Сэлэнгэ аймгийн Мандал сум дахь сум дундын шүүхийн Шийтгэх тогтоол

2017 оны 01 сарын 06 өдөр

Дугаар 00001

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

Сэлэнгэ аймаг Мандал сум дахь сум дундын шүүхийн шүүгч Ж.Эрдэнэбат даргалж, ерөнхий шүүгч Б.Алтанцэцэг, шүүгч Б.Хэрлэн нарын бүрэлдэхүүнтэй явуулсан эрүүгийн  шүүх хуралдаанаар

           Нарийн бичгийн дарга                  Ч.Ариунсайхан

            Улсын яллагч                                Д.Уранчимэг

           Иргэдийн төллөөлөгч                   Х.Болортуяа

            Шүүгдэгчийн өмгөөлөгч                Х.Сэргэлэнбат

            Шүүгдэгч                                            С.Бат-Өлзий нарыг оролцуулан тус шүүхийн эрүүгийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийв.

 

            Сэлэнгэ аймаг Мандал сум дахь Сум дундын прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэн ирүүлсэн Наяман овогт Садагийн Бат- Өлзийд холбогдох 201618020186 тоот эрүүгийн хэргийг 2016 оны 12 дугаар  сарын 14-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Биеийн байцаалт:

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, 1977 оны 12 дугаар сарын 07-ны өдөр Сэлэнгэ аймгийн Мандал суманд төрсөн, 40 настай, эрэгтэй, ам бүл 2, ээжийн хамт Сэлэнгэ аймгийн Мандал сум 2-р баг ТЗ-н 241 дүгээр точект оршин суух, урьд

Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 онь 09 дүгээр сарын 09-ний өдрийн №107 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 cap хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №100 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №177 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 capын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №24 тоот шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан, энэ хэргийг үйлдэх үедээ эрхэлсэн ажилгүй байсан, улсаас авсан гавъяа шагналгүй, бие эрүүл, ухаан санаа бүрэн, хэрэг хариуцах чадвартай, Наяман овогт Садагийн Бат-Өлзий /РД:МЫ:77120716/.

 

Шүүгдэгч С.Бат-Өлзий нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, 241 дүгээр зөрлөгт 2016 оны 09 дүгээр сарын 14-ний орой 19-20 цагийн үед бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, ямар ч шалтгаангүйгээр Ө.Атарсүрэнтэй маргалдан зодолдож, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн иргэн Ө.Атарсүрэнгийн эрүүн тус газар хутганы ишээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл, иргэн Н.Зоригтбаатарын зүүн гарын сарвууны ар хэсэгт хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл, иргэн Б.Мөнхбатын нүүрний баруун хэсгийг духнаас хацар хүртэл нь зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэрэгт тус тус холбогджээ.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт дараах нотлох баримтуудыг шинжлэн судлав. Үүнд:

 

Шүүхийн хэлэлцүүлэгт шүүгдэгч С.Бат-Өлзий мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр 241 дүгээр точек дээр Атарсүрэнтэй мууталцсан юм. Би Атарсүрэн, Амараа хоёрыг танилууд гэж мэдээгүй, Атарсүрэн Амараагийн шилэн хүзүүн дээр нь алгадхаар нь чи одоо яаж байгаа юм бэ гээд нутгийнхаа Амараа гэдэг залууг өмөөрөөд Атарсүрэнтэй зодолдсон. Намайг зодолдож байхад Туул гэдэг авгай чи яв гэхээр нь би тэндээс зугатаагаад 200 гаруй метр газар гүйгээд холдсон. Гэтэл миний араас хөөгөөд, хашааны банз мод, чулуу зэрэг зүйлүүд барин ирж зодолдсон. Тэгж байхдаа хадаастай модоор нэгнийхээ нүүрийг зүссэн юм шиг байна гэв. 

Мөрдөн байцаалтанд хохирогч Б.Мөнхбат мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос хадам ээж Нямжав, баз хүргэн Атарсүрэн, хадам эгч Алтантуяа, эхнэр Алтанцэцэг, хадам дүү Зоригтбаатар нарын хамт 241-р зөрлөгт ногоо хураах ажлаар ирсэн юм. Ингээд ногоо хураах үедээ газартаа өргөж 2 шил архи задлаад Атарсүрэн, Зоригтбаатар, Туул эгч бид дөрөв ихэнхийг нь уусан. Бусад нь бол уугаагүй амсаад өгөөд байсан. Ингээд тэр өдрийнхөө орой ногоо хураах ажлыг дуусаад гэрт ороод байж байгаад архинд явахаар болоод Атарсүрэн ах, Туул эгч, Чимэгээ эгч гурав хашаанаас гараад хүнд архи захих гээд зогсож байсан. Би араас нь гараад очтол хойд талын хашаанаас нэг согтуу эрэгтэй хүн ганцаараа гарч ирээд та нар хаанахын цагаачид вэ яагаад чанга, чанга дуугараад байна вэ гэхээр нь Атарсүрэн ах өөдөөс нь юм хэлсэн чинь шууд хүрч ирээд Атарсүрэн ахыг цохиод авсан. Атарсүрэн ах зөрүүлээд цохьсон. Тэгээд барилцаж аваад ноцолдоод байхаар нь би салгах гээд очсон чинь уг залуу түрийнээсээ урт иштэй балиусан хутга гаргаж ирээд миний баруун хацрыг духны дээд хэсгээс хамрын баруун үзүүр хүртэл зүссэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 5 дугаар хуудас /

                  Мөрдөн байцаалтанд хохирогч Н.3оригтбаатар мэдүүлэхдээ: ... 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр манай хүргэн Мөнхбат, Атарсүрэн, Ганзориг, ээж Нямжав, хоёр эгч нарын хамт Улаанбаатар хотоос Зүүнхараад төмс, байцаа, манжин, луувангаа хураах гэж ирсэн юм. Ингээд ирсэн өдрөө ногоогоо хурааж эхлэх үед том эгч Алтантуяа газартаа өргөнө гээд 1 шил архи гаргаж ирсэнийг газартаа дээжийг нь өргөчихөөд үлдсэнийг хувааж уугаад дуусгасан. Тэгсэн дахиад 1 шил архи гаргаад ирчихсэн байсан хэн нь архи гаргаж ирснийг мэдэхгүй байна. Сүүлд гаргаж ирсэн архийг нь хувааж уучихаад би бие засах гээд модон жорлонд орчихоод гараад алхаад явж байтал хашааны хаалганы гадна хүмүүс шуугилдаад байхаар нь алхаад очиж байтал Алтанцэцэг эгч Мөнхбатыг хутгалчихлаа гээд орилсон. Тэгэхээр нь гүйгээд очтол нэг танихгүй залуу хүрэн иштэй балиусан хутга барьчихсан зогсож байхаар нь би ухас хийгээд хутгатай гарыг нь барьж аваад дараад газар унагаасан. Ингээд хутгыг нь авах гээд ноцолдож байхад уг хүний ах, дүү нар нь гэх хоёр хүн гүйж ирээд нэг нь миний араас татаад унагаасан. Тэгсэн нөгөө хутга барьсан залуу дороос босож ирээд намайг унахын завдалгүй миний зүүн гарын алганы ар хэсэг рүү хутгаар зүссэн гэх мэдүүлэг  /ХХ-ийн 13 дугаар хуудас/

                  Мөрдөн байцаалтанд хохирогч Ө.Атарсүрэн мэдүүлэхдээ: ... Би уг өдөр хадам ээжийнхээ хашаанд тарьсан хүнсний ногоог хураахаар 241-р зөрлөгт эхнэр Алтантуяа, хадам дүү Алтанцэцэг, Зоригтбаатар, баз хүргэн Мөнхбат нарын хамт хавар тарьсан ногоогоо хурааж байх үедээ 2 шил 0,75 гр архийг бид нар хувааж уусан. Ингээд анх ирсэн өдрийнхөө ажлыг дуусаад жаахан архи уусан халуурсан хүмүүс дахиад архи уух гээд 241-р зөрлөгт амьдардаг Амараа гэх залууг архинд явуулахаар болоод хашааны гадаа Туул эгч бид нар юм яриад мөнгө өгөх гээд зогсож байхад хойд хашаанаас нэг согтуу залуу гарч ирээд хаанахын цагаачид чанга, чанга хашгираад байнаа гэхээр нь би юу яриад байгаа юм бэ бид нар энэ хөгшиний хүүхдүүд байна гэсэн чинь өөдөөс орилоод хашгираад байхаар нь би надад бас казак найз байдаг чи битгий ингээд бай гэсэн чинь миний зүүн шанаа хэсэг рүү гараараа цохиод авсан. Тэгэхээр нь би зөрүүлээд нүүрэн тус газар луу нь цохисон. Намайг дахиад цохих гээд далайхаар нь би зайлчихсан чинь уг хүн өөрөө газар уначихсан. Тэгээд босож ирэхдээ түрийнээсээ хутга гаргаж ирээд Монголчуудыг алнаа гээд хутга бариад өөдөөс дайрахаар нь би барилцаж аваад хутгыг нь авах гээд ноцолдсон боловч хутгыг нь салгаж авч чадаагүй хутганыхаа ишээр миний баруун талын эрүү лүү цохиод арьс, махыг нь язлаад цус гарчихаар нь би хойшоо ухраад зугатаасан. Тэгээд хойд хашааных нь айлын хашаан дотроос сул банз авч гарч ирээд уг хүний хутгатай гар луу хутгыг салгаж авах зорилгоор 1 удаа цохисон. Ингээд дахиад ноцолдож байх үед манай баз хүргэн Мөнхбат нүүрээ зүсүүлчихсэн доошоо тонгойгоод цусаа гоожуулаад суучихсан. Тэгсэн хашаан дотроос манай эхнэр, хадам дүү нар орилоод гараад ирсэн. Хадам дүү Зоригтбаатар сүүлд гарч ирээд уг хүний хутгыг салгаж авах гэж ноцолдож байгаад бас гараа зүсүүлсэн байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 15 дугаар хуудас/

                        Мөрдөн байцаалтанд гэрч Л.Туул мэдүүлэхдээ: ... Би уг өдөр Нямжав эгчийн хашаанд үхрээ оруулж усалчихаад байж байтал Амарсанаа Зүүнхараагийн төв рүү явна гэхээр нь Атарсүрэн, Чимэгээ бид гурав хашаанаас гараад Амарсанаад архи захих гээд мөнгө тоолж өгөх гээд зогсож байтал хойд талын хашаанаас казак залуу гарч ирээд бид нарыг энэ хаанахын ямар улсууд вэ яагаад чанга, чанга дуугараад байна вэ гэхээр нь Атарсүрэн өөдөөс нь бид нар энэ хөгшиний хүүхдүүд байна ногоо хураахаар ирсэн гэсэн чинь казак залуу хүрч ирээд Атарсүрэнг заамдаад авсан өөдөөс нь Атарсүрэн барилцаж аваад заамдалцаад ноцолдоод казак залууг хойш нь түлхсэн чинь казак залуу хашааны хаалга налаад унасан. Тэгснээ босож ирээд түрийнээсээ аймаар том хүрэн бор иштэй балиусан хутга гаргаж ирээд Монголчуудыг алаад өгье гээд хутгаа баруун гартаа бариад Атарсүрэн рүү дайраад байсан. Атарсүрэн айлын хашаа руу зугатаагаад орсон. Бид нар хутгыг нь авах гээд казак залууг миний дүү болохгүй боль гээд миний хувьд урдуур нь нэг удаа орсон боловч авч хэлэлцэхгүй Монголчуудыг алнаа гээд дайраад байсан. Ингээд байж байхад Мөнхбат хашаанаас гарч ирээд Атарсүрэнтэй нийлээд нөгөө казак залуугийн хутгыг салгаж авах гээд зууралдаад ноцолдоод байсан. Тэгсэн Мөнхбатын нүүрийг хутгаар зүсчихлээ гээд орилолдоод явчихсан чинь хашаанаас Зоригтбаатар, хоёр эгчийнхээ хамт гарч ирээд Туул эгчээ цагдаа түргэн дууд гэхээр нь би цагдаад дуудлага өгөх гээд Амарсанаагийн хамт мотоцикльтой айл руу явж утсаар түргэн, цагдаад дуудлага өгчихөөд буцаад ирсэн чинь Мөнхбатын нүүрнээс аймар цус гарчихсан, Зоригтбаатар гараа зүсүүлчихсэн байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 23 дугаар хуудас/

                  Мөрдөн байцаалтанд Гэрч Б.Амарсанаа мэдүүлэхдээ: ...  Уг хэрэг болдог өдөр би хадлан хадаж байгаад гэртээ ирээд байж байтал Нямжав эмээ манай гэрт орж ирээд хүүхдүүд хотоос ногоо хураах гээд ирсэн. Миний дүү ганц шил архинд Зүүнхараа луу яваад өгөөч гэхээр нь би тэгье эмээ гэж хэлээд гэрийнх нь гадаа мотоцикльтой яваад очтол С.Бат-Өлзий хойд талынх нь айлын хашаан дотроос намайг хараад хөөе Амараа ороод ир гэхээр нь би яваад очтол С.Бат-Өлзий нилээд халамцуу “хөгшин нь согтуу байна чи Зүүнхараа луу архинд яваад ирээч гээд надад 20000 төгрөг өгөхөөр нь би тэгье гэж хэлээд мөнгийг нь аваад хашаанаас гараад мотоцикль дээрээ очоод Нямжав эмээг дуудаад би явлаа шүү та захих юмаа захь гэсэн чинь Нямжав эмээ, үзүүрийн гудамжны Чимэгээ, Туул нар гарч ирээд надад мөнгө өгөх гээд тоолж байгаад мөнгө нь дутаад Нямжав эмээ Атараа гээд хүргэнээ дуудаад мөнгөө нийлүүлээд байж байтал хойд талын хашаанаас Бат-Өлзий гарч ирээд намайг чи яасан удаан юм бэ хурдлаач ээ гэхээр нь одоо хөдөллөө гэж хэлсэн. Тэгсэн Бат-Өлзий Атарааг хараад чи хаанахын хэн гээч вэ гэсэн чинь Атараа өөдөөс нь юу яриад байгаа юм бэ гээд халамцуу хүмүүс хоорондоо үг сөрсөн. Тэгээд Бат-Өлзий, Атараа хоёр зодолдох гээд байхаар нь би дундуур нь ороод салгах гэсэн чинь дийлдэхгүй барилцаж аваад ноцолдсон. Тэгсэн Нямжав эмээ намайг цагдаа дуудаадах гэхээр нь надад утас байхгүй гээд Ганбат гэж айлын утсаар цагдаа дуудахаар яваад гэрт нь очсон чинь гэртээ байхгүй байхаар нь буцаад иртэл Нямжав эмээ хутга шөвөг болчихлоо наад нэг юм чинь хүүхэд хутгалчихлаа гээд С.Бат-Өлзийг заагаад түргэн ч болтугай дуудаадах гэхээр нь би хажуу айлынхаа Чимэгээг сундалаад Ганбатын гэрт дахиж очоод утсаар нь цагдаа эмнэлэгт мэдэгдсэн гэх мэдүүлэг /ХХ-ийн 24 дүгээр хуудас/

                  Мөрдөн байцаалтанд гэрч Н.Алтанцэцэг мэдүүлэхдээ: ... Манай эгч Алтантуяа, хүргэн ах Атарсүрэн, манай нөхөр Мөнхбат, дүү Зоригтбаатар, ээж Нямжав бид нар 2016 оны 09 дүгээр сарын 14-ний өдөр Улаанбаатар хотоос Зүүнхараагийн 241-р зөрлөг дээр ээжийн хашаанд тарьсан хүнсний ногоогоо хураахаар ирж уг өдөр ногоогоо хураагаад орой болсон. Ногоо хурааж байх үед Мөнхбат, Зоригтбаатар, Атарсүрэн гурав 2 шил архи уусан. Ингээд ногоо хурааж дуусаад эгч Алтантуяа бид хоёр гэрт унтаж байтал хашааны гадаа нэг эмэгтэй хүний дуу гараад аллаа гээд хашгирахаар нь эгч бид хоёр босоод гүйгээд гартал танихгүй залуу том хүрэн шаргал иштэй балиусан хутга барьчихсан хүн хүн лүү дайраад алнаа гээд байсан. Манай нөхөр Мөнхбат нүүрээ зүсүүлчихсэн нил цус нөжиндөө холилдчихсон байсныг би хараад сандраад цаашаа юу болсныг мэдэхгүй байна... Цаад талд нь Атарсүрэн ах, Зоригтбаатар хоёр нөгөө хутгатай залуугийн хутгыг салгаж авах гээд ноцолдоод байх шиг байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 25 дугаар хуудас/

                   Мөрдөн байцаалтанд гэрч Н.Алтантуяа мэдүүлэхдээ: ... Алтанцэцэг бид хоёр гүйгээд гартал хашааны гадаа манай хүргэн Мөнхбатын нүүр амнаас цус гарчихсан битүү цусандаа холилдчихсон дэргэд нь манай нөхөр Атарсүрэн зогсож байсан. Зоригтбаатар болохоор нэг танихгүй залуутай хашаанаас нилээн хол зайтай дээр нь гарчихсан гарт нь байгаа хутгыг нь салгаж авах гэж байгаа бололтой харагдаж байхад цаанаас нь хоёр эрэгтэй хүн гүйж ирээд нэг өндөр тарган залуу нь Зоригтбаатарыг араас нь татаад автал дор нь байсан залуу босож ирээд гартаа байсан хутгаараа ширэвтэл Зоригтбаатарын гарыг зүсээд гарнаас нь цус гарчихсан... Би эмнэлэг дээр ирж тусламж авчихаад гэртээ очоод нөхрөөсөө та нар чинь юунаас болж яахаараа хүн амьтантай маргалдаж зодоон хийдэг юм бэ гэхэд манай нөхөр надад ярихдаа Амараа ирээд хашааны гадаа юм яриад зогсож байхад Ариунболдын хашаанаас танихгүй залуу гарч ирээд та нар хаанаас ирсэн цагаачид вэ юу хийж байгаа юм бэ гэхээр нь өөдөөс нь надад ч гэсэн хасаг найз нөхөд байгаа чи болио гэхэд нөгөө хутга барьсан залуу нь хүрч ирээд зодоон болсон гэсэн. Түрийнээсээ урт балиусан хутга гаргаж ирээд манай нөхрийн эрүү лүү ишээр нь цохиод авахаар нь хутгыг нь салгаж авах гээд хашаанаас банз аваад хутгатай гар луу нь цохисон гэж ярьж байсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 26-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд гэрч М.Чимэгээ мэдүүлэхдээ: ... хойд хашааны Ариунболдын гэрээс Садаг ахын хүү казак залуу гарч ирээд та нар яагаад байгаа юм бэ гээд Нямжав эгчийн хүргэнтэй барилцаад авсан. Тэгснээ гутлынхаа түрийнээс аймар том хүрэн бор иштэй хутга гаргаж ирээд дээрээ эргүүлээд байхаар нь би айгаад гэрлүүгээ гүйгээд явчихсан гэх мэдүүлэг /ХХ-ийн 28-р хуудас/

                   Мөрдөн байцаалтанд Шинжээч эмч Г.Ган-Эрдэнэ мэдүүлэхдээ: … Хохирогч Ө.Атарсүрэнгийн биед учирсан №214 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтлүүд нь хурц ир үзүүртэй болон хатуу мохоо хүчин зүйлийн улмаас үүссэн байх боломжтой гэмтэл байна. Мөн хохирогч Н.Зоригтбаатарын биед учирсан №225 дугаартай дүгнэлтэд тусгагдсан гэмтэл нь хурц ир үзүүртэй хутга мэсний үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Б.Мөнхбатын биед учирсан №215 дугаартай дүгнэлтэд тусгагдсан духны баруун дээд хэсгээс баруун хөмсөг, дээд, доод зовхи, баруун хацрын доод хэсэг хүрсэн 16 см бүхий оёдол бүхий шарх, зүүн гарын шуунд зулгаралт бүхий гэмтэл нь мөн хурц ирмэгтэй хутга, шөвөг, заазуур гэх мэт хүчин зүйлийн 1 удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой гэмтэл байна. Атарсүрэн, Н.Зоригтбаатар, Б.Мөнхбат нарын биед учирсан гэмтэл нь ноцолдох, зодолдох явцад хутга мэсний хурц ирмэг үзүүртэй зүйлийн үйлчлэлээр үүсгэгдсэн гэмтэл байна... гэх мэдүүлэг /ХХ-ийн 33 дугаар хуудас/

                     2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №:214 тоот Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт

                     1. Атарсүрэнгийн биед эрүүнд шарх, зүүн шанаа, зүүн дал, баруун гарын бугалга, зүүн гарын шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                     2. Дээрхи гэмтэл нь хатуу мохоо болон ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөхгүй гэх дүгнэлт /ХХ-ийн 40-р хуудас/

                     2016 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн №225 тоот Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт

                     1. Зоригтбаатарын биед зүүн гарын сарвууны ар хэсэгт шарх гэмтэл тогтоогдлоо.

                     2. Дээрх гэмтэл нь хурц ир үзүүртэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                     3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадвар алдалтанд тогтонги нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 42 дугаар хуудас/

                    2016 оны 09 дүгээр сарын 16-ны өдрийн №215 тоот Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн акт

                    1. Мөнхбатын биед духны баруун дээд хэсгээс баруун хөмсөг, дээд доод зовхи, баруун хацрын доод хэсэг хүрсэн шарх, зүүн гарын шуунд зулгаралт гэмтэл тогтоогдлоо.

                    2. Дээрх гэмтэл нь хатуу мохоо болон хурц ирмэгтэй хүчин зүйлийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой.

                    3. Шүүх эмнэлгийн гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-д зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварт нөлөөлөх эсэх нь эмчилгээ эдгэрэлтээс хамаарна гэх дүгнэлт /ХХ-ийн 46-р хуудас/

                    Хохирогч Б.Мөнхбатын гэмтлийн өмнөх болон дараах үеийн гэрэл зургийн үзүүлэлт /ХХ-ийн 10-р хуудас/

                    Мөрдөн байцаалтанд С.Бат-Өлзий яллагдагчаар мэдүүлэхдээ: ... Надад сонсгож байгаа ЭХТА-н 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэж ял сонсгож байгааг хүлээн зөвшөөрч байна. Үйлдсэн хэрэгтээ маш их харамсаж гэмшиж байна. Хөнгөн ял шийтгэл оноож өгнө үү гэх мэдүүлэг /ХХ-ийн 58-р хуудас/.

Шүүгдэгчийн хувийн байдлыг тогтоосон баримтууд: Ял шийтгэгдсэн эсэхийг шалгасан хуудас /ХХ-63 дугаар хуудас/, оршин суугаа газрын багийн Засаг даргын тодорхойлолт /ХХ-ийн 59 дүгээр хуудас/, Шийтгэх тогтоолын хуулбар /ХХ-ийн 64-72 хуудас/, Иргэний үнэмлэхний хуулбар /ХХ-ийн 60 дугаар хуудас/ зэрэг болно.

 

Шүүгдэгч С.Бат-Өлзий нь согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ Сэлэнгэ аймгийн Мандал сумын 2 дугаар баг, Төмөр замын 241 дүгээр зөрлөгт 2016 оны 09 дүгээр сарын 14-ний орой 19-20 цагийн үед бусдыг илтэд үл хүндэтгэн, нийгмийн хэв журмыг ноцтойгоор зөрчин, ямар ч шалтгаангүйгээр Ө.Атарсүрэнтэй маргалдан зодолдож, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн иргэн Ө.Атарсүрэнгийн эрүүн тус газар хутганы ишээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл, иргэн Н.Зоригтбаатарын зүүн гарын сарвууны ар хэсэгт хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл, иргэн Б.Мөнхбатын нүүрний баруун хэсгийг духнаас хацар хүртэл нь зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн болох нь шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтуудаар нотлогдон тогтоогдсон гэж үзэн үйлдсэн хэрэгт нь гэм буруутайд тооцож, хуульд заасан ялыг оногдуулах үндэслэлтэй байна.

Шүүх хуралдаанаар хянан хэлэлцэгдсэн нотлох баримтууд болох хохирогч, гэрч нарыг байцаахдаа Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 144, 146, 147 дугаар зүйлд заасан хуулийн шаардлага хангасан, нотлох баримтууд нь тухайн хэрэгт хамааралтай, агуулгын хувьд зөрүүгүй, үйл баримтыг хангалттай тогтоож чадсан, Шүүх эмнэлгийн үзлэг хийсэн актыг хэрэгт хувийн сонирхолгүй, зохих мэдлэг, дадлага туршлагатай, гаргасан дүгнэлтийнхээ хариуцлагыг хүлээх чадвар бүхий шинжээч гаргасан байх тул хууль ёсны үнэн зөв баримтууд гэж үнэлэв.

Шүүгдэгч С.Бат-Өлзий нь нийгмийн амгалан тайван байдал, хүний халдашгүй, чөлөөтэй байх эрхийг зөрчин ямар ч шалтгаангүйгээр Ө.Атарсүрэнтэй маргалдан зодолдож, хутгыг зэвсгийн чанартай хэрэглэн иргэн Ө.Атарсүрэнгийн эрүүн тус газар хутганы ишээр цохиж бие махбодид нь хөнгөн гэмтэл, иргэн Н.Зоригтбаатарын зүүн гарын сарвууны ар хэсэгт хутгаар зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл, иргэн Б.Мөнхбатын нүүрний баруун хэсгийг духнаас хацар хүртэл нь зүсэж бие махбодид нь хөнгөн гэмтэл санаатай учруулж танхайрсан гэж үзэх үндэслэлтэй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дах хэсэгт заасан гэмт хэргийн бүрэлдэхүүний шинжийг хангаж байх тул энэ зүйл ангиар зүйлчлэн шийдвэрлэх нь зүйтэй байна. Прокуророос энэ хэрэгт зүйлчилэн ирүүлсэн хуулийн зүйлчлэл тохирсон байна.

Шүүгдэгч С.Бат-Өлзий өмнө нь Сэлэнгэ аймаг дахь Сум дундын 2 дугаар шүүхийн 2004 онь 09 дүгээр сарын 09-ний өдрийн №107 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 145 дугаар зүйлийн 145.2, 151 дүгээр зүйлийн 151.1 дэх хэсэгт зааснаар 2 жил 3 cap хорих ялаар шийтгүүлж, 2005 оны 07 дугаар сарын 08-ны өдрийн №100 дугаартай шүүгчийн захирамжаар ялаас хугацааны өмнө тэнсэн суллагдсан,

 Мөн Сонгинохайрхан дүүргийн шүүхийн 2013 оны 04 дүгээр сарын 10-ны өдрийн №177 тоот шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дахь хэсэгт зааснаар 3 жил 5 capын хорих ялаар шийтгүүлж, 2015 оны 06 дугаар сарын 04-ний өдрийн №24 тоот шүүгчийн захирамжаар эдлээгүй үлдсэн 09 сар 11 хоногийн хорих ялаас уг хугацааны өмнө тэнсэн суллагдсан ба Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 78 дугаар зүйлд заасан ялтай байдал нь 2015 оны 08 дугаар сарын 11-ний өдрийн “Анхны Ардчилсан сонгууль болж байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 25 жилийн ойг тохиолдуулан өршөөл үзүүлэх тухай” хуулийн 6 дугаар зүйлийн 6.1.1-д зааснаар хэрэгсэхгүй болсон ч гэмт хэрэг үйлдсэн этгээдийн хувийн байдал, үйлдсэн хэргийнх нь шинж чанарыг харгалзан Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 551 дүгээр зүйл буюу Эрүүгийн хуулийн тусгай ангид зааснаас хөнгөрүүлж хорих ял оногдуулах үндэслэлгүй байна гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэлээ.

Иймд шүүгдэгчийн хувийн байдал, гэмт хэрэг үйлдсэн нөхцөл байдлыг харгалзан хорих ял эдлүүлэх дэглэмийг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлж, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдан ирсэн зүйлгүй, битүүмжилсэн хөрөнгөгүй, шүүгдэгч нь цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй зэргийг тус тус дурьдаад 

 

Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 283, 284, 286, 290 дүгээр зүйлийн 290.3, 294, 295, 296 дугаар зүйлийн 296.1, 297, 298 дугаар зүйлүүдэд тус тус заасныг удирдлага болгон                                                

ТОГТООХ нь:

 

1. Шүүгдэгч Наяман овогт Садагийн Бат-Өлзийг бусдыг илтэд үл хүндэтгэн ямар ч шалтгаангүйгээр зэвсгийн чанартай бусад зүйл хэрэглэж танхайрсан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.   

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 181 дүгээр зүйлийн 181.3 дэх хэсэгт заасныг баримтлан С.Бат-Өлзийг 05 /тав/ жил 05 /тав/ хоногийн хугацаагаар хорих ялаар  шийтгэсүгэй.                        

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 52 дугаар зүйлийн 52.6 дах хэсэгт заасныг баримтлан С.Бат-Өлзийд оногдуулсан 05 жил 05 хоногийн хорих ялыг чанга дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид эдлүүлсүгэй.

4. Шүүгдэгч С.Бат-Өлзий бусдад төлөх төлбөргүй, энэ хэргийн улмаас цагдан хоригдсон хоноггүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүй, хэрэгт эд хөрөнгө битүүмжлээгүйг тус тус дурьдсугай.

 5. С.Бат-Өлзийд урьд авсан бусдын батлан даалтанд байлгах таслан сэргийлэх арга хэмжээг нь өөрчилж энэ өдрөөс эхлэн цагдан хорьж, С.Бат-Өлзийгийн эдлэх ялыг 2017 оны 01 дугаар сарын 05-ны өдрөөс эхлэн тоолсугай.

           6. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 299 дүгээр зүйлийн 299.3-д зааснаар шүүхийн тогтоол нь танилцуулан сонсгосноор хүчинтэй болохыг дурьдсугай.

7. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 304 дүгээр зүйлийн 304.1-д зааснаар Шийтгэх тогтоолд давж заалдах гомдол гаргах, эсэргүүцэл бичих эрх бүхий этгээд тогтоолыг гардуулснаас хойш 14 хоногийн дотор Сэлэнгэ аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэй.

            Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргах, улсын яллагч эсэргүүцэл бичвэл уг тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, С.Бат-Өлзийд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.

 

 

 

 

ДАРГАЛАГЧ                         Ж.ЭРДЭНЭБАТ

 

    ШҮҮГЧИД                         Б.АЛТАНЦЭЦЭГ

                                                                          

                                                                                Б.ХЭРЛЭН.