Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2024 оны 01 сарын 04 өдөр

Дугаар 2024/ШЦТ/39

 

 

 

 

 

 

 2024         01         04                                       2024/ШЦТ/39

 

                            

                           МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч С.Олзод даргалж,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Чаминчулуун,  

улсын яллагч Ц.Ганцэцэг,

хохирогч Б.Долгор,

иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ-ын хууль ёсны төлөөлөгч Ц.Цэндсүрэн,

шүүгдэгч М.С. нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны “Ж” танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар:

Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан У. овогт М.ын С.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303005980506 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1981 оны 12 дугаар сарын 11-ний өдөр Говь-Алтай аймагт төрсөн, 42 настай, эрэгтэй, дээд боловсролтой, эрх зүйч мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 6, У. овогт М.ын С..

Холбогдсон хэргийн талаар:

Шүүгдэгч М.С. нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 38 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар дахь Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн салбар сургууль”-н баруун талын замд Тоёота Приус 41 маркийн 0 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.”, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих 1 дүгээр эгнээ рүү орсны улмаас “Nanjing” маркийн 03-81 УАО улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч П.Мөнхтуяа нь огцом тоормослож, зогсоох арга хэмжээ авахад уг чиглэлийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч болох 59 настай, эмэгтэй, Б.Долгор унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

            Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.С. мэдүүлэхдээ: “Урьд өгсөн мэдүүлэг үнэн зөв.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Б.Долгор мэдүүлэхдээ: “Хохирол нэхэмжлээд яах вэ, миний хүүхэдтэй ялгаа юу байх вэ. Эмнэлэгт 10 хоног хэвтсэн бичиг байгаа. Нэхэмжлэх баримт бол алга байна. Сэтгэцэд учирсан хохирлын хэмжээг шүүхээс тогтоон гаргуулахад татгалзах зүйлгүй.” гэв.

            Шүүхийн хэлэлцүүлэгт иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэндсүрэн мэдүүлэхдээ: “Тухайн зам тээврийн ослын улмаас манай байгууллагад нийт 200.000 төгрөгийн хохирол учирсан. Үүнд тээврийн хэрэгслийн оношилгоо 80.000 (жолооч нь өөрөө гаргасан), журмын хашааны төлбөр 120.000 төгрөг (байгууллагаас гаргасан) багтаж байгаа. Баримт нь хэрэгт авагдаагүй, өгөөгүй байгаа.

            08 дугаар сарын 30-ны өдрөөс 09 дүгээр сарын 02-ны өдрийг хүртэл тухайн тээврийн хэрэгсэл нийтийн тээврийн үйлчилгээг ард иргэдэд үзүүлж чадаагүй. Нийслэлийн иргэдийн төлөөлөгчдийн хурлаас баталсан шийдвэр байдаг. Энэ шийдвэрийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээг эрхэлсэн цаг тутамдаа зардлын тарифаар санхүүжээд явдаг. Үүнийг тооцоолоод, жич нэхэмжлэх бодолтой байгаа.” гэв.

            Хавтаст хэрэгт хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн нотлох баримтуудаас шүүхийн хэлэлцүүлэгт яллах талын хүсэлтээр дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-18/,

- Хохирогч Б.Долгорын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдрийн 11:00 цагт Улсын гуравдугаар эмнэлэгт эгч маань хэвтэж байсан болохоор очиж эргэлтээр уулзчихаад, буцаад Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 51-301 тоотод байрлах гэр лүүгээ явсан. 12:00 цагийн үед Жуковын автобусны буудал ойртоод ирэх үед би суудлаасаа босоод, хаалганы хажууд ирээд, бариулаас нь нэг гараараа бариад, нөгөө гартаа 5 литр сүү барьчихсан байсан. Тэгээд зогсож байхад автобус нь гэнэт огцом тормос гишгээд, би газарт унасан. Удалгүй Түргэн тусламж ирээд, намайг үзээд, Гэмтэл орж, зураг авахуул гэсэн. Миний баруун гарын шуу хэсгээр яс хугарсан, бас гар хэсэг цус хуралт ихтэй, толгой хөдөлсөн. Би тухайн автобус гэнэт огцом тормослоод зогсохоор нь урагшаа саваад унасан юм. Намайг түлхсэн зүйл байхгүй. Миний эрүүл мэндэд учирсан хохирол болон ажилгүй байгаа үеийнхээ цалинг нэхэмжилж байна. Би барилгын засал чимэглэл хийдэг. Гэхдээ одоогоор тэтгэвэрт байгаа учир хувиараа ажил үйлчилгээ хийдэг. Би сард дунджаар ажил олдвол 1.500.000-4.000.000 төгрөгийн орлого олдог. Хэрэв миний нэхэмжилсэн хохирлыг төлж барагдуулсан тохиолдолд гомдол, санал байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Мөнхтуяагийн жолоодож явсан 03-81 УАО улсын дугаартай Nanjing маркийн тээврийн хэрэгсэл нь ОНӨААТҮГазрын эзэмшлийн тээврийн хэрэгсэл. Би Мөнхтуяад ямар нэгэн гомдол, санал байхгүй, цаашид нэхэмжлэх зүйл байхгүй. Иргэн тээврийн хэрэгсэл дотор сууж явж байгаад унасан зүйл байгаа. Газарт унасан шалтгаан нь 0 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас манай тээврийн хэрэгслийн жолооч Мөнхтуяа нь огцом тормос гишгэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

- Иргэний нэхэмжлэгчийн хууль ёсны төлөөлөгч Д.Гантуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч Б.Долгор нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ, үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 96.980 төгрөгийн зардал гарсан, зардлыг яллагдагчаас гаргуулж өгнө үү.” гэх мэдүүлэг /хх-ийн 36/,

- Гэрч П.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тухайн өдөр өөрийн ажлаа хийгээд Автобус-3 баазын 03-81 УАО улсын дугаартай ногоон өнгийн цахилгаан автобусыг жолоодоод төв замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр 5 шарын буудлаас Офицеруудын ордны буудал орохоор явж байсан. Ингээд Зүүн 4 зам өнгөрөөд 200 орчим метр зайд 1 дүгээр эгнээгээр явж байхад миний жолоодож явсан автобусны урдуур 2 дугаар эгнээнээс гэнэт жижиг цагаан автомашин хөндлөн дараад ороод ирсэн. Би тэр машиныг хараад зогсоох арга хэмжээ авч, тормос гишгэсэн бөгөөд тэр үед автобусны зорчигч настай эмэгтэй хүн зааланд унасан. Ослын дараа урдуур дарж орж ирсэн автомашин зогсох шиг болоод цааш яваад өгсөн. Би зааланд унасан зорчигч эмэгтэйн биеийн байдлыг асуугаад, 103 дугаарын утас руу дуудлага өгсөн, мөн 102 дугаарт дуудлага өгсөн. Би 37-40 орчим км цагийн хурдтай явж байсан. Би тэр машиныг хараагүй бөгөөд тэр машин миний жолоодож явсан машины хажуугаар гүйцээд шууд л дараад ороод ирсэн. Би болон бусад зорчигч нарын  эрүүл мэндэд хохирол учраагүй, гэмтсэн эмэгтэйгээс өөр хүн унаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 53/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний 11028 тоот: “Б.Долгорын биед баруун шуу, богтос ясны далд хугарал, баруун тохойд зулгаралт, цус хуралт, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 56-57/,

- Яллагдагч М.С.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тоёота Приус 41 маркийн 0 УЕО улсын дугаартай автомашиныг жолоодоод Зүүн 4 замаас Жуков чиглэлд буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 35-40 орчим км цагийн хурдтай явж байсан. Ингээд замын уулзвар нэвтрээд 1 дүгээр эгнээнд явж байсан автобусны урдуур орохоор буюу баруун гар тийш урагш эргэхээр дохио өгөөд явж байсан. Автобус хурдтай яваад байсан учир би хурдаа бага зэрэг нэмээд автобусны урдуур дараад баруун гар тийш буюу урагш дарж орсон. Тэгэхэд урдаас автомашин гарч ирэхээр нь тормос гишгээд хальт зогссон. Тэгэхэд 1 дүгээр эгнээнд явж байсан автобус тормос гишгэж байгаа нь харагдсан. Би толиндоо харчихаад цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явсан. Тэгэхэд 15-20 орчим минутын дараа цагдаагаас залгаад “осол болсон байна, автобусны зорчигч хүн гэмтсэн байна, та ослын газар яаралтай ирээрэй” гэж хэлсэн. Автобусны хурд саарахгүй болохоор нь хурдаа нэмээд урдуур нь дарж орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 104/ зэрэг нотлох баримтуудыг шинжлэн судлав. 

             Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

Шүүгдэгч М.С. нь 2023 оны 08 дугаар сарын 30-ны өдөр 12 цаг 38 минутын орчимд Баянзүрх дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэр “Улаанбаатар дахь Г.В.Плехановын нэрэмжит Оросын эдийн засгийн их сургуулийн салбар сургууль”-н баруун талын замд Тоёота Приус 41 маркийн 0 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 10.4-т заасан “Жолооч байр эзлэхийн өмнө зэрэгцээ эгнээнд чигээрээ яваа тээврийн хэрэгсэлд зам тавьж өгнө. Харин харилцан байраа солиход баруун гар талд яваа нь эхэлж байр эзэлнэ.”, мөн дүрмийн 10.1-т заасан “Жолооч хөдөлгөөн эхлэхийн өмнө зам, орчны байдлыг биеэр шалгаж, хөдөлгөөн эхлэх, чиг өөрчлөх, байр эзлэх, зогсохдоо аюул, осол үүсгэхгүй байх бүх нөхцөлийг хангана.” гэх заалтуудыг тус тус зөрчиж, зорчих хэсгийн 2 дугаар эгнээнээс чиглэлийн тээврийн хэрэгслийн зорчих 1 дүгээр эгнээ рүү орсны улмаас “Nanjing” маркийн 03-81 УАО улсын дугаартай чиглэлийн тээврийн хэрэгслийн жолооч П.Мөнхтуяа нь огцом тоормослож, зогсоох арга хэмжээ авахад уг чиглэлийн тээврийн хэрэгсэлд зорчин явсан зорчигч болох 59 настай, эмэгтэй, Б.Долгор унаж, эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учирсан болох нь:

- Зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоосон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургийн үзүүлэлтүүд /хх-ийн 5-9/,

- Хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-ийн 15-18/,

- Хохирогч Б.Долгорын мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Тэгээд зогсож байхад автобус нь гэнэт огцом тормос гишгээд, би газарт унасан. Удалгүй Түргэн тусламж ирээд, намайг үзээд, Гэмтэл орж, зураг авахуул гэсэн. Миний баруун гарын шуу хэсгээр яс хугарсан, бас гар хэсэг цус хуралт ихтэй, толгой хөдөлсөн. Би тухайн автобус гэнэт огцом тормослоод зогсохоор нь урагшаа саваад унасан юм. Намайг түлхсэн зүйл байхгүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 21/,

- Иргэний нэхэмжлэгч, хариуцагчийн хууль ёсны төлөөлөгч Ц.Цэндсүрэнгийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “...Иргэн тээврийн хэрэгсэл дотор сууж явж байгаад унасан зүйл байгаа. Газарт унасан шалтгаан нь 0 УЕО улсын дугаартай тээврийн хэрэгсэл нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөний улмаас манай тээврийн хэрэгслийн жолооч Мөнхтуяа нь огцом тормос гишгэсэн байсан.” гэх мэдүүлэг /хх-ийн 26/,

- Гэрч П.Мөнхтуяагийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Би тухайн өдөр өөрийн ажлаа хийгээд Автобус-3 баазын 03-81 УАО улсын дугаартай ногоон өнгийн цахилгаан автобусыг жолоодоод төв замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 1 дүгээр эгнээгээр 5 шарын буудлаас Офицеруудын ордны буудал орохоор явж байсан. Ингээд Зүүн 4 зам өнгөрөөд 200 орчим метр зайд 1 дүгээр эгнээгээр явж байхад миний жолоодож явсан автобусны урдуур 2 дугаар эгнээнээс гэнэт жижиг цагаан автомашин хөндлөн дараад ороод ирсэн. Би тэр машиныг хараад зогсоох арга хэмжээ авч, тормос гишгэсэн бөгөөд тэр үед автобусны зорчигч настай эмэгтэй хүн зааланд унасан. Ослын дараа урдуур дарж орж ирсэн автомашин зогсох шиг болоод цааш яваад өгсөн. Би зааланд унасан зорчигч эмэгтэйн биеийн байдлыг асуугаад, 103 дугаарын утас руу дуудлага өгсөн, мөн 102 дугаарт дуудлага өгсөн. Би 37-40 орчим км цагийн хурдтай явж байсан. Би тэр машиныг хараагүй бөгөөд тэр машин миний жолоодож явсан машины хажуугаар гүйцээд шууд л дараад ороод ирсэн. Би болон бусад зорчигч нарын  эрүүл мэндэд хохирол учраагүй, гэмтсэн эмэгтэйгээс өөр хүн унаагүй.” гэх мэдүүлэг /хх-ийн 53/,

- Шүүх шинжилгээний ерөнхий газрын 2023 оны 09 дүгээр сарын 04-ний 11028 тоот: “Б.Долгорын биед баруун шуу, богтос ясны далд хугарал, баруун тохойд зулгаралт, цус хуралт, ташаанд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй.” гэх дүгнэлт /хх-ийн 56-57/,

- Яллагдагч М.С.ийн мөрдөн шалгах ажиллагааны явцад өгсөн: “Тоёота Приус 41 маркийн 0 УЕО улсын дугаартай автомашиныг жолоодоод Зүүн 4 замаас Жуков чиглэлд буюу ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш зорчих хэсгийн 2 дугаар эгнээгээр 35-40 орчим км цагийн хурдтай явж байсан. Ингээд замын уулзвар нэвтрээд 1 дүгээр эгнээнд явж байсан автобусны урдуур орохоор буюу баруун гар тийш урагш эргэхээр дохио өгөөд явж байсан. Автобус хурдтай яваад байсан учир би хурдаа бага зэрэг нэмээд автобусны урдуур дараад баруун гар тийш буюу урагш дарж орсон. Тэгэхэд урдаас автомашин гарч ирэхээр нь тормос гишгээд хальт зогссон. Тэгэхэд 1 дүгээр эгнээнд явж байсан автобус тормос гишгэж байгаа нь харагдсан. Би толиндоо харчихаад цааш хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явсан. Тэгэхэд 15-20 орчим минутын дараа цагдаагаас залгаад “осол болсон байна, автобусны зорчигч хүн гэмтсэн байна, та ослын газар яаралтай ирээрэй” гэж хэлсэн. Автобусны хурд саарахгүй болохоор нь хурдаа нэмээд урдуур нь дарж орсон.” гэх мэдүүлэг /хх-ийн 104/ зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.

            Шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хууль ёсны, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан, мөрдөн шалгах ажиллагааны явцад оролцогчдын хуулиар хамгаалагдсан эрхийг хасаж, хязгаарласан гэх нөхцөл байдал тогтоогдоогүй бөгөөд прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт холбогдуулан М.С.д яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байх тул шүүгдэгчийг гэм буруутайд тооцох хууль зүйн үндэслэлтэй байна гэж шүүх дүгнэв.

            Хохирогч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь мөрдөн байцаалт болон шүүхийн шатанд хохирол, хор уршигт холбогдох баримт гарган өгөөгүй боловч цаашид нэхэмжилнэ гэж тайлбарлаж байх тул тэдгээр нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн иргэний журмаар жич нэхэмжлэх эрхийг нь нээлттэй үлдээх нь зүйтэй байна.

            Харин хохирогч Б.Долгор нь эмчилгээний зардалд эрүүл мэндийн даатгалын сангаас 96.980 төгрөгийн тусламж, үйлчилгээ авч, үүнийг Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газраас нэхэмжилж, үүнд холбогдох лавлагаа, тодорхойлолт хэрэгт авагдсан байх тул Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад “гэмт хэрэг, зөрчлийн улмаас эрүүл мэнд нь хохирсон даатгуулагчийн эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний зардлын төлбөрийг холбогдох хууль хяналтын байгууллага хариуцан буруутай этгээдээр эрүүл мэндийн даатгалын байгууллагад нөхөн төлүүлнэ.”, Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1 дэх хэсэгт “Бусдын амь нас, эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдуулан төлбөр төлсөн нийгмийн даатгал, нийгмийн хангамжийн буюу бусад хуулийн этгээд нь гэм буруутай иргэн болон хуулийн этгээдээс төлбөр, тусламжаа буцаан нэхэмжлэх эрхтэй.”, 513.2 дахь хэсэгт “Гэм хорыг хариуцвал зохих иргэн, хуулийн этгээд нь буцаан нэхэмжилсэн шаардлагын дагуу уг хуулийн этгээдийг хохиролгүй болгох үүрэгтэй.” гэж тус тус заасныг үндэслэн дээрх мөнгөн дүнг шүүгдэгчээс гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгох нь хуульд нийцнэ.

Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар:

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргасан.

Шүүх шүүгдэгч М.С.д эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1.1 дэх заалтад заасан тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэнийг хөнгөрүүлэх нөхцөлд тооцож, эрүүгийн хариуцлагыг хүндрүүлэх нөхцөл тогтоогдоогүй бөгөөд гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, учруулсан хохирол, хор уршгийн шинж чанар, шүүгдэгчийн хувийн байдал буюу гэм буруугаа сайн дураар хүлээн мэдүүлж байгаа зэргийг нь харгалзан үзэж шүүгдэгч М.С.д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэж, уг ялыг хуульд зааснаар 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоож шийдвэрлэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар 2 ширхэг СиДи хураагдан ирсэн, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй байна.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 38.1 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Шүүгдэгч У. овогт М.ын С.ийг автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан гэмт гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

            2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.С.д 700 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 700.000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

            3. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт зааснаар М.С.д оногдуулсан 700.000 төгрөгөөр торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн хугацаанд хэсэгчлэн төлөхийг тайлбарласугай.

            4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар М.С. нь торгох ялыг хуульд заасан хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулсугай.  

            5. Шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч М.С.д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

            6. Иргэний хуулийн 513 дугаар зүйлийн 513.1, 513.2 дахь хэсэг, Эрүүл мэндийн даатгалын тухай хуулийн 12 дугаар зүйлийн 12.1 дэх хэсгийн 12.1.1 дэх заалтад тус тус зааснаар шүүгдэгч М.С.ээс 96.980 төгрөгийг гаргуулан Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан дахь 100900020080 тоот дансанд олгосугай.  

            7. Хохирогч Б.Долгор, иргэний нэхэмжлэгч, хариуцагч “Зорчигч тээвэр гурав” ОНӨААТҮГ, түүний хууль ёсны төлөөлөгч нар нь энэ гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршгийн зардлаа гэм буруутай этгээдээс нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэйг дурдсугай.

           8. Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан 2 ширхэг СиДи-г хэрэг хадгалах хугацаанд хэрэгт хавсаргаж, битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжлээгүй болохыг тэмдэглэсүгэй.

           9. Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоолыг эс зөвшөөрвөл шүүгдэгч, хохирогч, иргэний нэхэмжлэгч болон хариуцагч, тэдгээрийн өмгөөлөгч, улсын яллагч, дээд шатны прокурор өөрөө гардан авснаас хойш, эсхүл Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.9 дүгээр зүйлд заасны дагуу хүргүүлснээс хойш эс зөвшөөрвөл 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                               С.ОЛЗОД