Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 27 өдөр

Дугаар 221/ШШ2026/0017

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн анхан шатны журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Г.Мөнхтулга,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Бүрэлдэхүүнд оролцсон Ерөнхий шүүгч Э.Лхагвасүрэн,

Нэхэмжлэгч: “Мо” ХХК,

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Х, Б.Б,

Хариуцагч: Монгол Улсын Засгийн газар,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч: Хот байгуулалт, барилга, орон сууцжуулалтын яамны Төрийн захиргааны удирдлагын газрын Хуулийн хэлтсийн дарга Б.С, тус хэлтсийн шинжээч Г.Г, мөн яамны Барилга, барилгын материалын бодлого зохицуулалтын газрын ахлах шинжээч Т.Б нар,

Нэхэмжлэлийн шаардлага: “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 дахь заалтыг хүчингүй болгох”,

Шүүх хуралдааны оролцогчид: нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Б.Б, Г.Х, хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Г,

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга И.Ө нар оролцов.

Хэргийн индекс:  221/2026/0020/3.

ТОДОРХОЙЛОХ нь:

1.  Нэхэмжлэгч “Мо” ХХК-иас тус шүүхэд хандан Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан “Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 дахь заалтыг хүчингүй болгох” шаардлага бүхий нэхэмжлэл гарган маргасан.

2.  Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах” 212 дугаар тогтоолын хавсралтаар “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийг шинэчлэн баталсан.

3. Нэхэмжлэгчээс 2026 оны 5 дугаар сарын 28-ны өдөр тус шүүхэд хандан нэхэмжлэл гаргасан бөгөөд тус шүүхийн шүүгчийн 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 221/ШЗ2026/1088 дугаар шүүгчийн захирамжаар захиргааны хэрэг үүсгэсэн.

4. Нэхэмжлэгчээс тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийн шаардлагын үндэслэлдээ:

Мо" ХХК нь 2024-2025 онд Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах өөрийн эзэмшлийн газар дээр 1, 2 давхар 2 блок үйлдвэрийн цогцолборын зориулалттай барилгыг барьж ашиглаж эхэлсэн. Барилга баригдаж дууссан тул 2025 оны 05 дугаар сард Нийслэлийн хяналт шалгалтын газарт "барилга ашиглалтад оруулах комисс ажиллуулах тухай" хүсэлт гаргасны дагуу тус газраас баримт бичгийг судалж, барилгын ажлын гүйцэтгэлтэй газар дээр нь танилцсан.

Гэвч Нийслэлийн хяналт шалгалтын газраас 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 04/457 дугаартай албан бичгээр "... тус барилга байгууламж нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно", Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10.3-д “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох" гэж тус тус заасныг зөрчсөн байх тул барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллах боломжгүй" гэж мэдэгдсэн. Үүнээс хойш тус газарт комисс ажиллуулах хүсэлт гаргасан боловч дээрх үндэслэл арилаагүй гэх шалтгаанаар хүсэлтийг хүлээн авахгүй байна. Нийслэлийн хяналт шалгалтын газраас хууль зүйн үндэслэл болгож байгаа Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн /цаашид "дүрмийн" гэх/ 10.3-т "Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна" гэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зохицуулалт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6-д заасан дараах шаардлагуудыг зөрчсөн хууль бус хэм хэмжээ гэж үзэж байна. Үүнд:

  • Барилгын тухай хуульд нийцээгүй
  • иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан
  • хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур иргэн, хуулийн этгээдийн өмчлөх эрхийг хязгаарлах үндэслэл болсон
  • хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт бий болгосон.

1. Барилгын тухай хуульд дуусаагүй, дууссан боловч барилга байгууламжийг ашиглалтад оруулж, гэрчилгээ олгоогүй барилгыг ашиглахыг хориглох агуулга бүхий дараах 2 зохицуулалт байна.

37 дугаар зүйлийн 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно.”,

48 дугаар зүйлийн 48.3-д “Гэрчилгээ олгогдоогүй, дуусаагүй барилга байгууламжид үйл ажиллагаа эрхлэхийг хориглоно” гэж.

Хуулийн дээрх зохицуулалтаас үзвэл комисс ажиллаагүй буюу ашиглалтад оруулах зөвшөөрөл олгоогүй барилга байгууламжийг ашиглахыг хориглосон зохицуулалт байхад дүрмийн 10.3 дахь заалтаар Барилгын тухай хуулийн 37.6, 48.3 дахь хэсгийг зөрчсөн бол комисс ажиллуулахыг хориглосон зохицуулалт бий болгожээ.

Зөрчлийн тухай хуулийн 12.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсгийн 1.11-т “гэрчилгээ 

хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг таван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно" гэж заасны дагуу хуулиар хориглосон дээрх хэм хэмжээг зөрчсөн тохиолдолд зөрчсөн этгээдэд хариуцлага хүлээлгэх боломжтой.

Хууль зөрчсөн тохиолдолд хуулиар тогтоосон хариуцлагаа хүлээгээд цаашид комисс ажиллуулах боломжтой байхад дүрмээр дуусаагүй барилгыг ашигласан бол огт комисс ажиллах боломжгүй болох эрсдэлтэй. Өөрөөр хэлбэл, Барилгын тухай хуулиар дуусаагүй барилгыг ашиглахыг хориглосноос бус комисс ажиллуулахыг хориглоогүй. Харин дүрмээр комисс ажиллуулахыг хориглосон зохицуулалт бий болгосон нь хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт бий болгосон гэж үзнэ.

Дүрмийн зохицуулалтаар комисс ажиллахаас татгалзаж шийдвэрлэснээр тухайн барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзаж шийдвэрлэсэнтэй ижил агуулгатай болно. Гэтэл Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах 3 үндэслэлийг хуульчилсан байхад захиргааны хэм хэмжээний актаар мөн л хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт бий болгожээ.

Иймээс дүрмийн 10.3-т заасан хэм хэмжээ нь Барилгын тухай хууль болон Захиргааны ерөнхий хуульд заасан шаардлагыг зөрчсөн гэж үзэж байна.

2. Шинээр барьсан барилга байгууламжийг ашигласан, үйл ажиллагаа явуулсан гэдгийг хэрхэн тодорхойлох нь ойлгомжгүй буюу захиргааны хэм хэмжээний актад зааснаар комисс ажиллуулахаас татгалзах үндэслэл болсон "ашигласан, үйл ажиллагаа явуулсан" гэдгийг тодорхойлох шалгуур байхгүй. Өөрөөр хэлбэл, барилга байгууламжийн хэчнээн хувиас дээш, хэдэн метр квадрат талбайд үндсэн зориулалтын дагуу үйл ажиллагаа явуулсан тохиолдолд, эсхүл хэчнээн хэмжээний техник тоног төхөөрөмж, тавилга зэргийг байрлуулсан тохиолдолд ашигласан гэж үзэх талаар хуулиар нарийвчлан зохицуулаагүй байхад дахин энэ үндэслэлээр хязгаарласан хэм хэмжээ бий болгох нь хэм хэмжээний зөрчил үүсгэнэ.

3. Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10.3-т “.. энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна" гэсэн нь мөн хууль зөрчсөн хэм хэмжээ гэж үзэж байгаа бөгөөд иргэн, хуулийн этгээд тодорхой асуудлаар шууд шүүхэд хандах эрхийг гагцхүү хуулиар тогтоодог.

Барилга байгууламж ашиглалтад оруулах комисс томилох эрх бүхий захиргааны байгууллага, эсхүл томилсон комисс нь дүрмийн дээрх зохицуулалтаар ажиллахаас татгалзсан бол Захиргааны ерөнхий хууль, Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар дээд шатны захиргааны байгууллагат гомдол гаргах эрх нээлттэй байх ёстой боловч захиргааны хэм хэмжээний актаар шууд шүүхэд нэхэмжлэл гаргаж шийдвэрлүүлэхээр тусгажээ.

Нэгэнт Барилгын тухай хуульд комисс ажиллахаас татгалзах хууль зүйн зохицуулалт байхгүй тул энэ асуудлаар шүүхэд хандах эрхийг мөн хуулиар зохицуулаагүй. Гэтэл захиргааны хэм хэмжээний актаар ийнхүү хязгаарлалт үүсгэж, энэ асуудлаар маргаан гарсан тохиолдолд шүүхээр шийдвэрлүүлэхээр тогтоосон нь хууль бус юм.

Ийнхүү хууль зөрчсөн дүрмийн хэм хэмжээ нь Барилгын тухай хуулийн дагуу барилгын ажил эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөлтэйгөөр барьсан үл хөдлөх эд хөрөнгийг үнэгүйдүүлэх, зах зээлийн эргэлтэд оруулах боломжгүй болох үр дагаварт хүргэж байгаагаараа иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдал дордож, Үндсэн хуулиар олгогдсон эд хөрөнгө өмчлөх эрх болон зөрчигдсөн эрхээ сэргээлгэхээр гомдол гаргах эрхийг хязгаарлах үндэслэл болж байна.

Иймд Монгол Улсын Засгийн Газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10.3 дахь заалтыг хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

5. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс шүүхэд бичгээр ирүүлсэн болон шүүх хуралдаанд гаргасан хариу тайлбартаа: “... Хууль тогтоогч Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6-д "Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно" гэж заасан бөгөөд энэ зохицуулалтын хүрээнд эрх ашиг сонирхол нь хязгаарлагдсан хүн, хуулийн этгээдийн эд хөрөнгийн эрхийг хамгаалах зорилгоор Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар баталсан "Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм"-ийн 10.3-т "Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна" гэх зохицуулалтыг тусгасан нь Захиргааны ерөнхий хуулийн 60.1.1-д "Монгол улсын үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй байх", 60.1.6-д "хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх" гэж заасныг зөрчөөгүй болно.

Мөн түүнчлэн нэхэмжлэлийн шаардлагын агуулгад тусгагдсан Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7-д барилга байгууламжийг ашиглалтад оруулахаас татгалзах үндэслэлийг хуульчилсан бөгөөд энэ үндэслэлд мөн хуулийн 37.6 дахь хэсэгт заасан хориглосон зохицуулалтыг тусгаж өгөөгүй хууль зүйн хийдлийг арилгах зорилгоор Засгийн газраас баталсан дээрх дүрмийн 10.3 дахь заалтыг тусгасан гэж үзэж болохоор байна.

Иймд дээр дурдсан нөхцөл байдлыг харгалзан үзэж Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.14 дэх хэсэгт заасан үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож өгнө үү.” гэв.

ҮНДЭСЛЭХ нь:

  1. Шүүх, “Мо” ХХК-иас тус шүүхэд хандан гаргасан нэхэмжлэлийг нэхэмжлэлийн шаардлагын хүрээнд хянан хэлэлцээд дараах үндэслэлээр хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

  2. Нэхэмжлэгчээс дараах үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагаа эцэслэн тодорхойлж маргасан. Үүнд:

2.1. “Мо" ХХК нь 2024-2025 онд Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах өөрийн эзэмшлийн газар дээр 1, 2 давхар 2 блок үйлдвэрийн цогцолборын зориулалттай барилгыг барьсан. ...Нийслэлийн хяналт шалгалтын газраас 2025 оны 5 дугаар сарын 21-ний өдөр 04/457 дугаартай албан бичгээр "... тус барилга байгууламж нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь хэсэгт “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно", Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10.3-д “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох" гэж тус тус заасныг зөрчсөн байх тул барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллах боломжгүй" гэж мэдэгдсэн.

2.2. Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн /цаашид "дүрмийн" гэх/ 10.3-т "Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна" гэсэн нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн зохицуулалт бөгөөд Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6-д заасан шаардлагуудыг зөрчсөн зэргээр тайлбарласан.

3. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-т “Захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно” гэж,

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 1 дүгээр зүйлийн 1.1-д “Энэ хуулийн зорилт нь хүн, хуулийн этгээдээс захиргааны байгууллагын хууль бус үйл ажиллагааны улмаас зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй эрх, хууль ёсны ашиг сонирхлоо хамгаалуулахаар, түүнчлэн нийтийн ашиг сонирхлыг төлөөлөх эрх бүхий этгээд, хуульд заасан бол захиргааны байгууллагаас гаргасан нэхэмжлэлийн дагуу захиргааны хэргийг шүүхэд хянан шийдвэрлэхтэй холбогдсон харилцааг зохицуулахад оршино”, 52 дугаар зүйлийн 52.5.6-д “захиргааны хэм хэмжээний актыг хүчингүй болгох, хүчин төгөлдөр бус болохыг тогтоолгох нэхэмжлэлийн хувьд хүн, хуулийн этгээдийн ямар эрх, хууль ёсны ашиг сонирхол хэрхэн зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй болон ямар хуультай зөрчилдсөн”, 106 дугаар зүйлийн 106.3.8-д “захиргааны хэм хэмжээний акт хууль бус бөгөөд түүний улмаас нэхэмжлэгчийн эрх, хууль ёсны ашиг сонирхол нь зөрчигдсөн, эсхүл зөрчигдөж болзошгүй нь тогтоогдсон бол түүнийг хүчингүй болгох, эсхүл хүчин төгөлдөр бус болохыг тогтоох” гэж тус тус заасан.

Хууль тогтоомжийн дээрх зохицуулалтын дагуу аливаа этгээдээс хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан хэм хэмжээний актыг хүчингүй болгуулахаар маргаж буй тохиолдолд шүүхээс хэрэгжүүлэх хяналтын цар хүрээ нь нэгдүгээрт, тухайн хэм хэмжээний акт нь хүчин төгөлдөр үйлчилж буй хуульд нийцэж буй эсэх, хоёрдугаарт, тухайн маргаж буй этгээдийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн, эсхүл зөрчиж болзошгүй эсэхийг шалгах хүрээнд хэрэгжинэ.

4. Тухайн маргааны хувьд нэхэмжлэгч “Мо” ХХК-иас өөрийн эзэмшлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах газар дээр 1, 2 давхар 2 блок үйлдвэрийн цогцолборын зориулалттай барилга барьсан ч Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлээр Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолоор баталсан Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийн 10.3 дахь заалтыг баримтлан барилга, байгууламжийг ашиглалтад оруулах комисс ажиллуулахаас татгалзаж буй нь манай компанийн эрх, хууль ёсны ашиг сонирхлыг зөрчиж байна. Журмын тухайн заалт нь Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7, Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6-д заасанд нийцэхгүй гэх үндэслэлээр маргаж байх тул шүүх маргаан бүхий хэм хэмжээний актын заалт хуульд нийцсэн эсэх, нэхэмжлэгчийн эрхийг зөрчсөн эсэхийг дүгнэх шаардлагатай байна.

5. Захиргааны ерөнхий хуулийн 59 дүгээр зүйлийн 59.1-д “захиргааны хэм хэмжээний акт гэж хуулиар тусгайлан эрх олгогдсон захиргааны байгууллагаас нийтээр заавал дагаж мөрдүүлэхээр гаргасан, гадагш чиглэсэн, үйлчлэл нь байнга давтагдах шинжтэй шийдвэрийг ойлгоно”, 60 дугаар зүйлийн 60.1-т “Захиргааны хэм хэмжээний акт дараах шаардлагыг хангасан байна: 60.1.1.”Монгол Улсын Үндсэн хууль, энэ хууль болон бусад хуульд нийцсэн, хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулаагүй  байх”, 60.1.6.”хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоохгүй байх”, 67 дугаар зүйлийн 67.2-т “Захиргааны хэм хэмжээний акт нь энэ хуулийн 67.1-д заасны дагуу нийтэлснээр хүчин төгөлдөр болно…”, 67.5-д “Улсын нэгдсэн бүртгэлд бүртгэсэн, хүчин төгөлдөр болсон захиргааны хэм хэмжээний актыг бүрэн эхээр нь эрх зүйн мэдээллийн нэгдсэн сан болон баталсан байгууллагын цахим хуудсанд байршуулна” хэмээн,

 Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.7-д Засгийн газар “барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах”, 37 дугаар зүйлийн 37.6-д “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” хэмээн,

Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3-т “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” хэмээн тус тус заасан.

6. Хуульд заасан журмын дагуу хэрэгт авагдсан нотлох баримт болох Монгол Улсын Засгийн газрын хэрэг эрхлэх газрын 2026 оны ХЭГ/2416 дугаар албан бичиг,  хэргийн оролцогчдын тайлбар болон холбогдох бусад баримтаар маргаан бүхий захиргааны хэм хэмжээний акт болох Засгийн газрын 2021 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн өдрийн “Дүрэм шинэчлэн батлах тухай” 212 дугаар тогтоолын хавсралтаар батлагдсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм” нь хууль тогтоогчоос Барилгын тухай хуулийн 32 дугаар зүйлийн 32.1.7 дахь заалтаар “барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг батлах” эрхийг тусгайлан Засгийн газарт шилжүүлсний үндсэн дээр батлагдсан. Монгол Улсын нутаг дэвсгэрт баригдсан барилга байгууламжийг Барилгын тухай хуульд заасны дагуу ашиглалтад оруулахтай холбогдсон харилцааг зохицуулсан хэм хэмжээний акт болохын хувьд Захиргааны ерөнхий хуулийн 67 дугаар зүйлийн 67.2, 67.5 дахь хэсэгт заасан журмын дагуу улсын нэгдсэн бүртгэлд бүртгэгдэж, эрх зүйн мэдээллийн нэгдсэн системд байршсан.[1]

Тухайлан нэхэмжлэгчээс хууль бус хэмээн маргаж буй “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 “Ашигласан нь тогтоогдсон барилга байгууламжид комисс ажиллуулахыг хориглох бөгөөд энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна"  гэх заалт нь Барилгын тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.6 “Дуусаагүй, дууссан боловч ашиглалтад оруулаагүй барилга байгууламжийг ашиглахыг хориглоно” гэх хуулийн ерөнхий хориглосон агуулга бүхий заалтыг бодит амьдралд хэрхэн хэрэгжүүлэхийг тодруулсан агуулгатай байх тул Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1-т заасан “хуулиар тогтоосон хязгаарлалтаас гадуур хүний эрх, эрх чөлөөг хязгаарлаагүй, иргэн, хуулийн этгээдийн эрх зүйн байдлыг дордуулсан” болон 60.1.6-д заасан “хуулиар эрх олгосноос бусад тохиолдолд хуулиар хориглоогүй асуудлаар хориглосон зохицуулалт тогтоосон” гэж үзэх үндэслэлгүй.

7. Мөн, нэхэмжлэгчийн маргаж буй Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалтыг зөрчсөн гэх үндэслэлийн хувьд,

Барилгын тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.7 дахь заалт нь захиалагчаас гаргасан барилга байгууламжийг ашиглалтад оруулах хүсэлтийн үндсэн дээр хуульд заасан журмын дагуу томилогдсон  Барилга байгууламжийг ашиглалтад оруулах комисст хамаарах, түүний гаргах боломжтой шийдвэрийн үндэслэлийг заасан агуулга бүхий зохицуулалт бөгөөд тухайн тохиолдолд хариуцагч нь барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг томилоогүй.

Нэхэмжлэгчийг өөрийн эзэмшлийн Налайх дүүргийн 3 дугаар хороонд байрлах газар дээр барьсан үйлдвэрийн цогцолборын зориулалттай барилгыг ашиглалтад ороогүй байхад ашигласан болох нь тогтоогдсон гэх үндэслэлээр  барилга байгууламжийг ашиглалтад оруулах комиссыг томилохоос татгалзсан хариуцагчийн татгалзал нь “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3-т заасан “..энэ асуудлыг шүүхээр шийдвэрлүүлсний үндсэн дээр ашиглалтад оруулах комисс ажиллуулна” гэх үндэслэлд хамаарах эрх зүйн тусдаа маргаан  байна гэж шүүх бүрэлдэхүүн тус тус дүгнэв.

8. Иймд дээрх үндэслэлээр Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан нэхэмжлэгч “Мо” ХХК-ийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэв.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.1, 106.3.14 дэх хэсэгт заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Захиргааны ерөнхий хуулийн 60 дугаар зүйлийн 60.1.1, 60.1.6-д заасныг тус тус үндэслэн өмгөөлөгч “Мо” ХХК-иас Монгол Улсын Засгийн газарт холбогдуулан гаргасан Монгол Улсын Засгийн газрын 2021 оны 212 дугаар тогтоолын хавсралтаар баталсан “Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрэм”-ийн 10.3 дахь заалтыг хүчингүй болгохшаардлага бүхий нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д зааснаар нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар хэргийн оролцогчид болон тэдгээрийн итгэмжлэгдсэн төлөөлөгч, өмгөөлөгч нар шийдвэрийг эс зөвшөөрвөл шийдвэрийг гардаж авсан өдрөөс хойш 14 /арван дөрөв/ хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд давж заалдах журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                         Г.МӨНХТУЛГА

 

 

                                     ШҮҮГЧ                                         Г.БИЛГҮҮН

 

 

                  ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                         Э.ЛХАГВАСҮРЭН