| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Рашзэвэгийн Мөнх-Эрдэнэ |
| Хэргийн индекс | 176/2019/0295/Э |
| Дугаар | 2020/ДШМ/02 |
| Огноо | 2020-01-09 |
| Зүйл хэсэг | 11.4.1., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 09 өдөр
Дугаар 2020/ДШМ/02
Г.Э-д холбогдох эрүүгийн хэргийн
тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Ц.Өрнөндэлгэр даргалж, шүүгч Т.Энхмаа, шүүгч Р.Мөнх-Эрдэнэ нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай,
Шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн,
Шүүгдэгч Г.Э-,
Нарийн бичгийн дарга Б.Гандирмаа нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Ц.Отгонжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 800 дугаар шүүгчийн захирамжтай Г.Э-д холбогдох 1834008630231 дугаартай 2 хавтас, 262 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2019 оны 12 сарын 10-ны өдөр хүлээн авч, шүүгч Р.Мөнх-Эрдэнийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Хоохор овгийн Гантөмөрийн Э-, 1979 оны 05 дугаар сарын 25-ны өдөр төрсөн, 40 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, эрхэлсэн тодорхой ажилгүй, Төв аймгийн Лүм сумын 1 дүгээр багт оршин суух хаягтай, урьд ял шийтгэл эдэлж байгаагүй, регистрийн дугаар:_________,
Шүүгдэгч Г.Э- нь Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутагт 2018 оны 10 дугаар сарын 26-ны орой гэртээ Д.Ганбаттай бэлчээрт буулгах, буулгахгүй гэх маргаанаас үүдэн муудалцаж улмаар түүнтэй барилцаж авч түлхэж унагаан “гавлын орой ясны цөмөрсөн ил хугарал, хуйхан доорх булчингийн тасрал, толгойн хуйханд шарх, тархины хатуу хальсны цоорол, тархины хатуу хальсан дээрх/эпидурал/ ялтаслаг цусан хураа” бүхий хүнд хохирол санаатай учруулсан, мөн зодооны үеэр Д.Ганбатын нүүрэн тус газар цохиж зодож, эрүүл мэндэд нь “зүүн хацар ясны нумны хугарал” бүхий хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн энэ үедээ “хамар ясны хажуу ханын хугарал, зүүн нүдний ухархайн дотор ханын цөмөрсөн хугарал, зүүн нүдний зовхи, доод уруулд зөөлөн эдийн няцрал, цус хуралт, тархи доргилт” бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн прокурорын газраас шүүгдэгч Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, мөн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар тус тус холбогдуулж, яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 800 дугаар шүүгчийн захирамжаар:
Шүүгдэгч Г.Э-д холбогдох эрүүгийн 1834008630231 дугаартай хэргийг Төв аймгийн Прокурорын газарт буцааж, Эрүүгийн хэрэг Төв аймгийн Прокурорын газарт очтол яллагдагч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор М.Гансувд бичсэн эсэргүүцэлдээ: “...Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдөр хянан хэлэлцээд, хэргийг прокурорт буцааж шийдвэрлэжээ.
Шүүгдэгч Г.Э-д холбогдох хэргийг прокурорт буцаасан шүүгчийн 800 дугаартай захирамж нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт "Шүүхийн шийдвэр нь тодорхой, ойлгомжтой, түүнийг биелүүлэхэд ямар нэгэн эргэлзээ төрүүлэхгүй байхаар бичигдсэн байна" гэж заасан хуулийн шаардлагыг зөрчиж гарсан байна.
Учир нь шүүхээс захирамжиндаа дараах үндэслэлүүдийг зааж, хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй гэж үзэж байна.Үүнд:
1. "...Прокурорын 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 278 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 -угаар зүйлийн 4 дэх хэсэпг "энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно" гэснийг орхигдуулсан нь шүүгдэгч Г.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг орхигдуулсан тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол, 2019 оны 9 сарын 10-ны өдрийн 278 дугаартай яллах дүгнэлт нь агуулгын хувьд зөрүүтэй байна..." гэсэн нь ойлгомжгүй, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан заалт нь журамлах, баримтлах заалт биш бөгөөд яллах дүгнэлт, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай прокурорын тогтоолууд нь агуулгын хувьд зөрүүтэй зүйл байхгүй болно.
2. "...хохирогч Д.Ганбатын эрүүл мэндэд учирсан гэх хөнгөн, хүндэвтэр, хүнд хохирол учирсан цаг хугацаа, гэмт хэрэг гарсан байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн шалтгаан нөхцлийг...тогтоох нь зүйтэй...шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй байна..." гэсэн заалт нь үндэслэлгүй, шүүх бүрэлдэхүүн нь хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтуудад авагдсан үйл баримтыг бодитоор үнэлж дүгнээгүй байна гэж үзэхээр байна.
Уг заалтын дагуу хэрэгт нотолбол зохих байдлуудыг шалгаж тогтоосон болно.
3. "...хохирогч Д.Ганбатын эрүүл мэндэд учирсан олон тооны гэмтэл гэмтлүүд нь нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасан "Энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно" гэж дүгнэх үндэслэлгүй байх тул Төв аймгийн Прокурорын газрын 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай тогтоол нь хэрэгт авагдсан гэрч хохирогч нарын хэрэг гарсан цаг хугацаа, хохирогчийн эрүүл мэндэд учирсан гэмтлийг тогтоосон шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсан учирсан олон тооны гэмтлүүдийн талаар болон хохирогчийн биед ямар гэмтэл хэзээ учирсан байсан талаар мэдүүлсэн мэдүүлгээс зөрүүтэй байгаа нь хохирогчийн эрхзүйн байдлыг дордуулсан, хууль бусаар хязгаарласан гэж үзэх үндэслэл болох тул эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг сэжигтнийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 30.17 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан эрүүгийн хуулийн ямар зүйл, хэсэг, заалтад заасан гэмт хэрэгт буруутгаж байгаа тухай заах хуулийн шаардлагад нийцүүлэн үйлдэж ирүүлвэл зохино" гэсэн нь биелүүлэхэд эргэлзээтэй, үүний дагуу ямар ажиллагаа хийх нь ойлгомжгүй болжээ.
Прокуророос гаргасан Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан 1834008630231 дугаартай тогтоол, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгосон яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 2019 оны 08 дугаар сарын 23-ны өдрийн 51 дугаартай тогтоол зэрэгт шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэргийг дээрх Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан зүйл хэсэг, заалтаар зүйлчилж, яллагдагчаар татаж байгаа талаар тодорхой дурдсан байхад прокурорын тогтоолын тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн зүйл хэсэг, заалтыг бичээгүй мэтээр хэргийг буцаасан нь хууль зүйн үндэслэлгүй.
Мөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх заалтад "яллагдагчийн үйлдсэн гэмт хэргийн шинж нь Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэх" гэсэн хуулийн заалтын дагуу прокуророос 278 дугаартай яллах дүгнэлтийн тогтоох хэсэгт Г.Э-г ямар хэрэгт, Эрүүгийн хуулийн зүйл хэсгээр яллагдах болохыг тодорхой, ойлгомжтой бичснийг шүүхээс хууль зөрчсөн гэж үзснийг хүлээн авах боломжгүй байна.
Хохирогч Д.Ганбат нь шүүхийн шатанд өөрийнх нь эрхийг зөрчсөн, хууль бусаар хязгаарласан талаар ямар нэгэн гомдол гаргаагүй болохыг дурьдах нь зүйтэй байна.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт "Анхан шатны журмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа нь тухайн шүүгдэгчийн хувьд прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагдана" гэж заасны дагуу прокуророос Г.Э-д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.4 дүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайг тогтоолгохоор яллах дүгнэлт үйлдэж шилжүүлсэн хэргийн хэмжээний дотор эцэслэн шийдвэрлэх боломжтой байсан.
Иймд Төв аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 800 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгуулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар прокурорын эсэргүүцэл бичив.” гэжээ.
Дөвж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтэндээ: Анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 04-ний өдрийн 800 дугаартай шүүгчийн захирамжийг хүчингүй болгож, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон хохирогчийн өмгөөлөгч Б.Баярмагнай гаргасан тайлбартаа: Прокурорын эсэргүүцлийг дэмжиж оролцож байгаа. Ганбатын биед учирсан гэмтлүүд нь тогтоогдсон. Шүүгдэгч хөнгөн, хүндэвтэр гэмтлүүд учруулснаа зөвшөөрдөг. Харин хүнд гэмтэл учруулснаа хүлээн зөвшөөрдөггүй. Үүнийг мөрдөн байцаалтанд дахин буцааснаар тогтоох боломжгүй. Иймд шүүгчийн 800 дугаартай захирамжийг хүчингүй болгон, дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү гэв.
Давж заалдах шатны шүүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч М.Мэндсүрэн гаргасан саналдаа: Шүүгчийн захирамжийг дэмжиж байна. Энэ захирамж үндэслэлтэй гарсан. Хэрэг хангалттай нотлогдоогүй гэж үзэж байна. Хохирогч, хохирогчийн амнаас дам сонссон гэрч нарын мэдүүлгээр буруутгаж байгааг хүлээн зөвшөөрөхгүй гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх яллагдагч Г.Э-д холбогдох эрүүгийн 1834008630231 дугаартай хэргийг хянан хэлэлцэхдээ прокурорын гаргасан эсэргүүцлээр хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянаж үзлээ.
Анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь хууль ёсны ба үндэслэл бүхий гарсан байна.
Прокурорын 2019 оны 08 сарын 23-ны өдрийн 51 дугаартай “Яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай” тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг үндэслэн Төв аймгийн прокурорын газрын хяналтын прокурор М.Гансувдын 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 1834008630231 дугаартай тогтоолын тогтоох хэсэгт “Д.Э- нь Төв аймгийн Лүн сумын 2 дугаар багийн нутагт 2018 оны 10 дугаар сарын 28-ны орой гэртээ Д.Ганбаттай бэлчээрт буулгах, буулгахгүй гэх маргаанаас үүдэн муудалцаж улмаар түүнтэй барилцан авч, түлхэж унагаан хүнд гэмтэл санаатай учруулсан, мөн уг зодооны үеэр Д.Ганбатын нүүрэн тус газар нь цохиж, зодож эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан, мөн энэ үедээ хөнгөн хохирол учруулсан гэмт хэргийг тус тус үйлдсэн гэж үзэх үндэслэлтэй байх тул Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1, 11.4 пүгээр зүйлийн 1, 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсугай” гэж тус тус нэмэлт өөрчлөлт оруулжээ.
Прокурорын 2019 оны 09 сарын 10-ны өдрийн 278 дугаартай яллах дүгнэлтийн тэмдэглэх болон тогтоох хэсэгт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт "энэ хуулийн тусгай ангид заасан хэд хэдэн гэмт хэргийн шинжийг нэг удаагийн үйлдэл, эс үйлдэхүйгээр хангасан байвал хэд хэдэн гэмт хэрэг үйлдсэнд тооцно." гэснийг орхигдуулж, шүүгдэгч Г.Э-гийн үйлдсэн гэмт хэргийн шинжийг Эрүүгийн хуульд заасан ямар зүйл, хэсэг, заалтаар зүйлчлэгдэхийг тусгаагүй нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 32.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн 4.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангаагүй, эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татсан тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулах тухай тогтоол, 2019 оны 9 сарын 10-ны өдрийн 278 дугаартай яллах дүгнэлт нь агуулгын хувьд зөрүүтэй байна..." гэсэн анхан шатны шүүхийн дүгнэлтийг буруутгах үндэслэлгүй байна.
Шинжээчийн дүгнэлтүүдэд тусгагдсан хохирогч Д.Ганбатын эрүүл мэндэд учирсан олон тооны гэмтлүүдийг яллагдагч Г.Э- нь нэг удаагийн үйлдэл буюу эс үйлдэхүйгээр учруулсан буюу Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасны дагуу яллагдагчаар татах тогтоолд нэмэлт өөрчлөлт оруулсан нь хохирогчийн эрх зүйн байдлыг дордуулсан, хууль бусаар хязгаарласан гэж үзэн эрүүгийн хэрэг үүсгэж, яллагдагчаар татах тогтоолыг хуулийн шаардлагад нийцүүлэн үйлдэж ирүүлэхийг заасан анхан шатны шүүхийн шүүгчийн захирамж нь үндэслэлтэй гарсан байна. Прокурорын хяналтын шатанд яллагдагч Г.Э-гийн нэг удаагийн үйлдлээс болж хохирогч Д.Ганбатын эрүүл мэндэд хүнд, хүндэвтэр, хөнгөн хохирол учирсан мэтээр дүгнэлт хийж, яллагдагчаар татах тогтоолд нэмэлт, өөрчлөлт оруулсан нь шүүх прокуророос шилжүүлсэн хэргийн хүрээнд яллагдагч Г.Э-гийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэх боломжгүй нөхцөл байдлыг бий болгож байна.
Иймд прокурорын гаргасан эсэргүүцлийг хэрэгсэхгүй болгож, анхан шатны шүүхийн шүүгчийн захирамжийг хэвээр үлдээхээр давж заалдах шатны шүүх шийдвэрлэв.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.1-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 04-ний өдрийн 800 дугаар шүүгчийн захирамжийг хэвээр үлдээж, хяналтын прокурор М.Гансувдын гаргасан эсэргүүцлийг хэрэсэхгүй болгосугай.
2. Хэргийг прокурорт очтол яллагдагч Г.Э-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Ц.ӨРНӨНДЭЛГЭР
ШҮҮГЧИД Т.ЭНХМАА
Р.МӨНХ-ЭРДЭНЭ