Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 11 өдөр

Дугаар 2023/ШЦТ/949

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Б.Мичидмаа,

улсын яллагч Н.Цэнгэлбаяр,

шүүгдэгч ***, *** тэдгээрийн өмгөөлөгч Д.Нарангоо нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас ***, *** нарт холбогдуулан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж шүүхэд ирүүлсэн эрүүгийн 2205023390113 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ны өдөр, Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эх, ахын хамт *** дүүрэг *** дугаар хороо *** дүгээр гудамж *** тоотод оршин суух,

урьд Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн 2020/ШЦТ/109 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 120 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн, ***.

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, эрхэлсэн тодорхой ажилгүй, ам бүл 3, эцэг, эхийн хамт *** дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, *** дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 5 дугаар сарын 15-ны өдрийн 531 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 1 жилийн хугацаагаар тэнссэн, ***.

 

Шүүгдэгч ***, *** нар нь урьдаас үгсэн тохиролцоогүй боловч үйлдлээрээ нэгдэж бүлэглэн согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гранд плаза төвийн орчим Г.***, Т.***, М.*** нартай хэрүүл маргаан өдөж, элдвээр доромжлон, халдашгүй чөлөөтэй байх эрхэнд нь халдаж нийгэмд тогтсон хүмүүс хоорондын харилцааны болон аж төрөх ёсны хэм хэмжээг болон нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчин хүч хэрэглэж, олон нийтийн амгалан байдал алдагдуулсан,

Мөн ***, *** нар нь бүлэглэн тухайн өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гранд плаза төвийн орчим Г.***, Т.***, М.*** нарт хүч хэрэглэх явцдаа Т.***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулж хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Тухайн өдөр хохирол учруулсан нь миний буруу байгаа боловч бид хоёр хэл амаар доромжлоогүй. Бид хоёр шөнө хар шил зүүгээд явж байхад харанхуйд хар шил зүүлээ Ice top юм уу” гэж хэлээд муудалцсан гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч *** мэдүүлэхдээ: “Тухайн өдөр *** хөдөө ажлаар яваад ирсэн гэхээр нь уулзсан. Уулзаад 1 лааз пиво уусан. Замаар гарах гээд хар шил зүүцэн явж байсан чинь 3 хүн хажуугаар зөрөхдөө харанхуй шөнө хар шил зүүлээ гэж доромжилж, инээлдээд зөрсөн. Тэгэхээр нь миний өмсөж зүүсэн чамд таалагдах албатай юм уу гэж хэлэхэд өндөр залуу нь зайл гэж хэлсэн. Тэгээд нааш ир гэхээр нь очсон чинь муудалцаж зодоон болсон. Зодооныг өөрсдөө эхлүүлсэн, биеэ бариагүй нь миний буруу” гэв.

 

Мөрдөгчийн 2022 оны 7 дугаар сарын 05-ны өдрийн Эд мөрийн баримтаар тооцох тухай тогтоол. / 1дэх хавтаст хэргийн 8 дахь тал/

 

Эд зүйлд үзлэг хийсэн “... Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 02 цаг 50 минут 10 секундэд Г.***тэй хамт явж байсан шар, хар өнгийн өмдтэй эрэгтэйг гартаа шар айраг мэт зүйл барин алхаж байсан урт үстэй хар өнгийн хувцастай эрэгтэй цохиж байгааг харуулав.

 Бичлэгийг үргэлжлүүлэн үзэхэд 02 цаг 50 минут 12 секундэд Г.***тэй хамт явж байсан шар, хар өнгийн өмдтэй эрэгтэйг урт үстэй хар өнгийн хувцастай эрэгтэй, Г.***тэй хамт явж байсан шорттой эрэгтэйг богино үстэй хар өнгийн хувцастай эрэгтэй цохиж байгааг харуулав. ...” тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /1 дэх хавтаст хэргийн 9-18 дахь тал/

 

Хохирогч Т.***ын “... Тэгээд 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн шөнө 02 цагийн үед *** эгч, *** ах бид гурав тухайн караокеноос гарч Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Hill side хотхоны *** байрны 2 орцны *** тоот гэр лүүгээ харих гээд Grand plaza төвийн ертөнцийн зүгээр урд талын замаар алхаж байтал үл таних 20-25 орчим насны хоёр залуу зөрж өнгөрөхдөө манай эгч ***ийг энэ далжгар гичий вэ гэж хэлэхээр нь эгч бид хоёр тухайн үл таних хоёр залууг нэг их тоолгүй ямар балай залуучууд вэ гэж хоорондоо ярилцаад чигээрээ алхаж байтал араас эрэгтэй хүн хөөе, нааш ир пиздануудаа гэж орилох чимээгээр эргэж хартал ах, эгч бид гуравтай зөрсөн үл таних хоёр залуу байхаар нь би тухайн залууст хандаж яах гэсэн юм бэ, зүгээр цаашаагаа явцгаа гэж хэлээд буцаад алхаж явтал нөгөөх үл таних хоёр залуу өөрсдөө бид нарын араас хүрч ирээд хэрүүл өдөөд байхаар нь би хэн хэндээ лай болохгүй байцгаая, зүгээр явцгаа гэж хэлтэл урт хар үстэй залуу нь *** ахыг цохиж зодоод газарт унагаачхаад над дээр хүрч ирээд хоёулаа нийлж намайг зодож газарт унагаасан.

Үүний дараа *** эгчийг унагаагаад нүүр лүү нь өшиглөсөн. Би хамар луугаа хүчтэй өшиглүүлж манарсан байсан болохоор босож чадаагүй юм. Тэгээд үргэлжлүүлээд тухайн хоёр залуу миний нүүр болон цээж рүү хөл болон гараараа хүчтэй өшиглөж байх үед *** эгч та нар болиоч ээ, хүн аллаа ш дээ гэж хэлэхэд тухайн үл таних хоёр залуу эгчийг үгийг тоохгүй зодсоор байсан.

Бид нарыг зодуулж байх үед цагаан өнгийн жижиг тээврийн хэрэгсэлтэй /яг ямар тээврийн хэрэгсэл байсныг нь санахгүй байна/ хэсэг залуус ирээд бид нарыг салгах үед тухайн үл таних хоёр залуу зугтаасан. Нэг ертөнцийн зүгээр урагшаа гүйгээд Мичид зочид буудлын наад талаас такси барих шиг болсон. Үүний дараа ах, эгч бид гурав эд зүйлсээ шалгатал эгчийн I phone 11 pro max загварын гар утас, миний Prius 20 маркийн тээврийн хэрэгслийн түлхүүр болон гэрийн түлхүүр мөн ажлын агуулахын түлхүүр алга байхаар нь зодуулсан гэх газрынхаа ойр орчимд шалгатал байхгүй байсан юм. Тэгээд бид нар цагдаагийн байгууллагад хандсан.

Би 0,5 литрийн 3 ширхэг лаазтай шар айраг уусан. Ах эгчийг яг сайн мэдэхгүй байна. Бид гурав гурвуулаа биеэ авч явах чадвартай байсан.

Бид гурвыг үл таних 20-25 орчим насны залуучууд зодсон. Нэг залуу нь урт хар үстэй, үсээ боочихсон, хар өнгийн масктай, урт хар өнгийн цув өмссөн байсан. Нөгөө залуу нь богино хар өнгийн үстэй, богино хар өнгийн савхи өмссөн байсан. Өөр зүйл сайн анзаарч чадаагүй, санахгүй байна.

... Би 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдрийн 02 цагийн үед Grand plaza төвийн ертөнцийн зүгээр урд талд үл таних хоёр залуутай зууралдаж байхдаа алга болгосон гэж бодож байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 35-37 дахь тал/

“... Хоёр залуу хоёулаа миний нүүр лүү өшиглөсөн. Царайг нь харах боломжгүй байсан. Би больё гэж гуйхад тэр хоёр залуу намайг цохиод байсан. Ах эгч хоёр салгах гэж зөндөө оролдсон. Тэгээд намайг анх цохидог өндөр урт үстэй залуутай би заамдалцаад замын урд тал руу явсан. Тэгээд ноцолдож байгаад бид хоёр хоёулаа газарт унасан. Хүргэн ах салгаад хоёулаа боссон. Босоод өндөр залуутай нь та хоёр болио, хүн аллаа ш дээ гэж хэлээд чигээрээ алхсан.

Тэр өндөр урт үстэй залуу доошоо суусан байснаа босож ирээд надтай маргалдаж бид дахин заамдалцан ноцолдсон. Нөгөө залуу нь ирээд араас намайг татаж унагаасан. Тэгэхэд өндөр урт үстэй залуу нь миний дээр гарч намайг цохиж эхэлсэн. Тэгсэн чинь эгч тэр залууг салгах гээд араас зуураад боль гэж хэлсэн. Эгчийг нөгөө залуу хажуу тийш нь цохиж унагаан нүүр лүү нь өшиглөж байсан. Тэр хоёр залуу миний дээрээс өшиглөж зодож байхад хүмүүс ирж салгасан.

... Эхлээд бол өндөр урт үстэй залуу миний нүүр лүү гараараа цохисон. Дараа нь нийлээд цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 40-41 дэх тал/

 

Хохирогч Г.***ийн “... Grand plaza төвийн ертөнцийн зүгээр урд талын явган хүний зам дээр алхаж явтал 20-25 орчим насны үл таних хоёр залуу зөрж өнгөрөхдөө намайг хэл амаар доромжлохоор нь бид гурав тухайн үл таних хоёр залууг нэг их тоолгүй ямар балай залуучууд вэ гэж хоорондоо ярилцаад чигээрээ алхаж байтал араас эрэгтэй хүмүүс дуудаад байх шиг байхаар нь эргээд хартал тухайн үл таних хоёр залуу бид нарын ард ирчихсэн хэл амаар доромжлоод байсан. Тэгээд бид гурав тухайн үл таних хоёр залуутай хэрэлдэж байтал нэг залуу нь миний хүргэн дүү болох ***ыг цохисон бөгөөд үүний дараа зодоон болсон.

Би тухайн үед согтууруулах ундааны зүйл их хэмжээгээр хэрэглэсэн байсан болохоор тухайн үеийн зодооныг сайн санахгүй байгаа бөгөөд ямар байсан би цохиулаад газарт унаснаа болон зодооны дараа Prius маркийн тээврийн хэрэгсэлтэй хүмүүс ирээд бид нарыг салгах үед тухайн үл таних хоёр залуу зугтааж байсныг санаж байна. Тэгээд би тухайн зодооны дараа эд зүйлсээ шалгатал миний гар утас байхгүй байсан ба зодоон болсон газартаа очоод гар утсаа хайж үзэхэд олдохгүй байхаар нь цагдаагийн байгууллагад хандсан.

... Миний биед ямар нэгэн гэмтэл учраагүй. Шүүх эмнэлэгт үзүүлэхгүй. ..” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 48-50 дахь тал/

 

Хохирогч М.***ийн “... Тэгээд *** эгчийн гэр лүү явахаар болоод Grand plaza төвийн урд талын явган хүний зам дээр алхаж явтал 20-25 орчим насны үл таних хоёр залуу бид нарын хажууд ирээд *** эгчтэй маргалдаад байсан. Тэгсэн чинь гэнэт нэг урт үстэй залуу нь ***ыг цохиод авахаар нь би дундуур нь ороод салгах гэхэд хамт явж байсан залуу нь хажуугаар орж ирээд бид гурвыг зодчихоод яваад өгсөн. Би тухайн үед согтуу байсан болохоор сайн санахгүй байна. Нэг мэдсэн чинь машинтай хүмүүс ирээд бид нарыг салгахад нөгөө хоёр залуу гүйгээд яваад өгсөн.

Тухайн үед баруун нүд хөхөрсөн байсан. Тэгэхдээ би өмнө нь гэрчээр мэдүүлэг өгөхдөө гомдол саналгүй шүүх эмнэлэгт үзүүлэхгүй гэж хэлсэн.

Надад ямар нэгэн эмчилгээ хийлгэсэн баримт байхгүй. Нэхэмжлэх зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /2 дахь хавтаст хэргийн 16-17 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9382 дугаартай:

“...1. Т.***ын биед хамар ясны хугарал, зүүн зовхи, хацар, хамрын нуруунд цус хуралт, зөөлөн эдийн няцрал, зүүн завжинд язарсан шарх, хоёр бугалга, цээжний цус хуралт гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтэл нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн шинэ гэмтэл байна.

3. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /1 дэх хавтаст хэргийн 63-64 дэх тал/

 

***ын яллагдагчаар өгсөн “... Бид хоёр хар нүдний шил зүүсэн хоорондоо юм яриад явж байсан. Нэг эрэгтэй нь бид хоёрыг харанхуй шөнө хар шил зүүсэн Ice top биш дээ гэж хэлсэн. Тэгсэн чинь *** ах эргэж хараад миний юу өмсөж явах нь чамд ямар хамаатай юм бэ гэж хэлсэн. Тэгсэн чинь том биетэй өндөр залуу нь нэгээрээ андуурах уу гэсэн. Тэгсэн чинь *** ах куртикээ тайлж надад бариулаад тэр зөрсөн гарцын замын хойд талын зогсоолын хэсэг дээр тэр залуутай зодолдсон.

Тэгээд *** ах хамраа бариад хойшилсон. Би тэгж байхад нь нөгөө хамт явж байсан залуу нь очоод салгасан. Би *** ахыг бариад замын урд тал руу явсан чинь тэр өндөр залуу араас ирээд хэрүүл хийгээд байхаар нь миний уур хүрээд маргалдаад тэр залуугийн зүүн шанаа руу нь баруун гараараа хоёр удаа цохисон. Тэгсэн чинь *** ах хүрч ирээд тэр залуутай дахиж маргалдан зодолдсон. Би тэр үед нөгөө залуутай нь маргалдаж зогсож байгаад *** ахтай зодолдож байсан өндөр залуугийн цамцнаас нь татаж хойш нь унагаасан.

Тэгсэн чинь *** ах тэр залуугийн дээр нь гараад гарыг нь дараад би битгий андуураад бай гэж орилж байсан. Би нөгөө залуутай нь чи найзаа аваад яв, би ахыгаа аваад явлаа гэж хэлээд харсан чинь *** ахын үснээс тэр хоёртой хамт явж байсан эмэгтэй нь зулгаагаад толгой руу нь цохиж байсан. Тэгээд би очоод салгасан. Тэгсэн чинь цагаан өнгийн машин ирж зогсоод дотроос нь хоёр гурван залуу бууж ирээд бид хоёр руу дайрахаар нь тэр хүмүүсийн найзууд нь байна гэж ойлгоод тэндээс зугтаасан. Цаана зогсож амьсгаагаа дарж байгаад *** ахтай уулзах гээд буцаад очсон чинь тэр хүмүүс нь явсан. *** ах өөдөөс алхаад ирж байсан.

... Би тэр өдөр архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ бусадтай маргалдаж зодолдсондоо гэмшиж байна. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 96-97 дахь тал/

 

***ийн яллагдагчаар өгсөн “... Grand plaza төвийн замын урд талын замыг гарах гэж байхдаа хажуугаар зөрсөн хоёр эрэгтэй, нэг эмэгтэй хүмүүстэй маргалдсан. Нэг эрэгтэй нь бид хоёрыг харанхуй шөнө хар шилтэй зүүсэн Ice top юм уу гэж гурвуулаа инээгээд зөрсөн. Тэгэхээр нь би эргэж хараад миний юу зүүж, ямар явах нь та нарт ямар хамаатай юм бэ гэж хэлсэн чинь нааш ир гэж дуудсан.

Очсон чинь нэг нэгээрээ зодолдох уу гэж хэлэхээр нь би тэгье гэж хэлээд өмсөж явсан хар өнгийн куртикээ тайлж ***д өгөөд тэр хүний нүүр лүү нь зүүн гараараа нэг удаа цохисон. Тэр хүн миний гарыг тэвэрч бариад баруун гараараа миний хамар луу нэг удаа цохисон. Би хамар эвгүй болохоор нь түр байж бай гэсэн чинь ахиад миний хамар луу хоёр удаа цохисон. Тэгээд хэсэг барьцалдаж зодолдож байхад *** нөгөө ахтай нь хамт ирээд бид хоёрыг салгасан. Салаад хоорондоо маргалдаж байхад *** надтай зодолдсон хүнтэй маргалдаж зодолдоод тэр хүнийг татаж унагаасан. Тэгэхээр нь би тэр хүний дээр нь гараад хөдөлгөхгүй гээд хоёр гарыг нь бариад дарсан.

Тэгсэн чинь хамт явж байсан эмэгтэй нь наад хүн дээрээсээ босооч гээд миний үснээс татаад дагз руу цохисон. *** ирээд тэр эмэгтэйг надаас холдуулсан. Тэгээд байж байхад цагаан өнгийн Prius маркийн машин ирж зогсоод гурван эрэгтэй, нэг эмэгтэй гарч ирэхээр нь *** бид хоёр найзууд нь ирлээ гэж бодоод хоёр тийшээ зугтаасан.

Надтай зодолдсон хүн миний хамар луу цохиж хамар хугалсан. Надтай зодолдсон хүнтэй *** бид хоёр зодолдсон. Нөгөө ах болон эмэгтэйтэй нь зодоон хийгээгүй. ...” гэсэн мэдүүлэг. /1 дэх хавтаст хэргийн 106-107 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч *** *** нар нь согтуурсан үедээ 2022 оны 7 дугаар сарын 01-ний өдөр Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг Гранд плаза төвийн орчим буюу нийтийн эзэмшлийн гудамжинд явж байхдаа Г.***, Т.***, М.*** нарыг “харанхуй шөнө хар шил зүүлээ” гэж хэллээ гэсэн шалтгаанаар маргаан үүсгэжээ.

Ийнхүү маргалдах явцдаа шүүгдэгч *** *** нар нь бүлэглэн Г.***, Т.***, М.*** нарыг түлхэх, цохих, татаж унагаах зэргээр тэдгээрийн биед халдсан ба Т.***ын эрүүл мэндэд хөнгөн санаатай учруулсан учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч *** *** нар нь нийтийн хэв журмын зөрчиж байгаагаа нийтэд илээр үзүүлэн, Г.***, Т.***, М.*** нарыг басан доромжлох байдлаар тэдгээрийн халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчих үйлдлээ удаан хугацаанд шаргуу үргэлжлүүлэх явцдаа хохирогч Т.***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан, шүүгдэгч нарын гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрсдийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

 

Иймд шүүгдэгч ***, *** нарын үйлдэл нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн” Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж хүний халдашгүй чөлөөтэй байх эрхийг зөрчиж олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Т.***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2022 оны 7 дугаар сарын 06-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9382 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Т.***, Г.***, М.*** нар нь гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт шүүгдэгч нараас нэхэмжлэх зүйл, гомдол саналгүй гэсэн хүсэлт гаргасан нь /2 дахь хавтаст хэргийн 36-38 дахь тал/ хэрэгт авагдсан байх тул шүүгдэгч ***, *** нарыг төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч ***, *** нарт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтэн 1 жил 2 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоох дүгнэлтийг гаргажээ.

Шүүгдэгч ***, *** тэдгээрийн өмгөөлөгч Д.Нарангоо нараас улсын яллагчийн дүгнэлттэй холбоотой тусгайлан санал гаргаагүй болно.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч нарын гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн зэргийг харгалзан тэдгээрт Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ял тус тус оногдуулж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар нэмж нэгтэн тус бүр 1 жил 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тогтоож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, шүүгдэгч ***, *** нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдаж, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргав.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Монгол овогт Мөнхжаргалын Энхтулгыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

 

Шүүгдэгч ***ийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь  хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэмт хэргийг бүлэглэж” үйлдсэн гэм буруутайд,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Нийтийн хэв журмыг бүлэглэн зөрчиж бусдад хүч хэрэглэж, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчиж, олон нийтийн амгалан тайван байдлыг алдагдуулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. ***ыг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

***ийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар,

Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.8 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***д Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар,

***эд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 20.16 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар оногдуулсан 1 жилийн хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 2.2 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар оногдуулсан 1 сарын хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялыг нэмж нэгтгэн 1 жил 1 сарын хугацаагаар тус тус тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ***, *** нарыг зорчих эрхийг хязгаарлах хугацаанд Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосугай.

 

5. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар ***, *** нар зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн компакт диск 1 ширхгийг хэргийн хадгалах хугацаа дуустал хэрэгт хавсаргасугай.

 

7. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, ***, *** нар баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, гэмт хэргийн улмаас учруулсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

    

9. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол ***, *** нарт авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ