Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 24 өдөр

Дугаар 2023/ШЦТ/835

 

 

 

 

 

 

 

 

    2023          10           24                                2023/ШЦТ/835

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Д.Эрдэнэбаяр

шүүгдэгч Б.Х

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 19-ний өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 24 настай, эрэгтэй, дээд боловсролтой, нийгмийн ажилтан мэргэжилтэй, “******” ХХК-д өрмийн оператор ажилтай, ам бүл 4; эцэг, эх, дүүгийн хамт Сэлэнгэ аймгийн *** сум, **** дугаар багт оршин суух, урьд ял шийтгэлгүй,

***** регистрийн дугаартай, Б овогт Бийн Х

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч  Б.Х нь 2023 оны 2 дугаар сарын 07-наас 08-нд шилжих шөнө 03 цаг 20 минутын орчим Баянгол дүүргийн 14 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Sway” нэртэй шөнийн цэнгээний газрын хувцасны өлгүүрийн хажууд үл ялих зүйлээр шалтаглан хохирогч Х.Бийн нүүрэн тус газарт нэг удаа цохиж, биед баруун чамархайгаас доош хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины няцрал, уруулд шарх, цус хуралт гэмтэл бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Хохирогчийн хохиролд 30 сая төгрөг өгсөн. Энэ мөнгийг хоёр талаасаа ярьж тохиролцоод бөөнд нь өгсөн байгаа. Сэлэнгэд байдаг байшин хашаагаа зараад дээрх хохирлын мөнгийг олсон. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдлыг ойлгож байна. Цаашид өөртөө анхаарах болно гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Х-ын Б “... 2023 оны 2 дугаар сарын 07-ны өдөр 22 цагийн үед манай гэрт Т, Б /тухайн үед цуг байсан/ нар нь ирээд бид гурав хорооллын “Ц” нэртэй пабад ороод хүн тус бүр 4 орчим 0,5 литрийн Сэнгүр пиво уусан. Тэндээс 00:30 минутын үед гараад хорооллын “Sway” нэртэй баар руу орсон. Тэгээд бид гурав гурвуулаа сууж байгаад 02 цаг 30 минутын орчимд тэр баарнаас гарахад Т би явлаа гээд яваад өгсөн. Тэгээд жаахан гаргаж өгч ойрхон болохоор буцаж ирээд баарны үүдэнд байсан машинд суугаад хажуу талд байдаг зогсоолд ороод сууж байтал Б баар руу ороод түр байж байснаа гэнэт буцаж ирээд машины арын хаалга татаж онгойлгоод дотор зодоон болоод байна гэхээр нь машинаасаа буугаад машин дотор сууж байсан танихгүй 2 залуутай дөрвүүлээ болоод орсон. Тэгээд буудаг шатны хажууд зогсож байгаад, буцаж өлгүүр дээр ирээд зогсож байсан юм тэрнээс цааш санахгүй байна” /хх-н 31/ гэж,

гэрч Г-ын П “... би Хгийн хамт “SWAY” нэртэй бааранд ороод 40-50 орчим минут болж байхад Хгийн найз эмэгтэй гэх хүн ирсэн. Тэгээд бид гурав Х бид хоёрын авсан байсан вискийг уугаад бүжиглэсэн. Тэгээд байж байхад Х бүжгийн талбайд нэг дээгүүрээ хар цамц билүү фудболк өмссөн байсан залуутай маргалдаж байгаад тэр хоёр өөрсдөө салаад явцгаасан. Бид нар эргээд хэсэг хугацаанд бүжиглэсэн. Жаахан сууцгааж байгаад гарах болсон. Би паба-д пиво уугаад бааранд виски уусан болохоор зарим зүйлсийг сайн санахгүй байна. Ямар ч байсан бид нар тухайн баарны хувцас авах хэсэг буюу өлгүүр дээр ирсэн байсан тэр үед Х дээгүүр өмссөн байсан хувцсаа тайлаад шалдан явж байсан. Нөгөө бүжгийн талбай дээр маргалдсан залуутайгаа дахиад маргалдаад байх шиг байсан. Хувцасны өлгүүр хэсгийн тэнд зогсож байгаад нөгөө маргалдаж байсан залуугаа Х цохичих шиг болсон, нөгөө залуу шалан дээр унаад өгсөн. Тэгэхээр нь би Хгийн гарнаас бариад салгаад би тухайн баарнаас түрүүлээд гарсан. Х түүний найз эмэгтэй хоёр араас гарч ирсэн тэгэхээр би Хгээс юу болсон бэ гэсэн чинь Х “зүгээр, зүгээр яв гэсэн” гээд найз охинтойгоо таксинд суугаад явсан. Би хэсэг алхаж байгаад таксинд суугаад эгчийнхээ гэр рүү явсан. Миний анзаарснаар тухайн залууг Х нэг удаа л цохисон тэгээд нөгөө залуу газар уначихсан байсан” /хх-н 35-36/ гэж,

гэрч Т-ын П  “... би “Sway” бааранд хамгаалагч хийдэг бөгөөд 2023 оны 2 дугаар сарын 07-ны шөнө 0 3 цагийн үед бааран дотор үл таних 5-6 залуутай үл таних 2 залуу муудалцаад бие биетэйгээ барьцалдаж аваад зодолдоод байхаар нь баарны бүжгийн талбайгаас гарч салгаж гаргаж ирээд одоо салцгаа гэж хэлэхэд 5-6 залуу бүгдээрээ 2 залуу руу дайраад энд тэндээс нь гарч ирээд зууралдаад зодолдоод байсан. Тэгээд сая миний үзсэн бичлэг дээрх цохиулж байгаа залуу 5-6 залуучуудтай хамт явж байсан бөгөөд найзуудаа 2 залуу руу дайраад байхаар нь салгаад заримыг нь баарны үүд хэсэг рүү авч яваад байсан. Тийм байдалтайгаар байж байгаад бичлэг дээрх цохиулсан залуу хувцасаа баарны өлгүүр дээрээс авах гэхэд 2 залуугийн баруун шанаа хэсэг рүү /шар царайтай, махлаг булчинлаг, ойролцоогоор 180 см өндөртэй, 100 кг жинтэй, хар савхи маягийн дээгүүрээ хар гадуур хувцас өмссөн залуу/ зүүн гараараа нэг удаа хүчтэй цохиход тухайн залуу ухаан алдаад шал нь дээр унасан. Тэр үед хамт явж байсан 4-5 залуу бүгд гараад явсан. Тэгээд би унасан залуу дээр яваад очиход ухаангүй хэвтэж байсан бөгөөд эмнэлэг дуудаад цагдаа дуудах гэхэд үл таних хүн толгой дээр нь оччихоод байхаар нь би ухаан алдсан хүнийг гэнэт хөдөлгөж болохгүй гэж бодоод хөдөлгөхгүй хүмүүсийг цаашаа бай гэж хэлээд цохиж унагаасан залууг яагаад цохисон гэж асуухад “наадуул чинь урдаас дайраад байна шүү дээ” гэж хэлсэн. Тэгээд удалгүй найзууд нь гаднаас орж ирээд ухаан алдсан найзаа сэргээгээд босгохоор нь би цагдаа дуудахгүй юм уу гэж хэлэхэд найзууд нь яахын бэ гэж хэлсэн. Тэгээд 00-ын өрөө ороод гараад ирэхэд сэргээд ухаан ороод найзуудын хамт гараад ирсэн. Би тэр хүртэл цохисон залууг чи байж бай, цагдаа ирнэ гэж хэлээд хажуудаа байлгаж байсан. Цохиулсан, цохисон хоёр хүн гар бариад эвлэрээд бид нар цагдаа дуудхааргүй боллоо гэж хэлээд гараад явахад би Гэмтлийн эмнэлэг яваарай гэж хэлсэн” /хх-н 38 гэж,

гэрч О-ын О  “... 2023 оны 2 дугаар сарын 06-наас 07-нд шилжих шөнө өөрийн ажил дээр 22:00 цаг гээд очоод ажлаа хийж байх үед шөнө 03:00 цаг өнгөрч байхад өлгүүр орчим зодолдож байсан залуусаас нэг нь гаднаас найз бололтой залуу дуудаж оруулж ирээд тэгээд гаднаас орж ирсэн залуу нь өлгүүр орчим хувцасаа авах гээд зогсож байх үед нь найзтай нь муудалцаад байсан залуу хажууд нь зогсож байгаад үгийн зөрүүгүй нэг удаа эрүү, шанаа орчим нь цохиж байна гэж харсан, тэгээд цохиулсан залуу нь шууд хойшоо унаад өгсөн. Манай хамгаалагч нар салгаад байж байх үед цохиулсан залуугийн найз нь зүгээр зүгээр найзыгаа аваад явъя, муудалцсан залууг нь явуулчих зүгээр гэж хэлсэн, мөн цохиулсан залуу зүгзэр зүгээр явуулчих гэж хэлсэн санагдаж байна. Тэгэхээр нь манай хамгаалагч нар цохьсон биерхүү царай зүс нь цэвэрхэн дасгал хөдөлгөөн хийдэг бололтой 180-185 см орчим өндөртэй залууг зүгээр явуулсан саатуулаагүй. Тэр үйл явдал болсоноос хойш 2-3 хоногийн дараа нэг эмэгтэй эгч сорж ирээд камер шүүх гэсэн юмаа энд хэд хоногийн өмнө цохиулсан залуугийн эгч байна гэж хэлэхээр нь би камер шүүж өгсөн” /хх-н 40/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Х.Бийн биед баруун чамархайгаас доош хөхлөг сэртэн рүү үргэлжилсэн шугаман хугарал, тархины баруун чамархайн хатуу хальсан доорх цусан хураа, тархины няцрал, уруулд шарх, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр үүссэн байх боломжтой байна.  Дээрх гэмтлүүд нь хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Учрах үедээ амь насанд аюултай тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 3.1.2-т зааснаар гэмтлийн хүнд зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварын тогтонги алдагдуулах эсэх нь эдгэрэлт эмчилгээнээс хамаарна” гэсэн 2743 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч гаргасан /хх-н 62-64/ ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Б.Хгийн гэм буруутайг нотолно.

Түүнчлэн хавтаст хэрэгт хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл /хх-19-23/, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн өвчний түүх /хх-н 70-81/ зэрэг баримтууд авагджээ.

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Б-ийн Х “... М бид хоёр бүжгийн талбай дээр цуг бүжиглэж байсан чинь бор царайтай 178 см орчим өндөртэй залуу манай найз охин М-ийн гарнаас татаад бөгс дээр нэг алгадсан гэж надад М хэлсэн. Тэгэхээр нь би юу болоод байгаа юм гээд маргасан чинь бүжгийн талбай дээр байсан залуус болон өөр зөндөө хүмүүс ирээд намайг тойроод зогсоод надтай маргаж байсан залуу миний биед хүрэхээр нь би түлхсэн чинь миний өмсөж байсан, хар өнгийн футболкаар миний толгой дээгүүр давуулж байгаад баахан залуус цохисон. Тэгээд байж байх үед намайг бариж авсан тэгэхээр нь намайг тавь гэсэн чинь нэг залуу араас боож унагаасан би царай төрхийг нь ерөөсөө хараагүй. Тэгээд би хэсэг ухаан алдаад сэрсэн чинь миний толгой дээгүүр надад цохиулсан гээд байгаа залуу гарсан. Тэгээд сэрсэн чинь М намайг хурдан явья гээд намайг аваад үүдний хувцас авах хэсэг дээр очсон чинь зөндөө олон залуучууд над руу  тал талаас дайраад байсан. Тэгээд би хувцасаа авмаар байна гээд хувцасаа авах гээд байж байсан чинь цайвар шар царайтай намайг сэрэх үед миний дээгүүр алхаж байсан залуу намаиг доромжилсон /юу гэж хэлсэн талаар санахгүй байна/. ...тэр үед зүүн гараараа баруун шанаа орчимд нь нэг удаа цохьсон чинь тэр залуу нуруугаараа хойшоогоо унасан. ...тэгээд 4-5 минутын дараа тэр залууг сэргэхээр нь хамгаалагч болон цуг яваа хүмүүс нь өргөөд сандал дээр суулгасан. Би зүгээp үү гэж асуухад “зүгээр” гэж хариулсан. Тэгээд байж байсан чинь үүдэнд байсан хамгаалагч “ эд нарыг явуулах юм уу” гэж асуусан чинь надад цохиулсан залуу явуул явуул гэж хэлсэн. Тэгэхээр нь би Мөнхтуулын хамт гараад явсан” /хх-н 95-96/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлжээ.

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Бийн Хг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Б.Хд оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Шүүгдэгч Б.Х-гийн хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 99/, оршин суугаа хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 101/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 202/, нийгмийн даатгалын шимтгэл төлөлтийн лавлагаа /хх-н 103/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байхаас гадна

шүүгдэгч Б.Х “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан байна. /хх-н 210/

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Х-ын Б нь өөрийгөө төлөөлөх бүрэн эрхийг итгэмжлэлээр өөрийн төрсөн эгч Хатанбаатарын Оюунтуяад олгосон байна. /хх-н 201/

Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О  “... хохирол төлбөрт 30.000.000 төгрөгийг миний бие хүлээн авсан. Одоо болон цаашид гомдол, санал, нэхэмжлэл дууссан болно” /хх-н 52/ гэсэн хүсэлтийг гаргасан байх тул шүүгдэгч Б.Х нь бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч Б.Х нь шүүхийн зөвшөөрөлгүй баривчлагдсан 48 цаг буюу 2 хоногийг /хх-н 86, 165/ түүний эдлэх торгох ялаас хасаж тооцов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар хураагдсан CD 1 ширхгийг хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Б.Х шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

 

1. Б овогт Бийн Хг “хүний эрүүл мэндэд хүнд хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Б.Хг арван мянган нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 10.000.000 /арван сая/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Б.Х шүүхийн зөвшөөрөлгүй 2 хоног баривчлагдсан болохыг дурдаж,

Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар түүний баривчлагдсан нэг хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, түүнд оногдуулсан 10.000.000 төгрөгөөр торгох ялаас хасаж түүний эдлэх торгох ялын хэмжээг 9.970.000 /есөн сая есөн зуун далан мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Б.Х торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Хохирогчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Х.О  гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй болохыг дурдаж,

энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Б.Хд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ