Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн Шийдвэр

2021 оны 12 сарын 21 өдөр

Дугаар 109/ШШ2021/0046

 

 

 

 

 

 МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

Архангай аймаг дахь Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн шүүх хуралдааныг тус шүүхийн шүүгч А.Түвшинтулга даргалж, тус шүүхийн хуралдааны танхимд нээлттэй хийсэн шүүх хуралдаанаар

Нэхэмжлэгч: О.П

Хариуцагч: Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга

Гуравдагч этгээд: “М” ХХК

Нэхэмжлэлийн шаардлага: Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/45 дугаар захирамжийн иргэн О.П-гийн эзэмшлийн газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах тухай шаардлага бүхий захиргааны хэргийг хянан хэлэлцэв. 

Шүүх хуралдаанд: Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О, хариуцагч Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга Л.Ч, гуравдагч этгээд “М” ХХК-ийн захирал Н.Д, гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Б.Дуламсүрэн нар оролцов. 

ТОДОРХОЙЛОХ нь:

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Ж.О шүүхэд гаргасан нэхэмжлэл болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/40 тоот захирамжаар О овогтой П-гийн нэр дээр Могой багийн Сүүж гэх газарт Газрын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 3 дахь хэсгийг үндэслэн 1990 оноос өмнө сангийн аж ахуйд газар тариалангийн зориулалтаар олон жил ажилласан байдлыг үнэлж багийн нийтийн хурлаар дэмжигдэж давуу эрхээр үр тарианы зориулалттай 50га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрх олгосон захирамж гаргасан. 

Гэтэл тус сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/45 тоот захирамжаар хууль ёсны газар эзэмшигч О.Пд огт мэдэгдэлгүйгээр, эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдэн, нотариат хийж “М” ХХК-ийн эзэмшилд шилжүүлсэн байна. Тус газрыг өөрийн төрлийн хүн болох “М” ХХК-ийн захирал Н.Д-д түүний хүсэлтээр үнэ төлбөргүй тариалалт хийж, харж хандаж байхаар амаар тохирсон байсан. 2021 оны 5 дугаар сарын 5-ны өдөр Н.Д-тай уулзан энэ жил өөрөө газар дээрээ тариалалт хийнэ гэхэд аль хэдийн комнанийнхаа нэр дээр шилжүүлж авсан. Одоо өгөх боломжгүй гэсэн. Иймээс сумын Засаг даргад хандсан боловч 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдөр хуулийн байгууллагаар шийдвэрлүүлэх тухай хариуг өгсөн. 2021 оны 6 дугаар сарын 4-ний өдөр дээд шатны Засаг дарга буюу Архангай аймгийн Засаг даргад гомдол гаргасан бөгөөд одоогийн байдлаар хариу ирүүлээгүй байна. Газар эзэмшигчийг байлцуулалгүйгээр хуурамчаар газар эзэмших эрх шилжүүлэх гэрээг хийж улмаар бусдад шилжүүлэх эрх зүйн акт гарсан ба иргэн О.П-д танилцуулаагүй болно. Нэхэмжлэгчийн Монгол Улсын Үндсэн хуулийн 16 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан “Хөдлөх, үл хөдлөх хөрөнгө шударгаар олж авах, эзэмших” эрхийг зөрчсөн гэж үзэж шүүхэд хандсан болно. Иймд Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/45 тоот захирамжийн иргэн О.П-гийн эзэмшлийн газарт хамаарах хэсгийг хүчингүй болгож өгнө үү гэв.

Хариуцагч Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга Л.Ч шүүхэд гаргасан хариу тайлбар болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/40 тоот захирамжаар тухайн газрыг олгосон байдаг. Тухайн газрыг “М” ХХК-ийн нэр дээр шилжихэд тухайн үеийн Тамгын газрын даргаар С дарга ажиллаж байсан. Газрын даамал материал бүрдүүлж сумын Засаг дарга захирамж гаргадаг байгаа. Хууль бус гэж үзэж байгаа захиргааны акт болон нотлох баримтуудыг шалгаж тогтоох эрх бүхий албан тушаалтан биш учраас боломжгүй гэсэн хариу хүргүүлж байна. Тухайн үед Тамгын дарга болон газрын даамалд ямар үйл ажиллагаа болсон талаар мэдэхгүй байна гэв.

Гуравдагч этгээд “М” ХХК-ийн захирал Н.Д шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Миний бие 2015 оны 5 дугаар сард нутгийн хэсэг хүнээс давуу эрхээр авсан газрыг нь авахаар ярьж тохирч эрхийг нь шилжүүлж авсан болно. Тухайн үед давуу эрхийн газраа зарах сонирхолтой хүмүүс олон байсан ч миний бие аль болох багийн иргэд болон ах дүүсийн газар эзэмших эрхийг нь ярьж тохирч авсан. Тэр хүмүүс дотор О.П ахын 50 га талбай бүхий газар авах эрх нь орсон. Би өөрөөс нь авсан болохоос өөрт нь мэдэгдээгүй худлаа ярьж бичиг баримт үйлдэн залилан аваагүй. Энэ талаар О.П ах сайн мэдэж байгаа бөгөөд өөрийн биеэр бүгд эрх шилжүүлэх гар өргөдлийг газрын албанд бичиж өгсөн байгаа. Эрх шилжүүлж аваад тус ондоо ажил эхлэхэд газрын албанаас зааж өгсөн Сүүжийн хөндий гэх газарт нутаглах малчид эсэргүүцэн 50 га газар орчмыг хагалж байхад эсэргүүцэн бусдыг хагалуулахгүй гэж ажил зогссон юм. Тухайн үед нутгийн малчидтай тохирохоор ярилцан амжилт олоогүй 2 жилийн хугацаа өнгөрсөн. Тэгээд сумын Засаг дарга болон газрын албанд дахин хандаж байршлыг нь сольж өгөхийг хүсэж 2018-2019 онуудад могой багийн хуралд 3 удаа очиж нутгийн ахан дүүсээс гуйж газрын байршлыг солихоор багийн иргэд дэмжиж үлдэгдэл газраа тус багийн Баянбулаг гэх газар авахаар 2019 онд захирамж нь гарсан. Тус ондоо ажил эхлэх хугацаа дууссан хойно газар хэмжих ажил хийгдсэн учир 2020 оны 4 дүгээр сард ажил эхэлсэн юм. Тухайн үед Атар газар хагалж хашаа барьж байгаа бүх ажил явж байгаа О.П ах мэдэж байсан бөгөөд 5-6 жил харсаар байж гомдол гаргаагүй хирнээ бүх ажил жигдэрсэн хойно 2021 онд ийм гомдол гаргаж байгаад гайхаж, бас гомдож байна. Тухайн үед О.П ах өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан эрх шилжүүлэх өргөдөл нь Засаг даргын Тамгын газар болон газрын албанд байгаа. Иймд О.П ахын гаргасан гомдлыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэж өгнө үү гэв.

Гуравдагч этгээдийн өмгөөлөгч А.С шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Гуравдагч этгээдийн тайлбарыг дэмжиж байна. Газар эзэмших гэрчилгээ хүн тус бүр дээр гараагүй. А/45 тоот захирамжаар О.П-д Могойт багийн Сүйж гэх газар нэгж талбар дугаар бүхий үр тарианы зариулалттай 50 га газрыг 15 жилийн хугацаатай эзэмших эрхээр олгосон. Энэ олгосон эрхийн акт гэрчилгээ байхгүй юм байна лээ. Одоо энэ Сүйж гэх газар байхгүй. Энэ газарт О.П, Ц, Д гэх хүнийх гэж цэг тэмдгээр баталгаажсан зүйл байхгүй. Эрх олгосон гэрчилгээ явсаар байгаад эсэргүүцэлтэй  тулгарч  айл өрхүүд газраа хагалуулахгүй гэсээр байгаад маргаан гарсан. Сүүлдээ Засаг даргын захирамжаар байршлыг өөрчилж дээрх дурдсан 2 газарт болгосон. Одоо маргаан бүхий Сүйж гэх газар 63 га газар “М” ХХК-ийн эзэмшилд байгаа. Үүнд О.П-гийн маргаан бүхий газар байгаа эсэх нь эргэлзээтэй. 

Засаг даргын Тамгын газраас дараагийн эрх олгогчид эрхийг шилжүүлж өгөхөөр нөгөө хүмүүсийн эрхийн гэрчилгээ хүчингүй болгоно гэдгийг захирамжид дурдсан учраас тэртээ тэргүй хүчингүй болгох гэрчилгээг гаргаад яахав гэдэг утгаар гаргаагүй юм шиг байгаа юм. Засаг даргын захирамж хууль ёсны юм уу хууль зөрчиж гарсан юм уу гэдэг асуудал яригдаж байгаа байх гэж бодож байна. Түүнээс биш эрх шилжүүлэх гэрээний асуудлыг яриагүй. Н.Д-ын тайлбарлаж ярьснаар өөрөөс нь тодруулж асуухад олон хүний сонголт байсан гэж хэллээ. О.П-гээс гадна олон иргэд давуу эрхээр газар авсан байсан. Үүнээс ойр хамаатан садангийн хүмүүсийг сонгосон. Нэгэнт эдгээр хүмүүс газар тариалан хагалж чадахгүй учраас нутгийн хүүг дэмжиж газраа шилжүүлье гэж тодорхой хэмжээний хөлс төлж авах процессын асуудал болсон. Иймд тодорхой шаардлагыг хангасан учраас Засаг даргын захирамж гарсан. Иймд хууль зөрчсөн акт гэж үзэхгүй байна. Нэхэмжлэгчийн гаргасан нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв. 

 

Шүүх энэ хэрэгт хуульд заасан нөхцөл журмын дагуу цугларсан бичгийн нотлох баримтууд, хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч нарын тайлбарыг шинжлэн судлаад 

ҮНДЭСЛЭХ нь: 

Иргэн О.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргад холбогдуулан “Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/45 дугаар захирамжийн иргэн О.П-гийн эзэмшлийн газарт хамаарах хэсгийг хүчингүй болгуулах”  шаардлага бүхий нэхэмжлэлийг тус шүүхэд гаргажээ.

Уг хэргийн маргааны үйл баримтын тухайд

Архангай аймгийн Хайрхан сумын иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын 2014 оны 12 дугаар сарын 2-ны өдрийн “2015 оны газар зохион байгуулалтын төлөвлөгөөг хэлэлцэх тухай” 25 дугаар тогтоолын 1 дүгээр хавсралтаар тус сумын Могой багийн Сүүжийн хөндий гэх газарт 1500 га газрыг үр тариа, ногоон тэжээлийн зориулалтаар давуу эрхээр эзэмшүүлэхээр шийдвэрлэжээ. 

Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн “Тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх тухай” А/40 дүгээр захирамжаар иргэнд гэр бүлийн хэрэгцээнд зориулан тариалангийн газрыг давуу эрхээр эзэмшүүлэх газрын хэмжээ, зориулалт, байршил, газар эзэмших хугацааг 1 дүгээр хавсралтаар баталсны 5 дугаарт Б овогт О-гийн П-д Могой багийн Сүүж гэх газарт 50 га үр тарианы зориулалттай газрыг 15 жилийн хугацаагаар эзэмших эрх олгожээ. 

Иргэн О.П нь 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын Тамгын газарт өргөдөл /тодорхойлолт/ гаргаж, 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “М” ХХК-ийн захирал Н.Д-тай газар эзэмших эрх шилжүүлэх тухай гэрээ байгуулсан байна. 

Улмаар Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/45 дугаар захирамжаар газар эзэмших эрхийг гэрчилгээг шилжүүлэн авч байгаа иргэн, хуулийн этгээдийн нэр, газрын хэмжээ, зориулалт, байршлыг хавсралтаар баталсны дотор иргэн О.П-гийн 50 га газрын эзэмших эрхийн гэрчилгээг “М” ХХК-д шилжүүлжээ.  

Дээрх захирамжийн дагуу 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр “М” ХХК-д 000309922 дугаартай газар эзэмших эрхийн гэрчилгээ олгож, мөн өдрийн №30 дугаартай иргэн, хуулийн этгээдэд газар эзэмшүүлэх гэрээ байгуулсан байна. 

Гэтэл иргэн О.П-гээс 2021 оны 5 дугаар сарын 31-ний өдөр “ ... А/45 дугаар захирамжийг надад огт мэдэгдэлгүйгээр, эрх шилжүүлэх гэрээг хуурамчаар үйлдэн, нотариат хийж “М” ХХК-д шилжүүлсэн ...” гэх асуудлаар Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргад гомдол гаргаж, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга 2021 оны 5 дугаар сарын 20-ны өдрийн 01/180 дугаар албан бичгээр хуулийн байгууллагад хандах талаар хариу хүргүүлжээ.  

Ийнхүү иргэн О.П-гийн итгэмжлэгдсэн төлөөлөгчөөс 2021 оны 6 дугаар сарын 14-ний өдөр шүүхэд нэхэмжлэл гаргаж, маргаан үүсгэжээ.

Шүүх энэ хэрэгт хуульд заасан журмын дагуу авагдаж, шүүх хуралдаанаар хэлэлцэгдсэн бичмэл нотлох баримт, шүүх хуралдаан дээр талуудын гаргасан тайлбар зэргийг тал бүрээс харьцуулан үнэлж дүгнэж үзсэний үндсэн дээр дараах хууль зүйн үндэслэлээр нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэв. Учир нь:

Маргаан бүхий захиргааны актын хууль зүйн үндэслэлийн тухайд

Архангай аймгийн Хайрхан сумын Засаг дарга 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/45 дугаар захирамжаар Монгол Улсын Засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж, түүний удирдлагын тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.2. дахь заалт, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1., 38.4. дэх заалт, иргэдийн газар эзэмших эрхийг бусдад шилжүүлэх тухай хүсэлтийг үндэслэн газар эзэмших эрхийг гэрчилгээг шилжүүлэн авч байгаа иргэн, хуулийн этгээдийн нэр, газрын хэмжээ, зориулалт, байршлыг хавсралтаар баталсны дотор иргэн О.П-гийн 50 га газрын эзэмших эрхийг гэрчилгээг “М” ХХК-д шилжүүлжээ.

Газрын тухай хуулийн 3 дугаар зүйлийн 3.1.7.-д “газар эзэмших эрхийн гэрчилгээ” гэж энэ хуулийн дагуу Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын газар эзэмших эрхийг баталгаажуулсан баримт бичгийг”, 27 дүгээр зүйлийн 27.1.  дэх хэсэгт “Газрыг энэ хуульд заасан зориулалт, хугацаа, болзолтойгоор гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмшүүлнэ.” гэж заасан. 

Нэхэмжлэгч О.П-гийн газар эзэмших эрх Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 4 дүгээр сарын 30-ны өдрийн А/40 дугаартай захирамжийг гаргаснаар үүссэн байх боловч газар эзэмших эрхээ баталгаажуулж гэрээ байгуулаагүй, гэрчилгээ гаргуулаагүй, газрын байршлыг тогтоож баталгаажуулаагүй, кадастрын зураг гараагүй байна. 

Энэ талаар, 2021 оны 9 дүгээр сарын 3-ны өдрийн үзлэг хийсэн тухай тэмдэглэлд дурдсан “ ... иргэн О.П-д анх 2015 оны 40 дугаартай захирамжаар газар эзэмшүүлсэн боловч газар эзэмшүүлэх гэрчилгээ гараагүй, гэрээ байгуулаагүй, газрын байршлыг зааж цэг тэмдэглэгээ хийгээгүй, кадастрын зураг гараагүй байна. Энэ талаар үзлэгийн явцад нэхэмжлэгч О.Пгээс тодруулахад хүлээн зөвшөөрсөн бөгөөд өөрийн эзэмших эрх бүхий газрын байршлыг мэдэхгүй байв. Ерөнхий байдлаар тус сумын Могой багийн Сүүж гэх газар байгаа гэв ...” гэх тайлбар ,

Гэрч Х.Д-гийн шүүхэд гаргасан мэдүүлэгт “ ... Эдгээр иргэдийн нэг нь О.П мөн. Захирамж гарсны дараа Могой баг дээр тэр хавийн малчид эсэргүүцэл гаргасан. Ингээд тухайн үед газар эзэмшүүлсэн 9 иргэндээ газрыг нь зааж өгч чадаагүй ... тухайн үед би ажлаа аваад удаагүй шинэ байсан, малчдаас хэл ам ирээд байхаар нь хамаагүй хэвлэж өгч болохгүй гэж бодсон. Тэгээд газрын гэрчилгээ, кадастрын зургийг нь хэвлэж өгөөгүй ... яг тэгж нэг бүрчлэн заасан зүйл байхгүй. Нийт 9 иргэний 450 га газар дотроо л багтаж байгаа ...”  гэх тайлбар гаргажээ. 

Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг эрх бүхий Засаг дарга гаргасан бол уг шийдвэрийг үндэслэн газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэх, тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх зэрэг ажлыг хийж гүйцэтгэсний дараа газар эзэмших эрхтэй этгээд бодитойгоор газар эзэмших эрхээ хэрэгжүүлэх боломж бүрдэх ёстой. 

Энэ талаар Газрын тухай хуулийн  тухай хуулийн 23 дугаар зүйлийн 23.4. дэх хэсэг Сумын газрын даамал, дүүргийн газрын алба дараахь эрх хэмжээтэй байна: 23.4.2.-т “Засаг даргын шийдвэрийг үндэслэн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмшүүлэх, ашиглуулах асуудлаар гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгох”, 23.4.3.-т “эзэмшил, ашиглалтад олгогдсон газрын хэмжээ заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, тэдгээрийн кадастрын зургийг үйлдэж, газрын улсын бүртгэлд бүртгэх”,  34 дүгээр зүйлийн  34.1-д “Энэ хуулийн 33.1-д заасан газар эзэмшүүлэх тухай шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын алба тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэнэ.” гэж заажээ. 

Өөрөөр хэлбэл, Газрын тухай хуулийн 33 дугаар зүйлийн 33.1 дэх хэсэгт заасны дагуу газар эзэмшүүлэх шийдвэрийг эрх бүхий албан тушаалтан болох Засаг дарга гаргасан бол уг шийдвэрийг үндэслэн газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулах, кадастрын зургийг үйлдэж, тухайн иргэн, аж ахуйн нэгж, байгууллагатай газар эзэмших гэрээ байгуулж, эрхийн гэрчилгээ олгон, улсын бүртгэлд бүртгэх зэрэг ажлыг гүйцэтгэснээр иргэн, хуулийн этгээд газар эзэмших эрх бодитойгоор хэрэгжих учиртай. 

Ийнхүү газар эзэмших гэрээ байгуулан, гэрчилгээний дагуу газар эзэмших эрхээ хэрэгжүүлж буй иргэн Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4.-т зааснаар газар эзэмшүүлэх тухай шийдвэр гаргасан этгээдийн зөвшөөрөлтэйгээр эрхийн гэрчилгээгээ бусдад шилжүүлэх эрхтэй. 

Цаашилбал газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалахтай холбогдсон харилцааг хуулийн 38 дугаар зүйлд зохицуулсан байна. Тухайлбал, Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1. дэх хэсэгт “Газар эзэмших эрхийн гэрчилгээг хуулиар зөвшөөрсөн хэлбэрээр бусдад шилжүүлж, барьцаалж болно. Эрхийн гэрчилгээг бусдад шилжүүлэх, барьцаалах үйл ажиллагаа нь зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд явагдана.”, 38.2. дахь хэсэг Эрхийн гэрчилгээг шилжүүлэх хүсэлтийг талууд гаргах бөгөөд дараахь баримт бичгийг хавсаргана: 38.2.1.-д “нотариатчаар гэрчлүүлсэн гэрээ”, 38.2.2.-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг шилжүүлэн авснаар үүсэх эрх, үүргийг бүрэн хүлээн зөвшөөрч байгаа тухай нотолгоо”, 38.3. дахь хэсэг Эрхийн гэрчилгээ шилжүүлэх тухай хүсэлтийг тухайн шатны Засаг дарга хүлээн авч дараахь зүйлүүдийг тодруулна: 38.3.1.-д “энэ хуулийн 38.2-т заасан шаардлагыг хангасан эсэх”, 38.3.2.-т “шилжүүлэхийг хүссэн эрхийн гэрчилгээ нь хүчин төгөлдөр эсэх”, 38.3.3.-т “эрхийн гэрчилгээг шилжүүлэн авч байгаа этгээд нь уг эрхийн гэрчилгээг эзэмших эрхтэй эсэх”, 38.4. дэх хэсэгт “Эрхийн гэрчилгээг шилжүүлэх тухай хүсэлтийг хүлээн авснаас хойш ажлын 15 өдрийн дотор тухайн шатны Засаг дарга шийдвэр гаргана. Уг шийдвэрийг үндэслэн сумын газрын даамал, аймаг, нийслэл, дүүргийн газрын албанд бүртгүүлснээр эрхийн гэрчилгээг шилжүүлсэн нь хүчин төгөлдөр болно.” гэж заажээ.

Өөрөөр хэлбэл газар эзэмших эрхийг Засаг даргын захирамжаар олж авсан этгээд нь гэрээний үндсэн дээр зөвхөн эрхийн гэрчилгээгээр эзэмших эрхээ хэрэгжүүлэх бөгөөд газар эзэмших гэрчилгээг Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлд заасан үндэслэл, журмын дагуу бусдад шилжүүлж болох зохицуулалттай.

Гэтэл маргаан бүхий энэ тохиолдолд, хариуцагч захиргааны байгууллага болон нэхэмжлэгч нарын хооронд Газрын тухай хуулийн 23, 34 дүгээр зүйлд заасан газар эзэмшихтэй холбоотой ажиллагаа хуулийн дагуу хийгдэж газар эзэмших эрхийн гэрчилгээ гараагүй, гэрээ байгуулагдаагүй, эзэмших газрын хэмжээ, заагийг газар дээр нь тэмдэгжүүлж, координатжуулаагүй, кадастрын зураг үйлдэгдээгүй байхад хариуцагч Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын зүгээс Газрын тухай хуулийн 38 дугаар зүйлийн 38.1, 38.4 дэх хэсгийг үндэслэн 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн А/45 дугаар захирамж гаргасан нь зорилгодоо нийцэхгүй, хууль зүйн хувьд үндэслэлтэй байх, шийдвэр хууль дээдлэх зарчимд нийцээгүй байна. 

Өөрөөр хэлбэл, иргэн О.П тус аймгийн Хайрхан сумын Могой багийн Сүүж гэх газарт үр тарианы зориулалтаар олгосон 50 га газраа хуульд зааснаар эзэмших, захиран зарцуулах /бусдад шилжүүлэх/ эрх бодитоор үүсээгүй байхад түүний эзэмших эрх бүхий газрын гэрчилгээ /албан ёсоор гаргаагүй баримт/-г бусдад шилжүүлсэн нь хууль зүйн үндэслэлгүй болжээ. 

Иймд Газрын тухай хуулийн 61 дүгээр зүйлийн 61.1. дэх хэсэгт “Төрийн эрх бүхий байгууллага, албан тушаалтан өөрийн шийдвэр, үйлдэл /эс үйлдэхүй/-ээрээ газрын тухай хууль тогтоомж, газар эзэмшигч, ашиглагчийн хууль ёсны ашиг сонирхлыг зөрчсөн бол уг байгууллага, албан тушаалтан өөрөө буюу түүний дээд шатны байгууллага, албан тушаалтан, эсхүл шүүх уг хууль бус шийдвэрийг хүчингүй болгож, үйлдлийг таслан зогсооно” гэж заасныг үндэслэн маргаан бүхий актыг хууль бус болохыг тогтоож хүчингүй болгож шийдвэрлэлээ. 

Түүнчлэн иргэн О.П нь 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын Тамгын газарт “М” ХХК-д 50 га газрыг шилжүүлэх талаар хүсэл зоригоо илэрхийлж О.П өөрийн гараар бичиж гарын үсэг зурсан гэх өргөдөлд: “.... “М” ХХК-ны захирал Н.Д, Б.Э миний бие эзэмшлийн 50 газрыг эзэмшүүлж байгаа нь үнэн болохыг тодорхойлж байна” гэсэн байх бөгөөд үүнийг эзэмших эрхээ шилжүүлж буй талаар хүсэл зоригоо илэрхийлсэн гэж дүгнэх боломжгүй байна.

Мөн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад Архангай аймгийн Шүүхийн шинжилгээний албаны шинжээчийн 2021 оны 11 дүгээр сарын 17-ны өдрийн 062 дугаар дүгнэлтэд “... О.П болон “М” ХХК-ийн захирал Н.Д нарын хооронд 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдөр байгуулсан “Газар эзэмших эрх шилжүүлэх гэрээ”-нд зурагдсан гарын үсэг О.П-гийн гэх туршилтийн болон чөлөөт загвараар ирүүлсэн гарын үсэгтэй тохирохгүй байна ...” гэж дүгнэсэн бөгөөд бодит байдал иргэн О.П-гийн зүгээс газар эзэмших эрхээ бусдад шилжүүлээгүй, гэрээ байгуулагдаагүй болохыг давхар нотолж байна.

Иймд дээрх үндэслэлээр нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж шийдвэрлэлээ. 

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 106 дугаар зүйлийн 106.3.1, 106.3.12 дахь хэсэгт заасныг тус тус удирдлага болгон 

ТОГТООХ нь:

1. Газрын тухай хуулийн 35 дугаар зүйлийн 35.1.4, 38 дугаар зүйлийн 38.1, 61 дүгээр зүйлийн 61.1 дэх хэсэгт заасныг тус тус үндэслэн нэхэмжлэгч О.П-гийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хангаж, Архангай аймгийн Хайрхан сумын Засаг даргын 2015 оны 5 дугаар сарын 8-ны өдрийн “Газар эзэмших эрхийг гэрчилгээг бусдад шилжүүлэх тухай” А/45 дугаар захирамжийн иргэн О.П-д холбогдох хэсгийг хүчингүй болгосугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1, Улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 7 дугаар зүйлийн 7.1.2 дахь хэсэгт заасныг баримтлан нэхэмжлэгчээс улсын тэмдэгтийн хураамжид төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээж, хариуцагчаас улсын тэмдэгтийн хураамжид 70200 төгрөг гаргуулж нэхэмжлэгчид олгосугай.

3. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 108 дугаар зүйлийн 108.2,  114 дүгээр зүйлийн 114.1-д зааснаар захиргааны хэргийн шүүхийн шийдвэрийг гардан авснаас хойш хэргийн оролцогч, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч 14 хоногийн дотор Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхэд давж заалдах гомдол гаргах эрхтэйг дурьдсугай.  

 

 

ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                    А.ТҮВШИНТУЛГА