Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 11 сарын 04 өдөр

Дугаар 109/ШШ2021/0043

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

            Нэхэмжлэгч:Р.Ш

Хариуцагч: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Д.Т нарт холбогдох

            Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 61 дүгээр актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П, Г.Э, хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Д.Т, хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б, М.Б, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Р.Ш шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Р.Ш миний тэтгэврийг 2021 оны 2 дугаар сараас эхлэн таны тэтгэвэр тогтоолгоход өгсөн шүүхийн шийдвэр чинь хуурамч байсан гэдэг үндэслэлээр зогсоосон. Шүүхийн шийдвэр хуурамч гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. Шүүхийн шийдвэр байсан, тэр нь хуурамч байсан гэж би огт мэдэхгүй. Энэ олон жил болж байхад нийгмийн даатгалын байгууллага нь хяналт шалгалтаа хийдэггүй байсан юм уу. Одоо яагаад нас өндөр болж чадал барагдсан хойно энэ их төлбөрийг төлүүлэх гээд байгаа юм бэ, гэж гомдож байна. Би нийгмийн даатгалын байгууллагаас тогтоосон тэтгэврийг л авсан, тогтоосноос илүү тэтгэвэр авч байгаагүй. Миний бие 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 61 тоот улсын байцаагчийн актаар тогтоосон 16.028.148 төгрөгийг төлөхгүй. Энэ акт нь хууль бус гэж үзэж байна. Иймээс Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 61 дүгээр актыг хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна гэжээ.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч С.П шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нийгмийн даатгалын байгууллага нь төрийн байгууллага учраас хууль дээдлэх нь үндсэн зарчим юм. 2010 онд тэтгэврийг тогтоосон нь иргэний эрх зүйн байдлыг дордуулж байгаа зүйл биш. Үүний цаана төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаа харагдаж байна. Нийгмийн даатгалын байгууллага нь 11 жилийн турш өөрийнхөө эрх үүргийн хүрээнд тухайн тэтгэвэр авагчийн тэтгэврийг хичнээн удаан өөрчилж, хянаж зөвлөлдөх боломжтой байсан. Энэ үүргээ хэрэгжүүлж чадаагүйн улмаас нэхэмжлэгч Р.Ш-гийн эрх, ашгийг дордуулсан захиргааны акт гаргаж байна. Мөн шүүхийн шийдвэрийг хэн ч хүчингүй болгоогүй, шүүхийн албан ёсны хэвлэмэл хуудас дээр албан ёсны тамга тэмдэгтэй эх хувиараа шийдвэр байна. Төрийн байгууллагын тэтгэвэр зогсоосон үйл ажиллагаа нь хуульд нийцсэн үндэслэл бүхий байх ёстой. Гэтэл хуульд нийцсэн гэж хэлэхэд төрийн байгууллагын буруутай үйл ажиллагаанаас болж акт тавьж байгаа нь буруу юм гэв.

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Г.Э шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Ш нэхэмжлэлдээ миний тэтгэврийг тогтоолгоход өгсөн шүүхийн шийдвэр хуурамч байсан гэдэг үндэслэлээр зогсоосон. Шүүхийн шийдвэр хуурамч гэж нийгмийн даатгалын байцаагч хэлсэн. Шүүхийн шийдвэр хуурамч байсан гэдгийг огт мэдэхгүй. Нийгмийн даатгалын ерөнхий газрын хяналт шалгалтын газрын даргын 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн 6/301 тоот тушаал гэж ямар тушаал байгааг мэдэхгүй байна. Миний бие 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 61 тоот улсын байцаагчийн актаар тогтоосон 16.028.148 төгрөгийг төлөхгүй. Энэ акт нь хууль бус гэж үзэж байна. Иймээс 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 61 тоот  “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” актыг хууль бус гэж үзэж хүчингүй болгуулахаар нэхэмжлэлийн шаардлага гаргаж байна” гэж бичсэн байдаг. Тэтгэврийг зогсоож акт тавьсан дараа хувь тэнцүүлсэн тэтгэвэрт оруулж эрх зүйн байдлыг дордуулсан байна. Шүүхийн шийдвэрийг хуурамч гэж үзсэн 2010 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 315 тоот шийдвэр нь үндэслэх, тодорхойлох хэсэг нь хууль ёсны бөгөөд үндэслэлтэй байна. Энэ шүүхийн шийдвэрийг хуурамч байна гэж тогтоосон ямар ч эрх зүйн акт байхгүй. Энэ талаар хуурамч  гэж гомдол гаргасан этгээд байхгүй. Хуурамч байна гэдгийг ямар нэг байгууллагын шийдвэр, журмыг үндэслээгүй акт тавьсан нь буруу гэж үзэж байна. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг хангуулах хүсэлттэй байна. 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдөр ямар ч прокурорын тогтоол эрхийн акт байхгүй байхад нь акт тавьсан байдаг. Цаг хугацааны хувьд акт тавихаас өмнө шүүхийн шийдвэр хуурамч эсэхийг урьдчилан тогтоосон байх ёстой. Акт гаргасны дараа нотлох баримтаа бүрдүүлж цуглуулна гэсэн ойлголт байхгүй. Тэтгэврийг тогтооход хянаж шалгах нягтлах нь нийгмийн даатгалын байгууллагын үүрэг юм. Энэ үүргээ хэрэгжүүлээгүй хирнээ 11 жилийн дараа бусдын эрх зүйн байдлыг илтэд дордуулсан үйл ажиллагаа явуулж байгаа нь буруу юм гэв. 

Хариуцагч Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Д.Т нар шүүхэд гаргасан хариу тайлбар болон хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Эрдэнэбулган сумын иргэн Р овогтой Ш-ийн гаргасан нэхэмжлэлийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа тул хариу тайлбарыг гаргаж байна. Учир нь Нийгмийн даатгалын ерөнхий газрын даргын баталсан 2020 он 11 дүгээр сарын 6-ны өдрийн удирдамжийн дагуу тус газрын Хяналт шалгалтын газраас төлөвлөгөөт хяналт шалгалт хийсэн. Хяналт шалгалт хийгдэж байх хугацаанд Р.Ш нь 2010 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 315 дугаартай шүүхийн шийдвэрт 1974 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд компрессорчиноор ажиллаж байснаар тогтоолгож, 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хортой халуун нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр тогтоолгосон байна. Архангай аймгийн сум дундын Иргэний хэргийн анхан шатны шүүхэд 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/512 тоот албан бичгээр нэр бүхий хүмүүсийн шүүхийн шийдвэрүүдийг хавсралтаар хүргүүлж тулган шалгуулсан. Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байх шүүхийн шийдвэрийн эх хувьтай тулган шалгахад 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 тоот албан бичгээр шүүхийн шийдвэр нь байхгүй гэж ирсэн.

Иргэн Р.Ш-гийн шүүхийн шийдвэр Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байхгүй шийдвэрийн жагсаалтанд байгаа тул Нийгмийн даатгалын Ерөнхий газрын улсын ахлах байцаагчийн 2021 оны 1 дүгээр сарын 20-ны өдрийн 32/01 тоот актаар, аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаартай мэдэгдлээр 2020 оны 2 дугаар сарын 1-ний өдрөөс тэтгэврийг түр зогсоосон. Мөн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр тэтгэвэр авагчтай уулзалтын тэмдэглэл хөтөлсөн. Тэмдэглэлд “Та өөрөө материалаа өгсөн үү гэхэд бие муу байсан Тамир зусланд ажилласан жилээр тогтоолгох гэсэн чинь шатсан гээд миний ажилласан жилийн материалыг өгөөгүй, манай гэрийн хүн хөөцөлдөөд оруулсан”, “та өөрийн хаана ямар ажил хийж байсан хөдөлмөрийн дэвтэр, лавлагаа, цэргийн алба хаасан батлах, ажлаас чөлөөлсөн, томилсон тушаал холбогдох бусад материалаа авчирч тэтгэврээ тогтоолгох зөвлөгөөг өгсөн. Тус хэлтсээс зөвлөгөө өгсний дагуу Р.Ш нь Нийгмийн даатгалын хэлтэст өргөдөл, ажлаас чөлөөлсөн, томилсон тушаал холбогдох материалаа дахин бүрдүүлэн ирж, 60 нас хүрсэн өдрөөс нь тооцон 2017 оны 1 дугаар сарын 1 -ний өдрөөс эхлэн өндөр насны тэтгэврийг хувь тэнцүүлэн дахин тогтоолгон тэтгэврээ одоог хүртэл үргэлжлүүлэн авч байгаа болно.

Р.Ш нь хуурамч баримт бүрдүүлэн үндэслэлгүйгээр тэтгэвэр тогтоолгон авсан нийт 16.0 сая төгрөгийг буцаан төлүүлэх улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний  өдрийн 61 тоот актыг тогтоосон бөгөөд акт тогтоох гэж байгаа талаар Р.Ш-д 2-3 удаа хэлтэст ирэхэд нь хэлж танилцуулж байсан. Тухайн актын төлбөрийг Р.Ш нь өөрийн биеэр ирж танилцан бүрэн барагдуулахаа хүлээн зөвшөөрч гарын үсгээ зурж баталгаажуулсан болно. Улсын байцаагчийн 61 тоот актын 14.0 сая төгрөг нь 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр хүртэл хугацааны буюу 60 нас хүртэл авсан мөнгөн дүн, 2.0 сая төгрөг нь 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэлх хугацаанд авсан бүрэн тэтгэвэр, хувь тэнцсэн тэтгэврийн зөрүү юм. Иймд 2021 оны 03 дугаар сарын 11-ний өдрийн 61 тоот “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” акт тавьж өөрт нь танилцуулахад хүлээн зөвшөөрч гарын үсэг зурж баталгаажуулсан байдаг. Иймд дээрх актыг тавьсан гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч Ц.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Ш-гийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага хууль зүйн үндэслэлгүй байна. Маргаан бүхий акт болоод тэтгэвэр тогтоосон процесс нь хууль бус байна. Иргэн Р.Ш-гийн тэтгэврийг хүчээр тогтоосон зүйл биш юм. Нэхэмжлэгч нь Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргасан боловч гаргасан нэхэмжлэлийнх дагуу шүүхээс хуурамч бичиг баримт үйлдсэн. Яагаад шүүхийн шийдвэрийг хуурамч гэж үзэж байна вэ гэхээр шүүхийн архивт гарсан шийдвэр байх ёстой байтал байхгүй байдаг. Энэ нөхцөлөө нэхэмжлэгч Р.Ш хүлээн зөвшөөрдөг. Нийгмийн даатгалын хэлтэс шүүхийн шийдвэрээр нэгэнт тогтоогдсон учраас хөнгөлөлттэй нөхцөлөөр тэтгэврийг тогтоосон. Шүүхийн шийдвэр хуурамч болохоор уг тэтгэвэр авах үйл ажиллагаа зогсоно. Ингэж тэтгэврийг зогсоохын тулд хуульд заасан үндэслэлээр тэтгэвэр зогсоох талаар мэдэгдэж уулзалт хийсэн байгаа. 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр мэдэгдлээр тэтгэврийг зогсоох болсныг мэдэгдсэн. Үүний дараа 3 дугаар сарын 10-ны өдөр 61 дугаартай акт гаргасан байгаа. Тухайн шүүхийн шийдвэр Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байхгүй учраас шүүхийн шийдвэрийг хуурамчаар гаргуулсан гэж үзэж байгаа юм. Энэ талаар Архангай аймгийн цагдаагийн газарт гомдол гаргасан. Гомдлын дагуу хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзсан прокурорын тогтоол гарсан. Хэрэг нээхээс татгалзах прокурорын тогтоолд хэрэг хийсэн байна, харин хөөн хэлэлцэх хугацаа дууссан буюу 2020 оны Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар  зүйлийн хөнгөвтөр гэмт хэрэгт багтаж байх ба мөн хуулийн ерөнхий ангийн 72 дугаар зүйлийн 72.1 дэх хэсэгт гэмт хэрэг үйлдсэнээс хойш дор дурдсан хугацаа өнгөрвөл гэмт хэрэг үйлдсэн этгээдийг эрүүгийн хариуцлагад татаж болохгүй” гэж заасан. Прокурор юу гэж үзсэн бэ гэхээр гэмт хэрэг үйлдсэн байна. Гэмт хэрэг үйлдсэн боловч хугацаа дууссан байна гэсэн үндэслэлээр шийдвэрлэсэн тухай дүгнэлт гарсан. Энэ нөхцөл нь прокурорын 2021 оны 6 дугаар сарын 4-ний 129 тоот тогтоол одоо хүртэл хүчин төгөлдөр хэвээрээ байгаа. Үүнтэй танилцаад нэхэмжлэгч гомдол гаргах эрхтэй. Хөөн хэлэлцэх хугацаагаар биш гэмт хэрэг үйлдээгүй гэдэг гомдлыг Р.Ш гаргаагүй. Ийм учраас прокурорын тогтоолоор хуурамч нотлох баримт бүрдүүлж шүүхийн шийдвэр гаргуулсан энэ үйл процесс хангалттай эргэлзээгүй байдлаар тогтоогдож байна. Ийм нөхцөл байхад нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч тэтгэврийг зогсоох эрх бүхий албан тушаалтан юм. 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 61 тоот “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” акт хууль зүйн үндэслэлтэй байна гэв.

Хариуцагчийн өмгөөлөгч М.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгч Р.Ш нь 2010 оны 6 дугаар сарын 5-ны өдөр Архангай аймаг дахь сум дундын шүүхийн шийдвэрээр өөрийн ажилласан жилээ тогтоолгосон байгаа. Энэ ажилласан жилийн шийдвэрийг үндэслэж 2010 оны 11 дүгээр сарын 5-ны өдөр хортой халуун нөхцөлөөр буюу хөнгөлөлттэй нөхцөлөөр өндөр насны тэтгэврийг тогтоож шийдвэрлэсэн. Гэтэл тус шүүхийн шийдвэр нь Архангай аймаг дахь Шүүхийн Тамгын газрын архивт байхгүй байгаа нөхцөл нь нийгмийн даатгалын ерөнхий газраас баталсан хяналт шалгалтын хүрээнд илэрсэн. Энэ нөхцөл нь хэрэгт авагдсан Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны 01 дүгээр сарын 12-ны өдрийн 11 тоот албан бичиг болон түүний хавсралтаар тогтоогддог. Мөн шүүхийн Тамгын газраас ирүүлсэн 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 119 тоот албан бичигт Р.Шгийн хүсэлттэй ажиллаж байсан байдал тогтоолгох шийдвэр байхгүй. Уг шийдвэрт Б-н хүсэлттэй 2020 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 315 дугаартай шийдвэр байна гэж дурдсан албан бичгээр тогтоогдож байна. Үүнээс гадна нэхэмжлэгч Р.Ш нь эрдэм, шинжилгээний хүрээлэнд компрессорчиноор ажиллаж байсан гэх хугацаанд компрессорчиноор ажиллаж байгаагүй өөр ажил эрхэлж байсан нь түүний “цэргийн албанаас халагдаж ирээд Батцэнгэл суманд 2 жил ажилласан”, одоогийн хүүхдийн төлөө төвд ажиллаж байсан талаар шийдвэрийг танилцуулахад энэ ажил хийгээгүй гэдгийг тэмдэглэсэн 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн уулзалтын тэмдэглэл, мөн 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдрийн нийгмийн даатгалын хэлтэст гаргасан “1984 оноос Хүүхэд, Залуучуудын төвийн харьяа Тамир зусланд, 2005 он хүртэл малчнаар ажилласан” гэх өргөдөл хэрэгт авагдсан тушаалуудаар тогтоогддог. Үүнээс үзэхэд Р.Шгийн ажиллаж байсан байдлыг тогтоосон Архангай аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 315 дугаартай шүүхийн шийдвэр нь үнэндээ гараагүй нэхэмжлэгчийн шүүхийн шийдвэрт дурдсан ажиллагааг хийгээгүй гэдэг нь нотлогдон тогтоогдож байгаа. Улмаар нийгмийн даатгалын байцаагч нар Р.Шд мэдэгдэх сонсох ажиллагаа явуулж, өөрийнхөө эрх хэмжээний хүрээнд 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 61 тоот “Илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай” акт гаргасан нь хууль зүйн үндэслэлтэй байна. Иргэн ажилласан жилээ тогтоолгохоос эхлээд хуулийн дагуу үнэн зөв явагдах ёстой. Гэтэл нэхэмжлэгчийн өөрийнх нь бүрдүүлж өгсөн нотлох баримт нь хуурамчаар үйлдсэн нөхцөл байдал тогтоогдсон учраас илүү олгосон тэтгэврийг буцаан төлөх нь хуульд нийцнэ. Иймд нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, нэхэмжлэгч, хариуцагч нарын тайлбаруудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Р.Шгаас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Д.Т нарт холбогдуулан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 61 дүгээр актыг хүчингүй болгуулах шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Шүүх Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.5. дахь хэсэгт “Шүүх нэхэмжлэлийн шаардлагын хүрээнээс хэтэрсэн болон хэргийн оролцогчдын маргаагүй асуудлаар дүгнэлт хийж, шийдвэр гаргаж болохгүй.” гэж зааснаар нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг хянан хэлэлцээд хэргийн оролцогч, өмгөөлөгч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбар, хэрэг авагдсан бичгийн нотлох баримтыг үндэслэн нэхэмжлэгч Р.Шгийн нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж дүгнэв. Учир нь:

Нэг. Хэргийн үйл баримтын тухайд

Иргэн Ц овогт Р-ийн Ш нь 1957 оны 1 дүгээр сарын 1-ний өдөр төрсөн, 64 нас, 11 сартай эрэгтэй байна. 

Анх иргэн Р.Ш нь Архангай аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 315 дугаартай шийдвэрээр 1974 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнд компрессорчиноор ажиллаж байсан болохоо тогтоолгож , 2010 оны 7 дугаар сарын 5-ны өдөр хортой халуун нөхцөлөөр өндөр насны тэтгэвэр авч эхэлсэн байна .

Нийгмийн даатгалын ерөнхий газраас 2020 оны 11 дүгээр сарын 6-ны өдрийн удирдамжаар Нийгмийн даатгалын тухай хууль тогтоомжийн хэрэгжилтийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст шалгахаар баталжээ. 

Улмаар дээрх хяналт шалгалтын явцад Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/152 дугаар албан бичгээр нэр бүхий иргэдийн ажилласан жил тогтоосон шүүхийн шийдвэрийг тулган шалгуулахаар хавсралтын хамт хүргүүлсний 29 дүгээрт тэтгэвэр авагч Р.Ш бичигдсэн байна.  Энэхүү албан бичгийн дагуу Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дүгээр албан бичгээр шүүхийн Тамгын газрын архивын шийдвэртэй таарч байгаа болон зөрүүтэй шийдвэрийн жагсаалтыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст хүргүүлжээ. Уг албан бичгийн 2 дугаар хавсралт Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байхгүй шийдвэрийн жагсаалтын 29 дүгээрт Р.Ш, *********, 2010.06.05-ны №315 гэж бичигдсэн байна. 

Нийгмийн даатгалын ерөнхий газрын 2021 оны 3 дугаар сарын 1-ний өдрийн “Шалгалтын мөрөөр авах арга хэмжээний тухай” 6/301 дүгээр албан бичгээр “ ... үндэслэлгүй илүү олгосон тэтгэврийг дээрх иргэдээр төлүүлэхээр шийдвэрлэсэн тухай улсын байцаагчийн акт тогтоож, актын нэг хувийг 2021 оны 3 дугаар сарын 31-ний өдрийн дотор тус газарт ирүүлэх ...” чиглэлийг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн даргад хүргүүлжээ. 

Ийнхүү Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, Д.Т нар 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн 61 дүгээр актаар иргэн Р.Шгаар 16.028.148 /Арван зургаан сая хорин найман мянга нэг зуун дөчин найм/ төгрөгийг нөхөн төлүүлэхээр тогтоожээ. 

Иргэн Р.Ш нь дээрх улсын байцаагчийн актыг эс зөвшөөрч 2021 оны 3 дугаар сарын 22-ны өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэсэн байна.

Шүүх хуралдаанаар хэргийг хянан хэлэлцээд, Архангай аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 315 дугаартай шийдвэр нь бодит байдал дээр гараагүй “жинхэнэ бодитой биш, дуураймал, хуурамч” бичиг баримт болох нь хэрэгт авагдсан дараах баримтаар тогтоогдож байна.

1. Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай албан бичгийн 2 дугаар хавсралт Архангай аймаг дахь шүүхийн Тамгын газрын архивт байхгүй шийдвэрийн жагсаалтын 29-д тэмдэглэсэн, Архангай аймгийн шүүхийн Тамгын газрын 2021 оны 4 дүгээр сарын 16-ны өдрийн 119 дугаартай албан бичигт “ ...иргэн Р.Шд холбогдох шүүхийн шийдвэр, хэргийн материал байхгүй ...” талаар дурдсан , Архангай аймгийн сум дундын шүүхийн 2010 оны шийдвэрийн дугаарын бүртгэлд өөр иргэний шүүхийн шийдвэр бүртгэлтэй, иргэн Р.Шд хамаарах 315 дугаартай гэх шүүхийн шийдвэр болон хэргийн материал гэж байхгүй, дээрх шүүхийн шийдвэрийн дугаарт иргэн А.Б-ын хүсэлттэй шүүхийн шийдвэр авагдсан байна.

2. Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр Тэтгэвэр авагчтай хийсэн уулзалтын тэмдэглэлд “ ... Шүүхийн шийдвэрээр тогтоолгосон уу? үгүй, Шүүхийн шийдвэр танилцуулахад би ийм ажил хийгээгүй, намайг байхгүй байхад тэтгэвэр тогтоолгосон байсан, тэр талаар мэдэхгүй ...” зэргээр мэдүүлсэн тэмдэглэлээс үзэхэд иргэн Р.Ш нь  1974 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнд компрессорчиноор ажиллаж байгаагүй болох нь тогтоогдож байна. 

Мөн Архангай аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 315 дугаартай шүүхийн шийдвэр гэх баримтад 1974 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнд компрессорчиноор ажиллаж байсан гэх боловч дурдсан хугацаанд өөр ажил хийж байсан болох үйл баримт нь хэрэгт авагдсан 1975 оны 5 дугаар сарын 29-ний өдрөөс цэргийн албанд татагдаж 1978 оны 6 дугаар сарын 7-ний өдрийн цэргийн албанаас халагдсан тухай тэмдэглэл бүхий цэргийн батлах , 1984, 1985,  1986, 1987 1989 онуудын Монголын Үйлдвэрчний эвлэлийн Төв зөвлөл, Пионерийн “Тамир” зуслангийн захирлын тушаалаар тус тус нотлогдож байна.  

Архангай аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 315 дугаартай шүүхийн шийдвэр гэх баримтад дурдсан Р.Шг 1974 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэл Улаанбаатар хотын МАА-н эрдэм шинжилгээний хүрээлэнд компрессорчиноор ажиллаж байсан гэх нөхцөл байдал нь бодит байдалд тогтоогдохгүй, нэхэмжлэгч ч үүнийг үгүйсгээгүй, ийм шүүхийн шийдвэр байхгүй болох нь хэрэгт авагдсан бусад баримтаар тогтоогдож байгаа нөхцөлд шүүх нотлох баримтад үнэлэлт өгч маргаан бүхий актын үндэслэлийг хянан шийдвэрлэх боломжтой гэж үзлээ.

Хоёр. Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд

Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1. дэх хэсгийн 1/-т зааснаар тэтгэвэр, тэтгэмж авагч хуурамч бичиг баримт бүрдүүлснээс үндэслэлгүй буюу илүү авсан тэтгэвэр, тэтгэмжийг төлүүлэх тухай шүүхийн эсхүл нийгмийн даатгалын байгууллагын шийдвэр гарсан бол суутгал хийж болно гэж заажээ.

Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5 дахь заалт, Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1. дэх хэсгийн 1/-т заасныг үндэслэн гаргасан илүү олгосон тэтгэврийг төлүүлэх тухай улсын байцаагчийн акт хууль зүйн үндэслэлтэй Нийгмийн даатгалын тухай хуулийн 23 дугаар зүйлд заасан хууль дээдлэх зарчмыг хангаж гарсан хууль ёсны, үндэслэл бүхий захиргааны акт байна гэж үзлээ.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс захиргааны актын улмаас эрх ашиг нь хөндөгдөж болзошгүй этгээд болох нэхэмжлэгч иргэн Р.Ш-д 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдрийн 10 дугаартай мэдэгдэх хуудсаар мэдэгдлийг хүргүүлж , 2021 оны 1 дүгээр сарын 28-ны өдөр иргэнтэй биечлэн уулзаж, уулзалтын тэмдэглэл хөтөлсөн  нь захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах нөхцөл байдлын талаар урьдчилан мэдэгдэж иргэнд санал, тайлбараа гаргах боломжийг олгосон байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1. дэх хэсэгт “Захиргааны акт, захиргааны гэрээг батлан гаргахын өмнө эрх, хууль ёсны ашиг сонирхол нь хөндөгдөж болзошгүй этгээдэд захиргааны шийдвэр гаргахад ач холбогдол бүхий нөхцөл байдлын талаар тайлбар, санал гаргах боломж олгоно.”, 26.2. дахь хэсэгт “Энэ хуулийн 26.1-д заасан оролцогчоос тайлбар, санал авах ажиллагааг сонсох ажиллагаа гэнэ.”,  27 дугаар зүйлийн 27.6. дахь хэсэгт “Сонсох ажиллагааны явц, үр дүнгийн талаар тэмдэглэл хөтөлж, гарсан саналыг захиргааны шийдвэрт хэрхэн тусгасан талаар мэдээлэл бэлтгэж баримтжуулна.” гэж зааснаар сонсох ажиллагааг явуулж, санал, тайлбарыг авсан байх бөгөөд хуульд заасан эдгээр нөхцөл, шаардлагыг захиргааны байгууллагаас хангасан байна.

Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 61 дүгээр актыг гаргахаас өмнө Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсээс 2020 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 1/512 дугаартай албан бичгээр нэр бүхий иргэдийн ажилласан жил тогтоосон шүүхийн шийдвэрийг хавсралтаар хүргүүлж эх хувьтай нь тулган шалгуулсан байх бөгөөд Архангай аймгийн шүүхийн Тамгын газрын 2021 оны 1 дүгээр сарын 12-ны өдрийн 11 дугаартай албан бичгээр иргэн Р.Ш-д хамааралтай шүүхийн шийдвэр байхгүй талаар баримтыг цуглуулж нөхцөл байдлыг тогтоосон, иргэнд хамааралтай шүүхийн шийдвэр болон хэрэг шүүхийн архивт байхгүй, бодит байдалд ийм шийдвэр гараагүй, хуурамч бичиг баримтыг бүрдүүлсэн болохыг тогтоосон байна. Энэ нь Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/-д заасан урьдчилсан нөхцөлийг хангаж Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 61 дүгээр акт гарсан байна гэж үзэх үндэслэлтэй. 

Ийнхүү хариуцагч 61 дугаартай гаргахаас өмнө дээрх байдлаар нэхэмжлэгч нь хуурамч бичиг баримт бүрдүүлэн тэтгэвэр тогтоолгон авсан болох нөхцөл байдлыг тогтоох, нотлох баримтыг цуглуулж, үнэлэх ажиллагааг хийсэн байна. Энэ нь Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно”, 24.2-т “Энэ хуулийн 24.1-д заасан бодит нөхцөл байдлыг тогтооход ач холбогдол бүхий шаардлагатай ажиллагаа хийх, нотлох баримтыг цуглуулах, үнэлэх үүргийг захиргааны байгууллага хүлээнэ” гэж заасантай нийцжээ.

Нөгөөтээгүүр нэхэмжлэгч иргэн Р.Ш нь Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр гаргасан өргөдөлдөө : “... зөрүүтэй учир зогсоосон. 1975 онд цэргийн албанд 3 жил, 1984 оноос хүүхэд залуучуудын төвийн харьяа Тамир зусланд 2005 он хүртэл малчнаар ажилласан учир миний тэтгэврийг дахин тогтоож шийдвэрлэж өгнө үү” гэх тайлбар гаргасан бөгөөд тухайн зөрчлийг хүлээн зөвшөөрч зөв нөхцөлөөрөө өндөр насны тэтгэвэр тогтоолгохыг хүсч, хүсэл зоригоо илэрхийлсэн гэж үзэх үндэстэй байна.

Нэхэмжлэгч нь хэдийгээр “ ... шүүхийн шийдвэр байсан, тэр нь хуурамч байсан гэж би огт мэдээгүй, энэ олон жил болж байхад нийгмийн даатгалын байгууллага нь хяналт шалгалтаа хийдэггүй байсан юм уу ...” гэж тайлбарлаж буй боловч маргаан бүхий акт тогтоосон хугацаа /2010 оны 7 дугаар сарын 5-ны өдрөөс 2017 оны 10 дугаар сарын 1-ний өдрийг хүртэл хугацаа буюу тэтгэвэр тогтоолгох насанд хүртлээ авсан мөнгөн дүн, 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс 2021 оны 2 дугаар сарын 1-ний өдөр хүртэл авсан бүрэн тэтгэврийн зөрүү/-нд авах ёсгүй байсан цаг хугацаа, хэмжээгээр өндөр насны тэтгэврийг авч байсан болох нь өмнө дурдсан баримт, нэхэмжлэгчийн өмгөөлөгч, хариуцагч нарын шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбараар тогтоогдож байна. 

Мөн хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нар нь маргаан бүхий 61 дүгээр актаар тогтоосон нөхөн төлбөрийн хэмжээ, бодолтын асуудлаар маргаагүй, нэхэмжлэлийн шаардлага, тайлбар гараагүй бөгөөд актаар тогтоосон хугацааны тэтгэврийг бүрэн авч байсан талаараа тайлбарласан болно. 

Маргаан бүхий акт болох Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 61 дугаартай актаар Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2/-т заасан нөхцөл, шаардлагыг хангаагүй байх хугацаанд хуулиар авах ёсгүй байсан хугацаанд авч байсан тэтгэврийн мөнгийг буцаан нөхөн төлүүлэхээр шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна. 

Иймд шүүх дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ. 

Түүнчлэн нэхэмжлэгч Р.Ш нь 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр өндөр насны тэтгэвэр дахин тогтоолгох тухай хүсэлт, холбогдох баримтыг Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэст гаргаж, Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтэс иргэнийг 60 нас хүрсэн өдрөөс буюу 2017 оны 1 дүгээр сарын 1-ний өдрөөс эхлэн нөхөн тооцож 2021 оны 3 дугаар сарын 10-ны өдөр хувь тэнцүүлсэн тэтгэвэр тогтоосон байна. 

Мөн Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 61 дугаартай актыг гаргахаас өмнө Архангай аймгийн сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 315 дугаартай шийдвэр гэх баримтыг хуурамчаар үйлдсэн эсэхийг шалган тогтоолгохоор захиргааны хэргийг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хариуцагчаас цагдаагийн байгууллагад хандаж шалгуулан Архангай аймгийн Прокурорын газрын 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдрийн 129 дугаартай хэрэг бүртгэлийн хэрэг нээхээс татгалзах тухай прокурорын тогтоол  гарсан байна.  Уг прокурорын тогтоолд: “... иргэн Р.Ш нь Сум дундын шүүхийн 2010 оны 6 дугаар сарын 5-ны өдрийн 315 дугаартай шийдвэрээр 1974 оны 10 дугаар сарын 24-ний өдрөөс 1994 оны 12 дугаар сарын 28-ны өдрийг хүртэлх хугацаанд Улаанбаатар хотын Мал аж ахуйн эрдэм шинжилгээний хүрээлэнд “компессорчиноор” ажиллаж байсан болохоо тогтоолгохдоо нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн болох нь тогтоогдож байна. Иргэн Р.Шгийн дээрх үйлдэл нь 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 253 дугаар зүйлийн 253.1 дэх хэсэгт заасан иргэний шүүн таслах ажиллагаанд оролцогчид нотлох баримтыг хуурамчаар бүрдүүлсэн гэмт хэргийн шинжтэй ...” гэх дүгнэлт хийсэн болохыг тэмдэглэв. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3, 106.3.14, 106.5 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1.  Нийгмийн даатгалын тухай хуулийн 26 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 5/., Нийгмийн даатгалын сангаас олгох тэтгэвэр, тэтгэмжийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийн 2/, 29 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1/, Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.2 дахь хэсэгт заасныг үндэслэн нэхэмжлэгч Р.Ш-гаас Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагч Д.Г, улсын байцаагч Д.Т нарт холбогдуулан гаргасан “Архангай аймгийн Нийгмийн даатгалын хэлтсийн улсын байцаагчийн 2021 оны 3 дугаар сарын 11-ний өдрийн “Илүү олгосон тэтгэврийг нөхөн төлүүлэх тухай” 61 дүгээр актыг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг  бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1 дэх хэсэгт зааснаар нэхэмжлэгч, хариуцагч, гуравдагч этгээд тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч энэхүү шийдвэрийг эс зөвшөөрвөл гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай. 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                  А.ТҮВШИНТУЛГА