Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 05 сарын 12 өдөр

Дугаар 101/ШШ2020/01674

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС                        

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Н.Сарангүн, Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт оршин суух, Б.Б-ийн нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, *** тоот хаягт оршин суух, Р.Б холбогдох,

Гэм хорын хохиролд 38.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Д.С

Хариуцагч Р.Б

Хариуцагчийн өмгөөлөгч С.Б

Иргэдийн төлөөлөгч Г.О

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Б.Бшүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Д.Л, өмгөөлөгч Д.С хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Б.Б нь талийгаач эхнэр З.Отай 1996 онд танилцаж, 1997.06.11-ний өдөр иргэний гэр бүлийн байдлын гэрлэсний бүртгэлд бүртгүүлж, 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр хүртэл нийт 23 жил хамт амьдарсан. Бид дундаасаа хүү, охин төрүүлсэн. Охин одоо 16 настай бөгөөд манайх Баянзүрх дүүргийн *** тоот хаягт 2007 оноос хойш өнөөг хүртэл амьдарч байна.

Манайх дээрх хаягтаа ам бүл 4-үүлээ амьдардаг байсан юм. Гэтэл 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрийн 07 цаг 10 минутын үед манай 153 тоот хашаа руу Hyundai Porter маркийн ************** улсын дугаартай тээврийн хэрэгсэл /машин/ унаж, миний эхнэр З.Оныг мөргөж, амь насыг нь хохироосон.

Дээрх зам тээврийн ослын улмаас Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1299 дугаартай шинжээчийн дүгнэлтээр:

1.Талийгаач З.Оны цогцост 2 талын бүх хавирганы далд хугарал гялтанд цус хуралт, цээжний хөндийд цус хуралт, голтод цус хуралт, сээрний 4 дүгээр нугалмын салсан хугарал, нугас тасрал, сээрний 12 дугаар нугламын бяцарсан хугарал, өвчүү ясны хөндлөн хугарал, зүүн чамархайн ясны цууралт, зүүн чамархайн хуйх, булчинд цус хуралд, эрүү зүүн чамархайн хуйх баруун шагай, шилбэнд язарсан шарх, зүүн мөр хэвлий, 2 өгзөг зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо. Уг гэмтлүүд нь хүний хүчин зүйлээс давсан. Хүчний үйлчлэлээр буюу зам тээврийн ослын үүссэн байх боломжтой шинэ гэмтлэл байна.

2.Дээрх гэмтлүүд нь мохой зүйлийн үйлчлэлээр буюу автомашинд мөргөгдөх, дайрагдах, автомашины эд ангид цохигдох, дарагдах үед үүсэх боломжтой, учрах үедээ амь биед аюултай шинэ гэмтлүүд байна. ... 4.Талийгаач нь дээрх авто ослын улмаас үүссэн цээжний битүү гэмтлийн улмаас шоконд орж газар дээрээ нас баржээ...6.Талийгаач нь нас барах үедээ согтолгүй байжээ гэсэн.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1531 дугаар Шийтгэх тогтоолоор Р.Быг (Монгол улсын замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан хэм хэмжээний акт болох Замын хөдөлгөөний дүрмийн 14.6 дахь хэсэгт Жолоочгүйгээр тээврийн хэоэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсаны дараа тээврийн хэрэгсэлээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө гэснийг зөрчин .... маркийн ******* ******* упсын дугаартай тээврийн хэрэгсэлээ асаалттай орхиж буусны улмаас тээврийн хэрэгсэл нь өнхөрч хөрш айл болох 153 тоот хашаа руу унаж явган зорчигч З.Оныг мөргөж, амь насыг нь хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож) автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасэн захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т заасан хорих ял оногдуулахгүйгээр 1 хилийн хугацаагаар тэнссэн.

Дээрх хэргийн улмаас учирсан хохиролд 9.500.000 төгрөгийг хүлээн авсан ба хууль есны төлөөлөгч миний зүгээс шүүх хуралдаанд ... Хохирогч одоо байсан бол 7 жил ажиллаад тэтгэвэрт гарах байсан. Цалингийн доод хэмжээг 400.000 төгрөг гэж үзээд 7 жилийн цалинг үржүүлээд 28.000.000 төгрөгийг нэхэмжилснийг Р.Б нь шүүхийн хэлэлцүүлэгт буюу шүүх хуралдаанд 28.000.000 төгрөгийг төлөхөө илэрхийлсэн.

Мөн 28.000.000 төгрөгийг шүүх хуралд орохоос өмнө хэлцлээр буюу амаар тохиролцохдоо 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс эхлэн сар бүр тогтмол 1.500.000 төгрөгийг өгч байна гэдгийг бид харилцан тохиролцсон, энэ тохиролцсон тухайг өөрөө шүүх хуралдаан дээр хэлсэн.

2019 оны 09 дүгээр сарын 18-ны өдөр шүүх хурал болох өдөр миний хүү Б.Н нь Дорнод аймгийн Ардын армийн 327 дугаар ангид үүрэгт албаа хааж яваад авто ослоор нас барсан. Тухайн үед миний сэтгэл санаа хүнд байсан учраас шүүх хурлаа хойшлуулж байсан удаатай.

Ер нь миний бие талийгаач эхнэртэйгээ 23 жил хамт амьдарч аяга цайгаа хувааж ууж байсан хань ижлээ алдсан нь надад маш хүнд туссан. Одоо би 52 настай, насаараа хамт амьдарсан аяга хоол хийж өгдөг, үр хүүхдээ өсгөн хүмүүжүүлдэг гэрийн нэг багана ослын улмаас нас барж хүний амь хохирсон нөхөж баршгүй хохирлыг надад учруулсан. Ханиа алдсаны улмаас миний даралт байнга ихэсдэг, шөнө нойр хоол муутай, элдвийг бодож байна, охин ээжгүй, би ханьгүй болсон хэцүү байна.

Хариуцагч Р.Бын хууль бус үйлдлийн улмаас хань минь өөд болоогүй байсан бол өнөөдөр хань, үр хүүхэд, ахан дүүстэйгээ хамтдаа, ажлаа хийгээд үр хүүхдээ өсгөөд хажууд харагдаад байж байх байсан юм. Охин маань насанд хүрээгүй, бага балчир учраас байнга ээжийгээ ярьж, санадаг нь миний сэтгэлийг гунигтай болгодог.

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөнд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл /эс үйлдэхүй /-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй гэж заасан.

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн Анхан шатны шүүхийн 2019 оны 10 сарын 02-ны едрийн 2019/ШЦТ/1531 дугаар шийтгэх тогтоолын Тогтоох хэсгийн 6-д : Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зардлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг дурдаж шийдвэрлэсэн.

Б.Батсуурийн талийгаач эхнэр нь сургуульд үйлчлэгч хийдэг байсан бөгөөд амьд байсан бол 7 жил ажиллаад тэтгэвэрт гарах байсан, тиймээс зуны 2 сарыг хасаж жилд 10 сараар тооцож сард 400.000 төгрөгийг нийт 7 жилийн хугацаагаар тооцож 28.000.000 төгрөг нэхэмжилсэн.

Иймд гэм хорын хохиролд тэтгэвэрт гарах хугацаагаар нь тооцож 28.000.000 төгрөг, /цалин/ сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, нийт 38.000.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

Хариуцагч Р.Б шүүхэд гаргасан хариу тайлбартаа болон өмгөөлөгч С.Базардоржийн хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Миний бие Р.Б нь 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр өөрийн хашааны гадаа өөрийн эзэмшлийн Хьюндэй Портер маркийн ******* ******* улсын дугаартай автомашиныг асаалттай орхиж буусны улмаас машин өнхөрч хөрш айлын хашаа руу орж талийгаач З.Огийн амь насыг санамсаргүй хохироосон харамсалтай хэрэг гарсан.

Тус хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгагдаж Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1531 дугаар шийтгэх тогтоолоор миний бие гэм буруутайд тооцогдож, 2 жилийн хугацаатай тэнсэн харгалзах ял, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаатай хасах ялыг шүүхээс оногдуулж, өнөөдрийг хүртэл оногдуулсан ял шийтгэлийг эдэлж байна.

Тухайн үед миний хайхрамжгүй, болгоомжгүй байдлаас болж эрдэнэт нэг хүний амь нас, эрсдэж, талийгаачийн гэр бүл болон манай гэр бүлд хүнд үйл явдал тохиолдсонд миний бие өнөөдрийг хүртэл харамсаж явдаг.

Нэхэмжлэгч Б.Батсуурийн нэхэмжлэлийн шаардлага талийгаачийн ирээдүйн 7 жилийн цалинтай тэнцэх хэмжээний олох байсан орлого 28.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, нийт 38.000.000 төгрөгийг миний бие бүхэлд нь хүлээн зөвшөөрөх боломжгүй.

Учир нь хүний амийг мөнгөн дүнгээр хэмжих мөн ирээдүйд учирч болох үйл явдлыг тодорхойлох боломжгүй ч гэсэн би өөрийн гэм буруугаа хүлээн зөвшөөрч, гэм хэргийн хор уршиг бодит зардалд талийгаачийн ажил явдалд 5.000.000 төгрөг, талийгаачийн Хаан банкны зээл 4.500.000 төгрөгийг нийт нотлох баримтаар гарсан 9.500.000 төгрөгийг бүрэн төлж хохирлыг бүрэн төлж барагдуулсан.

Тухайн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээр талийгаачийн нөхөр Б.Б 28.000.000 төгрөгийн хохирлыг надаас нэхэмжилж байсан боловч нотлох баримтаар тогтоогдохгүй байна гэх үндэслэлээр иргэний журмаар нэхэмжлэх эрхийг шүүх нээлттэй орхисон.

Миний бие ам бүл эхнэр, 5 хүүхдийн хамт амьдардаг, одоогоор би өөрийн гэсэн эрхэлсэн тодорхой ажилгүй, эхнэр хүний лангуун дээр худалдагч ажилтай нэг өрхийг тэжээн тэтгэж амьдарч байна. Сургуулийн насны 4 хүүхэдтэй, дунд хүү маань хөгжлийн бэрхшээлтэй байнгын эмнэлэгийн хяналтад байдаг. 2019 оноос биеийн байдал нь улам муудаж байнгын эмнэлэгт хэвтэж эмчлүүлдэг зэргээс хүнд нөхцөл амьдарч байна.

Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжпэлд дурдсан 28.000.000 төгрөгийг амаар тохиролцож 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрөөс 1.500.000 төгрөгөөр тохиролцсон гэдэг үндэслэлгүй бөгөөд шүүх хурлаас өмнө бидний хооронд ийм агуулга бүхий яриа, тохиролцоо болоогүй.

Би эрүүгийн шүүх хуралд өөрийн гэм бурууг хүлээн зөвшөөрч бодит хохирол 9.500.000 төгрөгийг төлсөн ба гэмт хэргээс учирсан нотлох баримттай бодит хохирлыг төлнө гэдгээ шүүхэд илэрхийлсэн. Үүнээс хойш өөрийн боломжоор сэтгэл гаргаад 100.000 төгрөг, 150.000 төгрөг өгсөн.

Өмнө нь машинтай байхдаа олдсон ажлаа хийдэг байсан, хохирол төлөхийн тулд машинаа зарсан учраас ажилгүй байна. Талийгаачийг тэтгэвэрт гарах хүртэл хугацаагаар тооцож 28.000.000 төгрөгийг ямар нотлох баримттай нэхэмжилж байгаа нь тодорхойгүй байх бөгөөд үүнийг бодит хохирол гэж үзэх боломжгүй байна.

Иймд Б.Батсуурийн нэхэмжпэлийн шаардлага 38.000.000 төгрөгөөс сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөгийг зөвшөөрч байна, үлдэх шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Б.Б нь хариуцагч Р.Бт холбогдуулан гэм хорын хохиролд 28.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, нийт 38.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргажээ.

Нэхэмжлэгчийн нэхэмжлэлээс зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.

2019 оны 06 дугаар сарын 07-ны өдөр Баянзүрх дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэр Зүүн Алтайн Өлгийн 7-152 тоот хашаанд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан Жолоочгүйгээр тээврийн хэрэгсэл үл хөдлөх, өөрөөс нь бусад хүн хөдөлгөх боломжгүй болгох арга хэмжээ авсны дараа тээврийн хэрэгслээс буух, түүнийг орхиж явахыг зөвшөөрнө гэсэн заалтыг зөрчин Хьюндэй Портер маркийн ******* ******* улсын дугаартай тээврийн хэрэгслээ асаалттай орхиж буусны улмаас тээврийн хэрэгсэл нь өнхөрч хөрш айл болох, 153 тоот хашаа руу унаж, явган зорчигч З.Оныг өргөж, амь насыг нь хохироосон болох нь Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн 2019/ШЦТ/1531 тоот шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

Дээрх 2019/ШЦТ/1531 тоот шийтгэх тогтоолоор Р.Быг авто тээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь насыг хохироосон гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3-т зааснаар хорих ял оногдуулахгүйгээр 2 жилийн хугацаагаар тэнсэж, тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 3 жилийн хугацаагаар хориглож, мөн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.1, 3 дах хэсгийн 3.4-т тус тус зааснаар гэмт хэргийн хор уршгийг арилгах талаар арга хэмжээ авах үүргийг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авах ял оногдуулсан байна.

Хариуцагч Р.Б нь гэм буруугийн талаар маргаагүй болно. /хх-ийн 3-5 тал/

Энэ ослын улмаас үүссэн цээжний битүү гэмтлийн улмаас талийгаач З.Он шоконд орж газар дээрээ нас барсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2019 оны 06 дугаар сарын 19-ний өдрийн 1299 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

Уг 2019/ШЦТ/1531 тоот шийтгэх тогтоолын 6 дах заалтанд хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Б.Б энэ гэмт хэргийн улмаас цаашид гарах зарлаа Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасан байна.

Хариуцагч Р.Бт холбогдох эрүүгийн хэргийг шийдвэрлэх үед тэрээр гэмт хэргийн улмаас учирсан хохиролд 9.500.000 төгрөгийг нэхэмжлэгч Б.Бт төлсөн байх ба зохигч энэ талаар маргасангүй.

Дээр дурдсан байдлаас үзэхэд дээрх зам тээврийн осол нь Р.Бын Замын Хөдөлгөөний дүрмийн 14.6-д заасан заалтыг зөрчсөнтэй холбоотой болох нь тогтоогдож байх тул тэрээр Б.Бт учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

Нэхэмжлэгч Б.Б нь гэм хорын хохиролд талийгаач З.Оныг 7 жил ажиллан тэтгэвэрт гарах байсан хугацаагаар тооцож 28.000.000 төгрөг, сэтгэл санааны хохиролд 10.000.000 төгрөг, нийт 38.000.000 төгрөг нэхэмжилснээс хариуцагч Р.Б нь сэтгэл санааны хохиролд 500.000 төгрөг төлөхийг зөвшөөрч, үлдэх хэсгийг баримтгүй учир зөвшөөрөхгүй гэж маргасан.

Нэхэмжлэгч нь талийгаач З.Оны Хэнтий аймаг, Мөрөн сумын Оч нэгдлийн Хөдөө аж ахуйн нэгдлийн гишүүний хөдөлмөрийн дэвтэр, №0488040 тоот нийгмийн даатгалын дэвтэр зэргийг шүүхэд ирүүлсэн байгаагаас үзэхэд тэрээр 2011 оны 09 дүгээр сарын 21-ний өдрөөс 2019 оны 06 дугаар сарын 12-ны өдөр хүртэлх хугацаанд Баянзүрх дүүргийн 14 дүгээр сургуульд үйлчлэгчээр ажиллаж байсан ба энэ хугацаанд нийгмийн даатгалын шимтгэл төлжээ. /хх-ийн 58-61 тал/

Дээрх баримтаас үүдэн нэхэмжлэгч Б.Б нь талийгаач З.Оныг 7 жил ажиллан тэтгэвэрт гарах байсан хугацаагаар тооцон 28.000.000 төгрөгийг гэм хорын хохиролд нэхэмжилснийг хангаж шийдвэрлэх үндэслэлгүй байна.

Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч нь өөрийн нэхэмжлэлийн үндэслэлийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д зааснаар баримтаар нотлох үүргээ хэрэгжүүлээгүй гэж үзэх үндэслэл болно.

Иргэний хуулийн 230 дугаар зүйлд эдийн бус гэм хорыг арилгуулахаар хохирогч шаардах эрхтэй байх ба ингэхдээ гагцхүү хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхийг заажээ.

Хэдийгээр хуульд тусгайлан заасан тохиолдолд эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлөхийг заасан боловч хариуцагчийн гэм буруутай үйлдлийн улмаас хохирогч нас барсан, үүнээс болж нэхэмжлэгчид хүнд хор уршиг учирсан болох нь тогтоогдож байх тул түүнд учирсан эдийн бус гэм хорыг мөнгөөр нөхөн төлүүлэх нь зүйтэй гэж үзэв.

Сэтгэл санааны хохирлыг зам тээврийн осол гарч, талийгаач З.Он нас барсан 2019 оны 06 дугаар сарын 07-ны өдрөөс шүүхэд нэхэмжлэл гаргасан 2020 оны 01 дүгээр сарын 21-ний өдөр хүртэлх хугацаагаар тооцож, тухайн үед мөрдөгдөж байсан хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр тооцож гаргах нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

/2019.06.07-ны өдрөөс 2019.12.31-ний өдөр хүртэл 7 сар х 320.00 төгрөг=2.240.000 төгрөг, 2020 оны 01 дүгээр сар х 420.000 төгрөг, нийт 2.660.000төгрөг /

Иймд хариуцагч Р.Баас сэтгэл санааны хохиролд тооцож 2.660.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35.340.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэлээ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т тус тус заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь:

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 508 дугаар зүйлийн 508.1-д тус тус зааснаар хариуцагч Р.Баас 2.660.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Б.Бт олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 35.340.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2, 41 дүгээр зүйлийн 41.1.7, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар нэхэмжлэгч Б.Батсуурийн нэхэмжлэл улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурдаж, хариуцагч Р.Баас улсын тэмдэгтийн хураамжид 57.510 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

ШҮҮГЧИД Н.САРАНГҮН