| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 102/2018/02998/и |
| Дугаар | 101/ШШ2020/1416 |
| Огноо | 2020-04-24 |
| Маргааны төрөл | Худалдах-худалдан авах болон арилжааны гэрээ, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 04 сарын 24 өдөр
Дугаар 101/ШШ2020/1416
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Б.М ХХК /Баянгол дүүрэг, 11 дүгээр хороо, *******,******* тоот хаягт байрлах, РД:*******/-ийн нээмжлэлтэй,
Хариуцагч: Т.З ХХК /Баянзүрх дүүрэг, 5 дугаар хороо, *******, ******* тоот хаягт байрлах, РД:*******/,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 1 дүгээр хороо, 12 дугаар хороолол, *******, ******* тоот хаягт оршин суух, Сээт овогт Ж.Э т холбогдох,
9.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б,
Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Д,
Хариуцагч Т.З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.А,
Нарийн бичгийн даргаар Д.Б нар оролцов.
Шүүх хуралдааны нарийн б.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Б.М ХХК нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Б, өмгөөлөгч Ж.Д нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Манай компани нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдөр урьдчилгаа 1.500.000 төгрөг авч, 150 ширхэг шалыг 2016 оны 03 дугаар сарын 15-ны өдөр шалыг нийлүүлэхээр менежер Э.М нь анх Ж.Э тохиролцсон, тэрээр уг ажлыг хариуцан ажиллаж байсан юм.
LIQUID COLOR FLOOR чанарын баталгаа бүхий паркетан шалны нэг бүр 60.000 төгрөгийн үнэтэй байсан бөгөөд хөнгөлөлттэй үнээр 1 ширхгийг нь 50.000 төгрөгөөр тооцон 150 ширхэг шалыг 7.500.000 төгрөгөөр зээлээр зарахаар болсон.
Менежер Э.М үлдэгдэл төлбөрөө авахаар хэд хэдэн удаа Ж.Этай очиж уулзсан байдаг. Шал хүлээлгэж өгсөн Э.М нь тус компанийн борлуулалтын менежер ажилтай бөгөөд борлуулалт хийх чиг үүргийн дагуу борлуулалтаа хийсэн. Гэтэл тэрээр 2016 оны 03 дугаар сарын 29-ний өдөр ажлаасаа гарсан, түүнтэй энэ шалны талаар тооцоо нийлээгүй, ажлыг нь хүлээлцэхгүйгээр ажлаас чөлөөлсөн байдаг.
2016 оны 07 сард захирал надад энэ асуудлыг шийдвэрлэх үүрэг өгсний дагуу миний бие Ж.Э гэх хүний утас руу залгахад Хороололд айлд байна, хүрээд ир гэсэн хариу өгсөн.
Түүнээс гэрээний төслийг хэнтэй хийх талаар асуухад Т.З ХХК, захирал Н.Э гэж хэлсний дагуу гэрээний төсөл боловсруулж, түүний сууж байсан машинд Ж.Этай уулзсан. Ийнхүү уулзсанаар 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрээг нөхөн байгуулсан бөгөөд үлдэгдэл төлбөр 6.000.000 төгрөгийг 6 хуваагаад сар бүр 1.000.000 төгрөгийг манайд төлөхөөр тохиролцсон. Уг төлбөрийг 2017 оны 01 дүгээр сарын 15-ны өдрөөс сар бүр 1.000.000 төгрөгийг 2017 оны 06 дугаар сарын 15-ны өдөр гэхэд төлж дуусгахаар болсон.
Гэрээний 2.4-т гэрээнд заасан хугацаанд төлбөрийг төлж барагдуулаагүй тохиолдолд 0.2 хувийн алданги төлөхөөр тохиролцсон.
Гэрээгээр тохирсон хугацаандаа төлбөрийг төлөхгүй байсан учир Ж.Этай утсаар ярихад тэрээр шал тавьсан баарны эзэнтэй маргаантай байгаа учраас жаахан хүлээгээч гэсэн. Дараагийн сарын төлөлт хийх хугацаа өнгөрсөн тул төлбөрөө шаардахад түр хүлээгээч гэсэн.
Үүний дараа 2017 оны 03 сард ярихад баараа алдсан, тэр хүнээс ав гэж хэлэхээр нь баар зарсан хүнтэй холбогдож уулзахад Энхбаярт бүх мөнгийг өгсөн учраас шалны төлбөрийг өгөхгүй гэсэн хариу өгсөн.
Гэрээг Б.М ХХК-ийн захирал С.Хөхий болон Т.З ХХК-ийн захирал Н.Э нарын хооронд байгуулагдаагүй гэж маргаж байгаа ч гэрээнд дарсан тамга тэмдэг нь Т.З ХХК-ийнх мөн гэдэг нь нотлогддог, захирал Н.Э гээд гарын үсэг зурагдсан. Тамгыг нь нэхэмжлэгч олж аваад гэрээнд дарсан гэж үзэх боломжгүй.
2016 оны 03 сард шингэн шалыг хүлээлгэн өгч, хүлээн авсан үйл баримт болсон нь үнэн бөгөөд гэрээг хожим буюу 12 сард нь нөхөж байгуулсан гэдгийг анхнаасаа тайлбарласан. Гэрээг нөхөж байгуулж болохгүй гэсэн хуулийн зохицуулалт байхгүй бөгөөд уг гэрээ нь иргэд хооронд хийгдсэн хэлцэл биш юм.
Шингэн шал хүлээж авсан иргэн Ж.Э, Т.З ХХК-ийн захирал Н.Э нар гэр бүлийн харилцаатай хүмүүс, энэ гэр бүл хүмүүсийн нэрний тодорхойгүй байдлаас болж компани хохирох ёсгүй, үүгээр шалтаглан Т.З ХХК гэрээний үүргээс чөлөөлөгдөх ёсгүй гэж үзэж байна.
Үүнээс үзэхэд талуудын хооронд байгуулагдсан зээлээр худалдах, худалдан авах гэрээнд Т.З ХХК-ийн захирал Н.Э гэж тусгагдсан, дарагдсан тамга тус компанийх мөн болох нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдсон байгаа тул гэрээнд нөхөр Ж.Э гарын үсэг зурсан ч гэсэн үүсэх үр дагаврыг Т.З ХХК хариуцах нь харагдаж байна.
Компанийн няраваас борлуулалтын менежер Э.Мд шалыг хүлээлгэн өгсөн зарлагын баримт байдаг.
Иймд Т.З ХХК-иас гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 6.000.000 төгрөг, гэрээний 2.4-т заасны дагуу алданги 3.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Т.З ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ч.Анар шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Нэхэмжлэгч Б.М ХХК нь хариуцагч Т.З ХХК-тай шингэн шал зээлээр худалдах, худалдан авах гэрээ байгуулсан гэж үзэн үлдэгдэл төлбөр 6.000.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг шаардаж байгааг бүхэлд нь зөвшөөрөхгүй байна.
Учир нь нэхэмжлэгч тал нөхөж үйлдэгдсэн гэрээг үндэслэн гэрээний үүрэг шаардсан нь үндэслэлгүй юм.
Б.М ХХК нь өөрийн компанийн дотоод зохион байгуулалт, ажилчдынхаа хариуцлагын асуудлын үр дагаврыг хууль зөрчиж байгаад ч хамаагүй Т.З ХХК-иас гаргуулах санаа зорилготой байна гэж харж байна.
Шал хүлээлгэж өгсөн гэх менежер Э.Мөнх-Эрдэнийн гэрээний хугацаа 2016.04.20-ны өдөр дуусах байсан боловч түүнийг 2016.03.29-ний өдөр ажлаас гарахад түүнтэй ямар нэг өр төлбөрийн талаар тооцоо байхгүй гэж ажлаас чөлөөлсөн талаар нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан. Гэтэл өөрийн ажилтныг төлбөр тооцоогүй гэж ажлаас чөлөөлсөн мөртлөө түүний бусадтай хийсэн хэлцлийн үр дагаврыг Т.З ХХК хариуцах учиртай гэдгээ тайлбарласангүй.
Талуудын хооронд байгуулагдсан гэх гэрээний гарын үсэг нь Т.З ХХК-ийн захирал Нармандахын Энхбаяр, иргэн Ж******* нарын аль алины гарын үсэг биш гэдгийг шинжээчийн дүгнэлтээр тогтоосон.
Үүнээс үзвэл уг гэрээн дэх гарын үсгийг хэн зурсан нь эргэлзээтэй асуудал. Т.З ХХК-тай гэрээ байгуулсан бол Б.М ХХК-ийг төлөөлж борлуулалтын менежер Э.М гэх хүн хэлцэл хийх эрхтэй эсэх нь тодорхойгүй байхаас гадна хэн төлөөлж хэлцэл хийх эрхтэй байсан талаарх баримтыг нэхэмжлэгч зүгээс өнөөдрийг хүртэл гаргаж өгөөгүй байна.
Дээрх байдлаар шингэн шал худалдсан асуудал нь хуулийн этгээд хооронд хийгдсэн бус, харин иргэд хоорондын хэлцэл хийгдсэн байна.
Нэхэмжлэгчтэй Т.З ХХК нь ямар нэгэн эрх зүйн харилцаа үүсгээгүй учир уг харилцаанд орсон этгээдээс мөнгөө нэхэмжлэх нь зүйтэй.
Нэхэмжлэлийн шаардлагад 150 ширхэг шал худалдсан гэдэг боловч шал тавьсан гэх Дурсамж ретро гэх клубт 147 ширхэг байгаа талаар гэрч н.Шүр мэдүүлсэн.
Нэхэмжлэгч нь ямар үндэслэлээр 9.000.000 төгрөгийг Т.З ХХК-иас гэрээний үүрэгт гэж шаардаж байгааг баримтаар нотлохгүй, үндэслэлээ тайлбарлахгүй байна.
Т.З ХХК нь нэхэмжлэгч Б.М ХХК-тай хуульд заасан хэлбэрээр гэрээ огт хийгээгүй болох нь нэхэмжлэгчийн хүсэлтээр гэрчээр асуугдсан тус компанийн хувьцаа эзэмшигч С.Биндэръяагийн гэрээ хэзээ ч зурагдаж байгаагүй, Э.М хэнд шал зарсныг мэдэхгүй гэх мэдүүлгээр тогтоогддог.
Үүнээс гадна шал хүлээлгэн өгсөн зарлагын баримт байгаа гэсэн боловч өдийг хүртэл шүүхэд гаргаж өгөөгүй, гэвч энэ нь зөвхөн тухайн компанийн няраваас өөрийнхөө борлуулагчид хүлээлгэн өгсөн баримт гэж тайлбарласан.
Түүнчлэн энэ авлагаа өөрийн санхүүгийн тайланд 5.545.000 төгрөг, борлуулалтын орлого гэж тусгасан талаар гэрч нь гэж мэдүүлсэн.
Эдгээр байдлаас нэхэмжлэлийн гол үндэслэл болгож байгаа баримтууд нь худал, хоорондоо зөрүүтэй, нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болсон зээлээр худалдах, худалдан авах гэрээ огт хийгдээгүй гэж дүгнэж болохоор байна.
Манай компанийн зүгээс аливаа хэлбэрээр зээлээр худалдах, худалдан авах ийм гэрээг байгуулж, алданги төлөх нөхцөлийг зөвшөөрч хэлцэл огт хийж байгаагүй юм.
Иймд Б.М ХХК-ийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Б.М ХХК нь хариуцагч Т.З ХХК-д холбогдуулан 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ж.Эыг татан оролцуулах хүсэлт гаргасныг хангаж шийдвэрлэжээ.
Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх явцад хариуцагч Ж.Э нь нэхэмжлэлд дурдсан хаягт оршин суудаггүй, тэрээр Монгол Улсын хилээр гарсан, хилээр буцаж орж ирээгүй байх тул түүнд холбогдох нэхэмжлэлээ татан авч, хариуцагч Т.З ХХК-д холбогдох нэхэмжлэлийн шаардлага дэмжиж байна гэж нэхэмжлэгчийн төлөөлөгч тайлбарласан.
Шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Нэхэмжлэгч Б.М ХХК нь хариуцагч Т.З ХХК-д холбогдуулан, 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээ, кассын орлогын №279 тоот баримт зэргийг үндэслэн гэрээний үлдэгдэл төлбөр 6.000.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг гаргуулахаар шаарджээ.
/ I хавтас, 15, 53-55/
Хариуцагч нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь эс зөвшөөрсөн татгалзлын үндэслэлээ, нэхэмжлэгчтэй эрх зүйн харилцаанд оролцоогүй, талуудын хооронд байгуулагдсан гэх 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн гэрээг Т.З ХХК байгуулаагүй, гэрээний зүйл болох шингэн шалыг хүлээн аваагүй, үүрэг хүлээхээр гэрээний харилцаа үүсгээгүй тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээгээр 150 ширхэг, 7.500.000 төгрөгний үнэ бүхий шингэн шалны урьдчилгаа төлбөрт 1.500.000 төгрөг төлсөн, үүнээс үлдэгдэл төлбөр 6.000.000 төгрөгийг 2017.01.15-ны өдрөөс эхлэн 2017.06.15-ны өдөр хүртэлх хугацаанд сар бүр 1.000.000 төгрөгөөр эргүүлэн төлөхөөр тохиролцсон, гэрээнд Б.М ХХК-ийг төлөөлж, СМА С.Биндэръяа, борлуулагч Ц.Батбилэг, Т.З ХХК-ийн захирал Н.Э гэх гарын үсэг зурж, компанийн тамга дарсан байна.
/ I хавтас 15-17/
Мөн Б.М ХХК-ийн 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн №279 тоот кассын орлогын баримт хэрэгт авагдсан бөгөөд гүйлгээний утга хэсэгт Шалны урьдчилгаа төлбөр, дүн 1.500.000 төгрөг, нягтлан бодогч С.Биндэръяа гэх гарын үсэг зурсан, баримтад уг компанийн санхүүгийн тэмдэг даржээ.
/ I хавтас 14/
Зохигчийн хүсэлтээр 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн зээлээр худалдах, худалдан авах гэрээнд дарсан тамга Т.З ХХК-ийнх мөн эсэх, захирал Н.Э, хамтран хариуцагч Ж.Э нарын гарын үсгийн талаар маргаж, шинжээч томилуулах хүсэлтийг шүүгчийн 2018 оны 11 дүгээр сарын 06-ны 101/ШЗ2018/18880, 2019 оны 04 дүгээр сарын 16-ны 101/ШЗ2019/05928 тоот захирамжаар тус тус хангаж шийдвэрлэсэн.
/ I хавтас 58-64, 196-200/
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2018 оны 12 дугаар сарын 13-ны өдрийн №6699 тоот дүгнэлтийн:
2. Шинжилгээнд ирүүлсэн 2016.12.16-ны өдрийн 2016/12/16 дугаартай зээлээр худалдах, худалдан авах гэрээнд зурагдсан шинжилж буй гарын үсгүүд харьцуулах загвараар ирүүлсэн Н.Эын гэх бичгийн хэвийн болон гарын үсгийн загваруудтай тохирохгүй байна
Шинжээчийн 2019 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №3265 тоот дүгнэлтийн:
1. Шинжилгээнд ирүүлсэн 2016 оны 12-р сарын 16-ны өдөр гэсэн огноотой, 2016/12/16 гэсэн дугаартай Зээлээр худалдах, худалдан авах гэрээ, гэрээний хавсралт гэх баримт дахь Т.З ХХК гэсэн бичигтэй шинжилж буй тэмдэгний дардсууд нь харьцуулах загвараар ирүүлсэн Т.З ХХК-ийн тэмдэгний дардсууд мөн байна.
2. Дээрх баримтын /Н.Э/, /Н.Э/ гэсний урд зурсан шинжилж буй гарын үсгүүд нь харьцуулах загвараар ирүүлсэн Ж.Эын гэх бичгийн хэвийн харьцангуй чөлөөт, туршилтын загваруудтай тохирохгүй байна гэжээ.
/хх I хавтас 86-93,232-239 тал/
Хариуцагч Т.З ХХК-ийн захирлаар Нармандах овогтой Энхбаярыг томилсныг 2016 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр бүртгэсэн, уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Нармандахын Энхбаяр болох нь улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаагаар тогтоогдож байна.
/хх-ийн I- 24,57 тал/
Иргэний хуулийн 26 дугаар зүйлийн 26.4, 26.5-д зааснаар хуулийн этгээд нь хууль болон үүсгэн байгуулах баримт бичгээр тодорхойлогдсон удирдах байгууллагаараа дамжуулан иргэний эрх зүйн харилцаанд оролцох учиртай. Компанийн тухай хуулийн 83 дугаар зүйлийн 83.1, 83.3-д зааснаар компанийн өдөр тутмын үйл ажиллагааг гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлэх бөгөөд хувь хүн гүйцэтгэх удирдлага хэрэгжүүлж байгаа тохиолдолд уг этгээд компанийн гүйцэтгэх захирал байна.
Т.З ХХК-ийн улсын бүртгэлийн гэрчилгээ, хуулийн этгээдийн улсын бүртгэлийн лавлагаа зэрэг баримтаас үзэхэд компанийн үүсгэн байгуулагч, 100 хувийн хувьцаа эзэмшигч, гүйцэтгэх захирал буюу итгэмжлэлгүйгээр төлөөлөх эрхтэй этгээд нь Нармандахын Энхбаяр гэж үзнэ.
Маргаж буй 2016 оны 12 дугаар сарын 16-ны өдрийн Зээлээр худалдах, худалдан авах гэрээ-нд дарагдсан тэмдэгний дардас Т.З ХХК-ийн тэмдэгний дардастай тохирч байгаа боловч уг хуулийн этгээдийг итгэмжлэлгүйгээр төлөөлөх этгээд Нармандахын Энхбаяр, уг гэрээнд зурагдсан гарын үсэг нь түүний бичгийн хэвийн болон гарын үсгийн загваруудтай тохирохгүй байгаа болох нь дээр дурдсан шинжээчийн дүгнэлтүүдээр тогтоогдож байна.
Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д:Худалдах-худалдан авах гэрээгээр худалдагч нь биет байдлын доголдолгүй, эрхийн зөрчилгүй хөрөнгө, түүнтэй холбоотой баримт бичгийг худалдан авагчийн өмчлөлд шилжүүлэх буюу бараа бэлтгэн нийлүүлэх, худалдан авагч нь худалдагчид хэлэлцэн тохирсон үнийг төлж, худалдан авсан хөрөнгөө хүлээн авах үүргийг тус тус хүлээнэ гэж заасан.
Нэхэмжлэгч нь 7.500.000 төгрөгний үнэ бүхий, 150 ширхэг шингэн шалыг хариуцагч Т.З ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгсөн гэх, гэрээний үлдэгдлийг санхүүгийн тайланд хэрхэн тусгасан, түүнчлэн шалны урьдчилгаа төлбөрт 1.500.000 төгрөгийг дээрх гэрээний үүрэгт хариуцагчаас хүлээн авсан гэдгээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.
Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2016 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлээ баримтаар нотлоогүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасан нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.
Өөрөөр хэлбэл талуудын хооронд гэрээ байгуулагдсан, нэхэмжлэгч Б.М ХХК нь гэрээний зүйл болох шингэн шалыг хариуцагч Т.З ХХК-ийн өмчлөлд шилжүүлэн өгөх үүргээ биелүүлсэн болох нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх тул хариуцагчаас гэрээний үүрэг шаардаж буй үндэслэлгүй байна.
Иймд талуудын хооронд гэрээ байгуулагдсан гэж үндэслэл тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.З ХХК-иас гэрээний үүрэгт үлдэгдэл төлбөр 6.000.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.
Нэхэмжлэгч нь хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар Ж******* /РД:МЕ71030339/-ыг татсан боловч тэрээр Монгол Улсын хилээр 2019 оны 08 дугаар сарын 09-ний өдөр гарсан,хилээр буцаж орж ирээгүй болох нь Хил хамгаалах ерөнхий газрын 2019 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн 2-5а/12677, 2020 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 2-5а/1632 тоот албан бичгээр тогтоогдож байх тул түүнд холбогдох нэхэмжлэлээ татан авсан гэх тайлбарыг гаргасан.
/II хавтас 30, 53 тал/
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3-д:Нэхэмжлэгч нэхэмжлэлээ хариуцагчийн зөвшөөрөлгүйгээр татан авч болно гэж заасан.
Хариуцагч Ж******* нь тус улсын хилээр орж ирээгүйтэй холбогдуулан түүнд холбогдуулан гаргасан нэхэмжлэлээ шийдвэрлүүлэх боломжгүй болсон нөхцөл байдлыг нэхэмжлэгч тайлбарлаж байх тул түүнд холбогдох нэхэмжлэлээсээ нэхэмжлэгч татгалзсан гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгох боломжгүй гэж үзэн, уг нөхцлийг дурдах нь зүйтэй гэж үзэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.3, 116, 118 дугаар зүйлийг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1, 232 дугаар зүйлийн 232.6-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.З ХХК-д холбогдох гэрээний үүрэгт 9.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.М ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.
2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 123 дугаар зүйлийн 123.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М ХХК нь хариуцагч Ж.Эт холбогдох нэхэмжлэлийн шаардлагаа татан авсан болохыг дурдсугай.
3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д зааснаар нэхэмжлэгч Б.М ХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 158.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ