Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 18 өдөр

Дугаар 2023/ШЦТ/969

 

 

      МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Б.Мичидмаа,

улсын яллагч Ц.Сайнзаяа,

шүүгдэгч Г.***,

хохирогч Ч.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305029832031 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 08-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол Улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Улаанбаатар хотод төрсөн, *** настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, Ган хөөс ХХК-д зүсэгч ажилтай, ам бүл 3, эцэг, ахын хамт Сонгинохайрхан дүүрэг *** хороо *** гудамж *** тоотод орин суух,

урьд Сонгинохайрхан дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 5 дугаар сарын 18-ны өдрийн 2020/ШЦТ/554 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлж, эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагааг 2020 оны 9 дүгээр сарын 18-ны өдрийн 20/679 дугаартай тогтоолоор дуусгавар болгосон,  ***.

 

Шүүгдэгч Г.*** нь 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах GS 25 дэлгүүрийн орчим зам гарч явахдаа хохирогч Ч.***ыг мөрлөж, улмаар биед нь халдаж зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, дээд баруун 1, зүүн 1-р шүдний сулрал, зүүн 1-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Г.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.*** мэдүүлэхдээ: “Бид нар Фанат гээд буудалд байрлаж байсан. ***- гэх эхнэрийн найз, Энхжаргалын хамт бид 4 буудал руугаа орох гээд зам гараад явж байхад шалдан цээж нүцгэн залуу хүрч ирээд намайг цохисон. Амнаас цус гараад тэрнээс болоод ам зуураад байсан. Эхнэр цагдаа дуудаад 20 орчим минутын дараа ирсэн. Тэр хугацаанд нөгөө цээж нүцгэн залуу нь Prius 20 маркийн машинтай 2 залуутай хамт байсан. Түргэн үйлчилгээний цэгийн хажууд эд нар бөөндөө зогсоод байж байсан. Тэгээд цагдаа нар ирээд Prius маркийн автомашинтай залууг авч явж мэдүүлэг авсан. Бодит учирсан хохирол 3,910,000 төгрөг болсон. Зарим баримтууд нь алга болсон бөгөөд нийт 4,300,000 төгрөгийн хохирол учирсан. Үлдэх хохирлын мөнгийг нэхэмжилж байна”гэв. 

 

Таньж олуулах ажиллагаа явуулсан тэмдэглэл, зургийн үзүүлэлтүүд. /хэргийн 46-53 дахь тал/

 

Хохирогч Ч.***ын “... 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрийн 16 цагийн орчимд өөрийн хамтран амьдрагч Ц.***-гийн хамтаар Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах Фанат нэртэй буудал орж амарч байсан. Тэгээд 19 цагийн орчим хамтран амьдрагч Ц.***-гийн найз болох ***-ыг дуудсан. Тэгсэн 20 цагийн орчим ирсэн. Тэгээд бид гурав гараад тэр хавьд байрлах Инээмсэглэл нэртэй уушийн газарт орж Сэнгүр нэртэй шар айраг хүний 2 ширхгийг ууж юм ярьж суусан. Тэгээд 2023 оны 7 дугаар сарын 16-ны өдрөөс 17-ны өдөр шилжих шөнийн 00 цаг 40 минутын орчим гарсан. Тэгээд замын эсрэгт талд байрлах GS 25 дэлгүүр орж 4 ширхэг шар айраг авчхаад буцаад гэрлэн дохиогоор зам гарсан. Тэгсэн дээгүүрээ нүцгэн битүү шивээс болсон архи согтууруулах ундааны зүйл хэтрүүлэн хэрэглэсэн байдалтай, зодоон хийсэн бололтой нүүр ам нь цус болсон 20-25 орчим насны үл таних эрэгтэй залуу намайг мөрлөсөн. Тэгээд би эргэж хараад чи яаж байнаа гэсэн чинь намайг шууд цохиод унагаасан. Тэгсэн хамт явж байсан нэг залуу нь ирээд намайг өшиглөсөн. Тэгсэн манай хамтран амьдрагч нэг залууг нь бариад авсан чинь таксинаас нэг залуу бууж ирээд зугтаалгаад өөрөө үлдсэн. Тэгээд цагдаагийн байгууллагад хандсан.

Миний үүдэн хоёр шүд хөдөлсөн. Зүүн нүд хавдсан хөндүүртэй байна. ...” гэсэн мэдүүлэг. / хэргийн 14-15 дахь тал/

 

Г.***-ийн “... 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдрийн шөнө 01 цаг 40 минутын орчим миний төрсөн дүү болох Г.*** чатаар залгаад ахаа би Баянгол дүүргийн нутаг дэвсгэр Модны хоёрт хүмүүстэй хэрэлдээд байна, ирээд авчих гэсэн. Тэгээд би такси бариад Модны хоёрын зам дагуу хүмүүс хэрэлдээд байхаар нь буугаад очсон чинь танихгүй хүмүүс маргалдаад зодолдож байхаар нь дүү байгаа юм байна гэж бодоод очоод салгасан чинь дүү байхгүй, өөр хоёр залуу байсан. Тэгээд салгасан чинь нэг залуу нь зугтаад явсан. Нэг залуу нь намайг бариад цагдаагийн байгууллагад авчирсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 18-19 дэх тал/

 

Гэрч Э.***-гийн “... Тэгээд гарах явцад *** тухайн газрын хамгаалагчтай муудалцаад байсан. Тэгээд бид хэд *** салгаад би гайгүй согтолттой байсан учраас Мөнхдэлгэр болон Отгоо хоёрыг таксинд суулгаж өгөөд явуулсан. Тэгээд би *** Баянхошуу буюу гэр лүү нь хүргэж өгөх гэж байсан. Тэгээд *** алхаж байгаад үл таних хүнтэй мөрлөлцөж хэрүүл зодоон хийж байсан. Тэгээд нэг мэдэхэд цагдаа нар ирсэн.

... *** нь тухайн хүнтэй маргалдаж байх хугацаандаа баруун гараараа тухайн залуугийн нүүрэн тус газар нь нэг удаа цохисон. Өөр бол би сайн мэдэхгүй байна. Би тухайн үед гар хүрээгүй. Харин тэр залуу намайг нэг удаа цохисон. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 22-23 дахь тал/

 

Гэрч Ц.***-гийн “... GS 25 дэлгүүр орж нийт 4 ширхэг Heineken нэртэй шар айраг аваад буцаад буудал руугаа явах гээд зам гарч байтал өөдөөс нэг нэлээд согтуу цустайгаа холилдсон, хувцас нь урагдсан ойролцоогоор 20 орчим насны залуу ирж байсан. Тэгээд тэр залуу ***ын хажуу талаар гарахдаа ***ыг маш хүчтэй мөрлөөд өнгөрсөн. Тэгтэл *** тухайн залууд хандаж замаа хараад аятайхан явчихаж болдоггүй юм уу гэж хэлчхээд явж байтал ардаас нь нэг залуу ***ыг татаж аваад шууд нүүр лүү нь мөргөсөн. Тэгээд босоод ирсэн чинь л шүд нь хугарсан байсан.

Анх ***ыг мөрлөсөн залуу буюу цус нөж болсон байсан шивээстэй залуу л зодоод байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 30-31 дэх тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9084 дугаартай:

“...1.Ч.***ын биед зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, дээд баруун 1, зүүн 1-р шүдний сулрал, зүүн 1-р шүдний эмтрэл гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн олон удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

4. Дээрх гэмтлүүд нь 2-3 хоногийн өмнө үүссэн байх боломжтой.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт болон эмчилгээнээс хамаарна. ...” гэсэн дүгнэлт. /хэргийн 36-37 дахь тал/

 

Дүрслэл оношилгооны хариу. /хэргийн 38 дахь тал/

 

Г.***ийн яллагдагчаар өгсөн “... Би тус караокеноос гарах үед маш их согтолттой байсан бөгөөд 3 найз маань түрүүлээд явчихсан байсан. Би тус караокены террасан дээр согтоод унтаж байсан бөгөөд манай найз ***- над дээр ирэхэд би тус караокены хамгаалагч залуутай муудалцаж байхад салгаад аваад явсан байсан. ***- бид 2 зам гарч явахад явган хүний зам дээр үл таних залуутай мөргөлдөж улмаар маргалдсан. Тухайн үл таних залуутай би зодолдож байгаад зугтаж байсан үйл явдлыг сайн санаж байна. Би тухайн үед өөрийгөө удирдах чадваргүй болтлоо архи согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байсан. Надтай маргалдаж байсан залуугийн хамт явж байсан 2 эмэгтэй цагдаа дуудсан байсан бөгөөд би тухайн өдөр зугтаж яваад Эх нялхас эмнэлгийн хажууд ***- ахтайгаа таараад гэртээ очсон. Маргааш өглөө нь манай ах ***- намайг цагдаа дээр дуудаж байна оч, хүний шүд хугалсан байна гэж хэлсэн. Би 2 хоногийн дараа цагдаагаас дуудаад ирсэн.

... Би тухайн үл таних залуугийн нүүр хэсэгт баруун гараараа атгаж байгаад нэг удаа цохиод барилцаж авсан байсан бөгөөд нэг мэдэхэд тухайн үл таних залуугаас зугтааж байсан зугтаж байх үед миний уруул хавдсан байсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 68-69 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

Шүүгдэгч Г.*** нь 2023 оны 7 дугаар сарын 17-ны өдөр согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах GS 25 дэлгүүрийн орчим зам гарч явахдаа хохирогч Ч.***ын хажуугаар өнгөрөхдөө түүнийг мөрлөж, улмаар биед нь халдаж зүүн дээд, доод зовхинд цус хуралт, зүүн доод зовхинд зулгаралт, дээд баруун 1, зүүн 1-р шүдний сулрал, зүүн 1-р шүдний эмтрэл гэмтэл бүхий хөнгөн хохирол санаатай учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.*** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч Ч.***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.***ийн үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Ч.***ын эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 7 дугаар сарын 21-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №9084 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч Ч.*** нь өөрт учирсан гэмтлийг эмчлүүлэхтэй холбогдон 3,770,000 төгрөгийн зардлын баримт гарган өгсөн бөгөөд шүүгдэгч Г.*** 2,600,000 төгрөгийг түүнд төлсөн үлдэгдэл 1,170,000 төгрөгийг нэхэмжилжээ.

Хохирогч Ч.***ын гарган өгсөн Орион скай ХХК-ны шүдний эмнэлгийн баримт нь гар бичмэлээр бичигдсэн байхаас гадна санхүүгийн анхан шатны баримтын шаардлага хангахгүй тул хор уршигт тооцох боломжгүй байна.

Ийм учраас шүүгдэгчийг гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

Гэхдээ Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар хохирогч Ч.*** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Г.*** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.***ийн гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдал, хувийн байдал, учруулсан хохирол, хор ургийн шинж чанар, гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигт сайн дураараа нөхөн төлбөр төлсөн зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  *** Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.*** 550 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 550,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.*** торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.*** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Ч.*** гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршигтай холбогдон гарсан зардлаа нотлох баримтаа бүрдүүлэн Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Г.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ