Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0433

 

 

 

 

“Тб и” ХХК-ийн

нэхэмжлэлтэй захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Л.Одбаатар

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл

Давж заалдах гомдол гаргасан: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, М.Мз

Нэхэмжлэгч: “Тб и” ХХК

Хариуцагч: Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам

Нэхэмжлэлийн шаардлага: “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/5239 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” шийдвэрээр татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид “Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”-ийг 5 жилийн хугацаатай олгохыг хариуцагчид буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 383 дугаар шийдвэртэй,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М, түүний өмгөөлөгч Б.Аж

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2025/1069/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 383 дугаар шийдвэрээр:

Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2, 37.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.1, 8.1.1.5 дах хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч “Тб и” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохгүй байгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, “Тб и” ХХК-нд Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгаж шийдвэрлэжээ.

2.Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.М дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

“... А.М миний бие "Тб и" ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамд холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр оролцож байгаа тул Нийслэлийн Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0383 дугаартай шийдвэрийн зарим хэсгийг эс зөвшөөрч энэхүү гомдлыг гаргаж байна.

2.1.Анхан шатны шүүх хэрэгт авагдсан нотлох баримт, талуудын тайлбарыг үндэслэн хэрэгт авагдсан нотлох баримтыг үндэслэл бүхий үнэлж нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан хэдий ч шүүхийн шийдвэрийн үндэслэх хэсгийн 17-д "... Нэхэмжлэгчид аюултай хог хаягдал   тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэлээ. Шүүхээс хариуцагч захиргааны байгууллагад "Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл"-ийг 5 жилийн хугацаатай олгох"-ыг шууд даалгах боломжгүй, тухайлбал, захиргааны байгууллагын өөрийн эрх хэмжээний хүрээнд хамаарах үйл ажиллагаанд шүүх хөндлөнгөөс шууд оролцохгүй тул нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд дүгнэж, Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг нэхэмжлэгчид олгох асуудлыг шийдвэрлэхийг хариуцагчид даалгаж шийдвэрлэсэн болохыг дурдах нь зүйтэй." гэсэн нь үндэслэлгүй байгаа тул энэхүү гомдлыг гаргаж байгаа билээ.

2.2.Тодруулбал нэхэмжлэгч нь өөрийн үйл ажиллагаа явуулах, хуулийн дагуу тусгай зөвшөөрөл авах хууль ёсны эрхээ сэргээлгэхээр шүүхэд нэхэмжлэл гаргасан бөгөөд шүүхээс нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн гэж дүгнэсэн атлаа хариуцагчид асуудлыг шийдвэрлэхийг даалгаж шийдвэрлэсэнд гомдолтой байна. Учир нь өнөөдрийг болтол хариуцагч нь манай компанийн тусгай зөвшөөрлийг олох эсэх асуудлыг шийдвэрлэхгүй хууль бус шаардлага тавьсаар ирсэн үйлдэл нь хууль бус болохыг шүүхээс тогтоосон атлаа цаашид хэдий хугацаанд үргэлжлэх нь тодорхойгүй байхад шүүхээс захиргааны байгууллагын эрх хэмжээний асуудалд оролцохгүй гэж зүгээр л ".., асуудлыг шийдвэрлэ" гэж хууль бус үйл ажиллагааг нь үргэлжлүүлэх боломжийг бий болгосон шийдвэрийг гаргасанд гомдолтой байна.

2.3.Хуулийн дагуу тусгай зөвшөөрөл олгох шаардлагыг хангасан, шүүхээс хариуцагчийн үйлдэл хууль бус болохыг тогтоосон байхад шүүхээс түүнийг олгохыг даалгах нь шүүхээс захиргааны байгууллагын эрх хэмжээний хүрээнд хамаарах үйл ажиллагаанд шүүх хөндлөнгөөс оролцсон гэж үзэх үндэслэлгүй бөгөөд шүүхээс хуулийн дагуу шийдвэр гаргахгүй байгаа нь хууль бус болохыг тогтоосон бол уг захиргааны актыг гаргуулахаар эрх бүхий байгууллагад даалгаж шийдвэрлэх нь шүүхийн үйл ажиллагаа, мөн шүүхийн үндсэн зорилго болох иргэн, хуулийн этгээдийн зөрчигдсөн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг сэргээх ажиллагаанд хамаарна гэж үзэж байна.

2.4.Хэргийн тухайд шүүхээс нэхэмжлэгчээс гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангасан, нэхэмжлэлийн шаардлагын гол үндэслэл нь Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д "Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага энэ хуулийн 12.1-д заасан мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэхэд дараахь төрлийн зөвшөөрөл олгоно", 37.4-д "Энэ хуулийн 37.3-т заасан хугацаанд явуулсан үйл ажиллагаа, технологийн горим, хяналт-шинжилгээний дүнг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгоно", Зөвшөөрлийн тухай хуулийн 8.1 дүгээр зүйлийн 8.1.1-д "Байгаль орчны чиглэлээр доор дурдсан үйл ажиллагааг тусгай зөвшөөрөлтэйгөөр эрхлэх бөгөөд дараах этгээд олгоно", 1.5 дахь хэсэгт "Аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг Байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага" гэж тус тус зохицуулсан хуулийн дагуу манай компани Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлд 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25/13, 2025 оны 03 сарын 20-ны өдрийн 25/24 албан бичгүүдээр "Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн хугацаатай тусгай зөвшөөрөл" хүсэж холбогдох материалын хамт хүргүүлсэн.

2.5.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр нийт 2 удаагийн хурлаар манай компанид тусгай зөвшөөрөл олгох эсэхийг хэлэлцэгдэж ".., 5 жилийн хугацаагаар тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн" уг шийдвэр өнөөдрийг болтол хүчин төгөлдөр байгаа талаар гэрчийн мэдүүлэг болон хариуцагчийн хүчингүй болгосон шийдвэр байхгүй талаар хэлсэн тайлбараар тогтоогдож байгааг шүүхээс нотлох баримтын хүрээнд үндэслэлтэй дүгнэж нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн байна гэж үзсэн. Нэхэмжлэгчээс шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлагаа Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар тодорхойлсон бөгөөд нэхэмжлэлийн шаардлагын гол зорилго нь захиргааны акт гаргуулахад оршиж байгаа юм.

2.6.Шүүхээс нэхэмжлэгчийн эрх зөрчигдсөн, нэхэмжлэлийн шаардлагыг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.4-д зааснаар хангасан бол зөрчигдсөн эрхийг сэргээхийг даалгах нь хуулийн дагуу байх тул Хог хаягдын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.4, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг тус тус үндэслэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж нэхэмжлэгчид Аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгохыг даалгуулахаар шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулах хүсэлтэй байна.

Иймд нэхэмжлэгчийн гомдлыг хүлээн авч Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг үндэслэн анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж нэхэмжлэгчид Аюултай хог хаягдлыг тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах, экспортлох үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаагаар олгохыг даалгаж өгнө үү.” гэжээ.

 

3.Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.О, М.Мз нар дээрх шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо:

“Тб и” ХХК-ийн нэхэмжлэлтэй Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдох "Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/5239 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" шийдвэрээр татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид "Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, устгах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгохыг хариуцагчид даалгах" тухай нэхэмжлэлийн шаардлагыг Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0383 дугаартай шийдвэрээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, устгах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаатай олгохгүй байгаа Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, Тб и ХХК-д Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, устгах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгаж шийдвэрлэснийг эс зөвшөөрч байна.

3.1.Анхан шатны шүүх нотлох баримттыг буруу үнэлсэн нь хууль бус байна. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0383 дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсгийн 2.1, 2.28 11, 13-д Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №01 хурал, мөн өдрийн №02 дугаар хурал, 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдрийн №02/01 дүгээр хурлаар “Тб и” ХХК-ийн нэг жилийн түр зөвшөөрлийг 3 өөр агуулгаар шийдвэрлэсэн. Үүнд: Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №01 хурлаар 100 хувь саналаар дэмжиж, Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 04 дүгээр сарын 29- ний өдрийн №02/01 дүгээр хурлаар 75 хувийн саналаар дэмжиж, ингэхдээ газар дээр үзлэгт очоогүй гэж хурлын тэмдэглэлд байгаа ч газар дээр үзлэг хийсэн, үйл ажиллагааг явуулж байсан гэж дүгнэсэн, мөн Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 01 дүгээр сарын 31-ний өдрийн №02 дугаар хурлаар үйл ажиллагаатай танилцан дараагийн хурлаар оруулахаар шийдвэрлэсэн байгаа нь эргэлзээтэй, нөгөө талаар дуу, дүрсний бичлэг хэрэгт нотлох баримтаар авагдаагүй, огт байхгүй талаар БОСШТ-ийн тайлбараар ирүүлсээр байхад хэрэгт нотлох баримтаар, Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2026 оны 03 дугаар сарын 07-ны өдрийн "Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн бүрэлдэхүүн болон дүрмийг шинэчлэн батлах тухай" А/105 дугаар тушаалын 2 дугаар хавсралтаар Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн дүрмийг баталсан.

Тус дүрмийн 4.11-д: "Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн хурлын дэлгэрэнгүй тэмдэглэлийг Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга гарын үсэг зурж баталгаажуулна. Хурлын тэмдэглэлийн үнэн зөвийг Зөвлөлийн дарга, нарийн бичгийн дарга бүрэн хариуцах бөгөөд тэмдэглэл нь хурлын дүрс болон дууны бичлэгийн хамт хүчинтэй байна" гэж заасан байна. Энэхүү зохицуулалтын агуулгаас үзэхэд хурлын тэмдэглэл нь дангаараа бус, дүрс болон дууны бичлэгтэй хамт байж хүчин төгөлдөр, бүрэн нотлох шинжийг хангахаар зохицуулагдсан байна. Иймд дүрс, дууны бичлэг нь зөвлөлийн хурлын тэмдэглэлийн үнэн зөв, бүрэн байдлыг баталгаажуулах салшгүй хэсэг мөн. Гэтэл хэрэгт цуглуулсан нотлох баримтад тухайн хурлын дүрс болон дууны бичлэг байхгүй, шүүхэд гаргаж өгөөгүй байгаа нь дээрх дүрмийн шаардлагыг хангаагүй гэж үзэх үндэслэлтэй байна

Мөн Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх ажиллагааны үндсэн зарчим нь хэрэгт ач холбогдол бүхий нөхцөл байдлыг бүрэн тогтоож, нотлох баримтыг бүх талаас нь бодитой, харилцан уялдаатай үнэлэхэд оршдог. Нотлох баримт нь хэрэгт хамааралтай, ач холбогдолтой, эргэлзээгүй байх шаардлагатай бөгөөд нотлох баримтыг бүрэн цуглуулж, үнэлсний үндсэн дээр бодит нөхцөл байдлыг тогтоох учиртай.

Харин дүрэмд хүчинтэй баримтын бүрэлдэхүүн хэсэг гэж тодорхой заасан дүрс болон дууны бичлэг хэрэгт авагдаагүй нөхцөлд зөвхөн хурлын тэмдэглэлийг дангаар нь үнэлж, түүнд тулгуурлан эрх зүйн үр дагавар бүхий дүгнэлт гаргах нь нотлох баримтыг бүрэн гүйцэд цуглуулаагүй, хэрэгт ач холбогдолтой нөхцөл байдлыг бүрэн тогтоогоогүй гэж үзэх үндэслэлтэй байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан нотлох баримтыг бүрэн цуглуулах, үнэлэх зарчимд үндэслэн тухайн хурлын дүрс болон дууны бичлэгийг нотлох баримтаар гаргуулах, эсхүл ийм баримт байхгүй тохиолдолд зөвлөлийн хурлын тэмдэглэлийг дангаар нь үнэлэхгүй байх, түүнд үндэслэсэн дүгнэлтийг үндэслэн Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, устгах, үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг шийдвэрлэхийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгаж шийдвэрлэж байгаа нь Захиргааны ерөнхий хуулийн 4.2.1 дэх заалтад заасан хуульд үндэслээгүй, 4.2.5 ахь заалтад "Зорилгодоо нийцсэн, бодит нөхцөлд тохирсон, шийдвэр нь үндэслэл бүхий байх" зарчимд нийцэхгүй, нотлох баримтад үндэслээгүй ба "Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн шийдвэр хүчингүй байхад түүнд үндэслэн нотлох баримтыг буруу үнэлсэн" нь хууль бус байна.

3.2.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 128/ШШ2026/0383 дугаартай шийдвэрийн тодорхойлох хэсгийн 14, 15, 16, 17, 18-д “Тб и” ХХК байгаль орчны менежментийн төлөвлөгөөгүй, орчны хяналт- шинжилгээний хөтөлбөр, төрийн хяналтын байгууллагуудын хяналт шалгалтаар 64 хувь буюу ИХ ЭРСДЭЛТЭЙ үнэлэгдсэн байхад шүүхээс тусгай зөвшөөрөл олгохыг шууд даалгаж байгаа нь шүүх төрийн захиргааны төв байгууллагын хуулиар хүлээсэн бүрэн эрхэд шууд оролцож байгааг илтгэж байна. Нөгөө талаар “Тб и” ХХК-д Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, устгах, дахин боловсруулах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох үе шат явагдаж байх хугацаанд, шийдвэр эцэслэн гаргаагүй байхад урьдчилан тусгай зөвшөөрөл олгохыг даалгаж байгаа нь хууль зүйн үндэслэлгүй байна.

3.3. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/5239 дугаартай "Хариу хүргүүлэх тухай" албан бичиг нь “Тб и” ХХК-д тусгай зөвшөөрөл олгохгүй гэсэн, эсхүл олгохгүй байгаа эс үйлдэхүй биш бөгөөд өмнөх мэргэжлийн зөвлөлийн шийдвэр хүчин төгөлдөр бус, хяналт шалгалтын дүнг танилцуулаад шийдвэрлэх боломжтой байтал шүүхээс ийнхүү шийдвэрлэж байгаа нь хууль бус байна.

Иймд анхан шатны шүүх нотлох баримтыг буруу үнэлж, буруу хэрэглэсэн байх тул Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121 дүгээр зүйлийн 121.1.1 дэх заалтад заасны дагуу нэхэмжлэлийг хангасан анхан шатны шүүхийн шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгон шийдвэрлэж өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-т заасны дагуу хэргийг бүхэлд нь хянаад, дараах үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж шийдвэрлэв:

1.Нэхэмжлэгч “Тб и” ХХК-иас “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/5239 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” шийдвэрээр татгалзсан эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, нэхэмжлэгчид “Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл”-ийг 5 жилийн хугацаатай олгохыг хариуцагчид буюу Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд даалгах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яаманд холбогдуулан гаргасан.

2.Хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож буй маргааны үйл баримтын тухайд:

2.1. Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2024 оны 11 дүгээр сарын 06-ны өдрийн А/766 дугаар тушаалаар[1] 43 дугаартай “Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрөл”-ийг “Тб и” ХХК-д 1 жилийн хугацаатайгаар олгожээ.

2.2.Нэхэмжлэгчээс 2025 оны 01 дүгээр сарын 29-ний өдрийн 25/13[2], 2025 оны 03 дугаар сарын 20-ны өдрийн 25/24 албан бичгээр[3] “...түр зөвшөөрлийг авснаас хойш барилгын ажил дуусаж, туршилт хийж үйлдвэрлэлийн үйл ажиллагаа явуулахад бэлэн болсон тул Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг 5 жилийн хугацаатайгаар олгож өгнө үү” гэх хүсэлтийг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлд гаргасан байна.

2.3.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл нь 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр хуралдаж нэхэмжлэгч “Тб и” ХХК-ийн 5 жилийн хугацаатай зөвшөөрөл олгох хүсэлтийг хэлэлцэн, 01 дугаартай “Хурлын тэмдэглэл”[4]-ээр “Тб и” ХХК-ийн Ашигласан тосноос дизелийн түлш болон дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн төсөл дээр үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн хугацаатай зөвшөөрлийг олгохоор тогтов” гэж дурджээ.

2.4.Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлөөс 2025 оны 04 дүгээр сарын 29-ний өдөр Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газарт[5] “...”Тб и” ХХК-д зөвшөөрлийг Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-д заасны дагуу олгохоор шийдвэрлэсэн” гэх мэдэгдлийг тус зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэрийн хамт хүргүүлсэн байна.

2.5.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны Хүрээлэн буй орчны бодлогын хэрэгжилтийн газрын Орчны бохирдлын хэлтсээс 2025 оны 05 дугаар сарын 02-ны өдрийн 11 дугаартай дотоод албан бичгээр[6] “...2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн хурлын шийдвэртэй танилцлаа. ... Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т заасны дагуу түр зөвшөөрлийн хугацаанд явуулсан үйл ажиллагаа, технологийн горим хяналт-шинжилгээний дүн, Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн ...хурлуудын аудио бичлэгийг ирүүлнэ үү” гэх албан бичигт Хог хаягдлын зөвлөлөөс мөн өдрийн дотоод албан бичгээр[7] “...Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.4-т заасантай холбоотой мэдээллийг бодлогын газрын хувьд https://eic.mn/eia/ цахим мэдээллийн сангаас үзэх, эсхүл тухайн аж ахуйн нэгж байгууллагуудын танилцуулгаас дэлгэрэнгүй харах боломжтой” гэх байдлаар хариуг хүргүүлжээ.

2.6.Нийслэлийн Байгаль орчны газрын хяналтын хэлтсийн байгаль орчны улсын байцаагчаас зөрчлийн 2502000282 дугаартай гомдол, мэдээлэлд хэрэг бүртгэлийн ажиллагаа явуулаад  “...“Тб и” ХХК нь ашигласан тосноос дизель түлш болон дагалдах бүтээгдэхүүн боловсруулах үйлдвэрийн байгаль орчинд нөлөөлөх байдлын нарийвчилсан үнэлгээнд үйлдвэрийн технологийн, тоног төхөөрөмжийн жагсаалтад ороогүй технологийн усыг ил хөргөх систем суурилуулахаар төлөвлөн ажиллаж байгаа нөхцөл байдал тогтоогдож байх тул” 2025 оны 05 дугаар сарын 16-ний өдөр 936202 дугаартай шийтгэлийн хуудсаар 3,000,000 төгрөгийн шийтгэл оногдуулж, зөрчлийг арилгуулахаар мөн өдрийн “Зөрчлийн үр дагаврыг арилгах арга хэмжээ авхуулах тухай” эрх бүхий албан тушаалтын даалгавар[8] гарсан байна.

2.7.Дээрх зөрчил арилгах албан даалгаврын хүрээнд нэхэмжлэгчээс Нийслэлийн Байгаль орчны газрын хяналт шалгалтын хэлтсийн Байгаль орчны хяналтын байцаагчид 2025 оны 06 дугаар сарын 24-ний өдрийн 25/39 “Хүсэлт гаргах тухай” албан бичгийг[9] хүргүүлэхдээ хавсралтаар Аж үйлдвэр, эрдэс баялгийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлд хүргүүлсэн 2025 оны 05 дугаар сарын 21-ний өдрийн 25/34 “Зөвлөгөө авах тухай” албан бичиг[10], 2025 оны 06 дугаар сарын 20-ны өдрийн “Тб и” ХХК-ийн ашигласан тос дахин боловсруулах үйлдвэрийн гадна талын усан санг булж зориулалтын төмөр сав байршуулах ажлыг хүлээлгэн өгч, хүлээн авсан” талаарх “Ажил хүлээлцсэн акт”[11] зэргийг хүргүүлжээ.  

2.8.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 04 дүгээр сарын 18-ны өдрийн 01/11 “Аюултай хог хаягдлын чиглэлээр үйл ажиллагаа эрхэлж буй аж ахуйн нэгжүүдэд урьдчилан сэргийлэх хяналт шалгалт хийх тухай” хяналт шалгалтын удирдамж[12]-ийн дагуу хийгдсэн 2025 оны 08 дугаар сарын 29-ний өдрийн 01/11 “Хяналт шалгалтын танилцуулга”[13]-ын 6 дугаар зүйлийн 6.2.1-д ... “Тб и” ХХК нь “... Байгаль орчинд нөлөөлөх байдлын үнэлгээний тайланд тусгагдаагүй, усан сан үүсгэсэн, үйлдвэрлэлээс гарсан шатахуун хадгалах нөөцийн ган сав /ёмкость/-ыг хөрсөнд байрлуулсан, ажилласан тос, масло буюу түүхий эд бүтээгдэхүүний хуванцар савыг аюултай хог хаягдлыг түр хадгалах агуулахад хадгалаагүй задгай байрлуулсан” талаар дурджээ.

2.9.Нэхэмжлэгчээс Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлд 2025 оны 09 дүгээр сарын 15-ны өдөр 25/74 албан бичгээр[14] “...Мэргэжлийн зөвлөлийн гишүүд 2024 оны 11 дүгээр сард манай үйлдвэр дээр очиж танилцсан бөгөөд 2025 оны 04 дүгээр сард мэргэжлийн зөвлөлийн хуралдаанд оролцсон. Иймд манай компанид 5 жилийн тусгай зөвшөөрөл олгох асуудлаар мэргэжлийн зөвлөлөөс дүгнэлт гарсан эсэх, уг дүгнэлтээр тусгай зөвшөөрөл олгосон эсэх, олгохоос татгалзсан эсэх талаар мэдээлэл, дүгнэлтийг гаргаж өгнө үү” гэх хүсэлтийг гаргасан.

2.10.Дээрх хүсэлтийн хариуд Байгаль орчны судалгаа шинжилгээний төвөөс 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн 149 албан бичгээр[15] “...Танай хүсэлтийг Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдрийн шуурхай хурлаар хэлэлцэж, Хог хаягдлын тухай хуулийн 37.4-т заасны дагуу тусгай зөвшөөрөл олгохоор шийдвэрлэсэн” гэх хариуг тэмдэглэлийн хамт хүргүүлсэн байна.

2.11.Улмаар дээрх шийдвэрийн дагуу “Тб и” ХХК-иас 2025 оны 09 дүгээр сарын 22-ны өдрийн “Хүсэлт гаргах тухай” 25/77 албан бичгээр[16] Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдад Аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх 5 жилийн хугацаатай зөвшөөрлийг гаргуулахаар хандсан.

2.12.Нийслэлийн Хяналт шалгалтын газраас 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдөр Аж үйлдвэр, эрдэс баялгийн яаманд “Аж үйлдвэр, Эрдэс баялгийн яамны 2025 оны 09 дүгээр сарын 01-ний өдрийн 11/2477 албан хүсэлтийн дагуу ашигласан тос масло дахин боловсруулж дизель түлш, мазут буюу газрын тосны бүтээгдэхүүн үйлдвэрлэх чиглэлийн төсөл хэрэгжүүлэгч аж ахуйн нэгжүүдэд 2025 оны 09 дүгээр сарын 11-ний өдрөөс 09 дүгээр сарын 16-ны өдрүүдэд төлөвлөгөөт бус хяналт шалгалт хийлээ” гэх хяналт шалгалтын танилцуулгыг хавсралтаар хүргүүлснийг тус яамнаас Байгаль орчин, уур амьсгалын яамны салбарын хяналтын газрын даргад 2025 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 02/2805 дугаар албан бичгээр[17] хүргүүлжээ.

2.13.Байгаль орчин уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдөр 05/4952 албан бичгээр[18] Нийслэлийн Байгаль орчны газрын даргад “...хяналт шалгалтад багтсан “Тб и” ХХК-ийн зөрчлийн мэдээлэл болон зөрчлийг хэрхэн арилгасан талаарх мэдээлэл, тайланг ирүүлнэ үү” гэх хүсэлтэд нийслэлийн Байгаль орчны газраас 2025 оны 10 дугаар сарын 07-ны өдрийн 08/2118 албан бичгээр[19] “...”Тб и” ХХК-ийн үйл ажиллагаанд хяналт шалгалт хийж 2025 оны 05 дугаар сарын 16-ны өдөр Зөрчлийн тухай хуулийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар торгууль оногдуулж, зөрчлийг арилгах хугацаатай албан даалгавар өгсөн. Албан даалгаврын биелэлтийг хугацаанд нь гаргаж өгсөн.” гэх хариуг албан даалгаврын биелэлтийн хамт хүргүүлсэн байна.

2.14.Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамнаас 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/5239 албан бичгээр[20] “... “Хяналт шалгалтын баг”-ын өгсөн зөвлөмж болон зөрчлийг хэрхэн арилгасан талаарх тайлан мэдээллийг танай компани ирүүлээгүй байна. Иймд БОУАӨ-ын сайдын 2025 оны 09 дүгээр сарын 19-ний өдрийн А/727 тушаалаар батлагдсан “Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл”-д зөрчлийг арилгаж, зөвлөмжийг биелүүлсэн талаарх ажлын тайлан, холбогдох бусад баримт материал болон тусгай зөвшөөрөл авах тухай хүсэлтээ ирүүлнэ үү” гэх агуулгаар татгалзжээ.

2.15.Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн хуралдаан 2025 оны 09 дүгээр сарын 26-ны өдөр, 11 дүгээр сарын 24-ний өдөр тус тус зарлагдсан бөгөөд уг хурлаар “Тб и” ХХК-ийн хүсэлтийн талаар хэлэлцэхээр[21] тусгасан ч аж ахуй нэгж байгууллагын эрх бүхий албан тушаалтан ирээгүй тул дараагийн хуралдаанаар хэлэлцүүлэхээр хойшлуулсан талаар Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн даргаас Хүрээлэн буй орчны бодлого үнэлгээний газрын даргад мэдэгдэж дараагийн хурал болох өдөр, байршлыг хүргүүлсэн байна.

2.16.Нэхэмжлэгч “Тб и” ХХК-иас Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны дэргэдэх Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлд 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдрийн 25/113 дугаар албан бичгээр[22] “...манай компани Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлд ямар нэгэн хүсэлт гаргаагүй манай компанитай холбоотой асуудлыг ...хурлаар хэлэлцүүлэхээр оруулсан нь ойлгомжгүй байна. ...манай компанийн 2025 оны 01, 03 дугаар саруудад гаргасан хүсэлтийг Хог хаягдлын мэргэжлийн зөвлөлийн хурлаар шийдвэрлэж, хуулийн дагуу хүчин төгөлдөр шийдвэр гарсан байхад та бүхэн хүсэлт гаргаагүй, хүчин төгөлдөр шийдвэртэй асуудлыг Хог хаягдлын мэргэжлийн зөвлөл дахин шинээр байгуулагдсан гэх үндэслэлээр ...хурлаар дахин шийдвэрлэх нь хууль зүйн үндэслэлгүй тул оролцохгүй” талаар хариу өгсөн байна.

3.Тусгай зөвшөөрөл олгохоос татгалзсан шийдвэрийг дахин шинэ акт гаргах үндэслэлээр түдгэлзүүлсэн тухайд:

3.1.Хог хаягдлын тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д хог хаягдлаас хүний эрүүл мэнд, байгаль орчинд үзүүлэх сөрөг нөлөөллийг бууруулах, урьдчилан сэргийлэх, хог хаягдлыг цуглуулах, тээвэрлэх, хадгалах, дахин боловсруулах, устгахтай холбогдсон харилцааг зохицуулах зорилгыг тодорхойлсон. Мөн тус хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д аюултай хог хаягдал цуглуулах, тээвэрлэх үйл ажиллагааг байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллагын олгосон зөвшөөрөл бүхий аж ахуйн нэгж, байгууллага эрхлэхээр заасан байна.

3.2.Түүнчлэн Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1-д байгаль орчны асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага мэргэжлийн зөвлөлийн дүгнэлтийг үндэслэн аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах, дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгохоор, 37.1.1, 37.1.2-т үйл ажиллагаа эрхлэх түр зөвшөөрөл болон үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийн төрлийг, 37.4-т Энэ хуулийн 37.3-т заасан хугацаанд явуулсан үйл ажиллагаа, технологийн горим, хяналт-шинжилгээний дүнг үндэслэн үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрлийг таван жилийн хугацаатайгаар олгохоор  тус тус заажээ.

3.3.Эдгээр зохицуулалтаас үзвэл маргааны зүйл болж буй тусгай зөвшөөрөл нь зөвхөн аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа эрхлэх бизнес, эдийн засгийн эрх ашигтай холбоотой төдийгүй хүний эрүүл мэнд, хүрээлэн байгаа орчин, нийтийн ашиг сонирхлыг хамгаалах зорилготой, хуульд заасан тодорхой шаардлагуудыг хангасан нөхцөлд олгох зөвшөөрлийн харилцаанд хамаарч байна.

3.4.Иймд хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн хүсэлтийг шийдвэрлэхдээ Хог хаягдлын тухай хуульд заасан тусгай шаардлага, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, зөвшөөрөл хүсэгчийн бодит нөхцөл байдал, өмнө тогтоогдсон зөрчил арилсан эсэхийг бүрэн шалгах үүрэгтэй.

3.5.Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 1.1-д эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэр гаргах бүрэн эрхтэй, мөн зүйлийн 2.3-т зөвшөөрөл хүссэн болон сунгуулах өргөдлийг хүлээн авах, баримт бичгийг магадлан шалгах, шийдвэр гаргах ажиллагааны явцыг зөвшөөрөл хүсэгчид нээлттэй, ил тод байлгах, 2.4-т зөвшөөрөл олгох, сунгах, түдгэлзүүлэх, сэргээх, хүчингүй болгох шийдвэрийг хуульд заасан хугацаанд гаргах үүрэгтэй гэж заасан.

3.6.Мөн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 1-д эрх бүхий этгээд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авахаас үндэслэлгүйгээр татгалзах эрхгүй, 5.2 дугаар зүйлийн 2-т өргөдлийг хүлээн авснаас хойш ажлын хоёр өдрийн дотор баримт бичгийн бүрдлийг шалгах, 5.2 дугаар зүйлийн 5.1-д тусгай зөвшөөрөл хүсэгч хуульд заасан нөхцөл, шаардлагыг хангаж байгаа эсэхийг ажлын 10 өдрийн дотор магадлан шалгах, 5.2 дугаар зүйлийн 7-д шаардлагатай бол төрийн болон мэргэжлийн байгууллагаас дүгнэлт, тодорхойлолт гаргуулах хугацааг нэг удаа ажлын таван өдрөөр сунгаж болох, 5.2 дугаар зүйлийн 8-д магадлан шалгах ажиллагаа дууссанаас хойш ажлын таван өдөрт багтаан зөвшөөрөл олгох эсэх шийдвэр гаргахаар тус тус зохицуулжээ.

3.7.Түүнчлэн Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 9-д эрх бүхий этгээд зөвшөөрөл олгохоос татгалзсан бол мэдэгдэлд татгалзсан үндэслэлийг тодорхой заахаар, 5.3 дугаар зүйлийн 1-д эрх бүхий этгээд зөвшөөрөл олгох тухай шийдвэр гаргахаар, 5.3 дугаар зүйлийн 3-т уг шийдвэр болон зөвшөөрөлд тусгах мэдээллийг тодорхойлсон байна.

3.8.Эдгээр заалтаас үзвэл зөвшөөрөл олгох ажиллагаа нь зөвхөн “хурлаар хэлэлцсэн”, “олгож болох эсэх талаар санал гаргасан” хэмжээнд дуусахгүй. Харин эрх бүхий этгээд өргөдөл, хавсаргасан баримт бичгийг шалгаж, хуульд заасан нөхцөл, шаардлагыг магадлан шалгаж, шаардлагатай бол мэргэжлийн байгууллагын дүгнэлт гаргуулж, улмаар зөвшөөрөл олгох эсхүл, олгохоос татгалзах тухай эрх зүйн үр дагавар бүхий шийдвэрийг хуульд заасан хугацаа, хэлбэр, журмын дагуу гаргах үүрэгтэй.

3.9.Хэрэгт авагдсан баримтаар хариуцагч захиргааны байгууллагын хурлын тэмдэглэлд нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзсэн агуулга тусгагдсан боловч уг тэмдэглэл нь Зөвшөөрлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд заасан зөвшөөрөл олгох тухай эцсийн шийдвэр, мөн маргаан бүхий албан бичиг нь Зөвшөөрлийн  5.2 дугаар зүйлийн 9-д заасан татгалзсан үндэслэл бүхий мэдэгдэл гэж үзэх боломжгүй байна.

3.10.Өөрөөр хэлбэл, хариуцагчийн шийдвэр гаргах ажиллагаанд “мэргэжлийн болон дотоод хэлэлцүүлгийн шатанд зөвшөөрөл олгох нь зүйтэй гэж үзсэн” нөхцөл байдал, “эцсийн байдлаар зөвшөөрөл олгоогүй” нөхцөл байдал хоёрын хооронд эрх зүйн тодорхойгүй байдал үүссэн байна. Энэ нь зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгчийн хувьд хүсэлтийг нь хангаж шийдвэрлэсэн эсэх, эсхүл татгалзсан эсэх, татгалзсан бол ямар үндэслэлээр татгалзсан эсэхийг мэдэх боломжгүй болгосон бөгөөд Зөвшөөрлийн тухай хуулийн 3.2 дугаар зүйлийн 2.3, 2.4, 5.2 дугаар зүйлийн 8, 9 дэх хэсгийн агуулгад нийцэхгүй.

3.12.Хариуцагч талаас “зөвшөөрөл олгох үе шат явагдаж байсан, шийдвэр эцэслэн гараагүй байсан” гэж тайлбарлаж байгаа боловч зөвшөөрөл олгох ажиллагаа дуусаагүй гэх тайлбар нь хууль зүйн хангалттай үндэслэл болохгүй. Учир нь Зөвшөөрлийн тухай хуульд зөвшөөрөл хүссэн өргөдлийг хүлээн авах, бүрдэл шалгах, магадлан шалгах, нэмэлт дүгнэлт гаргуулах, олгох эсэх шийдвэр гаргах ажиллагаа тус бүрийг тодорхой хугацаа, дараалалтайгаар зохицуулсан.

3.13.Иймд ажиллагаа дуусаагүй бол ямар баримт бичиг нөхөн бүрдүүлэх шаардлагатай, ямар мэргэжлийн дүгнэлт хүлээгдэж байгаа, магадлан шалгах ажиллагаа ямар шалтгаанаар үргэлжилж байгаа талаар зөвшөөрөл хүссэн нэхэмжлэгчид тодорхой мэдэгдсэн байх шаардлагатай.

3.14.Мөн нэхэмжлэгч компанитай холбоотой гарсан зөрчлийн тухайд, Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 1.1-д зөвшөөрлийн нөхцөл, шаардлагыг хангахгүй болсон нь эрх бүхий байгууллагын шийдвэрээр тогтоогдсон бол зөвшөөрлийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэхээр, 6.1 дүгээр зүйлийн 5-д уг үндэслэл, нөхцөл, шаардлага арилсан тохиолдолд зөвшөөрлийг сэргээхээр зохицуулсан.

3.15.Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д хуульд заасан нөхцөл, шаардлагыг зөрчсөн тохиолдолд Зөвшөөрлийн тухай хуульд заасан журмын дагуу зөвшөөрлийг түдгэлзүүлэх, 37.7-д түдгэлзүүлсэн нөхцөл арилсан бол Зөвшөөрлийн тухай хуулийн 6.1 дүгээр зүйлийн 5-д заасны дагуу сэргээхээр заасан байна.

3.16.Дээрх зохицуулалтын агуулгаас үзвэл зөрчил тогтоогдсон нь зөвшөөрлийн харилцаанд ач холбогдолтой боловч уг зөрчил арилсан эсэхийг шалгахгүйгээр, эсхүл, зөрчил арилсан нөхцөлд тусгай зөвшөөрөл олгох боломж бүрдсэн эсэхэд дүгнэлт өгөхгүйгээр зөвшөөрлийн олгох шийдвэр гаргах ажиллагааг тодорхойгүй байдалд хариуцагчаас хүргэсэн байгаа нь хуульд нийцээгүй үйлдэл юм.

3.17.Зөрчил нь тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах үндэслэл болж байгаа бол уг зөрчил ямар хууль, журам, нөхцөл, шаардлагыг зөрчсөн, одоо арилаагүй хэвээр байгаа эсэх, зөвшөөрөл олгоход ямар байдлаар саад болж байгаа талаар хариуцагч тодорхой, баримтад үндэслэсэн дүгнэлт гаргах шаардлагатай байсан.

3.18.Гэтэл хариуцагч захиргааны байгууллага нэхэмжлэгчийн өмнө тогтоогдсон зөрчилд арга хэмжээ авсан атлаа уг зөрчил арилсан эсэхийг дахин нягтлаагүй, зөрчил арилсан бол тусгай зөвшөөрөл олгох нөхцөл хангагдсан эсэх, зөрчил арилаагүй бол олгохоос татгалзах үндэслэл болох эсэхийг Зөвшөөрлийн тухай хууль болон Хог хаягдлын тухай хуулийн холбогдох зохицуулалттай уялдуулан эцэслэн дүгнэж, тодорхой шийдвэр гаргаагүй байна.

3.19.Эдгээр үндэслэлээр нэхэмжлэгчид тусгай зөвшөөрөл шууд олгохыг шүүхээс даалгах хэмжээнд хэргийн нөхцөл байдал бүрэн тогтоогдсон гэж үзэх боломжгүй. Учир нь аюултай хог хаягдалтай холбоотой зөвшөөрөл нь мэргэжлийн шалгалт, дүгнэлт, байгаль орчин, хүний эрүүл мэнд, аюулгүй ажиллагааны шаардлагыг хангах эсэхтэй шууд холбоотой тул эдгээр нөхцөл байдлыг хариуцагч захиргааны байгууллага хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дахин магадлан шалгаж, дүгнэлт өгөх шаардлагатай байна.

3.20.Нөгөө талаас хариуцагчаас нэхэмжлэгчийн тусгай зөвшөөрөл авах хүсэлтийг хэд хэдэн удаа,  хуульд заасан хугацаанаас хэтрүүлэн шийдвэрлэсэн, эсхүл татгалзсан тодорхойгүй байдлыг бий болгосон гэдэг нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдож байх бөгөөд маргаан бүхий татгалзсан шийдвэрийг шүүхээс хэвээр үлдээх нь нэхэмжлэгчийн зөвшөөрөл авах хүсэлтийг шийдвэрлэх ажиллагааг эрх зүйн тодорхойгүй байдалд хэвээр үлдээх, нэхэмжлэгчид зөвшөөрөл олгосон эсэх, татгалзсан эсэх, татгалзсан бол ямар үндэслэлээр татгалзсан эсэхийг мэдэх боломжгүй байдал үргэлжлэх үр дагавартай байна. Энэ тодорхойгүй захиргааны байгууллагын үйл ажиллагааны улмаас тусгай зөвшөөрлийг хуульд заасан хугацаа, журмын дагуу авах, үйл ажиллагаа эрхлэх нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхолд нийцэхгүй юм.

3.21.Энэ хэргийн хувьд нэхэмжлэгчийн зөрчил арилсан эсэх, тусгай зөвшөөрөл олгох Хог хаягдлын тухай хууль болон Зөвшөөрлийн тухай хуульд заасан нөхцөл, шаардлага хангагдсан эсэх, мэргэжлийн зөвлөлийн дүгнэлт, магадлан шалгах ажиллагааны үр дүн хангалттай эсэх, тусгай зөвшөөрөл олгохоос татгалзах бодит үндэслэл байгаа эсэхийг дахин тодруулах шаардлагатай байна.

3.22.Иймээс Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-д заасны дагуу шүүх хэргийн нөхцөл байдлыг цаашид тодруулах шаардлагатай гэж үзсэн бөгөөд нэмж тодруулах зүйлийн цар хүрээ шүүхийн шинжлэн судлах боломжоос хэтэрсэн буюу мэргэжлийн болон хуульд заасан бүрэн эрхийн хүрээнд дахин шалгаж тогтоох нөхцөл байдалд хамаарахаар байх тул хариуцагч захиргааны байгууллагаас дахин шинэ акт гаргах хүртэл маргаан бүхий татгалзсан шийдвэрийг гурван сар хүртэл хугацаагаар түдгэлзүүлэх нь зүйтэй байна.

Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэрт өөрчлөлт оруулж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлын зарим хэсгийг хангаж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.3-д заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

1.Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 21-ний өдрийн 383 дугаар шийдвэрийн Тогтоох хэсгийн 1 дэх заалтыг “Хог хаягдлын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1, 37.1.2, 37.4, Зөвшөөрлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлийн 5.5.1, 8.1 дүгээр зүйлийн 8.1.1, 8.1.1.5 дах хэсэгт заасныг Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.11-т заасныг тус тус баримтлан “Тб и” ХХК-иас “Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яамны 2025 оны 10 дугаар сарын 13-ны өдрийн 05/5239 дугаартай “Хариу хүргүүлэх тухай” шийдвэрээр татгалзсан шийдвэрийг дахин шинэ акт гаргах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлсүгэй.”, Энэхүү шийдвэрийг биелүүлэхдээ “Тб и” ХХК-нд Аюултай хог хаягдал тээвэрлэх, цуглуулах, хадгалах,  дахин боловсруулах, устгах үйл ажиллагаа эрхлэх зөвшөөрөл олгох асуудлыг хариуцагч Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн яам хэлэлцэж, зохих журмын дагуу гурван сарын дотор шийдвэрлэх үүрэгтэй болохыг нь дурдсугай.” гэж өөрчилж, шийдвэрийн бусад заалтыг хэвээр үлдээсүгэй.

2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс     давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

         ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                  Э.ЛХАГВАСҮРЭН  

        ШҮҮГЧ                                                     Л.ОДБААТАР

        ШҮҮГЧ                                                     А.САРАНГЭРЭЛ

 

[1] Хэргийн 1-р хавтас 105 дахь тал

[2] Хэргийн 1-р хавтас 21 дэх тал

[3] Хэргийн 1-р хавтас 22 дахь тал

[4] Хэргийн 1-р хавтас 24-30 дахь тал

[5] Хэргийн 1-р хавтас 107 дахь тал

[6] Хэргийн 1-р хавтас 120 дахь тал

[7] Хэргийн 1-р хавтас 121 дэх тал

[8] Хэргийн 1-р хавтас 224-225 дахь тал

[9] Хэргийн 1-р хавтас 148-149 дэх тал

[10] Хэргийн 1-р хавтас 150 дахь тал

[11] Хэргийн 1-р хавтас 151-153 дахь тал

[12] Хэргийн 1-р хавтас 128-132 дах тал

[13] Хэргийн 1-р хавтас 133-144 дэх тал

[14] Хэргийн 1-р хавтас 82 дахь тал

[15] Хэргийн 1-р хавтас 23 дахь тал

[16] Хэргийн 1-р хавтас 31-32 дахь тал

[17] Хэргийн 1-р хавтас 155 дахь тал

[18] Хэргийн 1-р хавтас 146 дахь тал

[19] Хэргийн 1-р хавтас 147 дахь тал

[20] Хэргийн 1-р хавтас 34 дэх тал

[21] Хэргийн 1-р хавтас 165-167 дахь тал

[22] Хэргийн 1-р хавтас 168-170 дахь тал