Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 2024/ШЦТ/01

 

 

        МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг,

улсын яллагч Б.Солонго

шүүгдэгч Г.*** нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000002162 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 13-ны өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дүгээр сарын ***-ний өдөр Улаанбаатар хотод төрсөн, 38 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй,  Хархорин худалдааны төвд хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 5, эхнэр 3 хүүхдийн хамт Сонгинохайрхан дүүрэг *** дугаар хороо өнөр хороолол *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,   ***.

 

Шүүгдэгч Г.*** нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ны орчим  иргэн Б.***ийг “ундаан дотор архи хийж өгсөн” гэсэн шалтгаанаар хавирч унаган, толгойгоор нь чулуу мөргүүлсний ***с эрүүл мэндэд нь зүүн чамархайн хуйханд шарх, нуруунд зулгаралт бүхий хөнгөн хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч  Г.*** мэдүүлэхдээ: “Мэдүүлэг өгөхгүй” гэв.

 

Хохирогч Б.***ийн “... 2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр 16 цагийн орчимд Баянгол дүүргийн 20 дугаар хороо Хархорин захын манхны лангуун дотор ***, *** бид 3 архи хувааж ууж байгаад Нисэх рүү гурван үхрийн гуя хүргэж өгөөд байж байтал ***гийн эхнэр нь хүрч ирээд ***г аваад явсан. Тухайн үед 23 цаг өнгөрч байсан.

Тэгээд Яармагийн тойргоос такси бариад ТЭЦ 4-рүү  явж байгаад ууж байсан  ундаа дээр дуусах гэж байсан архиа хийгээд ***д өгсөн чинь *** намайг пизда чи надад ийм архи өгдөг  юу вэ гээд зам дагуу байсан дэлгүүрийн арагшаа харанхуй газар руу дагуулж оруулаад зүүн талаас хавирч унагаагаад миний толгойн ар хэсгээр чулуу мөргүүлж хүзүүнд зүүсэн гинжийг минь тасдахаар нь чи гинж өг гэсэн чинь байж бай, 2 дахь өдөр өгье гээд маргалдаж байгаад *** машинтай найзыгаа дуудаад бид  гурав 21 хороололд байдаг караоке ороод миний толгойноос цус их гараад байхаар нь би цагдаад дуудлага өгсөн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 6 дахь тал/

“... Миний биеийн байдал зүгээр болсон. Би тухайн үед томографикт толгойн зургаа 150,000 төгрөгөөр авхуулсан. Өөр эмчилгээ хийлгэсэн зүйл байхгүй. Баримт нь байгаа.

*** намайг заамдаж байгаад миний гинжийг тасалсан. *** намайг заамдаж, татаж байгаад миний хүзүүнд байсан мөнгөн гинж тасраад газар унасныг *** газраас авсан байсан. Би миний гинж хаана байна гэхэд *** газраас авч надад өгсөн. *** намайг зодож байхад миний гинж газар унасан байсан юм.

... *** миний эмчилгээний 150,000 төгрөгийг бэлэн өгч барагдуулсан. ... Надад гомдол санал байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 8-9 дэх тал/

 

Гэрч Б.***ын “... Би маргааш нь ажил дээрээ очоод ***, *** 2 хоорондоо зодоон хийсэн байхаар нь ***аас юу болсон талаар асуухад ***, *** намайг үгээр идээд байхаар нь би хавсраад унагаасан гэж надад хэлсэн. Тэгээд ***ээс уучлалт гуйгаад караокед хамт орсон чинь *** гар утсаа авч гараад цагдаад дуудлага өгсөн байсан гэж надад хэлсэн. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 11-12 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13572 дугаартай:

“...1.Б.***ийн биед зүүн чамархайн хуйханд шарх, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэг тогтоогдлоо.

5. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 14-15 дахь тал/

 

Г.***ы яллагдагчаар өгсөн “... *** ууж байсан ундаагаа барьсан байсан. Тэр залуу *** бид хоёрыг ТЭЦ-4 хажууд буулгасан. Энэ үед 20 цаг болж байсан байхаа. *** надад май ундаа уу гээд өгөхөөр нь би ундааг нь уусан чинь тэр ундаа нь архитай хольсон байхаар нь би ууж үзээд чи яагаад ундаан дотор архи хийсэн юм гэж асуусан чинь би угаасаа хийдэг  юм гэж надад хэлсэн. Миний уур хүрээд бид хоёр маргалдаад *** миний урд гарахаар нь би араас нь татаад хавираад газар унагаасан. *** газар унасан.

***ийг босгоод ирсэн чинь толгойн хойд талдаа хагарсан, цус гарч байсан. Би найз Ууганбаатарыг утсаар дуудсан. Ууганбаатар ирээд бид хоёрыг аваад Сонгинохайрхан дүүргийн Жавхлант төв ороод караоке ороод би ***эд нэг шил архи авч өгсөн. *** бид хоёр хамт архи ууж байсан чинь гаднаас цагдаа орж ирээд намайг аваад явсан.

... Би ***ийг араас нь заамдаж аваад хөлийг нь хавсарч унагаасан. *** унахдаа газар мөргөж толгойгоо хагалсан байсан. Өөр цохисон зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 36-37 дахь тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

2023 оны 10 дугаар сарын 22-ны өдөр шүүгдэгч Г.***, хохирогч Б.***, гэрч Б.*** нар нь хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн ба  Б.*** нь гэртээ харихаар явжээ.

Үүний дараа Баянгол дүүргийн 20 дугаар хороо ДЦС-4 ТӨХК-ны орчим  явж байхдаа хохирогч Б.***ийг архи, ундаа хоёрыг хольж надад өглөө гэсэн шалтгаанаар шүүгдэгч Г.*** нь түүнийг хавирч унаган, толгойгоор нь чулуу мөргүүлсний ***с биед нь зүүн чамархайн хуйханд шарх, нуруунд зулгаралт бүхий эрүүл мэндэд нь хөнгөн хохирол санаатай учиржээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Г.*** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны ***с хохирогч Б.***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Г.***ы үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн ***с учирсан хохирол, хор уршиг

Хохирогч Б.***ийн эрүүл мэндэд хөнгөн хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 30-ны өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №13572 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Мөрдөн шалгах ажиллагааны явцад хохирогч Б.*** нь өөрт учирсан гэмтлийг оношлуулахад зарцуулсан зардалд 150,000 төгрөгийг нэхэмжилсэн ба  хэрэгт шүүгдэгч Г.*** нь  уг зардлыг төлсөн талаарх баримт /хэргийн 27 дахь тал/ авагдсан байх тул шүүгдэгчийг гэмт хэргийн ***с учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй гэж үзэв.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Г.***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулах дүгнэлт гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Г.*** гэмт хэрэг үйлдсэн гэм буруугаа хүлээн зөвшөөрсөн, анх удаа гэмт хэрэг үйлдсэн, учруулсан хор уршгийг төлж барагдуулсан зэргийг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар  зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулж, түүний хөрөнгө, цалин хөлс, бусад орлого олох боломжийг харгалзан торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоов.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5, 6.6 дугаар зүйлд заасан хөнгөрүүлэх болон хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй.

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, шүүгдэгч Г.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ***г Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Г.***г 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500,000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Г.***г торгох ялыг 3 сарын хугацаанд хэсэгчлэн төлөхөөр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар Г.*** торгох ялыг биелүүлээгүй бол шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг мэдэгдсүгэй.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Г.***  гэмт хэргийн ***с учирсан хохирол, хор уршигт төлөх төлбөргүй, баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол  Г.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ