Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 03 сарын 31 өдөр

Дугаар 101/ШШ2020/01077

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 3 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж 27 хаягт байрлах, М.Ү ХХК /УБД:*******, РД:*******/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, *******, ******* дугаар байр, 64 тоот хаягт оршин суух, Боржигон овогт Б*******ийн О******* /РД:*******/-д холбогдох,

8.150.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэндолгор /ШТ№1081/,

Хариуцагч Б.О,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Т.Дөлгөөн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч М.Ү ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Цэрэндолгор шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Иргэн Б.О нь 2014 оны 5 сард тус компанийн дотоод ажилтан болох өөрийн танилаар дамжуулан менежер н.Ттэй холбогдон Улаанбаатар сэтгүүлийг хэвлүүлэхээр захиалга өгсөн. Компанийн дотоод журамд зааснаар 1 захиалагчийг 1 менежер хариуцдаг бөгөөд Б.О нь 2014 оны 5 сарын сэтгүүлээ хэвлүүлж, төлбөрөө төлсөн байдаг.

Үүний дараа Б.О нь 2014.06.03-ны өдөр 1000 ширхэг, 2014.06.09-ний өдөр 500 ширхэг, 2014.07.02-ны өдөр 2000 ширхэг сэтгүүлийг тус тус хүлээн авсан болох нь зарлагын баримтаар тогтоогдоно.

2014 оны 6 сарын 1500 ширхэг сэтгүүл 2500 төгрөгөөр тооцож 3.750.000 төгрөг, 2014 оны 7 сарын 2000 ширхэг сэтгүүл 2200 төгрөгөөр тооцож 4.400.000 төгрөг, нийт 8.150.000 төгрөг болно.

Хариуцсан менежерийн зүгээс сэтгүүлийн үнийг төлөхийг Б.Огээс шаардаж байсан боловч түүний тоот утас холбогдохгүй болсон учир түүнтэй *******, ******* тоот утасных нь дугаараар шаардсан боловч 2015 оны 11 дүгээр сараас уг дугаараа өөрчлөн, оршин суугаа хаяг нь тодорхойгүй болсон.

Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд хандаж, тус шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01799 дугаартай шийдвэрээр Б.Ог эрэн сурвалжлах болсон.

Шүүхийн шийдвэрийн дагуу Цагдаагийн байгууллага эрэн сурвалжлах ажил зохион байгуулснаар, Сүхбаатар дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн 10 дугаартай тодорхойлолтоор Б.Огийн оршин суугаа хаягийн талаарх мэдээллийг ирүүлснээр бид түүнд холбогдох нэхэмжлэлээ тус шүүхэд 2020.02.11-ний өдөр гаргасан.

Б.Огээс захиалгат ажлын төлбөр 8.150.000 /найман сая нэг зуун тавин мянга/ төгрөг, шүүхэд хандан эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны улсын тэмдэгтийн хураамж 70.200 /далан мянга хоёр зуун төгрөг/, нийт 8.220.200 /найман сая хоёр зуун хорин мянга хоёр зуу/ төгрөг нэхэмжилсэн.

Гэвч эрэн сурвалжлуулах нэхэмжлэл гаргасны улсын тэмдэгтийн хураамж 70.200 төгрөг төлсөн талаарх баримт байхгүй учир үүнээс татгалзаж байна.

Иймд сэтгүүлийн үнэ 8.150.000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжиж байх тул Б.Огээс гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Б.О шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

М.Ү ХХК-ийн 2020 оны 02 дугаар сарын 10-ны өдөр Баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхэд гаргасан 8.220.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс хүлээн зөвшөөрч дараах тайлбарыг гаргаж байна.

Миний бие анх М.Ү ХХК-иар Залуусын Улаанбаатар хот сэтгүүлийг хэвлүүлэхээр ажлын захиалга өгч байсан. Тухайн үед нэхэмжлэгч талтай ямар нэгэн ажил гүйцэтгүүлэх гэрээг бичгэн хэлбэрээр хийгдэж байгаагүй бөгөөд 2 тал харилцан тохиролцож аман тохиролцоо хийсэн билээ.

Эдний компанид таньдаг хүн байгаагүй бөгөөд менежер н.Ттэй утсаар холбогдож уулзсан. Уг сэтгүүл сар бүрийн 1-ний өдөр үнэгүй тараагддаг байсан юм.

Ингээд 2014 оны 5 сард 1000 ширхэг сэтгүүлийг тус компаниар хэвлүүлээд амжилттай тараагдсан.

Гэвч 6 сард 1000 ширхэг хэвлүүлсэн боловч эх бэлтгэлийг менежер хүлээн аваагүйгээс сэтгүүлийн хэрчилт, хэвлэлт буруу гарч, нүүр нь өмнө, хойноо гарч, зөрүүтэй алдаатай хэвлэгдсэн. Тухайн сарын реклам тухайн цагтаа л багтах ёстой байдаг. Тэгээд алдаатай тул дахин хэвлээд өг гэхэд 500 ширхэг хэвлэж өгсөн боловч цагтаа гараагүйгээс болоод бид цалингаа өгч чадаагүй.

2014.07.02-ны өдөр 2000 ширхэг сэтгүүлийн тал үнийг надаас авна гэж н.Ттэй амаар тохиролцсон юм.

Эдний хариуцаж байсан менежер нь сэтгүүлийн дугаарыг дахин засч хэвлэсэн энэхүү үйлдлээ удирдлагадаа учир байдлаа үнэн зөвөөр хэлээгүйгээс 2 талд үл ойлголцол үүссэн.

Хэвлэлтийн талаар М.Ү ХХК-д гомдол гаргаж байгаагүй, харин менежерт нь гомдол гаргаж байсан.

1 удаагийн хэвлэлтэд 10-15 байгууллага реклам сурталчилгаагаа байршуулдаг ба сэтгүүл хугацаандаа гарч тараагдаагүй болон сэтгүүлийн дугаар буруу хэвлэгдсэн тохиолдолд харилцагч байгууллагууд мөнгөө төлдөггүй. Нэг дугаарын реклам сурталчилгааны төлбөр нь 10.000.000 /Арван сая/ орчим төгрөг болдог ба М.Ү ХХК-ийн алдаатай буруу хэвлэлтээс үүдсэн 11.000.000 /Арван нэгэн сая/ төгрөг нь миний хувьд өр болон үлдсэн бөгөөд өнөөдрийг хүртэл надад учирсан хохирлын талаар нэхэмжлэгч ямар нэгэн арга хэмжээ аваагүй атлаа харин ч алдаагаа засч хэвлэсэн сэтгүүлийнхээ мөнгийг нэмж нэхэмжилсэн ёс зүйгүй үйлдэл гаргаж байна.

Үүнээс болоод 2014 оны 11 дүгээр сард Модны 2-т байрлаж байсан ажлын байрнаас нүүсэн, 9906-тай дугаараа бусдад өрөндөө өгч холбогдох боломжгүй болсон, түүнээс зугтаасан зүйл байхгүй.

Сэтгүүл хэвлүүлэх талаар бичгээр гэрээ хийж, гарын үсэг зураагүйгээс ийм зүйл боллоо гэж бодож байна. Зарлагын баримт бол сэтгүүл хүлээн авсан баримт болохоос мөнгөний баримт гэж үзэхгүй байна.

Иймд М.Ү ХХК-ийн 8.150.000 төгрөгөөс менежер н.Ттэй нь 2000 ширхэг сэтгүүлийн үнэд 2.200.000 төгрөг төлөхөөр амаар тохиролцсон тул үүнийг зөвшөөрч байх ба үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч М.Ү ХХК нь хариуцагч Б.Од холбогдуулан 8.220.200 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь эрэн сурвалжлуулах зардал болох 70.200 төгрөгт холбогдох хэсгээс татгалзаж, 8.150.000 төгрөгийн шаардлагаа дэмжсэн болно.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хангаж шийдвэрлэх үндэслэлтэй гэж үзэв.

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ хариуцагчийг 2014 оны 06 дугаар сард Залуусын Улаанбаатар хот сэтгүүлийн 1 бүрийн үнэ 2500 төгрөг бүхий 1500 ширхэг, 7 дугаар сард 1 бүрийн үнэ 2200 төгрөг бүхий 2000 ширхэг сэтгүүлийг хэвлүүлэн хүлээн авсан нь зарлагын баримтаар тогтоогдох тул 8.150.000 төгрөг нэхэмжилсэн нь үндэслэлтэй гэжээ.

Хариуцагч Б.О нь нэхэмжлэгчийн буруугаас 6 дугаар сарын 1000 ширхэг сэтгүүл алдаатай хэвлэгдсэн, дахин 500 ширхгийг хэвлэхдээ тохирсон хугацаандаа хэвлэж өгөөгүй, 7 дугаар сарын 2000 ширхэг сэтгүүлийн тал үнийг төлөхөөр менежертэй нь амаар тохиролцсон тул 2.200.000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан зарлагын баримтаар нэхэмжлэгч нь 2014 оны 06 дугаар сарын 03-ны өдөр 1 бүрийн үнэ 2500 төгрөг бүхий 1000 ширхэг буюу 2.500.000 төгрөгийн, 2014 оны 06 дугаар сарын 09-ний өдөр 500 ширхэг буюу 1.250.000 төгрөгийн, 2014 оны 07 дугаар сарын 02-ны өдөр 1 бүрийн үнэ 2200 төгрөг бүхий 2000 ширхэг буюу 4.400.000 төгрөгийн, нийт 8.150.000 төгрөгийн сэтгүүлийг хариуцагч Б.Од хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байна.

/хх-ийн 6-8 тал/

Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д:Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ,

343.2-т:Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байна гэж тус тус заажээ.

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч М.Ү ХХК нь Залуусын Улаанбаатар хот сэтгүүлийг хэвлэх, хариуцагч Б.О сэтгүүлийг хүлээн авч, тохирсон хөлсийг төлөх үүрэг хүлээсэн ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байх ба гэрээг бичгээр хийх хэлбэрийг шаардахгүй байна.

Ажил гүйцэтгэх гэрээний зүйл нь гүйцэтгэсэн ажлын үр дүн байх ба хугацаа нь тухайн гэрээний хувьд талуудын зайлшгүй тохиролцох гол нөхцөлийн нэг болдог онцлогтой.

Хариуцагч Б.О нь дээрх сэтгүүлийн 6 сарын эхний 1000 ширхэг нь алдаатай, буруу хэвлэгдсэн, дахин 500 ширхэг хэвлэж өгсөн нь хугацаандаа гараагүй, 7 сарын 2000 ширхэг сэтгүүлийн тал үнийг төлөхөөр тохиролцсон гэж тайлбарласан боловч үүнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

Тэрээр ийнхүү нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэх татгалзлаа баримтаар нотлоогүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Огээс ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 8.150.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ү ХХК-д олгохоор шийдвэрлэв.

Сүхбаатар дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдрийн №10 тоот албан бичгээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01799 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу Б*******ийн О******* /РД:*******/-г Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, ******* дугаар байр, 64 тоот хаягт оршин сууж байгаа болохыг эрэн сурвалжилж тогтоосон талаар мэдэгджээ.

/хх-ийн 4 тал/

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-т: гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.1-т: Хөөн хэлэлцэх хугацааг шаардах эрх үүссэн үеэс эхлэн тоолно гэж тус тус заасан.

Хариуцагч Б.Огийн оршин суух хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгчийн хүсэлтээр Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2016 оны 02 дугаар сарын 24-ний өдрийн 101/ШШ2016/01799 дугаартай шүүхийн шийдвэрийн дагуу түүнийг Цагдаагийн байгууллага эрэн сурвалжилж, 2020 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр оршин суух хаягийг тогтоосон болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

/хх-ийн 4 тал/

Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасан бөгөөд хариуцагчийн оршин суух хаяг тодорхойгүйгээс нэхэмжлэгч түүнийг эрэн сурвалжлуулсан, үүний үндсэн дээр талуудын хооронд байгуулсан гэрээний хугацаа тасалдаж, шинээр тоологдсон гэж үзэхээр байх тул нэхэмжлэгч нь гэрээний үүргийг мөн хугацаагаар шаардах эрхтэй байна.

Дээр дурдсан байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний үүрэгт шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацааг хэтрүүлсэн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй гэж үзэв.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч Б.Огээс 8.150.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ү ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч Б.Огээс улсын тэмдэгтийн хураамжид 145.350 төгрөг гаргуулан нэхэмжлэгч М.Ү ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 146.4*******.02 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ