Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 3073

 

 

 

 

 

 

2020         10           08                                    184/ШШ2020/03073

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сонгинохайрхан дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Л.Оюунцэцэг даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сонгинохайрхан дүүрэг, ...................... нэхэмжлэлтэй

Цагаатгалын нөхөн олговор 1,000.000 төгрөг гаргуулах шаардлага бүхий иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд нэхэмжлэгч ........................, төрийг төлөөлж Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын  прокурор Б.Дэлгэрдалай,  шүүх хуралдааны нарийн бичгийн дарга С.Дана нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч .................... шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд тайлбарлахдаа: Миний өвөг эцэг ....................1946 оны 1 сарын 07-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдан  Булган аймгийн Ардын шүүх таслах газрын 1946 оны 5 сарын 17-ны  өдрийн 115 дугаар хурлын тогтоолоор Эрүүгийн хуулийн 66 дугаар   зүйлээр 10 жилийн хорих ялаар шийтгүүлж 2012.04.25-нй өдрийн 260 дугаар  тогтоолоор  цагаатгагдсан юм. Миний төрүүлсэн эцэг  Жигжид  нь хэлмэгдсэн өвөг Сэтэвийн хүү болохыг Үндэсний төв Архивын 2018 оны 8 сарын 17-ны өдрийн 03-5/3683 тоот лавлагаагаар  баталгаажуулсан байдаг. Иймд .................. ач охин болох ................... надад нөхөн олговор 1,000.000 төгрөг гаргуулж  өгнө үү гэв.

Гуравдагч этгээд  Сонгинохайрхан дүүргийн Прокурорын газрын  прокурор Б.Дэлгэрдалай шүүх хуралдаанд  тайлбарлахдаа: Сэтэв нь Улс төрийг хилс хэрэгт баривчлагдан 1946 оны 05 сарын 17-ны өдрийн Эрүүгийн хэргийн 115 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тасгай ангийн 66 дугаар  зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгдсэн болох нь тагнуулын газрын архивын лавлагаа, 2012 оны 04 сарын 25-ны өдрийн Улсын дээд шүүхийн хяналтын шатны 260 дугаар тогтоолоор .................. цагаатгасан болох нь тус тус нотлогдож байна. Төрийг төлөөлж оролцож байгаа тул Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-т зааснаар 1.000.000 төгрөг олгоход татгалзахгүй гэв.

            Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн гаргасан тайлбар болон хавтаст хэрэгт цугларсан бичгийн нотлох баримтыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

            Нэхэмжлэгч ...................... нь цагаатгалын нөхөн олговор 1,000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэл гаргажээ.

Хэлмэгдэгч ................... нь 1946 оны 1 сарын 07-ны өдөр улс төрийн хилс хэрэгт баривчлагдан, Бүгд Найрамдах Монгол Ард улсын Дээд шүүхийн шүүн таслах хурлын 1946 оны 05 сарын 17-ны өдрийн Эрүүгийн хэргийн 115 дугаар тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 100 дугаар зүйлээр 10 жил хорих ялаар шийтгэгджээ. /хх-9/,

Түүнд холбогдох хэргийг хэрэгсэхгүй болгож цаатгасан болох нь Улсын Дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн шүүх хуралдааны 2012 оны 04 сарын 25-ны өдрийн 260 дугаартай тогтоолоор тогтоогдож байна. /хх-10/,

Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 9.1-д Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгч мөн болох нь хууль ёсоор тооцогдсон этгээдэд учирсан хохирол /эд хөрөнгийн болон эд хөрөнгийн бус амины эрх зөрчсөнөөс/-ыг энэ хуульд заасан үндэслэл, журам, хэмжээний дагуу нөхөх олговор хэлбэрээр нөхөн төлнө” гэжээ.

Мөн хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4-д “  энэ  зүйлийн  1 дэх хэсгийн  1,2,3-т заасан  хүмүүс  байхгүй бол  хэлмэгдэгчийн ...  ач, зээ   нөхөх  олговорыг”  нэхэх  эрхтэй  гэж заажээ.

Хэрэгт  авагдсан Үндэсний төв архивын 1944 оны хүн амын тооллогын бүртгэлийн 03-5/3684 дугаартай лавлагаа, Улсын бүртгэлийн төв архивын 45/011279 дугаартай  лавлагаа, 1956 оны хүн амын тооллогын бүртгэлийн 40 дүгээр хуудсанд 03-5/3683 дугаартай  лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 45/011279 дугаартай нас барсны бүртгэлийн лавлагаа, Улсын бүртгэлийн ерөнхий газрын 00/013740 дугаартай төрсний бүртгэлийн лавлагаа, нэхэмжлэгчийн цахим үнэмлэхний хуулбар зэрэг баримтуудаар нэхэмжлэгч нь хэлмэгдэгч .......................  ач охин мөн болох нь тогтоогдож байна. /хх-4-5, 7,/

Мөн цагаатгах ажлыг удирдан зохион байгуулах улсын комиссоос нөхөн олговрын нэхэмжлэлээ бүрдүүлсэн иргэдийн нэрсийн жагсаалтыг “Зууны мэдээ” сонины 2019 оны 10 дугаар сарын 04-ний өдрийн №197 /6164/ дугаарт жагсаалтын 71 дугаарт нэхэмжлэгч ..................... овог, нэр  бичигдэж хэвлэгдсэн байх ба сонинд  зарлагдсанаас хойш энэ асуудлаар  маргаан гараагүй байна.

Иймд Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 10 дугаар зүйлийн 10.1.4, 13 дугаар зүйлийн 13.2.2-д тус тус зааснаар хэлмэгдэгчийн ач охин болох ....................... нөхөх олговрын 1,000.000 төгрөгийг олгох үндэслэлтэй байна гэж шүүх үзлээ.

Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9-т хууль бусаар ял шийтгэсэн, эрүүгийн хариуцлагад татсан, таслан шийтгэх арга хэмжээ болгож цагдан хорьсон, баривчилсан, ... арга хэмжээ авсны улмаас учирсан хохирлыг төлүүлэхээр гаргасан нэхэмжлэлийг улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлнө гэж, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д нөхөх олговор олгоход ямар нэгэн татвар, хураамж авахгүй гэж зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдав.

            Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.2.1, 116, 118, 133 дугаар зүйлийн 133.1.1-д заасныг удирдлага болгон

 ТОГТООХ нь:

 

            1. Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 13 дугаар зүйлийн 13.2.2-д зааснаар нөхөн олговор 1,000.000 /нэг сая/ төгрөгийг улсын төсвөөс гаргуулан хэлмэгдэгч Дорлигийн ....................../Шадав/  ач охин ......................  олгосугай.

 

            2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.9, Улс төрийн хилс хэрэгт хэлмэгдэгчдийг цагаатгах, тэдэнд нөхөх олговор олгох тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.5-д зааснаар нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэл гаргахдаа улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдсөн болохыг дурдсугай.

            3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.2-т тус тус зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч уг шийдвэрийг гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах эрхтэй болохыг тайлбарласугай.

 

 

  

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                  Л.ОЮУНЦЭЦЭГ