Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 02 өдөр

Дугаар 101/ШШ2020/03398

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

Нэхэмжлэгч: Хан-Уул дүүрэг, 11 дүгээр хороо, ***** тоот хаягт оршин суух, Ш.Э нэхэмжлэлтэй,

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, **** тоот хаягт оршин суух, Б.А холбогдох,

Худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 55.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

Шүүх хуралдаанд:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л,

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч А.Б

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.

Шүүх хурал

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Т.Л, өмгөөлөгч А.Б нар шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

Б.А нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Ш.Этэй автомашин худалдах, худалдан авах гэрээг бичгээр байгуулж, ******* УНГ улсын дугаартай, Range Rover sport маркын авто машиныг 100.000.000 төгрөгөөр худалдан авахаар тохиролцсон.

Ингэхдээ 40.000.000 төгрөгийг бэлнээр өгч, 60.000.000 төгрөгийг дараа өгөхөөр харилцан тохиролцсон байна. Үүний нотлох баримт болох талуудын гарын үсэг бүхий баримтыг гаргаж өгөв. Тус баримтад бидний дээрх тохиролцоо нь бичигдсэн болно. Гэвч 60.000.000 төгрөгөөс 2018 оны 07 дугаар сард 5.000.000 төгрөгийг төлж, үлдэх 55.000.000 төгрөгийг өнөөдрийг хүртэл төлөөгүй байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.2-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, 42.3-т Энэ хуулийн 42.2-т заасан тайлбарыг зохигч тал гаргахдаа нөгөө талын гаргасан нэхэмжлэлийн шаардлагыг бүрэн буюу түүний зарим хэсгийг хүлээн зөвшөөрч болно, 42.4-т Нэг талын гаргасан тайлбарыг эсрэг тал эсэргүүцээгүй, эсхүл хуулиар тогтоосон хугацаанд тайлбар өгөөгүй бол тайлбарыг хүлээн зөвшөөрсөнд тооцно, мөн хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж тус тус заасан.

Нэхэмжлэгч Ш.Э нь гэрээний үүргээ биелүүлж түүний өмчлөлд автомашиныг шилжүүлсэн боловч хариуцагч Б.А нь төлбөр төлөх үүргээ биелүүлэхгүй өнөөдрийг хүрч байна.

Тэрээр нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрөхгүй талаар ямар нэгэн тайлбарыг бичгээр болон амаар шүүхэд өгөөгүй бөгөөд 2018 оноос хойш түүнийг цагдаагийн байгууллагаар 3-4 удаа эрэн сурвалжлуулж байж оршин суух хаягийг тогтоолгосон, түүнтэй өөртэй нь уулзахад тэрээр мөнгийг төлнө гэдэг боловч төлөөгүй байна.

Иймд хариуцагч Б.Аоос худалдах, худалдан авах гэрээний үлдэгдэл төлбөр болох 55.000.000 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэгч Ш.Эн нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж шийдвэрлэж өгнө үү гэв.

Шүүх хуралдаанаар нэхэмжлэгчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

ҮНДЭСЛЭХ нь:

Нэхэмжлэгч Ш.Э нь хариуцагч Б.Аод холбогдуулан худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 55.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасан байна.

Нэхэмжлэгч нь 2017 оны 04 дүгээр сарын 19-ний өдөр Range Rover Sport, арал *******, ******* УНГ, суудлын автомашиныг 100.000.000 төгрөгөөр Б.Аод худалдах, Б.А нь бэлнээр 40.000.000 төгрөг төлж, үлдэх 60.000.000 төгрөгийг 10 хоногийн дотор хайрга, дайргаар төлөх-өөр тохиролцсон гэх бичгээр хийгдсэн баримтыг нэхэмжлэлийн шаардлагын үндэслэл болгожээ.

Дээрх хэлцлийн дагуу хариуцагч Б.А нь 2018 оны 07 дугаар сард 5.000.000 төгрөгийг төлсөн, үлдэх 55.000.000 төгрөгийг төлөөгүй тул нэхэмжлэлийн шаардлага үндэслэлтэй гэж тайлбарласан.

Талуудын хооронд байгуулагдсан дээрх хэлцлийн агуулгаас үзэхэд тэдний хооронд Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д заасан худалдах, худалдан авах гэрээ байгуулагдсан гэж үзэхээр байна.

Хан-Уул дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар сарын 20-ны өдрийн 183/ШШ2019/02834 дугаартай шийдвэрээр иргэний эрх зүйн харилцаанд хариуцагчаар оролцвол зохих этгээд болох Б*******ийн А******* /РД:*******/-ын оршин суух газрыг Баянзүрх дүүрэг, ***** тоот болохыг олж тогтоосон тул эрэн сурвалжлалтыг зогсоосон болохыг Хан-Уул дүүрэг дэх Цагдаагийн газрын нэгдүгээр хэлтсийн 2020 оны 05 дугаар сарын 01-ний өдрийн албан бичигт дурджээ. /хх-ийн 4 тал/

Цагдаагийн байгууллагын тогтоосон хаягт хариуцагч Б.А бүртгэлгүй гэх тодорхойлолтыг тус хорооны Засаг дарга ирүүлсэн тул нэхэмжлэгчийн хүсэлтээр шүүгчийн 2020 оны 05 дугаар сарын 18-ны өдрийн 101/ШЗ2020/09667 дугаартай захирамжаар хариуцагч Б.Аыг эрэн сурвалжилж, түүний оршин суух газрыг тогтоолгохоор хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг түдгэлзүүлсэн, дээрх захирамжийн дагуу Баянзүрх дүүрэг дэх Цагдаагийн газрын Нэгдүгээр хэлтсээс эрэн сурвалжлах ажиллагааг дахин явуулснаар түүнийг өмнө тогтоосон хаягт оршин суудаг болохыг дахин тогтоож өгснөөр хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг сэргээн явуулсан байна. /хх-ийн 9-11, 16-20 тал/

Цагдаагийн байгууллагаас удаа дараа эрэн сурвалжилж, олж тогтоосон хаягийн дагуу хариуцагч Б.Аыг шүүхэд ирүүлснээр 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр түүнд нэхэмжлэгч Ш.Эн нэхэмжлэлийг гардуулан өгч, зохигчийн эрх, үүргийг тайлбарлан өгч, нөлөөллийн мэдүүлэгтэй танилцуулжээ.

/хх-ийн 21-24 тал/

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.2-т зааснаар хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор, эсхүл шүүгчээс тогтоосон хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүрэгтэй бөгөөд хариуцагч Б.А нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг хүлээн авсан боловч нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтыг шүүхэд ирүүлэх хуульд заасан үүргээ биелүүлээгүй, хуулиар тогтоосон хугацаанд тайлбараа шүүхэд ирүүлээгүй байна.

Хариуцагч Б.Аод 2020 оны 08 дугаар сарын 11-ний өдөр шүүх хуралдааны товыг мэдэгдсэн боловч тэрээр хөдөө ажилтай шалтгаанаар шүүх хуралдаанд ирээгүй, шүүгчийн 101/ШЗ2020/13210 дугаартай захирамжаар зохигчийн мэтгэлцэх эрхийг хангаж, шүүх хуралдааныг хойшлуулсан, 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдрийн шүүх хуралдааны товыг түүний шүүхэд мэдэгдсэн оршин суух хаягийн дагуу Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 77 дугаар зүйлийн 77.2-т заасны дагуу баталгаат шуудангаар, түүнчлэн түүний шүүхэд мэдэгдсэн 88880708 дугаартай утсанд нь мессэж явуулах зэргээр мэдэгдэж, ийнхүү мэдэгдсэн талаар баримтжуулсан болно.

Тэрээр хагалгаанд яаралтай хагалгаанд орох болсон талаар утсаар мэдэгдсэн боловч уг шалтгаанаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

/хх-ийн 33-34, 40-44, 47-56 тал/

Дээр дурдсан байдлаас үзэхэд хариуцагч Б.А нь нэхэмжлэгч Ш.Эн нэхэмжлэлийг 2020 оны 06 дугаар сарын 02-ны өдөр хүлээн авсан боловч хуульд заасан хугацаанд буюу 2020 оны 06 дугаар сарын 16-ны өдөр,

түүнээс хойш хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлсэн 2020 оны 10 дугаар сарын 02-ны өдөр хүртэлх хугацаанд нэхэмжлэлийн шаардлагыг зөвшөөрсөн, эсхүл татгалзсан үндэслэл, түүнийг нотлох баримтаа шүүхэд ирүүлэх үүргээ биелүүлээгүй, мөн шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй болох нь тогтоогдож байна.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 72 дугаар зүйлийн 72.3-т:Хариуцагч нэхэмжлэлийг хүлээн авсан боловч энэ хуулийн 72.2-т заасан үүргээ биелүүлээгүй, түүнчлэн энэ хуулийн 77 дугаар зүйлд заасан журмын дагуу шүүхэд ирж тайлбар өгөөгүй бол нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцож энэ хуулийн 100.3-т зааснаар түүний эзгүйд хэргийг шийдвэрлэнэ гэж зааснаас үзэхэд хариуцагч Б.А хуульд заасан дээрх үүргээ биелүүлээгүй нь нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрсөнд тооцох, түүний эзгүйд хэргийг хянан шийдвэрлэх үндэслэлийг бий болгосон гэж үзэв.

Иймд дээр дурдсан үндэслэлээр хариуцагч Б.Аоос худалдах, худалдан авах гэрээний үүрэгт 55.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Эд олгохоор шийдвэрлэв.

Хариуцагч Б.А нь шүүх хуралдаанд хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй тул нэхэмжлэгчийн хүсэлтээр Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 100 дугаар зүйлийн 100.3-т заасныг баримтлан хариуцагчийн эзгүйд хэргийг хянан шийдвэрлэсэн болохыг дурьдах нь зүйтэй байна.

Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д гэрээний үүрэгтэй холбоотой шаардлага гаргах хөөн хэлэлцэх хугацаа гурван жил байна, мөн хуулийн 76 дугаар зүйлийн 76.2-т хуульд өөрөөр заагаагүй бол шаардах эрх нь эрх зөрчигдсөн, эрх зөрчигдсөн тухай мэдсэн, эсхүл мэдэх ёстой байсан, түүнчлэн гомдлын шаардлага гаргах буюу баталгаат хугацаа тогтоосон бол гомдлын шаардлагын хариуг авсан буюу эдгээр хугацаа дууссан үеэс үүснэ гэж заасан.

Хариуцагч Б.А нь гэрээний үүрэгт 2018 оны 07 дугаар сард 5.000.000 төгрөийг нэхэмжлэгчид төлсөн, Хан-Уул дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2019 оны 12 дугаар 20-ны өдрийн 183/ШШ2019/02834 дугаартай шийдвэр зэргээс үзэхэд Иргэний хуулийн 79 дүгээр зүйлийн 79.1-д тогтоосон журмаар нэхэмжлэл гаргасан, эсхүл үүрэг хүлээсэн этгээд эрх бүхий этгээдэд урьдчилгаа олгох, хүү төлөх, баталгаа гаргах буюу бусад хэлбэрээр шаардлагыг хүлээн зөвшөөрсөн бол хөөн хэлэлцэх хугацаа тасалдана, мөн хуулийн 79.7-д хөөн хэлэлцэх хугацаа тасалдсан бол өмнө өнгөрсөн хугацааг тооцохгүй, хугацааг дахин шинээр эхлэн тоолно гэж заасантай нийцсэн, гэрээний хугацаа тасалдаж, шинээр тоологдсон, гэрээний үүргийг мөн хугацаагаар нэхэмжлэгч шаардах эрхтэй гэж үзнэ.

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118 дугаар зүйлд заасныг удирдлага болгон

ТОГТООХ нь :

1. Иргэний хуулийн 243 дугаар зүйлийн 243.1-д зааснаар хариуцагч Б.Аоос 55.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Эд олгосугай.

2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч Б.Аоос улсын тэмдэгтийн хураамжид 432.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ш.Эд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 432.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ