Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 06 сарын 23 өдөр

Дугаар 221/МА2026/0434

 

 

 

 

О.Сгийн нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Даргалагч: Шүүгч Л.Одбаатар

Бүрэлдэхүүнд оролцсон: Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн

Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.МЭ, Ч.Б

 

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч: О.С

Хариуцагч: Боловсролын яамны Ёс зүйн дэд хороо

Нэхэмжлэлийн шаардлага: “Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах”

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 396 дугаар шийдвэр,

Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Т, нэхэмжлэгчийн өмгөөлөгч М.Мб

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Ж.Цогтсайхан

Хэргийн индекс: 128/2026/0175/З

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 396 дугаар шийдвэрээр:

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1, 5.1.2, 8 дугаар зүйлийн 8.2, 8.2.3-т заасныг баримтлан нэхэмжлэгч О.Сгаас Боловсролын яамны Ёс зүйн дэд хороонд холбогдуулан гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэжээ.

2. Гомдлын агуулга:

2.1. “Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ хууль хэрэглээний алдаа гаргаж хууль дэдлэх зарчмыг зөрчсөн.

2.1.1. Шүүх хэргийг хянан хэлэлцэхдээ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийг бүрэн судлаагүй шийдвэр гаргасан гэж үзнэ.

Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15.1-д гомдол, мэдээллийг хянан шалгах журмыг заасан. Тус хуулийн 15.1.1-д “гомдол, мэдээлэл хүлээн авснаас хойш ажлын 3-5 өдрийн дотор, хүндэтгэн үзэх шалтгаантай бол эрх бүхий албан тушаалтны тогтоосон хугацаанд зөрчилд холбогдсон албан хаагчаас бичгээр, эсхүл цахим шуудангаар тайлбар авах, шаардлагатай тохиолдолд тухайн албан хаагчаас биечлэн тодруулга мэдээлэл авах;” гэж заасан. Ёс зүйн дэд хороо хуульд заасны дагуу О.Сгаас бичгээр тайлбар авсныг харгалзан үзээгүй хууль дутуу судлан шийдвэр гаргасан.

2.1.2. Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 15.2-т дүгнэлтийг мэдэгдэх, сонсох ажиллагаа хийх гэх 2 өөр агуулгыг хольж шийдвэрлэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргасан гэж үзнэ.

Боловсролын яамны дэргэдэх Ёс зүйн дэд хороо бол захиргааны байгууллага биш юм. Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмаар зохицуулж байна. Гэтэл шүүх захиргааны байгууллага гэж үзэж сонсох ажиллагаа хийгээгүй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргаж хуулийг дутуу судлан шийдвэрлэсэн.

2.2. О.С нь мэдээллийн хэрэгслээр албан үүргээ гүйцэтгэх үедээ буюу мэдээлэл өгөхдөө иргэний нэр, эрхэлсэн ажил албан тушаалыг зарласан нь хүний хувийн мэдээллийг тарааж гутаасан гэж үзнэ. Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4.1.11-д ““хүний хувийн мэдээлэл” гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг” ойлгоно гэж заасан. Энэхүү мэдээлэл нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.2.3-т “хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах” гэж заасныг зөрчсөн. Энэ талаар иргэн Ц.Сийг шүүх хуралд гэрчээр оролцуулах боломж байсныг харгалзан үзээгүй шүүх хурлын процессын алдаа гаргасан.

Иймд нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгон, Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 128/ШШ2026/0396 дугаар шийдвэрийг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

ХЯНАВАЛ:

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.

1.Нэхэмжлэлийн шаардлага, үндэслэлийн тухайд:

1.1.Нэхэмжлэгч О.Сгаас “Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар дүгнэлтийг хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Боловсролын яамны Ёс зүйн дэд хороонд холбогдуулан гаргажээ.

1.2.Нэхэмжлэгч О.Сгаас нэхэмжлэлийн шаардлага, түүний үндэслэлээ “...Ёс зүйн дэд хороо маргаан бүхий дүгнэлтэд нэхэмжлэгчийн гаргасан тайлбарт дурдсан тохиолдол бүрд бий болсон нөхцөл байдал (Ажлын алба болон гомдол гаргагчийн тухайн үед бий болсон үйл баримт), түүнийг баталгаажуулах, үгүйсгэх нөхцөл байдал, эдгээр нь төрийн алба болон албан хаагчдад нөлөөлөх нөлөөллийг тооцоолон тодорхойлж нарийвчлан судалсан талаар дурдаагүй нь тус ажиллагааг хийгээгүй гэх үндэслэлтэй бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 4 дүгээр зүйлийн 4.2.5-д заасан төрийн үйл ажиллагааны зарчим хангагдаагүй гэх бүрэн үндэслэлтэй ...” гэж маргажээ.

1.3.Хариуцагчаас “…Ёс зүйн дүгнэлтийг үндэслэн төрийн албан хаагчид ёс зүйн хариуцлага хүлээлгэх асуудал нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 16 дугаар зүйлийн 16.1-д заасны дагуу тухайн төрийн албан хаагчийг томилох эрх бүхий байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийн асуудал юм. Ёс зүйн дэд хороо нь ёс зүйн зөрчил гаргасан эсэх асуудлаар болон ёс зүйн хариуцлага тооцох асуудлаар сонсох ажиллагаа явуулах чиг үүрэггүй болно” гэж маргасан байна.

2.Маргааны үйл баримтын тухайд:

2.1.Нэхэмжлэгч Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгч О.Сг Боловсролын сайдын 2025 оны 06 дугаар сарын 02-ны өдрийн А/271 дүгээр тушаалаар[1] Гадаадын дээд боловсролын сургалтын байгууллагад магистрын зэргийн өмнөх хэлний бэлтгэл, магистр болон докторын хөтөлбөрөөр суралцах төрийн албан хаагч, тэргүүлэх мэргэжлийн чиглэлээр болон техникийн боловсролын сургалтын байгууллагад үндсэн хөтөлбөрт 2025-2026 оны хичээлийн жилээс Монгол Улсын Засгийн газрын тэтгэлгээр суралцах иргэдийн сонгон шалгаруулах үүрэг бүхий Ажлын хэсгийн даргаар томилсон байна.

2.2.Иргэн Ц.Сээс Боловсролын яамны Ёс зүйн дэд хороонд хандан “... О.С нь 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр цахим хэвлэл мэдээллийн хэрэгслээр миний охин, миний нэрийг буруутан гэж зарласан төдийгүй миний ажил, албан тушаалыг хэлж нийтэд буруутай мэтээр мэдээлсэн... Мөн олон удаа Боловсролын зээлийн санд очсон боловч нэг ч удаа төрийн үйлчилгээг зохих ёсоор авч чадаагүй” гэх гомдлыг гаргажээ.

2.3.Тус гомдлыг Ёс зүйн дэд хороо 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдөр хянан хэлэлцээд 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар дүгнэлтээр[2] нэхэмжлэгч О.Сг “...“иргэн Ц.Сэ болон түүний охин Х.У-ын нэр төр, хувийн мэдээлэл, ажил албан тушаалыг олон нийтэд түгээн гутаах” үйлдэл гаргасан нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.3 дахь заалтад заасныг зөрчсөн байх тул ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэсэн.

2.4.Улмаар Боловсролын сайдын 2026 оны 01 дүгээр сарын 02-ны өдрийн Б/01 дүгээр тушаалаар[3] нэхэмжлэгч О.Сг ёс зүйн зөрчил гаргасан болох нь тогтоогдсон гэсэн үндэслэлээр Боловсролын зээлийн сангийн ажлын албаны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчийн албан тушаалаас нь халсан байна.

3.Маргаан бүхий Ёс зүйн дэд хорооны дүгнэлтийн хууль зүйн үндэслэлийн тухайд:

3.1.Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2-т “Төрийн албан хаагчид энэ хуулийн 7.1-д заасан нийтлэг хэм хэмжээг сахин биелүүлэхийн тулд Төрийн албаны тухай хуулийн 39 дүгээр зүйл, Авлигын эсрэг хуулийн 7 дугаар зүйл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн Гуравдугаар бүлэгт заасан хориглолт, хязгаарлалтаас гадна дараах үйл ажиллагааг хориглоно”, 8 дугаар зүйлийн 8.2.3-т “хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах” гэжээ.

3.2.Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д "хүний хувийн мэдээлэл" гэж хүний эмзэг мэдээлэл болон хүний эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, төрсөн он, сар, өдөр, төрсөн газар, оршин суугаа газрын хаяг, байршил, иргэний бүртгэлийн дугаар, хөрөнгө, боловсрол, гишүүнчлэл, цахим тодорхойлогч, хүнийг шууд болон шууд бусаар тодорхойлох, эсхүл тодорхойлох боломжтой бусад мэдээллийг”, 4.1.12-т "хүний эмзэг мэдээлэл" гэж хүний үндэс, угсаа, шашин шүтлэг, итгэл үнэмшил, эрүүл мэнд, захидал харилцаа, генетик болон биометрик мэдээлэл, тоон гарын үсгийн хувийн түлхүүр, ял эдэлж байгаа болон ял эдэлсэн эсэх, бэлгийн болон хүйсийн чиг баримжаа, илэрхийлэл, бэлгийн харьцааны талаарх мэдээллийг”,

3.3.Захиргааны ерөнхий хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д “Захиргааны байгууллага захиргааны шийдвэр гаргах ажиллагаанд хамаарах бодит нөхцөл байдлыг тогтооно.”, 25 дугаар зүйлийн 25.1-д “Захиргааны шийдвэр гаргах ажиллагааны нөхцөл байдлыг тогтооход шаардлагатай нотлох баримтыг захиргааны байгууллага дараах байдлаар цуглуулна:” гэж тус тус зохицуулсан.

3.4.Хэрэгт авагдсан баримтуудаас үзэхэд, гомдол гаргагч иргэн Ц.Сээс гаргасан гомдлын үндэслэл болгож буй Ц.mn цахим мэдээллийн хэрэгслээр тавьсан мэдээлэл буюу 2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдрийн /7.10-7.50/ бичлэгт “...У гэж хүүхдийн ээж Сэ гэж их сургуулийн багш байдаг юм байна лээ. Энэ хүн системд бүртгүүлээгүй, хүүхдийнхээ төлбөрийг зээлийн санг шалгарууллаа гэж хандаж байгаа асуудал байгаа...” гэж дурджээ.  

3.5.Дээрх бичлэгт үндэслэн маргаан бүхий 10 дугаар дүгнэлтээр нэхэмжлэгч О.Сг “2025 оны 11 дүгээр сарын 10-ны өдөр Ц.mn цахим мэдээллийн хэрэгслээр хийсэн мэдээлэлдээ гомдол гаргагч иргэн Ц.Сэ болон түүний охин Х.У-ын нэр, Ц.Сийг хаана ажилладаг болохыг дурдан сонгон шалгаруулалтын журам зөрчсөн хэмээн иргэний эмзэг болон хүний нэр төр, ажил албан тушаалын хувийн мэдээллийг олон нийтэд ил тод мэдээлж ёс зүйн нийтлэг шаардлагыг зөрчсөн үйлдэл гаргасан болох нь тогтоогдож байна” гэж дүгнэсэн. Улмаар нэхэмжлэгчийг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2 дахь хэсгийн 8.2.3-д заасныг зөрчсөн, “ёс зүйн зөрчил гаргасан” гэж дүгнэсэн нь үндэслэлгүй байна.

3.6.Учир нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.2.3-т “хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаах” гэж заасан ойлголтыг энэ тохиолдолд хэрэглэхдээ Монгол хэлний тайлбар толь, Улсын дээд шүүхийн тайлбар, Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.2.3 дахь заалтын зорилго, Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн хувийн болон эмзэг мэдээллийн хамгаалалтын агуулгыг системтэйгээр тайлбарлах шаардлагатай байна.

3.7.Ёс зүйн дэд хороо маргаан бүхий дүгнэлтдээ Хүний хувийн мэдээллийг хамгаалах тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.11-д заасан “хүний хувийн мэдээлэл”-ийн тодорхойлолт, Монгол хэлний их тайлбар толь, мөн Улсын дээд шүүхийн 2007 оны 40 дүгээр тайлбарт дурдсан “гутаах”, “доромжлох” гэх үгийн тайлбарыг үндэслэсэн боловч эдгээр эх сурвалжийн агуулгыг тухайн хэрэгт тогтоогдсон үйл баримттай холбон тайлбарлаагүй буюу хэргийн бодит нөхцөл байдлыг тогтоож чадаагүй гэж үзэхээр байна.

3.8.“Доромжлох”, “гутаах” гэдэг нь ердийн хэллэгийн хувьд бусдын нэр хүнд, нэр алдрыг бууруулах, үнэ цэнийг нь дорд үзүүлэх, бусдад муугаар ойлгуулах агуулгатай боловч эрх зүйн хариуцлага ногдуулах хүрээнд уг ойлголтыг илүү нарийн шалгуураар авч үзнэ. Тухайлбал, тухайн үйлдэл нь тодорхой этгээдэд чиглэсэн байх, тухайн этгээдийн нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, нийгмийн үнэлэмжийг дордуулах агуулгатай байх, зөвхөн мэдээлэл өгөх, тайлбар хийх, шүүмжлэл хэлэх хүрээнээс давж, тухайн этгээдийг буруутан, ёс суртахуунгүй, нэр хүндгүй, бусдад жигшигдэхүйц байдлаар ойлгуулах шинжтэй байх, уг үйлдэл нь санаа, сэдэл, зорилгын хувьд доромжлох, гутаах шинжтэй байх, тухайн мэдээллийн хэлбэр, агуулга, нөхцөл байдал, хүлээн авагчдад үүсгэх ойлголтоор хүний нэр төрийг бодитоор дордуулах боломжтой байхыг ойлгоно.

3.9.Иймээс “доромжлох”, “гутаах” гэдгийг зөвхөн тухайн этгээдийн нэр, ажил эрхлэлтийн мэдээлэл дурдсан эсэхээр тодорхойлох боломжгүй. Харин тэр мэдээллийг ашигласан байдлаар тухайн хүнийг нийгэмд буруутан, ёс зүйгүй, хууль бус үйлдэл хийсэн мэтээр харуулах зорилго, агуулга, үр дагавар байсан эсэхийг тогтоох шаардлагатай байна.

3.10.Хариуцагчийн баримталсан Улсын дээд шүүхийн 2007 оны 40 дүгээр тогтоолын тайлбарт доромжлох, гутаах үйлдлийн санаа, сэдэл, зорилгыг харгалзан үзэх шаардлагатай гэсэн агуулга дурдагдсан байхад хариуцагч Ёс зүйн дэд хороо О.С нь мэдээлэл өгөхдөө ямар санаа зорилготой байсан, тухайн мэдээлэл нь Ц.Сэ, Х.У нарын нэр төрийг гутаахад чиглэсэн эсэх, эсхүл сонгон шалгаруулалтын журам, системд бүртгүүлэх шаардлагыг олон нийтэд тайлбарласан албан мэдээлэл байсан эсэхийг ялган тогтоогоогүй байна.

3.11.Өөрөөр хэлбэл, “доромжлох” “гутаах” шинжийг тогтоохын тулд Ёс зүйн дэд хороо дараах асуудлыг нотлох баримтаар тогтоох ёстой байжээ. Үүнд: О.Сгийн хэлсэн үг нь Ц.Сэ, Х.У нарыг шууд, тодорхой, эргэлзээгүйгээр нэр төрийг нь гутаахад чиглэсэн эсэх, тухайн үг, өгүүлбэр нь сонгон шалгаруулалтын журам тайлбарласан мэдээлэл бус, харин тухайн этгээдийн нэр төрийг дордуулах агуулгатай байсан эсэх, “системд бүртгүүлээгүй хүнийг шалгаруулбал давуу байдал олгосон болно” гэх тайлбар нь бодит журмын шаардлагыг тайлбарласан эсэх, эсхүл тухайн иргэнийг хууль бус, ёс зүйгүй, буруутай этгээд мэтээр зориуд ойлгуулах зорилготой байсан эсэх, мэдээллийн үр дүнд Ц.Сэ, Х.У нарын нэр төр, ажил хэргийн нэр хүнд бодитоор дордсон эсэх, эсхүл тийм үр дагавар үүсэх бодит боломж бий болсон эсэх, О.С нь гутаах санаа, сэдэл, зорилготой байсан эсэх.

3.12.Гэтэл маргаан бүхий 10 дугаар дүгнэлтэд дээрх нөхцөлүүдийг нэг бүрчлэн тогтоогоогүй. Тус дүгнэлтэд О.С нь хүний эмзэг болон хувийн мэдээллээр бусдыг гутаасан гэж ерөнхий дүгнэсэн боловч тухайн үйлдэл нь бусдын нэр хүндэд хор учруулсан эсэх, нэр хүндгүй болгох ямар шинжийг бүрэн хангасан, доромжлох, гутаах үйлдэл нь ямар зорилготой бөгөөд Ц.Сэ, Х.У нарын ямар нэр төр, ажил хэргийн нэр хүнд дордсон үр дагавар бий болсон талаар тодорхой хууль зүйн дүгнэлт хийгдээгүй байна.

3.13.Маргаан бүхий бичлэгийн агуулгаас үзэхэд О.С нь сонгон шалгаруулалтын журам, цахим бүртгэл, системд бүртгүүлээгүй этгээдийг шалгаруулалтад хамруулах боломжгүй, тэгвэл бусдад давуу байдал олгох нөхцөл үүсэх талаар тайлбарласан байна. Энэ нь тухайн иргэний хувийн чанар, ёс суртахуун, нэр төрийг дорд үзүүлсэн доромж, гутаан басамжилсан хэллэг бус, харин сонгон шалгаруулалтын ажиллагааны эрх зүйн шаардлагыг тайлбарласан мэдээлэл гэж үзэх үндэслэлтэй.

3.14.Түүнчлэн “У гэж хүүхдийн ээж Сэ”, “их сургуулийн багш” гэх мэдээлэл нь доромжлох, гутаах шинжтэй үг хэллэг гэж шууд дүгнэх үндэслэл тогтоогдсонгүй. Эдгээр мэдээллийг дурдсан нь тухайн этгээдийг хүний хувьд дорд үзүүлсэн, нэр алдрыг нь бусниулсан, нийгмийн үнэлэмжийг нь бууруулсан, ажил хэргийн нэр хүндийг нь санаатайгаар унагаасан гэх агуулгыг илэрхийлэхгүй. Иймээс “нэр дурдсан” үйлдлийг “нэр төрийг гутаасан” үйлдэлтэй адилтган үзэх нь Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хуулийн 8.2.3 дахь заалтын агуулгыг үндэслэлгүйгээр хэт өргөжүүлэн тайлбарлан хэрэглэсэн гэж үзэх үндэслэлтэй байна.

3.15.Иймээс анхан шатны шүүх “санаа зорилгын хувьд гутаах шинж агуулсан мэдээлэл гэх үндэслэл уг бичлэгээс тогтоогдохгүй, үйлдэгдсэн шинж байдлын хувьд ч бичлэгт гутаан доромжлох агуулга байхгүй, энэ иргэдийн талаар мэдээлэл өгөхөөр зарлаж мэдээлсэн мэдээлэл биш, ярилцлагын үеэр дурдагдсан асуудал” гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний хувьд үндэслэлтэй байна. Уг дүгнэлт нь “гутаах” гэдгийг хэлзүйн утгаар бус, тухайн үйлдлийн зорилго, агуулга, нөхцөл байдал, үр дагавар, зөрчлийн бүрэлдэхүүнтэй уялдуулан тайлбарласан зөв дүгнэлт болжээ.

3.16.Түүнчлэн Ёс зүйн хорооны 2024 оны 02 дугаар сарын 19-ний өдрийн 05 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Ёс зүйн дэд хорооны ажиллах журам”-ын 5 дугаар зүйлийн 5.9-д “Дэд хороо ёс зүйн зөрчлийг хянан шалгаж, шийдвэрлэхдээ дараах нөхцөл байдлыг харгалзана” гэж, 5.9.1-д “зөрчил гаргасан тухайн нөхцөл байдлыг үнэн зөв тогтоох”, 5.10-т “Дэд хороо нь гомдол, мэдээлэл хянан шалгаж, шийдвэрлэхдээ Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Захиргааны ерөнхий хууль, холбогдох бусад хууль тогтоомжид заасан хугацааг баримтална”, 5.14-т “Гомдол, мэдээлэл бүрд хамаарах нотлох баримт, холбогдох шийдвэрийг Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасны дагуу хувийн хэрэг бүрдүүлнэ”, мөн журмын 6 дугаар зүйлийн 6.8-д “Нарийн бичгийн дарга ёс зүйн зөрчилд холбогдсон албан хаагч, гомдол гаргасан этгээдэд гомдлыг шийдвэрлэх хуралдаан болох огноо, байршил, хугацааг урьдчилан мэдэгдэж, уг хуралдаанд хүсэлтээр нь оролцуулна” гэж тус тус заасан.

 

3.17.Хариуцагч Боловсролын яамны Ёс зүйн дэд хороо нь гомдолд холбогдогч О.Сд холбогдуулан гаргасан гомдлыг хянан шалгахдаа ёс зүйн зөрчилд холбогдсон албан хаагч О.С болон гомдол гаргасан иргэн Ц.Сэ нарт 2025 оны 12 дугаар сарын 09-ний өдрийн хуралдааны товыг урьдчилан мэдэгдэж, тус хуралдаанд оролцох эсэхийг тодруулаагүй, мөн хорооны 2025 оны 12 дугаар сарын 10-ны өдрийн 25/14 дүгээр хурлын тэмдэглэл[4] зэргээс үзвэл Захиргааны ерөнхий хуулийн 29 дүгээр зүйлийн 29.1-д заасан захиргааны шийдвэрийн хувийн хэргийг хөтлөх бөгөөд уг хувийн хэрэгт шийдвэр гаргах үйл ажиллагааны үндэслэл, үе шат, оролцогчийн санал, холбогдох баримт, сонсох ажиллагаа, уулзалт болон гомдолд холбогдогч О.Сгийн 2025 оны 12 дугаар сарын 03-ны өдөр гаргасан тайлбар зэрэг тухайн ёс зүйн зөрчил гаргасан байдлыг үнэн зөв тогтоосон гэх үйл баримт нотлогдохгүй байгааг дурдах нь зүйтэй.

3.18.Энэ талаар анхан шатны шүүх “...журамд зааснаар хариуцагч нь шийдвэр гаргах ажиллагааны хүрээнд бодит нөхцөл байдлыг тогтоох, оролцогчийг сонсож холбогдох тайлбар авах ажиллагааг бүрэн хэрэгжүүлэхгүйгээр маргаан бүхий 2025 оны 10 дугаар дүгнэлтийг гаргасан бөгөөд нэхэмжлэгчээс хуралдаан болох өдрийг урьдчилан мэдэгдээгүй тул хуралдаанд оролцож тайлбар мэдүүлэг өгөх боломж олдоогүй гэж тайлбарлан маргаж байгааг хүлээн авах үндэслэлтэй байна...” гэж дүгнэн нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэсэн нь хууль зүйн үндэслэлтэй байна.

3.19.Иймээс хариуцагчийн “...Боловсролын яамны дэргэдэх Ёс зүйн дэд хороо бол захиргааны байгууллага биш юм. Ёс зүйн дэд хорооны үйл ажиллагааг Төрийн албан хаагчийн ёс зүйн тухай хууль, Ёс зүйн дэд хорооны ажиллах журмаар зохицуулж байна. Гэтэл шүүх захиргааны байгууллага гэж үзэж сонсох ажиллагаа хийгээгүй гэж дүгнэсэн нь хууль хэрэглээний алдаа гаргаж хуулийг дутуу судлан шийдвэрлэсэн.” гэх давж заалдах гомдлыг хүлээн авах үндэслэл тогтоогдсонгүй.

 

Эдгээр үндэслэлээр хариуцагч Боловсролын яамны Ёс зүйн дэд хорооны 2025 оны 12 дугаар сарын 11-ний өдрийн 10 дугаар дүгнэлтийг хүчингүй болгож шийдвэрлэсэн анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 24-ний өдрийн 396 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нарын давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

            ШҮҮГЧ                                                   Л.ОДБААТАР

 

            ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                                 Э.ЛХАГВАСҮРЭН

 

            ШҮҮГЧ                                                   А.САРАНГЭРЭЛ

 

 

[1] Хэргийн 26-27 дахь тал

[2] Хэргийн 16-18 дахь тал

[3] Хэргийн 112, 113 дахь тал

[4] Хэргийн 64-67 дахь тал