Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шүүгчийн захирамж

2021 оны 11 сарын 17 өдөр

Дугаар 109/ШШ2021/0044

 

 

 

    

         Нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж,

       хэргийг хэрэгсэхгүй болгох тухай

 

             Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Түвшинтулга би,  иргэн Ч.Л-ын нэхэмжлэлтэй, Архангай аймгийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгч Ч.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нараас гаргасан эвлэрлийн гэрээг хүлээн авч, хянаад

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ч.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нар шүүхэд гаргасан эвлэрлийн гэрээндээ: “ ... Ч.Л миний бие Аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/62 захирамжийг хүчингүй болгож, намайг урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгуулах эсхүл чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа албан тушаалд томилохгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгох, Архангай аймгийн Цэнхэр сумын Ойн ангийн даргаар томилохыг аймгийн Засаг даргад даалгуулах, ажилгүй байсан хугацааны цалинтай тэнцэх хэмжээний нөхөн олговор гаргуулахыг хүссэн нэхэмжлэлийн шаардлага гаргасан. Ч.Л миний бие хариуцагч аймгийн Засаг даргатай дараах байдлаар харилцан тохиролцсон. Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, эсхүл чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа албан тушаалд томилохгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Цэнхэр сумын Ойн ангийн даргаар томилохыг аймгийн Засаг даргад даалгуулах нэхэмжлэлийн шаардлагуудаасаа татгалзаж, хариуцагч аймгийн Засаг дарга надад ажилгүй байсан хугацааны урьд авч байсан нэг сарын цалингийн 6 сарын хугацааны цалин, мөн 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгоё гэснийг хүлээн зөвшөөрч эвлэрч байна.

Хариуцагч Архангай аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М миний бие нэхэмжлэгч Ч.Л болон аймгийн Засаг дарга нарын харилцан тохиролцсон: “Ч.Л-ын ажилгүй байсан 6 сарын цалин болон ажлаас гэнэт халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох”-оор тохиролцсоныг итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хувьд баталгаажуулж энэхүү эвлэрлийн гэрээг байгуулж байна. Иймд нэхэмжлэгч Ч.Л, хариуцагч аймгийн Засаг даргын итгэмжлэгдсэн төлөөлөгч бидний хооронд тохиролцсон эвлэрлийн гэрээг баталгаажуулж өгнө үү. Эвлэрэн хэлэлцэж, эвлэрлийн гэрээ байгуулснаар хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэсний хууль зүйн үр дагаврыг ойлгож мэдэж байгаа болно гэжээ.

ҮНДЭСЛЭХ нь:

Иргэн Ч.Л-с Архангай аймгийн Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн “Аймгийн Засаг даргын дэргэдэх Сум дундын ойн ангийг татан буулгах тухай” А/62 дугаар захирамжийг хүчингүй болгож, миний ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа албан тушаалд томилохыг аймгийн Засаг даргад даалгах” шаардлага бүхий нэхэмжлэл гаргажээ.

Шүүхээс дээрх нэхэмжлэлийн шаардлага захиргааны хэрэг үүсгэн хэргийг хянан шийдвэрлэх явцад нэхэмжлэгчээс 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр нэхэмжлэлийн шаардлагаа “ ... Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/62 тоот захирамжийг хүчингүй болгуулах, урьд эрхэлж байсан албан тушаалд эгүүлэн томилуулах, хэрэв урьд эрхэлж байсан албан тушаал байхгүй болсон бол миний эрхэлж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа албан тушаалд томилохгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоож, миний ажиллаж байсан албан тушаалын чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа албан тушаал болох Архангай аймгийн Цэнхэр сумын Ойн ангийн даргаар томилохыг хариуцагчид даалгуулж, 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрөөс хойшхи ажлаас үндэслэлгүй халагдаж, ажилгүй байсан хугацаанд авах байсан цалин хөлстэй тэнцэх хэмжээний нөхөн олговрыг гаргуулах ...” гэж тодруулжээ.

Архангай аймгийн Засаг дарга 2021 оны 3 дугаар сарын 23-ны өдрийн 01/382 дугаар албан бичгээр Ц.М-г итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр томилж, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 27, 28 дугаар зүйлд заасан эрхийг олгожээ.

Улмаар хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад нэхэмжлэгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас “ ... нэхэмжлэгч Ч.Л нь шүүхэд гаргасан дээрх нэхэмжлэлийн шаардлагаасаа татгалзаж, хариуцагчаас Ч.Л-ын ажилгүй байсан 6 сарын цалин болон ажлаас гэнэт халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох ...” нөхцөлөөр эвлэрсэн байна.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 20 дугаар зүйлийн 20.1. дэх хэсэг Нэхэмжлэгч хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцохдоо дараахь эрх эдэлнэ: 20.1.1.-д “ ...  хариуцагчтай эвлэрэх”, 27 дугаар зүйлийн 28.2.5. -д “эвлэрэх”, 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч харилцан буулт хийж, нэхэмжлэлийн шаардлагыг өөрчлөх, шаардлагыг биелүүлэх арга замаа тодорхойлох зэргээр хоорондоо тохиролцож эвлэрлийн гэрээ байгуулж, маргаанаа дуусгавар болгож болно.”, 68.2. дахь хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагч нар эвлэрлийн гэрээг бичгээр хийж, гарын үсгээ зурсан байна.”, 68.4. дэх хэсэгт “Нэхэмжлэгч, хариуцагчийн эвлэрсэн нь хуульд харшлаагүй бөгөөд бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй нь тогтоогдвол шүүх эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгоно.” гэж тус тус заасны дагуу нэхэмжлэгч, хариуцагч нарын эвлэрлийг баталж, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг дуусгавар болгох нь хуульд харшлаагүй, бусад этгээдийн эрх, эрх чөлөө, хууль ёсны ашиг сонирхлыг хөндөөгүй байна.

Дээрх эвлэрлийн нөхцөлийн улмаас уг хэргийн гуравдагч этгээд Т.Б-ын эрх, хууль ёсны ашиг сонирхол хөндөгдөхөөргүй байна.

Иймд нэхэмжлэгч Ч.Л, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.М нарыг эвлэрлийн гэрээнд заасан нөхцөлөөр эвлэрснийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзлээ.

Түүнчлэн нэхэмжлэгч, түүний өмгөөлөгч, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарт хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээс үүсэх үр дагаврыг танилцуулж, баримт үйлдэж хэрэгт хавсаргасан болохыг тэмдэглэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 111 дүгээр зүйлийн 111.1. дэх хэсэгт заасныг удирдлага болгон  

ЗАХИРАМЖЛАХ нь:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 68 дугаар зүйлийн 68.1. дэх хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгч Ч.Л нь хариуцагч Архангай аймгийн Засаг даргатай “ ... нэхэмжлэгч Ч.Л нь шүүхэд гаргасан нэхэмжлэлийн шаардлага /Архангай аймгийн Засаг даргын 2021 оны 2 дугаар сарын 2-ны өдрийн А/62 дугаар захирамжийг хүчингүй болгож, урьд эрхэлж байсан ажилд эргүүлэн тогтоолгох, эсхүл чиг үүрэг нь хэвээр хадгалагдаж байгаа албан тушаалд томилохгүй байгаа аймгийн Засаг даргын эс үйлдэхүйг хууль бус болохыг тогтоолгож, Архангай аймгийн Цэнхэр сумын Ойн ангийн даргаар томилохыг аймгийн Засаг даргад даалгуулах/-аасаа татгалзаж, хариуцагч Архангай аймгийн Засаг дарга нь нэхэмжлэгч Ч.Л-ын ажилгүй байсан 6 сарын цалин болон ажлаас гэнэт халагдсаны 3 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэмж олгох ...” нөхцөлөөр эвлэрсэн эвлэрлийг баталж, хэргийг хэрэгсэхгүй болгосугай. 

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 50 дугаар зүйлийн 50.5 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 /далан мянга хоёр зуу/ төгрөгийг төрийн санд хэвээр үлдээсүгэй.                                                                        

3. Энэ захирамжийг захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийн нэгэн адил журмаар биелүүлэхийг дурдсугай.

4. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 69 дүгээр зүйлийн 69.2 дахь хэсэгт зааснаар хэргийн оролцогч тухайн асуудлаар дахин анхан шатны шүүхэд нэхэмжлэл гаргах, хэргийг хэрэгсэхгүй болгосон шүүгчийн захирамжид гомдол гаргах эрхгүй болохыг дурдсугай.

 

 

ШҮҮГЧ                                 А.ТҮВШИНТУЛГА