Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 04 өдөр

Дугаар 2023/ШЦТ/925

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Н.Нямдаваа даргалж, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг, улсын яллагч Н.Энхтөр, шүүгдэгч Б.Баатарцогт (өөрөө өөрийгөө өмгөөлж) нарыг оролцуулан тус шүүхийн “А” танхимд нээлттэй явуулсан шүүх хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газрын хяналтын прокуророос хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305009671904 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 29-ний өдөр хүлээн авч энэ өдөр хянан хэлэлцэв.

Шүүгдэгчийн биеийн байцаалт:

Монгол Улсын иргэн, 1982 оны 01 дүгээр сарын 28-нд Хөвсгөл аймгийн Мөрөн суманд төрсөн, 41 настай, эрэгтэй, дээд боловсролтой, компьютерын инженер мэргэжилтэй, хувиараа хүнсний дэлгүүр ажиллуулдаг, ам бүл 4, эхнэр, 2 хүүхдийн хамт Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо,5 дугаар байрны 2 тоотод оршин суух, урьд эрүүгийн хариуцлага хүлээж байгаагүй, Баяамбай овогт Бямба-Очирын Баатарцогт (Регистрийн дугаар: РЭ 82012830).

Шүүгдэгч Б.Баатарцогт нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

Шүүгдэгч Б.Баатарцогт Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар өөрийгөө өмгөөлөх хүсэлтийг бичгээр гаргасан тул түүнд холбогдох эрүүгийн хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцэж шийдвэрлэсэн болно.

Гэм буруугийн талаар

Шүүгдэгч Б.Баатарцогт нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 02 дугаар сарын 02-ны өдрийн 19 цагийн үед Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 53/А байрны 03 тоотод үл ялих зүйлээр шалтаглан М.Золбаярын биед халдаж, хамрын нуруу, зүүн зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зулайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэргийг үйлдсэн болох нь:

хохирогч М.Золбаярын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...би дүү Янжинлхамын хувцсыг угаагаад байж байхад Баатарцогт сэрээд угаалгын машины чанга дуу гаргалаа гээд намайг янхан, гичий, гуйлгачин гэх мэтээр доромжилж эхэлсэн, над руу гар утсаа шидээд намайг гарах гэхэд үснээс зулгаагаад хана мөргүүлээд эргээд харахад надаас гар утсаа нэхээд миний нүүрний хацар хэсэг рүү баруун гараараа цохиод, хувцаснаас чирээд байж байхад гаднаас манай найз Болормаа ороод ирэхэд Баатарцогт зөрөөд гараад явсан. Миний толгойны баруун дээд хэсэгт язарсан, зүүн нүдний доод хэсэгт хөхөрсөн, баруун мөрний дээд хэсэгт зулгарсан, хамрын баруун талд хөхөрч хавдсан байсан” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 19-21 дүгээр хуудас),

гэрч Д.Чинбаатарын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...Баатарцогт ах нэг хүнтэй утсаар яриад байсан ба удалгүй нэг эмэгтэй такси барьчихсан ирсэн. Тэгээд тэр хүүхэн миний машинд суугаад Баатарцогт ах Соёрхол нэртэй 0,5 литрийн архийг ганцаараа ууж байгаад нөгөө хүүхэнтэйгээ миний машинаас гэрийнхээ гадаа буусан. Золбаяр гэх эмэгтэй архи уугаагүй байсан. Баатарцогт, Золбаяр нарын хоорондын харилцаа хэвийн байсан, Золбаяр гэх эмэгтэйд ил харагдах шарх сорви байгаагүй” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 30-31 дүгээр хуудас),

Нийслэлийн шүүх шинжилгээний газрын шинжээчийн 2594 дугаартай: “...М.Золбаярын биед хамрын нуруу, зүүн зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал, баруун бугалга, зулайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Дээрх гэмтэл нь Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Дээрх гэмтэл нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт (хавтаст хэргийн 38-39 дүгээр хуудас),

шинжээч эмч Г.Ханхүүгийн мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн “...М.Золбаярын биед 2023 оны 02 дугаар сарын 13-ны өдөр буюу хэрэг болсноос хойш 11 хоногийн дараа үзлэг хийсэн ба шинжээчийн дүгнэлтийг 2023 оны 02 дугаар сарын 24-ний өдөр гаргасан. Уг гэмтлүүд нь хэрэг болсон гэх хугацаанд үүсэх боломжтой хуучин гэмтлүүд байсан. Хамрын нуруу, зүүн зовхи, хацрын цус хуралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь нэг удаагийн үйлчлэлээр үүсэх боломжтой хөнгөн зэргийн гэмтэл, баруун бугалга, зулайн хуйхны зулгаралт, зөөлөн эдийн няцрал гэмтлүүд нь гэмтлийн зэрэгт хамаарахгүй. Дээрх гэмтлүүд нь цохих, цохигдох хүчний үйлчлэлээр үүснэ” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 34-35 дугаар хуудас),

шүүгдэгч Б.Баатарцогтын мөрдөн шалгах ажиллагаанд яллагдагчаар өгсөн “...би архи уугаад согтоод унтаад сэртэл нэг мэдсэн Золбаяртай маргалдаад байх шиг байсан, яг яаж цохисноо санахгүй байна. Би гаргасан үйлдлээ хүлээн зөвшөөрч, үйлдэлдээ харамсаж байна” гэсэн мэдүүлэг (хавтаст хэргийн 57-58 дугаар хуудас) зэрэг нотлох баримтаар нотлогдон тогтоогдсон гэж дүгнэв.

Дээрх нотлох баримтуудыг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, хэргийн бодит байдлыг тогтоож хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хангалттай байна.

Шүүгдэгч Б.Баатарцогт нь өөрт холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх хүсэлтийг сайн дураар гаргаснаа илэрхийлж байх ба түүнд эрүү шүүлт тулгах, хүнлэг бус хэрцгий харьцах, хуурч мэхлэх зэрэг хууль бусаар хэрэг хүлээлгэсэн нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

Шүүхээс тогтоосон хэргийн үйл баримтаас дүгнэж үзвэл шүүгдэгч Б.Баатарцогтын гэм буруугийн санаатай үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэргийн шинжийг бүрэн агуулж байна.

Энэ гэмт хэргийн улмаас хохирогч М.Золбаярын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан бөгөөд шүүгдэгч, хохирогч нар “зээлдүүлэгч Б.Баатарцогт, зээлдэгч М.Золбаяр бид 2023.05.28-ны өдрийн байдлаарх үлдэгдэл болох 11,800,000 төгрөгөөс 1,500,000 төгрөгийг эмчилгээний зардалд, 300,000 төгрөгийг бусад зардалд тооцон хасаж ...харилцан тохиролцов” гэсэн баримт үйлдэж, гарын үсгээ зурсан, хохирогч М.Золбаяр нь “...Баатарцогт надаас уучлалт гуйж, бид хоёр ойлголцсон учир гомдол, санал байхгүй” гэсэн тайлбар (хавтаст хэргийн 67 дугаар хуудас) бичгээр гаргасан байх тул шүүгдэгч Б.Баатарцогтыг хохирогчид төлөх төлбөргүй гэж үзэв.

Эрүүгийн хариуцлагын талаар

Прокурорын санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангид заасан шударга ёсны зарчим, эрүүгийн хариуцлагын зорилгод нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналын хүрээнд шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.

Иймд шүүгдэгч Б.Баатарцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэж, торгох ялыг 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоох нь зүйтэй гэж шүүх дүгнэв.

Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Баатарцогт баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдаж, шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол хэвээр үргэлжлүүлэхээр шийдвэрлэв.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5, 7, 8 дахь хэсэг, 36.2, 36.3, 36.6, 36.7, 36.8, 36.10 дугаар зүйлүүдэд заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Шүүгдэгч Баяамбай овогт Бямба-Очирын Баатарцогтыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баатарцогтыг 450 (дөрвөн зуун тавь) нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 (дөрвөн зуун тавин мянга) төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.

3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсгийг журамлан шүүгдэгч Б.Баатарцогтод оногдуулсан торгох ялыг шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс хойш 3 (гурав) сарын хугацаанд хэсэгчлэн төлүүлэхээр тогтоосугай.

4.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Баатарцогт нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

5.Энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураан ирүүлсэн зүйлгүй, эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардал нэхэмжилж ирүүлээгүй, шүүгдэгч Б.Баатарцогт нь баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хохирогчид төлөх төлбөргүй болохыг тус тус дурдсугай.

6.Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болохыг мэдэгдсүгэй.

7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Б.Баатарцогтод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    Н.НЯМДАВАА