Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 01 өдөр

Дугаар 101/ШШ2020/01498

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Сүхбаатар дүүрэг, 2 дугаар хороо, Тээвэрчдийн гудамж-25, Урбанек центр 305 тоотод байрлах, Ф.К ХХК /РД:6042961/-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 27 дугаар хороо, Дунд дарь эх гудамж, 2-792 тоотод оршин суух, Д.Л -д холбогдох,

Зээлийн гэрээний үүрэгт 11.160.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгч Ф.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Бнар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ф.К ХХК-ийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Ф.К ХХК нь 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр БЗГ/17/01/53 тоот Зээлийн гэрээгээр хариуцагч Д.Лид 6,000,000 төгрөгийг, сарын 5 хувийн хүүтэй, 6 сарын хугацаатай зээлдүүлсэн.

Зээлийн гэрээний 2.6 дахь хэсэгт:Зээлдэгч нь зээлийг эргэн төлөх, хавсралтаар баталсан эргэн төлөлтийн хуваарийн дагуу төлж барагдуулах үүрэгтэй. Энэхүү хавсралт нь гэрээний салшгүй хэсэг бөгөөд хавсралтыг зөрчих нь гэрээг зөрчсөнд тооцогдож, зээлээ хугацаанд нь төлөөгүйд тооцогдоно гэж заасан байдаг. Гэвч зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш огт эргэн төлөлт хийгээгүй болно. Зээлийн гэрээний 2.7 дахь хэсэгт Зээлийн гэрээний хугацаа дуусахад зээл болон хүүгийн төлбөрийг тогтоосон хугацаанд буцаан төлөөгүй тохиолдолд хугацаа дууссанаас хойш зээлийн үлдэгдэл дүнгээс 1 хоногийн 0.5%-тай тэнцэх хэмжээний алдангийг зээлдэгч зээлдүүлэгчид үл маргах журмаар төлнө, мөн 3.2.2 дахь хэсэгт Зээлийг энэхүү гэрээний хавсралтад заасан хуваарийн дагуу төлж барагдуулах, төлөөгүй тохиолдолд хугацаандаа төлөгдөөгүй үндсэн өрд тооцож алданги төлөх үүрэгтэй байхаар заасан. Зээлдэгч нь зээлийн эргэн төлөх хуваарийн дагуу зээлээ төлж барагдуулаагүй, огт төлөлт хийгээгүй учир алданги тооцох үндэслэл бий болсон.

Зээл олгосон өдрөөс хойш 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэл зээлдэгч Д.Л нь зээлийн гэрээний 2.1 дэхь хэсэгт заасны дагуу үндсэн зээлийн төлбөрт 6.000.000 төгрөг, мөн зээлийн гэрээний 2.2 дахь хэсэгт заасны дагуу хүүгийн төлбөрт 13,320,000 төгрөг, 2020 оны 02 дугаар сарын 14-ний өдрийг хүртэлх алдангид 32.400,000 төгрөг болсон. Үүнээс Иргэний хуулийн 232 дугаар зүйлийн 232.4 дэхь хэсэгт Анз нь торгууль, алданги гэсэн төрөлтэй байна. Анзын нийт дүн нь гүйцэтгээгүй үүргийн дүнгийн 50 хувиас хэтэрч болохгүй гэж заасны дагуу 3.000.000 төгрөг, нийт 22.320.000 төгрөгийн үлдэгдэлтэй байна.

Зээлдэгч Д.Лоос үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүүд 13.320.000 төгрөг, алдангид 3.000.000 төгрөг, нийт 22.320.000 төгрөг нэхэмжилсэн.

Зээлийн хүүг зээлийн гэрээ байгуулснаас шүүхэд нэхэмжлэл гаргах хүртэл хугацаагаар тооцсон бөгөөд гэрээгээр хугацааг 6 сар байхаар тохиролцсон. Барьцааны зүйлээр үүргийн гүйцэтгэлийг хангуулах шаардлага гаргаагүй учир Д.Лийн хариу тайлбарыг зөвшөөрөхгүй

Иймд хариуцагч Д.Лоос зээлийн гэрээгээр тохиролцсоны дагуу үндсэн зээл 6.000.000 төгрөг, 6 сарын хүү 2.160.000 төгрөг, алдангийг гэрээний 2.7-д заасны дагуу зээлийн үлдэгдэл дүнгээс тооцож 3.000.000 төгрөг, нийт 11.160.000 төгрөгийг гаргуулж өгнө үү, нэхэмжлэлийн шаардлагаа 11.160.000 төгрөгөөр бууруулж байна гэв.

Хариуцагч Д.Л шүүхэд гаргасан хариу тайлбартаа:

Нэхэмжлэгч Ф.К ХХК-ийн нэхэмжилж буй мөнгөн дүнг иргэн Д.Л миний бие хүлээн зөвшөөрөхгүй байгаа бөгөөд 2018 онд зээлийн төлбөр 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөг байх үед нь миний бие гражаас гаргаж өгөхийг хүссэн боловч тус байгууллага барьцаа хөрөнгө авч ир гэсэн шаардлага тавьж миний хүсэлтийг хүлээн аваагүй болно. Тиймээс зээлийн төлбөрийг барьцаа хөрөнгөөр 100 хувь хангуулах, эс бөгөөс 14.000.000 /арван дөрвөн сая/ төгрөгийн төлбөр дээр эвлэрлийн гэрээ байгуулан хаах хүсэлттэй байна гэжээ.

/хх-ийн 24 тал/

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ф.К ХХК нь хариуцагч Д.Лид холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт 22.320.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд явцад нэхэмжлэгчийн төлөөлөгч нь дээрх шаардлагаа 11.160.000 төгрөгөөр багасгаж, 11.160.000 төгрөг гаргуулах шаардлагаа дэмжсэн болно.

Талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр Ф.К ХХК нь 6.000.000 төгрөгийг, 6 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй зээлдүүлэх,

Д.Л нь зээлийг, хүүгийн хамт хугацаанд нь эргүүлэн төлөх,

зээлдүүлэгч нь зээлийг эргүүлж төлөх хугацааг хэтрүүлсэн хоног тутамд зээлийн үлдэгдэл дүнгээс 0.5 хувиар алданги тооцож зээлдэгчээр төлүүлэхээр тохиролцсон №БЗГ/17/01/53 тоот зээлийн гэрээ байгуулагджээ.

/хх-ийн 5-7 тал/

Зээлийн гэрээний зээлдүүлэгч талд зээлийн эдийн засагч, зээлдэгч талд Д.Л гарын үсэг зурсан, гэрээний талаар зохигч маргаагүй.

Гэрээний 5-д үүргийн гүйцэтгэлийг хангуулахаар Toyota Tundra маркийн 86-33 УНЦ улсын дугаартай тээврийн хэрэгслийг барьцаалсан байна.

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаас үзэхэд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр гэрээний зүйл 6.000.000 төгрөгийг зээлдүүлэгч Ф.К ХХК нь зээлдэгч Д.Лийн ХААН банк дах 5028346758 тоот дансанд шилжүүлэн өгсөн болох нь ХААН банкны шилжүүлгийн баримтаар тогтоогдож байх ба үүнтэй зохигч маргаагүй.

/хх-ийн 9 тал/

Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,

282 дугаар зүйлийн 282.4-т: Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж заажээ.

Үүнээс үзэхэд талуудын хооронд 2017 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр зээлийн гэрээ байгуулагдсан гэж үзнэ.

Иргэний хуулийн 282 дугаар зүйлийн 282.3-т:Хуульд өөрөөр заагаагүй бол хүү тогтоосон бол зээлийн гэрээг бичгээр хийнэ. Энэ шаардлагыг хангаагүй бол хүү авах эрхээ алдана,

Мөн хуулийн 232 дугаар зүйлийн 232.6-д: Хууль болон гэрээнд заасан хугацаа хэтрүүлсэн тал нь хоног тутамд гүйцэтгээгүй үүргийн үнийн дүнгийн 0,5 хувиас хэтрэхгүй хэмжээгээр төлөхөөр тогтоосон анзыг алданги гэнэ гэж тус тус зааснаас үзэхэд талуудын хооронд хүү тогтоосон зээлийн гэрээ бичгээр хийгдсэн, үүргээ хугацаандаа биелүүлэхгүй бол анз төлөх талаар тохиролцжээ.

Хариуцагч Д.Л нь нэхэмжлэгчийн 22.320.000 төгрөг гаргуулах шаардлагын 14.000.000 төгрөгт холбогдох хэсгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг барьцааны зүйлээр хангуулах нь зүйтэй гэж маргасан байна.

Хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэх үед нэхэмжлэгчийн төлөөлөгч нь зээлийн гэрээний үүрэгт 22.320.000 төгрөг нэхэмжилсэн шаардлагаа 11.160.000 төгрөгөөр багасгаж, 11.160.000 төгрөг нэхэмжилсэн тул шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагын хэмжээнд хэргийг шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Д.Л нь зээлийн гэрээний дагуу төлбөр төлсөнтэй холбоотой баримтыг шүүхэд ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар өөрийн татгалзлаа баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Иймд хариуцагч Д.Лоос талуудын хооронд байгуулагдсан гэрээний дагуу үндсэн зээл 6.000.000 төгрөг, 6 сарын хүү 2.160.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 11.160.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ф.К ХХК-д олгож шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

Хариуцагч Д.Л нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан түүний эзгүйд хэргийг шийдвэрлэсэн бөгөөд хариуцагчийн шүүхэд ирүүлсэн тайлбарыг мөн хуулийн 100 дугаар зүйлийн 100.4-д заасны дагуу шүүх хуралдаанд гаргасантай адилтгаж үзсэн болохыг дурьдав.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.3, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус зааснаар хариуцагч Д.Лоос зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 6.000.000 төгрөг, хүү 2.160.000 төгрөг, алданги 3.000.000 төгрөг, нийт 11.160.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ф.К ХХК-д олгосугай.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1-т зааснаар Д.Лоос улсын тэмдэгтийн хураамжид 193.510 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ф.К ХХК-д олгож, нэхэмжлэгчийн улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 269.550 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ