаар ***гийн мөрдөн байцаалтад өгсөн: “...Би тухайн өдөр өөрийн зээмшлийн Т.Акуа маркийн *** улсын дугаартай автомашиныг жолоодоод 18 цаг өнгөрч байхад Баянгол дүүрэг 18 дугаар хорооны хорооллын дунд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй явж байсан бөгөөд явган хүний гарц руу ойртоод ирэхэд хүн харагдаагүй бөгөөд гарц нэвтрэх үед гэнэт замын урд талаас хүүхэд гүйгээд гараад ирсэн тэр хүүхэд миний машины баруун толь хэсэг рүү гүйж орж ирээд мөргөөд унасан. Би шууд тормос гишгэж зогсоод машинаасаа буугаад хүүхдийг нөхөр өргөж машинд суулгаад тэгээд ээж, аавтай нь яриад гэмтлийн эмнэлэг рүү явсан....” гэсэн мэдүүлэг /хх-н 76-77/,

 

Дуудлагын лавлагааны хуудас /хх-н 3/, гэмт хэргийн талаархи гомдол, мэдээлэл хүлээн авсан тэмдэглэл /хх-н 4/, Зам тээврийн осол, хэргийн үзлэгээр тогтоосон байдал, гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-н 5-10/, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 12-15/, сэтгэцэд учирсан хор уршгийн зэрэглэл тогтоосон маягт /хх-н 23/, насанд хүрээгүй хохирогчийн нас тоолсон тэмдэглэл /хх-н 24/, эрүүл мэндийн тусламж үйлчилгээний зардал /хх-н 27/, камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-н 34/, шүүгдэгчийн хувийн байдалтай холбоотой баримтууд /хх-н 59-68/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

  Шүүгдэгч *** нь Баянгол дүүргийн 18 дугаар хорооны нутаг, 51 дүгээр байрны урд замд 2023 оны 9 дүгээр сарын 12-ны өдөр 18 цаг 50 минутын орчимд Тоёота Акуа *** улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцож явахдаа Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-д “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган зорчигч *** /10 настай/ мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан буюу Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутай болох нь:

Шүүгдэгчийн мөрдөн байцаалтын шатанд болон шүүх хуралдаанд үйлдсэн хэргээ хүлээн мэдүүлсэн мэдүүлгүүд, насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн мэдүүлэг, шинжээчийн дүгнэлт, мөрдөгчийн магадалгаа, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд, каамерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, эд мөрийн баримтаар хураагдсан бичлэг болон шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдлоо.

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Хавтаст хэрэгт авагдсан буюу шүүх хуралдаанд шинжлэн судалсан нотлох баримтууд нь хуулиар тогтоосон үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн бөгөөд дээрх цугларсан, бэхжүүлсэн нотлох баримтуудыг үгүйсгэсэн баримт байхгүй ба тухайн баримтуудаар шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үзлээ.

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь хуульд заасан үндэслэл журмын дагуу явагдсан, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явагдахад хэргийн оролцогчийн хууль ёсны эрхийг зөрчсөн, хязгаарласан нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэргийн бүх шинжийг хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

Шүүгдэгч ***гийн үйлдэл нь гэм буруугийн болгоомжгүй хэлбэртэй, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон тул гэм буруутайд тооцох нь зүйтэй.

Шүүгдэгч *** нь насанд хүрээгүй хохирогчийг зам хөндлөн гарах үед нь тээврийн хэрэгслээрээ мөргөсөн үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогчид шинжээчийн дүгнэлтэд дурдсан гэмтэл учирсан нь хоорондоо шууд  шалтгаант холбоотой байна.

Шүүгдэгч *** нь шүүх хуралдаанд гэм буруугийн талаар буюу насанд хүрээгүй хохирогч *** эрүүл мэндэд хохирол учруулсан талаар маргаагүй бөгөөд улсын яллагчийн шүүгдэгчийг гэм буруутай гэсэн дүгнэлт нь үндэслэлтэй байна.

    1. Хохирол, хор уршиг

Шүүгдэгчийн хохирогчийг тээврийн хэрэгслээрээ мөргөсөн гэм буруутай үйлдлийн улмаас насанд хүрээгүй хохирогч *** эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байна.

Шүүгдэгч нь насанд хүрээгүй хохирогчийн эмчилгээний зардалд 1.500.000 төгрөг төлсөн байна.

 

Насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч нь шүүх хуралдаанд шүүгдэгчээс 7.000.000 төгрөг нэхэмжилсэн ба хүний сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах, нөхөн төлүүлэх төлбөрийн жишиг аргачлалд заасны дагуу хүндэвтэр хохирол нь гуравдугаар зэрэглэлд хамаарах ба улсын яллагчийн зүгээс Хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээгээр хохирлыг тооцож гаргуулах санал гаргасныг хүлээн авч хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ 550.000 төгрөгийг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.150.000 төгрөгийг шүүгдэгчээс гаргуулж хохирогчийн хууль ёсны төлөөлөгчид олгох нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагч шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгчид 1.500 нэгж буюу 1.500.000 төгрөгөөр торгох ял оногдуулах ялын дүгнэлт гаргасан болохыг дурдав.

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч ***гийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцсон бөгөөд түүнд эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч ***д Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас  анх удаа гэмт хэрэг үйлдсэн”-г ял хөнгөрүүлэх нөхцөл байдалд тооцов.

Харин шүүгдэгчид Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан ял хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүх шүүгдэгчийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн эмчилгээний зардалд тодорхой хохирлыг төлсөн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ял оногдуулах нь зүйтэй гэж дүгнэлээ.

Улсын яллагч шүүхэд гаргасан дүгнэлтдээ шүүгдэгчид тээврийн хэрэгсэл жолоодох эрх хасах нэмэгдэл ял оногдуулах талаар санал гаргаагүй тул шүүх нэмэгдэл ял хэрэглээгүй болно.

2.3. Бусад асуудал

Насанд хүрээгүй хохирогч нь тухайн гэмтлийн улмаас эрүүл мэндийн байгууллагаас тусламж үйлчилгээ авсан нь хавтаст хэрэгт авагдсан төлбөрийн мэдээллээр /хх-н 27/ нотлогдож байна.

Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1-д “Зорчигч болон ачаа тээвэрлэх зориулалт бүхий тээврийн хэрэгслийг ашиглах явцад бусдын амь нас, эрүүл мэндэд хохирол учирсан буюу эд юмс нь эвдэрч, устаж, гэмтсэн бол тухайн тээврийн хэрэгслийг эзэмшигч учирсан гэм хорыг нөхөн төлөх үүрэгтэй” гэж, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1-д Дараах зардлыг доор дурдсан этгээдээр нөхөн төлүүлнэ:, 12.1.1-д “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад” гэж тус тус хуульчилжээ.

Иймд хохирогчийн эмчилгээ, үйлчилгээ авсан зардал 103.000 төгрөгийг гэм буруутай этгээд болох шүүгдэгчээс гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020020 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгахаар шийдвэрлэв.

Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг сидийг хэрэгт хавсаргаж, хэрэгт битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, гаргуулах хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болно.

Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1, 22.4.1, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлд тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

  1. Шүүгдэгч ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
  2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***г 1.000 нэгж буюу 1.000.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.
  3. Шүүгдэгч нь хуульд заасан буюу Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоног хорих ялаар тооцож солихыг мэдэгдсүгэй.
  4. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн 1 ширхэг бичлэг бүхий сидийг хэрэгт хавсаргаж, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдсугай.
  5. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч ***гаас 103.000 төгрөг гаргуулж Эрүүл мэндийн Ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дансанд оруулахыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт даалгасугай.
  6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар насанд хүрээгүй хохирогчийн сэтгэцэд учирсан хор уршигийг арилгах нөхөн төлбөрт шүүгдэгч ***гаас хөдөлмөрийн хөлсөний доод хэмжээг 13 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 7.150.000 төгрөг гаргуулж насанд хүрээгүй хохирогчийн хууль ёсны төлөөлөгч ***т олгосугай.
  7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шийтгэх тогтоолыг улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардаж авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг дурдсугай.
  8. Шийтгэх тогтоол нь уншиж сонсгосноор хүчинтэй болох ба давж заалдах гомдол, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч ***д хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               Ч.ОТГОНБАЯР