Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 16 өдөр

Дугаар 2023/ШЦТ/805

 

 

 

    2023         10           12                              2023/ШЦТ/805

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга М.Солонго хөтлөн

улсын яллагч Г.Онон

шүүгдэгч П.Д

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн **** дугаартай хэргийг 2023 оны 1 дугаар сарын 06-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, *** оны ** дугаар сарын **-нд Хөвсгөл аймагт төрсөн, 36 настай, эрэгтэй, дээд боловсролтой, инженер мэргэжилтэй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 4; эхнэр, хүүхдүүдийн хамт Баянзүрх дүүргийн **** дугаар хороо, **** дугаар байр, ** тоотод оршин суух, ял шийтгэлгүй, ******* дугаарын регистртэй, Э овогт Пийн Д

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч П.Д нь 2023 оны 8 дугаар сарын 16-наас 17-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нуьаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулах “Кензо” нэртэй шөнийн цэнгээний газарт хохирогч С.Мийг нүүрэн тус газар нь гараараа цохих зэргээр зодож, түүний биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зүүн хөмсөг, дээд доод уруул ооч, бүсэлхийд зулгаралт, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний уг хэсгийн хугарал бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч П.Д шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцоно. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдолыг ойлгож байгаа. Хохирогчид 600.000 төгрөг өгсөн гэв.

 

 

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч С-ийн Мэ “... 2023 оны 8 дугаар сарын 16-ны орой 22 цагийн үед найз Б, О нарын хамт Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Кензо нэртэй бааранд ороод 0.5 литрийн хэмжээ бүхий нэг шил Соёрхол нэртэй архи захиалж аваад, авсан зүйлээ гурвуулаа хувааж уусан. Тэгээд шөнө 01 цагийн үед нэг залуу ирээд сая бүжгийн талбай дээр бүжиглэж байх үедээ миний эмэгтэйтэй цуг бүжиглээд байсан уу гэхээр нь түүнд хандаж тийм зүйл байхгүй шүү дээ гэж хэлсэн чинь тухайн залуу миний хамар, нүүр хэсэг рүү гараараа цохихоор нь би зөрүүлж цохих гэсэн боловч оноогүй. ...тухайн залуу миний нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон бөгөөд миний эрүүл мэндэд өөр хүн халдаагүй. Мөн тухайн өдөр би цагдаа дээр ирэх үедээ бие өвдөөд байсан учир баарны гадаа зодуулсан гэж андуурч мэдүүлсэн байна лээ. Миний эрүүл мэндэд нэг хүн халдсан. Ямар ч байсан 1 ээс 2 удаа миний нүүр хэсэг рүү цохисон. Өмнөх өдөр болон тухайн бааранд орохоос өмнө өөр хүнтэй хэрүүл зодоон хийсэн зүйл байхгүй. Болсон хэргийн талаар сайн санаж байна. Би эмчилгээ хийлгээгүй байгаа, эмчилгээний баримт байхгүй байна. Шинжээчийн дүгнэлттэй танилцлаа. Дүгнэлтээр гарсан гэмтлийг нэг хүн 1-2 удаа цохиж учруулсан. Бүсэлхийнд зулгаралт гэмтэл нь яаж үүсэн талаар мэдэхгүй байна. Магадгүй цохиулаад унах үед үүссэн байх гэж бодож байна. ...тухайн өдөр П.Д гэх залуу нь миний нүүр хэсэг рүү 1-2 удаа цохисон бөгөөд миний эрүүл мэндэд өөр хүн халдаагүй. Мөн тухайн өдөр би цагдаа дээр ирэх үедээ бие өвдөөд байсан учир баарны гадаа зодуулсан гэж андуурч мэдүүлсэн байна лээ. Миний эрүүл мэндэд нэг хүн халдсан.”  /хх-н 6-07, 9-10/ гэж,

гэрч Г-ийн М  “... 2023 оны 8 дугаар сарын 16-аас 17-нд шилжих шөнө 00 цагийн үед байх найз Д, Б бид гурав Баянгол дүүргийн 20 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Кензо нэртэй бааранд ороод хүний нэг нэг шил пиво захиалж уугаад дахин нэг шил Соёрхол нэртэй архи захиалаад тухайн архинаас бага зэрэг ууцгаагаад бүжиглэхээр талбай хэсэг рүү нь гарсан. Бүжгийн талбай дээр бид гурав бүжиглэж байсан чинь согтуу үл таних залуу миний хажууд хүрч ирээд биеэрээ намайг тулаад байхаар нь би түүнийг цааш нь бага зэрэг түлхэж ухрах үед тухайн залуу бид гурав руу дунд хуруугаа гаргаад байсан. Энэ үед найз Д түүнд хандаж чи яагаад байгаа юм, болиоч гэж хэлсэн чинь үл таних залуу манай найзыг цохих үед найз Д түүний нүүр хэсэг рүү нь гараараа нэг удаа цохисон чинь тэр газар унасан. Босоод ирэх үед түүний хамраас цус гарсан байсан бөгөөд түүнийг хамгаалагч нар аваад баарны гадаа гаргах үед тэнд байсан хүмүүс рүү тухайн залуу дайраад агсам тавиад байсан. Удалгүй цагдаа ирээд тухайн залууг аваад явсан. Хохирогчийг бүлэглэж зодсон зүйл байхгүй” /хх-н 12-13/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... С.М-ийн биед хамар ясны хугарал, таславчийн мурийлт, дух, зүүн хөмсөг, дээд доод уруул ооч, бүсэлхийд зулгаралт, хамар, хоёр нүдний зовхинд цус хуралт, зүүн дээд үүдэн 1 дүгээр шүдний уг хэсгийн хугарал гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр, 1-2 хоногийн өмнө үүссэн байх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Нэг шүдний булгарал нь цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонгид 5% алдагдуулна” гэсэн 10438 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан /хх-н 19-20/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч П.Дийн гэм буруутайг нотолно.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Э овогт П-ийн Д-ийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч П.Дийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 44/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 36/, цагдаагийн АСАП сангийн лавлагаа /хх-н 38-41/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

шүүгдэгч П.Д “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан байна. /хх-н 51/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч П.Дид оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч С.М “... миний бие П.Д-оос эмчилгээний мөнгө болох 600.000 төгрөгийг хүлээн авсан. Цаашид гомдол саналгүй. Сайн дурын үндсэн дээр эвлэрсэн тул хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэж өгнө үү” /хх-н 52/ гэжээ.

 

Шүүгдэгч П.Д цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч П.Д шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

 

ТОГТООХ нь:

 

1. Э овогт П-ийн Дийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч П.Дийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 /таван зуун мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч П.Д торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч П.Д цагдан хоригдсон хоноггүй, хохирогч С.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл П.Дид урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ