Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 10 сарын 30 өдөр

Дугаар 2023/ШЦТ/839

 

 

 

 

 

 

 

 

 

    2023         10          30                                     2023/ШЦТ/839

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Н.Цэнгэлбаяр

шүүгдэгч О.Т

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн ******* дугаартай хэргийг 2023 оны 10 дугаар сарын 03-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны ** дүгээр сарын **-ны өдөр Ховд аймагт төрсөн, 25 настай, эрэгтэй, дээд боловсролтой, хятад хэлний орчуулагч мэргэжилтэй, тодорхой эрхэлсэн ажилгүй, ам бүл 3; эх, эгчийн хамт Баянзүрх дүүргийн 25 дугаар хороо, **** тоотод оршин суух хаягийн бүртгэлтэй боловч Баянзүрх дүүргийн *** дугаар хороо, **** дугаар байр, ** тоотыг түрээслэн амьдарч байгаа гэх, урьд ял шийтэлгүй,

************ дугаарын регистртэй С овогт Огийн Т

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч О.Т нь Баянгол дүүргийн 19 дүгээр хороо, 85 дугаар байрны В 1 давхрын 0 тоотод Г.М, Б.Ш, н.Б нартай согтууруулах ундааны зүйл хэрэглэж байх үедээ хохирогч Г.Мийн худалдан авалт хийлгүүлэхээр өгч явуулсан түүний ХААН банкны виза картыг ашиглаж Баянгол дүүргийн 2 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах ХААН банкны бэлэн мөнгөний машинаас өөрийн ****** тоот данс руу 1.690.000 төгрөгийг шилжүүж, мөн дэлгүүрээс түүний виза картаар 46,830 төгрөгийн худалдан авалт хийх зэргээр үргэлжилсэн үйлдлээр бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшиж, бусдад бага хэмжээнээс дээш буюу нийт 1.736.830 төгрөгийн хохирол учруулсан “хөрөнгө завших” гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч О.Т шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Тухайн үед согтуу байсан болохоор яг юу болсон талаар сайн санахгүй байна. Гэхдээ гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа. 1.236.000 төгрөгийг дансаар буцааж төлсөн. Үлдсэн 500.000 төгрөгийг нь 7 хоногийн дотор төлж барагдуулна гэв.

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Г-ын  М “... 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдрийн 23:00 цаг өнгөрч байх үед найз Б болон түүний найз Т, манай үеэл дүү Ш бид дөрөв хамтдаа Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь санахгүй байгаа караокед орсон бөгөөд бид нар бага зэрэг согтууруулах ундааны зүйл хэрэглээд 01:00 цаг өнгөрч байхад караокеноос гараад Бийн гэр болох Баянгол дүүргийн 19 дүгээр хороо 85 дугаар байрны В 1 давхарт 0 тоот гэрт нь орсон. Бийн гэрт ороод ХААН банкныхаа виза картыг Тд архи аваад ир гэж өгөөд кодоо хэлсэн ба ингээд би хэсэг байж байгаад тасраад унтчихсан байсан. Ингээд 2023 оны 8 дугаар сарын 16-ны өглөө 11:00 цагийн үед сэртэл Т миний ХААН банкны ***** тоот дансны шар өнгийн виза картыг өгөөд мөнгөөр нь мөрийтэй тоглоод алдчихсан гэхээр би гайхаад дансаа шалгаад үзтэл дансанд байсан мөнгийг маань 4 удаагийн гүйлгээгээр гаргаад миний 1.736.000 төгрөгийг үрчихсэн байсан. Цагийг нь шүүгээд үзтэл 03 цаг 50 минутаас 11 цаг 50 минутын хооронд гүйлгээ хийгдсэн байсан ба тэр цаг хугацаанд би Бийн гэрт унтаж байсан. Б, Т, Шижирбаатар бид дөрөв нэлээн согтсон байсан. Би байр түрээслүүлээд олсон миний мөнгө дансанд байж байсан. Т надаас огт мөнгө төгрөг асуугаагүй, зээлээч гэж хэлээгүй байж шууд архи авна гэж гарч яваад виза карт аваад мөнгийг маань үрчихсэн байсан. Миний хувьд гомдолтой, би мөнгөө эргүүлэн авах хүсэлтэй байна. Ш бол бид нарыг гэрт оруулж өгчихөөд явна гэж байсан бөгөөд өглөө сэрэхэд Ш угаасаа явчихсан байсан. Миний данснаас 100.000 төгрөг гарсан байсан бөгөөд тэр мөнгийг бол манай дүү Ш мөнгөгүй гээд мөнгө өгчихөөрэй гэхээр нь хамт ATM-ээс Ттай ороод авчихаарай гэж хэлсэн. Тэгсэн чинь Т дүүд 100.000 өгчихөөд нэмээд 1.736.000 төгрөг өөртөө авчихсан байсан” /хх-ийн 6/ гэж,

гэрч Б-ы Ш “... 2023 оны 8 дугаар сарын 15-ны орой үеэл ах М дуудаад байхаар нь 23 цагийн үед Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах нэрийг нь санахгүй байгаа нэг караокед орсон бөгөөд тэнд М ахын найзууд гээд Т, Б гэж хүмүүс байсан. Ингээд бид дөрөв согтууруулах ундааны зүйл хэрэглэж байгаад 01 цагийн үед караокеноос гараад Б ахын гэр рүү явсан бөгөөд Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 85 дугаар байрны В 1 давхарт очсон.

М ах Т гэж ахад ХААН банкны виза картаа өгөөд кодоо хэлээд архи аваад ир гэсэн бөгөөд надад бас 100.000 төгрөг өгөөрэй гэж хэлсэн. Удалгүй Б ах М хоёр унтаад өгсөн ба Т ах бид хоёр гараад Баянгол дүүргийн 1 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах 25 дугавр эмийн сангийн хойд талын автобусны буудлын ойролцоо байдаг ХААН банкны ATM орсон бөгөөд Т ах М ахын данснаас миний ХААН банкны ******** тоот данс руу 100.000 төгрөг шилжүүлж өгсөн. Би тэгээд шууд яваад өгсөн ба Т ax ATM дээр үлдсэн. Тэрнээс хойш дахиж М ах, Т ах, Б ах нартай уулзаагүй. Харин М ах өглөө нь залгаад өчигдөр болсон зүйлсээ асуугаад байсан” /хх-ийн 8/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Огийн Т “... би найзынхаа найз болон дүүтэй нь хамт 2023 оны 8 дугаар сарын 15-наас 16-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 17 дугаар хорооны нутаг дэвсгэрт байрлах караокед архи согтууруулах ундааны зүйл хэрэглээд  найз Бийн гэрт очсон чинь М гээд залуу надад картаа өгөөд архинд явуулсан бөгөөд би тэр картнаас нь өөрөө дур мэдээд өөрийнхөө данс руу 1.736.000 төгрөгийг шилжүүлж аваад мөрийтэй тоглож алдаад заримаар нь дэлгүүрээс худалдан авалт хийгээд дууссан. Би тухайн үед жаахан согтолттой байсан. Би зүгээр л мөрийтэй тоглодог байсан бөгөөд дансанд нь их мөнгө байхаар нь азаа үзээд мөнгөтэй болоод бага зэрэг өртэй тэрийгээ дарах гэж оролдсон юм” /хх-н 17-18/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

Түүнчлэн хавтаст хэрэгт Г.Мийн ХААН банкны ******* тоот депозит дансны дэлгэрэнгүй хуулга /хх-ийн 3/ авагдсан байна.

Өмчлөх эрхийн эсрэг гэмт хэргийн бүлэгт хамаарах “Хөрөнгө завших” гэмт хэргийн обьектив тал нь бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг завшсан идэвхтэй үйлдлээр илрэх бөгөөд энэ үйлдлийн улмаас хохирол учирсан байхыг шаардаж, завшсан үйлдэл, хохирол хоёр хоорондоо шалтгаант холбоотой байдаг.

Субьектын хувьд 16 насанд хүрсэн, хэрэг хариуцах чадвартай, тухайн эд хөрөнгө, эд хөрөнгийн эрхийг итгэмжлэн хариуцсан хувь байхыг энэ зүйлийн үндсэн шинжид тусгаж хуульчилсан.

 

Шүүгдэгч О.Тд холбогдох хэргийн үйл баримтаас үзвэл түүний үйлдэл Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан гэмт хэргийн шинжийг бүрэн хангаж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч С овогт Огийн Төмөртулгыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завших” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Шүүхээс шүүгдэгч О.Төмөртулгыг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсоны дараа улсын яллагч Н.Цэнгэлбаяр эрүүгийн хариуцлагын талаар “... шүүгдэгчийг 2.700.000 төгрөгөөр торгох, торгох ялыг хэсэгчлэн төлүүлэх тухай” санал гаргасныг шүүх хүлээж авах шаардлагагүй гэж үзэв.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт эрүүгийн хариуцлага тохирсон байх нь шударга ёсны зарчимд нийцэх бөгөөд эдгээрт дүгнэлт хийж, Эрүүгийн хуулийн тухайн зүйл хэсэгт заасан ялын төрлөөс ямар ял сонгож, ялын хэмжээг тогтоох нь шүүхийн эрх хэмжээ юм.

 

Нөгөөтэйгүүр шүүгдэгч О.Т одоогоор тодорхой эрхэлсэн ажилгүй, цалин орлогогүй байгаа байдал нь түүнд “торгох” ял оногдуулахад зохимжгүй, “зорчих эрхийг хязгаарлах” ялын хувьд түүний цаашид ажил төрөл хийхэд хязгаарлагдмал байдлыг бий болгоно гэж шүүх үзсэн болно.

 

Иймд шүүгдэгч О.Төмөртулгын хувийн байдал, гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдлыг харгалзахын зэрэгцээ “... гэмт хэрэг үйлдсэн хүнийг нийгэмшүүлэхэд оршино” гэсэн эрүүгийн хариуцлагын зорилгод нийцүүлэн түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасан ялын төрлөөс нийтэд тустай ажил хийлгэх ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч О.Төмөртулгын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 21/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 25/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагджээ.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч Г.М “... 1.736.000 төгрөг нэхэмжилснээс 1.236.000 төгрөгийг авсан. Одоо 500.000 төгрөг нэхэмжилж байна” гэж шүүгчийн туслахад утсаар ярьж мэдэгдсэн байна.

 

Шүүгдэгч О.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

 

Шүүгдэгч О.Т шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. С овогт Огийн Т-ыг “бусдын итгэмжлэн хариуцуулсан эд хөрөнгийг завшсан” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Т-ыг 300 /гурван зуу/ цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч О.Т шүүхээс оногдуулсан 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялыг биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.4 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй нийтэд тустай ажил хийлгэх ялын найман цагийн ажлыг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

4. Иргэний хуулийн 497 дугаар зүйлийн 497.1, 510 дугаар зүйлийн 510.1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч О.Тас 500.000 /таван зуун мянга/ төгрөг гаргуулж хохирогч Г.Мд олгосугай.

 

5. Шүүгдэгч О.Т цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

7. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл О.Тд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                            О.ЖАНЧИВНЯМБУУ