Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Шийтгэх тогтоол

2023 оны 12 сарын 12 өдөр

Дугаар 2023/ШЦТ/953

 

 

 

 

 

 

 

 

    2023          12          12                                   2023/ШЦТ/953

 

 

                          

 

                               МОНГОЛ УЛСЫН НЭРИЙН ӨМНӨӨС

 

 

 

Баянгол дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч О.Жанчивнямбуу даргалж

хуралдааны тэмдэглэлийг нарийн бичгийн дарга Д.Өнөрцэцэг хөтлөн

улсын яллагч Г.Түвшинбаяр

шүүгдэгч Д.У

нарыг оролцуулан тус шүүхийн шүүх хуралдааны танхимд нээлттэй хийсэн хуралдаанаар нийслэлийн Баянгол дүүргийн прокурорын газраас Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар яллах дүгнэлт үйлдэж, хялбаршуулсан журмаар шийдвэрлүүлэхээр шүүхэд ирүүлсэн эрүүгийн ****** дугаартай хэргийг 2023 оны 11 дүгээр сарын 28-ны өдөр хүлээн авч хянан хэлэлцэв.

 

Шүүгдэгч: Монгол Улсын иргэн, **** оны 3 дугаар сарын 04-нд Сэлэнгэ аймагт төрсөн, 28 настай, эрэгтэй, тусгай дунд боловсролтой, компьютер засварчин мэргэжилтэй, “*******” төвд засварчин ажилтай, Сэлэнгэ аймгийн Жавхлант сум, 1 дүгээр баг Бумбат задгай гэсэн хаягийн бүртгэлтэй, ам бүл 4; эхнэр, 2 хүүхдийн хамт Чингэлтэй дүүргийн **** дугаар хороо, ***** дүгээр гудамж, *** тоотод оршин суух,

ял шийтгэл: Дархан-Уул аймаг дахь Сум дундын Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолоор 2002 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 146 дугаар зүйлийн 146.2 дахь хэсэгт зааснаар 3 жилийн хугацаагаар хорих ял оногдуулж, оногдуулсан хорих ялыг тэнсэж 1 жилийн хугацаагаар хянан харгалзсан,

****** дугаарын регистрэй Х овогт Д-ийн У

 

Прокурорын яллах дүгнэлтэд бичигдсэнээр;

Шүүгдэгч Д.У нь 2022 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Баянгол дүүргийн 19 дүгээр хорооны нутаг дэвсгэрт байрлах “Love” нэртэй баарны хамгаалагч насанд хүрээгүй хохирогч Б.Мг үл ялих зүйлээр шалтаглан толгойн тус газарт цохих, өшиглөх зэргээр зодож түүний эрүүл мэндэд зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, доод уруулд язарсан шарх, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт бүхий гэмтэл учруулсан “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэгт холбогджээ.

 

 

 

Шүүгдэгч Д.У шүүх хуралдаанд мэдүүлэхдээ:

Би мөрдөн байцаагчид болсон явдлыг бүгдийг үнэн зөвөөр ярьсан. Гэм буруугаа хүлээн зөвшөөрч, хэргийг хялбаршуулсан журмаар шийдвэрлэхийн учир холбогдлыг ойлгож байгаа. Тухайн үед бөөгнөрсөн хүмүүсийн дотор цохиулсан хүн нь баарны хамгаалагч байсан юм билээ. Түүнээс биш хамгаалагчийг зодоё гэж цохиогүй. Камерийн бичлэгтэй танилцсан.

Хохирогчийн хохиролд гэж сургуульдаа хэрэглэнэ гэхээр нь 1.2 сая төгрөгийн үнэтэй компьютер түүнд өгсөн.

Үйлдсэн хэрэгтээ маш их гэмшиж байна. Өнгөрсөн 7 хоногийн хугацаанд цагдан хоригдохдоо их зүйлийг бодлоо. Миний ар гэрийн байдлыг харгалзан торгох ял оногдуулж өгнө үү гэв.      

ТОДОРХОЙЛОХ нь:

 

Шүүх хавтаст хэрэгт авагдсан шийтгэх болон цагаатгах талын дараах нотлох баримтуудыг шинжлэн судлахад мөрдөн шалгах ажиллагааны явцад

хохирогч А-н М “... би Баянгол дүүргийн 19 дүгээр хороо Love нэртэй бааранд ажлаа хийж байх үед 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нд шилжих шөнө 03:50 цагийн үед бүжгийн талбай дээр хэсэг залуус зодолдсон. Би тухайн бааранд хамгаалагч ажилгай тул хариуцсан ажил үүргийн дагуу уг зодооныг салгасан. Эргээд харахад нэгнийгээ чирж газар унагасан байсан. Би салгах гээд очсон. Бүжгийн талбай дээр зодолдоод газар унасан хүмүүсийг салгах гээд тонгойж байтал нэг хүн араас гэнэт миний толгой руу хэсэг рүү цохиод намайг газарт унагаагаад чирээд миний зүүн нүд, толгой орчим руу цохиод байсан. Тухайн үед олон хүн бужигнаж байсан. Бас би тэр хүнд цохиулаад хэсэг манарсан болохоор хоёр хүн зодож байна гэж бодсон” /хх-н 26, 28/ гэж,

гэрч Э-ийн М  “... 2022 оны 10 дугаар сарын 28-ны өдрөөс 29-нийг шилжих шөнө намайг тухайн бааранд DG хийж байхад 03:00-04:00 цагийн үед хэдэн залуучууд бүжгийн талбай дээр хоорондоо муудалцсан. Би тухайн үед микрофоноороо хамгаалагчийг дуудсан. Тэр үед манай баарны хамгаалагч М ирээд тухайн зодооныг салгаад тонгойгоод зогсож байхад нэг залуу нь Мий араас нь цохиж унагаагаад чирээд цохиж байгаа харагдсан. Тухайн залуучууд бөх бололтой биетэй залуучууд байсан. Эрэгтэй, эмэгтэй нилээн олуулаа явж байсан хүмүүсийн дээгүүрээ цээж нүцгэн, нэг гарын мөрөн дээрээ шивээстэй залуу нь Мг зодсон” /хх-н 40/ гэж,

гэрч С-ын М “... 2022 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Уын гэрт байж байгаад У, Э , Э , манай эхнэр С о нарын хамт хорооллын “Love” бааранд 01:00 цаг өнгөрөөд орсон. Согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн, гэхдээ ухаанаа бол алдаагүй байсан. Бүжгийн талбай дээр үл таних залуустай маргаан үүссэн. Баарны хамгаалагчийг манай найз цохисон гэдгийг би мэдэхгүй байна” /хх-н 32/ гэж,

гэрч М-ын А “... бүжгийн талбай дээр 4-5 залуучууд зодолдож байсан. Мөн 4-5 эмэгтэйчүүд хамт явж байсан. Хамгаалагч М зодолдож байсан залуучуудыг салгах гээд очтол хоёр нь Мг чирч яваад зодсон. Тэр хоёр залуу цээж нүцгэн байсан. Нэг нь нэг гарын бугалга дээрээ шивээстэй байсан. Хоёулаа том биетэй залуучууд байсан. Манай ажилчид болон тэр залуучуудтай хамт явж байсан хүүхнүүд зодооныг салгаад, гарахдаа тооцоогоо хийгээд тэр залуучуудыг авч гарсан. Тэгээд манайх үйл ажиллагаагаа зогсоогоод тарсан” /хх-н 36/ гэж,

гэрч Э-ны Э “... 2022 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө Уын хүүхдийн үсний найр болсон. Үсний найр нь тарсны дараа бид нар караокед сууж байгаад шөнийн 01:00 цаг өнгөрөөгөөд байх найз М , У, Э  нарын хамт “Love” нэртэй бааранд орсон. Бүжгийн талбай дээр манай найзын эхнэрийг хэдэн залуучууд өдөөд байсан. Тэр асуудлаас болж хоорондоо муудалцсан. У баарны хамгаалагчийг цохисон. Баарны хамгаалагч тонгойгоод салгаж байхыг нь М-ийг зодож байна гэж бодоод санаандгүй цохисон байх” /хх-н 38/ гэж тус тус мэдүүлжээ.

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 7.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэгт зааснаар яллагдагч /шүүгдэгч/ нь өөрийн эсрэг мэдүүлэг өгөх, гэмт хэрэг үйлдсэн гэм буруугүйгээ, хэргийн байдлыг нотлох үүрэг хүлээхгүй ч

шүүгдэгч Д-ийн У “... 2022 оны 10 дугаар сарын 28-наас 29-нд шилжих шөнө 01:00 цаг өнгөрөөгөөд найз Мэ, Э, Э нарын хамт “Love” бааранд орсон. Тухайн бааранд ороод бүжиглээд, уугаад байж байхад бүжгийн талбай дээр манай найз М-ийг нэг танихгүй залуу газарт унагаад зодож байх шиг харагдсан. Би араас нь очоод тэр залуугийн толгой орчимд хоёр удаа цохиход Энх-Оргил миний араас татаж намайг салгасан. Тэр үед би тэр залууг татаад газарт унагасан. Газарт унагаад нэмж цохиж зодсон зүйл байхгүй” /хх-н 79/ гэж мөрдөн шалгах ажиллагааны явцад мэдүүлсэн нь дээр дурдсан хохирогч, гэрчийн мэдүүлгүүдтэй тохирч байна.

 

Хохирогчийн гэмтэлтэй холбоотой “... Б.Мий биед зүүн хөмсөгний дээд хэсэгт шарх, доод уруулд язарсан шарх, зүүн зулайн хуйхны зөөлөн эдийн няцрал, зүүн нүдний дээд зовхинд цус хуралт гэмтэл тогтоогдлоо. Дээрх гэмтлүүд нь мохоо зүйлийн үйлчлэлээр, олон удаагийн үйлдлээр үүснэ. Гэмтлийн зэрэг тогтоох журмын 2.4.1-т зааснаар эрүүл мэндийг түр хугацаагаар сарниулах тул гэмтлийн хөнгөн зэрэгт хамаарна. Цаашид ерөнхий хөдөлмөрийн чадварыг алдагдуулахгүй. Шинэ гэмтэл байх бөгөөд хэрэг болсон гэх цаг хугацаанд үүсэх боломжтой” гэсэн 14947 тоот дүгнэлтийг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнгийн шинжээч гаргасан /хх-н 18-19/ байх ба эдгээр баримтууд нь шүүгдэгч Д.Уын гэм буруутайг нотолно.

 

Түүнчлэн хавтаст хэрэгт хяналтын камерын бичлэгт үзлэг хийсэн тэмдэглэл, гэрэл зургийн үзүүлэлт /хх-н 41-43/ авагджээ.

 

Прокуророос зүйлчилж ирүүлсэн хэргийн зүйлчлэл нь хэргийн үйл баримтад нийцсэн, Эрүүгийн хуулийг зөв хэрэглэсэн, эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг ноцтой зөрчсөн зөрчилгүй, хавтаст хэрэгт авагдсан бичгийн нотлох баримтуудыг хуульд заасан үндэслэл, журмын дагуу цуглуулж, бэхжүүлсэн гэж шүүх дүгнээд

шүүгдэгч Х овогт Д-ийн Уыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, түүнд Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар ял оногдуулж шийдвэрлэлээ.

 

Шүүгдэгч Д.Уын хувийн байдалтай холбоотой:

Иргэний үнэмлэхийн лавлагаа /хх-н 49/, Эрүүгийн хариуцлага хүлээж байсан эсэхийг шалгах хуудас /хх-н 53/, Дархан-Уул аймаг дахь Сум дундын шүүхийн 2013 оны 7 дугаар сарын 23-ны өдрийн 127 дугаартай шийтгэх тогтоолын хуулбар /хх-н 55-58/ зэрэг баримтууд хавтаст хэрэгт авагдсан байна.

 

Хохирол төлбөрийн хувьд:

Хохирогч А.М “... миний бие У ахаас хохирлоо бүрэн барагдуулж авсан нь үнэн болно. Одоо гомдол саналгүй ээ” /хх-н 86/ гэснээс гадна

шүүгдэгч Д.У “... хэргийг хялбаршуулсан журмаар хянан шийдвэрлүүлэх” хүсэлт гаргасан байна. /хх-н 87/

 

Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 5 дахь хэсгийн “Шүүх хялбаршуулсан журмаар хэргийг хянан шийдвэрлэх үндэслэл тогтоогдвол шүүгдэгчийг гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, Эрүүгийн хуулийн 5.3 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 5.4 дүгээр зүйлийн 2 дахь хэсэг, 5.5 дугаар зүйлийн 4 дэх хэсэг, 6.7 дугаар зүйлд заасныг баримтлан прокурорын саналын хүрээнд шүүгдэгчийн эрх зүйн байдлыг дордуулахгүйгээр эрүүгийн хариуцлага хүлээлгэх тухай шийдвэр гаргана.” гэсэн зохицуулалт нь шүүгдэгчийн гаргасан дээрх хүсэлт болон прокурорын саналд нийцэх тул шүүх шүүгдэгч Д.Уд оногдуулах ялын төрөлд /торгох ял, торгох ялын хэмжээ/ ямар нэгэн өөрчлөлт оруулаагүй болно.

Тухайлбал, шүүгдэгч Д.Уыг 450.000 төгрөгөөр торгох ялын саналыг шүүхэд гаргасан байна.

 

Харин шүүгдэгч Д.У нь 2023 оны 12 дугаар сарын 05-ны өдөр товлосон шүүх хуралдаанд согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай ирсний улмаас шүүх хуралдааныг хойшлуулж, түүнд цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан ба цагдан хоригдсон 7 хоногийг торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээгээр тооцож, эдлэх торгох ялын хэмжээг 345.000 төгрөгөөр тогтоов.

 

Энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгө үгүйг дурдаж, эд мөрийн баримтаар шүүхэд хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхгийг /жич: хугарч ашиглагдахгүй болсон/ хэрэгт хавсарган үлдээв.

 

Шүүгдэгч Д.У шүүх хуралдаанд өмгөөлөгчгүйгээр оролцох хүсэлтийг бичгээр гаргасан нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 34.10 дугаар зүйлийн 4 дэх хэсгийн заалтад нийцнэ.

 

Монгол Улсын Шүүхийн тухай хуулийн 22 дугаар зүйлийн 22.1 дэх хэсэг, 22.4 дэх хэсгийн 22.4.1 дэх заалт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 1 дэх хэсэг, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 36 дугаар бүлгийн 36.1 дүгээр зүйл, 36.2 дугаар зүйл, 36.3 дугаар зүйл, 36.5 дугаар зүйлийн 2 дахь хэсэг, 36.6 дугаар зүйл, 36.7 дугаар зүйл, 36.8 дугаар зүйл, 36.10 дугаар зүйл, 37 дугаар бүлгийн 37.1 дүгээр зүйлд заасныг тус тус удирдлага болгон

 

ТОГТООХ нь:

 

1. Х овогт Д-ийн Уыг “хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах” гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцсугай.

 

2. Эрүүгийн хуулийн тусгай ангийн 11.6 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар шүүгдэгч Д.Уыг дөрвөн зуун тавин нэгжтэй тэнцэх хэмжээний буюу 450.000 /дөрвөн зуун тавин мянга/ төгрөгөөр торгох ялаар шийтгэсүгэй.

 

3. Шүүгдэгч Д.Уын цагдан хоригдсон 7 /долоо/ хоногийг Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 6.10 дугаар зүйлийн 1, 2 дахь хэсэгт зааснаар торгох ялын арван таван нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тооцож, эдлэх торгох ялын хэмжээг 345.000 /гурван зуун дөчин таван мянга/ төгрөгөөр тогтоосугай.

 

4. Шүүгдэгч Д.У 345.000 төгрөгийн торгох ялыг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх тухай хуулийн 160 дугаар зүйлийн 160.1 дэх хэсэгт заасан 90 хоногийн хугацаанд биелүүлээгүй бол Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 5.3 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт зааснаар шүүх биелэгдээгүй торгох ялын 15 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгийг нэг хоногоор тооцож хорих ялаар солихыг түүнд мэдэгдсүгэй.

 

5. Шүүгдэгч Д.Уд авагдсан “цагдан хорих” таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн түүнд “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээ авч, энэ талаар Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрын харьяа Цагдан хорих 461 дүгээр хаалттай ангид мэдэгдсүгэй.

 

6. Хохирогч А.М гомдолгүй, нэхэмжлэх зүйлгүй гэснийг, энэ хэрэгт битүүмжлэгдсэн хөрөнгөгүйг дурдаж,

эд мөрийн баримтаар шүүхэд хэргийн хамт ирүүлсэн CD 1 ширхэгийг Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 21.5 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн 1.2 дахь заалтад зааснаар хэрэгт хавсарган үлдээсүгэй.

 

7. Шийтгэх тогтоол танилцуулан сонсгосноор хүчинтэй болох бөгөөд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 17.4 дүгээр зүйлийн 7, 8 дахь хэсэгт зааснаар Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийг ноцтой зөрчсөн гэж үзвэл шийтгэх тогтоол гардуулснаас хойш 14 хоногийн дотор Нийслэлийн Эрүүгийн хэргийн давж заалдах шатны шүүхэд шүүгдэгч, өмгөөлөгч, хохирогч нар давж заалдах гомдол гаргах, улсын яллагч, дээд шатны прокурор эсэргүүцэл бичих эрхтэйг дурдсугай.

 

8. Шийтгэх тогтоолд эрх бүхий этгээд давж заалдах гомдол гаргасан, улсын яллагч эсэргүүцэл бичвэл тогтоолын биелэлтийг түдгэлзүүлж, тогтоол биелүүлэх хүртэл Д.Уд урьд авсан “хувийн баталгаа гаргах” таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үргэлжлүүлсүгэй.  

 

 

 

 

              ДАРГАЛАГЧ,

                ЕРӨНХИЙ ШҮҮГЧ                                     О.ЖАНЧИВНЯМБУУ