Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2020 оны 10 сарын 08 өдөр

Дугаар 101/ШШ2020/03491

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

 

Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, шүүгч Д.Ганболд, шүүгч Т.Энхжаргал нарын бүрэлдэхүүнтэй, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,

 

 

 

Нэхэмжлэгч: Баянзүрх дүүрэг, 3 дугаар хороо, 52 дугаар гудамж, 6 тоот хаягт оршин суух, Г.О нэхэмжлэлтэй,

 

 

 

Хариуцагч: Баянзүрх дүүрэг, 25 дугаар хороо, 13 дугаар хороолол, 67 дугаар байр, 16 тоот хаягт оршин суух, М.М холбогдох,

 

 

 

Гэм хорын хохиролд 6.681.800 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.

 

 

 

Шүүх хуралдаанд:

 

Нэхэмжлэгч Г.О,

 

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Ж.Б

 

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Б

 

Иргэдийн төлөөлөгч Ц.Г

 

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов.

 

Шүүх хурал

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Г.О шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон өмгөөлөгч Ж.Б хамт шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:

 

Миний бие 2019 оны 12 дугаар сарын 29-ний бүтэн сайн өдөр 13 цагийн орчимд Баянзүрхийн хүнсний захаас хүнсний зүйл худалдан авахаар явган зорчигчийн замаар явж байсан юм. Тухайн замд гар дээр худалдаа эрхлэгчид нэг эгнээнд суучихсан, хүн зөрөх зайгүй хөдөлгөөнтэй байсан гэтэл урдаас тэрэгтэй хүн гарч ирсэн. Тэр хүнд зам зайчлах санаатай зам руу нэг алхам орсон тэгтэл ташаанаас юм мөргөх шиг болоод би зам дээр унасан. Гэтэл миний хөл дээр автомашины дугуй гараад ирчихсэн, хөдлөхгүй 6 минут шахам зогссон. Замын хажууд худалдан авагч хүмүүсийн хамт машины хаалгыг цохисон. Ингэхэд М. Мөнхзаяа машинаа урагшлуулахад миний хөл хоёр дугуйн голд байсан бөгөөд тухайн үед би өөрөө эмч хүн тул хөл минь хугарчихлаа гэдгийг мэдэрсэн. Ингээд жолооч М.М гэмтлийн эмнэлэг рүү авч явсан. Ингээд гэмтлийн эмнэлэгт хөлний хагалгаанд орж 10 хоног хэвтэн эмчлүүлсэн. Уг ослоос миний биед хүндэвтэр гэмтэл учруулсан.

 

Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/494 тоот шийтгэх тогтоолоор М.Мг 500 нэгжтэй тэмцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялыг оногдуулсан, эмчилгээний зардалд 1.791.214 төгрөг төлсөн. Г.О миний бие Энх-Ирээдүй эмнэлэгт 2019.10.01-ний өдрөөс ажиллаж эхэлсэн, осол болох хүртэл Эрүүл мэндийн сайдын тушаалын дагуу үзлэгийн маягтаар өдөр тутамд үзсэн хүүхдээ бүртгэдэг байсан бөгөөд татварын албанд 2019 оны бүтэн орлого биш зөвхөн 3 сарын хугацааны татварыг тайлагнаж, түүнд ногдох татвараа төлсөн.

 

Г.Оийн ХААН банкны дансны хуулга болон бусад баримтаар 2019 оны 10 сард 1.700.000 төгрөг, 2019 оны 11 сард 1.800.000 төгрөг, 2019 оны 12 сард 2.500.000 төгрөгийн орлоготой байсан нь тогтоогдох бөгөөд зарим үйлчлүүлэгч үзлэгийн төлбөрийг бэлнээр төлдөг, үүнийг үзлэгийн бүртгэлд бүртгэдэг. 2020 оны 1 дүгээр сараас 2020 оны 5 дугаар сар хүртэлх 5 сарын хугацаанд нэг сарын 1.200.000 төгрөгийн орлого олж байсан гэж дундаж байдлаар тооцож, олох ёстой орлого 6.000.000 төгрөг нэхэмжилсэн.

 

Эрүүгийн анхан шатны шүүхээс хохирогч Г.Оийг энэ гэмтлийн улмаас учирсан гэм хорын хохирол, цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичиг баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу жич нэхэмжлэх эрхтэй болохыг заасан. Эрүүгийн хэргийг шийдвэрлэсэн шийтгэх тогтоолд шүүгдэгч, хохирогчийн хэн хэнийх нь буруутай үйлдэл байсныг тогтоогоогүй бөгөөд харин хохирогчид эмнэлгийн туслалцаа үзүүлсэн, учирсан хохирол төлсөн зэргийг ял хөнгөрүүлэх нөхцөлд тооцсон байдаг. Хариуцагч нь ямар үндэслэлээр сард олох орлогыг 450.000 төгрөг гэж байгаа нь ойлгомжгүй байна.

 

Иймд гэм хорын хохиролд М.Мгаас эмчилгээний зардал 237,800 төгрөг, сэргээн засах эмчилгээний зардалд 444.000 төгрөг, 2020 оны 1 сараас 05 сарын 31-ний өдөр хүртэлх 5 сарын ажилгүй байсан үеийн олох байсан орлого 6.000.000 төгрөг, нийт 6.681.800 төгрөгийг гаргуулж өгнө үү гэв.

 

 

 

Хариуцагч М.Мгийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Л.Батжаргал нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:

 

Хариуцагч М.М нь Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо Баянзүрх захын баруун замд 2019 оны 12 дугаар сарын 29-ний өдрийн 14 цаг 10 минутын орчим Toyoto Vanguard маркийн 68-84 УНЛ улсын дугаартай автомашинтай явж байх үедээ зам тээврийн осол гаргасан байдаг бөгөөд явган зорчигч нэхэмжлэгч Г.Оийн эрүүл мэндэд нь хохирол учруулсан гэх үндэслэлээр түүнд холбогдох хэрэг бүртгэлтийн 2003000290073 дугаартай хэрэг үүсгэж мөрдөн шалгах ажиллагаа явагдсан болно. Мөрдөн шалгах ажиллагааны явцад Тээврийн цагдаагийн газрын 2020 оны 01 дүгээр сарын 25-ны өдрийн №63 тоот шинжээчийн дүгнэлтээр:

 

1. Toyoto Vanguard маркийн 68-84 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодож явсан жолооч М.М нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 12.3. дахь заалт Жолооч хөдөлгөөнд аюул, саад тулгарахыг мэдсэн үед тээврийн хэрэгслийн хурдыг хасаж, зайлшгүй тохиолдолд зогсоох арга хэмжээ авна." гэсэн заалтыг зөрчсөн гэх үндэслэлтэй байна.

 

2. Явган зорчигч Г.О нь Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 5.1. дахь заалт 5.1. Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй буюу түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн гадна талын захаар) цуварч явна гэснийг зөрчсөн гэх үндэслэлтэй байна гэх дүгнэлтийг гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл хохирогч Г.О, холбогдогч М.М нарын 50, 50 хувийн буруутай үйлдлийн улмаас зам тээврийн осол гарсан гэж дүгнэсэн байдаг бөгөөд шинжээчийн дүгнэлтэд хэргийн оролцогчид буюу Г.О, М.М нар гомдол, санал гаргаагүй болно. Хариуцагч М.Мд Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2010 оны 03 дугаар сарын 24-ны өдрийн 2020/ШЦТ/494 дугаартай тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 500,000 төгрөгөөр торгох ял оногдуулсан. Нэхэмжлэгч Г.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 237,800 төгрөг, сэргээн засах эмчилгээний сувилалд сувилуулсан зардал 444,000 төгрөг, нийт 681.800 төгрөгийг зөвшөөрнө. Харин 2020 оны 1 дүгээр сараас 5 дугаар сарын 31-ний өдөр хүртэлх 5 cap ажилгүй байсан үеийн олох байсан орлого 6.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй байна.

 

Нэхэмжлэгчийн 2019.10.01-ний өдрөөс 2019.12.31-ний өдрийн ХААН банкны дансны хуулга дах орлогын гүйлгээг бүхэлд нь түүний эмчийн үйл ажиллагаанаас олсон орлого гэж үзэх боломжгүй. Мөн тэрээр үзлэгийн төлбөрийг бэлнээр авсан талаарх баримтыг хэрэгт ирүүлээгүй.

 

Тэрээр сарын 1.700.000-1.800.000 төгрөгийн орлоготой гэх боловч банкны баримтаас үзэхэд 2019 оны 10 сард 580.000 төгрөг, 2019 оны 11 сард 700.000 төгрөг, 2019 оны 12 сард 1.300.000 төгрөг, нийт 2.580.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн байна. Үүнээс үзэхэд 2019 оны 10,11,12 саруудын гүйлгээ болох 2.580.000 төгрөгийг 3 сард хуваахад сард 860.000 төгрөг, үүнээс байрны түрээс 420.000 төгрөгийг хасч тооцоход сарын орлого нь ойролцоогоор 450.000 төгрөг байхаар байна.

 

ХААН банкны дансны хуулга дах 20 гаруй удаагийн гүйлгээний утга тодорхой, бусад нь ямар гүйлгээ хийгдсэн нь тодорхойгүй, гүйлгээний утга ойлгомжгүй байгаа нь түүнийг сард 1.200.000 төгрөгийн орлоготой гэдгийг нотлохгүй байна. Г.О нь өөрийн орлогоо тодорхойлсны үндсэн дээр түүнд ногдох татварыг төлсөн гэх боловч 2020.03.24-ний өдрийн эрүүгийн хэргийн шүүх хуралдаан дээр татвар төлсөн талаарх энэ баримт байхгүй байсан, гэтэл энэ өдрөөс хойш буюу 2020.03.31-ний өдөр татвараа мэдүүлсэн баримтыг шүүхэд гаргаж өгсөн байгаа нь эргэлзээ төрүүлж байна. Хувь хүний орлогын албан татварын тухай хуулийн 27 дугаар зүйлд иргэн орлогод ногдуулан суутгасан албан татварын улирлын тайланг дараа улирлын эхний сарын 20-ны өдрийн дотор, жилийн тайланг дараа оны 02 дугаар сарын 15-ны өдрийн дотор харьяа татварын албанд хүргүүлнэ гэж заасантай нийцсэнгүй. Дээрх зам тээврийн осол гарахад зохигч хэн, хэнийх нь Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн буруутай үйлдэл нөлөөлсөн тул гэм хорын асуудлыг шийдвэрлэхдээ шүүхийг харгалзан үзэх шаардлагатай гэж үзэж байна.

 

Иймд Г.Оийн нэхэмжлэлийн шаардлагаас эмчилгээний зардал 237.800 төгрөг, сувилалд сувилуулсан зардал 444.000 төгрөг, нийт 681.800 төгрөгийг зөвшөөрнө, харин байсан орлого 6.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй гэв.

 

 

 

Шүүх хуралдаанаар зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан бичгийн баримтуудыг шинжлэн судлаад

 

ҮНДЭСЛЭХ нь:

 

 

 

Нэхэмжлэгч Т.Оюунчимэг нь хариуцагч М.Мд холбогдуулан гэм хорын хохиролд эмчилгээний зардал 237.800 төгрөг, сувилалд сувилуулсан зардал 444.000 төгрөг, олох байсан орлого 6.000.000 төгрөг, нийт 6.681.800 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийг шүүхэд гаргасан.

 

 

 

2019 оны 12 дугаар сарын 29-ний өдөр Баянзүрх дүүргийн 6 дугаар хороо, Баянзүрх захын баруун талын замд хариуцагч М.М нь Toyota vanguard маркийн 68-84 УНЛ улсын дугаартай тээврийн хэрэгслийг жолоодон явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 13.2-д заасныг зөрчсөнөөс нэхэмжлэгч Г.Оийг мөргөж, түүний эрүүл мэндэд хүндэвтэр хохирол учруулсан болох нь Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/494 тоот шийтгэх тогтоолоор тогтоогджээ.

 

 

 

Дээрх шийтгэх тогтоолоор М.Мг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний эрүүл мэндэд хүндэвтэр учруулсан гэмт хэрэг үйлдсэн буруутайд тооцож, 500 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 500.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн байх бөгөөд гэм буруугийн талаар хариуцагч маргаагүй болно. /хх-ийн 3-6 тал/

 

 

 

Энэ ослын улмаас Г.Оийн биед баруун шагайн гадна дотор хавчаар, шаантны ар ирмэгийн далд хугарал, мултрал, хугарал засаж, бэхлэх мэс заслын дараах байдал бүхий эрүүл мэндийг удаан хугацаагаар сарниулах хүндэвтэр зэргийн гэмтэл учирсан болох нь Шүүхийн Шинжилгээний Үндэсний Хүрээлэнгийн 2020 оны 01 дүгээр сарын 10-ны өдрийн 901 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тогтоогджээ.

 

 

 

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2020 оны 03 дугаар сарын 24-ний өдрийн 2020/ШЦТ/494 тоот шийтгэх тогтоолын 7 дах заалтанд Г.О нь энэ гэмтлийн улмаас учирсан гэм хорын хохирол болон цаашид гарах эмчилгээний зардлаа холбогдох бичгийн нотлох баримтаа бүрдүүлж Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасан журмын дагуу нэхэмжлэх эрхийг нээлттэй үлдээсэн байна.

 

 

 

Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1-д : Бусдын эрх, амь нас, эрүүл мэнд, нэр төр, алдар хүнд, ажил хэргийн нэр хүнд, эд хөрөнгөд хууль бусаар санаатай буюу болгоомжгүй үйлдэл/эс үйлдэхүй/-ээр гэм хор учруулсан этгээд уг гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй,

 

Иргэний хуулийн 505 дугаар зүйлийн 505.1-д : Бусдын эрүүл мэндэд гэм хор учруулсан этгээд нь хохирогчийн хөдөлмөрийн чадвараа алдсанаас дутуу авсан цалин хөлс, түүнтэй адилтгах орлого, ийнхүү эрүүл мэндэд гэм хор учруулсантай холбогдон гарсан асарч сувилах, нэмэгдэл хоол өгөх, хиймэл эрхтэн хийлгэх, сувилалын газарт сувилуулах зэрэг зайлшгүй бүх зардлыг хохирогчид төлөх үүрэгтэй гэж тус тус заасны дагуу хариуцагч М.М нь нэхэмжлэгч Г.Оийн эрүүл мэндэд учирсан гэм хорыг хариуцан арилгах үүрэгтэй байна.

 

 

 

Хариуцагч М.М нь эмчилгээ, сувилгааны зардал 681.800 төгрөгийг зөвшөөрч, олох байсан орлого 6.000.000 төгрөгийг зөвшөөрөхгүй маргаж байх тул уг маргаантай шаардлагын зарим хэсгийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэх нь зүйтэй гэж шүүх бүрэлдэхүүн үзэв.

 

 

 

Нэхэмжлэгч Г.О нь дээрх гэмтлийн улмаас 2020 оны 01 дүгээр сараас 2020 оны 05 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацаанд эмчилгээ, сувилгаа хийлгэсэн болох нь эрүүл мэндийн дэвтэр, эмчилгээний зардал төлсөнтэй холбоотой баримт, Оллрут ХХК-ийн тодорхойлолт зэргээр тогтоогдож байх тул түүнийг дээрх хугацаанд мэргэжлийн ажил, үйлчилгээ буюу эрүүл мэндийн үйлчилгээг бусдад үзүүлэн орлого олох боломжгүй байсан гэж үзэх үндэслэлтэй. /хх-ийн 34-43 тал/

 

 

 

Тэрээр олох байсан орлого 6.000.000 төгрөгийн нэхэмжлэлийн үндэслэл болгож 2019 оны 10 дугаар сарын 01-ний өдрөөс 2019 оны 12 дугаар сарын 31-ний өдрийг дуусталх хугацааны ХААН банк ХХК дахь өөрийн эзэмшдэг 5037616307 тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулгыг шүүхэд ирүүлсэн байх ба түүний тодорхойлсон орлого хэсэгт дээрх хугацаанд 3.026.000 төгрөгийн орлогын гүйлгээ хийгдсэн боловч зарим гүйлгээний утга тодорхойгүй байгаа нь уг гүйлгээг ойлгомжгүйд хүргэж, ингэснээр түүнийг бусдад эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлснээр түүний орлогыг нэг сард 1.200.000 төгрөг болох нь тогтоогдсон гэж үзэх боломжгүй. /хх-ийн 27-33 тал/

 

 

 

Түүнчлэн нэхэмжлэгч нь дээрх үйлчилгээг үзүүлсний төлбөрийг бусдаас бэлэн байдлаар хүлээн авсан талаарх баримтыг шүүхэд ирүүлээгүй болно.

 

 

 

Нэхэмжлэгч нь 2019 оны 10, 11,12 сарын орлого болох 3.932.950 төгрөгийг харъяа татварын хэлтэст тайлагнасан гэж тайлбарласан боловч татвар төлөгч иргэний орлого,татварын бүртгэлийн дэвтэр, Баянзүрх дүүргийн Татварын хэлтсийн 2020 оны 07 дугаар сарын 27-ны өдрийн 20-04/1879 дугаартай албан бичиг, түүнд хавсарган ирүүлсэн баримтаас үзэхэд түүнийг 2019 оны орлогыг бүхэлд нь тайлагнасан, үүний үндсэн дээр уг орлогод ногдох татварыг төлсөн гэж үзэхээр байна.

 

 

 

Үүнээс үзэхэд нэхэмжлэгч нь 2019 оны үйл ажиллагааны орлогыг 3.932.950 төгрөг гэж татварын байгууллагад тодорхойлсноос үзэхэд түүний цалин хөлс, түүнтэй адилтгах орлогыг сард 327.746 төгрөг гэж үзэхээр байх боловч хариуцагчийн тайлбарлаж буй 450.000 төгрөгийн хэмжээгээр тооцох нь зүйтэй гэж үзэв. /хх-ийн 44, 98-100 тал/

 

 

 

Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан баримтуудаар дээрх зам тээврийн осол нь хариуцагч М.Мгийн Замын Хөдөлгөөний дүрмийн 12.3-д заасан заалтыг зөрчсөн буруутай үйлдлийн улмаас гарсан болох нь тогтоогдож байгаа боловч тухайн үед нэхэмжлэгч Г.О нь Замын хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасныг зөрчсөн болох нь шүүхийн хүчин төгөлдөр 494 тоот шийтгэх тогтоол, Тээврийн цагдаагийн газрын 2020.01.25-ны өдрийн №63 дугаартай шинжээчийн дүгнэлтээр тус тус тогтоогдож байна. /хх-ийн 3-6,53-54 тал/

 

 

 

Дээр дурдсан байдлуудыг үндэслэн нэхэмжлэгч Г.О нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн 5.1-д заасан: Явган зорчигч нь явган хүний замаар, тийм зам байхгүй бол зорчих хэсгийн хажуугийн хөвөөгөөр явна. Явган хүний зам, хөвөө байхгүй бол түүгээр явах боломжгүй тохиолдолд явган зорчигч нь унадаг дугуйн зам, эсхүл зорчих хэсгийн захаар /тусгаарлах зурвастай замд зорчих хэсгийн захаар/ цуварч явна гэснийг зөрчсөнөөс түүнд учирсан хохирлын хэмжээ нэмэгдсэн гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

 

 

Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д: Гэм хор учрах буюу түүнээс үүдэн гарах хохирлын хэмжээ нэмэгдэхэд хохирогчийн хэтэрхий болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүй нөлөөлсөн бол уг нөхцөл байдлыг харгалзан хариуцах гэм хорын хэмжээг багасгаж болно гэж заасны дагуу уг зам тээврийн ослын улмаас хохирлын хэмжээ нэмэгдэхэд нэхэмжлэгч Г.Оийн болгоомжгүй үйлдэл нөлөөлсөн гэж шүүх дүгнэж байх тул Иргэний хуулийн 514 дүгээр зүйлийн 514.1-д заасныг үндэслэн түүний гэм буруугийн хэмжээг харгалзан олох байсан орлогын зарим хэсгийг хариуцагчаас гаргуулах нь зүйтэй гэж үзэв.

 

 

 

/450.0 төгрөг х 5 сар =2.250.000 төгрөг/2=1.125.000 төгрөг/

 

 

 

Иймд хариуцагч М.Мгаас эмчилгээний зардал 237.800 төгрөг, сувилалд сувилуулсан зардал 444.000 төгрөг, олох байсан орлого 1.125.000 төгрөг, нийт 1.806.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.875.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

 

 

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.2, 116, 118-т заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь :

 

 

 

1. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 505 дугаар зүйлийн 505.1, 514 дүгээр зүйлийн 514.1-д тус тус зааснаар хариуцагч М.Мгаас 1.806.800 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Г.От олгож, нэхэмжлэлийн шаардлагаас 4.875.000 төгрөгт холбогдох хэсгийг хэрэгсэхгүй болгосугай.

 

 

 

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, 41 дүгээр зүйлийн 41.1.7-д тус тус зааснаар нэхэмжлэгч Г.Оийн нэхэмжлэл нь улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлөгдөх болохыг дурьдаж, хариуцагч М.Мгаас улсын тэмдэгтийн хураамжид 43.859 төгрөг гаргуулан улсын орлогод оруулсугай.

 

 

 

3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 120 дугаар зүйлийн 120.2-д зааснаар зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч анхан шатны шүүхийн шийдвэрийг гардан авсан өдрөөс хойш 14 хоногийн дотор Нийслэлийн иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэй бөгөөд Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.4, 119.7-д зааснаар шийдвэрийг танилцуулан сонсгож, 7 хоног өнгөрснөөс хойш 14 хоногийн дотор шүүх хуралдааны оролцогч талууд шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах журмаар гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулснаар гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.

 

 

 

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ

 

 

 

ШҮҮГЧИД Д.ГАНБОЛД

 

 

 

Т.ЭНХЖАРГАЛ