Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн Магадлал

2026 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0539

 

2026 оны 07 сарын 30 өдөр

Дугаар 221/МА2026/0539

Улаанбаатар хот

 

 

 

О.Бын нэхэмжлэлтэй

захиргааны хэргийн тухай

 

 

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүхийн давж заалдах журмаар хэргийг шийдвэрлэсэн

Шүүх бүрэлдэхүүн:

Шүүх хуралдаан даргалагч шүүгч Ц.Одмаа,

Бүрэлдэхүүнд оролцсон шүүгч Г.Билгүүн,

Илтгэсэн шүүгч Г.Мөнхтулга,

Давж заалдах гомдол гаргасан хэргийн оролцогч:

Нэхэмжлэгч О.Ба,

Давж заалдах гомдол гаргасан шүүхийн шийдвэр: Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0537 дугаар шийдвэр,

Хэргийн оролцогчид:

Нэхэмжлэгч О.Ба,

Хариуцагч Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгч,

Нэхэмжлэлийн шаардлага: Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “О.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, тус газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга миний 2025 оны жилийн эцсийн /3, 4-р улирал/ үр дүнгийн мөнгөн урамшуулал 2,171,000 төгрөг гаргуулах,

Давж заалдах шатны шүүх хуралдааны оролцогчид:

Нэхэмжлэгчийн өмгөөлөгч Б.Б,

шүүх хуралдааны нарийн бичгийн дарга Ж.Ц,

Хэргийн индекс: 128/2026/0258/З.

ТОДОРХОЙЛОХ нь:

1. Нэхэмжлэгч О.Баас анх шүүхэд хандан “Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн “О.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай” Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгуулах”-аар маргасан.

Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны явцад буюу 2026 оны 4 дүгээр сарын 24-ний өдөр “тус газрын Төрийн захиргааны удирдлагын газрын дарга миний 2025 оны жилийн эцсийн /3, 4-р улирал/ үр дүнгийн мөнгөн урамшуулал 2,171,000 төгрөг гаргуулах”-аар нэхэмжлэлийн шаардлагаа нэмэгдүүлсэн.

2. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0537 дугаар шийдвэрээр Төрийн албаны тухай хуулийн 37 дугаар зүйлийн 37.1.2, 37.1.6, 37.1.13, 48 дугаар зүйлийн 48.1.1, 48.4, 48.5, Төсвийн тухай хуулийн 4 дүгээр зүйлийн 4.1.35, 4.1.37, 4.1.38, 14 дүгээр зүйлийн 14.2, 14.2.3, 16 дугаар зүйлийн 16.4, 16.4.5, 16.5.2, Төрийн аудитын тухай хуулийн 42 дугаар зүйлийн 42.1-т заасныг тус тус баримтлан нэхэмжлэгч О.Баас Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчид холбогдуулан гаргасан “Биеийн тамир, спортын улсын хорооны даргын үүргийг түр орлон гүйцэтгэгчийн 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн О.Бад сахилгын шийтгэл ногдуулах тухай Б/143 дугаар тушаалыг хүчингүй болгуулах, 2025 оны жилийн эцсийн (III, IV улирал) үр дүнгийн мөнгөн урамшуулал 2,171,000 төгрөг гаргуулах тухай” нэхэмжлэлийг бүхэлд нь хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн.

3. Давж заалдах гомдлын агуулга: нэхэмжлэгчээс анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч дараах агуулга бүхий гомдол гаргасан. Үүнд:

3.1. ...Биеийн тамир, спортын улсын хорооны даргын Б/22 дугаар тушаалаар сахилгын хариуцлага ногдуулахдаа “сөрөг дүгнэлт”-ийг үндэслээгүй, энэ үед сөрөг дүгнэлт авсан нь илрээгүй байтал атал 2025 оны 3 дугаар сарын 25-ны өдрөөс 6 дугаар сарын 27-ны өдрийг хүртэлх хугацааг “зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацаа”-нд хамааруулж, шүүх дүгнэж байгаад гомдолтой байна.

3.2. Зөрчил илэрснээс хойш 6 сар өнгөрсөн байхад Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 9 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар сахилгын шийтгэл ногдуулсныг хариуцагч нь өөрөө 2025 оны 11 дүгээр сарын 11-ний өдөр хүчингүй болгосон. Төрийн албаны зөвлөлөөс хянан шалгах ажиллагаа явуулж байсан 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс 2025 оны 06 дугаар сарын 27-ны өдөр, 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрөөс 2025 оны 11 дүгээр сарын 27-ны өдрийн хугацааг сахилгын шийтгэл ногдуулж болохгүй хугацаанд хамааруулахгүй тул нэхэмжлэгчийн шийтгэл ногдуулах хугацаа өнгөрсөн гэх тайлбарыг хүлээн авах боломжгүй гэж үзсэн нь үндэслэлгүй.

3.3. Иймд шийдвэрийг хүчингүй болгож, нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг бүхэлд нь хүчингүй болгож өгнө үү” гэжээ.

4. Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч нараас нэхэмжлэгч талын давж заалдах гомдлыг үгүйсгэж, анхан шатны шүүхийн шийдвэрийг хамгаалж байна.

ХЯНАВАЛ:

1. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 118 дугаар зүйлийн 118.3 дахь хэсэгт зааснаар анхан шатны шүүхийн шийдвэрийг нэхэмжлэгчийн гаргасан давж заалдах гомдлоор бүхэлд нь хянав.

2. Анхан шатны шүүх нэхэмжлэгчийн нэхэмжлэлийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож шийдвэрлэсэн нь үндэслэлтэй байх тул шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхиж шийдвэрлэв.

 

3. Маргаан бүхий үйл баримтын хувьд хэрэгт авагдсан баримтаар,

3.1. Үндэсний аудитын газраас Биеийн тамир, спортын улсын хорооны 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд аудит хийж, Сөрөг дүгнэлт гаргаж, Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1213 тоот албан бичгээр дүгнэлтийг Биеийн тамир, спортын улсын хороонд хүргүүлсэн

          Улмаар, Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн Б/22 дугаар тушаалаар тус хорооны Төрийн захиргааны удирдлагын газрын дарга О.Бад Төрийн албаны тухай хууль зөрчиж, албан тушаалын тодорхойлолтод заасан зорилго, зорилт, чиг үүргийн хэрэгжилтийг хангах нийтлэг чиг үүргийг зөрчсөн үндэслэлээр 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрөөс эхлэн өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

3.2. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасныг тус зөвлөлөөс хянан хэлэлцээд 2025 оны 06 дугаар сарын 18-ны өдрийн “Тушаалууд хүчингүй болгох тухай” 300 дугаартай тогтоолоор хууль зүйн үндэслэлгүйд тооцож, хүчингүй болгож шийдвэрлэсэн тул Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 6 дугаар сарын 30-ны өдрийн Б/73 дугаар тушаалаар “...Б/22 дугаар тушаалыг ... хүчингүй” болгосон.

3.3. Улмаар Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 09 дүгээр сарын 30-ны өдрийн Б/112 дугаар тушаалаар “...О.Ба нь тус хорооны даргын албан үүргийг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байхдаа 2024 оны 12 дугаар сарын 19-ний өдрийн А/749 дүгээр тушаалын хавсралтаар өөрөө 2,400,000 төгрөгийн урамшуулал олгосон, ... бусдад давуу байдал олгосон , төрийн албан хаагчийн нийтлэг үүргийг хэрэгжүүлээгүй, албаны эрх мэдлээ хэтрүүлж, өөртөө давуу байдал олгосон, ... төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, хяналт тавих үүргээ хэрэгжүүлээгүй, 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлд хийсэн аудитаар “Сөрөг дүгнэлт” авсан зэрэг ноцтой зөрчил удаа дараа гаргасан” үндэслэлээр өөрт нь ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

3.4. Нэхэмжлэгч уг тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасны дагуу Төрийн албаны зөвлөлөөс Б/112 дугаар тушаалыг дахин хүчингүй болгосон.

3.5.  Монгол Улсын Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар хэсэгт “Үндэсний аудитын газраас Биеийн тамир, спортын улсын хорооны 2024 оны санхүүгийн нэгтгэсэн тайлан, төсвийн гүйцэтгэлийн тайланд хийсэн аудитаар Сөрөг дүгнэлт өгсөн тул буруутай албан тушаалтанд хуульд заасан хариуцлага тооцох” асуудлыг шийдвэрлэснийг Соёл, спорт, аялал жуулчлал, залуучуудын сайдын 2025 оны 10 дугаар сарын 27-ны өдрийн 01/2924 албан бичгээр Биеийн тамир, спортын улсын хороонд хүргүүлсэнтэй холбогдуулан хариуцагчаас маргаан бүхий Биеийн тамир, спортын улсын хорооны даргын 2025 оны 11 дүгээр сарын 19-ний өдрийн Б/143 дугаар тушаалыг гарган, “Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1213 дугаартай Сөрөг дүгнэлт, Засгийн газрын 2025 оны 09 дүгээр сарын 10-ны өдрийн 16 дугаар хуралдааны тэмдэглэлийн 2 дугаар хэсгийг тус тус үндэслэн” О.Бад ганцаарчилсан хэлбэрээр сануулах сахилгын шийтгэл ногдуулсан.

3.6. Нэхэмжлэгчээс дээрх тушаалыг эс зөвшөөрч Төрийн албаны зөвлөлд хандан гомдол гаргасныг Төрийн албаны зөвлөлийн 2026 оны 01 дүгээр сарын 16-ны өдрийн 04/103 дугаар албан бичгээр “...Төрийн албаны тухай хууль болон Монгол Улсын сайд, Засгийн газрын Хэрэг Эрхлэх газрын дарга, Төрийн албаны зөвлөлийн хамтарсан 2019 оны 36/32 дугаар тушаалаар баталсан “Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журам”-ын холбогдох зүйл заалтыг зөрчөөгүй байх тул маргаан бүхий тушаалыг хүчингүй болгох хууль, эрх зүйн үндэслэлгүй байна” гэх хариуг өгсөн болох нь тус тус тогтоогдсон.

   4. Төрийн албаны тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.1-д “Хуульд өөрөөр заагаагүй бол энэ хуулийн 37, 39 дүгээр зүйлд заасныг зөрчсөн, албан үүргээ биелүүлээгүй болон энэ хуульд заасан бусад тохиолдолд ... төрийн ... албан хаагчид дараах сахилгын шийтгэлийн аль тохирохыг ногдуулна”, 48 дугаар зүйлийн 48.5-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар, зөрчил гаргаснаас хойш 12 сараас илүү хугацаа өнгөрсөн бол сахилгын шийтгэл ногдуулж болохгүй” гэж,

Төрийн жинхэнэ албан хаагчид сахилгын шийтгэл ногдуулах, түүнд гомдол гаргах журмын 3.9-д “Сахилгын зөрчлийг илрүүлснээс хойш 6 сар /өвчтэй, ээлжийн амралт, чөлөөтэй байсан, түүнчлэн зөрчил гаргасан байдлыг шалгасан хугацааг энэ хугацаанд оруулахгүй/ ...” хэмээн төрийн албаны мэргэшсэн, тогтвортой, хариуцлагатай байдлыг хангах үүднээс төрийн албан хаагчид ажил, үүргийнх нь хувьд хууль болон байгууллагын дотоод дүрэм журмаар хүлээлгэсэн үүрэг, баримтлах ёстой дэг журмыг зөрчсөн үйлдэл, эс үйлдэхүй /сахилгын зөрчил/-д хариуцлага хүлээлгэх журам, шийтгэл ногдуулах хөөн хэлэлцэх хугацаа тоолох журмыг тухайлан зохицуулсан.

5. Хэргийн оролцогчдын тайлбар, хэрэгт авагдсан баримтаар нэхэмжлэгч О.Ба нь төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн шууд болон төвлөрүүлэн захирагч болохын хувьд Төсвийн тухай хуулийн 14 дүгээр зүйлийн 14.2.3-т “өөрийн эрхлэх асуудлын хүрээнд төсвийг үр ашигтай удирдах, гүйцэтгэлийг хангах”, 16 дугаар зүйлийн 16.5.2-т “батлагдсан төсөв, хөтөлбөрийг хэрэгжүүлэх талаар төсвийн ерөнхийлөн захирагчтай байгуулсан гэрээний хүрээнд төсвийн хөрөнгийг удирдах, зарцуулалтад нь хяналт тавих” үүргээ зохих ёсоор биелүүлээгүй буюу хяналт тавих бүрэн эрхээ хэрэгжүүлээгүй болох нь Үндэсний аудитын “Сөрөг дүгнэлт”-ээр тогтоогдсон. Улмаар тухайн асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн хариуцлага тооцохоор шийдвэрлэснийг үндэслэн хариуцагчаас маргаан бүхий тушаалыг гаргасныг хууль зөрчсөн гэж үзэхгүй. Энэ талаарх анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй.

            6. Анхан шатны шүүхийн шийдвэрийг эс зөвшөөрч нэхэмжлэгчээс гаргасан давж заалдах гомдолд “...Зөрчил илэрснээс хойш 6 сар өнгөрсөн” хэмээн тайлбарлан маргах боловч тухайн маргааны хувьд нэхэмжлэгчийн үйлдсэн зөрчлийг илрүүлсэн хугацааг Үндэсний аудитын газрын 2025 оны 03 дугаар сарын 25-ны өдрийн 01/1213 дугаартай “Сөрөг дүгнэлт” гарсан өдрөөс тооцож, тухайн хугацаанд Төрийн албаны зөвлөлд гомдол гаргаж, хянагдсан  хугацааг оруулахгүй гэж дүгнэсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй гэж шүүх бүрэлдэхүүн дүгнэв.

            7. Иймд дээрх үндэслэлээр шийдвэрийг хэвээр үлдээж, эс зөвшөөрч гаргасан нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхих нь зүйтэй байна.

          Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.2, 120 дугаар зүйлийн 120.1-д заасныг тус тус удирдлага болгон ТОГТООХ нь:

1. Нийслэл дэх Захиргааны хэргийн анхан шатны шүүхийн 2026 оны 5 дугаар сарын 25-ны өдрийн 128/ШШ2026/0537 дугаар шийдвэрийг хэвээр үлдээж, нэхэмжлэгчийн давж заалдах гомдлыг хангахгүй орхисугай.

2. Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 48 дугаар зүйлийн 48.3-д заасныг үндэслэн нэхэмжлэгчийн давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжид урьдчилан төлсөн 70200 төгрөгийг улсын орлогод хэвээр үлдээсүгэй.

Захиргааны хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 119 дүгээр зүйлийн 119.5 дахь хэсэгт зааснаар шүүхийн хууль хэрэглээний зөрүүг арилгах, хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны ноцтой зөрчил гаргасан нь шүүхийн шийдвэрт нөлөөлсөн, хуулийг Улсын дээд шүүхийн тогтоол, тайлбараас өөрөөр  хэрэглэсэн, эрх зүйн шинэ ойлголт, эсхүл хууль хэрэглээг тогтооход зарчмын хувьд нийтлэг ач холбогдолтой гэж хэргийн оролцогчид, тэдгээрийн төлөөлөгч, өмгөөлөгч үзвэл магадлалыг гардан авсан эсхүл хүргүүлсэн өдрөөс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхийн Захиргааны хэргийн танхимд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

     

                             ШҮҮГЧ                                                Ц.ОДМАА

 

 

                             ШҮҮГЧ                                                Г.БИЛГҮҮН

 

 

                             ШҮҮГЧ                                                Г.МӨНХТУЛГА