| Шүүх | Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Гэндэндоржийн Болормаа |
| Хэргийн индекс | 176/2019/0344/Э |
| Дугаар | 2020/ДШМ/03 |
| Огноо | 2020-01-21 |
| Зүйл хэсэг | 11.6.2., |
| Улсын яллагч | Б.Сувд-Эрдэнэ |
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2020 оны 01 сарын 21 өдөр
Дугаар 2020/ДШМ/03
А.М-д холбогдох эрүүгийн
хэргийн тухай
Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн шүүгч Р.Мөнх-Эрдэнэ даргалж, шүүгч Ц.Өрнөндэлгэр, Ерөнхий шүүгч Г.Болормаа нарын бүрэлдэхүүнтэйгээр тус шүүхийн танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанд:
Прокурор Б.Сувд-Эрдэнэ,
Шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр,
Нарийн бичгийн дарга Б.Гандирмаа нарыг оролцуулан,
Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэсэн, 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/344 дугаар шийтгэх тогтоолтой А.М-д холбогдох 1934010110449 дугаартай 1 хавтас, 115 хуудас бүхий эрүүгийн хэргийг прокурорын эсэргүүцлийг үндэслэн давж заалдах шатны шүүх 2020 оны 01 сарын 03-ны өдөр хүлээн авч, Ерөнхий шүүгч Г.Болормаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.
Шүүгдэгчийн биеийн байцаалт:
Монгол Улсын иргэн, 1992 оны 9 дүгээр сарын 13-ны өдөр Төв аймгийн Баянчандмань суманд төрсөн, 27 настай, эрэгтэй, яс үндэс халх, бүрэн дунд боловсролтой, барилгын өргөн мэргэжилтэй, Дашваанжил ХХК-д түгээгч ажилтай, ам бүл 4, хамтран амьдрагч, 2 хүүхдийн хамт Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр баг Нарст 9-2 тоотод оршин суух, ял шийтгэлгүй, хэрэг хариуцах чадвартай, Эрээн нуур овогт Алтандуулгын М-, РД: ______________.
Шүүгдэгч А.М- нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 багийн нутаг Нарст 9-2 тоотод 2019 оны 10 сарын 28-ны өдөр хамтран амьдрагч гэр бүлийн харилцаа хамаатай хүн болох Э.Болортуяаг зодож, түүний эрүүл мэндэд дээд уруулын салст шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн гуя, баруун шилбэнд зулгаралт, зүүн чихний ар, дээд уруул, баруун гуя, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Төв аймгийн Прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2-т зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Төв аймаг дахь сум дундын эрү-гийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/344 дугаартай шийтгэх тогтоолоор:
Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокуророос А.М-д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 болгон өөрчилж,
Шүүгдэгч А.М-г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 450 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэж,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч А.М-д оногдуулсан 450000 төгрөгөөр торгох ялыг гурван сарын хугацаанд шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болсон өдрөөс эхлэн сар бүр 150 000 /нэг зуун тавин мянга/ төгрөгөөр хэсэгчлэн төлөхөөр тогтоож,
Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5-т зааснаар шүүгдэгч А.М- нь торгох ялыг шүүхээс тогтоосон хугацаанд биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг анхааруулж,
Хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжлэгдсэн эд хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны улмаас тооцон гарах зардалгүй, шүүгдэгчийн баримт бичиг шүүхэд ирээгүй болохыг тус тус дурдаж,
Шийтгэх тогтоол уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд улсын яллагч, дээд шатны прокурор, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч тогтоолыг эс зөвшөөрвөл өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Төв аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг мэдэгдэж,
Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргасан, эсэргүүцэл бичигдсэн тохиолдолд тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, шийтгэх тогтоол хуулийн хүчин төгөлдөр болтол шүүгдэгч А.М-д урьд авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлж шийдвэрлэжээ.
Прокурор Б.Сувд-Эрдэнэ давж заалдах шатны шүүхэд бичсэн эсэргүүцэлдээ: “Ялтан А.М- нь Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 дүгээр багийн нутаг Нарст 9-2 тоотод 2019 оны 10 дугаар сарын 28-ны өдөр хамтран амьдрагч гэр бүлийн харилцаа хамааралтай хүн болох эхнэр Э.Болортуяаг зодож түүний эрүүл мэндэд "дээд уруулын салст шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн гуя, баруун шилбэнд зулгаралт, зүүн чихний ар, дээд уруул, баруун гуя, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт" бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогджээ.
Аймгийн Прокурорын газраас А.М-г Эрүүгийн хуулийн тусай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт буруутгаж, яллах дүгнэлт үйлдэн хэргийг анхан шатны шүүхэд шилжүүлжээ.
Шүүх А.М-д холбогдох хэргийг хянан хэлэлцээд мөрдөн байцаалтын шатанд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтуудаар тогтоогдсон, нотолбол зохих асуудлыг шалгаж тогтоосон, шүүгдэгч болон түүний өмгөөлөгчийн зүгээс улсын яллагчийн гэм буруугийн дүгнэлттэй мэтгэлцээгүй байхад шүүхээс Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дах хэсэгт заасан гэмт хэргийг буруу дүгнэж, "тухайн гэмтлийг байнгын шинжтэй үйлдлээр учруулсан нөхцөл байдлыг хамруулан ойлгоно” гэж хуулийг буруу тайлбарлан хэргийг зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилжээ.
Учир нь: Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт 5.1.1. эхнэр, нөхөр, гэр бүлийн бусад гишүүн, хамтран амьдрагч, асран хамгаалагч, харгалзан дэмжигч, тэдгээрийн асрамж, хамгаалалтад байгаа этгээд, тухайн гэр бүлд хамт амьдарч байгаа этгээд нь энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг Гэр бүлийн хүчирхийлэл" гэж томъёолсон байна.
Харин Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлд “Гэр бүлийн хүчирхийлэл үйлдэх" гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг байнга зодсон, харгис хэрцгий харьцсан, догшин авирласан, тарчлаасан, хуваарьт болон дундын эд хөрөнгөө эзэмших, ашиглах, захиран зарцуулах эрхэд халдсан бол гэмт хэрэг болохоор хуульчилсан байна.
Хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хохирогч Э.Болортуяа, А.М- нар нь 7 жил нэг гэрт хамтран амьдарч байсан бөгөөд тухайн цаг хугацаанд Э.Болортуяаг шүүгдэгч А.М-гийн бусадтай харилцсан захиа болон зургуудыг үзсэний улмаас хэрүүл маргаан үүсэж, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж, түүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан болох нь хэрэгт цугларсан нотлох баримтуудаар хангалттай нотлогдсон ба мөн хохирогчийн аюулын зэргийн үнэлгээгээр эрсдэл өндөр гарч хүчирхийлэлд өртөж, өмнө нь бие махбод сэтгэл санааны шанал зовиур үүсгэж байсан гэдэг нь тогтоогдсон байхад хэргийн зүйчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн зүйлчилжээ.
Иймд анхан шатны шүүхийн 2019 оны 11 дүгээр сарын 21-ны өдрийн 344 дугаартай шийтгэх тогтоолд өөрчлөлт оруулахаар Монгол Улсын Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 38.2. дугаар зүйлийн 1 дэх хэсгүүдэд зааснаар улсын яллагчийн эсэргүүцэл бичив.” гэжээ.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон прокурор Б.Сувд-Эрдэнэ гаргасан дүгнэлтдээ: Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дэх хэсгийг шүүх хуулийг буруу тайлбарласан, зүйлчлэл буруу байна. Прокурорын эсэргүүцлээ дэмжиж байна гэв.
Давж заалдах шатны шүүх хуралдаанд оролцсон шүүгдэгчийн өмгөөлөгч Н.Баяр гаргасан саналдаа: Шүүгдэгчид оногдуулсан ял адилхан байхаар шийднэ үү гэв.
ТОДОРХОЙЛОХ нь:
Давж заалдах шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.1 дүгээр зүйлийн 1, 3 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхдээ давж заалдах гомдолд заасан асуудлаар хязгаарлахгүйгээр хэргийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүхэлд нь хянав.
Төв аймгийн Прокурорын газраас А.М-г Төв аймгийн Баянчандмань сумын Чандмань 1 баг. Нарст 9-2 тоотод 2019 оны 10 сарын 28-ны өдөр хамтран амьдрагч гэр бүлийн харилцаа хамаатай хүн болох Э.Болортуяаг зодож, түүний эрүүл мэндэд дээд уруулын салст шарх, зүүн нүдний дээд, доод зовхинд цус хуралт, баруун, зүүн гуя, баруун шилбэнд зулгаралт, зүүн чихний ар, дээд уруул, баруун гуя, баруун, зүүн өвдөг, баруун, зүүн шилбэнд цус хуралт бүхий хөнгөн хохирол учруулсан гэмт хэрэгт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь зааснаар яллах дүгнэлт үйлдэж хэргийг шүүхэд шилжүүлжээ.
Анхан шатны шүүх А.М-д холбогдох хэргийг шийдвэрлэхдээ хэргийн зүйлчлэлийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэг болгон өөрчилж шийдвэрлэсэн нь буруу байх ба анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагад нийцээгүй, шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу тайлбарлан хэрэглэсэн байна.
Өөрөөр хэлбэл А.М- 2019 оны 10 сарын 28-ны өдөр өөрийн гэртээ хамтран амьдрагч Э.Болортуяатай маргалдсан, улмаар гараараа цохих, өшиглөх зэргээр зодсоны улмаас хохирогчийн биед хөнгөн хохирол учруулсан хэргийн үйл баримт тогтоогдсон байна.
Э.Болортуяа А.М- нар 7 жил хамтран амьдарч байгаа, тэдний дундаас 2 хүүхэд төрсөн зэрэг байдал нь Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.1 дэх хэсэгт заасан тухайн хуулийн үйлчлэлд хамаарах этгээд мөн байна.
Түүнчлэн Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай хуулийн 5 дугаар зүйлийн 5.1.1 дэх хэсэгт “гэр бүлийн хүчирхийлэл” гэж энэ хуулийн 3 дугаар зүйлд заасан этгээд энэ хуулийн үйлчлэлд хамаарах хүний сэтгэл санаанд дарамт учруулах, эдийн засаг, бэлгийн эрх чөлөө, бие махбодод халдсан үйлдэл, эс үйлдэхүйг ойлгохоор хуульчилсан байна.
Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 10.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсгийн 2.8-д заасан “гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж” гэсэн хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол учруулсан байх ойлголт юм.
Гэтэл анхан шатны шүүх шүүгдэгчийн гэр бүлийн хүчирхийлэл үйлдэж байгаа үйлдэл нь “байнгын” шинжтэй үйлдэгдсэн байх хуулийн шаардлагыг хангаагүй, шүүгдэгч хохирогчийг зодож, дарамтлах зэргээр гэр бүлийн хүчирхийллийн шинжтэй аливаа үйлдэл өмнө нь үйлдэж байсан нь нотлогдоогүй гэж дүгнэж, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.7 дугаар зүйлийн 1 дэх хэсэгтэй холбон тайлбарласан нь буруу байх ба хэргийн зүйлчлэлийг өөрчилсөн шүүхийн дүгнэлт хуульд нийцээгүй байна.
Иймд хэргийн зүйлчлэлийг үндэслэлгүйгээр хөнгөрүүлэн өөрчилсөн талаар бичсэн прокурорын эсэргүүцэл үндэслэлтэй байх тул эсэргүүцлийг хүлээн авч шийдвэрлэв.
Түүнчлэн А.М-д холбогдох уг хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 21-ний өдөр шүүгч Т.Батжаргал даргалж, дангаар хянан шийдвэрлэсэн байх ба хэрэгт тухайн өдрөөр бичигдсэн шүүх хуралдааны 2 өөр тэмдэглэл авагдсан байна. Шүүх хуралдааныг шүүгч Ш.Гандансүрэн даргалснаар бичигдсэн тэмдэглэлд /хэргийн хуудас дугааргүй/ шүүгдэгчийн гэм буруутай эсэх талаар зөвлөлдөхөөр шүүх хуралдааныг завсарлуулж, шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоноор, шүүгч Т.Батжаргал даргалж шийдвэрлэснээр бичигдсэн тэмдэглэлд гэм буруугийн шүүх хуралдааныг эрүүгийн хариуцлага хүлээлгэх хуралдаантай хамтатган явуулснаар тусгаад, хэргийн зүйлчлэл өөрчлөн шүүгдэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэрэгт гэм буруутайд тооцсоноор бичигдсэн байна.
Өөрөөр хэлбэл, 2 удаа бичигдсэн шүүх хуралдааны тэмдэглэлийн агуулга өөр хоорондоо зөрүүтэйгээс гадна хэргийг хэн шүүгч шийдвэрлэсэн, яагаад 2 тэмдэглэл хэрэгт авагдсан нь ойлгомжгүй байна. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 11.7 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт заасан “Шүүх хуралдааны тэмдэглэлд шүүх хуралдааныг хэзээ, хаана хийсэн, эхэлсэн, дууссан цаг, шүүх бүрэлдэхүүн, шүүх хуралдаанд оролцогчийн эцэг /эх/-ийн нэр, өөрийн нэр, хэлэлцэж байгаа хэргийн дугаар, шүүгдэгчийн биеийн байцаалт, шүүх хуралдаан эхлэхээс дуусах хүртэлх бүх үйл явцыг нэг бүрчлэн тусгана.” гэсэн шүүх хуралдааны тэмдэглэлд тавигдсан шаардлагад нийцээгүй байна. Шүүх хуралдааны тэмдэглэл нь нотлох баримт мөн учир хуульд тавигдсан шаардлагыг хангасан байх шаардлагатай.
Иймд анхан шатны шүүх хэргийг шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн үндэслэлээр шийтгэх тогтоолыг хүчингүй болгож, А.М-д холбогдох хэргийг дахин хэлэлцүүлэхээр тухайн шүүхэд буцаах нь зүйтэй гэж давж заалдах шатны шүүх бүрэлдэхүүн үзэв.
Шүүх хэргийг 2019 оны 11 дүгээр сарын 19-ны өдөр хүлээж авсан атлаа шүүх хуралдаан даргалагч томилсон ерөнхий шүүгчийн захирамжинд 2019 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүлээн авснаар тусгаснаас гадна шүүхийн шатанд хэргийн хуудсыг дугаарлаагүй байгааг цаашид анхаарах шаардлагатайг магадлалд тэмдэглэх нь зүйтэй.
Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 39.9 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.3 дахь заалтыг удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Төв аймаг дахь сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 11 сарын 21-ний өдрийн 2019/ШЦТ/344 дугаартай шийтгэх тогтоолыг бүхэлд нь хүчингүй болгож, шүүгдэгч А.М-д холбогдох хэргийг анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр мөн шүүхэд буцаасугай.
2. Төв аймгийн Прокурорын газрын хяналтын прокурор Б.Сувд-Эрдэнийн бичсэн 46 дугаартай прокурорын эсэргүүцлийг хангаж, хэргийг анхан шатны шүүхэд очих хүртэлх хугацаанд А.М-д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээсүгэй.
3. Гомдол, эсэргүүцэл гаргах эрх бүхий этгээд нь давж заалдах шатны шүүх хэргийг хянан шийдвэрлэхдээ Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, эсхүл нөлөөлж болохуйц нөхцөл байдал тогтоогдсон гэж үзвэл давж заалдах шатны шүүхийн шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээс хойш 30 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэй болохыг мэдэгдсүгэй.
ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ Р.МӨНХ-ЭРДЭНЭ
ШҮҮГЧИД Ц.ӨРНӨНДЭЛГЭР
Г.БОЛОРМАА