| Шүүх | Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүх |
|---|---|
| Шүүгч | Бямбаюугийн Цолмонгэрэл |
| Хэргийн индекс | 101/2020/02974/И |
| Дугаар | 101/шш2020/03504 |
| Огноо | 2020-10-09 |
| Маргааны төрөл | Бусад зээл, |
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр
2020 оны 10 сарын 09 өдөр
Дугаар 101/шш2020/03504
МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС
Баянзүрх дүүргийн Иргэний хэргийн анхан шатны шүүхийн шүүгч Б.Цолмонгэрэл даргалж, тус шүүхийн шүүх хуралдааны танхимд хийсэн иргэний хэргийн шүүх хуралдаанаар,
Нэхэмжлэгч: Говь-Алтай аймаг, Цээл сум, **** хаягт оршин суух, Ц.У нэхэмжлэлтэй,
Хариуцагч: Улаанбаатар хот, Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт оршин суух бүртгэлтэй,
Баянзүрх дүүрэг, ***** тоот хаягт оршин суух С.У холбогдох,
2.000.000 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хянан хэлэлцэв.
Шүүх хуралдаанд:
Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б
Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш
Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Д.Б нар оролцов
ТОДОРХОЙЛОХ нь:
Нэхэмжлэгч Ц.У нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ болон түүний итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.Б шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа:
С.Н нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөгийг Ц.Угаас авсан боловч өнөөдрийг хүртэл уг мөнгийг өгөөгүй байна.
Талуудын хооронд мөнгө хүлээлцсэн баримт, 2017 оны 12 сард нэхэмжлэгч Ц.Угийн данснаас 2.000.000 төгрөгийг шилжүүлсэн дансны хуулга зэрэг баримтыг үндэслэн шаардсан.
Ер нь бол Т.Уртнасан нь анх авто машины бичиг баримт гаргуулах гэж С.Нтэй холбогдож, түүнд мөнгө шилжүүлсэн, гэтэл ярилцаж тохиролцсоны дагуу авто машины бичиг баримтыг зохицуулаагүй учир өгсөн мөнгөө буцааж авахаар шаардлага гаргасан.
С.Н нь 2.000.000 төгрөгийг хүлээн авсан гэдгээ зөвшөөрч байх бөгөөд тэрээр В.Н******* гэх хүнд шилжүүлсэн гэж тайлбарлаж байгаа боловч үүнийг нотолсон баримт байхгүй байна.
Иймд С.Нэс 2.000.000 төгрөг гаргуулах тухай Ц.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж өгнө үү гэв.
Хариуцагч С.Н итгэмжлэгдсэн төлөөлөгч М.Ш нь шүүхэд гаргасан болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа:
Нэхэмжлэгч Ц.Угийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй. Учир нь тус 2.000.000 төгрөгийг автомашин үзлэгт оруулаад өг гэж гуйсных нь дагуу хүнд зуучилсан болохоос талуудын хооронд зээлийн харилцаа үүсээгүй юм.
Гол нь Ц.У өөрийн өмчлөлийн 60 автомашин болон бусад техникийг үзлэг оношилгоонд оруулж бичиг баримтыг цэгцлээд өгөх таньдаг хүн байна уу гэж С.Нд хандсан байдаг.
С.Н нь Баянзүрх дүүргийн оношилгооны газарт ажилладаг В.Н******* гэх хүнийг таньдаг гэж хэлсэн бөгөөд эхний ээлжид 2 машины бичиг баримтыг зохицуулахаар ярьсан. Урьдчилгаа мөнгө хэрэгтэй гэсний дагуу Ц.Угаас авсан 2.000.000 төгрөгийг В.Н******* гэх хүнд өгсөн.
Иймд Ц.Угийн асуудлыг зохицуулаад өгсөн учир 2.000.000 төгрөгийг буцаан төлөх үндэслэлгүй тул нэхэмжлэлийг зөвшөөрөхгүй гэв.
ҮНДЭСЛЭХ нь:
Нэхэмжлэгч Ц.У нь 2.000.000 төгрөг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч С.Н бүхэлд нь зөвшөөрөхгүй гэж маргасан.
Нэхэмжлэгчийн нэхэмжлэлийг дараах үндэслэлээр хангаж шийдвэрлэв.
Нэхэмжлэгч нь нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлийг тээврийн хэрэгслийн бичиг баримтын зөрчлийг арилгуулах зорилгоор 2.000.000 төгрөгийг С.Нд хүлээлгэн өгсөн боловч уг зөрчил арилаагүй, тэрээр бусдад дамжуулан өгсөн баримтгүй тул буцаан шаардсан нь үндэслэлтэй гэжээ.
Талууд 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр Мөнгө хүлээлцсэн баримт үйлдсэн, уг баримтын хүлээлгэн өгсөн талд Ц.У, хүлээн авсан талд С.Н гарын үсэг зурсан, гарын үсгийн үнэн зөвийг нотариатч гэрчилсэн байна. /хх-ийн 4 тал/
Мөн өдөр нэхэмжлэгч Ц.Угийн ХААН банк ХХК-ийн ******* дугаартай данснаас 2.000.000 төгрөгийн зарлагын гүйлгээ хийгдсэн болох нь тус банкны депозит дансны дэлгэрэнгүй хуулганд тусгагджээ. /хх-ийн 3 тал/
Зохигчийн тайлбар, хэрэгт авагдсан дээрх баримтаар Ц.У нь 2017 оны 12 дугаар сарын 14-ний өдөр 2.000.000 төгрөгийг С.Нд хүлээлгэн өгсөн үйл баримт тогтоогдож байх ба энэхүү байдлын талаар талууд маргаагүй.
Хариуцагч С.Н нь дээрх 2.000.000 төгрөгийг тээврийн хэрэгслийн бичиг баримтын зөрчлийг арилгуулах зорилгоор бусдад буюу В.Н*******д шилжүүлэн өгсөн тул нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй гэж маргасан.
Хариуцагчийн дээрх тайлбар нь хэрэгт авагдсан баримтаар тогтоогдохгүй байх бөгөөд тэрээр Ц.Угаас хүлээн авсан 2.000.000 төгрөгийг бусдад шилжүүлэн өгсөн гэх байдлаа нотолсон баримтыг шүүхэд ирүүлсэнгүй.
Өөрөөр хэлбэл С.Н нь 2.000.000 төгрөгийг бусдад шилжүүлэн өгсөн гэх нэхэмжлэлийн шаардлагыг татгалзаж буй үндэслэлээ нотолсон баримтыг шүүхэд ирүүлээгүй нь түүнийг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 25 дугаар зүйлийн 25.2.2, 38 дугаар зүйлийн 38.1-д заасны дагуу нотлох баримтаар нотлох, тэдгээр баримтаа өөрөө гаргаж өгөх, цуглуулах үүргээ хэрэгжүүлсэнгүй гэж үзэх үндэслэл болно.
Иймд хариуцагч С.Нэс 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Уд олгов.
Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 115 дугаар зүйлийн 115.1, 115.2.1, 116, 118-т заасныг удирдлага болгон
ТОГТООХ нь:
1. Иргэний хуулийн 492 дугаар зүйлийн 492.1.1-д зааснаар хариуцагч С.Нэс 2.000.000 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Уд олгосугай.
2. Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.1, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 57 дугаар зүйлийн 57.1, 60 дугаар зүйлийн 60.1-д тус тус зааснаар хариуцагч С.Нэс улсын тэмдэгтийн хураамжид 46.950 төгрөг гаргуулан нэхэмжлэгч Ц.Уд олгож, нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 48.950 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.
3. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 119.4, 119.5, 119.7-д зааснаар шийдвэр танилцуулан сонсгомогц хүчинтэй болох ба уг өдрөөс 7 хоног өнгөрснөөс хойш зохигч, тэдний төлөөлөгч, өмгөөлөгч нь 14 хоногийн дотор шүүхэд хүрэлцэн ирж шийдвэрийг өөрөө гардан авах үүргээ биелүүлээгүй нь давж заалдах гомдол гаргах хугацааг тоолоход саад болохгүй бөгөөд шүүх хуралдаанд оролцоогүй талд шийдвэрийг гардуулсан, эсхүл хүргүүлснээр гомдол гаргах хугацааг тоолохыг дурдсугай.
ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ Б.ЦОЛМОНГЭРЭЛ