| Шүүх | Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Александрын Сарангэрэл |
| Хэргийн индекс | 128/2026/0092/3 |
| Дугаар | 221/МА2026/0457 |
| Огноо | 2026-06-30 |
| Маргааны төрөл | Газар, |
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал
2026 оны 06 сарын 30 өдөр
Дугаар 221/МА2026/0457
Т.Вын нэхэмжлэлтэй
захиргааны хэргийн тухай
Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн
Шүүх бүрэлдэхүүн:
Даргалагч: Шүүгч Д.Оюумаа
Бүрэлдэхүүнд оролцсон: Шүүгч Л.Одбаатар
Илтгэгч: Шүүгч А.Сарангэрэл,
Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тт
Хэргийн оролцогчид:
Нэхэмжлэгч: Т.В
Хариуцагч: Баянзүрх дүүргийн Засаг дарга, Нийслэлийн Засаг дарга
Нэхэмжлэлийн шаардлага: “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дүгээр захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 40 ширхэг тоосгон гарааш, 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс нэхэмжлэгчид холбогдох хэсгийг, Нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралын 14 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийг, мөн 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийн зарим хэсгийг тус тус хүчингүй болгуулах”
Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дүгээр шийдвэр,
Шүүх хуралдаанд оролцогчид: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Тт, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ц.Ц, А.Эс
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга: Д.Эрдэнэбаяр
Хэргийн индекс: 128/2026/0092/3
ТОДОРХОЙЛОХ нь:
1 Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дүгээр шийдвэрээр:
Газрын тухай хуулийн 27 дугаар зүйлийн 27.1, 27.4 дэх хэсэгт заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч Т.Ваас Баянзүрх дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргасан “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дүгээр захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 40 ширхэг тоосгон гарааш, 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс нэхэмжлэгчид холбогдох хэсгийг, нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралын 14 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийг, мөн 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийн зарим хэсгийг тус тус хүчингүй болгуулах” тухай нэхэмжлэлийн шаардлагуудыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэжээ.
2.Гомдлын агуулга:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч А.Ттөөс шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч гаргасан давж заалдах гомдолдоо: "... Т.Вын нэхэмжлэлтэй, Нийслэлийн Засаг дарга болон Баянзүрх дүүргийн Засаг даргад холбогдох захиргааны хэрэгт нэхэмжлэгчийн төлөөлөгчөөр оролцож байна.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д заасны дагуу Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 сарын 23-ны өдрийн 128/ШШ2026/0389 дугаар бүхий шүүхийн шийдвэрийг бүхэлд нь эс зөвшөөрч дор дурдсан үндэслэлийн хүрээнд энэхүү гомдлыг гаргаж байна. Үүнд:
2.1.Мэдэгдэх, сонсох ажиллагааны талаар буруу дүгнэлтийг өгсөн;
Нийслэлийн Засаг дарга нь А/388, Баянзүрх дүүргийн Засаг дарга нь А/61 тоот захирамж гаргахдаа Захиргааны ерөнхий хуулийн 26 дугаар зүйлийн 26.1-д заасны дагуу сонсох ажиллагаа явуулсан гэсэн тайлбарыг шүүх хуралдааны явцад өгсөн. Гэтэл сонсох ажиллагааг явуулахдаа ЗЕХ-ийн 27 дугаар зүйлийн 27.2-д "хорин нэг буюу түүнээс дээш тооны этгээдийг сонсохоор бол энэ хуулийн 20.1-д заасан төлөөлөгчид шууд хүргүүлэх, эсхүл тухайн орон нутагт хүргэх боломжтой хэвлэл мэдээллийн хэрэгсэл, шуудан болон тэдгээрт урьдчилан мэдэгдэх бусад арга хэрэгслийг ашиглан хүргүүлэх" гэж заасныг зөрчсөн.
Газрын тухай хуулийн 57.3-т "Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө" гэж заасан.
Хавтаст хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч нь 5/22 дугаартай гаражийг эзэмшдэг ба энэ гараж дээр сонсох ажиллагааны мэдэгдлийг наагаагүй байдаг. Шүүх хуралдааны явцад энэ талаар асуусан боловч хариулт өгч чадаагүй. Энэ талаар анхан шатны шүүх "Хариуцагч Баянзүрх дүүргийн Засаг дарга сонсох ажиллагааг явуулж тус дүүргийн 4-р хороо, Хаан банкны хойно байршилтай, зохих зөвшөөрөлгүйгээр нийтийн эзэмшлийн талбайд барьсан 26 гарааш ашиглагчдад хуульд заасны дагуу мэдэгдэх хуудас тус тус хүргүүлсэн болох нь хэрэгт авагдсан гэрэл зургуудаар тогтоогдсон, харин нэхэмжлэгчид дээрх ажиллагааг явуулсан талаарх нотлох баримтыг шүүхэд ирүүлээгүй. ...Гэвч нэхэмжлэгч нь уг газрыг хууль ёсны дагуу ашиглах эрхгүй тул зөвхөн сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэл нь маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй" гэсэн дүгнэлтийг өгсөн.
Гэтэл захиргааны ерөнхий хууль болон Захиргааны шүүхийн нэг зорилго нь хариуцагч этгээд буюу захиргааны байгууллага, албан тушаалтны шийдвэр гаргах үйл ажиллагааны хууль зүйн үндэслэл болон процессыг хуульд нийцсэн эсэхийг хянах байдаг. Энэ хүрээнд захиргааны байгууллага, албан тушаалтан аливаа үйл ажиллагааг явуулахдаа хуульд нийцсэн үйл ажиллагаа явуулах нөхцөлийг хангаж байх үүргийг хүлээнэ. Захиргааны ерөнхий хуулиар энэ харилцааг маш тодорхой зохицуулж, хариуцагчид үүрэг болгосон. Аливаа шийдвэр нь хууль зүйн тодорхой үндэслэлтэй байхаас гадна тус шийдвэр гаргах ажиллагааны үе шат нь хуульд нийцсэн байх нь материаллаг болон хэлбэрийн аль аль шаардлагыг бүрдүүлдэг. Гэтэл анхан шатны шүүхээс энэ үндсэн зарчим, захиргааны шүүхийн зорилгыг үгүйсгэж, захиргааны шийдвэр гаргах ажиллагааг зөвхөн материаллаг хүрээнд хянаж буй нь үндэслэлгүй байна.
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн зүгээс сонсох ажиллагааг хийхдээ шийдвэр гаргасны дараа хийж гүйцэтгэсэн гэж тайлбарласан. Учир нь маргаан бүхий 2 акт нь 2022 онд гарсан, харин мэдэгдэх, сонсох ажиллагааг 2024 онд гүйцэтгэсэн гэж тайлбарладаг юм. Сонсох ажиллагааны зорилго нь захиргааны албан тушаалтны шийдвэр гаргахаас өмнөх процесс бөгөөд үүнийг шийдвэр гаргасны дараа хийх нь процессын ноцтой зөрчил мөн. Гэтэл шүүхээс энэ тухай дүгнэлт огт өгөөгүй байна.
2.2.Захиргааны актыг гаргах бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй;
Хариуцагч нар нь маргаан бүхий актыг гаргах болсон бодит үндэслэлээ иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг ноцтой зөрчиж байгаа гэж тайлбарладаг юм. Гэтэл 20 гаруй жил маргаан бүхий газар дээр ашиглаж буй гарааж нь бусдын эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хэрхэн, яаж зөрчиж байгаа вэ, тухайн хорооны иргэдээс ямар гомдол, санал ирсэн бэ, шинжээч байгууллагын дүгнэлт гарсан эсэх нь тодорхойгүй байсан. Захиргааны ерөнхий хуулийн 40.2.3-д Бичгээр гаргасан захиргааны актад захиргааны акт гаргах болсон бодит үндэслэлийг зааж өгөх тухай зохицуулсан. Хариуцагч нь энэ бодит нөхцөл байдлыг тогтоогоогүй атлаа Үндсэн хуульд заасан эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг бичиж, өөрийн үйлдлийг зөвтгөх гэж оролдсон. Шүүх мөн энэ нөхцөл байдалд дүгнэлт өгөөгүй нь буруу юм.
2.3.Шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн;
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 121.3.4-т “Шүүх шаардлагатай нотлох баримтыг дутуу бүрдүүлсэн" бол анхан шатны шүүх рүү хэргийг буцааж шийдвэрлэх тухай зохицуулсан. Нэхэмжлэгчийн төлөөлөгчийн зүгээс тус шүүхэд хандан: "Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29 өдрийн №215 "Газар ашиглах, эзэмших эрх олгох тухай" захирамжийн дагуу иргэн Бцтэй газрыг ашиглах гэрээ байгуулсан эсэх, газрын төлбөр авч байсан эсэх, хэдээс хэдэн оны хооронд ашиглах эрхийг олгосон эсэх, газрыг ашиглах, эзэмших эрхийн гэрчилгээ олгосон эсэхийг Баянзүрх дүүргийн болон Нийслэлийн газар зохион байгуулалтын албан болон Нийслэлийн архивын газраас тус тус тодруулж өгнө үү" гэсэн агуулга бүхий хүсэлтийг гаргасан. Гэтэл энэ хүсэлтийн хариуг ирүүлээгүй. Учир нь архиваас тус баримтууд гарахгүй байна гэсэн аман хариу өгсөн.
Гэтэл анхан шатны шүүхээс шүүхийн шийдвэрийн Үндэслэх хэсгийн 6-д "...газар ашиглах эрх шилжүүлэх гэрээ байгуулаагүй болох нь хэрэгт авагдсан баримтуудаар тогтоогдсон, энэ талаар хэргийн оролцогч нар маргаагүй" гэсэн буруу дүгнэлтийг өгсөн. Хариуцагч нь өөрийн давуу байдлыг ашиглан нэхэмжлэгчид ашигтай баримтыг нуун гаргаж өгөөгүй. Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29 өдрийн №215 "Газар ашиглах, эзэмших эрх олгох тухай" захирамжийн 1 дэх хэсэгт "...гарааш ...зориулалтаар 1 дүгээр хавсралтад дурьдсан..иргэдэд газрыг гэрээгээр газрыг түр ашиглуулахаар олгосугай", захирамжийн 6 дахь хэсэгт "Газар ашиглах, эзэмших гэрээг зохих журмын дагуу байгуулж, газрын бүртгэлд бүртгэж, төлбөр авч, хяналт тавьж ажиллахыг... даалгасугай" гэж тусгасан байсан.
Дээрх захирамжийн заалтуудаас харахад, газар ашиглах гэрээг байгуулсан болох нь тодорхой харагддаг. Гэтэл шүүхээс энэ баримтыг аваагүй атлаа дүгнэлт өгсөн.
2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдөр нэхэмжлэгчийн төлөөлөгч нь шүүхэд "Баянзүрх дүүргийн Хот, байгуулалт газрын харилцааны албаны албан тушаалтан Нж овогтой Эц болон иргэн Шж овогтой Хх нар 2002 оны 01 дүгээр сарын 09-ний өдөр 0102/3011 тоот "Иргэн, аж ахуй нэгж, байгууллагын газар ашиглах гэрээ"-г хариуцагчаас нотлох баримтын шаардлага хангуулан гаргуулж өгөх хүсэлтийг гаргасан. Шүүх энэ хүсэлтийг хангаагүй, шүүх хурлыг үргэлжлүүлсэн.
Гэтэл энэхүү баримт нь гэрээний үндсэн дээр тус газрыг гараашийн зориулалтаар ашиглаж байсныг нотлох ач холбогдол бүхий нотлох баримт байсан. Энэ тайлбараа удаа дараа хэлсэн боловч шаардлагагүй гэж үзсэн. Эдгээр 2 баримтууд нь хэргийг шийдвэрлэхэд ач холбогдолтой, хамааралтай байсан. Харин шүүх шаардлагатай баримтыг дутуу бүрдүүлсэн гэж үзэж байна.
2.4. Газрын төлбөрийг авч байсан үйл баримтыг үнэлээгүй;
Газрын төлбөрийг төлж байгаа нь газрыг хууль бусаар, захиргааны байгууллагын зөвшөөрөлгүйгээр, дур мэдэн, газрыг зохисгүй ашиглаж байгаа үйлдэл биш юм. Газрын төлбөрийн тухай хуулийн 3 дугаар зүйлд "Хууль тогтоомжийн дагуу газар эзэмшүүлэх, ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газрыг эзэмшиж, ашиглаж байгаа Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллага, газар ашиглаж байгаа гадаад улсын дипломат төлөөлөгчийн болон консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаад улсын хуулийн этгээд, гадаадын иргэн, харьяалалгүй хүн газрын төлбөр төлөгч байна", мөн хуулийн 4 дүгээр зүйлд "Газар эзэмшүүлэх, ашиглуулах эрх бүхий этгээдийн шийдвэрийн дагуу иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын эзэмшиж, ашиглаж байгаа, Газрын тухай хуулийн 10 дугаар зүйлд заасан газрын нэгдмэл сангийн үндсэн ангилалд хамаарах болон тусгай хэрэгцээний газарт төлбөр ногдуулна" гэж заасан.
Үүнээс дүгнэхэд, газрын төлбөр авч буй захиргааны байгууллагын үйлдэл нь хууль тогтоомжийн дагуу газар ашиглуулахаар шийдвэрлэсний үндсэн дээр газар ашиглаж байгаа этгээдүүдээс авч буй үйлдэл юм. Энэхүү хууль тогтоомжоос харахад, газрын төлбөрийг төлж байгаа үйлдэл нь хууль тогтоомжийн дагуу газрыг ашиглаж байгаа гэдгийг илэрхийлж буй үйлдэл болно. Гэтэл анхан шатны шүүхээс энэ үйл баримтыг буруу үнэлж, дүгнэсэн.
Иймээс Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 сарын 23 өдрийн 128/ШШ2026/0389 дугаартай шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хүчингүй болгож, анхан шатны шүүхээр дахин хэлэлцүүлэхээр буцааж өгнө үү” гэжээ.
ХЯНАВАЛ:
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3-д зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг бүхэлд нь хянаад анхан шатны шүүхийн шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхин шийдвэрлэв.
1.Нэхэмжлэгч Т.Ваас “Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дүгээр захирамжийн хавсралтын 8 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 40 ширхэг тоосгон гарааш, 9 дугаарт байх 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд 13 ширхэг тоосгон гарааш гэж тодорхойлсон хэсгээс нэхэмжлэгчид холбогдох хэсгийг, нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжийн нэгдүгээр хавсралын 14 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийг, мөн 13 дугаарт байх Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 11 дүгээр байрны урд талд гэж байрлал тодорхойлсон хэсгийн зарим хэсгийг тус тус хүчингүй болгуулах” шаардлага бүхий нэхэмжлэлийг Баянзүрх дүүргийн Засаг дарга болон нийслэлийн Засаг даргад тус тус холбогдуулан гаргажээ.
2.Маргаан бүхий нийслэлийн Засаг даргын 2022 оны 03 дугаар сарын 14-ний өдрийн А/388 дугаар захирамжаар[1] Нийслэлийн оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах зорилтын хүрээнд газрын зөрчил арилгах, газар чөлөөлөх байршлуудыг хавсралтаар баталж, харин Баянзүрх дүүргийн Засаг даргын 2022 оны 02 дугаар сарын 09-ний өдрийн А/61 дүгээр захирамжаар[2] Баянзүрх дүүргийн нутаг дэвсгэрт зохих зөвшөөрөлгүй автомашины тоосгон болон бетонон гарааш барьсан, төмөр гарааш чингэлэг, зөөврийн байгууламж байрлуулсан зөрчлийг холбогдох хууль тогтоомжийн хүрээнд албадан буулгаж, газар чөлөөлөхөөр тус тус шийдвэрлэсэн байна.
3.Дээрх захирамжуудын дагуу буулгах гараашд нэхэмжлэгчийн Баянзүрх дүүргийн 4 дүгээр хороо, 15 дугаар хороолол, 120 байр 11 тоотын урд байрлах 12 м.кв гарааш багтсан байх тул нэхэмжлэгчээс “...2012 оноос хойш эзэмшиж, ашиглаж ирсэн, тус гарааш нь Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 215 дугаар захирамжтай, газрын төлбөрийг жил бүр төлж ирсэн тул хууль бусаар эзэмшиж байсан үндэслэл байхгүй” гэх агуулгаар нэхэмжлэлийн шаардлагаа тайлбарлан маргажээ.
4.Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.3-д “газар эзэмших” гэж газрыг гэрээнд заасан зориулалт, нөхцөл, болзлын дагуу хуулиар зөвшөөрсөн хүрээнд өөрийн мэдэлд байлгахыг, 3.1.4-д “газар ашиглах” гэж хуулиар зөвшөөрсөн хүрээнд газар өмчлөгч, эзэмшигчтэй байгуулсан гэрээнд заасны дагуу газрын аль нэг ашигтай чанарыг нь гаргаж хэрэглэхийг”, 5 дугаар зүйлийн 5.1-д “Монгол Улсын иргэдэд өмчлүүлснээс бусад газар төрийн өмч мөн.” гэж,
...21 дүгээр зүйлийн 21.2-т “Нийслэлийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.2.2-т “батлагдсан төлөвлөгөөний дагуу тухайн жилд эзэмшүүлэх, ашиглуулах газрын байршил, зориулалт, хэмжээг тогтоох”, 21.5-д “Дүүргийн Засаг дарга газрын харилцааны талаар дараахь бүрэн эрхийг хэрэгжүүлнэ”, 21.5.3-д “энэ хуулийн 21.2.3-т зааснаас бусад газрыг дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөний дагуу энэ хуулийн 21.2.2-т заасныг баримтлан, дүүргийн хэмжээнд иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад эзэмшүүлэх, ашиглуулах асуудлыг шийдвэрлэж, зохион байгуулах.”,
...23 дугаар зүйлийн 23.3.5-т “нутаг дэвсгэрийнхээ хэмжээнд хийгдэх газар зохион байгуулалтын ажлыг зохион байгуулах;”
...27 дугаар зүйлийн 27.1-т “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.”, 27.4 дэх хэсэгт “Хүчин төгөлдөр эрхийн гэрчилгээгүй аливаа этгээд газар эзэмшихийг хориглоно”,
...57 дугаар зүйлийн 57.3-д “Зохих зөвшөөрөлгүйгээр газар дээр барилга, байгууламж барьсан, эсхүл бусад хэлбэрээр түүнийг дур мэдэн эзэмшсэн бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгнө.”, 57.4-д “Мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол аймаг, сум, нийслэл, дүүргийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулна” гэж тус тус заасан.
5.Хуулийн дээрх зохицуулалтаар, газрыг хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор байгуулсан гэрээний үндсэн дээр эрхийн гэрчилгээтэй нөхцөлд эзэмшиж, ашиглах бөгөөд тухайн газар нь дүүргийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлаас баталсан тухайн жилийн газар зохион байгуулалтын төлөвлөгөөнд тусгагдсан байхаар зохицуулжээ.
6.Хэрэгт авагдсан баримтуудаас үзвэл, Баянзүрх дүүргийн Засаг даргын 2001 оны 05 дугаар сарын 29-ний өдрийн “Газар ашиглах, эзэмших эрх олгох тухай” 215 дугаар захирамжаар[3] “...Тус дүүргийн 3, 4, 5, 8, 16 дугаар хороодын нутаг дэвсгэрт цэцэрлэг гарааш, павильоны зориулалтаар 1 дүгээр хавсралтад дурдсан аж ахуйн нэгж, иргэдэд газрыг гэрээгээр түр ашиглуулахаар олгох”-оор шийдвэрлэсний дотор хавсралтын 6-д “...иргэн Бцд 5-р хороо ХАА банкны хойно автомашины гараашийн зориулалтаар 120 м.кв газрыг түр ашиглуулах” гэжээ.
7.Улмаар нэхэмжлэгч нь маргаан бүхий гараашийг бусад этгээдээс худалдан авч тохижуулан Баянзүрх дүүргийн газрын албатай “Газрын төлбөрийг тодорхойлох тухай акт”[4]-ыг бичгээр байгуулж, төлбөрийг төлж байсан болох нь Баянзүрх дүүргийн газар зохион байгуулалтын албанаас 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06-16/554 дүгээр албан бичгээр[5] ирүүлсэн “иргэн Т.Вийн гараашийн газрын төлбөрийн тооцооны баримт”-аар тогтоогдож байна.
8.Гэсэн хэдий ч нэхэмжлэгч нь газар эзэмших эрхийг хуульд заасан журмын дагуу олж аваагүй, газар эзэмших, ашиглах талаар гэрээ байгуулаагүй, Газар зохион байгуулалтын албанаас газар ашиглах, эзэмших, өмчлөх эрхийн гэрчилгээ олгож байгаагүй болох нь Газар зохион байгуулалтын албаны 2026 оны 03 дугаар сарын 04-ний өдрийн 01-07/1123 дугаар албан бичиг[6], мөн албаны 2026 оны 04 дүгээр сарын 20-ны өдрийн 06-16/553 дугаар албан бичиг[7], талуудын тайлбараар тогтоогдож байна.
9.Газрын төлбөрийг төлснөөр газар эзэмших эрх хуульд зааснаар үүссэн гэж үзэх үндэслэлгүй бөгөөд хавтаст хэрэг авагдсан баримтуудаар нэхэмжлэгчийн гараашийн доорхи газрыг эзэмших эрхийг олгох эрхий бүхий этгээд болох Баянзүрх дүүргийн Засаг дарга, нийслэлийн Засаг даргаас нэхэмжлэгчид газар ашиглах, эзэмших эрх олгоогүй бөгөөд нэхэмжлэгч нь хууль ёсны дагуу авсан газрын гэрчилгээний үндсэн дээр маргаан бүхий гараашийн доорх газрыг эзэмшиж, ашиглаж байгаа нөхцөл байдал тогтоогдсонгүй.
10.Иймээс Газрын тухай хуульд заасан эрх бүхий этгээдээс газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэр гараагүй, гэрчилгээ олгоогүй байх тул нэхэмжлэгч Т.В нь уг маргаан бүхий газар дээр барьсан гараашийг худалдан авч, тохижуулан газрын төлбөрийг төлөх замаар уг газрыг зохих хугацаанд ашигласан боловч түүнийг тухайн гараашийн доорхи газрыг хууль ёсны эзэмшигч, ашиглагч гэж үзэх үндэслэлгүй юм.
11.Түүнчлэн хариуцагч захиргааны байгууллагуудаас Газрын тухай хуулийн /2002 оны/ 20 дугаар зүйлийн 20.2.2-т “газар эзэмшигч, ашиглагчаас газар, түүний баялгийг хууль тогтоомж, гэрээний дагуу үр ашигтай, зохистой ашиглаж, хамгаалж байгаад хяналт тавих, зөрчлийг арилгах шийдвэр гаргаж, хэрэгжилтийг зохион байгуулах” гэж хуульд заасан бүрэн эрхийнхээ хүрээнд нэхэмжлэгчийн гараашийн доорхи газрыг “оршин суугч, иргэдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг хангах, газар ашиглалтыг сайжруулах, явган хүний зам, талбайн хүрэлцээ, хангамжийг нэмэгдүүлэх, авто замын түгжрэлийг бууруулах” зорилтын хүрээнд өөр зориулалтаар ашиглахаар, мөн зохих зөвшөөрөлгүй барьсан үндэслэлээр нэхэмжлэгчийн гараашийн доорхи газрыг чөлөөлөхөөр шийдвэрлэсэн маргааны бүхий актуудыг хуульд нийцээгүй бөгөөд нэхэмжлэгчийг газар эзэмших, ашиглах эрхийг зөрчсөн гэж үзэх үндэслэлгүй байна.
12.Мөн маргаан бүхий актаар “газар ашиглуулах, эзэмшүүлэх шийдвэр гараагүй, гэрчилгээ олгоогүй байхад уг зөрчилтэй газар дээр барьсан гараашийн доорх газрыг чөлөөлөх тухай хугацаатай мэдэгдэл өгөх”, “мэдэгдэлд заасан хугацаанд газрыг чөлөөлөөгүй бол нийслэлийн Засаг дарга уг газрыг албадан чөлөөлөх арга хэмжээ авч, холбогдох зардлыг гэм буруутай этгээдээс гаргуулах”-аар шийдвэрлэсэн нь Газрын тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.3.5, 57 дугаар зүйлийн 57.3, 57.4-д заасныг зөрчсөн гэж үзэх үндэслэл тогтоогдсонгүй.
13.Энэ талаарх анхан шатны шүүхийн “...Нэхэмжлэгч Т.В н.Бцээс гараашийг худалдаж авахдаа газар эзэмших эрх хууль ёсоор үүссэн эсэхийг нягтлаагүй, тухайн газрыг өөрийн эзэмшил ашиглалтдаа байлгаж, гараашаар ашигласан 2012-2016 онуудад нийтийн эзэмшлийн зам талбайд газар ашигласны төлбөр төлсөн нь түүнийг газар ашиглах, эзэмших эрхийг хууль ёсны дагуу олж авсан гэх үндэслэл болохгүй.” гэж дүгнэснийг буруутгах үндэслэлгүй байна.
14.Иймээс нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “…газрын төлбөрийг төлж байгаа үйлдэл нь хууль тогтоомжийн дагуу газрыг ашиглаж байгаа гэдгийг илэрхийлж буй үйлдэл бөгөөд анхан шатны шүүхээс энэ баримтыг буруу үнэлж дүгнэсэн” гэх гомдлыг хүлээн авах үндэслэлгүй байна.
15.Хавтаст хэрэгт авагдсан фото зургаар нэхэмжлэгчийн гараашийн хаалган дээр 2025 оны 03 дугаар сарын 31-ний өдөр 05/16 дугаар “Мэдэгдэх хуудас” наасан бөгөөд хариуцагч захиргааны байгууллагаас уг “Мэдэгдэх хуудас” нь нэхэмжлэгчид сонсох ажиллагаа явуулсан хэлбэр гэж тайлбарлаж байх боловч энэ нь маргаан бүхий актуудыг хуульд заасны дагуу сонсох, мэдэгдэх ажиллагаа явуулсан гэж үзэх үндэслэл болохгүй.
16.Гэвч нэхэмжлэгч нь уг газрыг хууль ёсны дагуу эзэмших, ашиглах эрхтэй гэдэг нь тогтоогдоогүй тул зөвхөн сонсох ажиллагаа явуулаагүй гэх үндэслэл нь маргаан бүхий захиргааны актуудыг хүчингүй болгох шууд үндэслэл болохгүй бөгөөд энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.
17.Иймд нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс гаргасан “...сонсох ажиллагааны зорилго нь захиргааны албан тушаалтны шийдвэр гаргахаас өмнөх процесс бөгөөд үүнийг шийдвэр гаргасны дараа хийх нь процессын ноцтой зөрчил мөн” гэх гомдлын хүрээнд шүүхийн шийдвэрийг өөрчлөх, хүчингүй болгох үндэслэлгүй байна.
Эдгээр үндэслэлээр анхан шатны шүүхийн шийдвэр нь хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх тул хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн гаргасан давж гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:
1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 04 дүгээр сарын 23-ны өдрийн 389 дүгээр шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.
2.Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг баримтлан нэхэмжлэгчээс давж заалдах гомдол гаргахдаа төлсөн 70,200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар анхан болон давж заалдах шатны шүүх хуулийг зөрүүтэй хэрэглэсэн, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, шүүх хуулийг Улсын дээд шүүхийн албан ёсны тайлбараас өөрөөр тайлбарлаж хэрэглэсэн гэж хэргийн оролцогч нар үзвэл магадлалыг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.
ШҮҮГЧ Д.ОЮУМАА
ШҮҮГЧ Л.ОДБААТАР
ШҮҮГЧ А.САРАНГЭРЭЛ