Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 16 өдөр

Дугаар 221/МА2026/0411

 

 

 

 

О.Бсгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Д.Оюумаа

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Л.Одбаатар

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:  Нэхэмжлэгч О.Бс

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: О.Бс

Хариуцагч: Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар болон Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл

Гуравдагч этгээд: П.Ам

Нэхэмжлэлийн шаардлага: “Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор 36,200,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах ”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  5 дугаар шийдвэр,

 

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгч О.Бс, нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.С, хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын төлөөлөгч Д.Дн, хариуцагч Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн төлөөлөгч Р.Эб, хариуцагчийн өмгөөлөгч Б.Бх.

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 127/2026/0004/3

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  5 дугаар шийдвэрээр:

Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг, мөн зүйлийн 17.10.5 дахь заалт, Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт тус тус заасныг баримтлан, Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар болон Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргасан “Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор 36,200,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтгэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэгч О.Бсгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.

2.Гомдлын агуулга:

2.1.Нэхэмжлэгч О.Бсгээс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: "...

Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04-р сарын 30-ны өдрийн 127/ШШ2026/0005 дугаартай шийдвэртэй танилцан эс зөвшөөрч дараах агуулгаар гомдлыг гаргаж байна.

Юуны өмнө энэхүү гомдолд дурдах маргаан нь хөдөлмөрийн маргаан буюу ажилтны хөдөлмөрлөх эрх түүнтэй холбоотой эрх хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж үзэж энэ эрхээ сэргээлгэх буюу ажилд эгүүлэн тогтоолгох ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах нийгмийн даатгалд нөхөн бичилт хийлгүүлэхийг даалгуулахаар шүүхэд хандсан бөгөөд Хэнтий аймгийн захиргааны хэргийн анхан шатны шүүхээс дээр дурдсан шийдвэрээрээ;

  • хөдөлмөрийн маргаан мөн байна,
  • ажлаас халсан тушаал нь хууль бус гэж үзсэн атлаа нэхэмжлэгчийн

хувьд сэргээх хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна гэж үзэж нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, хууль бус шийдвэр гэж үзэж байна. Миний бие Монгол улсад тогтсон улс төрийн тогтолцоо, ялсан намын хүмүүс хууль бусаар даргын сэнтийд залардаг увайгүй үйлдлийн улмаас хөдөлмөрлөх эрхээрээ хохирч улмаар цалин хөлсгүй болж банкнаас авсан зээлээ ч төлж чадахааргүй болж эдийн засаг, сэтгэл санаагаараа хохирч яваа иргэн бөгөөд зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр нийслэлийн захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд дараах гомдлыг гаргаж байна.

2.2.Аливаа шүүх нь хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх гол зорилготой болохыг Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт " шүүх хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх, үүрэгтэй гэж тодорхой заасан. Гэтэл дээрх зорилго дараах шүүхийн шийдвэрээр огт биелэгдсэнгүй тодруулбал Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04-р сарын 30-ны өдрийн 127/ШШ2026/0005 дугаартай шийдвэрээр ажилд томилсон шийдвэрийг хүчингүй болгох тухай Хэнтий аймгийн эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05-р сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг гаргахдаа Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн гэж шийдвэрийнхээ 11 дэх мөр буюу 13-р хуудасний дээд тал мөн 13 дугаар хуудасны 12 дахь мөрөнд тус тус үзсэн атлаа нэхэмжлэгчийн хувьд сэргэх хууль ёсны ашиг сонирхол байхгүй гэж үзсэн явдал нь Монгол улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 16.12 дахь хэсэгт заасан "

2.3.Төрийн байгууллага албан тушаалтанд өргөдөл гомдлоо гаргаж шийдвэрлүүлэх эрхтэй, Төрийн байгууллага албан тушаалтан нь иргэдийн өргөдөл гомдлыг хуулийн дагуу шийдвэрлэх үүрэгтэй, 16.14 дэх хэсэгт заасан " Монгол улсын хууль, олон улсын гэрээнд заасан эрх эрх чөлөө нь зөрчигдсөн гэж үзвэл уул эрхээ хамгаалуулахаар шүүхэд гомдол гаргах, шударга шүүхээр шүүлгэх, Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1 дэх хэсэгт заасан "Хөдөлмөр эрхлэлтийн харилцаа нь үндэслэлгүйгээр цуцлагдсан ажилтныг эрх бүхий байгууллагын шийдвэрээр ажлын байранд нь эгүүлэн тогтоосон бол түүнд урьд нь эрхэлж байсан ажлыг нь гүйцэтгүүлж эхлүүлэх хүртэл хугацаанд өмнө нь авч байсан дундаж цалин хөлстэй тэнцэх хэмжээний олговрыг ажил олгогч нөхөн олгоно", Шүүхийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.2 дахь хэсэгт" шүүх хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээн эдлүүлэх; үүрэгтэй гэж тус тус заасныг зөрчсөн. Шүүхийн тухай хуулийг иргэн би уншсан, Шүүх хэмээх энэ байгууллага Хүний эрх эрх чөлөөг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх, Хууль дээдлэх, шударга ёсыг бэхжүүлэх, Шударга шүүхээр шүүлгэх иргэний эрхийг хангах эрхэм зорилготой гэж тунхагласан байдаг юм билээ. Гэвч удаа дараагийн шүүх хуралд шүүхийн энэ үүрэг огт хэрэгждэггүй юм байна гэдгийг иргэн би яс махаараа ойлгож мэдэрч сууна.

Би хууль бусаар ажлаас халсан гэж үзэж ажилд эргүүлэн тогтоолгож ажилгүй байсан хугацааны цалингаа гаргуулж нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэх л шаардлага гаргасан энэ нь миний зөрчигдсөн эрх биш юм уу, хэрвээ миний хөдөлмөрлөх эрх зөрчигдөөгүй байсан бол би юу гэж цаг заваа гарздан зардал чирэгдэл гарган өмгөөлөгч хөлслөн шүүхийг царайчлан явах вэ?

2.4.Шүүгч шүүхийн шийдвэрийнхээ үндэслэх хэсгийн 11 дүгээрт "Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 80 дугаар зүйлд хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгох цуцлах үндэслэлүүдийг заасан маргаан бүхий захиргааны актад энэхүү зохицуулалтыг баримтлаагүй, уг хуульд заасан үндэслэлүүдийн алийг ч дурьдаагүй байх тул хөдөлмөрийн харилцааг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр дуусгавар болгоогүй гэж үзэхээр байна, 12 дугаарт" уг маргаан бүхий захиргааны акт нь дээр дурьдснаар наар нэхэмжлэгчийн хөдөлмөрийн харилцааг дуусгавар болгохдоо Хөдөлмөрийн тухай хуулийн холбогдох үндэслэлээр дуусгавар болгоогүй нь хууль зүйн үндэслэлгүй гэж дурдаж энэ хэргийг шийдвэрлэсэн нь эрхэм шүүгч өөрөө намайг хууль бусаар ажлаас халагдсан байна гэдгийг хүлээн зөвшөөрсөн байна шүү. Гэтэл өөрийнхөө шийдвэрээр хууль ёсны дагуу халагдаагүй байна, хууль бусаар халагдсан байна гэж үзсэн атлаа сэргэх хууль ёсны ашиг сонирхол байхгүй байна гэж дүгнэсэн нь өөрөө өөрийнхөө шийдвэрийг үгүйсгэсэн, эсрэг тэсрэг дүгнэлт хийсэн шийдвэрийг шүүгч гаргалаа. ХААНА БАЙНА, ТЭР ШУДАРГА ЁС, шүүх яагаад эрхэм зорилгоо умартаж иргэн хүнийг хохироосон иймд шийдвэр гаргаж байна вэ.

2.5.Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04-р сарын 30-ны өдрийн 127/ШШ2026/0005 дугаартай шүүгч Б.Баярмаагийн гаргасан шийдвэрийг хэд дахин уншаад уншаад ойлгосонгүй ээ иргэн би. Бодвол их л олон шалгалт шүүлэг өгч олон хуульч нараас томилогддог байлгүй дээ, гэхдээ шүүхийн шийдвэр хуульчдад биш иргэдэд зориулагдаж гардаг гэж би боддог. Хууль бус гэж үзсэн атлаа эрхийг сэргээдэггүй шүүх... Шүүхээр сэргээгдэх миний эрх ашиг сонирхол бол:  ажилд эгүүлэн томилуулах асуудал биш юм уу, ажилгүй байсан хугацааны цалин хөлс гаргуулах асуудал биш юм уу, yy? нийгмийн болон эрүүл мэндийн даатгалд нөхөн бичилт хийх асуудал биш юм.

2.6.Хөдөлмөр эрхлэлтийн маргааны үйл баримтын талаар:

Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын "Тушаал хүчингүй болгох тухай" 2025 оны 05-р сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаал гарч намайг ажлаас халагдаж байх үед Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн удирдах зөвлөл үйл ажиллагаагаа явуулж байсан. Харамсалтай нь Хэнтий аймагт 2024 оны 11 сард болсон орон нутгийн сонгуулийн үр дүнгээр ардчилсан нам ялсанаас хойш намайг ажлаа өг гэж аймгийн засаг дарга болон холбогдох дарга нараас удаа дараалан дарамт ирж байсан.

Миний бие ажил үүргээ зохих ёсоор алдаа дутагдалгүй хийж байсан нь Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын "Тушаал хүчингүй болгох тухай" 2025 оны 05- р сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаал яаран сандран гаргах гол шалтгаан нөхцөл болсон. Өөрөөр хэлбэл би ажилдаа хариуцлагагүй хандаж Хөдөлмөрийн хууль, хөдөлмөрийн дотоод хэм хэмжээг зөрчсөн бол "ажил олгогч” Төлөөлөн удирдах зөвлөл тогтоол гаргаад чөлөөлөх байсан. Гэвч тийм зүйл байгаагүй болохоор намайг хурдан зайлуулах нэгэн арга сэдсэн нь Ардчилсан намаас томилогдсон Эрүүл мэндийн газрын дараагийн дарга нь өмнөх даргын тушаалыг хүчингүй болгох явдал байсан нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад улам тодорхой болсон.

2.7.Тэдгээр нь ийнхүү алдаа гаргахдаа Хөдөлмөрийн эрх зүйн онол тэр дундаа Хөдөлмөрийн эрх зүйн эх сурвалжийн асуудлыг мэдэлгүйгээр, анзааралгүйгээр хүчээр Захиргааны ерөнхий хуулийг хамгийн түрүүнд буюу бүхэл бүтэн Хөдөлмөрийн хуулийг тэр доор эрэмбэлж огт эх сурвалж болгоогүй нь алдаа болсныг Хэнтий аймгийн Захиргааны хэргийн анхан шатны шүүх тогтоож зөв дүгнэлт хийсэн. Мэдээж Хөдөлмөрийн хуульд заасан үндэслэл журмын дагуу халах гэхээр тэр үндэслэл нь байхгүй гэдэг нь анхнаасаа ойлгомжтой байсан. Нэхэмжлэгч О.Бс би Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлэгт анх эмчээр 2012 онд ажилд орж хөдөлмөрийн эрх зүйн харилцаа үүссэн.

2.8.Улмаар шатлан дэвших зарчмын дагуу 2023 оны 10-р сарын 09-ний өдөр Б/88 дугаартай тушаал гарснаар хөдөлмөрийн эрх зүйн харилцаа дахь хууль зүйн фактын хувьд өөрчлөгдөж Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлийн дарга болж хууль бусаар халагдах хүртэл буюу 2025 оны 5-р сар хүртэл энэ ажил үүргийг гүйцэтгэсэн. Өөрөөр хэлбэл энэхүү маргаан буюу кейс нь хөдөлмөрийн маргаан мөн үү мөн, тэгвэл бидний хамгийн түрүүнд хэрэглэх хууль нь Хөдөлмөрийн хууль байх ёстой. Угтаа хөдөлмөрийн эрх зүйн эх сурвалж гэдэг нь эрх зүйн анхдагч уг үндсийг бүрдүүлэгч хүчин зүйлс буюу хөдөлмөрийн эрх зүйн хэм хэмжээнүүдийн илрэн гарах гадаад хэлбэр буюу тус хуулийн хүчин чадал бааз суурь үйлчлэлийн эрэмбийг хэлдэг. Шинэ Хөдөлмөрийн тухай хуулийн онцлог нь дээрх онолын ойлголтыг хуульчилж маш тодорхой болгож өгсөн тухайлбал Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3.1 дахь хэсэгт: энэ хууль /шууд эх сурвалж буюу яг одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хууль/

2.9.Хөдөлмөрийн тухай хуулийн 2.3.2 дахь хэсэгт: бусад хууль гэж хуульчилсан. /хэдийгээр хөдөлмөрийн харилцаа боловч хөдөлмөрийн хуулийн 1-166 дугаар зүйлд заасан хэм хэмжээгээр зохицуулаагүй бол төсөөтэй бусад хуулийг эргүүлж харах шаардлага гарна. Энэ мэтээр хууль хэрэглээний эрэмбэ дарааллыг хуульчилсан байсныг эрхэм Эрүүл мэндийн газрын дарга үл тоон эрх зүйн онолыг үгүйсгэж бүхэл бүтэн Хөдөлмөрийн хуулийг уландаа гишгэж Захиргааны ерөнхий хуулийг хэрэглэн яаран сандран шийдвэр гаргаж намайг ажлаас халсан юм.

2.10.Хэрвээ Төлөөлөн удирдах зөвлөлөөс хуулийн дагуу сонгон шалгаруулалтаа зарласан бол миний бие ажлаа хийхийн хажуугаар сонгон шалгаруулалтад оролцох байсан. Харамсалтай нь намайг тэнцчихвэл өөрсдийнх нь бодлогын хүн дарга болж чадахгүй болчихно гэж бодсон уу огт сонгон шалгаруулалт зарлахгүйгээр Төлөөлөн удирдах зөвлөлийн өмнүүр орж Эрүүл мэндийн газрын дарга дээр дурдсан аргаар намайг халсан. Энэ үйл баримт шүүхийн хэлэлцүүлгийн шатанд маш тодорхой харагдаад байхад тэдний хуйвалдаан, хууль бус үйл ажиллагааг хөхүүлэн дэмжиж байгаа мэт шүүх шийдвэрээ гаргасан нь цаашид орон нутгийн сонгуульд ялсан нам нь зүгээр ажлаа хийж байгаа хүнийг анх томилохдоо буруу тушаал гаргасан байна гээд огт ажрахгүйгээр шууд ажлаас нь халах, тухайн халагдаж байгаа хүнийг эдийн засаг сэтгэл санаагаар хохироох, нам дагасан хууль бус үйлдэл үйлддэг ийм жишиг тогтоохоор болоод байгааг эрхэм шүүгч нар анзаарна гэдэгт итгэлтэй байна.

2.11.Хэнтий аймгийн захиргааны хэргийн шүүхээс Хөдөлмөрийн хуулийг зөрчсөн байна гэж үзсэн атлаа Бс намайг хохироогүй, эрх нь зөрчигдөөгүй байна гэж үзсэн. Уг нь Хөдөлмөрийн хууль зөрчсөн нь тогтоогдож байгаа бол Хөдөлмөрийн тухай хуулийн 127.1-т заасан эрх зүйн үр дагавар үүсэх буюу ажилд нь эгүүлэн тогтоох ажилгүй байсан хугацааны цалин хөлсийг гаргуулах учиртай юм. Гэвч харамсалтай нь шүүх Хөдөлмөрийн тухай хуулийн дээрх заалтыг зөрчсөн нь захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 106.2-т заасан Шийдвэр хууль хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байна гэсэн заалтыг зөрчсөн.

Түүнчлэн шүүгч хурлаа завсарлахдаа " би 15 минут л завсарлана шүү" гэж нарийн бичигтээ цаг зааж хэлсэн, шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт өмгөөлөгчийн маань хэлсэн үгийг ямар ч утга найруулгагүй бичсэн зэрэг нөхцөл байдлаас шүүгч анхнаасаа шийдвэрээ урьдчилан гаргасан байна гэж иргэн миний хувьд хардах сэтгэгдэл төрж байгааг нуух юун. Шүүгч, шүүхийн байгууллага бүхий л үйлдэл, үг, шийдвэрээрээ иргэдийн. Хардлагыг төрүүлэхгүй биеэ авч явах ёстой бусуу гэж иргэн би мунхаглан бодно.

2.12. Иймд дээрх нөхцөл байдлыг харгалзан үзэж Хэнтий аймаг дахь захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04-р сарын 30-ны өдрийн 127/ШШ2026/0005 дугаартай шийдвэрийг хүчингүй болгож нэхэмжлэлийн шаардлагыг хангаж иргэн миний зөрчигдсөн эрхийг сэргээн тогтоож өгнө үү.” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд:

1.1.Нэхэмжлэгч О.Бсгээс Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаартай тушаалыг хүчингүй болгуулж, Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын ажилд эгүүлэн томилуулах, ажилгүй байсан хугацааны олговор 36,200,000 төгрөгийг гаргуулах, нийгмийн даатгалын шимтэл, эрүүл мэндийн даатгалын шимтгэлийг нөхөн төлүүлэхийг даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газар болон Хэнтий аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд холбогдуулан гаргажээ.

1.2.Маргаан бүхий тушаалыг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс анхан шатны шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ “...Нэгдсэн эмнэлгийн даргын ажил үүргийг зохих ёсоор ямар ч алдаа дутагдалгүй гүйцэтгэж байтал орон нутгийн сонгуулийн үр дүнгээс болж миний бие хууль бусаар ажлаас халагдсан” гэж маргажээ.

1.6.Хариуцагчаас “...2023 оны 10 дугаар сард Нэгдсэн эмнэлгийн Төлөөлөн Удирдах зөвлөл ажиллаж байсан боловч ТУЗ-ын сонгон шалгаруулалтаар томилогдоогүй ажиллаж байсан тул О.Бсг томилсон Б/88 дугаар тушаалыг хүчингүй болгосон нь Захиргааны ерөнхий хуулийн 26, 27, 78 дугаар зүйлүүдэд заасантай нийцсэн” гэж маргасан байна.

2.Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй үйл баримтын тухайд:

2.1.Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар[1] Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн их эмч О овогтой Бсг 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрөөс эхлэн Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд түр томилсон байна.

2.2.Хэнтий аймгийн Засаг даргаас Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газарт 2025 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 9/265 дугаар “Зөрчил арилгах тухай” албан бичгээр[2] “...Хэнтий аймаг дахь төрийн аудитын газраас “Төрийн байгууллагын хүний нөөцийн бодлого, тогтолцооны үр нөлөөнд хийсэн гүйцэтгэлийн аудитаар “Аймгийн нэгдсэн эмнэлгийн даргаар О.Бсг Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаар тушаалаар томилсон байна. Энэ нь Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16.1, 16.4 дахь заалтад нийцээгүй, мөн хуулийн 16.3, 16.3.2, 16.3.3 дахь заалтуудыг хангахгүй байна” гэсэн зөрчил илэрсэн байна. Иймд дээрх зөрчлийг арилгаж хариу ирүүлнэ үү” гэжээ.

2.3.Мөн Хэнтий аймаг дахь Төрийн албаны зөвлөлийн салбар зөвлөлөөс мөн аймгийн Эрүүл мэндийн газарт 2025 оны 05 дугаар сарын 05-ны өдрийн 55 дугаар албан бичгээр[3] “...Эрүүл мэндийн газрын даргын 2023 оны Б/88 дугаар “О.Бсг Нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд түр томилох тухай” тушаал нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.4 дэх хэсэг, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1, 16.3.2, 16.3.3 дахь заалтыг тус тус зөрчсөн байх тул уг тушаалыг Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсгийн дагуу хүчингүй болгох боломжтой” гэх хариуг, мөн аймгийн Нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлд 56 дугаар албан бичгээр[4] “...хуулийн заалтуудыг зөрчсөн байна. Иймд энэхүү зөрчлийг арилгаж хууль тогтоомжийн хүрээнд сонгон шалгаруулалтыг зохион байгуулж, томилох шийдвэрийг гаргах шаардлагатай” гэх мэдэгдлийг хүргүүлжээ.

2.4.Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газраас 2025 оны 05 дугаар сарын 19-ний өдөр О.Бсд сонсох ажиллагааны мэдэгдэл хүргүүлж, улмаар аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны 05 дугаар сарын 23-ны өдрийн Б/35 дугаар “Тушаал хүчингүй болгох тухай” тушаалаар[5] “...Өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг эдэлж аймгийн Нэгдсэн эмнэлгийн даргыг томилсон Эрүүл мэндийн газрын 2023 оны 10 дугаар сарын 09-ний өдрийн Б/88 дугаартай хууль бус тушаалыг хүчингүй болгож” шийдвэрлэжээ.

3.Маргаан бүхий тушаалын хууль зүйн үндэслэлийн тухайд:

3.1.Эрүүл мэндийн тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.2-т “Аймаг, нийслэлийн эрүүл мэндийн газрын дарга нь тухайн шатны Засаг даргатай зөвшилцөж, харьяа нэгдсэн эмнэлгээс бусад эрүүл мэндийн байгууллагын даргыг хууль тогтоомжид заасны дагуу томилж, чөлөөлнө”, 17 дугаар зүйлийн 17.1-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн өмчтэй холбогдох харилцааг Төрийн болон орон нутгийн өмчийн тухай хуулиар, удирдлага, зохион байгуулалт, санхүүжилт, хүний нөөцтэй холбогдох харилцааг энэ хууль болон Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулиар зохицуулна.”, 17.4-д “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, энэ хуулийн 16.10-т заасан суман дахь нэгдсэн эмнэлгээс бусад нэгдсэн эмнэлгийн удирдлагыг эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөл, түүнээс томилсон гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлнэ”, 17.10-д Төлөөлөн удирдах зөвлөл дараахь эрхтэй байна, 17.10.5-д “эмнэлгийн захирлыг холбогдох журмын дагуу сонгон шалгаруулж томилох, чөлөөлөх” гэжээ.

3.2.Эмнэлгийн тусламж, үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-т “Төрийн болон орон нутгийн өмчит төрөлжсөн мэргэшлийн эмнэлэг, нэгдсэн эмнэлгийн гүйцэтгэх удирдлагыг тухайн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлөөс сонгон шалгаруулж томилсон эмнэлгийн захирал хэрэгжүүлнэ” гэж заасан.

3.3.Эдгээр хуулийн зохицуулалтын агуулгаас үзвэл, аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлыг томилох асуудал нь сонгон шалгаруулалт явагдсан байх, сонгон шалгаруулалтын үр дүнд төлөөлөн удирдах зөвлөлөөс томилох шийдвэр гарсан байх заавал биелүүлэх шинжтэй хуулийн хоёр урьдчилсан нөхцөл хангагдсан тохиолдолд аймгийн нэгдсэн эмнэлгийн захирлыг томилохоор байна.

3.4.Энэ хэргийн хувьд нэхэмжлэгч О.Бсг Хэнтий аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд аливаа сонгон шалгаруулалт явуулалгүйгээр хариуцагч Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын дарга нь 2023 оны Б/88 дугаар тушаалаар томилсон байгаа нь хуульд заасан сонгон шалгаруулалтын журмыг хангаагүй, мөн тухайн албан тушаалд томилох эрх бүхий эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн зохих шийдвэрт үндэслээгүй гэж үзэх нөхцөл байдал хэрэгт авагдсан баримтуудаар[6] тогтоогджээ.

3.5.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл О.Бсг томилогдох цаг хугацаанаас өмнө аймгийн нэгдсэн эмнэлгийн төлөөлөн удирдах зөвлөлийн бүрэлдэхүүнийг аймгийн Засаг даргын 2023 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн А/04 дүгээр захирамжаар томилсон байсан нь тогтоогдож байна.

3.6.Үүнээс дүгнэхэд нэхэмжлэгч О.Бсг аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд томилсон хариуцагчийн 2023 оны А/88 дугаар шийдвэр  нь Эрүүл мэндийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн 17.1, 17.4 дэх заалт, Эмнэлгийн тусламж үйлчилгээний тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1 дэх хэсэгт заасантай нийцээгүй, хуульд заасан сонгон шалгаруулалтыг явуулаагүй болон төлөөлөн удирдах зөвлөлийн шийдвэрт үндэслээгүй, хариуцагчаас өөрт хуулиар олгогдоогүй эрх хэмжээг хэрэгжүүлсэн хууль бус шийдвэр байх тул нэхэмжлэгчийн маргаан бүхий албан тушаалд ажиллах эрх хууль ёсоор үүссэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.

3.7.Захиргааны ерөнхий хуулийн 48 дугаар зүйлийн 48.2-т “Эерэг нөлөөлөл бүхий хууль бус захиргааны актыг дараах тохиолдолд хүчингүй болгоно:”,  48.2.1-д “хууль, захиргааны хэм хэмжээний актаар, эсхүл захиргааны актад түүнийг хүчингүй болгохоор заасан”, 48.2.2-т “бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн”, 48.3-д “Захиргааны байгууллага энэ хуулийн ... 48.2.2, ...-д заасан тохиолдолд захиргааны актыг гаргасан өдрөөс хойш таван жилийн дотор хүчингүй болгож болно.” гэж заасан.

3.8.Эдгээр хуулийн заалтын агуулгаас үзэхэд захиргааны байгууллага өмнө нь хуульд нийцээгүй, хуулиар олгоогүй эрх хэмжээ хэрэгжүүлсэн, эсхүл хуульд заасан журмыг баримтлаагүй, бусад этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхол, эсхүл нийтийн ашиг сонирхолд сөргөөр нөлөөлсөн шийдвэр гаргасан бол уг алдаатай шийдвэрээ таван жилийн дотор  хүчингүй болгох, захиргааны үйл ажиллагааг хуульд нийцүүлэх боломжтой байхаар заажээ.

3.9.Маргаан бүхий Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны А/35 актаар хариуцагч захиргааны байгууллагаас өмнөх хуульд нийцээгүй шийдвэрээ хүчингүй болгосон шинжтэй тул түүнийг хууль бус гэж үзэх үндэслэлгүй бөгөөд нэхэмжлэгчийн Хэнтийн аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаалд ажиллах эрх нь хуульд заасан үндэслэлээр үүссэн гэдэг тогтоогдохгүй байх тул нэхэмжлэгчийг хууль бус ажлаас чөлөөлөгдсөн, маргаан бүхий албан тушаалд үргэлжлүүлэн ажиллах эрхтэй этгээд гэж үзэх үндэслэлгүй байх тул маргаан бүхий Б/35 актын улмаас нэхэмжлэгчийн хөдөлмөрлөх эрх, хууль ёсны ашиг сонирхол зөрчигдсөн гэж шүүхээс үзэх үндэслэлгүй байна.

3.10.Түүнчлэн орон нутгийн өмчит аймгийн нэгдсэн эмнэлгийн даргын албан тушаал нь нийтийн ашиг сонирхолтой шууд холбоотой удирдах албан тушаал бөгөөд уг албан тушаалд сонгон шалгаруулалтгүй, эрх бүхий этгээдийн шийдвэргүй, хуульд нийцээгүй томилгоог хүчингүй болгосон маргаан бүхий акт нь төрийн албаны зарчим, нийтийн ашиг сонирхолд хамаарах төрийн албанд хууль ёсоор өрсөлдөх боломжтой бусад этгээдийн тэгш боломж, тухайн эрүүл мэндийн байгууллагын хууль ёсны удирдлагын тогтолцоог хамгаалахад чиглэгдсэн байгааг дурдах нь зүйтэй.

4.“Анхан шатны шүүх хөдөлмөрийн маргаан мөн гэж үзсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь зөрчилтэй” гэх гомдлын тухайд:

4.1.Нэхэмжлэгч давж заалдах гомдолдоо, энэ маргаан нь хөдөлмөрийн маргаан бөгөөд анхан шатны шүүх маргаан бүхий Б/35 дугаар тушаалыг Хөдөлмөрийн тухай хуульд заасан үндэслэлээр гаргаагүй гэж дүгнэсэн атлаа нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгосон нь ойлгомжгүй, дотоод зөрчилтэй гэж маргасан байна. Уг гомдлыг давж заалдах шатны шүүхээс хүлээн авах үндэслэлгүй.

4.2.Учир нь маргаан бүхий Хэнтий аймгийн Эрүүл мэндийн газрын даргын 2025 оны Б/35 актын агуулга нь нэхэмжлэгчийн хөдөлмөрийн гэрээг Хөдөлмөрийн тухай хуулийн 78, 80 дугаар зүйлд заасан үндэслэлээр цуцлахад чиглээгүй, харин өмнө гаргасан 2023 оны Б/88 “албан тушаалд түр томилох” тушаалаа хууль бус гэж үзэн хуульд нийцүүлэх зорилгоор хүчингүй болгоход чиглэсэн байна. Иймд уг маргаанд “ажилтан ажил олгогчийн хоорондын хөдөлмөрийн ердийн харилцааг дуусгавар болгосон эсэх” асуудал хамааралгүй байна.

Тодруулбал, анхны томилгоо хуульд заасан тусгай журмыг хангаагүй, хууль бус гэдэг нь тогтоогдож байхад уг томилгоог хуульд нийцүүлэхээр тухайн шийдвэрийг хүчингүй болгосон хариуцагч захиргааны шийдвэрийг хөдөлмөрийн гэрээг цуцалсан ажил олгогчийн шийдвэртэй адилтгах үндэслэлгүй юм.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Хэнтий аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн  5 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

ШҮҮГЧ                                                         Д.ОЮУМАА

 

ШҮҮГЧ                                                          Л.ОДБААТАР

 

ШҮҮГЧ                                                          А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 10 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 34 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 42 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 41 дэх тал

[5] Хэргийн 1-р хавтас 5-6 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 107 дахь тал