Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 11 сарын 21 өдөр

Дугаар 2023/ШЦТ/892

 

 

 

 

 

 

 

 

    2023          11           21                                   2023/ШЦТ/892

 

 

 

                          

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга С.Есөн-Эрдэнэ хөтлөн

улсын яллагч Б.Солонго

шүүгдэгч /хохирогч/ М.Б

шүүгдэгч /хохирогч/ Ө.Ц

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас М.Бт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар, Ө.Цт холбогдуулан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр ирүүлсэн эрүүгийн ***** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч /хохирогч/: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Увс аймагт төрсөн, эрэгтэй, 32 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, хувиараа хөдөлмөр эрхэлдэг, ам бүл 3; эхнэр, хүүхдийн хамт Баянгол дүүргийн 10 дүгээр хороо, Зүүннарангийн 11 дүгээр гудамж, ** тоотод оршин суух,

ял шийтгэл: Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн 260 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600 нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгүүлсэн,

********* дугаарын регистртэй, Ш овогт М-ын Б

 

Шүүгдэгч /хохирогч/: Монгол Улсын иргэн, **** оны ** дугаар сарын **-нд Улаанбаатар хотод төрсөн, эрэгтэй, 25 настай, бүрэн дунд боловсролтой, мэргэжилгүй, “******” ХХК-д ажилладаг, ам бүл 7; эцэг, эх, эхнэр, хүүхэд, эгч, дүүгийн хамт Сүхбаатар дүүргийн 16 дугаар хороо, Бэлхийн 33 дугаар гудамж, ****** тоотод оршин суух,

ял шийтгэл: Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдрийн 286 дугаар шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлсэн,

***** дугаарын регистртэй, Б овогт Өын Ц

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч М.Б нь 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хороо, “Астма” гэх нэртэй эмнэлгийн гадна хохирогч Ө.Цыг “машинаа холдуул удлаа” гэж хэллээ гэх үл ялих зүйлээр шалтаглан нүүр хэсэг рүү гараараа цохиж, түүний биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт,

шүүгдэгч Ө.Ц нь 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр Баянгол дүүргийн 27 дугаар хороо, “Астма” гэх нэртэй эмнэлгийн гадна хохирогч М.Бийг “утасны дугаараа үлдээгээгүй, утсаа аваагүй” гэх үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж нүүр хэсэг рүү мөргөж, толгой руу нь гараараа цохиж түүний биед 1, 2-р шүд, зүүн 1-р шүдний сулрал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт тус тус холбогджээ.

 

Шүүгдэгч /хохирогч/ М.Б шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна маргахгүй. Хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учрыг ойлгож байгаа. Хохирогчийн хувьд миний үүдэн 3 шүд гэмтэж, би өөрөө эмчлүүлсэн. Хохирлын мөнгө гэж Цаас аваагүй. Цаашид нэхэмжлэх зүйлгүй, гомдолгүй. Ц бид хоёр эвлэрсэн гэв.

 

Шүүгдэгч /хохирогч/ Ө.Ц шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мөн адил гэм буруугаа хүлээн зөвшөөрч байгаа тул мэдүүлэг өгөхгүй. Бт гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй. Хэргийг хялбараар шийдвэрлэхийг ойлгож байна. Миний хамрын яс мурийсан. Үүнийг өөрөө эмчлүүлнэ. Хохиролд ямар нэгэн мөнгө төгрөг аваагүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч Өын Ц “... 2023 оны 8 дугаар сарын 04-ний өдөр 16 цагийн үед би дэлгүүр рүү бараагаа зөөж байсан. Тухайн өдөр ажил ихтэй, жимс ачиж явдаг болохоор амархан мууддаг учир түргэн шуурхай хүргэхгүй бол болохгүй болохоор яараад явж байсан. Дэлгүүрийн зогсоол руу орох гэтэл хоёр машин хаагаад тавьчихсан байсан. Тэгээд буугаад урд талынх нь машины утасны дугаарыг харах гэтэл дугааргүй байсан. Арын машиных нь эзэн гараад ирсэн. 30-40 минутын дараа машины жолооч гарч ирэхлээр нь би уурлаад ядаж утасны дугаараа үлдээгээд явдаггүй юм уу, утас руу чинь залгаад байхад авчихад яадаг юм гэх мэтээр уурласан. Тэгээд машиныхаа цонхоор хоорондоо маргалдаж байсан.

Намайг буугаад ир гэж хэлсэн. Машиныхаа хаалгыг хаах гэтэл хаалгахгүй байсан. Цонх онгорхой байсан учраас тухайн залуу нүдний шилээ гартаа барьсан байсан тэр шилээрээ миний нүүр рүү цохичхоод тэгээд цаашаа явах гэхэд нь би машинаасаа буугаад нүүр хэсэг рүү нь мөргөсөн. Нөгөө залуу намайг хоёр гараараа үсдэж байгаад доош нь дараад цохиод бас өвдөглөсөн. Миний хамраас цус гарсан. Гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нөхөн төлүүлнэ” /хх-ийн 15-16/ гэж,

хохирогч М-ын Б “... 16:00 цагийн үед эхнэртэйгээ “Астма” эмнэлэгт үзүүлж байсан. Тэгтэл машин гаргах гээд нэг эгч намайг дуудаад хамт эмнэлгээс гарсан. Би гарч очоод машинаа хөдөлгөх гэтэл “Тоёота” маркийн ачааны маягийн бор өнгөтэй машинтай залуу цонхоороо “пизда минь утсаа авахад яадаг пизда вэ” гэх мэтээр үг хэл амаар дайрч эхэлсэн. Би машинаасаа буугаад тухайн залуугийн хажууд цонхны харалдаа нь очоод ахын дүү чи уураа дар битгий ингэж хүнтэй муухай харьцаж бай гээд хэлэхдээ нүдний шилээрээ чичилсэн. Тэгсэн чинь нөгөө залуу машинаасаа бууж ирээд намайг шууд мөргөсөн. Мөргөхөд нь би хойшоо унасан. Тэгээд дээрээс 2-3 удаа цохисон ар дагз болон толгой руу цохиод байхаар нь нүүрээ дараад доошоо харж байгаад өөрийгөө хамгаалах гээд гараас нь бариад тухайн залуугийн нүүр хэсэг рүү нь нэг удаа цохисон. Эсэргүүцээд дайраад байхаар нь үснээс зулгаагаад доош нь дарсан. Тухайн үед шүд хөдөлсөн. Уруул сэтэрсэн байдалтай байсан. Би гомдолтой байна. Эмчилгээний зардлаа нөхөн төлүүлнэ” /хх-ийн 08-09/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Ө.Цын биед хамар ясны цөмөрсөн хугарал, таславчийн хугарал, муруйлт, хамрын нуруунд зөөлөн эдийн няцрал, цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэх боломжтой. Дээрх гэмтэл нь эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй. Учирсан гэмтэл нь шинэ гэмтэл байна” гэсэн 9882 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч /хх-н 33-34/,

 

хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... М.Бийн биед 1,2-р шүд, зүүн 1-р шүдний сулрал, уруулд язарсан шарх, зөөлөн эдийн няцрал гэмтэл тогтоогдлоо. Уг гэмтэл нь мохоо зүйлийн нэг удаагийн үйлчлэлээр үүсгэгдэнэ. Хэрэг болсон гэх цаг хугацаанд үүссэн байх боломжтой. Эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг тогтонги алдагдуулахгүй” гэсэн 9873 тоот дүгнэлтийг Шүүх шинжилгээний ерөнхий газрын шинжээч /хх-н 43-44/ тус тус гаргасан ба хавтаст хэрэгт авагдсан дээрх нотлох баримтууд нь шүүгдэгч М.Б, шүүгдэгч Ө.Ц нарын гэм буруутайг нотолно.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч М-ын Б “... би Ө.Ц гэх залуугийн биед гэмтэл учруулсан. Өөр хэлэх зүйл байхгүй” /хх-н 60-61/ гэж,

шүүгдэгч Өын Ц “... би М.Бийн биед гэмтэл учруулсандаа харамсаж байна. Би учруулсан хохирол мөнгөө бүрэн төлж барагдуулна” /хх-н 64-65/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад тус тус мэдүүлснийг дурдах нь зүйтэй.

 

Өөрөөр хэлбэл нэр бүхий шүүгдэгч нар үл ялих зүйлээр шалтаглан маргалдаж, улмаар хоорондоо зодолдож хэн алиныхаа эрүүл мэндэд хөнгөн зэргийн хохирол санаатай учруулсан нь эрүүгийн хуульд заасан гэмт хэргийн шинжийг бүрдүүлж байх тул прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Ш овогт Мын Б, Б овогт Өын Ц нарыг тус бүрийг нь “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, тэдгээрт Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

Шүүгдэгч М.Бийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 69/, Байнга оршин суугаа хаягийн лавлагаа /хх-н 90/, Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 79-87/,

 

Шүүгдэгч Ө.Цын хувийн байдалтай холбоотой:

иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 101/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 68/, оршин суугаа газрын хаягийн бүртгэлийн лавлагаа /хх-н 103/, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн шийтгэх тогтоолын хуулбар /хх-ийн 72-78/ гэсэн баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Шүүгдэгч Ө.Ц урьд өмнө нь буюу 2022 оны 3 дугаар сарын 28-ны өдөр Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 286 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар 300 цагийн хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх ялаар шийтгүүлж, уг ялыг биелүүлсэн талаарх Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын “Эрүүгийн шийдвэр гүйцэтгэх ажиллагаа дууссан тухай тогтоол” /хх-н 88/,

 

шүүгдэгч М.Б урьд өмнө нь буюу 2018 оны 4 дүгээр сарын 11-ний өдрийн Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 260 дугаартай шийтгэх тогтоолоор Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар 600.000 төгрөгөөр торгох ялаар шийтгэгдсэн баримтууд авагджээ.

 

Шүүгдэгч нар урьд шийтгүүлж байсан дээрх байдлууд нь өнөөдрийн шүүх хуралдаанаар хянан хэлэлцсэн гэмт хэрэгт оногдуулах ялыг хүндрүүлэх үндэслэл болохгүй бөгөөд энэ нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.1 дүгээр зүйлийн 4 дэх хэсэгт заасан “Эрүүгийн хариуцлага хүлээж дуусгавар болсон нь хуулиар хязгаарлалт тогтоосноос бусад тохиолдолд хүний эрх зүйн байдлын дордуулах үндэслэл болохгүй” гэсэн заалтад нийцнэ.

 

Харин шүүгдэгч Ө.Ц, М.Б нар цаашид өөрсдийн хувийн байдалдаа анхаарвал зохино.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана” гэсэн зохицуулалт нь шүүгдэгч нарын гаргасан хүсэлтүүд болон прокурорын саналд нийцэж байх тул шүүх шүүгдэгч Ө.Ц, М.Б нарт оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

 

Хохирол төлбөрийн хувьд:

хохирогч Ө.Ц “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 112/ гэж,

хохирогч М.Б “... гомдол санал, нэхэмжлэх зүйлгүй” /хх-н 111/ гэж тус тус мэдүүлсэн нь шүүгдэгчийн зүгээс бусдад төлөх төлбөргүй.

 

Шүүгдэгч М.Б, Ө.Ц нар цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт эд мөрийн баримтаар хураагдсан зүйл, битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдах нь зүйтэй.

Шүүгдэгч М.Б, Ө.Ц нар шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад хамаарөх бөгөөд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулсан, өмгөөлүүлэх, хууль зүйн туслалцаа авах эрхээ эдлэх боломжоор хангаагүй гэж үзэж үндэслэл болохгүй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

ТОГТООХ нь:

 

1. Ш овогт Мын Бийг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд,

Б овогт Өын Цыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тус тус тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч М.Бийг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар, шүүгдэгч Ө.Цыг зургаан зуун нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 600.000 төгрөгөөр торгох ялаар тус тус шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч М.Б, Ө.Ц нар торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг тэдгээрт мэдэгдсүгэй.

 

4. Шүүгдэгч М.Б, Ө.Ц нар цагдан хоригдсон хоноггүй, бусдад төлөх төлбөргүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүй, эд мөрийн баримтаар хураагдсан зүйлгүйг тус тус дурдсугай.

 

5. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт тус тус зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

6. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл М.Б, Ө.Ц нарт урьд авагдсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг тус тус хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ