Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 09 сарын 06 өдөр

Дугаар 2023/ШЦТ/715

 

 

 

 

 

 

 

 

 

   2023         9            06                                    2023/ШЦТ/715                          

 

 

 

 

МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Г.Хулан хөтлөн

улсын яллагч В.Батдэлгэр

шүүгдэгч Т.Г, түүний өмгөөлөгч Г.Золжаргал

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А

иргэний нэхэмжлэгч Э.А

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар Тээврийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж ирүүлсэн эрүүгийн 2203005240528 дугаартай хэргийг 2023 оны 8 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

            Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, ****  оны ** дугаар сарын **-нд Хэнтий аймагт төрсөн, 30 настай, эрэгтэй, бүрэн дунд боловсролтой, экскаваторын жолооч мэргэжилтэй, “Шилэн хийц” ХХК-д механик, засварчин ажилтай, ам бүл 6, эцэг, эх, ах, эгч, дүү нарын хамт Баянгол дүүргийн 23 дугаар хороо, Зүүн Ард Аюушийн 11 дүгээр гудамж, *** тоотод оршин суух, урьд ял шийтгэлгүй,

********* дугаар регистртэй Б овогт Тийн Г

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр:

Шүүгдэгч Т.Г нь 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө 07:00 цагийн үед Баянгол дүүргийн 7 дугаар хорооны нутаг дэвсгэр ГССҮТ-н баруун урд уулзвар замд Тоёота Приус маркийн, *** УБА улсын дугаартай автомашиныг жолоодож явахдаа Монгол Улсын Замын хөдөлгөөний дүрмийн 8 “3амын хөдөлгөөн зохицуулах дохио. 8.11. “Чиг заасан сум бүхий үндсэн ногоон гэрэл болон нэмэгдэл гэрэл дохио нь зөвхөн сум заасан чигт хөдөлгөөнийг зөвшөөрнө. Зүүн гар тийш эргэхийг зөвшөөрсөн сум нь буцаж эргэхийг мөн зөвшөөрнө. Нэмэгдэл гэрэл дохио асаагүй бол (гэрлэн дохионы зохицуулгатай үед) уг чигт хөдөлгөөнийг хориглоно.” 10.5. “Уулзвар, гарцаар нэвтрэх хөдөлгөөн нь зөвхөн нэг чигт зөвшөөрөгдсөнөөс бусад тохиолдолд жолооч баруун гар тийш эргэхийн өмнө хамгийн баруун, зүүн гар тийш буюу буцаж эргэхийн өмнө хөдөлгөөний тухайн чигийн хамгийн зүүн гар талын захад урьдчилан байр эзэлсэн байна.” гэсэн заалтуудыг зөрчсөний улмаас чиглэлийн дагуу зөвшөөрсөн ногоон гэрэл дохиогоор уулзвар нэвтэрч явсан Э.А жолоочтой Тоёота Приус 30 маркийн, *** УАК улсын дугаартай автомашинтай мөргөлдөж, улмаар уулзвар дээр зөвшөөрсөн гэрэл дохио хүлээн зогсож байсан Б.О жолоочтой Тоёота Аллион маркийн, *** УНС улсын дугаартай автомашиныг мөргөсөн зам тээврийн осол гаргаж Тоёота Приус маркийн, *** УБА улсын дугаартай автомашинд зорчиж явсан зорчигч Дашханд овогтой Чын амь насыг хохироосон буюу “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэх гэмт хэрэгт холбогджээ.

 

Шүүгдэгч Т.Г шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Өмнө нь үнэн зөв мэдүүлсэн тул дахин мэдүүлэхгүй. Хохирол төлбөрт баримтгүйгээр мөнгө өгсөн. Би сард 1 сая төгрөгийн цалин авдаг. Цаашид гаргах нэхэмжлэлийн шаардлагыг хүлээн зөвшөөрнө. Замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэм буруугаа хүлээн зөвшөөрч байна. Талийгаачийн охин А бид хоёр хамтран амьдарч байгаа гэв.

 

Хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Хохирлын мөнгө төгрөгөө авсан. Шүүгдэгч Гд гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй. Харин жолооч Ад гомдолтой байна. Түүнээс мөнгө нэхэмжилмээр байна. Г бид хоёр хамт амьдарч байгаа гэв.

 

Иргэний нэхэмжлэгч Э.А шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Миний автомашинд 5 сая гаруй төгрөгийн эвдрэл хохирол учирсан. Гэхдээ энэ мөнгийг шүүгдэгч Ггоос нэхэмжлэхгүй гэв.

 

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч-ын А “... 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өглөө би өөрийн төрсөн аав Ч болон хамтран амьдрагч Ггийн хамт гэрээсээ 06:00 цаг өнгөрч байхад гарсан. Тухайн үед Г өөрийнхөө аав Тийн эзэмшлийн Тоёота Приус маркийн, 26-11 УБА улсын дугаартай автомашиныг жолоодож явсан. Талийгаач аавыг “Мөнх-Онч” нэртэй эмнэлэгт хүргэж өгөх зорилготой явсан бөгөөд би урд зорчигчийн суудал дээр суугаад, талийгаач аав арын суудал дээр суугаад явж байсан. Ингээд Баянхошуунд байх гэрээсээ гараад явж байгаад хорооллын замаар зүүнээс баруун тийш чиглэлтэй явж байгаад Гэмтлийн эмнэлгийн баруун замаар хойноос урагш чиглэлтэй зорчих хэсгийн 3 дугаар эгнээгээр явж байсан. Гэмтлийн баруун талын замаар уруудаад явж байхад замын цагдаа нар согтууруулах ундаа хэрэглэсэн эсэхийг шалгаад зогсож байсан. Г үлээж шалгуулаад цааш уруудаад явж байгаад гэрэл дохиотой уулзвар руу ороод ирсэн. Яг ослын талаар бол би мэдэхгүй байна. Би гомдолтой байна.

Ослын зөв буруу хариу гараагүй хэдий ч Тоёота Приус-30 маркийн автомашины жолооч талаас над руу ганц удаа ч яриагүй. Иймд би маш их гомдолтой байна. Хэргийг хурдан шийдэж өгнө үү, буруутай жолоочоос хохирлоо нэхэмжилнэ” /1-р хх-н 31/ гэж,

гэрч Ж-гийн Т “... тухайн өдрийн өглөө Хан-уул дүүрэгт байх гэрээсээ том болон дунд охин А, Б нарын хамт гарсан. Охин А өөрийнхөө эзэмшлийн Тоёота Приус маркийн, **** УАК улсын дугаартай автомашиныг жолоодоод Б охин маань урд зорчигчийн суудал дээр суугаад, би арын суудал дээр Б охины харалдаа ард суугаад, охин Ариун-Эрдэнийн ажил руу нь явсан.

Гурвалжингийн гүүр даваад Саппорогийн уулзвараар урдаас хойш чиглэлтэй гараад чигээрээ явж байсан бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун урд гэрэл дохиотой уулзвар руу ойртоод ирэхэд чигээрээ хөдөлгөөнд оролцох ногоон өнгийн гэрэл асаж байсан. Уулзвар нэвтрээд ороход шар гэрэл ассан тэр үед нэг автомашин гэнэт охины жолоодож явсан машины урдуур ороод ирсэн. Тэгээд охин тоормос гишгэж амжилгүй тухайн машиныг мөргөсөн. Ослын дараагаар хэсэг шоконд ороод юу болсныг санахгүй байна, эмнэлэг рүү явж байснаа санаж байна. Намайг харахад 60 орчим км/цагийн хурдтай явж байсан, 6 тоо харагдаж байсан юм. Яг хэд гэдгийг нь харж амжаагүй. Тухайн өдөр охин Ариун-Эрдэнийг ажил дээр нь очихоор нь би машиныг нь авч явж гадуур ажил амжуулах гэж байсан. Мөн дүү Болор-Эрдэнийг сургуульд нь хүргэж өгөх гээд охин А их яаруу явж байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй, тийм шаардлага байхгүй ээ” /1-р хх-н 67/ гэж,

гэрч Э-ын Б “... тухайн өдрийн өглөө Хан-уул дүүрэгт байх гэрээсээ эгч А, ээж Тунгалаг нарын хамт гарсан. Эгч А өөрийнхөө эзэмшлийн Тоёота Приус маркийн, 81-02 УАК улсын дугаартай автомашиныг жолоодоод, би урд зорчигчийн суудал дээр суугаад, ээж Тунгалаг арын суудал дээр миний харалдаа суугаад эгч Ариун-Эрдэнийн ажил руу нь явсан. Би хичээлтэй байсан учир эгч, ээж хоёртой цуг явж байсан. Ингээд Гурвалжингийн гүүр урдаасаа хойшоо даваад Саппорогийн уулзвараар урдаас хойш чиглэлтэй гараад чигээрээ явж байсан бөгөөд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн баруун урд гэрэл дохиотой уулзвар руу ойртоод ирэхэд эсрэг урсгалд машинууд зогсож байсан бөгөөд эгч машинаар уулзвар нэвтрэх үед гэнэт урдуур нь машин ороод ирсэн. Тэгээд эгч зогсож амжилгүй мөргөөд эгчийн машин бүтэн эргээд зогссон. Би ослын дараа юу болсныг санахгүй байна, нэг мэдэхэд түргэний машин ирээд ээж, бид хоёрыг авч явж байсан. Би уулзвар нэвтрэхээс өмнө харахад 60 орчим км/цагийн хурдтай явж байсан. Уулзвар нэвтрэх үедээ хэр хурдтай явсныг хараагүй, би тэр үед урагш хараад л явж байсан. Мөргүүлсэн машин эсрэг урсгалаас удаан урагшлаад яваад байсан. Тэр үед бид нарын явж байсан чиглэлийн ногоон өнгийн гэрэл асаж байсан болохоор би тэр машиныг зогсоно гэж бодоод явж байхад л гэнэт ороод ирсэн. Би эмнэлэгт үзүүлэхэд хугарал гэмтэлгүй байна гэж хэлсэн, эмч эм бичиж өгсөн, одоо миний биеийн байдал хэвийн байгаа” /1-р хх-н 70/ гэж,

гэрч Б-ын О “... би тухайн өдөр өөрийн эзэмшлийн боловч нэрээ шилжүүлж амжаагүй байгаа Тоёота Аллион маркийн, 69-89 УНС улсын дугаартай автомашиныг жолоодоод өглөө 07:00 цагийн орчимд гэмтлийн урд талын замаар зүүн талаас баруун тийш чиглэлтэй 1 дүгээр хороололд байх гэр рүүгээ явж байсан. Тэгээд Гэмтлийн баруун урд гэрэл дохиотой уулзвар дээр ирэхэд улаан гэрэл асаж байхаар нь би зогсож байсан бөгөөд миний жолоодож явсан машины урд нэг машин зогсож байсан, тухайн үед хойноос урагшаа явах чиглэлийн зүүн гар тийш эргэх эгнээнд хоёр гурван машин зогсож байгаа нь харагдсан. Би тэгээд доош хараад сууж байтал машин мөргөлдөх чимээ гараад нэг машин миний жолоодож явсан машины урд хэсгийг мөргөөд зогссон. Хартал 2 машин мөргөлдөөд Тоёота Приус-10 маркийн машин нь миний машиныг мөргөсөн байсан. Би шүүх эмнэлэгт үзүүлэхгүй ээ” /1-р хх-н 69/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 2465 дугаартай дүгнэлтэд амь хохирогчийн үхлийн шалтгааныг:

“... Талийгаачийн цогцост гавал тархи, хүзүүний нугалам, цээжний хөндийн хавсарсан гэмтэл, суурь яс баруун, зүүн чамархай, дух ясны шугаман болон салаалсан, хөндлөн салсан үйрч бяцарсан хугарал, хатуу хальсны урагдал, тархины эдийн бяцрал, няцрал, хүзүүний 2, 3-р нугалмын их биеийн нугасны бүрэн тасрал бүхий салсан хугарал, цээжний баруун, зүүн талын 3, 4, 5-р хавирганы хугарал, хугарал орчмын булчин, зөөлөн эдийн цус хуралт, зүүн уушигны гялтан доорх цус хуралт ба эдийн няцрал, зулайн хуйх, баруун чамархай, баруун хөмсөгний зулгаралт гэмтэл тогтоогдлоо.  Талийгаачид шинжилгээгээр үхэлд хүргэх архаг хууч өвчин тогтоогдсонгүй.  Талийгаач нь дээрх амьдрах боломжгүй хавсарсан гэмтлийн улмаас нас баржээ. Талийгаач 0/1/ бүлгийн цустай байна. Талийгаачийн цусанд спиртийн агууламж илрээгүй.” /1-р хх-н 93-98/ гэсэн байна.

 

Түүнчлэн цагдаагийн 102 тусгай дугаарын утсанд ирсэн дуудлагын  лавлагааны хуудас /1-р хх-ийн 03/, 2022 оны 9 дүгээр сарын 01-ний өдрийн зам тээврийн осол, хэргийн газарт үзлэг хийсэн тэмдэглэл, үзлэгээр тогтоогдсон байдал, хэмжилтийн бүдүүвч болон гэрэл зургууд /1-р хх-н 4-12/, жолоочийн согтуурлын зэргийг шалгасан тэмдэглэл, гэрэл зургууд /1-р хх-н 13-15/, Цогцост үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургууд, /1-р хх-н 16-20/, Хяналтын камерын бичлэг бүхий CD-д үзлэг хийсэн тэмдэглэл, /1-р хх-н 27/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4272 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-н 113-115/, Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээчийн 4274 дугаартай дүгнэлт, гэрэл зураг /1-р хх-н 116-118/, “Аривжих-Эстимэйнт” ХХК-ийн үнэлгээний тайлан /1-р хх-н 145/ гэсэн нотлох баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

“Гэмт хэргийг шуурхай, бүрэн илрүүлэх, гэмт хэрэг үйлдсэн хүн, ...-ийг олж тогтоон шударгаар ял оногдуулах, гэм буруугүй хэнийг ч гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцохгүй байх, хүний эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хамгаалах, зөрчигдсөн эрхийг сэргээх гэсэн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны зорилтод нийцүүлэн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаатай холбоотой бүхий л ажиллагааг хуульд заасан үндэслэл, журмын дагуу явуулсны дараа гэм буруугийн асуудлыг хэлэлцэх нь зүйтэй гэж шүүх дүгнээд шүүгдэгч Т.Гд холбогдох энэ хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр 2023 оны 2 дугаар сарын 10-ны өдөр прокурорт буцааж байсан.

 

Хэргийг прокурорт буцаасны дараагаас “... Тоёота Приус-30 маркийн, 81-02 УАК улсын дугаартай автомашины жолооч Э.А нь Монгол Улсын Замын Хөдөлгөөний дүрмийн ямар нэгэн заалтыг зөрчөөгүй байна” гэсэн дүгнэлтийг техникийн шинжээч нар бүрэлдэхүүнтэйгээр гаргасан /2-р хх-ийн 68-69/ нь түүнийг уг гэмт хэрэгт холбогдолгүй гэж үзэх үндэслэлтэй.

 

Өөрөөр хэлбэл жолооч Э.Ариун-Эрдэний үйлдлийг энэ гэмт хэрэг гарахад нөлөөлсөн гэж буруутгах үндэслэл хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтуудаар үгүйсгэгдэж байна.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн байна гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Б овогт Тийн Гг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас  хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцов.

 

Гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хэр хэмжээ, шүүгдэгч анх удаа гэмт хэрэг үйлдсэн, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч гомдол саналгүй, нэхэмжлэх зүйлгүй гэсэн зэргийг харгалзан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Т.Гг хорих ял оногдуулахгүйгээр тэнсэх боломжтой гэж үзлээ.

 

Шүүгдэгч Т.Ггийн хувийн байдалтай холбоотой:

Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /1-р хх-н 232/, иргэний үнэмлэхийн лавлагаа /1-р хх-н 190/, жолоодох эрхийн лавлагаа /1-р хх-н 191/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Шүүгдэгч Т.Ггийн гэм буруутай үйлдлийн улмаас иргэн Д.Чын амь насыг хохирсон, иргэн Э.Ариун-Эрдэнийн жолоодож явсан Тоёота Приус 30 маркийн, 81-02 УАК улсын дугаартай автомашинд 6.310.000 төгрөгийн хохирол[1], иргэн Б.Оын жолоодож явсан Тоёота Аллион маркийн, 69-89 УНС улсын дугаартай автомашинд 1.760.000 төгрөгийн хохирол[2], “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т 50.000 төгрөгийн хохирол[3] тус тус учирсан байна.

 

Шүүгдэгч Т.Ггийн жолоодож явсан Тоёота Приус маркийн, 26-11 УБА улсын дугаартай автомашин нь түүний төрсөн эцэг Ш.Тийн эзэмшилийнх байжээ.

 

Мөрдөн шалгах ажиллагааны явцад Э.А, Ш.Т, Б.Б, Э.Э нарыг иргэний нэхэмжлэгчээр тогтоосон байх ба

иргэний нэхэмжлэгч Ш-ийн Т “... би дээрх тээврийн хэрэгслийг 2018 онд өөрийн нэр дээрээ худалдан аваад өөрөө жолоодож замын хөдөлгөөнд оролцдог байж байгаад 2022 онд өөрийн төрсөн хүү Гд өгсөн. Нэр шилжүүлж амжаагүй яваа, удахгүй хүү Ггийн нэр дээр автомашинаа шилжүүлж өгнө. Автомашины эвдрэл хохиролтой холбоотой асуудлыг одоо Г мэднэ, би энэ машины талаар мэдэхгүй” /1-р хх-н 42/ гэж,

иргэний нэхэмжлэгч Б-ы Б “... би дээрх машиныг 2013 онд өөрийн нэр дээрээ худалдан авч байсан бөгөөд бусдад худалдаж зараад удаж байна. Одоо надад хамааралгүй машин” /1-р хх-н 49/ гэж мэдүүлсэн байна.

 

Амь хохирогч Д.Чын төрсөн охин Ч.А энэ хэрэгт хохирогчийн хууль ёсны төлөөлөгчөөр тогтоогдсон ба хэргийг шүүх хуралдаанаар хэлэлцүүлэхэд шүүх хуралдаанд биечлэн оролцож “... надад гомдол санал байхгүй, нэхэмжлэх зүйлгүй ...” гэж,

иргэний нэхэмжлэгчээр тогтоогдсон “Toyota pruis” маркийн, 81-02 УАК улсын дугаартай тээврийн хэрэгслийн жолооч Эын А “... нэхэмжлэх зүйлгүй” гэж шүүх хуралдаанд мэдүүлсэн болно.

 

Иргэний нэхэмжлэгч “Замын хөдөлгөөний удирдлагын төв” ОНӨТҮГ-т учруулсан хохирол болох хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионы эвдрэл 50.000 төгрөгийн хохирлыг төлж барагдуулсан тухай баримтыг шүүгдэгч талаас шүүх хуралдааны явцад гаргаж өгөв.

 

Харин уг авто осол болох үед иргэн Б.Оын жолоодож явсан “Тоёота Аллион” маркийн, 69-89 УНС улсын дугаартай автомашин иргэн Б.Бийн эзэмшилд бүртгэлтэй байх бөгөөд тэрээр “... надад хамааралгүй” гэсэн тул иргэн Б.О нь тээврийн хэрэгслийн эзэмшил, бүртгэлийн асуудлаа шийдвэрлэсний дараагаас шүүгдэгч Т.Гд холбогдуулан 1.760.000 төгрөгийн нэхэмжлэлийн шаардлагыг Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуульд заасны дагуу гаргавал зохино.

 

Шүүгдэгч Т.Г цагдан хоригдсон хоноггүй, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, шүүхэд хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг хэрэгт хавсарган үлдээх нь зүйтэй.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

        ТОГТООХ нь:

 

  1. Б овогт Тийн Гг “Автотээврийн хэрэгслийн жолооч хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний актыг зөрчсөний улмаас хүний амь нас хохироосон” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.10 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт заасан гэмт хэргийн шүүгдэгч Т.Гг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 1 дэх хэсэгт заасныг баримтлан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 /тав/ жилийн хугацаагаар хасаж, хорих ял оногдуулахгүйгээр 3 /гурав/ жилийн хугацаагаар тэнссүгэй.

 

3. Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт заасныг баримтлан шүүгдэгч Т.Гд Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.3 дугаар зүйлийн 2 дахь хэсгийн 2.5 дахь заалтад зааснаар “оршин суух газар, ажил, сургуулиа өөрчлөх, зорчин явахдаа хяналт тавьж байгаа эрх бүхий байгууллагад урьдчилан мэдэгдэх” үүрэг хүлээлгэж, хэрэгжилтэд хяналт тавихыг Нийслэлийн шүүхийн шийдвэр гүйцэтгэх газарт үүрэг болгосугай.

 

4. Шүүгдэгч Т.Г нь Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 7.1 дүгээр зүйлийн 4, 5 дахь хэсгүүдэд зааснаар тэнссэн хугацаанд хүлээлгэсэн үүргийг биелүүлээгүй зөрчсөн, эсхүл санаатай гэмт хэрэг үйлдсэн бол шүүх тэнссэн уг шийдвэрийг хүчингүй болгож ял оногдуулахыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Т.Гд оногдуулсан тээврийн хэрэгсэл жолоодох эрхийг 5 жилийн хугацаагаар хасах нэмэгдэл ялын хугацааг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.7 дугаар зүйлийн 3 дахь хэсэгт зааснаар хорих ял оногдуулахгүйгээр “үүрэг хүлээлгэх албадлагын арга хэмжээ авсан үеэс эхлэн тоолсугай.

 

6. Шүүгдэгч Т.Г цагдан хоригдсон хоноггүй, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч Ч.А, иргэний нэхэмжлэгч Э.Э, Э.А нар гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдсугай.

 

7. Шүүхэд хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

8. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд тогтоолыг эс зөвшөөрвөл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогчийн хууль ёсны төлөөлөгч давж заалдах гомдол гаргах, иргэний нэхэмжлэгч нэхэмжлэлийн шаардлагатай хэсэгт гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

9. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Т.Гд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

ДАРГАЛАГЧ,

ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                      О.ЖАНЧИВНЯМБУУ

 

 

 

 

 

 

 

 

 

[1] 1-р хх-н 148-р хуудас “Арвижих-Эстимейт” ХХК-ийн үнлэгээний тайлан

[2] 1-р хх-н 156-р хуудас “Ашид Билгүүн” ХХК-ийн үнэлгээний тайлан

[3] 2-р хх-н 40-р хуудас “Хөдөлгөөн зохицуулах гэрлэн дохионд учруулсан гэмтлийн акт