Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 25 өдөр

Дугаар 2024/ШЦТ/05

 

 

       МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шүүгч А.Алтанхуяг даргалж,

нарийн бичгийн даргаар шүүгчийн туслах Б.Мичидмаа,

улсын яллагч М.Эрдэнэзаяа,

шүүгдэгч Т.***,

хохирогч М.*** түүний өмгөөлөгч Ж.Баяржавхлан нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны А танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар Нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас  ***д холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2305000002008 дугаартай хэргийг 2023 оны 12 дугаар сарын 01-ний өдөр хүлээн аваад хянан хэлэлцэв.

 

Монгол улсын иргэн, *** оны *** дугаар сарын ***-ны өдөр Орхон аймагт төрсөн, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, *** ХХК-д тоног төхөөрөмжийн ажилтан ажилтай, ам бүл 2, эгчийн хамт, *** аймаг *** сум *** баг *** гудамж *** тоотод оршин суух бүртгэлтэй, Баянгол дүүрэг *** хороо *** байр *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,  ***.

 

Шүүгдэгч Т.*** нь 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Говь сауны замын эсрэг талын нийтийн байранд хохирогч М.***тай “гэртээ харь гэхэд харихгүй байсан” гэсэн шалтгаанаар маргалдан нүүрэн хэсэгт нь гараараа 3-4 удаа цохих, хөл хэсэг рүү нь өшиглөх, хавирч унагаах зэргээр биед халдаж эрүүл мэндэд нь хүндэвтэр хохирол санаатай учруулсан гэмт хэрэгт холбогджээ.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт яллах, өмгөөлөх талаас шинжлэн судалсан болон хэрэгт цугларсан дараах нотлох баримтуудыг тал бүрээс нь бүрэн бодитой шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч Т.*** мэдүүлэхдээ: “Болсон үйл явдалд харамсаж гэмшиж байна. Гарсан хохирлыг төлнө” гэв.

 

Шүүхийн хэлэлцүүлэгт хохирогч М.*** мэдүүлэхдээ: “Намайг ухаан ороход 2 хүн зодож байсан. Шатнаас унаад босоод ирэхэд 2 хүн өшиглөж байсан. Шатнаас 2 хүн түлхэж унагааж байсан. Жижүүр багш харсан. Нэг эмэгтэй хүн хамт явж байсан. Хамар, хацартаа хагалгаа хийлгэсэн, хүзүү нуруу гэмтэлтэй байгаа. 1 жил орчмын хугацаанд ажил хөдөлмөр эрхэлж чадахгүй болсон. Эмчилгээ хагалгааны зардал 3,219,000 төгрөг болсон бөгөөд ор хоног 60,000 төгрөг нэмэгдээд 3,279,000 төгрөг болсон байгаа. Өмнө нь гаргаж өгсөн 1,600,000 орчим төгрөгийн баримтууд байгаа. Эдгээр мөнгийг нэхэмжилж байна” гэв.

 

Хохирогч М.***ын “... ***-гийн гэрийг би яг хаана гэдгийг сайн хэлж мэдэхгүй байна. Гэрт нь ороод ***-той хоёулахнаа нэг ширхэг том савлагаатай шар айраг хувааж уусан. Уугаад байж байтал ***-гийн хүргэн дүү нь болон түүний найз гээд залуу ирсэн. Тухайн залуу бас том савалгаатай шар айргаас хоёр савыг барьж орж ирснийг нь бид нар хувааж уусан. Түүнээс хойш би юу болсныг санахгүй тасарчихсан байна.

Шөнө 02 цагийн орчим нэг ухаан ороод архи гайгүй гарсан чинь ***-гийн байрны гадаа намайг хоёр залуу хоёр талаас өшиглөж байсан. Би утсаа гаргаж ирээд цагдаа руу дуудлага өгсөн чинь тэр хоёр залуу зугтаачихсан. Ийм л зүйл болсон. ***-гийн гэрт би ***- намайг зодсон хоёр залуу бид дөрөв байсан. Өөр хэн нэгэн байгаагүй.

... Энэ хоёр залуугийн яг хэн нь миний биеийн аль хэсэгт юугаар хэдэн удаа цохисныг би хэлж мэдэхгүй санахгүй байна. Би тэр өдөр л танилцсан. Би шүүх эмнэлэгт үзүүлнэ. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 10-12 дахь тал/

 

Гэрч П.***-гийн “... 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хорооллын эцэст ***тай уулзаад байж байтал *** надаас танай гэрт хүн байна уу гэж асуухаар нь би ганцаараа байдаг гэсэн чинь тэгвэл манайд орж жоохон сууж байгаад гаръя гэхээр нь би зөвшөөрөөд бид хоёр манай гэр лүү явж байгаад гэрийн ойролцоо дэлгүүр орж *** 2,5 литрийн савлагаатай Сэнгүр нэртэй шар айраг нэгийг аваад орсон.

... ***ыг ирэхээс өмнө нь *** бид хоёр дахиад дэлгүүр орж 2,5 литрийн шар айраг хоёрыг аваад гэртээ орсон. Тэрийг дөрвүүлээ хувааж ууж сууж байгаад ***, *** хоёр зодолдсон. Тэгээд тэр хоёр зодолдож байгаад гараад явсан байсан.

Удалгүй *** орж ирээд эгчээ та өнөөдөр энд ганцаараа хонож болохгүй, тэр залуу дахиж орж ирээд янз бүр болчихвол яахын, манайд хоноорой гэхээр нь би Төмөр замд байдаг ***ынд хоносон.

Цаг оройтсон байсан болохоор тэр гуравт та нар одоо яваа, би амармаар байна гэхэд *** гарахгүй байсан. Тэгээд ***д манай дүү *** ахаа та одоо гараарай, эгч амарна гээд байна, гурвуулаа гараад такси бариад явчихъя гэтэл *** би явахгүй, энд хононо бацаан минь чи юу гээд байгаа юм бэ гээд зодолдоод эхэлсэн. Би салгах гээд дундуур нь ороод салгаж чадаагүй.

Гэрт бол ***тай хамт ирсэн залуу ***ыг зодсон зүйл байхгүй. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 14 дэх тал/

 

Гэрч М.***-ын “... Тэгээд тэр эгч би ч гэсэн амармаар байна, та гурав одоо хариад амар аа гэсэн. Тэгсэн чинь *** ахыг үгээр идээд байсан ах хоёулаа хамт хоноё, угаасаа бие биеэ таних юм чинь гэсэн. Тэгээд *** ах эмэгтэй хүнийг ганцааранг нь үлдээсэн нь дээр таныг хоёр дүү нь таксинд суулгаж өгье гэсэн.

Тэгсэн чинь тэр ах би согтуу байна ш дээ, амармаар байна гээд байсан. Тэгэхээр нь *** ах тийм юм байхгүй ээ, гурвуулаа явъя, таныг таксинд суулгаж өгье гэж дахин хэлсэн. Тэгсэн гэнэт *** ах нөгөө ахтай цохилцоод босоод ирсэн. Тэгээд зууралдахаар нь би дундуур нь орж салгах гэж оролдсон боловч салаагүй.

Би *** ахыг тэврээд холдуулсан чинь нөгөө ах ирээд *** ахыг нүүр лүү нь цохисон. Тэгэхээр нь *** ах өөдөөс нь дайраад нэг хоёр цохисон. Тэгээд удалгүй хашхирах чимээнээр нийтийн байрны эзэн гэх нэг эгч гаднаас түлхүүрдээд орж ирээд юу болоод байгаа юм бэ, та нар эндээс гарцгаа гэсэн. Тэгээд бид гурав тэндээс гараад гадаа гараад нөгөө *** ах руу найз охиныг нь муулаад танай найз охин угаасаа янхан ш дээ, ийм байсан ш дээ гэж хэлээд дайраад байсан. Тэгээд *** ах тэр ах руу нэг цохих гээд далайсан чинь нөгөө ах газраас чулуу авч өөдөөс дайрсан би хойшилсон. *** ах тэр ахыг нэг цохисон. Нөгөө ах хойшоо болохдоо чулуугаа *** ах руу шидсэн. Тэгээд нөгөө ахыг *** ах хойноос нь тууж байгаа аятай өшиглөөд явуулж байсан. Бид хоёр тэр ахыг явуулчхаад буцаад нөгөө эгчийнх рүү орсон. Тэгээд *** ах тэр эгчийг хурдал хурдал гээд тэр эгчийг дагуулаад гэр лүүгээ авч явсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 19-21 дэх тал/

 

Гэрч Б.***-гийн “... шөнийн 02 цагийн хавьцаа хүн хашхирах чимээ гараад би шууд босоод чимээ гарч байгаа айл руу очсон. Очоод хаалгыг нь тогшсон боловч онгойлгоогүй. Дотор нь хүмүүс түжигнэлдээд байсан. Тэгээд өрөөг нь хаалга онгойлго гэж шаардсаар байгаад онгойлгуулаад дотогш ороход түрээслэгч гэх ***- гурван залуугийн хамт байсан.

... Тэгээд намайг ***-тай ярилцаж байхад тэдний гэрт нь байсан залуугийн хоёр нь зууралдаад хоорондоо ноцолдоод байсан. Би ***-д энэ хүмүүсээ яг одоо явуул, би цагдаа дуудлаа гэж хэлсэн. Энэ үед тэр хоёр залуу хоорондоо цохилцоод байсан. Нэг залуу нь явахгүй, гарах дургүй байгаа бололтой байсан. Нэг залуу нь явж өгөхгүй архи уусандаа юм уу, яасан юм бүү мэд гарах жаахан дургүй байх шиг байсан. Тэгээд би цагдаа дуудлаа, та нар одоо явцгаа гэсэн чинь намайг анх тэдний гэрт ороход зууралдаж байсан хоёр залуу зууралдаад шатаар буугаад гарсан. Тэгээд буугаад явцгаасан.

...Одоо явъя гээд зууралдаад заамдалцаад байсан нөгөө залуу нь хойшоогоо гэдийгээд унаад байсан. Тэгсэн явъя гэж чирээд татаад байсан залуу нь дээрээс нь нүүр лүү нь цохиж байгаа харагдсан. ...” гэсэн мэдүүлэг. /хэргийн 23-25 дахь тал/

 

Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12687 дугаартай:

“...1. М.***ын биед зүүн гайморын гадна хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн алимын салстад цус харвалт, баруун, зүүн дээд, доод зовхи, дух, дээд уруул, доод уруулын салст, зүүн чихний дэлбэн, баруун шуу, хүзүү, зүүн мөр, хэвлий, нуруунд цус хуралт, дээд уруулын салстад няцарсан шарх, хамрын нуруу, баруун чихний дэлбэн, баруун шуу, тохой, зүүн бугуй, нуруунд зулгаралт гэмтлүүд тогтоогдлоо.

2. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн хэд хэдэн удаагийн үйлчлэлээр үүссэн байна.

3. Дээрх гэмтлүүд нь хэрэг гарсан гэх хугацаанд үүссэн байх боломжтой.

4. Амь насанд аюулгүй гэмтлүүд байна.

5. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.3.1-д зааснаар эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах тул гэмтлийн хүндэвтэр зэрэгт хамаарна.

6. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн дүгнэлт. /хэргийн 27-28 дахь тал/

 

Т.***ын яллагдагчаар өгсөн “... Тэгээд ***- би амарлаа, та нар одоо яв гэсэн. Тэгээд *** гэх залуу хэвтчихээд би явахгүй гээд байсан. ***- эгч тэр залуугийн наана сууж байсан. Тэгээд ***- эгчийг тэр залуу хоёулаа эндээ унтчихъя гэсэн. Тэгэхээр нь би ахаа ингэж болохгүй, гурвуулаа явъя таныг таксинд суулгаж өгье гэсэн боловч явахгүй байсан. Тэгээд тэр залуу над руу чи муу бацаан түрүүнээс хойш юу гээд байгаа юм бэ гээд босож ирээд намайг цохисон. Миний хамар луу цохисон. Тэгэхээр нь би одоо больё, эр хүмүүс байна, таныг таксинд суулгаж өгье гэж хэлсэн чинь намайг түлхээд буланд шахсан. Тэгээд миний цээж рүү цохихоор нь би зөрүүлээд гурван удаа нүүр лүү нь цохисон. Энэ үед *** одоо больцгоо гээд салгасан чинь чи болиулдаг хэн бэ гээд ***ийг цохисон. Энэ үед байрны эгч гаднаас орж ирээд энд юу болоод байгаа юм бэ гээд асуусан. Тэгэхээр нь болсон учрыг нь хэлсэн. Тэгээд ***, *** бид гурав явах гэж гарсан. Тэр үед *** шатны уруу өөрөө унасан. Тэгээд нуруундаа шарх авсан. Гадаа гараад бас манай найз охины талаар доромжлоод байсан. Би явлаа гээд тэр ахад хэлсэн чинь над руу чулуу аваад дайрахаар нь хацар луу нь нэг удаа цохиод, нэг удаа амбаардаад тэгээд тэр залуу өөрөө гүйгээд яваад өгсөн. ...” гэсэн мэдүүлэг /хэргийн 39-40 дэх тал/ зэрэг болно.

Шүүхийн хэлэлцүүлгийн үед шинжлэн судалсан дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, хуульд заасан журмаар цугларсан, хэрэг хянан шийдвэрлэхэд хангалттай байна гэж үнэлэв.

 

Нэг: Шүүгдэгчийн гэм буруугийн талаар:

    1. Шүүхээс тогтоосон үйл баримт

2023 оны 10 дугаар сарын 03-ны өдрөөс 04-ний өдөр шилжих шөнө Баянгол дүүргийн 21 дүгээр хорооны нутаг дэвсгэр, Говь сауны замын эсрэг талын нийтийн байранд Б.***-гийн гэрт нь хохирогч М.*** нь түүнтэй хамт согтууруулах ундааны зүйл хэрэглэжээ.

Тухайн үед Б.***- нь өөрийн танил дүү болох шүүгдэгч Т.***ыг дуудсан байсан ба тэрээр найз М.***-ын хамт ирсэн бөгөөд согтууруулах ундааны зүйл хэрэглэх явцдаа Б.***- нь шүүгдэгч Т.***, хохирогч М.***, М.***- нарыг гэртээ харь гэж хэлжээ.

Үүний дараа шүүгдэгч Т.*** нь хохирогч М.***ыг хамт явъя гэж хэлсэн боловч хохирогч М.*** нь явахгүй, эндээ хононо гэж эсэргүүцсэний улмаас тэдгээрийн хооронд хооронд маргаан үүсчээ.

Ингээд уг маргаанаас үүдэлтэйгээр шүүгдэгч Т.*** нь хохирогч М.***тай ноцолдож, түүний биед халдаж эрүүл мэндэд нь зүүн гайморын гадна хана, хамар ясны хугарал, хамрын таславчийн мурийлт, баруун, зүүн алимын салстад цус харвалт, баруун, зүүн дээд, доод зовхи, дух, дээд уруул, доод уруулын салст, зүүн чихний дэлбэн, баруун шуу, хүзүү, зүүн мөр, хэвлий, нуруунд цус хуралт, дээд уруулын салстад няцарсан шарх, хамрын нуруу, баруун чихний дэлбэн, баруун шуу, тохой, зүүн бугуй, нуруунд зулгаралт бүхий хүндэвтэр зэргийн гэмтэл учруулжээ.

Дээрх үйл баримт нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан үндэслэл журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн дээрх нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон байна гэж шүүх үзлээ.

Түүнчлэн шүүх мөрдөн шалгах ажиллагаа явуулах замаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.16 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар хэргийг хянан хэлэлцэхийг нэг удаа 60 хүртэл хоногоор хойшлуулж шийдвэрлэх нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг бүхэлд нь зөрчсөн үйлдэл болохоос гадна анхан шатны журмаар хянан шийдвэрлэх ажиллагаа нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.14 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасны дагуу  прокуророос шүүхэд шилжүүлсэн эрүүгийн хэргийн хүрээнд явагддаг.

Иймд өмгөөлөгч Ж.Баяржавхлангийн шүүгдэгч Т.***ыг Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулах гэмт хэргийг хүндрүүлэх нөхцөл байдалтайгаар буюу бүлэглэж үйлдсэн гэсэн гэм буруугийн талаар гаргасан дүгнэлт нь хууль зүйн үндэслэлгүй байна.

 

    1. Нотлох баримт баримтын үнэлгээ

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудын хүсэлтээр шинжлэгдсэн дээрх нотлох баримтууд нь энэ хэрэгт хамааралтай, ач холбогдол бүхий хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж бэхжүүлсэн байх ба Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 16.2 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих байдлуудыг хангалттай шалгаж тодруулсан шүүгдэгчийн гэм буруугийн асуудлыг шийдвэрлэхэд хангалттай байна гэж шүүх үнэлэв.

Шүүхийн хэлэлцүүлэгт талуудаас шүүхэд танилцуулсан нотлох баримтыг шүүхэд хэлэлцүүлэхгүй байх, хасуулах, шинжлэн судлах дараалалд өөрчлөлт оруулах талаар санал, хүсэлт гаргаагүйг тэмдэглэх нь зүйтэй.

 

    1. Оролцогчийн эрхийн хэрэгжилт

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд оролцогчийн хуулиар хамгаалагдсан эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчих, хязгаарлах хэлбэрээр Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заасан шаардлага, журам зөрчсөн байдал тогтоогдоогүй болно.

 

    1. Эрх зүйн дүгнэлт

Шүүгдэгч Т.*** нь хүний эрүүл мэндийн халдашгүй байдалд халдсаны улмаас хохирогч М.***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан, шүүгдэгчийн гэмт үйлдэл хоёрын хооронд шалтгаант холбоотой байх ба өөрийн үйлдэл, эс үйлдэхүйг хууль бус шинжтэй болохыг ухамсарлаж түүнийг хүсэж үйлдсэн, хохирол, хор уршигт зориуд хүргэсэн гэм буруугийн санаатай хэлбэрээр, Эрүүгийн хуулийн тусгай ангид гэмт хэрэгт тооцохоор заасан үйлдэл болох нь хэрэгт авагдсан болон шинжлэн судалсан нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж шүүх дүгнэлээ.

Иймд шүүгдэгч Т.***ын үйлдэл нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулахгэмт хэргийн шинжийг бүрэн хангасан байх тул түүнд холбогдуулж яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн хуулийн зүйл, хэсэг тохирсон байна.

 

Гэмт хэргийн улмаас учирсан хохирол, хор уршиг

Хохирогч М.***ын эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учирсан болох нь Шүүхийн шинжилгээний Үндэсний хүрээлэнгийн 2023 оны 10 дугаар сарын 11-ний өдрийн Хүний биед хийсэн шүүх эмнэлгийн шинжилгээ №12687 дугаартай дүгнэлтээр тогтоогдсон бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд шүүх тогтоол гаргах үед нэхэмжлэл түүний үндэслэл, хэмжээний нотлогдсон байдлыг харгалзан шийдвэрлэх талаар хуульчилсан.

Хавтаст хэрэгт авагдсан баримтууудаар хохирогч М.*** нь өөрт учирсан гэмтлийг АУШҮИС-ийн Монгол-Япон эмнэлэгт хэвтэж эмчлүүлсэн 460,000 төгрөг, бусад эмчилгээний зардалд 557,081 төгрөг, нийт 1,017,081 төгрөг тогтоогдсон тул шүүгдэгч Т.***аас уг төлбөрийг гаргуулахаар шийдвэрлэлээ.

Ийнхүү гэмт хэргийн улмаас учирсан хор уршгийг тооцохдоо хохирогч М.***ын хүнс, шатахуун, эрүүл мэндийн даатгалын хөнгөлөлтөд зарцуулсан зардлыг оруулан тооцох боломжгүй юм.

Гэхдээ хохирогч М.*** нь өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдах нь зүйтэй.

 

Хоёр: Эрүүгийн хариуцлагын талаар:

2.1. Талуудын санал, дүгнэлт

Улсын яллагчаас шүүгдэгч Т.***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулах дүгнэлтийг гаргав.

Хохирогчийн өмгөөлөгч Ж.Баяржавхлан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “зорчих эрхийг хязгаарлах ял сонгон оногдуулж өгнө үү” саналыг гаргажээ.

 

2.2. Эрүүгийн хариуцлага

Шүүх шүүгдэгчийн үйлдсэн гэмт хэрэг нь нотлогдон тогтоогдсон тул түүнийг гэм буруутайд тооцож, эрүүгийн хариуцлага хүлээлгэх нь зүйтэй гэж дүгнэлээ.

Шүүгдэгч Т.***д эрүүгийн хариуцлага хүлээлгэхдээ Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.4 дэх заалтад заасан “хохирогчийн зүй бус үйлдлээс шалтгаалан гэмт хэрэг үйлдсэн” байдлыг харгалзан шүүгдэгчид Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгчид Эрүүгийн хариуцлага хүлээлгэхэд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.6 дугаар зүйлд заасан хүндрүүлэх нөхцөл байдал тогтоогдоогүй болно.

 

2.3. Бусад асуудал

Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдвал зохино.

 

Монгол Улсын шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.2, 36.6, 36.7, 36.8, 36.10, 36.13, 37.1 дүгээр зүйлүүдийг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч  ***ыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан “Хүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Т.***ыг 300 цаг нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар Т.***ыг нийтэд тустай ажил хийлгэх ялыг өдөрт 5 цагаар хийхээр тогтоосугай.

 

4. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар Т.***д нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож, хорих ялаар солихыг сануулсугай.

 

5. Хэрэгт эд хөрөнгө битүүмжлэгдээгүй, эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, Т.*** баривчлагдсан, цагдан хоригдсон хугацаагүй, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зардалгүй болохыг тус тус дурдсугай.

 

6. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1 дэх хэсэгт зааснаар Т.***аас 1,017,081 төгрөг гаргуулж М.***д олгож, М.*** өөрт учирсан хохирол, хор уршгийн талаарх нотлох баримтуудаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх журмаар нэхэмжлэх эрхтэй болохыг дурдсугай.

 

7. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.10 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийдвэрийг уншиж сонсгосноор хүчинтэй болох бөгөөд мөн хуулийн 38.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч, түүний хууль ёсны төлөөлөгч, хохирогч, түүний хууль ёсны төлөөлөгч, тэдгээрийн өмгөөлөгч шүүхийн шийдвэрт давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36.8 дугаар зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүхийн шийтгэх тогтоолыг улсын яллагч, шүүгдэгч, хохирогч, тэдгээрийн хууль ёсны төлөөлөгч, өмгөөлөгч өөрөө гардан авснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 37.1 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрт гомдол, эсэргүүцэл гаргасан бол шүүхийн шийдвэрийн биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол хүчин төгөлдөр болтол Т.***д авсан хувийн баталгаа гаргах таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ ШҮҮГЧ                                             А.АЛТАНХУЯГ