| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2020/03465/и |
| Дугаар | 101/ШШ2020/03268 |
| Огноо | 2020-09-22 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 09 сарын 22 өдөр
Дугаар 101/ШШ2020/03268
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт оршин суух, Ш.Б нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт оршин суух бүртгэлтэй, Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт оршин суух, Д.Ж холбогдох,
Зээлийн гэрээний үүрэгт 16.500.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгч Ш.Б,
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Б,
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Ж нь өөрийн ажиллуулдаг лангууны барааг сайжруулах, байрны урьдчилгаа өгөх хэрэгтэй тул мөнгө зээлдүүлээч гэж хүссэн. Ингээд түүнд 2019.02.04-ний өдөр 3.000.000 төгрөгийг, 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй зээлэх зээлийн гэрээ байгуулсан. Уг гэрээнд нэмэлт тодруулга хийж 2019.03.11-ний өдөр дахин 1.000.000 төгрөг нэмж өгсөн.
2019.04.19-ний өдөр аавыгаа түрээсийн байранд оруулах гэсэн юм гээд 4.000.000 төгрөгийг, сарын 7 хувийн хүүтэй, 3 сарын хугацаатай зээлсэн.
2019.12.02-ны өдөр дахин уулзаад мөнгө олоод өгөөч гэсэн. Тухайн үед би мөнгөгүй байсан учраас М.Б гэдэг хүнээс сарын 10 хувийн хүүтэй, 2.000.000 төгрөгийг 1 сарын хугацаатай зээлж авч өгсөн. Ингэхдээ түүнээс Ийм өндөр хүүтэй байна, чи буцааж төлж чадах юм уу гэхэд чадна гэсэн. Энэ 2.000.000 төгрөгөөс 500.000 төгрөгийг Д.Ж буцааж өгсөн.
Миний бие М.Бөд дээрх зээлийн гэрээний дагуу үндсэн зээлийн үлдэгдэл 1.500.000 төгрөг, зээлийн хүү 1.150.000 төгрөг, нийт 2.750.000 төгрөгийг төлсөн.
Гэвч зээлийн гэрээний хугацаа дууссан боловч Д.Ж мөнгөө төлөөгүй учраас хүүгийн хэмжээг 6 хувь болгон бууруулж 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр дахин зээлийн гэрээ байгуулсан. Энэ гэрээг хүчин төгөлдөр гэж үзэж байна.
2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй байхаар гэрээ байгуулж, 2020 оны 06 дугаар сарын 01-ний өдөр гэхэд дээрх мөнгийг төлж дуусгана гэсэн боловч өнөөдрийг хүртэл нэг ч төгрөг өгөөгүй байна.
Хариуцагч Д.Жт 2019.02.04-ний өдөр 3 сая төгрөг, 2019.03.11-ний өдөр 1 сая төгрөг, 2019.04.19-ний өдөр 4 сая төгрөг, 2019.12.02-ны өдөр 2 сая төгрөг нийт 10.000.000 төгрөг зээлдүүлсэн.
2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 8.000.000 төгрөгийг Д.Жт өгөөгүй, түүний хүссэнээр дахин гэрээ байгуулж, хүүг 6 хувь болгосон, уг гэрээнийхээ дагуу нэхэмжлэл гаргасан. Өмнөх гэрээний талаар яримааргүй байна.
ХААН банкны ******* тоот дансаар болон бэлнээр хэдэн төгрөг авсан талаар тооцож үзээгүй, 2-3 жил дамнан мөнгө, төгрөг зээлж, өгч авалцаж байсан учраас хугацааг тодорхой санахгүй байна. Д.Ж 7.020.000 төгрөг төлсөн гэдэгтэй маргахгүй, төлсөн гэж байгаа бол төлсөн байх гэж бодож байна.
Иймд Д.Жоос 2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн зээлээс үлдсэн 1.500.000 төгрөг, 6 сарын хүү 900.000 төгрөг; 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн үндсэн зээл 8.000.000 төгрөг, 5 сарын хүү 4.200.000 төгрөг, алданги 3.700.000 төгрөг, нийт 16.500.000 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.
Хариуцагч Д.Ж шүүхэд ирүүлсэн хариу тайлбартаа болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Бөртэ-Үжин шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
Д.Ж миний бие 2019 оноос гурил, будааны лангуу ажиллуулсан бөгөөд тухайн үед бараа нэмж татах зорилгоор мөнгөний хэрэгцээ гараад Ш.Быг мөнгө хүүтэй зээлдүүлдэг гэдгийг сонсоод түүнтэй дараах гэрээнүүдийг байгуулсан болно. Үүнд:
-2019 оны 02 дугаар сарын 04-ний өдрөөс 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар 3.000.000 төгрөгийг, сарын 8 хувийн хүүтэй зээлсэн.Үүнээс үндсэн зээлийн хүүд 240.000 төгрөгийг сар бүр төлж, нийт 720.000 төгрөг төлөх байснаас 2.640.000 төгрөгийг төлж 1.920.000 төгрөгийг илүү төлсөн.
-2019 оны 03 дугаар сард 1.000.000 төгрөгийг 8 хувийн хүүтэйгээр зээлсэн.Үүнээс үндсэн зээлийн хүүд 80.000 төгрөг төлөх байснаас 720.000 төгрөгийг төлж 640.000 төгрөгийг илүү төлсөн.
-2019 оны 04 дүгээр сарын 19-ны өдрөөс 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдрийг хүртэл 3 сарын хугацаатайгаар 4.000.000 төгрөгийг сарын 8 хувийн хүүтэй зээлсэн. Үүнээс үндсэн зээлийн хүүд сар бүр 320.000 төгрөгийг төлж, нийт 960.000 төгрөгийг төлөх байснаас 2.760.000 төгрөгийг төлж 1.800.000 төгрөгийг илүү төлсөн.
-2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрөөс 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийг хүртэл 1 сарын хугацаатайгаар 2.000.000 төгрөгийг сарын 10 хувийн хүүтэй зээлсэн. Үүнээс үндсэн зээлийн хүүд сарын 200.000 төгрөг төлөх байснаас 400.000 төгрөг төлж, 200.000 төгрөг илүү төлсөн.Мөн үндсэн зээлээс 500.000 төгрөг буцаан төлсөн.
Харин 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрөөс 2020 оны 06 дугаар сарын 30-ны өдрийг хүртэл 5 сарын хугацаатай, 8.000.000 төгрөгийг, сарын 6 хувийн хүүтэйгээр авсан гэсэн утгатайгаар зээлийн гэрээ байгуулсан. Гэхдээ бодитойгоор 8.000.000 төгрөгийг надад шилжүүлээгүй бөгөөд хүү авах зорилгоор 2019 онд зээлсэн мөнгийг нэгтгэн дахин шинээр гэрээ байгуулахыг шаардсан. Гэхдээ зээлийн гэрээг зээлдэгчийн өмчлөлд мөнгийг шилжүүлснээр байгуулагдсан гэж үздэг бөгөөд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулсан зээлийн гэрээ нь хүчингүй юм.
Миний бие нэхэмжлэгч Ш.Баас нийт 10.000.000 төгрөгийг зээлж авсан бөгөөд үндсэн зээлээс 500.000 төгрөг төлсөн. Харин үндсэн зээлийн хүүд нийт 1.960.000 төгрөг төлөх байснаас 6.520.000 төгрөг төлж, 4.560.000 төгрөгийг илүү төлсөн байна.
Мөн зээлийн гэрээний дагуу алдангид 3.500.000 төгрөг төлөх ёстой бөгөөд үүнийг хүүд илүү төлсөн 4.560.000 төгрөгөөс хасуулж тооцуулах хүсэлтэй байна.
Ингээд алдангийг хасаад зээлийн хүүд илүү төлсөн үлдэх 1.060.000 төгрөгийг үндсэн зээлийн үлдэгдэл 9.500.000 төгрөгөөс хасч, 8.440.000 төгрөгийг төлөх хүсэлтэй байна.
Зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Ш.Бы ХААН банкны ******* тоот дансаар 5.641.000 төгрөг, бэлнээр 879.000 төгрөг, нийт 7.020.000 төгрөг төлсөн.
Иймд нэхэмжлэгч Ш.Бы нэхэмжлэлийн шаардлагаас 8.440.000 төгрөгийг зөвшөөрнө, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэв.
Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг шинжлэн судлаад
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ш.Б нь хариуцагч Д.Жт холбогдуулан талуудын хооронд 2019.12.02-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээлийн үлдэгдэл 1.500.000 төгрөг, 6 сарын хүү 900.000 төгрөг,
2020.01.30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 8.000.000 төгрөг, 5 сарын хүү 2.400.000 төгрөг, алданги 3.700.000 төгрөг, нийт 16.500.000 төгрөг нэхэмжилжээ.
Хариуцагч Д.Ж нь талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр байгуулагдсан зээлийн гэрээний дагуу 8.000.000 төгрөгийг бодитой хүлээн аваагүй, 2019.02.04, 2019.03 сар, 2019.04.19, 2019.12.02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нийт 10.000.000 төгрөгийг нэхэмжлэгч Ш.Баас хүлээн авч, 7.020.000 төгрөг буцаан төлснөөс 4.560.000 төгрөгийг хүүд илүү төлсөн тул үүнийг үндсэн зээл, хүү, алдангиас хасч тооцон 8.440.000 төгрөгийг зөвшөөрч, үлдэх хэсгийг зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэлийн шаардлагаас дараах үндэслэлээр зарим хэсгийг хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж үзэв.
Талуудын хооронд 2019 оны 02 дугаар сарын 04-ний өдөр 3.000.000 төгрөгийг, 2019 оны 05 дугаар сарын 04-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх,
2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр 4.000.000 төгрөгийг, 2019 оны 07 дугаар сарын 19-ний өдөр хүртэл 3 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй , хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөх,
2019 оны 12 дугаар сарын 02-ны өдөр 2.000.000 төгрөгийг, 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдөр хүртэл буюу 1 сарын хугацаатай, сарын 10 хувийн хүүтэй,
2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тус тус тохиролцсон зээлийн гэрээг бичгээр,
Харин 2019 оны 03 дугаар сард 1.000.000 төгрөгийг, 1 сарын хугацаатай, сарын 8 хувийн хүүтэй төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээг амаар байгуулсан болох нь тогтоогдож байна. /хх-ийн 3, 4, 17, 19 тал/
Дээр дурдсан 2019.02.04, 2019.03 сар, 2019.04.19, 2019.12.02-ны өдрийн зээлийн гэрээний дагуу нэхэмжлэгч Ш.Б нь 10.000.000 төгрөгийг хариуцагч Д.Жт шилжүүлэн өгсөн, харин 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдрийн зээлийн гэрээний дагуу 8.000.000 төгрөгийг Д.Жт шилжүүлсэн болох нь тогтоогдохгүй байх ба энэхүү үйл баримтын талаар зохигч маргаагүй болно.
Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1-д:Зээлийн гэрээгээр зээлдүүлэгч нь зээлдэгчийн өмчлөлд мөнгө буюу төрлийн шинжээр тодорхойлогдох бусад эд хөрөнгө шилжүүлэх, зээлдэгч нь шилжүүлэн авсан эд хөрөнгөтэй ижил төрөл, тоо, чанар, хэмжээний эд хөрөнгө буюу мөнгийг тохирсон хугацаанд буцаан өгөх үүргийг тус тус хүлээнэ,
Мөн хуулийн 282 дугаар зүйлийн 282.4-т: Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээг байгуулсанд тооцно гэж тус тус заажээ.
Үүнээс үзэхэд талуудын хооронд 2020 оны 01 дүгээр сарын 30-ны өдөр 8.000.000 төгрөгийг, 5 сарын хугацаатай, сарын 6 хувийн хүүтэй, хугацаандаа үүргээ гүйцэтгээгүй тохиолдолд хугацаа хэтэрсэн хоног тутамд 0.5 хувийн алданги төлөхөөр тохиролцсон зээлийн гэрээ бичгээр байгуулагдсан боловч зээлдүүлэгч нь мөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгсөн нь баримтаар тогтоогдохгүй байх тул уг гэрээг байгуулсан гэж үзэх үндэслэлгүй юм.
Өөрөөр хэлбэл нэхэмжлэгч Ш.Б нь 8.000.000 төгрөгийг хариуцагч Д.Жын өмчлөлд шилжүүлсэн гэх баримтыг шүүхэд ирүүлээгүй нь Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нэхэмжлэлийн үндэслэлээ нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтаар зээлдүүлэгч Ш.Б нь 10.000.000 төгрөгийг зээлдэгч Д.Жт шилжүүлэн өгсөн болох нь тогтоогдохгүй байх тул тэрээр уг мөнгийг гэрээгээр тохирсон хүү, алдангийн хамт зээлдүүлэгчид буцаан өгөх үүрэгтэй, харин 8.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэг хүлээх үндэслэлгүй болох нь тогтоогдож байна.
Хариуцагч Д.Ж нь 2019.02.04, 2019.03 сар, 2019.04.19, 2019.12.02-ны өдрийн зээлийн гэрээний үүрэгт нэхэмжлэгч Ш.Бы ХААН банк дах ******* тоот дансаар 6.141.000 төгрөг, бэлнээр 879.000 төгрөг, нийт 7.020.000 төгрөгийг нэхэмжлэгчид шилжүүлэн өгсөнтэй зохигч маргаагүй. /хх-ийн 21-71 тал/
Хариуцагч Д.Ж нь 2019.02.04-ний өдрийн 3 сарын хугацаатай, 3.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 3.000.000 төгрөг, хүү 720.000 төгрөг, алданги 1.860.000 төгрөг, нийт 5.580.000 төгрөг,
2019 оны 03 дугаар сарын 1 сарын хугацаатай, 1.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 1.000.000 төгрөг, хүү 80.000 төгрөг, нийт 1.080.000 төгрөг,
2019 оны 04 дүгээр сарын 19-ний өдрийн 3 сарын хугацаатай, 4.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 4.000.000 төгрөг, хүү 960.000 төгрөг, алданги 2.480.000 төгрөг, нийт 7.440.000 төгрөг,
2019 оны 12 дугаар сарын 02-ны өдрийн 1 сарын хугацаатай, 2.000.000 төгрөгийн зээлийн гэрээний үүрэгт үндсэн зээл 2.000.000 төгрөг, хүү 200.000 төгрөг, нийт 2.200.000 төгрөг буюу нийт 16.300.000 төгрөг буцаан өгөхөөс 7.020.000 төгрөгийг буцаан өгч, үлдэх 9.280.000 төгрөгийг буцаан өгөх үүрэгтэй гэж үзэхээр байна.
Иймд хариуцагч Д.Жоос зээлийн гэрээний үүрэгт 9.280.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.220.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118 дугаар зүйлүүдэд заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн 281.1, 282 дугаар зүйлийн 282.1, 232 дугаар зүйлийн 232.6-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Жоос 9.280.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 7.220.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус заасныг баримтлан хариуцагч Д.Жоос улсын тэмдэгтийн хураамжид 163.430 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Бд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 240.450 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ