Улсын дээд шүүхийн Шүүх хуралдааны тогтоол

2022 оны 10 сарын 04 өдөр

Дугаар 001/ХТ2022/00906

 

С.Цын нэхэмжлэлтэй

иргэний хэргийн тухай

Монгол Улсын дээд шүүхийн шүүгч Б.Мөнхтуяа даргалж, танхимын тэргүүн Г.Алтанчимэг, шүүгч Н.Баярмаа, С.Соёмбо-Эрдэнэ, Х.Эрдэнэсувд  нарын бүрэлдэхүүнтэй тус шүүхийн танхимд хийсэн хяналтын шатны иргэний хэргийн шүүх хуралдаанаар

Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01869 дүгээр шийдвэр,

Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1909 дүгээр магадлалтай,

С.Цын нэхэмжлэлтэй,

“ӨФ” ХХК-д холбогдох,

Гэрээний төлбөрт 39,895,000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлтэй иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингисийн хяналтын журмаар гаргасан гомдлыг үндэслэн танхимын тэргүүн Г.Алтанчимэгийн илтгэснээр хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Батбаатар, нарийн бичгийн дарга Б.Намсрай нар оролцов. ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч С.Ц нь хариуцагч “ӨФ” ХХК-д холбогдуулан гэрээний дагуу орон сууцны төлбөрт төлсөн 39,895,000 төгрөгөө 2016.06.02-ны өдрөөс 2020 оны 4 дүгээр cap хүртэлх 46 сарын хугацаанд нэг жилийн 13 хувийн хүүтэй Худалдаа хөгжлийн банкны хугацаатай хадгаламжид хадгалж байсан бол хүү нь 19,881,000 төгрөг, хүүгийн хүү 2,584,518 төгрөг, нийт 62,369,536 төгрөг болох байсан учир уг мөнгөө хохиролд тооцон гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан, хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг эс зөвшөөрч маргажээ.

2. Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01869 дүгээр шийдвэрээр Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1, 227 дугаар зүйлийн 227.3, 243 дугаар зүйлийн 243.1 дэх хэсэгт заасныг баримтлан хариуцагч “ӨФ” ХХК-аас 39,895,000 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Цд олгож, нэхэмжлэлийн үлдэх 22,474,536 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 56 дугаар зүйлийн 56.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн /357,500+112,500/ 470,000 төгрөгийг улсын төсвийн орлого болгож, хариуцагч “ӨФ” ХХК-аас 357,425 төгрөгийг гаргуулан нэхэмжлэгч С.Цд олгож шийдвэрлэжээ.

3. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1909 дүгээр магадлалаар Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01869 дугаартай шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1” гэснийг “хасч” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гаргасан давж заалдах гомдлыг хангахгүй орхиж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 162 дугаар зүйлийн 162.4 дэх хэсэгт зааснаар давж заалдах шатны шүүхэд гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагчийн төлсөн 357,425 төгрөгийг тус тус улсын орлогод хэвээр үлдээж шийдвэрлэсэн байна.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингис хяналтын журмаар гаргасан гомдолдоо: Анхан шатны шүүхийн шийдвэрийг хянасан давж заалдах шатны шүүхийн магадлалыг 2020.09.22-ны өдөр гардан авч дараах гомдлыг гаргаж байна. Анхан шатны шүүх маргааныг шийдвэрлэхдээ үйл баримтад үндэслэл бүхий дүгнэлт хийж чадаагүй, талуудын хооронд ямар гэрээний үүрэг үүссэн болох, тухайн гэрээгээр хариуцагч “ӨФ” ХХК ямар үүрэг хүлээж байгаа, нэхэмжпэгчийн нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон С.Цт болон “Гариг констракшн” ХХК-ийн хооронд 2016.06.02-ны өдөр байгуулсан “Орон сууц захиалах онцгой гэрээ” гэсэн гэрээний үүргийг “ӨФ” ХХК нэхэмжлэгчийн өмнө хүлээх эсэх талаар шүүх дүгнэлт өгч чадаагүйгээс болж, хариуцагчийн хууль ёсны эрх ашиг сонирхол зөрчигдөж байна.

4.1. Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагад “...“Гариг констракшн” ХХК нь С.Цтай байгуулсан гэрээнийхээ дагуу орон сууцны 1 кв.м талбайн үнийг 790,000 төгрөгөөр нийт 39,895,000 төгрөг байхаар тооцсон ба захиалагч С.Ц нь “Гариг констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 46101142 дугаар дансанд 32,232,000 төгрөгийг 2016.06.02-ны өдөр бүрэн төлсөн...” гэж нэхэмжлэлийн шаардлагаа тодорхойлсон байдаг. Үүнээс дүгнэвэл 2016.05.28-ны өдөр “Гариг констракшн” ХХК болон “ӨФ” ХХК-ийн хооронд байгуулсан №09 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-ний 2.3-т “...байрны 1м2-ын үнийг 1,200,000 төгрөг...” байхаар тохиролцсон бөгөөд уг гэрээг үндэслэн С.Цтай №09/03 дугаартай гэрээг байгуулсан ба тус гэрээнд 1м2-ын үнийг тогтоогоогүй байгаа нь үндсэн гэрээ болох №09 дугаартай гэрээний үнээр буюу 1м2-ын үнийг 1,200,000 төгрөг болох нь Иргэний хуулийн 344 дүгээр зуйлийн 344.2-т “Ажил гүйцэтгэсний хөлсийг талууд тохиролцоогүй боловч гүйцэтгэсэн ажлын шинж, ажил гүйцэтгэх болсон нөхцөл байдал зэргээс шалтгаалан захиалагч тухайн төрлийн ажил гүйцэтгэхэд мөрддөг эрх бүхий байгууллагаас баталсан жишиг үнэлгээний жагсаалт байвал тухайн жагсаалтыг үнэслэн, тийм жагсаалт байхгүй бол тухайн үеийн зах зээлийн дундаж үнэлгээгээр бодож хөлс төлнө.” гэж зааснаар тогтоогдож байна. Гэвч “Гариг констракшн” ХХК нь С.Цтай 2016.06.02-ны өдөр №1 блок “Орон сууц захиалах онцгой гэрээ” гэх гэрээг байгуулан орон сууцны 1 кв.м талбайн үнийг 790,000 төгрөгөөр байхаар С.Цтай тохиролцжээ. 2016.05.27-ны өдрийн №09, 2016.06.02-ны өдрийн №09/03 дугаартай “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-нүүдээр орон сууц захиалгын үнийг тогтоох эрхийг “Гариг констракшн” ХХК-д олгох тухай ямар ч зохицуулалт байхгүй байхад “Гариг констракшн” ХХК болон С.Цт нарын хооронд байгуулсан Орон сууц захиалах онцгой гэрээний үүргийн гүйцэтгэлийн “ӨФ” ХХК-аас шаардаж дүгнэлт хийсэн нь үндэслэлгүй байна.

4.2. “ӨФ” ХХК болон “Гариг констракшн”ХХК-ийн хооронд ажил гүйцэтгэх гэрээ байгуулсан. Харин захиалагч “Гариг констракшн” ХХК нь өөрийн захиалсан орон сууцны захиалагчийн эрхийг иргэн С.Цд шилжүүлэх хүсэлт гаргасны дагуу иргэн С.Ц болон “Гариг констракшн” ХХК-тай 2016.06.02-ны өдөр “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулсан. Тухайн гэрээнд Захиалагч тал гэдэг хэсэгт С.Цт болон “Гариг констракшн” ХХК нар нь гарын үсэг зурсан байгаагаар нотлогдоно. Гэтэл ажил гүйцэтгэгч гэрээний 2 захиалагч нь хоорондоо орон сууц худалдах, худалдан авах талаар тохиролцож орон сууц захиалах онцгой гэрээ гэх гэрээг байгуулан өөрсдөө орон сууцны үнийг тогтоогоод байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

4.3. Нөгөөтэйгүүр ажил гүйцэтгэх гэрээний захиалагч “Гариг констракшн” ХХК нь захиалагчийн эрхээ дангаараа гуравдагч этгээдэд шилжүүлэхдээ ашиглалтанд ороогүй байсан орон сууцны захиалгын үнийг бууруулан байгуулсан гэрээний /Орон сууц захиалах онцгой гэрээ/ үүргийг “ӨФ” ХХК хариуцахгүй.

4.4. Шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт “... нэхэмжпэгч нь “Гариг юнстракшн” ХХК-тай 2016.06.02-ны өдөр №1 блок орон сууц захиалах онцгой гэрээ гэж нэрлэгдсэн гэрээг байгуулж, гэрээнд нэг м.кв талбайн үнийг 790,000 төгрөг, 2 өрөө буюу 50.5 м.кв талбайн нийт үнэ 39,895,000 төгрөг байхаар харилцан тохиролцсон бөгөөд уг мөнгийг төлсөн талаар баримт хэрэгт авагджээ /хх-ийн 7-8, 11 дэх тал/

Талуудын хооронд байгуулагдсан дээрх гэрээг Иргэний хуулийн 274 дүгээр зүйлд заасан арилжааны гэрээ байгуулагдсан гэж дүгнэлээ. Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.3 дахь хэсэгт заасан арилжааны гэрээнд худалдах худалдан авах гэрээний талаарх мөн хуулийн холбогдох заалтууд нэгэн адил хамаарна гэж дүгнэсэн атлаа “Гариг констракшн” ХХК болон С.Ц нарын хооронд байгуулсан орон сууц захиалах онцгой гэрээ буюу шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсэгт дүгнэснээр арилжааны гэрээний үүргийг ажил гүйцэтгэгч буюу “ӨФ” ХХК-ийг хариуцуулахаар шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй дүгнэлт болж чадаагүй байна. Учир нь талуудын хооронд арилжааны гэрээ байгуулагдсан гэж үзвэл тухайн цаг хугацаанд гэрээний зүйл болох эд хөрөнгө буюу 50.5 м.кв 2 өрөө байр нь Иргэний хуулийн 243, 260 дугаар зүйлд заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулж болох хөрөнгө байх ёстой ба тодруулбал Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 182 дугаар зүйлд тус тус зааснаар тухайн хөрөнгө нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй байхыг шаардах бөгөөд эд хөрөнгө болон түүнтэй холбоотой эрхийг улсын бүртгэлд бүртгүүлэх боломжтой байх хуулийн урьдчилсан нөхцөлийг хангасан байхыг шаарддаг. Гэвч маргаан бүхий хөрөнгө нь тухайн үед дээр хуулийн урьдчилсан нөхцөлүүдийг хангаагүй байсан. Мөн нэхэмжлэгч С.Ц нь №1 орон сууц захиалах онцгой гэрээний 2.1, 2.2 дахь хэсэгт зааснаар тус гэрээний үүрэг болох 50.5 м.кв 2 өрөө орон сууцны нийт үнэ гэх 39,895,000 төгрөгийг 2016.06.02-ны өдөр “Гариг констракшн” ХХК-ийн Худалдаа хөгжлийн банк дахь төгрөгийн 46101142 дугаар дансанд төлсөн /хх-ийн 10 дахь тал/, тус гэрээний хавсралтад нэхэмжлэгч С.Цыг гэрээний үүргээ гүйцэтгэж 39,895,000 төгрөгийг “Гариг констракшн” ХХК-д шилжүүлсэн болохыг нотолсон баримтыг гараар бичиж гэрээнд хавсаргасан /хх-ийн 9 дэх тал/ зэрэг нотлох баримтууд хэрэгт авагдсан. Эдгээр нотлох баримтууд нь нэхэмжлэгч С.Цыг №1 орон сууц захиалах онцгой гэрээний үүргийг “Гариг констракшн” ХХК-д гүйцэтгэсэн болохыг, харин “ӨФ” ХХК-тай байгуулсан 09/03 дугаар орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээний үүргийг гүйцэтгээгүй болохыг нотлох санхүүгийн баримтууд байсаар байтал С.Ц болон “Гариг констракшн” ХХК нарын хооронд байгуулсан 2 талт гэрээний үүргийг “ӨФ” ХХ-д хариуцуулан шийдвэрлэсэн нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 40 дүгээр зүйлийн 40.2-т “...Нотлох баримтыг тухайн хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, үнэн зөв, эргэлзээгүй талаас нь үнэлнэ...” мөн зүйлийн 40.3-т “...Шүүхэд урьдаас хөдөлбөргүй үнэн гэж тогтоогдсон ямар ч нотлох баримт байж болохгүй...” гэж заасныг зөрчиж, хуулийг буруу тайбарлан шийдвэрлэсэн.

Мөн Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1909 дугаар магадлалын тогтоох хэсгийн 1-т “...Иргэний хуулийн 274 дүгээр зүйлийн 274.1” гэснийг “хасч” гэж өөрчилж шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээж,...” гэж шийдвэрлэсэн нь хэрэглэвэл зохих ямар хуулийг хэрэглэж байгаа нь тодорхойгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн анхан шатны шүүхийн шийдвэрийг хэрхэн шийдвэрлэсэн ойлгомжгүй байгаа нь хариуцагчийн хууль ёсны эрх, ашиг сонирхлын ноцтой зөрчсөн шийдвэр болж байна.

Иймд дээрх үндэслэлүүдээр анхан шатны шүүхийн шийдвэр, давж заалдах шатны шүүхийн магадлалыг тус тус хүчингүй болгож, хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

ХЯНАВАЛ:

5.Хариуцагчийн гомдлыг хангах үндэслэлгүй гэж үзлээ.

6.С.Ц нь “Өнгөт фасад” ХХК-д холбогдуулан 62,369,536 төгрөг гаргуулах шаардлага бүхий нэхэмжлэл гаргаж, үндэслэлээ тайлбарлахдаа “...50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг худалдан авахаар тохиролцож, гэрээ байгуулсан өдөр мөнгийг бүрэн төлсөн, орон сууцыг өөр этгээдэд худалдсан байх тул үнэ 39,895,000 төгрөг, уг мөнгийг банкинд 46 сарын хугацаатай, нэг жилийн 13 хувийн хүүтэй хадгалуулахад олох байсан орлого 22,465,356 төгрөг тус тус гаргуулна” гэжээ.

“Өнгөт фасад” ХХК нэхэмжлэлийг зөвшөөрөөгүй, “...манай компани болон “Гариг Констракшн” ХХК-ийн хооронд байгуулагдсан хамтран хөрөнгө оруулах зорилготой гэрээ цуцлагдсан тул нэхэмжлэгчтэй байгуулсан гэрээг мөн цуцалсан, орон сууцны үнийг С.Ц нь “Гариг Констракшн” ХХК-д төлсөн, иймээс манайх хариуцахгүй” гэж маргасан байна.

7.Анхан шатны шүүх нэхэмжлэлийн зарим хэсгийг хангаж шийдвэрлэснийг давж заалдах шатны шүүх хянаж, шийдвэрт хууль хэрэглэх асуудлаар өөрчлөлт оруулжээ.

8.Хэргийн баримт, зохигчийн тайлбараас үзвэл, 2016.06.02-ны өдөр нэг талаас “Гариг Констракшн” ХХК болон “Өнгөт Фасад” ХХК, нөгөө талаас С.Ц нар “Орон сууц захиалагчтай байгуулах хөрөнгө оруулалтын гэрээ”-г байгуулж, Сүхбаатар дүүрэг, 9 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлалтай “Монтед цогцолбор” хорооллын 1-р блок байрны 50.5 м.кв талбайтай 2 өрөө орон сууцыг 39,895,000 төгрөгөөр худалдах-худалдан авахаар тохиролцсон, гэрээний 3.1-т зааснаар С.Ц нь орон сууцны үнэ болох 39,895,000 төгрөгийг “Гариг Констракшн” ХХК-д төлөхөөр тохиролцож, мөн өдрөө уг мөнгийг шилжүүлсэн нь тогтоогджээ.

9.Зохигчийн хооронд байгуулсан гэрээ нь Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах-худалдан авах гэрээний шинжтэй, уг гэрээ хүчин төгөлдөр тухай хоёр шатны шүүхийн дүгнэлт хуульд нийцсэн байна.

Харин анхан шатны шүүх зохигчийн хооронд худалдах-худалдан авах гэрээ байгуулагдсан гэсэн атлаа шийдвэртээ арилжааны гэрээний зохицуулалтыг хэрэглэсэн нь буруу болсныг давж заалдах шатны шүүх залруулж шийдвэрт өөрчлөлт оруулсан нь үндэслэлтэй болжээ.

10.Иргэний хуулийн 241 дүгээр зүйлийн 241.1-д “хэд хэдэн этгээд үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь ...үүрэг гүйцэтгэгчээс шаардах эрхтэй бөгөөд үүрэг гүйцэтгэгч үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь ...хүлээлгэн өгөх үүрэгтэй бол тэдгээрийг бүрэн эрх бүхий хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид гэнэ.” гэж заасан. “ӨФ” ХХК болон “Гариг Констракшн” ХХК хамтран хөрөнгө оруулж барилга барихаар тохиролцсоны дагуу хоёул гэрээний нэг тал болж (худалдагч) нэхэмжлэгч С.Цтай (худалдан авагч) худалдах-худалдан авах гэрээ байгуулснаар орон сууцны үнийг шаардах эрхийн хувьд хамтран үүрэг гүйцэтгүүлэгчид мөн юм.

Гэвч зохигчийн хооронд байгуулагдсан гэрээнд С.Ц нь орон сууцны үнийг “Гариг Констракшн” ХХК-д төлөхөөр заасны дагуу мөнгийг төлснийг Иргэний хуулийн 211 дүгээр зүйлийн 211.1-д зааснаар С.Цыг “ӨФ” ХХК болон “Гариг Констракшн” ХХК-ийн өмнө хүлээсэн үүргээ биелүүлсэнд тооцно.

11.Иргэний хуулийн 242 дугаар зүйлийн 242.1-д “үүрэг гүйцэтгэгчдийн хэн хэн нь үүргийн гүйцэтгэлийг үүрэг гүйцэтгүүлэгчид бүхэлд нь... хүлээлгэн өгөх, үүрэг гүйцэтгүүлэгч нь үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь... үүрэг гүйцэтгэгч тус бүрээс шаардах эрх бүхий этгээд байвал хамтран үүрэг гүйцэтгэгчид гэнэ” гэж, 242.3-т “үүрэг гүйцэтгүүлэгчид нь өөрийн үзэмжээр аль ч үүрэг гүйцэтгэгчээс үүргийн гүйцэтгэлийг бүхэлд нь...шаардаж болох бөгөөд үүргийг бүхэд нь гүйцэтгэх хүртэл үүрэг гүйцэтгүүлэгчийн хүлээсэн үүрэг хүчин төгөлдөр хэвээр байна” гэж тус тус заасан байна.

Хуулийн энэхүү зохицуулалтын агуулгаас үзэхэд С.Цын өмнө орон сууцыг хүлээлгэн өгөх үүргийг “ӨФ” ХХК болон “Гариг Констракшн” ХХК хамтран хүлээсэн бөгөөд энэ гэрээний гүйцэтгэл, үүнээс үүдэн гарсан шаардлагаа нэхэмжлэгч нь нэг үүрэг гүйцэтгэгч буюу “ӨФ” ХХК-д холбогдуулж гаргасан нь хууль зөрчихгүй гэж үзнэ.

Дээр дурдсанаар “мөнгийг манай компанид төлөөгүйгээс нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй, 2 компанийн хоорондох хөрөнгө оруулалтын гэрээ цуцлагдсан” гэх хариуцагч “ӨФ” ХХК-ийн татгалзал үндэслэлгүй.

11. Худалдах-худалдан авах гэрээний зүйл болсон орон сууцыг хариуцагч нь бусдад худалдсанаас нэхэмжлэгч үүргийн гүйцэтгэлийг шаардах боломжгүй болсноос тэрээр гэрээнээс татгалзаж, мөнгөө буцаан шаардах эрхтэй байна.

Иймд орон сууцны үнэд төлсөн 39,895,000 төгрөгийг буцаан гаргуулж энэ нэхэмжлэлийг хангасан шүүхийн дүгнэлт Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 242 дугаар зүйлийн 242.1, 205 дугаар зүйлийн 205.1-д заасныг зөрчөөгүй гэж үзэв.

12.Хохирол гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг шүүх хэрэгсэхгүй болгосон шийдэлд нэхэмжлэгч хяналтын журмаар гомдол гаргаагүй тул энэ талаар дүгнэлт хийх шаардлагагүй байна.

13.Давж заалдах шатны шүүх шийдвэрт өөрчлөлт оруулахдаа найруулгын алдаа гаргасан байх тул энэ үндэслэлээр шийдвэр, магадлалд зохих өөрчлөлт оруулав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 176 дугаар зүйлийн 176.2.2 дэх хэсэгт заасныг удирдлага болгон ТОГТООХ НЬ:

1. Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн 2020 оны 09 дүгээр сарын 09-ний өдрийн 1909 дүгээр магадлалын тогтоох хэсгийн 1 дэх заалт, Сүхбаатар дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 07 дугаар сарын 21-ний өдрийн 181/ШШ2020/01869 дүгээр шийдвэрийн тогтоох хэсгийн 1 дэх заалтын “274 дүгээр зүйлийн 274.1” гэснийг хасч шийдвэр, магадлалын бусад заалтыг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн гомдлыг хангахгүй орхисугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.4-т заасныг баримтлан хяналтын журмаар гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид хариуцагч “ӨФ” ХХК /итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Чингис/-ийн 2020.10.05-ны өдөр 357,425 төгрөг төлснийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                     Б.МӨНХТУЯА

ТАНХИМЫН ТЭРГҮҮН                                 Г.АЛТАНЧИМЭГ

ШҮҮГЧИД                                                       Н.БАЯРМАА

С.СОЁМБО-ЭРДЭНЭ

Х.ЭРДЭНЭСУВД