| Шүүх | Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ |
|---|---|
| Шүүгч | Данзангийн Адъяасүрэн |
| Хэргийн индекс | 167/2024/0002/Э |
| Дугаар | 2024/ШЦТ/05 |
| Огноо | 2023-12-28 |
| Зүйл хэсэг | 23.2.1., |
| Улсын яллагч | Б.Дашням |
Дорноговь аймаг дахь сум дундын анхан шатны шүүх /Эрүүгийн хэрэг/ийн Шийтгэх тогтоол
2023 оны 12 сарын 28 өдөр
Дугаар 2024/ШЦТ/05
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Дорноговь аймаг дахь Сум дундын эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Д.Адъяасүрэн даргалж
Нарийн бичгийн дарга Г.Хосбаяр
Улсын яллагчаар хяналтын прокурор Б.Дашням
Шүүгдэгч Т.Б нарыг оролцуулан шүүх хуралдааны танхимд нээлттэй явуулсан хуралдаанаар аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашнямаас хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ... дугаартай хэргийг 2023 оны 12 сарын 21-ний өдөр хүлээн авч 2023 оны 12 сарын 28-ны өдөр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, Т.Б
Холбогдсон хэргийн талаар
Шүүгдэгч Т.Б нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэргэжлийн үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэгт холбогджээ.
ТОДОРХОЙЛОХ нь:
Шүүгдэгчийн холбогдсон хэргийн гэм буруугийн талаар:
Шүүгдэгч Т.Б нь ... засварчнаар 2018 оны 03 дугаар сард ажилд орохдоо ашигласан ... мэргэжлээр 2018 оны 06 сарын 04-ны өдөр төгссөн гэх ... дугаартай мэргэжлийн үнэмлэх нь хуурамч болох нь шүүхийн хэлэлцүүлэгт шинжлэн судалсан гэрч Д.Зын мөрдөн шалгах ажиллагаанд өгсөн мэдүүлэг, ... санхүүд хийсэн дүгнэлт, түүврийн 46 дахь жагсаалтад Т.Б ... гэсэн нэртэй 2018 оны 02 дугаар сарын 09-ний өдөр 1,350,000 төгрөг төлсөн баримт (хавтаст хэргийн 49 дүгээр тал), ... дугаартай Т.Быг дадлагажуулан ажиллуулах тухай тушаал (хавтаст хэргийн 83 дугаар тал), Т.Бын ажилтны хувийн хэргийн баримт бичигт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгт хавсаргасан баримт бичгүүд (хавтаст хэргийн 114-187 дугаар тал), хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Э.Эийн мэдүүлэг (хавтаст хэргийн 110 дугаар тал) зэрэг нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдож байна.
Шүүхийн хэлэлцүүлэгт улсын яллагчаас яллах дүгнэлтэд тусгасан шинжлэн судалснаар тооцуулсан нотлох баримтууд нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх бөгөөд эдгээр нь энэ хэрэгт хамааралтай, хэргийг эцэслэн шийдвэрлэхэд хүрэлцээтэй байна.
Шүүгдэгч Т.Б нь Төмөр замын тусгай мэргэжлийн үнэмлэхийг хуульд заасан журмын дагуу суралцахгүйгээр авсан болох нь түүний шүүхийн хэлэлцүүлэгт өгсөн мэдүүлэг, хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон бөгөөд тэрээр ажилд орохдоо Зүтгүүрийн туслах машинч гэсэн мэргэжлийн үнэмлэхийг ашигласан нь түүнийг хуурамч болохыг мэдсээр байж гэж үзэх үндэслэл болно.
Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлд “Хуурамч бичиг баримт үйлдэх, ашиглах” гэмт хэргийг хуульчилсан ба уг гэмт хэрэг нь тусгай зөвшөөрөл, эрх олгосон...диплом ...хуурамч болохыг мэдсээр байж ашигласан, худалдсан нийгэмд аюултай гэм буруутай үйлдэл юм.
Шүүгдэгч Т.Б нь Төмөр замын тусгай мэргэжлийн үнэмлэхийг хуурамч гэдгийг мэдсээр байж, уг хуурамч мэргэжлийн үнэмлэхийг гэм буруугийн санаатай хэлбэрээр идэвхтэй үйлдлээр ашиглаж, улмаар туслах машинчийн ажилд орсон болох нь тогтоогдсон тул түүний энэ үйлдэл нь Эрүүгийн хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хуурамч баримт бичиг ашиглах” гэмт хэргийн объектив, субектив шинжийг бүрэн хангасан гэж үзнэ.
Шүүгдэгчээс өөрийн үйлдлийн хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн нь гэм буруугийн санаатай хэлбэрийг агуулсан гэж үзнэ.
Шүүгдэгчийн үйлдэл нь 2018 оны 03 дугаар сарын 01-ний өдрөөс үргэлжилсэн тул Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 1.8 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг төгссөн цаг хугацаагаар тооцсон бөгөөд гэмт хэргийг хөөн хэлэлцэх хугацаа өнгөрөөгүй гэж дүгнэсэн болно.
Иймд шүүгдэгч Т.Быг мэргэжлийн үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Хохирол төлбөрийн талаар: Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “гэмт хэрэг үйлдэж олсон хөрөнгө орлогыг...гэмт хэрэг үйлдсэн хүний хувьд ногдох хөрөнгө,орлогоос албадан гаргуулна” гэж заасан хэдий боловч шүүгдэгч Т.Бод холбогдох эрүүгийн хэрэгт хохирол төлбөртэй холбоотой нэхэмжлэлийн шаардлагыг хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөс гаргаагүй, улсын яллагчаас төмөр замын байгууллага нь төрийн байгууллагад хамаарахгүй учир төрд учирсан хохирол гэж үзэн төрийн нэрийн өмнөөс нэхэмжлэх зүйлгүй гэсэн дүгнэлт гаргасан тул хохирогчийн хууль ёсны төлөөлөгчийн иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлүүлэх эрхийг нээлттэй үлдээж шийдвэрлэв.
Шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх талаар: Шүүгдэгч Т.Бод прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналтай хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлжээ.
Аймгийн прокурорын газрын хяналтын прокурор Б.Дашням нь шүүгдэгч Т.Бод холбогдох хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхээр тогтоол гаргаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хэргийн зүйлчлэл, түүнд оногдуулах ялын төрөл, хэмжээний тухай саналыг шүүгдэгчид танилцуулсан байх ба шүүгдэгч хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан байна.
Прокуророос Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах саналыг шүүгдэгч Т.Б нь хүлээн зөвшөөрч гарын үсэг зурсан баримт хэрэгт авагдсан ба шүүхийн хэлэлцүүлэгт прокурорын сонсгосон ялыг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлсэн болно.
Прокуророос санал болгож, шүүгдэгчийн хүлээн зөвшөөрсөн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан 450 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр буюу 450,000 төгрөгөөр торгох ял оногдуулах санал нь Эрүүгийн хуульд нийцсэн бөгөөд шүүгдэгч тухайн эрүүгийн хариуцлагын хууль зүйн үр дагаврыг ухамсарлан ойлгосон байх тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар прокурорын саналыг баталж, шүүгдэгчид эрүүгийн хариуцлага хүлээлгэх хууль зүйн үндэслэлтэй байна.
Бусад асуудлаар: Шүүгдэгч Т.Б нь энэ хэрэгт цагдан хоригдсон хоноггүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... дугаарын мэргэжлийн үнэмлэхийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4, 36.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 36.6, 36.7,36.8, 36.10 дугаар зүйлүүдийг тус тус удирдлага болгон
ТОГТООХ нь:
1.Шүүгдэгч Т.Быг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан мэргэжлийн үнэмлэх хуурамч болохыг мэдсээр байж ашигласан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.
2.Эрүүгийн хуулийн тусгай ангийн 23.2 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Быг 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450,000 төгрөгөөр торгох ял шийтгэсүгэй.
3.Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4, 5 дахь хэсэгт зааснаар шүүгдэгч Т.Б нь шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болмогц торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоож, шүүхээс тогтоосон хугацаанд торгох ялыг биелүүлээгүй бол торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг 1 хоногоор тооцож, хорих ялаар солихыг анхааруулсугай.
4.Шүүгдэгч нь энэ тогтоолоор бусдад төлөх төлбөргүй, цагдан хоригдсон хоноггүй, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 6 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан ... дугаарын үнэмлэхийг хэрэгт хавсарган хадгалсугай.
5.Шүүгдэгч Т.Бод холбогдох эрүүгийн хэрэгт хохиролтой холбоотой нэхэмжлэлийг иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсүгэй.
6.Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоол уншин сонсгосноор хүчинтэй болох бөгөөд шийтгэх тогтоол хүчин төгөлдөр болтол шүүгдэгч Т.Бод урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
7.Шийтгэх тогтоолыг гардаж авсан,эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор зөвхөн Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гаргах улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.
8.Дээр дурдсан үндэслэлээр оролцогч давж заалдах гомдол гарсан, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичсэн тохиолдолд шийтгэх тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгчид урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Д.АДЪЯАСҮРЭН