Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 10 сарын 27 өдөр

Дугаар 109/ШШ2021/0042

 

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: Д.С

Хариуцагч: Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/77 дугаартай захирамжаас Д.С-д эзэмшүүлсэн 80 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М, хариуцагчийн өмгөөлөгч В.У, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Д.С шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Иргэн Д.С би газар тариалангийн салбарт олон жил тогтвортой ажилласан тул Өгийнуур сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаартай захирамжаар Өгийнуур сумын 2 дугаар баг, Мухар цагаан гэх газар 80 га газрыг үр тарианы усалгаагүй тариалангийн зориулалтаар давуу эрхээр эзэмшихээр болсон. Миний бие 2008 оноос хойш тархины өвчин, гэмтэл, үйл ажиллагааны хямралын шалтгаанаар хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдан группт орж байнгын эмчилгээ, асаргаанд байх болсон. Өгийнуур сумын газрын даамал Г.У-тэй 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, мөн энэ өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээг надад гаргаж өгсөн.

 Гэтэл сар хүрэхгүй хугацааны дараа сумын Засаг дарга миний газар эзэмших гэрчилгээг цуцалсан захирамж гаргасан. Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон сумын Засаг даргын захирамжийг доорх үндэслэлээр хууль бус гэж үзэж байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй бол гэрчилгээг цуцлахаар зохицуулсан ба Засаг дарга Ц.Ү нь хуулийн энэ заалтыг зөрчин миний биеийг газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших эрхийн гэрчилгээ авснаас хойш нэг сар хүрэхгүй хугацааны дараа захирамж гаргаж газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Өгийнуур сумын тухайн үеийн Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаартай захирамжаар анх надад газар эзэмшүүлэхээр болсон. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д “....гэрээнд заасан зориулалтын дагуу...” гэж зохицуулсан тул 2 жил дараалан ашиглаагүй гэдгийг газар эзэмших гэрээ байгуулснаас хойш 2 жил дараалан ашиглаагүй гэж ойлгогдож байна. Хэрэв 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрөөс хойш 2 жил дараалан газраа ашиглаагүй гэж үзэж байгаа бол энэ хугацаанд миний бие хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдан байнгын эмчилгээ асаргаанд байсан нь хүндэтгэн үзэх шалтгаан болно гэж үзэж байна.

Иймд Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/77 дугаартай захирамжийн Д.С-д надад эзэмшүүлсэн 80 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэжээ.

 Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.С-г газар тариалангийн салбарт тогтвор суурьшилтай ажилласан гэж Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын 2020 оны 11 дүгээр сарын 28-ны өдрийн захирамжаар Өгийнуур сумын Мухар цагаан гэх газарт 80 га газрын үр тариалангийн зориулалттай эзэмшүүлсэн байдаг. Нэхэмжлэгч Д.С 2008 оноос хойш 60 хувийн хөдөлмөрийн чадвараа алдсан тархины гэмтэл, үйл ажиллагааны хямрал гэсэн оноштой группт орсон байдаг. 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших гэрээ байгуулж, газар эзэмших гэрчилгээг гаргуулж авсан байдаг. Гэтэл уг гэрчилгээ гарснаас хойш 1 сар хүрэхгүй хугацааны дараа Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын захирамж гарч Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т зааснаар тухайн газраа 2 жилийн хугацаанд эзэмшиж, ашиглаагүй гэдгээр газар эзэмших гэрчилгээг хүчингүй болгосон. Гэтэл гэрээ байгуулж гэрчилгээ олгосноос хойш сарын дараа цуцалсанд гомдож байгаа юм. Хоёрдугаарт 2 жил дараалан ашиглаагүй гэх нь хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан нөхцөлөөс болж ашиглаагүй гэдэг нь хэрэгт авагдсан баримтаас харагдаж байгаа. Энэ үндэслэлээр Өгийнуур сумын Засаг даргын захирамж үндэслэлгүй нэхэмжлэгч Д.С-гийн эрх, ашигт хууль зүйн үндэслэлгүйгээр халдаж байгаа учраас Засаг даргын захирамжийг хүчингүй болгож өгнө үү гэв. 

Хариуцагч Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга шүүхэд гаргасан хариу тайлбартаа: Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрөхгүй байна. 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн сумын Засаг даргын А/152 дугаар захирамжаар тус сумын иргэн Д.С-д давуу эрхээр Дойт багийн Мухар цагаан гэх газарт газар тариалангийн зориулалтаар 80 га газрыг эзэмшүүлсэн. Тухайн газрыг эзэмшүүлснээс хойш 2021 оны 5 сар хүртэл зориулалтын дагуу ашиглаагүй. Д.С нь 2011 оноос 2021 он хүртлэх 10 жилийн хугацаанд газар эзэмших эрхийн гэрээ хийж, гэрчилгээ авах боломж байсан боловч зориудаар гэрээ хийж гэрчилгээг аваагүй 2021 оны 5 сар хүргэсэн гэж үзэж байна. Д.С нь тухайн 80 га газрыг эзэмшихээр хүсэлт өгөхөөсөө өмнө буюу 2008 онд хөдөлмөрийн чадвараа 60 хувь алдсан тул хүндэтгэн үзэх шалтгаан гэж үзэхгүй байна. Хүндэтгэн үзэх шалтгаан гэдэгт байгалийн давагдашгүй хүчин зүйлс хамаарна гэж ойлгож байна. Газар эзэмших эрхийг хүчингүй болгох сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/77 дугаартай захирамжийг гаргахын өмнө Захиргааны ерөнхий хуулийн 26, 27 дугаар зүйлд заасны дагуу эзэмшигчид мэдэгдэл өгсөн. Мөн тухайн газарт газар тариалангийн үйл ажиллагаа эрхлэхийг эрх ашиг нь хөндөгдөж байгаа тухайн багийн малчид эсэргүүцэж байгаа болно гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч С.М шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Тухайн маргаан бүхий газрыг 2011 оны Засаг даргын захирамжаар 80 га газрыг нэхэмжлэгч Д.С-д эзэмшүүлсэн байдаг. Хүчингүй болгох үндэслэл Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-т заасныг баримтлан хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр зориулалтын дагуу тухайн газрыг ашиглаагүй гэдэг үндэслэлээр хүчингүй болгосон байгаа гэв. 

Хариуцагчийн өмгөөлөгч В.У шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Д.Сгийн нэхэмжлэл болон холбогдох баримттай танилцсан. Д.С-гийн гаргасан нэхэмжлэлийн шаардлага нь 2011 онд давуу эрхээр тариалангийн зориулалттай Мухар цагаан гэх газар 80 га газар эзэмших хүсэлт өгч хүсэлтийг нь Газрын тухай хуульд заасны дагуу холбогдох хүсэлтийг хүлээн авч 15 жилийн хугацаатай газар эзэмшүүлэх шийдвэр гарсан байдаг. Д.С нэхэмжлэлдээ “Хүндэтгэн үзэх шалтгаантай байсан. 2008 оноос хойш хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан учраас тухайн үедээ үйл ажиллагаа явуулж чадаагүй, гэрээ гэрчилгээгээ авч чадаагүй гэдэг”  асуудал яригдсан. Гэтэл 2008 онд Д.С хөдөлмөрийн чадвараа 60 хувиар алдсан 2011 онд газар эзэмших хүсэлтээ гаргаж өгч чадаж байсан байгаа юм. Газар эзэмших шийдвэр 2011 онд гарсан. Үүнээс хойш Д.С тухайн гэрчилгээгээ авах ёстой байсан. Тухайн иргэн өөрөө санал, хүсэлтээ гаргаж холбогдох баримтаа бүрдүүлж гэрээ, гэрчилгээгээ авах санал, хүсэлт тавина уу гэхээс биш хариуцагч газрын гэрээ гэрчилгээний төлбөр төлөөгүй байхад процессын хувьд олгож шийдвэрлэхгүй. Нэхэмжлэгч тухайн газраа 10 жил ашиглаагүй, энэ хугацаанд гэрээ гэрчилгээнийхээ асуудлыг шийдвэрлээгүй хирнээ хүчингүй болгох асуудал яригдаж газар эзэмшиж ашиглаагүй байгаа иргэдийн шийдвэр гаргах төлөвлөх ажиллагааны явцад гэнэт 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр газар эзэмших эрхийн гэрчилгээ гарсан юм аа гэдэг. Захиргааны шийдвэр буюу акт гаргах гээд мэдэгдэх хүргүүлсний дараа хариуцагчид энэ тайлбарыг хүргүүлсэн байдаг. Тухайн үед газрын албаны мэргэжилтэн У байхгүй амралтаа явсан байсан. Энэ процессыг хэрэгт авагдсан баримтаас харахад н.У-тэй хуувилдсан асуудал харагдаж байна гэдгийг хариуцагч талаас харж байна. Яагаад гэхээр хүчингүй болгох асуудал яригдахаар газрын даамал нь шийдвэр гаргах эрх бүхий этгээд болох сумынхаа Засаг даргад огт танилцуулахгүйгээр гэрээ гэрчилгээ байгуулж, бичиг баримтыг бүрдүүлж гэрчилгээ олгож гэрээ байгуулсан асуудал байдаг. Гэрээ байгуулснаас хойш 2 жилийн хугацаанд ашиглаагүй гэдэг асуудлыг нэхэмжлэгч талаас тавьдаг. Өөрөө ашиглаж хичнээн төгрөгийн зардал гаргасан гэдэг боловч одоо хүртэл тухайн газраа ашиглаагүй н.Д гэдэг хүн ашиглаж байгаа. Газрын төлбөрөө хүртэл төлөөгүй. Газрын төлбөр төлсөн  талаар Монголын татварын албаны улсын байцаагч Б.Г хүртэл худлаа тодорхойлолт гаргаж өгсөн. Энэ нь газрын албаны мэргэжилтэн н.У-тэй холбоотой тухайн хүмүүс хоорондоо ярьж тохирсон гэж харж байгаа. Тухайн газраа одоог хүртэл ашиглаагүй өөр хүнд ашиглуулж байгаа тохиолдолд газар олгосон шийдвэр олгосон эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөөр ашиглуулна гэж Газрын тухай хуульд заасан боловч энэ зөвшөөрлөө аваагүй байна. Нэхэмжлэгч газраа өөрөө ашиглаагүй гэдэгтэй маргахгүй байх. Иймд нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч нарын тайлбарыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

Иргэн Д.С-гээс Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/77 дугаартай захирамжийн Д.С-д эзэмшүүлсэн 80 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд

Архангай аймгийн Өгийнуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 07 дугаар тогтоолоор иргэнд тариалангийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлэх газрын байршил, хэмжээг тогтоожээ.

Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаартай захирамжаар Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1.1, сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2010 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 07 дугаар тогтоол, Засгийн газрын 2003 оны 28 дугаар тогтоолын 5 дугаар хавсралтын 10-т заасныг тус тус үндэслэн нэр бүхий иргэдэд үр тарианы зориулалттай газар эзэмшүүлсний хавсралт 6 дугаарт иргэн Д.С-д 80 га газрыг үр тарианы зориулалтаар 15 жилийн хугацаатайгаар Дойт баг Мухар цагаан толгой гэх газар эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. 

Улмаар иргэн Д.С-д 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр дээрх газрыг эзэмших эрхийг гэрчилгээ олгож, иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна.  

Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга нь нэхэмжлэгч Д.С-д газар эзэмших эрхийг хүчингүй болгох талаар 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр мэдэгдэл хүргүүлж , нэхэмжлэгч Д.С дээрх мэдэгдэлд холбогдуулан 2021 оны 6 дугаар сарын 18, 21-ний өдөр хариу тайлбар хүргүүлж байжээ. 

Гэтэл Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох тухай” А/77 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа  2 ба түүнээс дээш жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлээр иргэн Д.С-гийн 80 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэжээ. 

Ийнхүү иргэн Д.С-гээс шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна. 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт, шүүх хуралдаан дээр талуудын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс харьцуулан үнэлэж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Учир нь:

Маргаан бүхий актын хууль зүйн үндэслэлийн тухайд

Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/77 дугаартай захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2, Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6, 40.2 дахь хэсэгт заасныг үндэслэн “газар тариалангийн зориулалтаар эзэмшүүлсэн газрыг зориулалтын дагуу 2 жил ашиглаагүй”  гэх үндэслэлийг дурдсан байна. 

Нэг. Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй гэх үндэслэлийн тухайд

Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1-д заасан хуульд үндэслэх зарчмын дагуу аливаа захиргааны байгууллага нь сөрөг нөлөөлөл бүхий захиргааны акт гаргах замаар иргэн, хуулийн этгээдийн эрх, эрх чөлөө, субъектив эрхэд халдах тохиолдолд үндэслэл нь бодитой, хууль зүйн хувьд үндэслэл бүхий байхыг шаарддаг. 

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д зааснаар “хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр” гэрээнд заасан зориулалтын дагуу тухайн газраа 2 жил дараалан ашиглаагүй ...тохиолдолд Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох”-оор зааснаас үзвэл, Засаг дарга энэ үндэслэлээр газар эзэмшигчийн эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо газар эзэмших гэрээ байгуулж гэрчилгээ олгосноос хойш 2 жил дараалан ашиглаагүй байх нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоосон байх шаардлагатай. 

Газрын тухай хуулийн дээрх зохицуулалтыг хэрэглэх гол нөхцөл нь тухайн иргэн газар эзэмших эрхийн гэрчилгээ, гэрээтэй байх, улмаар газар эзэмшүүлэх тухай гэрээ хийгдсэнээс хойш хуанлийн бүтэн 2 жилийн дотор газар эзэмшигч нь тухайн газар дээрээ гэрээнд заасан нөхцөл, болзол, зориулалтын дагуу тодорхой үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлээгүй /барилга, байгууламж, зам талбай бариагүй, тариалан эрхлээгүй г.м/ байхыг ойлгоно.

Нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хөндсөн акт гаргаж буй тохиолдолд маргаан бүхий актын үндэслэл, бодит нөхцөл байдлыг нягтлан шалгаж, тогтоох нь хариуцагч захиргааны байгууллагын үүрэг юм.

Гэтэл хариуцагч Архангай аймгийн Засаг даргаас нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгохдоо Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан нөхцөл байдал хууль зүйн хувьд бүрдсэн эсэхийг нягтлан шалгах, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлд заасан захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтоох ажиллагааг бодитойгоор хийлгүйгээр нэхэмжлэгчийн газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгож шийдвэрлэсэн нь нэхэмжлэгчийн газар эзэмших хууль ёсны эрхийг зөрчсөн байна.

Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэг /Хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй/-т заасан үндэслэл нь газрыг хууль ёсны дагуу эзэмших эрхтэй болсон этгээд газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх явцад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1 дэх хэсэгт заасан зөрчлийг гаргасан нь тогтоогдвол тухайн шатны Засаг дарга газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох эрх зүйн зохицуулалт болно. 

Шүүхээс хэрэгт авагдаж шүүхээр хэлэлцэгдсэн нотлох баримт, шүүх хуралдаан дээр талуудын гаргасан тайлбар зэргийг үндэслээд Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт заасан үндэслэл бүрдээгүй байна гэж үзлээ. 

Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ”, 24.4-т “Тухайн захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамааралтай тохиолдол бүрийн үндэслэлийг захиргаан байгууллага нарийвчлан шинжлэн судлах үүрэгтэй бөгөөд оролцогчийн хувьд ач холбогдол бүхий нөхцөл байдлыг тогтооно” гэж зааснаар захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг баримт цуглуулах замаар тогтоох үүргээ бүрэн гүйцэт хэрэгжүүлээгүй байна.

Газрын тухай хуулийн 27 дүгээр зүйлийн 27.1. дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан. 

Нэхэмжлэгч иргэн Д.С-д газар эзэмшүүлэх шийдвэрийг Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын 2011 оны 12 дугаар сарын 28-ны өдрийн 152 дугаартай захирамжаар гаргасан байх бөгөөд газар эзэмших эрхийн 000160070 дугаартай гэрчилгээг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гаргаж, 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдрийн 06516-2011/0004 дугаартай газар эзэмшүүлэх тухай гэрээ байгуулжээ.

Газрын тухай хуулийн  тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4. дэх хэсэг Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.2.-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох; 23.4.3.-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”, 34 дүгээр зүйлийн  34.1. дэх хэсэгт “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж тус тус заасан. 

Өөрөөр хэлбэл Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан буюу Засаг дарга гаргасан бол уг шийдвэрийг үндэслэн газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэх, тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх зэрэг ажлыг гүйцэтгэх чиг үүрэг нь захиргааны байгууллагын хуулиар хэрэгжүүлбэл зохих чиг үүрэг байна. Хариуцагч захиргааны байгууллагын зүгээс энэхүү хуулиар хэрэгжүүлбэл зохих чиг үүргээ хэрэгжүүлэлгүй явсаар 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр гэрээ байгуулж, гэрчилгээ олгосон байна.

Ийнхүү хариуцагч захиргааны байгууллага нь хуулиар хэрэгжүүлбэл зохих чиг үүргээ хэрэгжүүлж ажиллаагүй иргэн Д.С-тэй газар эзэмшүүлэх гэрээг 2021 оны 5 дугаар сарын 27-ны өдөр байгуулж, гэрчилгээ олгосон мөртлөө ийнхүү гэрээ байгуулж, гэрчилгээ олгосноос хойш 1 сар хүрэхгүй хугацааны дотор Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6 дахь хэсэгт  “....гэрээнд заасан зориулалтын дагуу газраа 2 жил дараалан ашиглаагүй” гэсэн хуулийн зохицуулалтыг үндэслэж иргэний газар эзэмших эрхийг хүчингүй болгосон нь хуульд нийцэхгүй байна. 

Өөрөөр хэлбэл, маргаан бүхий энэ тохиолдолд иргэн Д.С-гийн газар эзэмших эрх бодитоор үүссэнээс хойш 28 хоногийн дараа буюу газар эзэмших эрхийн гэрчилгээ олгосноос хойш 2 жилийн хугацаа өнгөрөөгүй байхад Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6-д заасан үндэслэл тогтоогдсон гэж үзэх боломжгүй буюу энэ үндэслэл нь хууль зүйн хувьд тогтоогдохгүй /үгүйсгэгдэж/ байна. 

Иймд иргэн Д.С-гийн газар эзэмших эрхийг гэрчилгээг хүчингүй болгосон Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг дарга 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/77 дугаартай захирамжийг хууль зүйн үндэслэлтэй гэж үзэхгүй. 

Хоёр. Малчин иргэдийн бэлчээрийн газартай давхцалтай, иргэд эсэргүүцэж байна гэх хариуцагчийн тайлбар, татгалзлын тухайд

Архангай аймгийн Өгийнуур сумын иргэдийн Төлөөлөгчдийн хурлын 12 дугаар сарын 31-ний өдрийн “Сумын газар зохион байгуулалтын төлөвлөгөө батлах тухай” 07 дугаар тогтоолоор баталсан заасан газар зохион байгуулалтын төлөвлөгөөгөө, Өгийнуур сумын газрын даамлын тайлбар, зэргээс үзэхэд нэхэмжлэгчийн эзэмшиж буй газар нь газар тариалан, үр тарианы зориулалтаар иргэн, хуулийн этгээдэд эзэмшүүлж ашиглуулахаар шийдвэрлэсэн газар болох нь тогтоож байна.

Газрын тухай хуулийн 31 дүгээр зүйлийн 31.3-т Хүсэлт гаргасан газар нь бусдын эзэмшиж, ашиглаж байгаа газартай ямар нэг хэмжээгээр давхцаагүй байна гэж заасан.

Нэхэмжлэгч иргэнд эзэмшүүлсэн газар нь бусдын эзэмшлийн газартай, ялангуяа малчин иргэдийн өвөлжөө, хаваржааны газартай ямар нэгэн давхцалгүй болох нь хэрэгт авагдсан Өгийнуур сумын газрын даамлын тодорхойлолт, кадастрын зураг, үзлэгийн тэмдэглэл зэргээр тогтоогдож байна.

Нэхэмжлэгч иргэн Д.С нь Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.3.5-д заасан “бусдын газар эзэмшихтэй холбогдсон эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчихгүй байх” үүргийг ямар нэгэн байдлаар зөрчөөгүй байна.

Хариуцагчийн гаргасан дээрх маргаан бүхий акт нь дээр дурдсан хуулийн үндэслэлээс гадна мөн Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.1, 4.2.5-д заасан зарчмын агуулгыг зөрчсөн буюу нийцэхгүй байна гэж шүүхээс үзлээ. 

Түүнчлэн шүүх хуралдаанд хариуцагчийн өмгөөлөгчөөс “ ... Д.С одоо хүртэл тухайн газраа ашиглаагүй н.Д гэдэг хүн ашиглаж байгаа. Тухайн газраа одоог хүртэл ашиглаагүй өөр хүнд ашиглуулж байгаа тохиолдолд газар олгосон эрх бүхий этгээдийн зөвшөөрөлтэйгөөр ашиглуулна гэж Газрын тухай хуульд заасан боловч энэ зөвшөөрлөө аваагүй байна. ...” гэж тайлбарлаж буй боловч маргаан бүхий А/77 дугаар захирамжид дээрх үндэслэлийг дурдаагүй, хариуцагчийн хариу тайлбар татгалзлын үндэслэлд тусгаагүй, шүүхээс маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлд дүгнэлт өгч хэргийг хянан шийдвэрлэхэд шууд хамааралгүй байна. Нөгөө талаар иргэн Д.С эзэмших эрх бүхий газраа өөрөө эзэмшиж, ашиглаагүй, өөр этгээд тус газарт  тариалалт хийж байгаа гэх үндэслэл нь түүний газар эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгох хуульд заасан нөхцөл, шаардлага /Газрын тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.1.6/-д үл хамаарч байгаа болохыг тэмдэглэх нь зүйтэй. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 34 дүгээр зүйлийн 34.1, 40 дүгээр зүйлийн 40.1.6, 61 дүгээр зүйлийн 61.1,  Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1, 4.2.5, 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч иргэн Д.С-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Өгийнуур сумын Засаг даргын 2021 оны 6 дугаар сарын 23-ны өдрийн А/77 дугаар захирамжийн Д.С-д эзэмшүүлсэн 80 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг хүчингүй болгосон хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ТҮВШИНТУЛГА