Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 16 өдөр

Дугаар 00006

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС:

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг даргалж, явуулсан эрүүгийн шүүх хуралдаанаар:

 Нарийн бичгийн дарга                      Ч.Ариунсайхан

 Улсын яллагч                                    Д.Уранчимэг

             Шүүгдэгч                                              Б.Удаанжаргал нарыг оролцуулан тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь Сум дундын  прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэрэгт сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэн ирүүлсэн Б.Удаанжаргалд холбогдох 201618020244 тоот эрүүгийн хэргийг хянан хэлэлцэв.

                            

Биеийн байцаалт: Монгол улсын иргэн 1979 оны 02 дугаар сарын 05-нд Сэлэнгэ аймаг Мандал суманд төрсөн, эрэгтэй, 38 настай яс үндэс халх, бага боловсрол, мэргэжилгүй, ажилгүй, ам бүл 4, эхнэр, хүүхдүүдийн хамт Сэлэнгэ аймаг Мандал сум 8-р баг Булагын 05 тоотод оршин суух, бие эрүүл, ухаан саруул, ял шийтгэлгүй, Боржигон овогт Байгальмаагийн Удаанжаргал. /РД: МЭ79020571/

 

Тодорхойлох нь:

Шүүгдэгч Б.Удаанжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний орой Мандал сумын 5-р баг Замчдын задгай тоотод Г.Ганжаргалыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ. 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Б.Удаанжаргал мэдүүлэхдээ: ... Би 2016 оны 12 дугаар сарын 19-ний өдөр суудлаар ирээд Түнхэлийн эмнэлэгт үзүүлчихээд буцаад явах гэж байтал Түнхэлд байдаг манай ах дүү нар тааралдаад тэндээсээ Түнхэлийн баранд орж ганц 2 шил архи ууцгаасан. Тэгээд дүү Улаанаагийн гэрт очиж  эхнэр Ганжаргал архи нэмж уугаад нэлээн согтсон болохоор нь архи уухаа боль гэсэн чинь өөдөөс цохисон. Би гараад явах гэтэл араас эхнэр татахаар нь би түлэхсэн. Тэгээд айлын кордиорт байсан хөрөөний ирэн дээр унасан байсан гэв.

            Мөрдөн байцаалтанд хохирогч Г.Ганжаргал мэдүүлэхдээ: ...Би нөхөр Б.Удаанжаргалын            хамт 2016 оны 12 дугаар сарын 19-ний орой Түнхэл тосгонд хадам дүү Улаанаагийн гэрт ганц хоёр шил архи уусан юм. Тэгээд би тухайн уед нэлээн халсан байсан согтуудаа нөхөр Удаанжаргалыг цохиж зодсон байсан. Тэгсэн чинь Удаанжаргал намайг цохиж хоёр удаа цохьсон. Би тухайн уед нэлээн согтсон байсан болхоор нехер руугээ агсам тавьсан юм. Тэгээд л би Удаанжаргалд цохиулсан. /хх-ийн 12-р хуудас/

            Мөрдөн байцаалтанд гэрч Б.Уранчимэг мэдүүлэхдээ. ...Тэр уед Удаанжаргал бие муу гээд ерөөсөө архи уугаагүй байсан. Удаанжаргалын эхнэр Ганжаргал тухайн уед нэлээн согтсон байсан тэгсэн чинь юунаас болсныг нь мэдэхгуй Ганжаргал агсам тавиад ширээн дээр байсан аяга таваг шидээд унасан тэгсэн чинь Удаанжаргал босч ирээд Ганжаргалыг барьж аваад явья гээд тэврээд гэрээс гарсан. Тэр уед тэр хоёр гэрийн үүдэнд давхралдаж унаад байсан. Гадаа Ганжаргал уйлаад орилоод би болохоо байчихлаа цагдаа дууд гээд орилоод эхэлсэн тэгэхлээр нь би цагдаа руу залга гэж Удаанжаргалд хэлээд Удаанжаргал цагдаа дуудсан. Удалгуй цагдаа ирээд намайг нөхрөө аваад яв гэж хэлсэн би нехер Эрдэнэбурэнг дагуулаад харьсан. Тийм л зуйл болсон. /хх-ийн          15-р хуудас/

              Мөрдөн байцаалтанд яллагдагч Б.Удаанжаргал мэдүүлэхдээ: Би хохирогч Г.Ганжаргалтай эвлэрсэн тул энэ хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү, Надад өөр нэмж ярих зүйл байхгүй. /хх-ийн 29-р хуудас/

            Шинжээч Г.Ган-Эрдэнийн 2016 оны 12 дугаар сарын 22-ны өдрийн 21 тоот акт: Ганжаргалын биед толгойн оройн хуйх, нуруунд шарх, өгзгөнд цус хуралт, зуун гарын алганы ар хэсэгт зулгаралт, зуун шанаа хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. /хх-ийн 18-р хуудас/

            Шүүгдэгч Б.Удаанжаргалын хувийн байдлыг тогтоосон баримт Сэлэнгэ аймгийн Мандал сумын 8-р багийн засаг даргын тодорхойлолт, иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 31-р хуудас/, ял шалгах  хуудас, /ХХ-ийн 32-33 дугаар хуудас/, суурь боловсролын үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 39-р хуудас/ зэрэг хэрэгт авагдсан бусад нотлох баримтуудаар: 

           

            Шүүгдэгч Б.Удаанжаргал нь 2016 оны 12 дугаар сарын 19-ний орой Мандал сумын 5-р баг Замчдын задгай тоотод Г.Ганжаргалыг зодож биед нь хөнгөн гэмтэл санаатай учруулсан гэмт хэрэг үйлдсэн болох нь нотлогдон тогтоогдож байна. Г.Ганжаргалын биед толгойн оройн хуйх, нуруунд шарх, өгзгөнд цус хуралт, зуун гарын алганы ар хэсэгт зулгаралт, зуун шанаа хэсэгт зөөлөн эдийн гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Шүүх эмнэлэгийн гэмтлийн зэрэг тогтоох журамын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаанд сарниулах гэмтэл учруулсан нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул гэм буруутайд тооцох үндэслэлтэй байна. Б.Удаанжаргалыг анх удаа хөнгөн гэмт хэргийг үйлдсэн, хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураараа эвлэрсэн  гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй тул Б..Удаанжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн 99 дүгээр зүйлийн 99.1-д заасан хэргийг  хохирогч, шүүгдэгчтэй эвлэрсэн үндэслэлээр хэрэгсэхгүй болгох, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хохирогчид төлөх төлбөргүйг, Б.Удаанжаргалд өмнө авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгох зэргийг шүүхийн шийтгэх тогтоолд тусгах нь зүйтэй байна.

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 248 дугаар зүйлийн 248.1.2, 283, 284, 286, 290 дугаар зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлиййн 296.1, 297 дугаар зүйлийн 297.1, 298 дугаар зүйлүүдийг удирдлага болгон  Тогтоох нь:

        

1.Шүүгдэгч Боржигон овогт Байгальмаагийн Удаанжаргалыг бусдын бие махбодид хөнгөн гэмтэл санаатай учруулах гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

        2.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 25 дугаар зүйлийн 25.1-д зааснаар Б.Удаанжаргалд холбогдох Эрүүгийн хуулийн тусгай ангийн 99 дүгээр зүйлийн 99.1-д зааснаар сэжигтнийг яллагдагчаар татах тогтоол үйлдэж ирүүлсэн хэргийг хохирогч нь шүүгдэгчтэй сайн дураар эвлэрснээр хэрэгсэхгүй болгож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 71 дүгээр зүйлийн 71.1-д зааснаар Б.Удаанжаргалыг эрүүгийн хариуцлагаас чөлөөлсүгэй. 

        3.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдаж ирсэн зүйлгүй, бусдад төлөх төлбөргүй, Б.Удаанжаргал нь цагдан хоригдсон хоноггүйг дурьдсугай.

        4. Б.Удаанжаргалд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг хүчингүй болгосугай.

        5.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.    

        6.Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар  энэ шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий  этгээд түүнийг гардуулснаас хойш 14 хоногийн дотор давж заалдах гомдол, эсэргүүцлийг Сэлэнгэ аймгийн Эрүү, иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд  гаргах эрхтэй.

    

 

 

 

 

 

  ДАРГАЛАГЧ                                Б.АЛТАНЦЭЦЭГ