Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн Тогтоол

2018 оны 03 сарын 12 өдөр

Дугаар 3

 

2018 оны 3 сарын 12 өдөр

        Дугаар226/МА2018/00004                          

                   Хэрлэн сум

Х б ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн

нэхэмжлэлтэй Б.Чд холбогдох иргэний хэргийн талаар

226/2018/00004/И

Хэнтий аймгийн Эрүү, Иргэний хэргийн давж заалдах шатны шүүхийн иргэний хэргийн шүүх хуралдааныг Ерөнхий шүүгч Б.Дэнсмаа даргалж, шүүгч Д.Байгалмаа, Х.Байгалмаа нарын бүрэлдэхүүнтэй, шүүх хуралдааны “А” танхимд

Шүүх хуралдааны нарийн бичгийн дарга А.Цэрэндулам,

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-г  оролцуулан,

            Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 156/ШШ2017/00606 дугаар шийдвэртэй,  Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчийн  нэхэмжлэлтэй Б.Ч-д холбогдох зээл, зээлийн хүү, нэмэгдүүлсэн хүүгийн 9 674 925 төгрөг гаргуулах тухай иргэний хэргийг хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б-н давж заалдах гомдлоор 2018 оны 02 дугаар сарын 15-ны өдөр хүлээн авч, шүүгч Б.Дэнсмаагийн илтгэснээр хянан хэлэлцэв.

     Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагч М.Э  нь шүүхэд гаргасан нэхэмжлэлдээ: Ч   нь Хадгаламж банктай 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 6 500 000 төгрөгийг жилийн 28.8 хувийн хүүтэй, 24 сарын хугацаатайгаар зээлж, өөрөө гарын үсэг зурсан. Ч   нь цалингийн зээлийн өргөдлийн маягтад өөрийгөө Мах-Экспорт ХХК-д борви гаргагч, цуслагч ажил эрхэлдэг гэж бичин уг мэдээллийн үнэн зөв болохыг баталж гарын үсэг зурж байсан. Мөн тус байгууллагын дарга Б.Чулуунтогтох, ерөнхий нягтлан бодогч Д.Э   нарын Б.Ч   нь тус компанид 728 000 төгрөгийн үндсэн цалинтай хөргөлтийн машинист ажилтай зээлийг цалинтай адилтгах орлогоороо төлж барагдуулах чадвартайг тодорхойлсон гарын үсэг, компанийн тэмдэг бүхий тодорхойлолт, нийгмийн даатгалын дэвтрийн хуулбар зэргийг ирүүлсэн. Хадгаламж банкны эрх хүлээн авагч Төрийн банкны хооронд 2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр 187/2014БЭХА/365 дугаартай гэрээг байгуулж гэрээгээр Төрийн банк нь Хадгаламж банкны эрх хүлээн авагчийн тэнцэл дэх гэрээний хавсралтад заасан активыг /чанаргүй зээлүүдийг/ өөрийн орон нутаг дахь салбаруудаар дамжуулан төлүүлэх ажлыг гүйцэтгэхээр тохиролцсон. Иймд Төрийн банкны Хэнтий аймаг дахь салбараас тус гэмт хэргийн шинжтэй үйлдлийг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хүсэлт гаргаснаар Хэнтий аймгийн цагдаагийн газраас 2013 оны 10 дугаар сарын 28-ны өдрийн эрүүгийн 201323000348 дугаартай хэргийг үүсгэж мөрдөн байцаалтын ажиллагааг эхлүүлсэн. Мөрдөн байцаалтын ажиллагааны явцад Мах-Экспорт ХХК-ийн Б.Ч   нь тус компанид ажилладаг гэх тодорхойлолтод зурсан захирал Б.Ч   гарын үсэг болон нийгмийн даатгалын дэвтэрт дарсан дардсууд нь хуурамчаар үйлдэгдсэн болох нь криминалистикийн шинжилгээгээр тогтоогдсон. Зээлдэгч нь зээл авсан өдрөөс хойш 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 2 286 770.68 төгрөг, зээлийн хүүнд 1 299 692.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22 927.85 төгрөг, нийт 3 609 390.96 төгрөг төлсөн. Зээлдэгчийн зээлийн гэрээний үлдэгдэл 2017 оны 04 дүгээр сарын 30-ны өдрийн байдлаар дараах үлдэгдэлтэй байна. Үүнд: үндсэн зээлийн үлдэгдэл 4 213 229.32 төгрөг, зээлийн хүү 4 591 011.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 870 684,86 төгрөг, нийт 9 674 925.72 төгрөгийг гаргуулж өгнө үү гэжээ.

Нэхэмжлэгчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.М  нь шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Зээлдэгч Б.Ч   нь зээл авсан өдрөөс 2013 оны 7 дугаар сарын 20-ны өдрийг хүртэл хугацаанд үндсэн зээлээс 2 286 770.68 төгрөг, зээлийн хүүнд 1 299 692.43 төгрөг, нэмэгдүүлсэн хүүнд 22 927.85 төгрөг, нийт 3 609 390.96 төгрөгийг төлсөн байна. Хариуцагч нь Хадгаламж банктай байгуулсан зээлийн гэрээний дагуу Хадгаламж банкнаас шилжүүлсэн мөнгийг өөрөө авч цааш нь захиран зарцуулсан байдаг. Иймд хариуцагчаас зээлийн гэрээний үүрэгт нийт 9 674 925.72 төгрөгийг гаргуулж Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчид олгуулахаар шийдвэрлэж өгнө үү гэжээ.

Хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б   нь шүүхэд болон шүүх хуралдаанд гаргасан тайлбартаа: Нэхэмжлэгчийн шүүхэд гаргасан нэхэмжлэлийг бүхэлд нь хүлээн зөвшөөрөхгүй байгаа. Учир нь Б.Ч   Хадгаламж банктай байгуулсан гэрээ нь өөрөө хүчин төгөлдөр бус, хууль бус хэлцэл юм. Б.Ч  нь Мах-Экспорт ХХК-д огт ажиллаж байгаагүй бөгөөд Энхчулуун болон Эрдэнэнавч нар нь хуурамч бичиг баримт бүрдүүлсэн Б.Ч   гуйж гарын үсэг зуруулсан бөгөөд Б.Ч  нь өөрийн хүсэл сонирхлын дагуу уг гэрээг хийгээгүй. Тухайн үед мөнгө хэрэгтэй байсан тул Э   өгсөн 1 000 000 төгрөгийг авч хэрэглэсэн байдаг. Нэхэмжлэгчийн нэхэмжлэл дээр дурдсан 3 609 390 төгрөгийг Б.Ч  нь өөрийн гэр орныг зарж төлсөн. Ч   хувьд цаашид уг мөнгийг төлөх боломжгүй. Эрдэнэнавч болон Э   уулзахад эдгээр хүмүүс нь өөрсдөө мөнгөө төлнө гэдэг. 2013 онд эрүүгийн хэрэг үүсгэж шалгагдаж байхад банкны хүү зогсоогүй үндсэн мөнгөнөөсөө илүү мөнгө нэхэмжилж байгаа нь үндэслэлгүй бөгөөд уг мөнгийг төлөх боломжгүй байна. Иймд хэргийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэв.

Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10  дугаар сарын 31-ний өдрийн 156/ШШ2017/00606 дугаар шийдвэрээр: Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1, 232 дугаар зүйлийн 232.1, 232.8-д зааснаар хариуцагч Б.Ч   6 000 000 /зургаан сая/ төгрөгийг гаргуулж, нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь банкны эрх хүлээн авагчид олгож, нэхэмжлэлээс үлдэх 3 674 926 /гурван сая зургаан зуун далан дөрвөн мянга есөн зуун хорин зургаа/ төгрөгийн шаардлагыг хэрэгсэхгүй болгож, улсын тэмдэгтийн хураамжийн тухай хуулийн 41 дүгээр зүйлийн 41.1.12-т зааснаар нэхэмжлэгч Хадгаламж банк ХХК дахь банкны эрх хүлээн авагчийг улсын тэмдэгтийн хураамж төлөхөөс чөлөөлсөн болохыг дурдаж, Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай  хуулийн 60 дугаар зүйлийн 60.1, 56 дугаар зүйлийн 56.2-т зааснаар хариуцагч Б.Ч  110 952 /нэг зуун арван мянга есөн зуун тавин хоёр/ төгрөгийг гаргуулж улсын орлого болгохоор  шийдвэрлэжээ.

Шийдвэрийг эс зөвшөөрч хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б   давж заалдах гомдолдоо: Б.Ч   нь Мах экспорт ХХК-нд огт ажиллаж байгаагүй, нийгмийн даатгал ч төлж байгаагүй. Уг банкны зээлийг авахад бүрдүүлсэн бүх баримтуудыг Э   нь хуурамчаар бүрдүүлсэн бөгөөд энэ үйлдэлд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан боловч өршөөлийн хууль хэрэгжиж өршөөгдсөн юм. Иймд уг  зээлийн гэрээ хууль бус хэлцэл байх тул нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгож өгнө үү гэжээ.

 

ҮНДЭСЛЭХ нь

          Нэхэмжлэгч “Хадгаламж банк ХХК”-дахь эрх хүлээн авагч М.Э  нь Б.Ч   холбогдуулан зээлийн гэрээний үүрэгт /үндсэн зээлийн үлдэгдэл 4 213 229.32 төгрөг, зээлийн хүү 4 591 011.54 төгрөг, нэмэгдүүлсэн хүү 870 684,86 төгрөг/ нийт 9 674 925.72 төгрөгийг гаргуулах тухай нэхэмжлэлийн шаардлага гаргасныг хариуцагч эс зөвшөөрч Хадгаламж банктай байгуулсан гэрээ нь  хүчин төгөлдөр бус, хууль бус хэлцэл тул нэхэмжилсэн мөнгийг төлөхгүй, хэрэгсэхгүй болгож өгнө үү гэж маргажээ.

            Б.Ч     нь Хадгаламж банктай 2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр “цалингийн барьцаат зээлийн гэрээ”-г байгуулан 6 500 000 төгрөгийг  24 сарын хугацаатай, жилийн 28.8 хувийн хүү төлөх, хэтэрсэн хугацаанд үндсэн хүүгийн 20 хувьтай тэнцэх нэмэгдүүлсэн хүү төлөх нөхцөлтэйгөөр зээл авч  талуудын хооронд Иргэний хуулийн 451 дүгээр зүйлийн 451.1 дэх хэсэгт заасан зээлийн гэрээний харилцаа үүссэн нь барьцаат зээлийн гэрээ, цалингийн зээлийн өргөдлийн маягт, байгууллагын тодорхойлолт, орлогын баримт зэрэг /хх.18-22/ хэрэгт авагдсан баримтаар тогтоогдож байна.

            Барьцаат зээлийн гэрээ нь бичгийн хэлбэртэй байгаа нь Иргэний хуулийн 156 дугаар зүйлийн 156.1 дэх хэсэгт заасан шаардлагыг хангасан, Б.Ч   болон  “Хадгаламж банк” ХХК нь гэрээний  гол нөхцлийн талаар харилцан тохиролцсон байх бөгөөд гэрээ байгуулагдсан байна гэж үзсэн анхан шатны шүүхийн дүгнэлт үндэслэлтэй байна.

“Хадгаламж банк” ХХК-ийг албадан татан буулгах тухай Монгол банкны Ерөнхийлөгчийн 2013 оны 7 сарын 22-ны А157 тоот тушаал, “Хадгаламж банк” ХК дахь банкны эрх хүлээн авагч болон “Төрийн банк” ХХК-ийн хооронд байгуулагдсан 2014 оны 03 дүгээр сарын 11-ний өдөр №187/2014БЭХА 365 дугаар Зээл, авлага барагдуулах гэрээ, уг гэрээний хавсралт, зээлийн жагсаалт зэргээс үзэхэд “Хадгаламж банк” ХХК-ны   шаардах эрх  эрх хүлээн авагч М.Э   шилжсэн байна. /хх. 9,26-29/

            2014 оны 03 дугаар сарын 11-ний өдөр №187/20146ЭХА 365 дугаартай шаардах эрх шилжүүлэх гэрээ нь агуулга болон хэлбэрийн байдлаараа Иргэний хуулийн 123 дугаар зүйлийн 123.2, 123.8 дахь хэсэгт заасан шаардлагад нийцсэн мөн талуудын хооронд байгуулагдсан зээлийн гэрээнд Б.Ч   гарын үсэг зурсан байх тул эрх хүлээн авагч М.Э   нь дээр дурдсан барьцаат зээлийн гэрээний талаар шаардлага гаргах эрхтэй  байна.

            Нэхэмжлэгч нь шүүхэд нэхэмжлэлээ 2017 оны 8 дугаар сарын 24-ний өдөр гаргасан  бөгөөд  Б.Ч    “Хадгаламж банк” ХХК-тай  2012 оны 9 дүгээр сарын 24-ний өдөр байгуулсан зээлийн гэрээ 2014 оны 9 сарын 24-ний өдөр дуусч байх  тул Иргэний хуулийн 75 дугаар зүйлийн 75.2.1-д зааснаар нэхэмжлэгч нэхэмжлэлийн  шаардлагаа хөөн хэлэлцэх хугацааны дотор гаргажээ.

Хадгаламж банкны Хэнтий салбар нь 2013 оны 10 дугаар сарын 23-нд Мах-Экспорт ХХК-ны нягтлан бодогч Д.Э  баримт бичиг хуурамчаар бүрдүүлж, хүний нэр дээр зээл авсаныг шалгуулахаар Хэнтий аймгийн Цагдаагийн газарт /2015 оны 11 дүгээр сарын 30-нд эрүүгийн хэргийг хэрэгсэхгүй болгосон/  хандсан нь түүний эрхийн асуудал хэдий ч хариуцагчаас төлөх зээлийн  хүү, нэмэгдүүлсэн хүүгийн хэмжээ нэмэгдэхэд  нөлөөлсөн байх тул анхан шатны шүүхээс нэхэмжлэлийн хэмжээг багасгаж шийдвэрлэснийг буруутгах үндэслэлгүй байна.

Иймд хариуцагчийн итгэмжлэгдсэн төлөөлөгч Г.Б “нэхэмжлэлийг хэрэгсэхгүй болгуулах” талаар гаргасан давж заалдах гомдлыг хүлээн авах боломжгүй байна.

 

Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 167 дугаар зүйлийн 167.1.1-т  заасныг удирдлага болгон ТОГТООХ нь:

 

1. Хэнтий аймаг дахь сум дундын иргэний хэргийн анхан шатны шүүхийн 2017 оны 10 дугаар сарын 31-ний өдрийн 156/ШШ2017/00606 дугаар шийдвэрийг хэвээр үлдээсүгэй.

2. Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 58 дугаар зүйлийн 58.3-т зааснаар хариуцагч давж заалдах гомдол гаргахдаа улсын тэмдэгтийн хураамжаас чөлөөлөгдсөн болохыг дурьдсугай

         Иргэний хэрэг шүүхэд хянан шийдвэрлэх тухай хуулийн 172 дугаар зүйлийн 172.2-т зааснаар шүүх хэрэглэвэл зохих хуулийг хэрэглээгүй, хэрэглэх ёсгүй хуулийг хэрэглэсэн, хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, төсөөтэй харилцааг зохицуулсан хуулийг буруу тайлбарлаж хэрэглэсэн, шүүх хуулиар тогтоосон хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны журам зөрчсөн гэж үзвэл зохигч, гуравдагч этгээд, тэдгээрийн төлөөлөгч буюу өмгөөлөгч энэ хуулийн 167 дугаар зүйлийн 167.5-д заасны дагуу магадлалыг гардан авсан, эсхүл хүргүүлснээс хойш 14 хоногийн дотор Улсын Дээд шүүхэд хяналтын журмаар гомдол гаргах эрхтэй.

 

 

 

                                                ДАРГАЛАГЧ, ШҮҮГЧ                                        Б.ДЭНСМАА

 

                                                 ШҮҮГЧИД                                                      Д.БАЙГАЛМАА

 

                                                                                                                                       Х.БАЙГАЛМАА