Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 04 сарын 28 өдөр

Дугаар 101/ШШ2020/01466

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цгэрэл даргалж, шүүгч Д.Батцэцэг, шүүгч Н.Сарангүн нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 14 дүгээр хороо, *******, ******* тоот хаягт оршин суух, Б.Б /РД: /-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянгол дүүрэг, 20 дугаар хороо, *******, *******, 4 давхарт байрлах, Т.ПХХК /РД:*******/,

Хариуцагч: Хан-Уул дүүрэг, 3 дугаар хороо, *******, өөрийн байранд байрлах, УБ.Ц.Т.С ТӨХК /РД:*******/-д холбогдох,

Газар чөлөөлүүлэх, хохиролд 29.826.500 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.О

Хариуцагч Т.ПХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц,

Хариуцагч УБ.Ц.Т.С ТӨХК-ийн итгэмжлэгдсэн

төлөөлөгч Н.Т,

Иргэдийн төлөөлөгч Б.Б,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Билэгсайхан нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Б шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Ошүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Б нь Баянзүрх дүүрэг, *******, ******* тоот хаяг дээр нөхөр Ц.Т болон үр хүүхдийн хамт 2003 оны 10 дугаар сараас эхлэн амьдарч ирсэн. Нөхөр Ц.Т нь 2011 оны 04 дүгээр сард уг газрыг өмчлөн авч, улмаар 2014 оны 09 дүгээр сарын 11-ний өдөр нас барсан учир Т.Ану, Б.Б миний бие өв залгамжлалаар өмчлөх эрхийг шилжүүлэн авсан юм.

Гэтэл 2013 оны 10 дугаар сарын 15-ны өдөр ажлын цагт эзэнгүй байх хойгуур Т.ПХХК нь орон сууцны барилгын цахилгааны гадна хангамжийн шугамыг манай өмчлөлийн газраар хууль зөрчин цахилгааны шугам татан, газар өмчлөх эрхэнд халдан, манай газрыг ашиглаж, эзэмшиж эхэлсэн тул миний бие энэ хууль бус ажиллагааг зогсоолгох талаар Дүүрэг, Нийслэлийн засаг дарга, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар, мэргэжлийн хяналтын газар, Газрын алба зэрэг бүхий байгууллагад удаа дараа хандсан боловч ямар ч арга хэмжээ авч хэрэгжүүлээгүй тул Захиргааны хэргийн анхан шатны шүүхэд хандсаны дагуу 4 жил гаруй хугацаанд маргаан үргэлжилсэний эцэст захиргааны хэргийн шүүхээс миний өмчлөх эрхтэй, өмчлөлийн газраа зориулалтынх нь дагуу ашиглах эрхийг зөрчсөн болохыг тогтоож цахилгааны гадна хангамжийн дугаар шифртэй ажлын зургийг хүчингүй болгож эцэслэн шийдвэрлэсэн юм.

Гэвч Т.ПХХК нь шүүхийн шийдвэрээр цахилгааны гадна хангамжийн дугаар шифртэй ажлын зураг хүчингүй болсон ч өнөөдрийг хүртэл цахилгааны шугамаа миний өмчлөлийн газраас чөлөөлж авахгүй ашиглаж эзэмшсээр байна.

Мөн хууль бусаар татан ашиглаж буй цахилгааны шугамаас үүдэн Баянзүрх дүүргийн Засаг даргаас миний өмчлөлийн газрын зарим хэсэгт хамгаалалтын зурвас тогтоож өөрийн өмчлөлийн газар дээрээ амьдарч чадахгүйд хүрч 6 дахь жилийн нүүр үзэж байна.

Т.ПХХК-ийн хууль бус үйл ажиллагаанаас болж манай гэр бүл амьдрах газар орон гэргүй болж, аргагүй эрхэнд түрээсийн байр болон айл айлаар амьдарч, давхар эд хөрөнгөөр хохирсоор байна.

Т.ПХХК нь шугам сүлжээ татах хууль бус ажлаа эхлүүлснийхээ дараа ажлын зургаа батлуулсан байдаг. Гомдол гаргасны дагуу холбогдох төрийн байгууллагаас газар дээр нь ирж танилцсан.

Т.ПХХК нь 2013 оны 9 дүгээр сард иргэн Б.Бгийн өмчлөлийн газар дээгүүр цахилгааны тэжээлийн гадна кабель шугамыг хууль бусаар тавьж, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхэнд халдан, түүний газрыг хууль бусаар эзэмшиж байгаад дээрх кабель шугамыг УБ.Ц.Т.С ТӨХК-д хүлээлгэн өгч 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр Гүйцэтгэх захирлын А/78 тоот тушаалаар үндсэн хөрөнгөнд хүлээн авч бүртгэсэн байна. Энэ нь УБ.Ц.Т.С ТӨХК-аас ирсэн нотлох баримтуудыг шинжлэн судлахад тогтоогдож байна.

Хариуцагч нарын хууль бус үйлдлээс болоод Б.Бгийн өмчлөлийн газар дээгүүр цахилгааны тэжээлийн гадна кабель шугамыг хууль бусаар тавьж, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхэнд халдаж 2013 оны 9 дүгээр сараас одоог хүртэлөмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэж байна.

Нэхэмжлэгч Б.Б нь газар ашигласны төлбөрийг сарын 200.000 төгрөг гэж өөрөө үнэлсэн.

Аянчин ХХК-ийн зочид буудлын зориулалттай байрны нэг өрөөг 2016 оны 04 дүгээр сарын 01-нйи өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаагаар байгуулсан, гэрээний хугацааг цааш нь жил, жилээр нь сунгасан.

Т.ПХХК нь 2 өрөө байр өгье гэж тохиролцсон байсан боловч байр ашиглалтанд ороход уг тохиролцоондоо хүрээгүй. Манайд гурил, будаа, нүүрс өгсөн зүйл байхгүй, инженер нь Б.Бгийн нөхрийг таньдаг байсан учраас нас барах үед нь 200.000 төгрөг өгч байсан.

Иймд хариуцагч Т.ПХХК-иас 2013 оны 09 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэлх 4 жил 6 сар буюу 54 сарын төлбөр 54 сар*200.000 төгрөг= 10.800.000 /арван сая найман зуун мянга/ төгрөг, газартаа амьдарч чадаагүйн улмаас байр түрээсэлсэн болон бусад хохирол болох автобус унааны зардалд 1.081.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл байр түрээсэлсэн төлбөрт 7.945.500 төгрөг буюу 9.026.500 төгрөг, нийт 19.826.500 төгрөгийг,

Хариуцагч УБ.Ц.Т.С ТӨХК-иас 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх 1 жил 8 сар буюу 20 сарын төлбөр 20 сар*200.000 төгрөг=4.000.000 /дөрвөн сая / төгрөг, 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх 1 жил 8 сар байрны түрээс үнэ 6.000.000 /зургаан сая/ төгрөг, нийт 10.000.000 /арван сая/ төгрөг тус тус нэхэмжилж байна.

Мөн өмчлөлийн газраас УБ.Ц.Т.С ТӨХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, Т.ПХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 81 айлын орон сууцны цахилгаан гадна хангамжийн шугамыг чөлөөлж өгнө үү гэв.

Хариуцагч Т.ПХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Ц шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Тэгшт плант ХХК нь 2009 онд байгуулагдсан бөгөөд авто зам, барилгын материал үйлдвэрлэлийн чиглэлээр үйл ажиллагаагаа явуулдаг.

2014 оны 04 дүгээр сарын 21-ний өдрөөс 2015 оны 12 дугаар сарын 30-ны өдөр хүртэл Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, *******, 41 дүгээр байрыг захиалгаар бариулж, 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдөр Дугаар 2015/822 Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссын акт үйлдэж байнгын ашиглалтад оруулах шийдвэр гарсан билээ.

Барилгын тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.1 дэх хэсэгт Барилга байгууламжийг ашиглалтад зүгшрүүлэх, тохируулах хугацаа нэг жил байна гэж заасан бид тус барилгыг барьсан цагаас эхлэн шаардлагатай засвар үйлчилгээг хийж ашиглалтад зүгшрүүлсэн билээ.

Манай компани Монгол улсын холбогдох хууль, норм, дүрмийн дагуу баримт бичгийн бүрдлийг хангуулан барилга барих хүсэлтээ Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт гаргасан. Тус хүсэлтийн дагуу Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар холбогдох баримт бичгийг нягтлан шалгаж үзсэний үндсэн дээр 2014 оны 01 дүгээр сарын 21-ний өдрийн №06/2014 дугаарт Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл-ийг олгож бид ажлаа эхэлсэн.

2013 оны 09 дүгээр сарын 25-ны өдөр УБ.Ц.Т.С ХК-иас №2745/2013 дугаар техникийн нөхцөлийг манай компанид олгосон. Тус техникийн нөхцөлийн дагуу мэргэжлийн, тусгай зөвшөөрөлтэй Бодит чадал ХХК-тай ажил гүйцэтгэх гэрээ байгуулж Улаанбаатар хот, Баян зүрх дүүрэг, *******, 53 дугаар сургуулийн баруун талд Орон сууцны барилга гадна цахилгаан хангамжийн ажлын зураг болох Дэвтэр I. 0,4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам Шифр: дугаартай зургийг хийлгэсэн.

Тус ажлын зургийн дагуу Электро фаз ХХК-иар тус ажлыг гүйцэтгүүлсэн бөгөөд 2013 онд Гүйцэтгэлийн баримт бичгийг захиалагч болох Тэгшт плант ХХК-д хүлээлгэн өгсөн. Манай компани нь цахилгаан эрчим хүчний чиглэлийн мэргэшсэн байгууллага биш бөгөөд тусгай зөвшөөрөлтэй аж ахуйн нэгжтэй ажил гүйцэтгэх гэрээ байгуулан тус ажлыг гүйцэтгүүлсэн.

Зураг төслийн техникийн нөхцөлийг хууль тогтоомжийн дагуу гүйцэтгэснийг УБ.Ц.Т.С ТӨХК-ийн тэргүүн, дэд захирал, менежер мөн Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрын дэд бүтцийн хэлтсийн ахлах мэргэжилтэн нар нь гарын үсэг зурж хянан баталгаажуулсан.

Монгол улсын Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 1 дүгээр хэсгийн цахилгаан эрчим хэрэглэх хүчний дүрмийн 8 дугаар зүйл 8.1 дэх хэсэгт заасан дамжуулагч түгээгчээс олгосон холболтын техникийн нөхцөлийг зураг төслийн байгууллага болон захиалагч нь барилга угсралтын ажил эхлэхээс өмнөх хянуулна. Мөн дүрмийн 10 дугаар зүйлд захиалагч нь мэргэжлийн байгууллагаар хийлгэсэн зураг төсөл, барилга угсралтын ажил эхлэхээс өмнө уг зураг төслийн зохиогчтой хамтран холбогдох дамжуулагч түгээгчээр дамжуулан экспедиц хийлгэж хянуулна. Ингэж хянуулсны үндсэн дээр УБ.Ц.Т.С ХК болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газрууд зөвшөөрч баталгаажуулсны үндсэн дээр зураг төслийг баталсан байдаг.

Эдгээр шат дамжлагыг мэргэжлийн байгууллага болох Бодит чадал ХХК нь хийж гүйцэтгэсэн. Техникийн нөхцөлийн боломжит хувилбарыг ханган төрийн байгууллагад танилцуулж, төрийн байгууллага түүнийг нь хянан баталгаажуулсан байдаг.

Манай байгууллагын буруутай үйл ажиллагаанаас бус төрийн байгууллага хяналт шалгалтыг буруу хийсэн, алдаатай шийдвэр гаргаснаас үүдэн гарсан аливаа төрлийн асуудлыг бид шийдвэрлэх боломжгүй бөгөөд Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар болон УБ.Ц.Т.С ТӨХК-д хандаж асуудлыг шийдвэрлэх нь зүйтэй юм.

Б.Б нь өөрийн өмчлөлийн газраар хууль бусаар татан ашиглаж буй Тэгшт плант ХХК-ийн захиалгаар баригдсан 81 айлын орон сууцны цахилгаан гадна хангамжийн шугамыг өөрийн өмчлөлийн газраас чөлөөлүүлэх тухай

2. Тэгшт плант ХХК-иас хохиролд 19.826.500 төгрөг нэхэмжилж, үндэслэлээ ...өмчлөлийн газар дээгүүр цахилгаан тэжээлийн гадна кабелъ шугамыг хууль бусаар тавъж, нэхэмжлэгчийн газар өмчлөх эрхэнд халдаж... гэж буюу гэм хор учруулснаас үүдэлтэй хохирол гэж тайлбарласан.

Нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна. Үүнд:

1. Т.ПХХК-ийн захиалгаар баригдсан Нийслэлийн Баянзүрх дүүргийн *******, 41 дүгээр байрыг 2015 оны 12 дугаар сарын 31 -ний өдөр байнгын ашиглалтад хүлээлгэн өгсөн. 2008 оны 02 дугаар сарын 05-ны өдрийн Барилгын тухай хууль /хуучин хууль/-ийн 12 дугаар зүйл 12.4-д Барилгын чанарын баталгаат хугацаа гурван жил байна. гэж заасны дагуу тус хугацаа дуусч 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн УБ.Ц.Т.С төрийн өмчит хувьцаат компанийн гүйцэтгэх захирлын Дугаар 78 Үндсэн хөрөнгө хүлээн авах комисс томилох тухай тушаал ХТП-2670 БЗД 16-р хороо, Данзангийн гудамж 41-р байр АВВГ 3*120+1*95 кабель-аар өөрийн үндсэн хөрөнгөнд хүлээн авсан байдаг нь хавтаст хэрэг авагдсан нотлох баримтаар тодорхойлогдож байна.

Энэ байдлаар ХТП-2670 БЗД 16-р хороо, Данзангийн гудамж 41-р байр АВВГ 3*120+1*95 кабель манай компанийн өмчлөлийн кабель биш юм.

Гэтэл УБЦТС ТӨХК нь дээрх шийдвэрээ үгүйсгэж байна. 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн Улсын дээд шүүхийн тогтоол гарч хариуцагч УБ.Ц.Т.С ТӨХК болон Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газар-т дахин ажлын зураг батлах замаар асуудлыг шийдвэрлэх, заасан хугацаанд батлаагүй тохиолдолд тухайн ажлын зургийг хүчингүй болгохоор шийдвэр гарсан байдаг.

УБ.Ц.Т.С ТӨХК нь тус цахилгааны кабелийг 2018 оны 03 сард өөрийн үндсэн хөрөнгөд бүртгэж өмчлөлдөө авахдаа манайхаас гадна нийт 103 байгууллагын цахилгааны шугамыг өмчлөлдөө авсан байдаг.

Гэвч зөвхөн манай компанид холбогдуулан өөрийн өмчлөлдөө авсан шийдвэрээ хүчингүй болгож байгаа нь маш эргэлзээтэй, хариуцлагаас зугтах гэсэн санаа зорилготой гэж үзэж байх тул нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн 1 дэх шаардлага болох газар чөлөөлөх шаардлагыг манай компани хариуцах үүрэггүй юм.

2. Хохиролд 19.826.500 төгрөг шаардсан. Үүнд: а/ Газар ашигласны төлбөр 10.800.000 төгрөг шаардаж байна. Иргэний хуульд зааснаар хохирол бодитой байх ёстой. Өөрийн үзэмжээр зах зээлийн ханшаар газар ашигласны сарын төлбөр 200.000 төгрөг гэж үнэлж хохирол шаардаж байгаа нь ямар ч үндэслэлгүй, бодитоор учирсан хохирол биш байна.

Аянчин гэх компанитай байгуулсан орон сууц түрээслэх гэрээг хэрэгт нотлох баримтаар гаргаж өгсөн байдаг боловч уг орон сууц тухайн компанийн өмч мөн эсэх нь тодорхойгүй, түүнээс гадна гэрээний дагуу түрээсийн төлбөр төлсөнтэй холбоотой баримтгүй байна.

Анх нэхэмжлэгч Б.Бгийн талийгаач нөхөр н.Төрмөнх гэх хүнээс зөвшөөрлийг авахдаа амаар авсан нь бидний буруу болж байна. Нөхөртэй нь 2 өрөө байр өгнө гэж тохиролцсон зүйл байхгүй, нөхрийгөө нас барсныг далимдуулж зөвшөөрөл аваагүй, тохиролцсон гэдгийг мэдээгүй гэх тайлбарыг хэлж байна.

Кабелийн ажил гүйцэтгэх үед хашаанд гэр, байшин байсан, уг ажлыг өдрийн цагаар хийж гүйцэтгэсэн бөгөөд ажилдаа явсан хойгуур шугам тавьсан гэдэг худлаа юм. Талийгаачийн нөхөртэй ямар нэгэн төлбөр төлөх талаар тохиролцоогүй, нүүрс, түлээ, хоол унд гэх мэт тусламжийн материал өгч байсан. Сар болгон ашигласны төлбөр өгнө гэх мэт хэлцэл хийгдээгүй. Тухайн үед манай компанийн ерөнхий инженерээр ажиллаж байсан н.Сайхан гэдэг хүн талийгаач н.Төрмөнхийн найз байсан учраас найз нөхдийн журмаар гуйж, зөвшөөрөл авсан байдаг.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Хариуцагч УБ.Ц.Т.С ТӨХК шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон итгэмжлэгдсэн төлөөлөгч Н.Төрболд шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Нэхэмжлэгч Б.Бгийн газрыг ашигласан төлбөр 4.000.000 төгрөг, байр түрээсэлсний төлбөр 6.000.000 төгрөг буюу нийт 10.000.000 төгрөг нэхэмжилсэн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байна.

Манай компаниас техникийн нөхцөл олгохдоо хаанаас холбогдох цэгийг зааж өгдөг бөгөөд тус шугам хаагуур татаж холбогдохыг зааж өгдөггүй. Уг шугамын байршил /трасс/-ын асуудлыг Монгол Улсын Засгийн газраас баталсан барилга байгууламжийн зураг төсөл боловсруулах, зөвшилцөл, магадлал хийх дүрмийн дагуу асуудлыг захиалагч, ашиглагч болон зургийн байгууллага, Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газартай зөвшилцөж, ерөнхий төлөвлөгөөнд оруулж батална гэж заасан байдаг.

Т.ПХХК захиалгаар Бодит чадал ХХК-ийн зурсан дугаартай зургийг Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр зөвтгөх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, заасан хугацаанд зөвтгөхгүй бол ажлын зургийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн. Т.ПХХК-д дахин ажлын зураг гаргаж, хууль зөрчихгүйгээр батлуулах үүрэг чиглэл өгсөн.

Мөн УБЦТС ТӨХК нь Эрчим хүчний тухай хуулийн 30 дугаар зүйлийн 30.1.13-т нийтийн эзэмшлийн орон сууцны барилга барих тохиолдолд барьсан эрчим хүчний дэд станц, шугам, тоноглолыг тусгай зөвшөөрөл эзэмшигчид шилжүүлэх. гэж заасны дагуу хүлээн авсан болно.

Зургийн талаар 2018 оны 05 сард шүүх дээр маргаан өрнөж байх хойгуур манайд үндсэн хөрөнгөөр шилжүүлье гэх хүсэлтээ Т.ПХХК өгч байсан, ингээд хүчингүй болсон зурагтай цахилгааны кабелийг манайд үндсэн хөрөнгөөр шилжүүлж бүртгүүлсэн буюу хуурч мэхлэх шинжтэй үйлдэл гаргасан байдаг. Уг кабель шугамыг УБЦТС ТӨХК-ийн Санхүү бүртгэлийн хэлтсээс тодорхой мэдээлэлгүйн улмаас үндсэн хөрөнгөнд 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдөр бүртгэж авах шийдвэр гаргасан байна.

Т.ПХХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2019 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн 271 дугаар Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас хасах, шилжүүлэх журам-ын дагуу аливаа ямар нэгэн зөрчилгүй, холбогдох баримт материалын бүрдлийг хангасан өмч хөрөнгө хүлээлгэж өгөх ёстой байсан. Гэтэл шүүхийн журмаар маргаантай бусдын өмчлөх эрхийг зөрчсөн, материалын бүрдэл хангаагүй /зураг нь хүчингүй болсон/ эд хөрөнгө шилжүүлсэн байна.

Захиргааны хэргийн шүүх дээр Т.ПХХК нь манайх хариуцахгүй гэсэн тайлбарыг нэг ч удаа хэлж байгаагүй. Мэргэжлийн бус хүмүүс учраас буруу ойлгож ярьж байгаа бололтой. Хоёр хос цахилгааны шугам хүлээлгэж өгөх нь нэг өөр, 81 айлын цахилгааны борлуулалтын асуудал нь нэг өөр хэрэг юм. Үүнийг хольж ойлгоод манайхыг хариуцна гэж тайлбарлаад байна. Манай компани айлуудын цахилгааны утсыг аваагүй, зөвхөн цахилгаанаар хангах чиг үүргийн дагуу цахилгаанаар хангаж, хэрэглэсэн цахилгааны бичилтийг хийдэг. Энэ бол үндсэн хөрөнгөтэй холбоогүй асуудал юм. Ганцхан Т.ПХХК-д холбогдуулан цахилгааны кабель хүчингүй болгосон шийдвэр гарсан нь учир дутагдалтай байна гэж тайлбарласан ч үүнийгээ нотолж няцааж чадахгүй байна. Т.ПХХК-ийн хүлээлгэж өгсөн цахилгааны кабелийг үндсэн хөрөнгөөр бүртгэж хүлээж авахдаа Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газрын 2017 оны 02 дугаар сарын 14-ний өдрийн 86 дугаартай тогтоолын хавсралтаар баталсан журмын 2.2.3-д заасныг баримтлан үндсэн хөрөнгөөр бүртгэж авсан байх ёстой. Тодруулбал Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газраас шийдвэр, зөвшөөрөл авсны үндсэн дээр авах ёстой байтал шийдвэр, зөвшөөрөл авалгүйгээр 2018 оны 03 сарын 23-ны өдрийн А/78 тоот тушаал гаргаж үндсэн хөрөнгөөр хүлээгээд авсан байдаг. Улмаар манайхаас Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газарт албан тоот хүргүүлэхэд 2020.02.28-ны өдрийн хариу албан тоотоор зөвшөөрөл аваагүй байна гэсэн хариу өгсөн. Зөвшөөрөл авалгүйгээр үндсэн хөрөнгөөр бүртгэж авсан, ажлын зураггүйгээр хүлээж авсан нь буруу байгаа учраас 2020.04.23-ны өдөр тушаал хүчингүй болгох тухай тушаал гарсан. Энэ талаар Т.ПХХК-ийн захиралд мэдэгдсэн.

Үүнээс үзэхэд Т.ПХХК нь хууль бусаар тухайн цахилгааны кабелийг манайд хүлээлгэж өгчихөөд өөрөө хариуцахгүй, манайхыг хариуцна гэж байгаа нь учир дутагдалтай. Т.ПХХК-ийн буруутай ажиллагаанаас төрийн байгууллагыг хохирол төлбөрт учруулж, үндсэн үйл ажиллагаанд чирэгдэл, саад учруулж байгаад гомдолтой байгаа бөгөөд манай компанийн буруутай үйл ажиллагаа байхгүй ба холбогдох хууль журам зөрчсөн Т.ПХХК нь нэхэмжлэгчийн хохирол төлбөрийг бүрэн хариуцах үндэслэлтэй гэж үзэж байна.

Өөрөөр хэлбэл УБ.Ц.Т.С ТӨХК хариуцах үндэслэлгүй юм.

2. Нэхэмжлэгч нь өөрөө газар ашигласны төлбөрийг тогтоогоод 4.000.000 төгрөгийг газрын төлбөрт нэхэмжилсэн нь үндэслэлгүй.

Эрх бүхий этгээдээс уг төлбөрийн хэмжээг тогтоох ёстой. Тухайн ашигласан гэх газар нь хэдэн м.кв гэдэг нь тодорхой бус, үүнийг холбогдох эрх бүхий байгууллагаар тогтоолгосон зүйлгүй байна.

Орон сууц түрээсэлсэн төлбөрт 6.000.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа нотлохоор түрээсийн гэрээг шүүхэд ирүүлжээ. Орон сууцыг бусдад түрээсэлсэн бол тухайн түрээсийн гэрээг улсын бүртгэлийн газарт бүртгүүлэх ёстой, ийнхүү бүртгүүлсэн баримтгүй нь Иргэний хуульд заасан шаардлага хангахгүй, хууль зөрчиж байгуулсан гэрээ гэж дүгнэхээр байна. Хүчин төгөлдөр бус гэрээг үндэслэн түрээсийн төлбөр шаардах боломжгүй.

Түүнчлэн 2018 оны 03 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх 1 жил 8 сарын байрны түрээс төлбөрт 6.000.000 төгрөг нэхэмжилсэн боловч шүүхэд 2016.04.01-2017.04.01-ний хооронд байгуулагдсан гэрээг ирүүлсэн нь ойлгомжгүй, хаана байдаг байр болох нь, хэний өмчлөлийн байр болох, төлбөр хэрхэн төлсөн болох нь тодорхойгүй байна.

Үүнээс үзэхэд нийт хэдэн төгрөгийн хохирол шаардаж байгаагаа тодорхой задалж тодруулаагүйгээс зардал гарсан гэдгээ нотолж чадахгүй байна.

Иймд нэхэмжлэгч Б.Бгийн УБ.Ц.Т.С ТӨХК-д холбогдуулан гаргасан газар чөлөөлүүлэх, хохиролд 10.000.000 төгрөг гаргуулах нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан нотлох баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

 

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Т.ПХХК-д холбогдуулан газар чөлөөлүүлэх тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байх ба хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад хамтран хариуцагчаар УБ.Ц.Т.С ТӨХК-ийг татан оролцуулж, Т.ПХХК-иас 19.826.500 төгрөг, УБ.Ц.Т.С ТӨХК-иас 10.000.000 төгрөг гаргуулах болгон уг шаардлагаа нэмэгдүүлсэн.

 

Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн өмчлөх эрхтэй газарт цахилгааны тэжээлийн гадна кабель шугамыг хууль бусаар тавьсанаас өмчлөх эрхээ хэрэгжүүлэх боломжгүйд хүргэсэн тул газар чөлөөлүүлэх, хохирол учирсан нь үндэслэлтэй гэж,

хариуцагч Т.ПХХК нь өөрийн захиалгатай орон сууцыг улсын комисс хүлээн авсан, уг кабель шугамыг УБ.Ц.Т.С ТӨХК нь 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/78 тоот тушаалаар үндсэн хөрөнгөнд хүлээн авч бүртгэсэн, энэхүү тушаалын холбогдох хэсгийг хүчингүй болгосон нь уг компанийг хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй, нэхэмжлэгчид бодитоор хохирол учирсан нь тогтоогдоогүй гэж,

хариуцагч УБ.Ц.Т.С ТӨХК нь дээрх кабель шугамыг үндсэн хөрөнгөөр бүртгэхдээ Төрийн өмчийн бодлого зохицуулалтын газар-аас баталсан журамд заасны дагуу зөвшөөрөл авахгүйгээр, ажлын зураггүй хүлээн авсан тул тушаалыг хүчингүй болгосон, Нийслэлийн захиргааны хэргийн шүүхийн шийдвэрээр уг ажлын зургийг зөвтгөх хүртэл хугацаагаар түдгэлзүүлж, заасан хугацаанд зөвтгөхгүй бол ажлын зургийг хүчингүй болгохоор шийдвэрлэсэн байтал Т.ПХХК нь хүлээлгэн өгсөн тул нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргажээ.

 

1. Нэхэмжлэгч Б.Бгийн газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлагын тухайд:

 

Эрхийн улсын бүртгэлийн Г-2204014359 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн *******, Данзангийн 1 дүгээр гудамж, 24 тоот хаягт байршилтай, 18647311781390 нэгж талбарын дугаартай, 275.0 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хууль ёсны өмчлөгч нь Б.Б, Т.Ану /РД:УЛ0*******1306/ нар болох нь газар өмчлөх эрхийн улсын бүртгэлийн №000391651 тоот гэрчилгээгээр тогтоогдож байна.

/I хавтас 24-25/

 

Баянзүрх дүүрэг, *******, Т.ПХХК-ийн захиалгатай, 16 автомашины дулаан зогсоолтой, 81 айлын орон сууцны барилгыг 2015 оны 12 дугаар сарын 31-ний өдрийн №2015/822 тоот актаар байнгын ашиглалтад оруулахаар шийдвэрлэсэн, уг орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн ажлын зураг буюу 0.4 кВ-ын цахилгаан дамжуулах кабель шугам /Шифр: BCH 13-033/ зургийн автор Бодит чадал ХХК, гүйцэтгэгч Электро фаз ХХК тус тус ажилласан байна.

/I хавтас 37-60/

 

Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн өмчлөлийн газарт зөвшөөрөлгүйгээр өндөр хүчдэлийн шугам татсан, Баянзүрх дүүргийн Засаг дарга бүрэн эрхийн хүрээнд хязгаарлалтын бүс тогтоож, амьдрах боломжгүй болгосон тул Т.ПХХК-д олгосон техникийн нөхцөл, барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл, орон сууцны барилгын цахилгаан гадна хангамжийн BCH 13-033 зураг зэргийг бусдын газар өмчлөх эрхийг зөрчсөн болохыг тогтоолгож, хүчингүй болгуулах тухай нэхэмжлэлийг Нийслэлийн хот байгуулалт, ерөнхий төлөвлөгөөний газар, УБ.Ц.Т.С ТӨХК-д холбогдуулан Нийслэл дэх Захиргааны хэргийн шүүхэд гаргажээ.

 

Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0052 тоот шийдвэр, Захиргааны хэргийн давж заалдах шатны 2018 оны 05 дугаар сарын 15-ны өдрийн 221/МА2018/0281 тоот магадлал, Монгол Улсын Дээд шүүхийн хяналтын шатны Захиргааны хэргийн шүүх хуралдааны 2018 оны 09 дүгээр сарын 17-ны өдрийн 319 тоот тогтоолоор :

Монгол улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, Барилгын тухай хуулийн /2008 оны/ 5 дугаар зүйлийн 5.1.6, 6 дугаар зүйлийн 6.2.7, Эрчим хүчний тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1-д заасныг тус тус баримтлан нэхэмжлэлийн шаардлагын зарим хэсгийг хангаж, Баянзүрх дүүрэг, *******, Данзангийн 1 дүгээр гудамжинд байрлах Т.ПХХК-ийн орон сууцны барилгын цахилгааны гадна хангамжийн BCH13-033 дугаар шифртэй ажлын зургийг баталж, зөвшөөрөл олгосон хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, УБ.Ц.Т.С ТӨХК-ийн үйлдлийг дахин шинэ акт гарах хүртэл гурван сарын хугацаагаар түдгэлзүүлж, нэхэмжлэлийн шаардлагын үлдэх хэсгийг хэрэгсэхгүй болгосугай гэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 107 дугаар зүйлийн 107.5, 107.6 дах хэсэгт заасныг тус тус баримтлан хариуцагч Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар, УБ.Ц.Т.С ТӨХК нь Т.ПХХК-ийн орон сууцны барилгын цахилгаан гадна хангамжийн BCH 13-033 дугаар шифртэй ажлын зургийг нэхэмжлэгч Б.Б, Ж.Даваадорж нарын газар өмчлөх эрхийг зөрчихгүйгээр мэргэжлийн байгууллага шинээр ажлын зураг үйлдэж ирүүлсэн тохиолдолд зөвшөөрч, баталсан шийдвэр гаргах замаар энэ шүүхийн шийдвэрийг биелүүлэхийг даалгаж, шүүхээс тогтоосон хугацаанд хариуцагч шинэ акт гаргаагүй тохиолдолд маргаан бүхий актыг хүчингүй болохыг дурдсугай гэж шийдвэрлэсэн байх ба шийдвэр хуулийн хүчин төгөлдөр болсон байна.

 

Уг хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд Т.ПХХК гуравдагч этгээдээр оролцжээ.

 

Дээрх шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай Б.Бгийн хүсэлтээр Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгчийн 2019 оны 02 дугаар сарын 15-ны өдрийн 128/ШЗ2019/1102 тоот Шүүхийн шийдвэрийг албадан гүйцэтгүүлэх тухай захирамж, 128/ГХ2019/0075 тоот гүйцэтгэх хуудас бичигдэж, шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа явагдсан болох нь тогтоогдож байна.

 

/II хавтас 122-131/

 

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнг шинжээчээр томилж, Т.ПХХК-ийн барьсан орон сууц руу эрчим хүчний шугам татсантай холбоотойгоор хамгаалалтын зурвас хэрхэн тогтоогдох, хамгаалалтын зурвас нь Б.Б...нарын өмчлөлийн газрын хэмжээг эзэлж байгаа эсэх, эзэлж байгаа бол хэмжээг харуулсан зураглал үйлдэхийг даалгажээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2016 оны 05 дугаар сарын 17-ны өдрийн 2133 тоот дүгнэлтээр:

1. Б.Б /РД:ЦБ66071267/-ийн Баянзүрх дүүрэг, *******, Данзангийн 1 дүгээр гудамж, 24 тоотод байрлах, нэгж талбарын 18647311781390 дугаар бүхий газар, ...-ын орчинд 2х800кВа чадал бүхий 10/0.4 кВ-ын хүчдэлтэй Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын мэдлийн о/с ХТП-2670 дэд станц, түүнээс иргэн Б.Б ...нарын өмчлөлийн газраар Т.ПХХК-ийн барьсан орон сууц руу татсан 0.4 кВ-ын 195 мм2 хөндлөн огтлол бүхий хос кабель шугам дайрч өнгөрч байна. Байршил, хэмжээг гэрэл зураг, схем зураглалаар харууллаа.

2. Хамгаалалтын зурвасыг Засгийн газрын 2001 оны 263 дугаар тогтоолын 3 дугаар хавсралт Эрчим хүчний шугам сүлжээг хамгаалах дүрэм-ийн 1.3 дахь хүснэгтийн дагуу тогтоох ба газар дор байрласан ЦДКШ-ийн хувьд шугамаас хоёр тийш 1 м хэмжээтэй байхаар баталжээ. Мөн Эрчим хүчний тухай хуулийн 33.2-т Аймаг, нийслэл, сум дүүргийн Засаг дарга шугам сүлжээг хамгаалах дүрмийн дагуу хамгаалалтын зурвасын хэмжээг баталгаажуулна гэж заасан байна. Эдгээр хууль, дүрэмд зааснаар о/с ХТП-2670 дэд станцаас Т.ПХХК-ийн барьсан орон сууц руу татсан 0.4 кВ-ын 195 мм2 хөндлөн огтлол бүхий хос кабель шугам Б.Б...нарын өмчлөлийн газрын хэмжээг эзэлж байна. Үүнийг гэрэл, схем зураглалаар харууллаа гэжээ.

 

Уг дүгнэлтийн хавсралт гэрэл зургийн үзүүлэлт, схем зурагт: Б.Бгийн өмчлөлийн газрын хашааны баруун урд булангаас хойш 380 см зайд далд кабель шугам нэвтэрч, Б.Б...нарын өмчлөлийн газрын хашааны урд талаас дотогш 70 см зайтай баруунаас зүүн тийш чиглэлтэй Т.ПХХК-ийн барилга руу татсан байна гэж тусгасан байна.

/ I хавтас 83-96/

 

Үүнээс үзэхэд Б.Бгийн өмчлөлийн газрын хашааны баруун урд булангаас хойш 380 см зайд, мөн газрын хашааны урд талаас дотогш 70 см зайд баруунаас зүүн чиглэлд кабель шугам нэвтэрсэн болох нь тогтоогдож байна гэж үзэх үндэслэлтэй.

 

Б.Бгийн нэхэмжлэлтэй УБ.Ц.Т.С ТӨХК, Нийслэлийн хот төлөвлөлт, ерөнхий төлөвлөгөөний газар-т холбогдох захиргааны хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа дуусгавар болоогүй байхад хариуцагч Т.ПХХК нь өөрийн барьж ашиглалтад оруулсан 81 айлын орон сууцны барилгын гадна цахилгаан хангамжийн 0.4 кВ-ын кабель шугамыг УБ.Ц.Т.С ТӨХК-д хүлээлгэн өгсөн, уг шугамыг тус компанийн гүйцэтгэх захирлын 2018 оны 03 дугаар сарын 23-ны өдрийн А/78 тоот Үндсэн хөрөнгө хүлээн авах комисс томилох тухай тушаал, тушаалын 4 дүгээр хавсралтын 27-т тусган, үндсэн хөрөнгөнд бүртгэн авсан үйл баримт бий болжээ.

/I хавтас 73, 106-119/

 

Хариуцагч УБ.Ц.Т.С ТӨХК, хариуцагч Т.ПХХК нь Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 01 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2018/0052 тоот шийдвэрийн дагуу Т.ПХХК-ийн орон сууцны барилгын цахилгаан гадна хангамжийн BCH 13-033 дугаар шифртэй ажлын зураг нь нэхэмжлэгч Б.Бгийн газар өмчлөх эрхийг зөрчөөгүй, ийнхүү зөрчөөгүй гэх байдалтай холбоотой шинээр ажлын зураг үйлдсэн, уг зургийг баталсан гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.

 

Үүнээс үзэхэд хариуцагч нар нэхэмжлэгч Б.Бгийн газар өмчлөх эрхийг зөрчөөгүй, газар чөлөөлүүлэх нэхэмжлэлийн шаардлыг үгүйсгэж буй татгалзлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.

 

УБ.Ц.Т.С ТӨХК нь Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын 2017 оны 86 дугаар тогтоолоор батлагдсан Төрийн болон орон нутгийн өмчид эд хөрөнгө олж авах, бүртгэх, данснаас шилжүүлэх журамд зааснаар зөвшөөрөл авахгүйгээр Т.ПХХК-ийн кабель шугамыг үндсэн хөрөнгөнд бүртгэсэн тушаалыг хүчингүй болсонд тооцож, уг эд хөрөнгийг хассан талаар Т.ПХХК-д мэдэгдэж, хөрөнгийг буцаан өгөхөөр шийдвэрлэсэн нь дээр дурдсан Захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг биелүүлсэн гэж үзэх үндэслэл болохгүй гэж үзэв.

/II хавтас 118-119/

 

Нэхэмжлэгч Б.Б нь өөрийн өмчлөлийн газраас УБ.Ц.Т.С ТӨХК-ийн үндсэн хөрөнгөнд бүртгэлтэй, Т.ПХХК-ийн барьж ашиглалтад оруулсан 81 айлын орон сууцны цахилгаан гадна хангамжийн шугамыг чөлөөлүүлэх шаардлага гаргасан байх ба Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн шинжээчийн дүгнэлтээр түүний өмчлөлийн газрын хашааны баруун урд булангаас хойш 380 см зайд, мөн хашааны урд талаас дотогш 70 см зайд баруунаас зүүн чиглэлд кабель шугам нэвтэрсэн болохыг тогтоосон, хуулийн хүчин төгөлдөр шийдвэрээр тогтоогдсон хэмжээгээр тооцох нь зүйтэй байна.

 

Иймд нэхэмжлэгч Б.Б, Т.Ану /РД:УЛ0*******1306/ нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Г-2204014359 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн *******, Данзангийн 1 дүгээр гудамж, 24 тоот хаягт байршилтай, 18647311781390 нэгж талбарын дугаартай, 275.0 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хашааны баруун урд булангаас хойш 380 см зайд, мөн хашааны урд талаас дотогш 70 см зайд баруунаас зүүн чиглэлд нэвтэрсэн 0.4 кВ-ын 195 мм2 хөндлөн огтлол бүхий цахилгааны хос кабель шугамыг чөлөөлөхийг хариуцагч Т.ПХХК, хариуцагч УБ.Ц.Т.С ТӨХК-д тус тус даалгаж шийдвэрлэх нь зүйтэй байна.

 

 

2. Нэхэмжлэгч Б.Бгийн гэм хорын хохиролд хариуцагч Т.ПХХК-иас 19.826.500 төгрөг, хариуцагч УБ.Ц.Т.С ТӨХК-иас 10.000.000 төгрөг, нийт 29.826.500 төгрөг гаргуулах шаардлагын тухайд:

 

Нэхэмжлэгч нь хариуцагч Т.ПХХК-д холбогдуулан 2013 оны 09 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэлх 54 сарын хугацаанд газар ашигласны төлбөрт 10.800.000 төгрөг, автобус унааны зардалд 1.081.000 төгрөг, 2013 оны 09 дүгээр сараас 2018 оны 03 дугаар сар хүртэл байр түрээсэлсэн төлбөрт 7.945.500 төгрөг, нийт 19.826.500 төгрөг,

Хариуцагч УБ.Ц.Т.С ТӨХК-д холбогдуулан 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх 20 сарын хугацаанд газар ашигласны төлбөрт 4.000.000 төгрөг, 2018 оны 3 дугаар сараас 2019 оны 11 дүгээр сар хүртэлх 1 жил 8 сарын байрны түрээсийн төлбөрт 6.000.000 төгрөг, нийт 10.000.000 төгрөгийг хохиролд тооцон нэхэмжилжээ.

 

Хариуцагч нар уг шаардлагыг зөвшөөрөхгүй байгаа татгалзлын үндэслэлээ нэхэмжлэгчид бодитоор хохирол учирсан нь тогтоогдоогүй, орон сууц хөлслөх гэрээ хуульд заасан шаардлага хангаагүй, гэрээний дагуу төлбөр төлсөн нь тодорхойгүй, газрын төлбөрийг үндэслэлгүй тооцсон гэж маргасан.

 

Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн үндэслэл болгож 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр Аянчин ХХК-тай байгуулсан №2016/04 тоот түрээсийн гэрээ, 21.500 төгрөгийн 500 төгрөгийн автобусны тасалбар 43 ширхэг, 28.500 төгрөгийн шатахууны 22 ширхэг баримт, 3000 төгрөгийн 500 төгрөгийн автобусны тасалбар 6 ширхэг, 5.200 төгрөгийн 200 төгрөгийн автобусны тасалбар 26 ширхэг, 1.500 төгрөгийн 300 төгрөгийн автобусны тасалбар 5 ширхэг, 650.100 төгрөгийн шатахууны 25 ширхэг баримт, 2000 төгрөгийн авто зогсоолын баримт 4 ширхэг, 9500 төгрөгийн авто зогсоолын баримт 13 ширхэг, 98.600 төгрөгийн нотариатын тасалбар 5 ширхэг, төрийн үйлчилгээний төвөөр үйлчлүүлсэн баримт 8 ширхэгийг ирүүлжээ.

/I хавтас-129-235, II хавтас 42-70/

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д:Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

510 дугаар зүйлийн 510.1-д:Бусдын эд хөрөнгөд гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг арилгахдаа гэм хор учруулахаас өмнө байсан байдалд нь сэргээх /адил нэр, төрөл, чанарын эд хөрөнгө өгөх, гэмтсэн эд хөрөнгийг засах зэргээр/ буюу учирсан хохирлыг мөнгөөр нөхөн төлнө гэж тус тус заасан.

 

Нэхэмжлэгч Б.Б нь Баянгол дүүрэг, 55/3 байрны, 105 тоот хаягт байрлах, нэг өрөө, 20 м.кв талбай бүхий түрээсийн байрыг 2016 оны 04 дүгээр сарын 01-ний өдрөөс 2017 оны 04 дүгээр сарын 01-ний өдөр хүртэл хугацаатай түрээслэх, түрээсийн төлбөр сарын 300.000 төгрөг байхаар тохиролцсон №2016/04 тоот түрээсийн гэрээг Аянчин ХХК-тай байгуулсан, гэрээний хугацааг 2018.04.01, 2019.04.02-ны өдрүүдэд тус тус сунгасан, төлбөрийг бэлнээр төлсөн гэж тайлбарласан.

/1-129-130/

 

Дээрх гэрээний ар талд гэрээг сунгасан, төлбөр хүлээн авсан талаарх бичилт хийгдсэн байх боловч гэрээний хугацааг хэн, хэн сунгасан болох, түрээсийн төлбөрийг хэнээс хэнд төлсөн болсон нь тодорхойгүйгээс уг гэрээний талууд гэрээний хугацаа сунгасан, ийнхүү сунгагдсаны дагуу түрээсийн төлбөрийг Б.Б нь түрээлүүлэгчид төлсөн гэж үзэх үйл баримт тогтоогдохгүй байна.

 

Түүнчлэн нийтийн тээвэр болон шатахууны зардалд 1.081.000 төгрөгийг хэн, хэдийгээс хэдий хугацаанд, юунд зарцуулсан талаарх баримтыг ирүүлээгүй тул уг зардлыг хариуцагч нарын үйлдэлтэй холбоотой, тэдний хууль бус үйлдлийн улмаас учирсан хохирлыг арилгахад зарцуулсан гэдгээ баримтаар нотолсонгүй.

 

Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд:Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна,

5 дугаар зүйлийн 1-д : Газрын суурь үнэлгээг Засгийн газар тогтооно гэж тус тус зааснаас үзэхэд нэхэмжлэгч нь газар ашигласны төлбөрийг сарын 200.000 төгрөг гэж үнэлгээг тогтоосон нь үндэслэлгүй болжээ.

 

Дээр дурдсан байдлаас үзэхэд нэхэмжлэгч нь хариуцагч нараас 29.826.500 төгрөгийг гэм хорын хохиролд шаардсан нэхэмжлэлийн үндэслэлээ Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар нотлох баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч Б.Бгийн газар ашигласны төлбөр, автобус унааны зардал, түрээсийн төлбөр нэхэмжилсэн нь баримтаар нотлогдохгүй байх тул түүнд учирсан гэх гэм хорын хохиролд нэхэмжилсэн 29.826.500 төгрөгийг хариуцагч нар хариуцан арилгах үүрэг үүссэнгүй гэж шүүх бүрэлдэхүүн үзлээ.

 

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгч Б.Бгийн гэм хорын хохиролд хариуцагч Т.ПХХК-иас 19.826.500 төгрөг, УБ.Ц.Т.С ТӨХК-иас 10.000.000 төгрөг, нийт 29.826.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116,118-т заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б, Т.Ану /РД:УЛ0*******1306/ нарын өмчлөлийн Эрхийн улсын бүртгэлийн Г-2204014359 дугаарт бүртгэгдсэн, Нийслэлийн Баянзүрх дүүргийн *******, Данзангийн 1 дүгээр гудамж, 24 тоот хаягт байршилтай, 18647311781390 нэгж талбарын дугаартай, 275.0 м.кв талбайтай, Гэр бүлийн хэрэгцээний зориулалттай газрын хашааны баруун урд булангаас хойш 380 см зайд, мөн хашааны урд талаас дотогш 70 см зайд баруунаас зүүн чиглэлд нэвтэрсэн 0.4 кВ-ын 195 мм2 хөндлөн огтлол бүхий цахилгааны хос кабель шугамыг чөлөөлөхийг хариуцагч Т.ПХХК, хариуцагч УБ.Ц.Т.С ТӨХК-д тус тус даалгасугай.

2. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1-д заасан үндэслэл тус тус тогтоогдохгүй байх тул хариуцагч Т.ПХХК-иас 19.826.500 төгрөг гаргуулах, хариуцагч УБ.Ц.Т.С ТӨХК-иас 10.000.000 төгрөг, нийт 29.826.500 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэгч Б.Бгийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгосугай.

 

3. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 7.1.2, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 58 дугаар зүйлийн 58.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Б нь 29.826.500 төгрөгийн улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс шүүгчийн захирамжаар чөлөөлөгдсөн болохыг дурдаж, хариуцагч Т.ПХХК-иас улсын тэмдэгтийн хураамжид 35.100 төгрөг, хариуцагч УБ.Ц.Т.С ТӨХК-иас 35.100 төгрөг, нийт 70.200 төгрөг гаргуулан нэхэмжлэгчид олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70.200 төгрөгийг улсын орлогод тус тус хэвээр үлдээсүгэй.

 

4. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-т зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй болохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

ШҮҮГЧИД Д.БАТЦЭЦЭГ

Н.САРАНГҮН