| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2020/04797/и |
| Дугаар | 101/ШШ2020/01403 |
| Огноо | 2020-04-24 |
| Маргааны төрөл | Ажил гүйцэтгэх, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2020/01403
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, *******, 1 дүгээр ******* тоот хаягт байрлах, Ц.Х ХХК /РД:*******/-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г-н нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, *******, *******, А******* тоот хаягт байрлах, З.К ХХК /РД:*******/-д холбогдох,
Ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 7.715.520 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ц.Э,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т,
Гэрч Б.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ц.Э хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
З.К ХХК-тай Ц.Х ХХК нь 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г байгуулсан. Тус гэрээний дагуу туслан гүйцэтгэгч Ц.Х ХХК нь Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгийн барилгын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх байсан. Тус гэрээнд заасны дагуу гэрээт ажлын нийт төлбөр 100.000.000 төгрөг байсан бөгөөд Ц.Х ХХК-ийн зүгээс гэрээнд заасан ажил үүргийг бүрэн гүйцэтгэж дууссан. Уг барилгыг улсын комисс бүрэн хүлээж авсан байгаа.
Ц.Х ХХК нь гэрээнд заагдсан ажил үүргийг бүрэн гүйцэтгэж ажлыг хүлээлгэн өгсөн бөгөөд гэрээнд заасан төлбөрөөс одоо 13.300.000 төгрөгийн авлагатай гэж нэхэмжлэл гаргасан, З.К ХХК-ийн удирдлагын зүгээс төлбөрийг өгнө гэсээр өнөөдрийг хүрсэн бөгөөд гэрээний үүрэгт 93.500.000 төгрөгийг хүлээн авсан гэж үзэж байна.
Хариуцагч З.К ХХК-иас Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-ний үлдэгдэл төлбөрт 13.300.000 төгрөг нэхэмжилсэн боловч 2018 оны 08 дугаар сарын 22-ны өдөр 5.000.000 төгрөгийг захирлын хувийн дансаар шилжүүлсэн байх тул үүнийг нэхэмжлэлээс хасч тооцож байна.
Гэрээний 4.11-д заасны дагуу барилгын ажилд хэрэглэх туслах материал болох хэв хашмалыг З.К ХХК нь танайх түрээсэлчих, төлбөрийг бид төлье гэж тохирсон учраас хэв хашмал түрээсэлсэн, энэ байдлаар бусад туслах материалыг түрээсэлж ажилласан олон тохиолдол байгаа боловч баримтаар нотлогдож байгаа нь зөвхөн энэ төлбөр юм.
Иймд З.К ХХК-иас 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн гэх 2.700.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн гэх 1.000.000 төгрөг, Б.Б-д шилжүүлсэн гэх 3.000.000 төгрөг, гэрээний 4.11-д заасны дагуу хэргийн 94-98 дугаар талд авагдсан хэв хашмал түрээсэлсэн 1.015.520 төгрөг, нийт 7.715.520 төгрөгийг гаргуулан Ц.Х ХХК-д олгож өгнө үү гэв.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Т нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Ц.Х ХХК-иас тус компанид холбогдуулан Барилгын ажил гүйцэтгэх гэрээний үлдэгдэл төлбөр 13.300.000 төгрөг гаргуулах гэж үндэслэлээ тодорхойлж иргэний нэхэмжлэл гаргасан байгааг бүхэлд нь эс зөвшөөрч дараах тайлбарыг гаргав.
1. Барилгын ажил гүйцэтгэх гэрээний талаар:
Хариуцагчийн зүгээс Ц.Х ХХК-тай 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ-г (цаашид гэрээ гэх) байгуулсан бөгөөд үүнтэй маргаагүй болно. Уг гэрээний зүйл нь барилгын ажил бөгөөд Чингэлтэй дүүргийн 19 дүгээр цэцэрлэгийн барилга угсралтын ажлын зарим хэсгийг нэхэмжлэгч гэрээний дагуу туслан гүйцэтгэсэн бөгөөд нэхэмжлэгч талын хийсэн ажлын хэмжээнд тохирсон нийт 99.300.000 /ерэн есөн сая гурван зуун мянган/ төгрөгийн төлбөрийг гэрээнд заасны дагуу төлсөн.
З.К ХХК-ийн зүгээс төлбөр хийсэн 99.300.000 төгрөг бол нэхэмжлэгчийн бодит хийсэн ажлын хөлс болно. Гэрээний дараах заалтуудыг үндэслэн төлбөрийг бүрэн төлж барагдуулсан болно. Үүнд: Гэрээний
2.2-т Ажлын гүйцэтгэлийг АКТ-р хүлээлцэхдээ ажил хүлээлцэх АКТ-н дагуу бичиг баримт бүрдүүлж, фото зураг хавсаргана. /фото зургийг туслан гүйцэтгэгч гаргана./,
3.2-т Энэхүү гэрээ болон гэрээний тусгай нөхцөлд заасан ажлыг хийж дуусгаагүй бол гэрээний төлбөрийг шилжүүлэхгүй бөгөөд гэрээнд заасан ажлаа дуусгаагүй, хүндэтгэх шалтгаангүйгээр ажлаа хаясан бол гэрээнд заасан төлбөрийг шилжүүлэхгүй.,
3.3-т Гэрээний талууд ажлаа дууссаны дараа тооцоо нийлэхэд Ерөнхий гүйцэтгэгч талын инженер заавал байлцах бөгөөд инженер гэрээг дүгнэж, гэрээг дуусгавар болгох тухай баримт үйлдэнэ. Уг баримтад туслан гүйцэтгэгч тал гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно. Инженер гарын үсэг зураагүй тооцоо нийлсэн баримт нь эцсийн баримт болохгүй.
3.5-д Ажлын хөлсийг талууд ажлын гүйцэтгэлийн хувь хэмжээнд тохируулан харилцан тооцож болно. гэж тус тус заажээ.
2. Төлбөр төлсөн талаар:
З.К ХХК-ийн зүгээс гэрээнд заасан төлбөрийг нэхэмжлэгчийн гүйцэтгэлийн хувь хэмжээнд тохируулан бүрэн барагдуулсан болно. Нийт 99.300.000 төгрөгийн төлбөрийг хийснийг нотлох баримтаар энэхүү хариу тайлбартаа хамтад нь шүүхэд гаргаж хавсаргасан болно. /Нийт 37 хуудас болно./
3. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлдээ дурдсан үндэслэлийн талаар:
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл хэсэгтээ ...Гэрээнд заасан ажил үүргийг бүрэн гүйцэтгэж дууссан. Уг барилгыг улсын комисс бүрэн хүлээж авсан байгаа... гэсэн нь тус компани хариуцагчаар татагдах үндэслэл болохгүй юм. Учир нь гэрээний 2.2, 3.2, 3.3, 3.5 дахь заалтуудаар нэхэмжлэгч нь Нэгд: Хийсэн ажлынхаа бүрэн дууссан эсэхээ гэрээнд заасан арга, хэлбэр, нөхцөлөөр баталгаажуулах учиртай. Нэхэмжлэгчээс шүүхэд үүргээ хэрхэн зохих ёсоор гүйцэтгэсэн талаарх нотлох баримтыг гаргаж өгөөгүй байна. Хоёрт: Улсын комисс тухайн барилгыг хүлээн авсан нь нэхэмжлэгч гэрээний үүргээ биелүүлсэн гэсэн нотолгоо биш бөгөөд хариуцагчаас туслан гүйцэтгэгч нарын дутуу орхисон, чанаргүй, алдаатай барилгын ажлыг хийж дуусган хүлээлгэн өгсөн болно. Ц.Х ХХК болон З.К ХХК-ийн хооронд зөвхөн гэрээний эрх зүйн харилцаа үүсэн бөгөөд талууд гэрээний үүргээ харилцан хэрхэн тооцож гүйцэтгэх нь зөвхөн гэрээнд заасан хүрээнд тооцогдоно. Харин тухайн барилгыг улсын комисс хүлээн авсан үйл баримтаар гэрээний үүргээ шударгаар гүйцэтгэсэн гэх дүгнэлт өгөх боломжгүй юм. Талуудын хооронд гэрээ дуусгавар болж, дүгнэх асуудал бол зөвхөн манай 2 хуулийн этгээдийн хоорондох гэрээний нөхцөлд заагдсан хүрээнд хийгдэх учиртай.
Гурав. Нэхэмжлэгчийн гаргасан тооцооны талаар:
Нэхэмжлэгч нэхэмжлэлдээ Харилцагчийн дэлгэрэнгүй тайлан гэх НББ-ийн журнал маягтай баримтыг хавсаргаж 13.300.000 төгрөгийн тооцоолол гаргасан нь нотлох баримтын шаардлага хангахгүй байна. Гэрээгээр талууд хоорондын тооцоогоо харилцан гарын үсэг зурж, баталгаажуулснаар хүчин төгөлдөр болдог.
Нягтлан бодох бүртгэлийн тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-т ...анхан шатны баримт гэж ажил, гүйлгээ гарсныг нотолж бүрдүүлдэг гэрээ, нэхэмжлэх, төлбөр төлсөн баримт болон бусад нотолгоог; 13 дугаар зүйлийн 13.2.-т Аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг мөрдөх анхан шатны баримтын загвар, бүрдүүлэх аргачлалыг санхүү, бүртгэлийн асуудал эрхэлсэн Засгийн газрын гишүүн батална. гэж заасан бөгөөд Сангийн сайдын 2017 оны 347 дугаар тушаалаар Өмчийн бүх хэлбэрийн аж ахуйн нэгж, байгууллагад нийтлэг хэрэглэгдэх анхан шатны бүртгэлийн маягтыг нөхөх заавар-ыг баталсан бөгөөд уг зааврын хавсралтад НХМаягт Т-З-аар Тооцооны үлдэгдлийн баталгаа маягтыг баталсан.
Харин хариуцагчийн шүүхэд гаргаж өгсөн бичиг нь тооцооны үлдэгдлийг нотлохгүй бөгөөд аж ахуйн нэгж дотооддоо хэрэглэдэг, НББ-ийн явц, бүтээгдэхүүний өртөг тооцоход хэрэглэдэг өөрөөр хэлбэл байгууллагын Удирдлагын бүртгэлийн урсгал тооцооны явцыг харуулсан НББ-ийн программын явцыг харуулдаг хуудас байна.
Хариуцагчийн зүгээс гэрээнд заасан үүргээ шударгаар биелүүлсэн бөгөөд нэхэмжлэгчийн үүргээ гүйцэтгэсэн хэмжээнд төлбөрийг зохих ёсоор төлсөн болно.
Манайхаас гаргаж өгсөн баримтаар ажлын хөлсөнд 99.300.000 төгрөг төлсөн, үүнд Б.Б******* шилжүүлсэн 3.000.000 төгрөг багтаж байгаа бөгөөд хэргийн 43 дугаар талд авагдсан 2.700.000 төгрөгийг шилжүүлсэн баримт одоогоор байхгүй байна. Гэрээний 4.11-д барилгын ажлыг гүйцэтгэхэд ажил гүйцэтгэж байгаа тал бүх материалыг гаргана гээд маш тодорхой заасан байхад хэв хашмал түрээсэлсэн төлбөр гэх 1.015.520 төгрөгийг бид хариуцахгүй.
Түүнчлэн 100.000.000 төгрөгийн ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан мөртлөө энэ гэрээнд ямар ч хамааралгүй зуслангийн байшинд хийсэн ажлын хөлс нэмж нэхэмжлэлийн шаардлагаа гаргаж байгаа нь огт үндэслэлгүй байна. Анхны гэрээний үнийн дүнг тодруулаагүй байж тооцоо хийж болохгүй юм.
Иймд дээрх үндэслэлээр Ц.Х ХХК-ийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, гэрчийн мэдүүлэг, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.Х ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г нь хариуцагч З.К ХХК-д холбогдуулан ажил гүйцэтгэх гэрээний үүрэгт 13.300.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагаас хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад 5.000.000 төгрөгөөр багасган, 7.715.520 төгрөг болгож, энэхүү шаардлагаа дэмжсэн болно.
Нэхэмжлэгч Ц.Х ХХК /туслан гүйцэтгэгч/ болон хариуцагч З.К ХХК /ерөнхий гүйцэтгэгч/-ийн хооронд 2017 оны 07 дугаар сарын 06-ны өдөр Чингэлтэй дүүрэг, 19 дүгээр цэцэрлэгийн барилгын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэхээр Барилгын ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан байна.
/I хвтас 5-11 тал/
Дээрх ажлын хүрээнд Ц.Х ХХК нь цэцэрлэгийн барилгын зоорийн давхар, 1, 2 дугаар давхрын барилга угсралтын ажлыг хийж гүйцэтгэх, З.К ХХК нь хөлс төлөхөөр тохиролцсон, гэрээгээр 670 м.кв талбай бүхий зоорийн давхрын үнэ 40.000.000 төгрөг, хугацааг 20 хоног, 670 м.кв талбай бүхий 1 дүгээр давхрын үнэ 35.000.000 төгрөг, хугацааг 15 хоног, мөн талбай бүхий 2 дугаар давхрын үнэ 35.000.000 төгрөг, хугацааг 10 хоног, гэрээний хугацааг 45 хоног, үнэ 100.000.000 төгрөг байхаар тохиролцжээ.
Талууд гэрээний талаар маргаагүй тул зохигчийн хооронд Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д:Ажил гүйцэтгэх гэрээгээр ажил гүйцэтгэгч нь захиалагчийн буюу өөрийн материалаар гэрээнд заасан ажил гүйцэтгэх, захиалагч нь уг ажлын үр дүнг хүлээн авч, хэлэлцэн тохирсон хөлс төлөх үүргийг тус тус хүлээнэ гэж заасан ажил гүйцэтгэх гэрээ байгуулагдсан гэж үзнэ.
Нэхэмжлэгч нь гэрээгээр тохиролцсон ажлын хөлсөнд 100.000.000 төгрөг хүлээн авахаас З.К ХХК-ийн 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр шилжүүлсэн гэх 2.700.000 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн гэх 1.000.000 төгрөг, Б.Б******* шилжүүлсэн гэх 3.000.000 төгрөг, гэрээний 4.11-д заасны дагуу хэргийн 94-98 дугаар талд авагдсан хэв хашмал түрээсэлсэн 1.015.520 төгрөг, нийт 7.715.520 төгрөг хүлээн аваагүй тул гэж тайлбарласан.
Хариуцагч З.К ХХК нь дээрх ажлыг хийж гүйцэтгэсэн хэмжээгээр тооцож төлбөрийг зохих ёсоор төлсөн, ажлын хөлсөнд 99.300.000 төгрөг төлсөн тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлгүй гэж маргажээ.
Хариуцагч нь 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдөр 2.700.000 төгрөгийг Ц.Х ХХК-д цэцэрлэгийн барилгын угсралтанд гэх утгаар шилжүүлсэн гэх,
2018 оны 05 дугаар сарын 22-ны өдөр Бодолын Бямбадоржийн ХААН банк дах 5023209422 тоот дансанд цэцэрлэг каркас материалд утгаар шилжүүлсэн 1.500.000 төгрөг, 2018 оны 05 дугаар сарын 30-ны өдрийн цэцэрлэг угсралт Ц.Х ХХК утгаар шилжүүлсэн 500.000 төгрөг, 2018 оны 10 дугаар сарын 11-ний өдөр Зүр утгаар шилжүүлсэн 500.000 төгрөг, 2018 оны 08 дугаар сарын 15-ны өдөр Ц.Х ХХК материалд утгаар шилжүүлсэн 500.000 төгрөгийг гэрээний үүрэгт шилжүүлсэн гэх байдлыг нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
/хх-ийн 43, 57, 59, 60, 61 тал/
Талууд ажлын хөлсийг нэхэмжлэгчийн ХААН банк ХХК дах 5028586144 тоот данс руу шилжүүлж, хүлээж авсан талаар зохигч маргаагүй бөгөөд 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр дээрх дансанд 1.000.000 төгрөгийг цэцэрлэг ажлын хөлс олгов гэх утгаар шилжүүлсэн болох нь тус банкны шилжүүлгийн мэдээлэл баримтаар тогтоогдож байх ба нэхэмжлэгч нь түүнийг хүлээн аваагүй гэх байдлаа баримтаар нотолсонгүй.
/хх-ийн 53 тал/
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр 1.000.000 төгрөгийг ажлын хөлсөнд хүлээн аваагүй гэх байдлаа, хариуцагч нь гэрч Б.Бямбадоржийн дансанд шилжүүлсэн 3.000.000 төгрөг, 2017 оны 12 дугаар сарын 30-ны өдрийн 2.700.000 төгрөг, нийт 5.700.000 төгрөгийг ажлын хөлсөнд шилжүүлсэн гэх байдлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй.
Түүнчлэн талуудын хооронд байгуулагдсан гэрээний 4 дүгээр зүйлд туслан гүйцэтгэгчийн эрх, үүргийг тодорхойлсон байх ба туслан гүйцэтгэгчийн үүрэг хэсгийн 4.11-д:Гэрээнд заасан ажлыг гүйцэтгэхэд ашиглагдах шпатель, өнхрүүш,багс, резинэн бээлий, цаасны хутга, төрөл бүрийн хэмжээтэй зүсэгч, тайрагчны ир, төрөл бүрийн хэмжээтэй өрөм, отвёрканы толгой, бээлий болон бусад багаж хэрэгсэл, хамгаалалтын малгай, бүс, гар чийдэн зэрэг хөдөлмөр хамгааллын хувцас, хэрэглэлийг өөрөөсөө гаргаж, аюулгүй байдлаа хангаж ажиллана гэж заажээ.
/хх-ийн 8 тал/
Иргэний хуулийн 198 дугаар зүйлийн 198.1-д:Гэрээг тайлбарлахдаа түүний үгийн шууд утгыг анхаарна гэж зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь гэрээний дагуу ажлыг гүйцэтгэхэд ашиглагдах туслах материалыг өөрөө хариуцах үүрэгтэй гэж үзэхээр байх ба хэргийн 94-98 дугаар талд авагдсан бараа материалын түрээсийн үнэ 1.015.520 төгрөгийг хариуцагчаас шаардсан нь үндэслэлгүй болжээ.
Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч З.К ХХК-иас ажлын хөлс болох 5.700.000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч Ц.Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас гэрээний 4.11-д заасны дагуу хэргийн 94-98 дугаар талд авагдсан хэв хашмал түрээсэлсэн 1.015.520 төгрөг, 2018 оны 04 дүгээр сарын 05-ны өдөр шилжүүлсэн гэх 1.000.000 төгрөг, нийт 2.015.520 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгох нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 343 дугаар зүйлийн 343.1-д зааснаар хариуцагч З.К ХХК-иас 5.700.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Х ХХК-д олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 2.015.520 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар хариуцагч З.К ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 106.150 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Х ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 224.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ