Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 13 өдөр

Дугаар 2023/ШЦТ/957

 

 

         МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Б.Мичидмаа,

улсын яллагч Ц.Ганцэцэг,

шүүгдэгч М.*** түүний өмгөөлөгч Т.Мөнхцэцэг,

хохирогч *** түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны Б танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Тээврийн прокурорын газраас  ***-т холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2303006180504 дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Орхон аймагт төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, өрмийн мастер мэргэжилтэй, ам бүл 2, эхнэрийн хамт *** аймаг *** сум *** баг *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, Сүхбаатар дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух,

урьд Хэнтий аймгийн 1 дүгээр хэсгийн ардын шүүхийн 1985 оны 10 дугаар сарын 19-ний өдрийн 1/7 дугаартай таслан шийдвэрлэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 169 дүгээр зүйлийн в-д зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ялаар, 76 дугаар зүйлийн а-д зааснаар 1 жилийн хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэж, Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 36 дугаар зүйлд заасныг журамлан хөнгөн ялыг хүндэд нь багтаан 3 жилийн хугацаагаар хорих ялаар шийтгүүлж, Төв аймгийн шүүхийн 1987 оны 9 дүгээр сарын 15-ны өдрийн 186 дугаартай магадлалаар Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 41 дүгээр зүйлийн б-д зааснаар тэнсэн сулласан,  ***.

 

Шүүгдэгч М.*** нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 22 цагийн орчимд Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтантөгрөг төвийн хойд замд Toyota Prius маркийн *** УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт болох Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1-т заасан “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөний улмаас явган хүний зохицуулдаггүй гарцаар гарч явсан явган зорчигч болох ***ийг мөргөж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч М.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй, мөрдөн шалгах ажиллагааны явцад  үнэн зөв мэдүүлэг өгсөн” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч *** мэдүүлэхдээ: “Тэр орой гарцаар гараад урд талын зам дээр явж байсан. Машин байгаагүй. Зам дээр явж байтал нүдний үзүүрт гэрэл тусаж  байгаа нь харагдсан. Гараараа дохиж байхад машин зогсоогүй. Түг гээд мөргөхөд миний баруун нүдэнд гэрэл манараад юу ч харагдаагүй. Дахин хүчтэй мөргөөд хүмүүс шаагилдаад явсан. Толгой маш их өвдсөн. Түргэн дуудаад эмч үзэхэд нуруу гайгүй байна гэж байсан. Нүд аниастай чигээрээ яваад эмнэлэгт хэвтсэн. Энэ хүн намайг шөнийн 3 цаг хүртэл сахисан. Зүүн шилбэ хугарсан, өвдөг цөмөрсөн металл тавих шаардлагатай гэсэн. Хүндэвтэр хагалгаа болсон 4 удаа эмнэлэгт хэвтсэн. Тухайн үед над дээр ирээд уурлаад хүргэж өгч байсан. Маш их эмчилгээ хийлгэсэн бөгөөд цагдаад баримт өгөх хэрэгтэй гэж хэлэхээр нь өгөх гэтэл дансны баримтаа тодруулаад гарын үсэг зурахгүй гэж хэлсэн. Нүдэнд лазерын эмчилгээ хийлгэсэн. Болорын суулгац суулгасан. 191,200 төгрөгийн баримтаар эм болон бусад үйлчилгээ авсан. Такси төлбөр бензиний  хуулгаар 203,000 төгрөг болж байна” гэв.

 

Хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл. /хэргийн 5-6 дахь тал/

Зам тээврийн осол дээр тогтоосон акт, осол хэрэг гарсан газар дээр хийсэн хэмжилтийн бүдүүвч, гэрэл зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 7-11 дэх тал/

Хохирогч ***ийн “... Би тухайн өдрийн орой 22 цагийн орчимд Баянгол дүүрэг хорооллын Bozollo төвийн урд явган хүний гарцаар замын хойноос урагш чиглэлтэй зам хөндлөн гарахаар алхаж явсан. Ингээд автомашины зүүнээс баруун тийш явах чиглэлийг алхаж өнгөрөөд цааш алхаж автомашины баруунаас зүүн тийш явах зорчих хэсэг рүү алхаж орохын өмнө автомашин ирж байгаа эсэхийг харахад нэлээн хол автомашины гэрэл асаж байгаа нь харагдахаар нь зорчих хэсэг рүү алхаад ороход автомашины гэрэл ойрхон ирэхээр нь хажуу тийшээ хараад зогсоочээ гэж орилоод гараараа дохиход ямар нэгэн зогсох үйлдэл хийгээгүй. Би урагш алхахад миний урдуур нэг машин гарахаар нь хойшоо нэг алхахад миний баруун талаас ирсэн машин зогсохгүй намайг мөргөсөн. Би газар унасан.

Ослын дараа хүмүүс бөөгнөрч ирсэн. Тэгээд удалгүй түргэний машин ирээд намайг Гэмтлийн эмнэлэг рүү аваад явсан.

... Би жолоочид гомдолтой байна. Ослын улмаас ажилгүй болсон. Би сард 550,000 төгрөгийн цалинтай ажилладаг байсан. Мөн эрүүл мэнд сэтгэл санаагаар их хохирч байна. Өөрийн эрүүл мэндтэй холбоотой гарч байгаа зардал, цаашид гарах зардлыг нэхэмжилнэ. Хөл дээр болон биеийн байдал хэвийн болох хүртэл гомдолтой байна. ....” гэсэн мэдүүлэг. /хэргийн 15 дахь тал/

 

Иргэний нэхэмжлэгчийн төлөөлөгч Д.***-гийн “... Дээрх гэмт хэргийн улмаас хохирогч *** нь эрүүл мэндийн төвөөс эмчилгээ үйлчилгээ авсан байх бөгөөд Эрүүл мэндийн даатгалын сангаас нийт 470,000 төгрөгийн зардал гарсан болох нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын лавлагааны баримт бичгээр тогтоогдож байна. Дээрх даатгалын тусламж үйлчилгээний зардлыг яллагдагчаас гаргуулж Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын Төрийн сан банк дахь 100900020080 дугаартай дансанд төлүүлж өгнө үү” гэсэн мэдүүлэг. /хэргийн 25 дахь тал/

 

Гэрч Б.***-ийн “... Тэгээд Алтантөгрөг худалдааны төвийн хойд хэсэгт явж байхад явган хүний гарцаар хүн гарч байгаа нь надад хальт харагдсан. Би тэр хүнийг хараад нөхөр Бүрнээд хүн явж байна, харж байгаа биздээ гэж хэлсэн. Тэгэхэд нөхөр мэдэж байнаа гэж хэлсэн. Тэгээд гарцаар гарч явсан хүн урагш алхсан. Тэгэхэд нөхөр машинаа тоормос гишгээд гэнэт зогссон. Тэгэхээр нь би нөхрөөс хөөе яачихваа гэхэд нөхрийн царай нь сонин болчихсон, би хүн мөргөчих шиг боллоо гэж хэлсэн. Тэгээд нөхөр машинаа зогсоогоод бид хоёр буугаад харахад машины баруун талд хүн унасан байсан. Би автомашины урд зорчигчийн суудал дээр сууж явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 28 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11553 дугаартай:

“...1. ***ийн биед баруун шилбэний шаант ясны далд хугарал, баруун зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр, тухайлбал авто ослын улмаас үүсгэгдсэн байх боломжтой.

3. Дээрх гэмтлүүд нь тухайн осол болсон гэх цаг хугацаанд учирсан шинэ гэмтлүүд байна.

4. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтыг тогтонги алдагдуулах эсэх нь гэмтлийн эдгэрэлт, эмчилгээний үр дүнгээс хамаарна.

5. Дээрх гэмтлүүд нь гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-т зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна” гэсэн дүгнэлт. /хэргийн 51-52 дахь тал/

 

Автотээврийн үндэсний төвийн ТӨҮГ-ын Баянзүрх техникийн хяналтын үзлэгийн төвийн шинжээчийн 2023 оны 9 дүгээр сарын 18-ны 39774557 дугаартай дүгнэлт. /хэргийн 58-62 дахь тал/

 

Мөрдөгчийн 2023 оны 10 дугаар сарын 20-ны өдрийн 1135 дугаартай:

“...1. Жолооч М.*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 16.1 “Явган хүний зохицуулдаггүй гарц руу ойртон ирсэн жолооч хурдаа хасаж, уг гарцаар гарч байгаа болон гарахаар завдаж байгаа явган зорчигчид зогсож зам тавьж өгнө” гэсэн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдож байна.

2. Явган зорчигч *** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн гэж үзэх нөхцөл байдал тогтоогдохгүй байна.

3. Жолооч М.*** нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчсөн нь осол хэрэг, үйлдэгдэх шалтгаан нөхцөл болсон байна. ...” гэсэн магадлагаа. /хэргийн 65-66 дахь тал/

 

М.***ын яллагдагчаар өгсөн “... Би 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр өөрийн эзэмшлийн Toyota Prius маркийн *** УАЕ улсын дугаартай автомашиныг жолоодоод эхнэр ***-ийн хамт орой 22 цагийн орчимд хорооллын Алтантөгрөг төвийн хойд замаар ертөнцийн зүгээр баруунаас зүүн тийш чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр 30 км цагийн хурдтай явж байсан. Тэгээд явган хүний гарц руу ойртоод ирэхэд гарцаар хойноос урагш чиглэлтэй хүн гарч явсан. Би тэр хүнийг хараад урагш алхахаар нь араар нь гарах гээд хөдөлгөөнөө үргэлжлүүлээд явж байхад гарц хэсэг дээр буцаад нөгөө явган зорчигч эмэгтэй замын хойш гүйж, би тоормос гишгэхэд машины баруун урд хэсгээр явган зорчигчийг мөргөөд зогссон. Ослын дараа би машинаас буугаад харахад явган зорчигч эмэгтэй машины баруун талд унасан байсан.

... Би одоогоор хохирогчид нийт 1,350,000 төгрөг төлж зарцуулсан байгаа. Үүнээс гадна автомашинаар эмнэлэгт хүргэж өгөх, хоол унд зөөж байсан төлбөрүүд ороогүй байгаа. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 77 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч М.*** нь 2023 оны 9 дүгээр сарын 07-ны өдөр 22 цагийн орчим өөрийн эзэмшлийн Toyota Prius маркийн *** УАЕ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон Баянгол дүүргийн 8 дугаар хорооны нутаг дэвсгэр Алтантөгрөг төвийн хойд замд Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн заалтыг зөрчиж, явган хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч ***ийн мөргөж, биед нь баруун шилбэний шаант ясны далд хугарал, баруун зулайд зөөлөн эдийн няцрал гэмтэл бүхий эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол учруулсан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, нотлох баримтаас хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч М.*** нь Toyota Prius маркийн *** УАЕ улсын дугаартай улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон замын хөдөлгөөнд оролцохдоо нийтийн хэрэгцээний замд тээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлыг хангаагүй буюу зам хүний гарцаар зам хөндлөн гарч явсан явган зорчигч ***ийг мөргөсний улмаас түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь осол аваар гарах, түүнээс учрах хохирол, гэмт хэргийн нийгмийн хор аюулыг ихэсгэсэн хүчин зүйл болжээ.

Иймд шүүгдэгчийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсангэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон бөгөөд гэм буруугийн болгоомжгүй хэлбэрээр үйлджээ.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч ***ийн эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 9 дүгээр сарын 19-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №11553 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилжээ.

Хохирогч ***т гэмт хэргийн улмаас учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон гарсан зардлыг шүүгдэгч М.*** нөхөн төлсөн байх ба мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогчийн сэтгэцэд учирсан гэм хорын хохирлыг “Гуравдугаар зэрэглэл”-ээр тогтоожээ.

Иймд хохирогч ***ийн сэтгэцэд учирсан хор уршгийг тухайн үеийн хөдөлмөрийн хөлсний доод хэмжээ болох 550,000 төгрөгийг 15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний буюу 8,250,000 төгрөгөөр тогтоож, шүүгдэгчээс гаргуулахаар шийдвэрлэлээ.

Ийнхүү шийдвэрлэхдээ шүүх хуралдаанд шүүгдэгч М.***ын гарган өгсөн хор уршиг төлсөн гэх гар бичмэл нь нотлох баримтын шаардлага хангаагүй, мөн хохирогч ***ийн гарган өгсөн такси үйлчилгээний төлбөр төлсөн гэх дансны хуулга нь тухайн гэмт хэргийн улмаас учирсан хохиролд хамааралтай эсэх нь тодорхойгүй, нүдний эмнэлгийн үйлчилгээ нийт 135,000 төгрөгийн баримтууд нь гэмт хэргийн улмаас учирсан хүндэвтэр гэмтэлд хэрхэн хамаарч байгаа нь шинжээчийн дүгнэлтээр тогтоогдоогүй тул хор уршигт тооцоогүй болно.

Гэхдээ хохирогч *** нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдвал зохино.

Түүнчлэн шүүгдэгч М.*** нь Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газрын  Төрийн сан дахь 100900020080 дугаар дансанд 470,000 төгрөгийг төлсөн мөнгөн шилжүүлгийн баримтыг гарган өгсөн тул иргэний нэхэмжлэгч Эрүүл мэндийн даатгалын ерөнхий газарт учирсан хохирлыг төлж барагдуулсан байна гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600,000 төгрөгөөр ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

Харин шүүгдэгчийн өмгөөлөгч Т.Мөнхцэцэг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар  шүүгдэгч М.***т зорчих эрхийг хязгаарлах ялыг сонгон оногдуулж өгнө үү” гэсэн саналыг гаргав.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгч үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч М.***т эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд хор уршигт сайн дураар нөхөн төлбөр төлсөн,  Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.1 дэх заалтад заасан “тохиолдлын шинжтэй нөхцөл байдлын улмаас анх удаа гэмт хэрэг үйлдсэн” зэрэг нөхцөл байдлыг хөнгөрүүлэх нөхцөл байдалд харгалзан үзэн Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглож шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

2.3. Бусад асуудал                 

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй, шүүгдэгч М.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ***ыг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.***ыг 3 сарын хугацаагаар зорчих эрх хязгаарлах ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар М.***ыг Улаанбаатар хотын нутаг дэвсгэрээс гарахыг хориглосгуай.

 

4. Эрүүгийн хуулийн 5.5 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар М.*** зорчих эрх хязгаарлах ялыг биелүүлээгүй бол шүүх ялтын зорчих эрх хязгаарлах ялын эдлээгүй үлдсэн хугацааны нэг хоногийг хорих ялын нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, М.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 499 дүгээр зүйлийн 499.1, 511 дүгээр зүйлийн 511.3 дахь хэсэгт зааснаар М.***аас сэтгэцэд учирсан хор уршигт 8,250,000 төгрөг гаргуулж хохирогч ***т олгож, хохирогч *** нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол авсан М.***т авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                    А.АЛТАНХУЯГ