Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2020 оны 01 сарын 07 өдөр

Дугаар 2020/ДШМ/01

 

 

С.Г-т холбогдох эрүүгийн

хэргийн тухай

 

Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:

Прокурор И.Мөнхцэцэг,

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,

Шүүгдэгч С.Г-,

Нарийн бичгийн дарга Б.Гандирмаа нарыг оролцуулан,

              Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Ю.Энхмаа даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн                                 2019/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолтой С.Г-т холбогдох 1934000350071 дугаартай 2 хавтас, 351 хуудас бүхий эрүүгийн хэргийг шүүгдэгчийн өмгөөлөгчийн давж заалдах гомдлыг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 сарын 16-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.

          Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Боржигон овгийн Санжсүрэнгийн Г-, 1987 оны 07 дугаар сарын 29-ний өдөр Баянхонгор аймгийн Баянлиг суманд төрсөн, 31 настай, эрэгтэй, бүрэн бус дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эхнэр хүүхдийн хамт Улаанбаатар хот Чингэлтэй дүүргийн 7 дугаар хороо Хувьсгалчдын хороо 17г гудамжны 395а тоот хаягт оршин суух хаягтай, улсаас авсан гавьяа шагнал, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай гэх, регистрийн дугаар:_________,

   Шүүгдэгч С.Г- нь Төв аймгийн Жаргалант сумын 3 дугаар багийн нутаг Тахилтын давааны өвөр гэх газар Улаанбаатар хотоос Дархан-Уул аймаг руу чиглэлтэй хатуу хучилттай асфальтан замын 117 дугаар километрийн заалтын шонгийн орчим 2018 оны 12 дугаар сарын 31-ний өдөр 76-83 УНР улсын дугаартай саарал өнгийн Тоёота приус 30 маркийн тээврийн хэрэгсэл жолоодон замын хөдөлгөөнд оролцож яваад Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.1-д зааснаар “ Жолооч гүйцэж түрүүлэхийн өмнө хөдөлгөөний эрчим, хурд, тээврийн хэрэгсэл болон тээж яваа ачааны онцлог, замын болон цаг агаарын нөхцөл, хөдөлгөөний дагуу үзэгдэлтийг харгалзан, уг үйлдлийг гүйцэтгэхэд аюул үүсгэхгүй, бусдын хөдөлгөөнд саад учруулахгүй байх, мөн хүрэлцэхүйц хэмжээний зай байгаа эсэхийг анхаарч мэдсэн байвал зохино.” гэсэн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас 76-60 ОРХ улсын дугаартай приус 30 маркийн тээврийн хэрэгсэлтэй мөргөлдөж, иргэн О.Энхболдын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол, иргэн М.Энхжаргалангийн эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

            Төв аймгийн Прокурорын газраас шүүгдэгч С.Г-т Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.

   Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолоор:

              Шүүгдэгч Боржигон овогтой Санжсүрэнгийн Г-ыг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт зөрчсөний улмаас нэг хүний эрүүл мэндэд хүндэвтэр, нэг хүний эрүүл мэндэд хүнд хохирол тус тус учруулсан гэмт хэргийг үйлдсэн гэм буруутайд тооцож,

              Шүүгдэгч Боржигон овогтой Санжсүрэнгийн Г-ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.3-т зааснаар тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасч, 1 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгэж,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.6 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч С.Г-т оногдуулсан 1 жилийн хорих ялыг нээлттэй хорих байгууллагад эдлүүлж,

              Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-т оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хасах ялыг түүний хорих ял эдэлж дууссаны дараа эхлэн тоолж, түүний №1090842 дугаарын үнэмлэхийг эрх бүхий байгууллагад хүргүүлэхийг шүүгчийн туслах М.Оюунсүрэнд даалгаж,

              Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт тус тус зааснаар хохирогч М.Энхжаргалангын 8.662.875 төгрөгийг, хохирогч Б.Бархасын 15.750.000 төгрөгийг, хохирогч Э.Батсамбуугийн 1.492.900 төгрөгийг, хохирогч О.Энхболдын 424.000 төгрөгийг, иргэний нэхэмжлэгч Б.Мөнхцэцэгийн 11.002.000 төгрөгийг шүүгдэгч С.Г-аас гаргуулж, хохирогч М.Энхжаргалан нь 13.967.460 төгрөгийн, хохирогч Б.Бархас нь 15.750.000 төгрөгийн, хохирогч О.Энхболд нь 776.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар жич нэхэмжлэх эрхтэй болохыг тус тус дурдаж,

              Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, иргэний бичиг баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч С.Г- нь цагдан хоригдсон хоноггүй болохыг тус тус дурдаж шийдвэрлэжээ.

Шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай давж заалдах гомдолдоо: “Шүүгдэгч С.Г-т холбогдох Эрүүгийн  1934000350071  дугаартай хэргийг Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүх 2019.11.04-ны өдөр хянан хэлэлцээд 2019/ШЦТ/318 дугаартай шийтгэх тогтоол гаргасан. Уг шийтгэх тогтоол нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, оролцогч этгээдийн эрхийг хууль бусаар хязгаарласан бөгөөд прокурорын хяналтын шатанд мөрдөн шалгах ажиллагааг хийхдээ Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн, зайлшгүй хийх ажиллагаануудыг хийгээгүй, хууль бусаар нотлох баримт цуглуулсан байтал анхан шатны шүүх дээрх нөхцөл байдлыг үнэлж баталгаажуулсан нь шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулж түүнд оногдуулах ял шийтгэлийг хүндрүүлсэн нь дараах үндэслэлүүдээр гогтоогдож байна. Үүнд:

1. ...Шүүгдэгч С.Г-ын осол гаргах үед унаж явсан 76-60 ОРХ улсын дугаартай тээврийн хэрэгсэлийн өмчлөгч нь "Тайгын булаг ХХК" гэдэг нь хэрэгт авагдсан олон баримтаар тогтоогдсон байдаг, мөн Тайгын булаг ХХК иргэн Б.Мөнгөнцэцэг нарын хооронд тус тээврийн хэрэгсэлд Фидуцийн гэрээ байгуулагдсан байдаг. Мөрдөн шалгах ажиллагааны явцад дээрх этгээдүүдийг иргэний харицагчаар татуулах талаар удаа дараа хүсэлт гаргасан байдаг боловч прокурор нөхцөл байдлаа ойлгоогүй, шүүхээр татуулах талаар саналтай шилжүүлсэн байдаг. Анхан шатны шүүхээс хуулийн дээрх заалтыг хэрэглээгүй, хуулийн заалтыг хэрхэн хэрэглээгүй, иргэний хариуцагчийг ямар үндэслэлээр татаагүй талаар тогтоолдоо дурьдаагүй. Хэрэв хуулийн дагуу мөрдөн шалгах ажиллагааг явуулж Иргэний харицагчаар зохих этгээдийг татсан бол шүүгдэгчийн төлөх хохирол төлбөрийн асуудал тодорхой болж оногдуулсан ял шийтгэл хөнгөрөх байсан.

2. Нэгдүгээр хавтаст хэргийн 69 дүгээр хуудсанд Шинжээчийн дүгнэлт хэсэгт "н.Бархас нь замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй" гэх хэт нэг талыг баримтласан дүгнэлт гаргасан. Хавтаст хэрэгт авагдсан баримт, шүүхийн хэлэлцүүлгийн явцад өгсөн мэдүүлгүүдээс иргэн н.Бархас нь хот хооронд зөрчигч тээвэрлэх тусгай зөвшөөрөл байхгүй байсан нь тогтоогддог. МУ-ын Зөрчлийн тухай хуулийн 14.6 дугаар зүйлийн 12 дахь хэсэгт "Тээвэрлэлтийн гэрээгүй нийтийн зорчигч тээврийн үйлчилгээ эрхэлсэн бол" зөрчилд тооцон хариуцлага хүлээлгэхээр хуульчилсан. Дээрх асуудлаар прокурорт удаа дараа хүсэлт гаргасан боловч "иргэдийн нэг удаагийн хэлцэл" гэх ойлгомжгүй тайлбар өгдөг. Мөн тухайн осол болох үед жолооч зорчигчиддоо хамгаалах бүс хэрэглүүлээгүй, зорчигч өөрөө хамгаалах бүс хэрэглээгүй байсан нь тогтоогддог энэ талаар шүүхийн хэлэлцүүлгийн явцад худал мэдүүлсэн. Хэрэв хамгаалах бүс хэрэглэсэн байсан бол учирсан гэмтлийн 50 хувийг бууруулдаг талаар тайлбар байдаг. Дээрх асуудлаар анхан шатны шүүхэд урьдчилсан хэлэлцүүлгийн хүсэлт гаргасан боловч хэлэлцээгүй гэм буруугийн хуралдаанаар хэлэлцэнэ гэсэн боловч гэм буруугийн шүүх хуралдаан дээр шүүх огт хэлэлцээгүй:

3. Зам тээврийн осолд орсон тээврийн хэрэгсэлүүд заавал даатгах жолоочийн хариуцлагын даатгалтай байсан бөгөөд сайн дурын тээврийн хэрэгсэлийн даатгалтай байсан байдаг. МУ-ын ЭХХШТХуулийн 32.3 дугаар зүйлийн 1.8 дахь хэсэгт "прокуророос хянавал зохих асуудлууд... гэмт хэргийн улмаас учирсан хохирлыг нөхөн төлүүлэхээр хөрөнгө хамгаалах арга хэмжээ авсан эсэх" гэж заасан гэтэл прокурорын зүгээс хохирол төлүүлэх талаар огт ажиллагаа хийгээгүй, зайлшгүй гаргуулах даатгалын нөхөн төлбөрийн асуудлыг огт шийдвэрлүүлээгүй, Даатгалын байгууллагын үүрэг биелэгдээгүй, үүнээс болж шүүгдэгчид оногдуулах ял шийтгэл хүндэрч эрх зүйн байдал дордсон.

4. Хэрэгт авагдсан осолд орсон тээврийн хэрэгсэлүүдийн хөрөнгийн үнэлгээг зөрүүтэй хийсэн, шинжээч томилсон тогтоолыг оролцогч нарт танилцуулаагүй, шинжээчийн дүгнэлтийг танилцуулаагүй, хэтэрхий өндөр үнэлгээ гаргасан. Шинжээчийн дүгнэлтийн талаар гомдол хүсэлт гаргах эрхийг хязгаарласан.

5. МУ-ын ЭХХШТХуулийн 32.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Мөрдөгч мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзвэл яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгчид хавтаст хэргийн материалтай танилцахыг мэдэгдэнэ" гэж заасан. Мөрдөгчийн зүгээс хэргийн материал танилцуулах талаар шүүгдэгч түүний өмгөөлөгчид огт мэдэгдээгүй, энэ талаарх баримт хэрэгт байдаггүй, шүүгдэгчийг хүчээр гарын үсэг зуруулсан шүүгдэгч ойлгоогүй, энэ талаар анхан шатны шүүх хуралдаан дээр прокуророос шүүгдэгчид хандан "би чамайг өмгөөлөгчдөө хэл гэж хэлээ биздээ" гэх хууль бус утгагүй тайлбар хийдэг. Мөн зүйлийн 2 дахь хэсэгт "Мөрдөн шалгах ажиллагаа дууссаныг мэдэгдсэний дараа яллагдагч, хохирогч, иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагч, тэдний өмгөөлөгчид хавтаст хэргийн материалыг танилцуулах ба энэ тухай тэмдэглэл үйлдэнэ" гэж заасан бөгөөд дээрх тэмдэглэл хэргийн материалд байхгүй, мөн хуулийн 6 дахь хэсэгт "Оролцогч хавтаст хэргийн материалтай танилцсан тухай тэмдэглэлд дараахь зүйлийг тусгана" 6.1.мөрдөн шалгах ажиллагаатай холбоотой хүсэлт, гомдол" гэж заасан хэрэв хэргийн материалтай танилцуулсан бол дээрх хүсэлтийг гаргах байсан эрхийг хязгаарласан,

6. МУ-ын ЭХХШТХуулийн 32.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт "Энэ хуульд заасны дагуу оролцогчид танилцуулаагүй, хавтаст хэрэгт хавсаргаагүй өмгөөлөгчийн нотлох баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэхгүй" гэж заасан. Мөрдөн шалгах ажиллагааг дуусгаад өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй талаар бүх үйл баримт тогтоогдож байхад анхан шатны шүүх шүүх хуралдааныг явуулж дээрх хуулийн заалтын дагуу танилцуулаагүй бүр баримтыг шүүх хуралдаанаар хэлэлцэж хуулийг ноцтой зөрчсөн юм. Энэ талаар анхан шатны шүүх дүгнэхдээ "өмгөөлөгчид хэргийн материалтай танилцах боломж байсан" гэжээ. Өмгөөлөгч үзмэрч, зурхайч биш учраас хэргийн материал хаана явж байгаа, мөрдөн шалгах ажиллагаа дууссан эсэхийг зөгнөж мэдэх боломжгүй бөгөөд мэдэгдэх үүрэг нь мөрдөгч прокурорт хуулиар байгаа.

7. ...Тухайн хэрэгт анх мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн гэр бүлийн харилцан хамаарал бүхий этгээд байсан. Энэ талаар баримт хэрэгт байхгүй гэх дүгнэлтийг шүүх хийсэн. 1 дүгээр хавтаст хэргийн 100 дугаар хуудсанд эрх зүйн туслалцаа үзүүлэх гэрээ авагдсан бөгөөд огноо 2019.02.22-ний өдөр байгуулагдсан байдаг. Үүнээс хойш хэрэгт авагсдсан мөрдөн шалгах ажиллагааг Б.Жаргал гэх мөрдөгч хийж гүйцэтгэсэн байдаг бөгөөд прокурор 1 дүгээр хавтаст хэргийн 181 дүгээр хуудсанд яллах дүгнэлт үйлдэхдээ дээрх мөрдөгчийг оролцуулан үйлджээ. Энэ талаар өмгөөлөгчийн зүгээс прокурорт удаа дараа мэдэгдсэж байсан боловч прокурор шүүгдэгчийг "өмгөөлөгчөө соль" гэх байдлаар шахалт үзүүлдэг байсан. МУ-ын Үндсэн хууль болон ЭХХШТХуулиар яллагдагч этгээд өмгөөлөгчөө өөрөө сонгох эрхтэй байдаг. Харин татгалзан гарах үүрэг нь мөрдөгчид дээрх асуудлыг шийдвэрлэх эрх нь прокурорт байдаг. Анхан шатны шүүхээс ашиг сонирхлын зөрчилтэй гэж үзвэл Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуульд заасны дагуу өмгөөлөгч мэдүүлэг өгөх үүрэгтэй гэсэн ойлгомжгүй тайлбар хийжээ.

МУ-ын ЭХХШТХуулийн 1.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт "Шүүх, прокурор, мөрдөгч эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулахдаа Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль, бусадхуулийн заалтыг чанд сахина" гэж заасан. Өөрөөр хэлбэл ЭХХШТХуулийг төсөөтэй хэрэглэхгүй гэсэн байхад Анхан шатны шүүх төсөөтэй хэрэглэсэн байна.

Монгол Улсын Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн зорилт нь тус хуулийн 2 дугаар зүйлийн 2.1 дэх хэсэгт "Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хууль тогтоомж нь Монгол Улсын Үндсэн хуулийн Нэгдүгээр зүйлийн 2 дахь хэсэгт заасан төрийн үйл ажиллагааны үндсэн зарчмыг хангах зорилт бүхий Төрийн албаны тухай хууль, Авлигын эсрэг хууль, Захиргааны ерөнхий хууль, энэ хууль болон эдгээр хуультай нийцүүлэн гаргасан хууль тогтоомжийн бусад актаас бүрдэнэ" гэж тодорхой заасан өөрөөр хэлбэл мөрдөн шалгах ажиллагаа дээрх хуулийн үйлчлэлд хамаарахгүй бөгөөд шүүгч, прокурор, мөрдөгчийг татгалзан гаргах хүсэлт, тэдгээрийг шийдвэрлэх ажиллагаа нь зөвхөн МУ-ын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулиар зохицуулдаг. Мөн Монгол Улсын Авлигын эсрэг хуулийн 4.1 дэх хэсэгт Нийтийн албан тушаалтан гэж ямар албан тушаалтан болохыг хуульчилсан бөгөөд тэр дотор өмгөөлөгч гэдэг нэг ч үг өгүүлбэр байхгүй өөрөөр хэлбэл өмгөөлөгч нь төрийн албан хаагч биш, холимог өмчийн хэлбэрийн албан тушаалтан биш байна.

Иймд Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019.11.04-ний өдрийн 2019/ШЦТ/318 дугаартай шийдвэрийг Прокурорт буцаалгах шийдлээр анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү.” гэжээ.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор И.Мөнхцэцэг гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/318 дугаартай шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан тул хэвээр үлдээж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан саналдаа: С.Г-т холбогдох хэрэг өмнө нь мөрдөн байцаалтанд буцаж дахин шүүхэд ирсэн боловч мөрдөн байцаалтад буцаасан шалтгаан арилаагүй байсан. “Тайгын булаг” ХХК-ийг иргэний хариуцагчаар татаагүй талаараа дүгнэлт хийгээгүй. Мөн Бархас нь замын хөдөлгөөний дүрмийн олон заалтыг зөрчсөн, хулгайн тээвэр эрхэлж байсан. Осолд орсон тээврийн хэрэгсэл нь давхар даатгалтай байсан. Даатгалын компаниар хохирлыг төлүүлэх талаар прокурор ямар ч ажиллагаа хийгээгүй. Шүүгдэгчийн өмгөөлөгчид хэргийн материал танилцуулаагүй, оролцогчийн эрхийг хязгаарласан. Мөрдөгч нь миний төрсөн дүү гэдэг талаар прокурорт хэлж байсан боловч прокурор миний үйлчлүүлэгчийг өмгөөлөгчөөсөө татгалз гэдэг байдлаар хандсан. Иймд хэргийг прокурорт буцаах томьёоллоор шийтгэх тогтоолыг хүчингүй болгож өгнө үү. Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болговол С.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү гэв.

Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгч С.Г- гаргасан тайлбартаа: Би хэргийн материалтай танилцаагүй. Өмгөөлөгчийнхөө гаргасан саналыг дэмжиж байна гэв.

                                            ТОДОРХОЙЛОХ нь:

Давж заалдах шатны шүүх шүүгдэгч С.Г-т холбогдох эрүүгийн 1934000350071 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ шүүгдэгч, шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлоор хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.

Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь хууль ёсны ба үндэслэл бүхий гараагүй байна.

С.Г-т холбогдох эрүүгийн хэрэгт прокурорын даалгавраар мөрдөн шалгах ажиллагаа явуулсан мөрдөгч Б.Жаргал нь шүүгдэгчийн өмгөөлөгч Б.Баярмагнайгийн төрсөн дүү бөгөөд 2019оны 2 сарын 22-ны өдөр “Хууль зүйн туслалцаа үзүүлэх гэрээ” байгуулснаас хойш Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлд зааснаар мөрдөгчөөр оролцож болохгүй хуулиар хориглосон үндэслэл үүссэн байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 10.9 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар мөрдөгчөөр оролцож болохгүй тухай асуудлыг прокурор өөрийн санаачилгаар, эсхүл оролцогчийн хүсэлтээр шийдвэрлэлгүйгээр мөрдөн шалгах ажиллагаа явуулж, хэргийг шүүхэд ирүүлсэн нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчжээ.

Мөрдөгч нь мөрдөн шалгах бүх ажиллагааг хийж дууссан, хэргийн бодит байдлыг бүрэн нотолж тогтоосон гэж үзсэний дараа Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч С.Г-ын өмгөөлөгч Б.Баярмагнайд хавтаст хэргийн материал танилцуулж, энэ тухай тэмдэглэл үйлдээгүй нь шүүгдэгчийн өмгөөлөгчийн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.9-т заасан хэргийн бүх материалтай танилцах, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 6 дахь хэсэгт заасан хүсэлт, гомдол гаргах эрхийг нь хязгаарласан байна.  

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5, 8.6 дугаар зүйлүүдэд зааснаар иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн эрх зүйн байдал нь харилцан адилгүй өөр байхад Б.Мөнгөнцэцэгийг иргэний нэхэмжлэгч, иргэний хариуцагчийн аль алинаар тогтоосон нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 8.5, 8.6 дугаар зүйлийг зөрчсөн байна.

Анхан шатны шүүх хуралдаанаар хэргийн оролцогчид танилцуулаагүй нотлох баримтыг хэлэлцэж шийтгэх тогтоол гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.1 дүгээр зүйлийн 10 дахь хэсэгт заасныг зөрчсөн байна.

Иймд анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Г-т холбогдох эрүүгийн хэргийг прокурорт буцаахаар давж заалдах шатны шүүх шийдвэрлэв. Шүүгдэгчийн өмгөөлөгчийн гаргасан “шүүгдэгч С.Г-т урьд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж өгнө үү” гэсэн хүсэлтийг хүлээж авах үндэслэлтэй байна гэж үзсэн тул шүүгдэгч С.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авах нь зүйтэй байна гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3-т заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 2019/ШЦТ/318 дугаар шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, С.Г-т холбогдох эрүүгийн 1934000350071 дугаартай 2 хавтас хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцаасугай.

2. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.12 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу хэргийг прокурорт очтол шүүгдэгч С.Г-т авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг өөрчилж, хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээ авсугай.

3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                Ц.ӨРНӨНДЭЛГЭР

 

 

ШҮҮГЧИД                                                 Т.ЭНХМАА

 

 

                                                                  Р.МӨНХ-ЭРДЭНЭ